Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны тойм

SANY0060
SANY0061

Аймгийн ИТХ-ийн ээлжит IV хуралдаан энэ сарын 3-ны өдөр хуралдаж, ИТХ-ын 2013 оны тайлан, цаашдын зорилтын тухай, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх тухай, аймгийн төсвийн 2013 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2014 оны төсөл, 2012 оны гүйцэтгэлийн тухай мөн аймгийн Аудитын газрын 2013 оны ажлын тайлан, орон нутгийн 2014 оны Төсвийн төсөл болон төсвийн

хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар өгөх саналын тухай, Говийн Их дархан газрын Б хэсгийн өргөтгөлийг дэмжих тухай илтгэлүүдийг хэлэлцэв.

Эдгээрээс төлөөлөгчид болон оролцогчдын анхаарлын төвд байсан нь төсвийн асуудал болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлууд гэж болно.

Төсвийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал улсын хэмжээнд хүндэрсэн, ард иргэдийн амжиргааны өртөг нэмэгдэж, хэрэглээний үнийн индекс харьцангуй өссөн, 2013 оны хүлээгдэж буй төсвийн гүйцэтгэлд тодотгол хийгдэж, төсвийн орлого зарлагын биелэлтэнд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн ийм үед ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж буйгаараа онцлогтой байв.

Хуралдаанаар аймгийн 2014 оны төсвийн нийт орлого тусламжийн дүнг 63546107,8 төгрөг, үүнээс төсвийн орлогыг 7751323,9 төгрөг, урсгал орлогыг 7539762,5 төгрөг, татварын орлогыг 6984912,5 төгрөг, хөрөнгийн орлогыг 100000,0 төгрөг, тусламжын орлогыг 55794783,9 төгрөг, Засаг даргын Тамгын газрын харьяа төсөвт байгууллагуудын төсөвт төвлөрүүлэх орлогыг 7746323,9 төгрөг, аймгийн 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 56492799,6 төгрөг, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дээд хэмжээг 4733075,1 төгрөг, аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 7099800,0 төгрөг, аймгийн төсвөөс сумдын төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 12327362,9 төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих зардлыг 34544902,1 төгрөг аймгийн төсвөөс орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг 17600,0 төгрөг байхаар төсөвлөн оруулжээ.

Төсвийг төлөвлөхдөө орлого бүрдүүлэх боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчлах, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр тогтвортой орчинг бүрдүүлж, татварын хамрах хүрээг өргөтгөх, төсөвт байгууллагуудын бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, халамжийг зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт нь чиглүүлэх, төсвийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тодорхой бодлого хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглүүлэх гэсэн гол зарчмуудыг мөрдлөгө болгосон хэмээн танилцуулж байв.

Аймгийн ИТХ-ын 2013 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 93,9 хувьтай, Засаг даргын 2013 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 37,6 хувьтай хэрэгжсэн хэмээн дүгнэжээ.

Энэ нь Засгийн газраас батлагдсан аргачиллын дагуу хийсэн үнэлгээ гэх боловч сөрөг хүчин болон зарим оролцогчдын зүгээс зарим зүйл дээр тухайлбал аймгийн Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцсон аргачилал, зорилтот арга хэмжээнүүдийг дүгнэсэн дүгнэлт зэрэг нь зарим талаараа хуудуутай байна хэмээн шүүмжилж байсан. Ийм байдлаар аймгийн ИТХ-ын олонхийн бүлгээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангалттай гэж дүгнэсэн бол цөөнхийн бүлгээс хангалтгүй гэж үнэлсэн. Үнэлгээ өгөх гуравдагч этгээд гэж байхгүй болохоор хоёр этгээдийн эсрэг тэсрэг санал бүхий дүнэлтийг олонхийн талынхаар нь авч баталгаажуулдаг жишгээр хангалттай хэмээн батлав.

Аймгийн ИТХ-ын ажлын үр дүн, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх ажлыг тухайн байгууллагын бүрэлдэхүүнд, удирдлаганд нь ажилладаг аппаратын ажилтнууд гүйцэтгэдэг. Нэг үгээр хэлэхэд энэ нь өөрөө өөрийнхөө ажилд дүн тавиад, олон нийтэд зарлаж байна гэсэн үг. Хуучин ч ийм байсан, одоо ч ийм байгаа. Өөрчилж, засахыг хүсэхгүй байгаа манай төрийн тогтолцооны нэг гажиг юм.

Хуралдааны үеэр төлөөлөгчид болон оролцогчдын зүгээс өргөн хэрэглээний бараа, бензин шатахууны үнэ ханш өссөн,үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар буурсан шалтгаан болон тогтворжуулах бололцоо нөхцөл нь ямар байгаа, бүсийн нэмэгдлийн асуудлыг УИХ-д тавьж шийдүүлэх боломжтой эсэх, Хөшөөтийн уурхайн ажил яагаад зогсонги байдалд орсон, цаашид хэрхэх төлөвтэй байгаа, “Чингис” бондын мөнгө орон нутагт яагаад үр өгөөжөө өгөхгүй байгаа, суманд сум хөгжүүлэх сангийн зориулалтаар олгогдох мөнгийг ард иргэдийн саналыг харгалзахгүйгээр тийм юманд зарцуул гэж шаарддаг нь ямар учиртай гэх мэтийг аймгийн Засаг даргаас асууж, хариулт авсан. Засаг дарга хариулахдаа шатахуун болон хэрэглээний барааны үнийн өсөлтийг буулгахын төлөө ажиллана гэсэн ба бүсийн нэмэгдэл олгохыг ард түмэн зөвшөөрөхгүй байгаа хэмээсэн нь ойлгомжгүй хариулт байв. Яагаад гэвэл баруун бүсийн ард иргэдийн дунд энэ асуудлаар ямар нэг санал асуулга явагдаагүй. Бүсийн ард иргэд бүсийн нэмэгдэл бидэнд хэрэггүй гэж мэдэгдээгүй болохоор Засаг дарга ямар мэдээллийг үндэслэсэн нь тодорхойгүй юм. Хөшөөтийн уурхайг цаашид орон нутагт үр өгөөжөө өгөх бололцоотойгоор ажиллуулна гэсэн бодлого барьж байгаа мөн “Чингис” бондын мөнгө удахгүй орон нутагт тодорхой зүйлийг санхүүжүүлэх зориулалтаар орж ирэх байх гэсэн бол Засаг даргын хөтөлбөр, зорилтыг нэр төрлөөр нь биелүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангийн мөнгийг ч тийм юманд зарцуул гэж шаардаж болно. Би шаардах юмаа шаардана гэх утгатай хариулт өгөв.

Түүнчлэн Мах нөөцлөх зориулалтаар хоёр компанитай шууд гэрээ байгуулах үйл ажиллагаа шудрага бус явагдсан, баялаг бүтээж, аймгийн эдийн засгийн нөхцлийг тогтвортой болгох зорилгоор зарцуулбал зохих нэлээд хэмжээний хөрөнгө мөнгийг хот тохижолт нэрээр аар саар зүйлд үрж, үргүй зардал гаргаж байна, Сумдад хөрөнгө санхүүг хувиарлахдаа хүн ам, газар нутгийн хэмжээ, алслалт, төрийн үйлчилгээний цар хүрээ,багтаамжийг тооцолгүйгээр шудрага бус хувиарлалт хийж байна, аймгийн Засаг дарга албан ёсны сонгуульт ажилдаа ач холбогдол өгөхгүй, хүүхдийн төлөө анхаарал хандуулахгүй байна, Хот тохижолтын газрын дэргэд төрийн далбаан доор орон нутгийн өмчит компани байгуулж, Хот тохижолтын газрын зарим өмч хөрөнгийг тийшээ шилжүүлсэн, ажил үүргийг нь давхардуулсан, зэргээс хот тохижолтын үйл ажиллагааг явуулахад ойлгомжгүй байдал үүссэн гэх мэт санал, шүүмжлэлүүд гарч байв.