Тэнгэрийн цаана тэнгэр байгаа

Богино үгүүллэгийн наадамд дэд байр эзэлсэн бүтээл

“Тэнгэрийн цаана дахиад тэнгэр байгаа. Тэгээд бас гуниглал байгаа. Тийм нэг санаашрал ч байгаа. Тэгсэн атлаа ичингүйрэл бас байгаа болохоор тийшээ би зүглэж чадахгүй байна” гэх хааш яайш бичсэн мөртүүд түүний урд дурайна.  

Орчин тойрон нам гүм өглөөний сэрүүн салхи өлчир жавраар хайран шинэхэн өглөө алгуурхнаар ирж байв. Тэрээр энэ өдөр их л эртлэн боссон байлаа. Бие даалтаа хийх гэж ширээн дээр суусан ч бодол нь огт цэгцэрч өгсөнгүй. Нутаг орон, ах дүүс нь л санагдаад байв.

Авга ахын маань хэлж байсан тэр дурсамж санаанд орлоо. “Та нар чинь азтай  хүүхдүүд. Тэр их уул нурж, асга нүүргэлсэн ангалаас амьд гарсан хүний үр сад шүү. Энэ хувь тавиланг зөв авч явах ёстой” гээд уртаар санаа алдан хэлсэн нь одоо ч чихэнд хоногшсон хэвээр. Нээрэн би... би ч гэж дээ миний аав тавилантай хүн байж дээ. Яагаад ч юм нүднээс минь нулимс гарах шиг...

Хэнд ч ингэж ойрд аавынхаа тухай бас өөрийнхөө дотоод сэтгэлийн тухай хүүрнээгүй болоод ч тэрүү нэг л сэтгэл нээгдэхгүй байх чинь. Хэндээ ч ярихав дээ. Ойр дотны найз нөхөд, ах эгч ч гэж байхгүй хүн шүү дээ, би. Нээгдсэн ч тэр л санаашралын үзүүрээс нулимсан дусал л надад зам заах шиг. Зам гэснээс хань гэх нь илүү оновчтой юмуу даа. Ингэхэд хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлахгүй хичнээн удаан явдаг бол... Мэдэхгүй юм даа. Зарим нь сар жил, зарим нь тав арван жил, зарим нь насан туршдаа ч сэтгэлээ уудлахгүй явдаг байх. Зарим нь тухай бүртээ л өөрийнхөө дотоод сэтгэлийн бухимдал, бахархал, азтай тохиол бүхнээ хэн таарсанд нь бурж явах нь ч бий. Гэхдээ би хэр удсанаа одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг жил гаруйтай болчихсон юм шиг ээ” ингэж тэр өөрийнхөө доторх хүнтэй ярьж суулаа. Түүний бодолд дахиад л авга ахынх нь хэлсэн тэр дурсамж ороод ирэв. Уг нь энэ бодлоос зугатах санаатай шалдар булдар өдөр тутмын үйл хэрэг бас найз нөхдийнхөө тухай бодлоор өөрийгөө сатааруулах гэсэн боловч яагаад ч юм энэ л бодол түүнийг эзэмдээд авав.

1957 оны 11 сарын 10. ... Хэний ч таамаглашгүй үйл явдал болно гэж хэн санахав. Энэ өглөө аав маань хар үүрээр босчихсон ээжийг “одоо босооч” гэж байх нь ямар нэгэн зүйлд яараад байх шиг. Уг нь бол бусад өдрүүдийн л адил малаа дагаж гараад орой ирдэг өглөө байв. Ээж ч аавыг босчихсон байгаад гайхах сандрах зэрэгцэн яаран босч харагдав. Унтахдаа үүд хоймроор л нэг зулцгаасан биднийг ээжийн түлсэн гал хоромхон зуур халуун илчээрээ төөнөсөөр босголоо. Ээж цайгаа уудлаад оройны үлдсэн хоолыг түмпэнтэй нь зуухан дээр тавьж халаахыг харсан бид “хоцорч хувцасласан нь хоолгүй шүү” гээд хэлчихсэн юм шиг.

Түмпэнтэй хоол руу сэм сэмхэн харж яаран хувцаслаад нүүр гараа угаацгааж эхнээсээ аяга барин аавын хажуунаас зуухаа тойрон суув. Аав цайгаа уучихаад нэхий дотортой хүрэн дээлээ өмсч хуучин муу үнэгэн малгайгаа шилэн дээрээ тавиад тамхи сэлтээ өвөртлөх зуураа “Мал захлаад байна. Хурдан цайгаа ууцгаа. Малаа эртхэн бэлчээе.       

Должин чи намайг дагаад малд гарна шүү. Би өнөөдөр мал хариулна. Харин чи дээд хошууны энгэрээс цас үүрч ирээрэй” гээд гарав. Должин эгч ч хам хум цайгаа уугаад аавын араас гарлаа. Харин ээж хажуу орон дээр ганганах дүүг маань хуурайлаад намайг “цайгаа хурдан уу. Гарч мал бэлчээцгээ” гэж яаруулав. Барагтай бол уйлдаггүй дүү маань энэ өдөр нэг л бие нь таагүй байгаа бололтой. Ээж ч бага дүүд хамаг анхаарлаа хандуулаад биднийг анхаарах сөхөөгүй л байв.

Гараад иртэл аав, том эгч хоёр малаа хөдөлгөөд гарч байлаа. Аавын минь хүрэн дээлийн сийрсэн хормой салхины аясаар дэрвэх нь түүнийг хаа нэгтээ холын хол дагуулаад явах гэж байгаагийн дохио гэж хэн мэдэх билээ. Хорвоо энэ л яарлын гайг хэзээ нэгэн цагт хааяа хааяахан боловч сануулчихаж болдоггүй юм болов уу гэсэн гэнэн бас харамч бодолдоо одоо ч би ээрэгдсээр байдаг юм. Хүн бүхэн л хэзээ ч эвлэрч болохгүй хорвоогийн ийм л жамтай сөргөлдөх юм даа” гээд уртаар санаа алдаад цааш ярив.

“Миний хувьд бол аав минь их эртэч хүн шүү. Энэ хэдэн малынхаа төлөө төрсөн юм шиг эрт бэлчээхийг нь яана гэсэн бодол төрсөөр хотон доторх малын өтөг бууц цэвэрлэж хоцорлоо. Өвлийн хүйт эхэлж байгаа болоод ч тэрүү энэ шөнө мал их хошуурч хонож дээ. Яаж нэгнийгээ дарчихаагүй юм бол хэмээн бодож харганы үзүүрээр хашааны ноос түүж шуудайнд хийгээд хойд жалга руу аваачиж асгав. Өнөөдөр ч хүйтрэх янзтай. Тэнгэр цаанаа л нэг аягүйдэх нь.

          Гэнэт сарлаг мөөрөх чимээ дуулдлаа. Юу билээ, манайх чинь ойрд сарлагаа оруулж ирээгүй баймаар юм гээд тэр зүг рүү хартал үхэрнүүд нь хүнд туугдсан юм шиг гүйхээрээ орж ирээд гэрийн гадуур мөөрөлдөн өнгөрөв. Хотон доторх хужиртай хаднууд дээр зогсох болов уу гэтэл тэгсэнгүй шууд л хөндий уруудаад явцгаав. Гүйж ороод ээжид хэлэн дагуулан гарахад гүйцэгдэхийн аргагүй холдож байлаа. Гайхах сандрах зэрэгцэн “энэ чинь юу болоод үхэр ороод ирдэг билээ” гээд дээш доош харж байтал гэрт хүүхэд час хийн уйлах дуунаар бид гэр лүү гүйж орлоо.

        Төд удалгүй гэрийн хана чичирхийлэн салгалж гадаа хад чулуу дуугарч, хүнгэнэсэн сонин чимээ гарах нь тэр. Хамаг бие эвгүйрч, салганаад л... Бид дэмий л ээжийг даган ханарна. Яг энэ үед аав, аав гэсэн үгс л миний амнаас гарч байв.

Айдас хүйдсийн алиханд нь ч аавын нөмөр аргагүй үгүйлэгддэг нь энэ. Аав л байж байвал юу ч тохиолдсон хамгаална гэх хүний үрсийн томоогүйхэн атлаа тийм л итгэл бишрэлийн хүсэл энд оргилж байв.

“Ээж ээ, аав аа гэж хашгиралдан тогтож ядах биднийг ээж “тайван бай миний хүүхдүүд” гээд ээж тооно рүү нэг ширтэн, гэрийн хана руу нэг харан сандарч байгаа ч биднийг айлгахгүй гэсэндээ түүнийгээ нууж байгаа нь илт. Бага дүүг маань надад тэврүүлчихээд үүд рүү гүйлээ. Хаалга онгойнгуут аавын бас эгчийн явсан хөндийгөөс тоос бужигнан хад чулуу өнхөрч түс няс хийгээд л аймшигтай харагдав. Ээж ч хаалгаар хагас шагайн дэмий л юу хийхээ олж ядан сандарсаар “алив миний хүүхдүүд хувцасаа өмсөөд гэрээс гаръя. Газар хөдөлж байна. Гэрийн хойно хашааны арагшаа гарцгаая” гээд дүүг маань дулаан дээлэнд ороогоод биднийг дагуулан гарлаа. Бид ч уйлалдсаар ... Хатуугаас хатуу, чангаас чанга газрын хөрс хөл орсон юм шиг хавталзан намалзаж байх шиг. Хамаг л ухаан санаа бодолд минь юу ч тогтохгүй байлаа. Нэг мэдэхэд бид хашигдчихсан мэт энэ том дэнжийн жаахан зайнд л овоорч зогссоноо анзаарав.

Аав, эгч хоёрын минь явсан тэр хөндий урьд өмнө хэзээ ч ийм дүр зурагтай харагдаж байгаагүйгээр аймшигтай харагдана. Сүрлэг том хадан цохионуудыг ингэж нурж сүмбийтэл засчихсан мэт өвдөг хамрууд ингэтлээ зүсээ хувирган хагарч, цуурч байхыг нүдээрээ харсан бид хий дэмий л аав аа гэж хашгирсаар...

Хатуугаас хатуу хүний амьдрал, хамаг л итгэл найдвар, баяр баяслыг минь ингэж л тэр газрын гав руу авч одсон юм. Тэнгийн нэг тал болж амьдралыг минь босголцох аавыгаа тэнгэр газрын дундах энэ аймшигт ангал руу тэгээд орж байхыг хараад дахиж хэнтэй ч би дуугараагүй юм” гэж авга ахынх нь ганцхан түүнд хүүрнэсэн энэ дурсамжид бодолхийлж суутал утас дуугарч давхийн цочоов. Утасных нь цэнэг дуусаад унтарч байсан нь энэ.

Тэмүүлэх зүрхэндээ аавыгаа аргамжчихаад тэртээх тэнгэр лүү харахад түүний цаана дахиад тэнгэр байгаа ч юм шиг. Тийм хүлээлт бас горьдлого тээгээд аавыгаа бас өвөөгөө тэр тэнгэртээ шүтлээ.

Тэрээр бодлогоширч суудаг нөгөө л зангаараа ширээний өнцөг ширтэн хэсэг ийн бодолдоо автан сууснаа авдар дотор эвхээстэй чигээрээ үлдсэн өвөөгийнхөө хүрэн дээлийг авч нөмөрлөө.

Жавхлантын САРУУЛ