Нийслэлд явагдсан Ховд аймгийн өдрүүдийн тухай “алаг, тарлан” сэтгэгдэл

Ho surt 1
Hovd surt UB 1
Ho surt 2
Ho surt 4

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод баруун хязгаарын Ховд аймгийг сурталчилах өдрүүд энэ есдүгээр сарын 10-аас 14 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан өндөрлөжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ арга хэмжээнд Ховд аймгаас 600 гаруй хүний бүрэлдэхүүн бүхий өргөн төлөөлөл оролцсон, Чингисийн талбайд болсон нээлтэн дээр 17 сумынхны үндэсний хувцсаараа гоёсон жагсаал, урлагийн тоглолт, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн, “Өндөр Алтайн аялгуут дуулал” тоглолт, “Ховд аймаг- Хөгжлийн баруун үүд” нэртэй  хэлэлцүүлгүүд өрнөж, төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Н.Сүхдоржийн зохиол “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжгээ тоглож, “Ховдод үйлдвэрлэв” нэрийн дор аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлал, газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мөн театрын уран бүтээлчдийн “Алтайн эгшиглэн” концерт, ардын авъяастнуудын “Цаст Алтайн домог” тоглолтууд ч болсон гэнэ.

Олон овог угсаатнууд аж төрөн амьдардаг, нийслэл болон төв хэсгээс алслагдсан зэрэг онцлогоосоо шалтгаалан бас ч гэж бусдын сонирхолыг өдөөх зүйлүүд манай аймагт бий. Намрын энэ цагаар өөр нутаг орнуудад тэр бүр тариалдаггүй тарвас, шар төмс зэрэг ургацын дээжээс эхлээд бараа бүтээгдэхүүнүүд, угсаатны өвөрмөцийг илтгэсэн бүтээл туурвилын зүйлсүүд нь нийслэлчүүдэд сонин байх нь ч магад.

Гагцхүү ийм нөөц боломжоо хэрхэн ашиглаж чадсан бол? Зарим хэсгийн ярьж хэлж байгаагаар бол эл арга хэмжээнд төлөөллүүдийг тэгш хийгээд бүрэн дүүрэн оролцуулах талаараа учир дутагдалтай болсон бололтой. Юу гэвэл бидэнд ирсэн мэдээллээр Ховд аймгийг Улаанбаатар хотод сурталчилах үйл ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтыг хариуцах үүрэг хүлээсэн ажлын хэсэгт хандаж, тус аймгийн соёл, мэдээллийн чиглэлийн төрийн бус байгууллагууд холбоодуудыг нэгтгэсэн “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс энэхүү арга хэмжээнд Ховд аймагт бүтээж туурвиж буй уран бүтээлчдыг зохион байгуулалтайгаар төлөөллүүлэн оролцуулж, бүтээл туурвилыг нь нийслэлд сурталчилах дэлгэн үзүүлэх талаар тодорхой санал боловсруулж өргөн барьсан боловч уг саналыг ажлын хэсэг үл ойшоож, тэднийг оролцуулах нь бүү хэл хүлээн авч санал ч солилцоогүй гэнэ.

Тодруулбал “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс өргөн барьсан бичигт өгүүлэхдээ:

            “Аймгийн уран бүтээлийн холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн, Ховд аймгийг нийслэл Улаанбаатар хотод бүрэн хэмжээгээр сурталчилах арга хэмжээнд уран бүтээлийн холбоод болон уран бүтээлчдийн оролцоог дараах байдлаар хангаж, зохион байгуулах саналтай байна.

            Үүнд:

  Нэг:  Аймгийн зохиолчдын байгууллага (МЗЭ-ийн Алтай салбар), Зураач урчуудын холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоод тус тусын уран бүтээлчдийн бүтээлээс бүрдсэн бие даасан үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлэх

            Хоёр: Үзэсгэлэн болон уран бүтээлийн холбоодын үйл ажиллагааг сурталчилах ажлыг хариуцуулж, холбоо бүрээс 2-3 хүнийг Улаанбаатар хотод ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах.

            Гурав: Зохиолч уран бүтээлчдэд өөрсдөд нь байхгүй байгаа боловч аймгийн номын санд байгаа ном бүтээлүүдийг үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлэх асуудлыг аймгийн “Нийтийн номын сан”-д хариуциулах. Үүнтэй холбоотойгоор нийтийн номын сангаас аймгийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээл туурвигчдын бүртгэл гаргаж, тэдгээрээс өөрсдөд нь байхгүй боловч номын санд хадгалагдаж байгаа ном бүтээлүүдийг нь асууж жагсаалт гарган, зохион байгуулах.

            Дөрөв: Энэ үеэр Улаанбаатар хотод бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан тоглолт зэргийг зохион байгуулах саналтай уран бүтээлчид байгаа бөгөөд энэхүү санаачлагыг нь хөхиүлж, аймаг сурталчилах арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэх

            Тав: Ховд аймгийн уран бүтээлчдийн 2015 онд шинээр хэвлүүлэхээр зэхэж буй ном, хөгжмийн болон уран зургийн томоохон бүтээл зэрэг онцгой ач холбогдол өгөхүйц шинэ бүтээлийн талаар  сурталчилан мэдээлэх ажлыг хөтөлбөрт оруулж дэмжих

            Зургаа: Ховд аймгийн уран бүтээлийн байгууллагуудын үйл ажиллагаа, болон бүтээл,  туурвилийг төвийн хэвлэл мэдээллээр сурталчилах, судлаачид сонирхогч, олон нийт хийгээд уран бүтээлчдийн харилцаа холбоог өргөтгөхөд чиглэгдсэн тусгай арга хэмжээг уран бүтээлийн холбоод болон Соёл уран бүтээлийн зөвлөлийн саналын дагуу зохион байгуулах

            Эдгээрийг дэмжиж, хөтөлбөрт хамруулан, хамтарч ажиллана уу !” хэмээсэн байна.

            Гэсэн ч дээр дурьдсанчилан ажлын хэсгийнхэн энэхүү саналыг хүлээн авч, Соёл уран бүтээлийн зөвлөл болон аймгийн уран бүтээлийн холбоод, тодруулбал Ховд аймгийн зураач уран бүтээлчдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд дахь “Алтай” салбар, Хөгжмийн зохиолчдын холбооны тус аймаг дахь салбаруудын төлөөлөлтэй харьцсангүй, тэдний төлөөлөлтэй ямар нэг байдлаар санал бодол солилцсонгүй ажээ. Энэ байдлаас болоод Улаанбаатар хотод болсон уран зураг, фото зураг, номын үзэсгэлэн дээр Ховд аймгийн шилдэг зураачдын бүтээл дэлгэгдсэнгүй, Зохиолчдын зарим ховор чухал номууд ч тавигдсангүй бололтой. Дээрх холбоодын гишүүд уран бүтээлчдийн төлөөллөөс манай редакцид хандсаны дагуу бид үүнийг нийтлэж байгаа бөгөөд тэд хэлэхдээ “уул нь бидний саналыг хүлээж аваад хамтарч ажилласан бол Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд арай илүү амьдлаг хийгээд ач холбогдолтой болох байсан болов уу гээд эл явдал бол өнөөгийн манай Засаг төрийнхний аливаа асуудалд хандах хандлага ямар байдгийг харуулж буй нэг хэлбэр нь юм” хэмээн яльгүй ёжолсон үгийг ч цухуйлгаж байв. 

           

Нийслэл Улаанбаатар хотод Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулахад батлагдсаны дагуу орон нутгийн төсвөөс 60.0 сая төгрөг зарцуулсан ба аймгийн бүх сумууд зардлаа өөрсдөө гаргасан. Нэг сум дунджаар 10.0 сая төгрөг зарцуулсан гээд бодоход нийтдээ 300.0 орчим сая төгрөгийг энэ арга хэмжээнд зориулсан тойм тооцоо гарч байна. Төдий хэмжээний зардал гаргаж зохион байгуулсан томоохон арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд болсон “Ховд аймаг хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Ховдод үйлдвэрлэв бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,мөнхүү бидний дээр өгүүлсэн Ховдын уран бүтээлчид, туурвигчдын бүтээлийн үзэсгэлэн зэрэг нь бусад арга хэмжээтэй харьцуулахад байнга болдоггүй шинэлэг гэж хэлж болохоор зүйлүүд юм.

            Бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд гэхэд л аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсны дагуу 20 гаруй аж ахуйн нэгж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцжээ. 

            Тэгэхээр Ховд аймгийн нийт ард олон энэхүү зохион байгуулалттай арга хэмжээнээс нэлээд үр дүн хүлээнэ гэсэн үг.  Төр Засгийнхны бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлж байгаа энэ мэт аливаа үйл ажиллагаанаас үр өгөөж, ашиг тусыг нь хүлээж, тооцож, шаардаж сураагүй болохоор Ховд аймгийн иргэдийн “хувьд үр дүн тооцох” тухай бодол санаа, хүсэл зориг байхгүй л байгаа болов уу ! Иймэрхүү бодол санаатай хүмүүс олон байгаа гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ бодож санаж байгаагаа хэрэгжүүлэх нөхцөл нь хомс болохоор дотроо бодоод ч юм уу, хоорондоо яриад өнгөрдөг нь үнэн шүү дээ. 

            Хэдийгээр Улаанбаатар хотод өрнөсөн үйл ажиллагааны тухай төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн ч энэ нь зөвхөн өнгөц, сурталчилгаа төдий л зүйлүүд юм. Дээрээс нь Ховд аймгийн ганц ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл газар дээр нь очиж тус арга хэмжээг ажиглаж, судалж, сурвалжлаагүй гэдгийг хэлэх нь зөв байх.               

            Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд хөтөлбөрийн дагуу явагдаж байх хооронд төвийн ТВ, сонин, цахим сайтуудаар аймгийн Засаг даргын хэд хэдэн ярилцлагууд олны хүртээл болсон. Засаг дарга эдгээр ярилцлагууддаа “Ховд аймаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, хөгжлийн стратеги төлөвлөгөө, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталж, томоохон ажлуудыг амжуулсан” тухай ярьжээ. Гэтэл энэ баримт бичгүүдийг батлахын өмнө Улаанбаатар хотод, төрийн ордонд зохион байгуулсан шиг ийм хэмжээний хэлэлцүүлгийг Ховд аймгийн хөгжлийн асуудлыг хөндөж тусгайлан өрнүүлсэнгүй нь харамсалтай. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болоод байгаа юм биш биз хэмээн нэгэн иргэн өөрийн бодлыг илэрхийлж байгаатай тааралдсанаа энд дурьдах нь илүүц биш бизээ.

            Бас нэг настан хэлэхдээ “Улаанбаатар хотод Ховд аймгийн хэдэн зуун хүн очиж үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж сонслоо. Гэтэл телевизээр ганц л хүн ярьж, сонин дээр ганц л хүний ярилцлага гарсан байх юм. Хамт очсон бусад хүмүүс нь үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх боломжгүй байдаг юм болов уу даа хөөрхий” гэснийг ч анзаарахгүй байж боломгүй санагдав.

            Ямар ч асан аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид маань санаачилгатай хандаж, ийм ажлыг зохион байгуулан явуулсан нь сайшаалтай.

            Үүнд оролцсон, хамтран ажилласан хэн бүхэнд талархахгүй байхын аргагүй. Цаашид зохиогдох ийм төрлийн ажлууддаа санаа авч, улам төгөлдөржүүлээсэй гэсний үүднээс зарим нэг шүүмжлэлтэй санаануудыг цухалзуулав.

            Аймгийн удирдлага хийгээд зохион байгуулсан ажлын хэсгийнхэн энэ ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлан тавьж, олон нийт ч гэсэн ажигч гярхай хандаж, “анализ” хийн, зөвийг нь дэмжиж бурууг нь засан сайжруулахад санаа бодлоо нэмэрлэнэ биз ээ.

 

Г.Үнэн