АБНУ-ын төлөөлөгчид Баян-Өлгий аймагт

Саяхан Баян-Өлгий аймагт ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын төлөөлөгчид ирж, боловсрол, түүх соёл, эдийн засаг, худалдааны чиглэлээр тодорхой ажлууд өрнүүлэн уулзалтууд хийж, хамтран ажиллаа.

Төлөөлөгчдийн энд ажиллах нэг гол чиглэл нь дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 74 жил, уг дайны эхлэл болох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд хил орчмын бүс нутгуудад хамтын ажиллагааны чиглэл, хамтран хийх ажлуудын талаар мэдээлэл, санал солилцох уулзалтууд байсан бөгөөд энэ чиглэлээр Зайд дунд сургууль дээр хийсэн уулзалтын үеэр АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны дэд дарга, ОХУ-ын гавъяат сэтгүүлч, Горно-Алтайск хотын депутат, Вестник Горно-Алтайск сонины редактор Алексей Сергеевич Ивашкин тэргүүтэй төлөөлөгчид, эх орны дайны жилүүдэд Монгол улсаас Зөвлөлтийн дайчдад зориулсан тусламжийн зүйлсийг (бэлэг) фронт хүргэж, эх орны дайнд оролцон, ялалтанд үнэтэй хувь нэмрээ оруулсан Хашхынбай агсаныг “Фронтовник” одонгоор нэхэн шагнасныг түүний үр хүүхдүүдэд, мөн Ховд аймгийн сэтгүүлч, Ховдын толь сонин, www.mongolgarag.mn мэдээллийн цахим сайтын редактор Гонгоржавын Төрмөнхийг “Ажилчин тариачны улаан армийн 100 жилийн ойн хүндэт медал”-иар шагнаасныг тус тус гардуулав.

Г.Төрмөнх нь XIX-XX зуунд Европ болон Ази-Номхон далайн бүс нутагт өрнөсөн улс төр, цэргийн олон сурвалжит, адармаат үйл ажиллагаа, Халхын голын дайн, түүний урьтач нөхцөл хожмын хэрэг явдлууд, агуу их эх орны дайн болон түүнийг тойрсон асуудлуудыг судлан сурвалжлах, Оросын болон зарим орны сэтгүүлчдийн бүтээлүүдийг орчуулан Монголын уншигчдад хүргэх, судалгаа шинжилгээнд тулгуурласан үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээх чиглэлээр 2013 оноос амжилттай ажиллаж ирсэний учир түүнд энэ шагналыг олгосон ажээ.

Төлөөлөгчид АБНУ болон Монголын баруун хилд ойрхон аймгуудын хооронд эдийн Засаг худалдааны харилцааг эрчимжүүлэх талаар холбогдох хүмүүстэй санал солилцож, уулзалтууд хийснээс гадна Баян-Өлгий аймгийн ахмад дайчдыг хүлээн авч уулзан, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн. Мөн Баруун Монгол дахь орос хэлний хөдөлгөөн төслийн хүрээнд Горно-Алтайн их сургуулийн багш оюутнууд энэ өдрүүдэд Баян – Өлгий аймагт ажиллаж, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдад хичээл зааж, орос хэлийг хэрхэн амжилттай сурч, улмаар ОХУ-ын их, дээд сургуулиудад элсэн суралцах боломжийн талаар зөвлөгөө өгсөн. Төслийн багийн багш, оюутнууд тэндээсээ Ховд аймгийн зорьсон ба энэ чиглэлээр Ховд аймагт 7 хоног ажилласан юм.

АБНУ-аас ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Андрей Архипов, дэд дарга Андрей Жуков нар ажиллаж, Баян-Өлгий аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимтай харилцаа тогтоон, эдийн засгийн худалдааны талаар харилцан ашигтай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн юм.