Гурван улсын хамтын ажиллагаан дахь шинэ боломж

SANY0144
SANY0146

ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улс Монгол улсын Ховд аймгийн хооронд 2000 онд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, мөн 2005 онд байгуулсан худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн чиглэлээр хамтран ажиллах тухай санамжуудын хүрээнд БНХАУ, Монгол улс, ОХУ-ын АБНУ-ыг холбосон тээврийн коридорт зориулсан “ложистик терминал” буюу авто замын байгууламжыг барьж байгуулж байгаа.

АБНУ-ын Засгийн газар болон холбогдох байгуулагуудаас энэхүү замын байгууламжын ажлын явцтай танилцах, цаашид уг коридороор тээвэр худалдааг хэрхэн хөгжүүлэх боломж байгааг судлах, Монгол улсын Ховд, Баян-Өлгйи аймаг, БНХАУ-ын ШУӨЗО-ны удирдлагууд болон холбогдох ажил хариуцсан хүмүүстэй уулзаж, санал солилцох зорилгоор төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг илгээсэн нь өнгөрсөн нэг дэх өдөр Ховд аймагт хүрэлцэн ирж уулзалт хийв.

АБНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын эдийн засаг хөрөнгө оруулалтын яамны сайдын зөвлөх Николей Николейвич Архипов, Кош-Агач мужийн захирагч Ауельхан Жазитович Джаткамбаев, тус улсын Гаалийн зохицуулалт, аналитикийн салбарын дарга Андрей Валерьевич Панов, замын болон АБНУ-д хийгдэж буй аялал жуулчлалын цогцолборт хөрөнгө оруулагч бизнесменүүд багтсан байв.

Сайдын зөвлөх Н.Н.Архипов хэлэхдээ хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа гол ажил нь гурван улсыг холбосон тээврийн коридор буюу ложистик терминал юм гэдгийг онцлоод энэхүү замын байгууламжыг ашиглалтанд оруулснаар гурван улсын хилийн худалдааны харилцаанд томоохон эргэлт гарна. Яагаад гэвэл одоо Шинжаанаас АБНУ-руу бүтээгдэхүүн экспортлох, тээвэр худалдаа хийхэд Монголын нутгийн хилийн гадуур тойрч асар их урт замыг туулдаг учраас худалдаа хөгжүүлэх боломж нь нэн хумигдмал.

Тэгвэл “тээврийн коридор”-ын төслийг хэрэгжүүлснээр ШУӨЗО-оос Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгаар дайрч Улаанбайшинт, Ташантын боомтоор ОХУ-ын АБНУ-руу нэвтрэх боломж нээгдэж байгаа ба энэ нь тээвэр худалдааны замыг шулуутгаж, товчилохоос гадна Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймагт хоёр хөрштэйгээ хамтарсан хилийн худалдааг хөгжүүлэх таатай гарцыг бий болгож байгаа юм. Монгол улсын Ховд, Баян-Өлгий аймгуудын хувьд хэдийгээр хүн ам цөөн, зах зээлийн багтаамж төдий өргөн биш ч гэсэн худалдаа эдийн засгийн хувьд одоогийн байдлаасаа илүү түвшинд хөгжихөд тээврийн коридор ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн тайлбарлав.

Түүнчилэн замын ажил маш эрчимтэй, хурдан явагдаж байгаад сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд ОХУ-ын болон АБНУ-ын Засгийн газраас үүнд ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгасан.

Николей Николейвич Архипов цааш үгүүлэхдээ ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2007 оноос АБНУ-д “Алтайн хөндий” Аялал жуулчлалын томоохон цогцолбор төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд одоо зочид буудлын цогцолбор, соёл, спорт, амралтын цогц байгууламжууд бий болж байна. Энэхүү цогцолборт нэг ээлжиндээ 4000 гаруй хүн үйлчлүүлж, аялал амралтанд хамрагдах боломжтой юм. Монгол улсын Улаанбаатар хотоос бизнесменүүд хөрөнгө оруулалт хийх, тухайлбал Монгол гэрийн цогцолбор байгуулах санал тавьсан. Бид тэр хүмүүстэй хамтарч ажиллах бодолтой байгаа.

Ташанта боомтоор орж гарч буй гадаадын аялагч жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэгэхээр энэ чиглэлээрх гурван улсын хамтын ажиллагаанд ихээхэн ирээдүй байна гэж бодож байна.

Өмнө нь байгуулсан санамж бичгийн хүрээнд зарим чиглэлээр тодорхой зүйлүүд хийгдсэн ч учир дутагдалтай зүйлүүд бас бий. Тиймээс гурван улсыг холбосон хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд бид цаашдын төлөвийг дахин нягтлаж, төлөвлөхөөр ийнхүү “ложистик терминал”-ын дагуу явж ажиллах болсон юм.

Одоо бид соёлын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна. АБНУ-д энэ 2014 онд сонгууль болохтой холбоотойгоор соёлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх боломж жаахан хумигдмал байгаа ч, сонгуулиас хойш эрчимжүүлэх нь чухал юм.

Саяхан бас Монгол улсын Шинжлэх ухааны акедеми Горний Алтайн Улсын их сургуулийн хооронд санамж гэрээ байгуулсан. Үүний дагуу тус их сургуульд Монгол хэл соёлын ангийг шинээр нээхээр болсон. Монголоос хоёр багш ажиллуулах шийдвэр гарсан байгаагаас нэг багш саналаа ирүүлсэн. Цаашид Монголоос ажиллах багшийн тоог хоёроор хязгаарлаж болохгүй, саналаараа очиж ажиллах багш нар байвал хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ их сургуульд Ховд аймгаас одоо нэг оюутан суралцаж байна. Өнгөрсөн жил дөрвөн оюутан байсан. Зарим нь төгсөөд бас нэг оюутан хүндэтгэх шалтгаанаас сургуулиа завсарласан тал бий. Бидний хэрэгжүүлж буй гурван улсын хамтын ажиллагааны төслүүдийн хүрээнд бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс одоохондоо ховор байгаа нь энэ талаар өргөн хэмжээний таниулга сурталчилгаа хийгдэхгүй байгаатай холбоотой. Иймийн тул сурталчилах ажлыг өргөжүүлэх нь чухал гэж үзэж байна гэсэн юм.

Монгол тал буюу Ховд аймгийн удирдлагаас уулзалтанд оролцогчдыг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа ахалсан ба Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, гадаад хамтын ажиллагаа, цаашдын төлөвийн талаар товч таниулга хийсэн.

АБНУ-ын төлөөлөгчид Ховд аймгаас хөдлөөд Хөшөөтийн нүүрсний уурхай, түүнчлэн замын байгууламж, улмаар Монгол хятадыг холбосон Булган - Такешкений хилийн боомтоор очиж, цааш Шинжаан Уйгарт зорчихоор төлөвлөгөөтэй ажээ.    

                                                                                                                                   Г.Төрмөнх