Александр Сергеевич Ревушкин; Оюун санааны холбоо харилцаа маань улам эрчимжих учиртай

Наймдугаар сарын сүүлийн хагасд Ховд аймагт болсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд уригдан оролцсон хүндэт зочдын нэг ОХУ-ын Томскийн УИС-ийн проректор,ОХУ-ын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Монгол улсын ШУ-ны тэргүүний ажилтан, ХИС-ийн хүндэт доктор А.С.Ревушкинтай ярилцсан ярилцлагыг уншигчиддаа толилуулж байна. . -Хүндэт А.С.Ревушкин таныг дахин Ховд нутагт маань зочилж байгаа явдалд талархан мэндчилье. Та энэ удаад ямар зорилготой ирэв? -Энэ зуны хувьд бид олон томоохон ажлыг өрнүүлж, хамтран ажиллаж байгаагийн нэг нь наймдугаар сарын сүүлч дээр танай Ховд хотод болж байгаа олон улсын эрдэм шинжилгээний арав дахь удаагийн хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн явдал юм. Ажил төрлийн шугамаар урьдын дотно харилцаатай Ховд нутагт дахин ирсэндээ ихэд баяртай байна.

-Ховд нутагт өмнө нь хэдэн хэдэн удаа ирж байсан гэж сонссон. Анх ирснээс хойш Ховд нутаг хэрхэн өөрчлөгдөж вэ гэдэг тухайд таны ярихыг сонсох нь сонирхолтой санагдаж байна? -Бид холбоо харилцаа тогтоож, ирж очих болсноор үндсэндээ арван таван жилийн нүүрийг үзжээ. Миний ажигласнаар урьдын танил Ховд аймаг, байнгын харилцаатай байдаг Ховд их сургуулийн хөгжилд нэлээн үсрэнгүй өөрчлөлт гарсан байна. Миний хувьд анх 1996 онд энд ирж байсан. Түүнээс хойш олон удаа ирсээн. Ирсэн цагаас минь Ховд ихээхэн анхаарал татах болсон. Тэгэхэд гэрэл цахилгаангүй хүнд үе ч байсан, бараа таваар ч хомс цаг байсан. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс амьдралаа цогцлоохыг хичээж эрмэлзэж байсныг мэдэх юм. Гадаад харилцааны тухайд тэр үед эхлэл сууриудыг тавих угтал нөхцөл л бүрэлдэж байсан болов уу? Одоо бол тэрхүү арван таван жилийн өмнөхөөс эрс өөр болсныг би өмнө нь хэлсэн. Энэ нь мэдээж аймгийн удирдлагын зүгээс явуулж буй бодлого, Өрнүүлж буй томоохон үйл ажиллагаануудтай холбоотой гэдгийг хэлэх байна. Нэгэн цагт энд орос зөвлөлтөөс олон хүмүүс ирж ажиллаж амьдарч байсныг бас санах юм.

Энэ жил Ховд аймгийн түүхэнд онцгой үйл явдал өрнөж, үүсэн байгуулагдсаныхаа 80 жилийн ойг тэмдэглэжээ. Сүүлийн дөрөв таван жилийн хугацаанд Ховд аймгийн хөгжил, бидний хамтын ажиллагаа аль аль нь улам ч эрчимжиж байна. -Өөрийн удирдаж ажилладаг Томскийн УИС-ын талаар манай уншигчдад танилцуулна уу? -Томскийн их сургууль болон Ховд их сургуулийн хооронд олон талын хамтын ажиллагааг нэлээд өргөн хэмжээгээр өрнүүлж ирсэн нь цаашид улам гүнзгийрэх учиртай. Тэрээр шинжлэх ухаан боловсролын салбарт харилцан уялдаатайгаар хамтран ажиллаж буй нь хоёр талын харилцааны томоохон ололттой тал нь гэж болно. Өнөөгийн нөхцөлд манай Томскийн их сургууль сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа шинэ нөхцөл байдлыг бий болгож, шинэ хөтөлбөрийг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ нь харьцангуй цөөхөн оронд нэвтэрсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хөтөлбөр, ажиллагаа бөгөөд дэлхий дахины шинжлэх ухаан, боловсролын үйл ажиллагаанд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай хөтөлбөр юм. ДЭЛГЭРЭНГҮЙ -Таны судалгааны ажлын чиглэл, бүтээл туурвилын тухайд сонирхож болохсон болов уу? -Миний хувьд шинжлэх ухааны судалгааны хэд хэдэн төрлөөр ажиллаж ирлээ. Ер нь миний судалгааны чиглэлийг Потаник, экологи, географи гэсэн шинжлэх ухааны салбаруудын холбоо харилцаан дунд ойлгож болно. Сүүлийн жилүүдэд миний хийж хэрэгжүүлж буй олон талт ажлуудын нэг нь их сургуулийн боловсрол, шинжлэх ухаан, судалгааны түүхэн хөгжлийг тодорхой дэвшилд хүргэх явдал. -Ховд нутаг болон Монгол орны баруун бүс нутагт шинжлэх ухаан, дээд боловсрол хөгжихөд таны тусламж дэмжлэг, хувь нэмрийг манай боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны салбарт ихэд үнэлдэг юм билээ.

Ер нь орон нутгийн хөгжилд их сургууль, шинжлэх ухааны байгууллагын үүрэг, ач холбогдлын талаар та ямар бодолтой байдаг вэ? -Муж болон нутаг орны хөгжлийн асуудалд их сургуулийн үүрэг роль асар их. Миний хувьд сургалт эрдэм шинжилгээ судалгааны энэхүү томоохон институтаас өөртөө их зүйлийг олж, шингээж авсан. Хорьдугаар зууны дунд үеийг дуустал Сибирийн бүс нутаг цөллөгийн газар байлаа. Гэмт хэрэгтнүүд хэмээгдэх таагүй нэр зүүсэн хүмүүсийг тийш нь илгээдэг байв. Гэвч нөгөө өнцгөөс харвал тэд тийм ч муу хүмүүс байгаагүй. Түүхийн ийм цаг үед тухайн газарт Томскийн их сургууль оршин тогтнож, боловсрол гэгээрлийн уурхай болж байлаа. Тэрээр Оросын энэ бүс нутагт Хаант засгийн үед бий болсон анхны их сургууль. Тэр ч үүднээсээ хот болон муж улсын шинжлэх ухаан, соёл, боловсрол тэрчлэн бусад салбарын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлж, ухаалаг бодлого, ухаалаг чиг хандлага бүхий хот болгон хөгжихөд чухал нөлөө үзүүлж байдаг.

Үүнтэй адилхан Ховд хотод байгуулагдаж бэхжсэн Монгол орны баруун бүс нутаг дахь ууган их сургууль Ховд их сургуулийн тухайд мөн л өөрийн аймгийнхаа болон энэ бүс нутгийн шинжлэх ухаан, боловсрол соёлын төв нь болон эрчимтэй хөгжиж байна гэж боддог. Монгол улсад миний очиж байсан аймгуудаас Ховд аймаг юугаараа ялгагддаг гэвэл боловсон хүчний нөөцөөрөө. Жил бүр олон зуун шинэ оюутан, шинэ багш нараар өнгө жавхаагаа чимж байдаг нь бусдаас давуу юм. - Ховд их сургуультай тогтоосон хамтын ажиллагааныхаа талаар бидэнд тодорхой мэдээлэл өгч болох уу? -1996 онд Томскийн их сургуулийн төлөөлөл Монгол улсын Ховд аймаг дахь Ховд их сургууль тэр үеийн МУИС-ын салбар сургуулийн захирлын урилгаар зочилсон нь харилцаа хамтын ажиллагааны эхлэл болсон. Ийнхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьсны үр дүнд дараа жил нь буюу 1997 онд томоохон экспедиц бүрэлдүүлж, эрдэм шинжилгээ судалгааны үйл ажиллагаа хэлэлцээрийг өрнүүлснээр маш чухал нэг санаачлагыг хэрэгжүүлэх боломж олдсон нь гурван улс үндэснийг хамарсан эрдэм шинжилгээний хөтөлбөр арга хэмжээ юм.

Өмнө нь Ховд их сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Нямдаваа, одоогийн ректор Ш.Ванчинхүү нар энэхүү улс үндэстэн, ард түмнүүдийн хамтын ажиллагааны өрнөл хөгжилд томоохон түлхэц, шийдвэрлэх нөлөө үзүүлж байгааг холбогдох ном материал, хэвлэл зэргээс уншиж байдаг. Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгаа, боловсрол соёлын хөтөлбөр маань улам өргөжиж, өнөөдрийн энэ хуралд гэхэд ОХУ-ын АБНУ-ын Алтайн их сургууль, Бийскийн их сургууль, Тувагийн улсын их сургууль, ГорноАлтайн их сургууль, Новосибирскийн эрдэм шинжилгээний хүрээлэн, БНХАУ-ын Шинжаний их сургууль, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын их сургуулиуд болон бусад олон сургалт эрдэм шинжилгээний байгууллагаас эрдэмтэн судлаачид оролцлоо. Бараг санаснаас илүү олон орны томоохон институтын эрдэмтэн судлаачид оролцсон өргөн агуулга, ач холбогдолтой хурал болж өндөрлөж байна. -Томскийн УИС-ын проректороор машинаа түлхүүлж байсандаа ичиж санаа зовдог гэж Нямдаваа даргын ярьж байхыг сонссон. Хамтран ажилласан олон жилд сонирхолтой зүйл олон байсан байх?

-Аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тэр үед их сургуулийн захирлаар ажиллаж байлаа. ОХУ-ын баруун Сибирийн Томск хотод европийн их сургуулийн захирал, багш нарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж захирал Г.Нямдаваа очиж оролцсон юм. Тэндээс буцахад нь үдэж өгөх хооронд машин нь саатаж бид тусалсан тийм явдал болж байсныг санаж байна. Энэ бол хоёр талийн хамтын ажиллагааны түүхэнд бидний сэтгэл санаанд үлдсэн дурсамжтай зүйлүүд юм даа. -Өрнүүлж буй хамтын ажиллагааныхаа үр өгөөжийн талаар таны бодож буй зүйлийг сонирхож болох уу? -Хоёр сургуулийн хамтын ажиллагааны үр дүнгийн тухайд гэвэл олон тооны хамтарсан экспедици, хөтөлбөрүүдийг дурьдаж болно. Тэдгээрийн нэг нь Алтайн бүсийн унаган ургамлуудыг хамгаалахад чиглэсэн олон улсын төсөлт ажил байлаа. Энэ төслийн судалгаанд Их Британи, Дорнод Казахстан, ОХУ /Томскийн УИС/, Монголын /Ховд их сургууль/ эрдэмтэд хамтран ажилласан юм. Миний бие энэ төсөлд удирдагчийн үүрэгтэйгээр оролцож билээ. Тэрээр энэ төслийн судалгаанд Ховд их сургуулийн багш судлаачид мөн Томскод суралцаж буй багш судлаачид оролцон ажиллаж томоохон бүтээл туурвил хийсэн юм. Томскийн их сургуульд уг судалгааны хүрээнд эрдэм шинижлгээний чухал үгүүллүүд хэвлэгдсэн ба Томскийн их сургуульд суралцаж байсан Н.Мөнхжаргалын хийсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлууд тодорхой байр зайг эзлэж байгаа.

Тэрчлэн энэ төслийн хүрээнд судалгаа шинжилгээний өөр олон бүтээлүүд бэлтгэгдэн, сонирхогч судлаачдын хүртээл болсныг дурьдах байна. -Манай ХИС-ийн олон багш, судлаачид танай сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан. Манай багш нарын талаар таны санал, дүгнэлтийг сонсъё. -Тиймээ. Ховд аймгаас Манай сургуульд очиж сурч боловсорсон олон сайн оюутныг нэрлэж болох байна. Сүүлийн жилүүдэд гэхэд ургамлын хими, байгаль судлалын чиглэлээр сурч, ажиллан, докторын зэрэг хамгаалсан Н.Мөнхжаргалыг манай багш нар их үнэлдэг. Надад ч өндөр сэтгэгдэл үлдээсэн. Тэр фитоэкдистероид гэдэг бодисын судалгааг хийсэн нь Монгол нутгийн ургамлын аймагт хийсэн анхдагч судалгаа болсон. Манай төгсөгч Н.Мөнхжаргал доктор одоо Улаанбаатарт мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Бас Дашцэрэн гэж оюутныг сайн санаж байна.

Дашцэрэн бас Улаанбаатар хотод ажиллаж байна. -Манай аймагт “Оюунлиг Ховд” хөтөлбөр хэрэгжиж, боловсрол, шинжлэх ухаан, хүний хөгжилд онцгой анхаарч байна. Ховд нутгийн байгаль, хүн ардын ёс заншил, түүх соёл гээд судалж тодорхойлох олон зүйл бий. Иймд аймгийн Засаг дарга маань санаачлан “Ховд судлалын төв” байгуулсан. Та хурлын нээлтэн дээр энэ судалгааны төвийн тухай онцлон дурдаж байсан. Энэтөвтэй цаашид хамтран ажиллах боломж бий юу? -Ховд аймагт болж буй үйл явдлын талаар миний хамгийн сүүлд сонссож мэдсэн шинэ мэдээлэл Ховд судлалын төв хэмээх байгууллагыг бий болгосон тухай бас Оюунлаг Ховдчууд сэтгүүл эрхлэн гаргаж буй тухай юм. Зөвхөн надад төдийгүй энд ирсэн бусад судлаач эрдэмтэдэд энэ санаачлага ажил хэргүүд өндөр сэтгэгдэл төрүүлж байгаа гэж би хувьдаа бодож байна. Биднээс гадна эрдэм шинжилгээ судалгааны олон байгууллага судлаачид шинээр бий болсон тэрхүү төвтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

-“Оюунлиг Ховдчууд” сэтгүүлийг бид цаашид орос, анли, хятад хэл дээр хэвлэх бодолтой байгаа. Монгол орны баруун бүс нутгийг судалсан эрдэмтэн хүний хувьд таны бүтээл, туурвилаас танилцуулах бодол ч бас бий. Тэгэхээр та бидэнтэй хамтран ажиллана биз дээ? -“Оюунлаг Ховдчууд” сэтгүүл гаргаж буй явдал бол маш чухал зүйл Томскийн их сургуулиас энэ сэтгүүл болоод Ховд судлалын төвтэй хамтран ажиллана гэж бодож байна. Хамтын ажиллагааны бас нэг шинэ боломж орон зай нээгдэж байна гэсэн үг. Тэрчлэн энэ тухайд баруун Монголын түүх соёл угсаатны судалгааны чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Томскийн их сургууль, Томскийн эрдэмтэд энэ чиглэлийн судалгааны анхны томоохон экспидицийг бий болгож, баруун Монголын түүх, соёлын судалгааг эргэлтэнд оруулахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн бэлээхэн туршлага бий.

Анхны экспипицийг их эрдэмтэн Григорий Николаевич Потанин харин хорьдугаар зууны дунд үед бий болсон хоёр дахь экспидицийг профессор Василий Василевич Сапожников удирдаж байв. Эдгээр экспидицийн эрдэмтэн судлаачдын бүтээлүүд Томскод том боть болон хэвлэгдсэн. Эл бүтээлээс баруун Монгол түмний ахуй соёл, байгалийн нөхцөл,эдийн засаг, худалдаа гээд өргөн сэдэв агуулга бүхий зүйлийг олж үзэх болно. Өнөөгийн бидний өрнүүлж буй эдгээр хамтын ажиллагаа бол өмнө нь суурийг нь тавьсан тэдгээр ажлын үргэлжлэл юм.

Одоо болж өндөрлөж буй олон улсын эрдэм шинжилгээний хуралд Томскийн их сургуулийн эрдэмтэн судлаачид маань чамгүй олон бүтээл илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Тухайлбал технографийн цогц судалгааны илтгэл, гэрэл зургийн судалгаа, соёл, хүмүүнлэгийн чиглэлийн илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний судалгааны түвшинд цаашид шинэлэг үйлс мөрийг эхлүүлэх суурь сурвалж болсон зүйлүүд ч байсныг дурьдах хэрэгтэй. Бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин гүнзгийрэх болно. Сонин болон өргөн мэдээллийн цахим хуудасныхаа зочноор урьж ярилцсанд баярлалаа. -Бидний урилгыг хүлээн авч элэгсэг дотно яриа өрнүүлсэн танд ч бас баярлалаа. ЯРИЛЦСАН Г.ТӨРМӨНХ