Хуйвалдаан зохиогч цөөн нөхдийг бус, хувь нийлүүлж, Хууль ёсны эрхээ нэхэж буй дийлэнх олонхийг дэмжье

SANY0208

Шинэ баригдсан битүү захад хувь нийлүүлэгчид үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, Монгол улсын ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүлжээ. Захидлыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ховд аймгийн төвд 500 гаруй худалдаа эрхлэгчийн багтаамжтай худалдааны захын битүү байр барьж ашиглалтанд оруулсан нь задгай зах дээр наймаа   худалдаа эрхлэж, өвөлд нь даарч хөрөхөөс эхлээд зарим бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалт нь шаардлагагад нийцэхгүй байх зэрэг олон эрсдэл учирдаг байсан бидний талархалыг хүлээсэн зүйл болсон билээ.

Өнгөрсөн онд энэхүү битүү захыг барихаар төлөвлөгдөж байх үед аймгийн удирдлага захын худалдаа эрхлэгчидтэй удаа дараа уулзаж, уг байрыг төрийн хөрөнгөөр барих ба та нар өөрсдөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, шинээр баригдах битүү захын байрыг эхний жилүүдэд та нөхөд төртэй хамтарч, эзэмших ба хэдэн жилийн дараа та нарын өмчид шилжүүлж өгнө. Та нар нийлж компани байгуулах хэрэгтэй. Ингэснээр битүү зах та нарын компанийн өмч болно. Ийм замаар бид та нарыг өмчтэй болгохын тулд үүнийг хэрэгжүүлж байгаа юм гэснээр Энхтөр нарын тэргүүтэй хэсэг нөхөд тэр компанийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Захын худалдаа эрхлэгч 402 хүнээс тус бүр хоёроос гурван сая төгрөгийг хуримтлуулж авсан. Хувь нийлүүлэгч 402 хүн өмчтэй болохын тулд мөнгөө нийлүүлж компаний хувь нийлүүлэгч, эзэмшигч боллоо гэж бодож байсан ч уг компанийг өөрсдийн нэрээр улсын бүртгэлд бүртгүүлсэн нөхөд маань луйврын шинжтэй залилан мэхлэх ажиллагаа явуулж байгааг (бүх баримт нотолгоонууд бидэнд бий) бид ажигласнаар нийт хувь нийлүүлэгчид хуралдаж, дийлэнх олонхийн саналаар уг компанийг татан буулгах, 400 –аад хувь нийлүүлэгчийн хамтарсан хоршоо байгуулах шийдвэр гаргаж “Эвийн хүч” хоршоог байгуулсан юм.

Хоршоог улсын бүртгэлд бүртгүүлэхэд мөнөөх компанийг эзэмшиж, өөрийн өмч болгох гэж байсан Ц.Энхтөр тэргүүтэй цөөн тооны нөхөд элдэв аргаар саад хийж байгаа бол аймгийн удирдлагын бүрэлдэхүүнд байгаа зарим нөхөд тэдгээр хориг саад хийгчдийг дэмжин ажиллаж эхлэв. Тодруулбал тэдгээр нөхөд орон нутгийн өмчит компани байгуулж, шинэ баригдсан битүү захыг эзэмшилдээ авах тогтоолын төсөл боловсруулан, аймгийн ИТХ-ын даргад танилцуулж буруудсан баримт байна. Хэдийгээр ИТХ-ын дарга үүнийг буруутгасан ч дээрх нөхөд хувь нйилүүлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөллийг оролцуулаагүй ганц талыг барьсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, төрийн өмчит компани байгуулах санаагаа лавшруулсаар байгаагаар барахгүй аймгийн Засаг дарга маань тэднийг өөгшүүлж, “бид ОНӨҮГ байгуулж ажиллана. Та нарын хоршоо байгуулах нь бидэнд падгүй” хэмээж, Ховд аймгийнхаа худалдаа эрхлэгчдийг өмчтэй болгох, ажиллах нөхцлийг нь сайжруулах гэж барьж байгаа юм хэмээн биднээс хувь хөрөнгө цуглуулах ажлыг зохион байгуулж байснаа мартаж, та нараас нэг тэрбум төгрөг цуглуулаад авсан бол боллоо гэсэн байдлаар биднийг цааш түлхэж, гаргуунд нь хаях санаагаа цухуйлгаж эхлэв.

Төрийн хөрөнгөөр баригдсан, төрийн өмчид хамаарах энэ обьектыг УИХ-ын шийдвэрээр орон нутгийн өмчид шилжүүлээгүй байхад ийм санаа гаргаж, ийм үйлдэл хийж байгаа нь ойлгомжгүй байгаа бөгөөд хоршоо байгуулж ажиллахаар санал нэгдсэн 400 хувь нийлүүлэгчид бид уг битүү захын барилгыг төрийн өмчид нь байлгаж, анхны гаргаж ирсэн зорилгоор нь хамтран эзэмшиж, 400 гаруй худалдаа эрхлэгчид болон тэдний гэр бүлийг ажилтай орлоготой байлгах, дээр нь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдний бүтээгдэхүүнийг энд борлуулах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр захыг анх барьсан зорилгыг хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Төр өмчтэй байх, төрийн өмчийг хязгаарлах тухай төрийн бодлогыг хэлэлцэхээр оруулсанд бид ихээхэн олзуурхаж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Ховд аймагт баригдсан битүү захын барилгыг орон нутгийн өмчид шилжүүлэлгүйгээр төрийн өмчид хэвээр нь байлгах замаар анхны зорилго, зорилтыг нь хэрэгжүүлбэл уг захад худалдаа үйлчилгээ эрхлэхээр хувь нийлүүлсэн 400 гаруй хувь нийлүүлэгчийн эрх ашигт нийцэж байгаа юм гэдгийг чухалчилан мэдэгдэхийг хүссэн болно.

Үнэнийг эрхэмлэсэн мэргэн зөв шийдвэр гаргаж, хуйвалдаан зохиогч цөөн нөхдийг бус, хувь нийлүүлж эрх ашгийнхаа төлөө зогсож буй дийлэнх олонх болох 400 гаруй худалдаа үйлчилгээ эрхлэгчийн эрхийг хүндэтгэнэ гэдэгт гүнээ найдаж байна. Үүнийг хүлээн авч танилцаад бидэнд албан ёсоор хариу илүүлнэ үү гээд 400 гаруй хувь нийлүлэгч нарын үсгээ зуржээ.