“Сэтгүүлчдэд одоо дайсагнахгүй” гэж мэдэгдэв

Setguulchid

Сүүлийн жилүүдэд Монгол оронд тогтмол тэмдэглэх болсон хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 сарын 3-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр тохиосон. Эл өдрийг угтаж, 5 сарын 2-нд Ховд аймгийн сэтгүүлчид тус аймагт хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгаа, иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэргэжлийн үйл ажиллагаанд аливаа саад тотгор, дарамт байгаа эсэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбар болон сэтгүүлчдийн өмнөх тулгамдсан асуудлуудын талаар ТВ хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байсан.

Гэтэл сэтгүүлчдийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн, аймгийн ЗДТГ-аас сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийнэ гэсэн зар хүргүүлж, тэднийг Тамгын газар дээр ир хэмээн дуудуулснаар сэтгүүлчид хэлэлцүүлгээ орхин Засаг даргын Тамгын газрын дарга болон ТЗУ-ын хэлтсийн дарга хэвлэлийн ажилтан нартай уулзах уулзалтанд оролцов.

Хэвлэлийнхний төлөвлөснөөр эхлээд салбарын хүрээнд байгаа тулгамдсан асуудлууд бас бус зүйлсийг ярилцаж, мэдээлэл солилцон, санал бодлоо нэгтгэсний дараа аймгийн удирдлагатай нээлттэй уулзалт хийхээр 10 гаруй хоногийн өмнө зар мэдээллээ түгээсэн байсан ч энэ нь талаар болсон учир уулзалтан дээр өөр, өөр байр суурь илэрхийлэх, санал зөрөлдөх явдал ч ажиглагдаж байв.

Уулзалтын үеэр хөндөгдсөн гол асуудал нь аймгийн удирдлагаас хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцахдаа тэгш бус, алагчилсан хандлага гаргаж байгааг засаж залруулах тухай байсан бөгөөд өөр чухал зүйлүүдийг ч ярилцаж амжсан юм. “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбооноос 2013 оны 10 сард аймгийн ИТХ, ЗДТГ-тай 2017 он хүртэл урт хугацаанд хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд дээрх асуудлыг мөн авч үзэж, аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахдаа бүгдэд нь адил тэгш боломж олгоно хэмээн тусгасан хэдий ч энэ заалт биелэгдэхгүй явсаар байсан. Тодруулбал 2014 онд аймгийн ЗДТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаанд зарцуулах 10,0 сая төгрөг батлагдсан тухай мэдэгдсэн. Энэ нь бүх байгууллагатай жигд гэрээ байгуулж хамтран ажиллах боломжийг олгож байсан боловч шалтгаан нь нь тодорхой бусаар заримтай нь гэрээ байгуулж заримтай гэрээ байгуулахгүй удаашруулсаар байсан. Түүнчилэн орон нутгийн сэтгүүлчдийн холбоотой байгуулсан гэрээнд тусгагдсанчилан цахим мэдээллийн чиглэлээр хамтрах, сэтгүүлчдийг гадаад хамтын ажиллагаанд оролцуулж, мэдээлэл түгээх боломжийг нь олгох, аймгийн хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжих хөтөлбөрийг дэмжих, Зөвлөлийн хуралдаануудыг чөлөөтэй мэдээлэх боломж олгож, тухай бүр мэдээлэл өгч байх зэрэг заалтуудыг хэрэгжүүлэх талаар ИТХ, ЗДТГ-аас ямар нэг хүчин чармайлт гаргахгүй явж ирсэн байна.

5 сарын 2-ны уулзалтаар ЗДТГ-ын дарга энэ бүхэндээ дүгнэлт хийж, бүх газруудтай адил нөхцлөөр хамтын ажиллагааны гэрээ байгуулах, мөн салбарын зүгээс тавигдаж буй бусад асуудлуудыг шийдэж өгнө хэмээн амлахын зэрэгцээ бид одоо сэтгүүлчдэд дайсагнахгүй гэж хэлсэн юм.. Дарга нар гэнэтхэн хэвлэлийн эрх чөлөөний өдөр уулзалт зарлаж одоо алдаагаа засья хэмээсэн нь сонин хийгээд, яг үнэн үү хэмээн зарим сэтгүүлчид эргэлзэж байгаагаа ч илэрхийлж байна лээ.