Миний тэмдэглэл

Ховд аймгийн төв.

- Би нэгэнт доор Ховд нутгынхаа талаар бичээд эхэлчихсэн болохоор, арай л дутуу юм шиг санагдаад нутгынхаа талаар дахин юм нэмж бичмээр санагдаад байна л даа! Ингээд би хүүхэд насаа өнгөрөөсөн Ховд аймгийн төвийн талаар бичье. Хүүхэд насаа өнгөрөөсөн болохоор аймгийн төв маань миний хувьд хүүхэд насны гэнэн цайлган төсөөлөл болоод дурсамжаар дүүрэн байдаг юм. Манай аймаг баруун аймгууд дундаа ер нь гайгүй томдоо ордог - тийм ч болохоор баруун бүсийн төв гэсэн сайхан гуншинтай. Алтайн нурууны салбарууд дундаас урсах гол горхи болоод булаг шандны ус, зуны цагт мөнх цаст суваргуудын цас мөснөөс хайлж урссан ус, холын замдаа нийлэн нийлсээр Ховд аймгийн төвийн хойхно талаар урсах тунгалаг Буянт гол маань болж урсдаг билээ. Буянт гол аймгийн төв хүрэхийн наахна талд хоёр салаад, аймгийн төвөөс өнгөрөөд нэлээн доор эргээд нийлдэг. Харин тэгж салж урсахдаа хоорондоо 1000метр орчим нэлээн урт зайд урсах бөгөөд, нутгийн бидний нэрлэж заншиснаар аймгийн төв талаасаа "Бага гол" ба "Их гол" гэсэн нэрүүдтэй 2 гол болж урсдаг. За ингээд Ховдчууд маань зуны цагт гэр бариад Буянт голынхоо эрэг дагаад лагерт гарна аа. Лагерүүд дундаа бас газрын байрлалаасаа хамаараад өөрийн гэсэн нэртэй - намайг бага байхад манайхан "Кино театр" ийн лагерт гардаг байлаа. Манай аймаг бас арвин түүхийн эх болсон газар билээ. Ховд аймаг байгуулагдаад их удсан аймаг. Тэртээ дээр үед Хятадууд их олон байсан болохоор, Хятадуудаас л сурсан юм шиг байгаам Ховдчууд хүнсний ногоог үнэндээ л тасархай тарина.

- Ховдчууд бидний "Чандмань Эрдэнэ" болсон энэ сайхан Буянт голоороо ундаалуулж, Ховдчууд маань аймгийн төвөөсөө доошоо нэлээд зайтай Буянт голоо дагаад ногоо тарицгаана. Манай нутгынхан манжин байвал махаар яахав гэж ярицгаадаг нь оргүй үг биш юм. Учир нь манай Ховдчуудын тарьсан хүнсний ногоо - ээддээ мөн ч сайхан час хийсэн сайхан амттай даа. Намрын цагт мөн ч сайхансан - манай нутгынхан намрын цагт гурил хоолондоо бараг л оролцуулахгүй, энэ доор нутгын нэг хүний үлдээсэн коммент шиг "Ургацын далай" нэртэй төрөл бүрийн хүнсний ногоо, мах оролцсон - ёстой нөгөө "Дээд уруулдаа хүргэмгүй, Дэргэдэх хүндээ өгөмгүй" гэдэг шиг л сайхан хоол хийж иднэ. Ногоо их сайхан боломжийн хямдхан ямар ч байсан өөрсдийгөө чөлөөтэй хангана. Мөн хэд хэдэн шуудайгаар нь төмс, манжин, лууван гээд л хүнсний ногоонууд дарж аваад өвөлжингөө иднэ. За тэгээд алдарт Шийгуа, Тингуагаа юу гэж мартахав - нутгын Шийгуай, Тингуа мөн ч сайхан амттай даа - намрын цагт их хямдарна. Бага байхад ч ээддээ шуудай шуудайгаар нь авж ирж гэртээ тавьчихаад л идэж гардаг байлаа. Би аав оросоос авж ирсэн нэг хөөрхөн дугуйтай, шийгуа дуусангуут ээжийг найрч хэдэн төгрөг аваад, шуудайгаа ардаа даруулчихаад л нөгөө "Амар хуур" кинон дээр гардаг Соном шиг шийгуа авах гээд захруу жийх шиг болдог байж билээ! хэхэ Их амттай болохоор уйдна залхана гэж бараг байхгүй. Нутгаасаа өөр газар тийм амттай Шийгуа, Тингуа идээгүй шиг санаж байна. За ингээд аймгийн төвийн хүн мал, ургамал амьтан, эдгээр бүх зүйлийг ундаалдаг энэ сайхан Буянт голоо Ховдчууд бид магтан дуулахаас өөр яахав! Би Зангад гуайн дуулсан "Тунгалаг буянт" дуунд их дуртай. Ер нь хааяа нэг сайхан дуулчихад бас сэтгэл сэргээд явчихаж байх жишээтэй.

- Монголд байдаг бүх үндэстэн ястанаас хоёрыг нь эс тооцвол үлдсэн бүх үндэстэн ястанууд, хамгийн олон 18н сумтай Ховд аймгийн сумуудыг хувааж нутаглацгаана. Өөрөөрөө нэг жишээ татахад Дуут, Мөнх-Хайрхан гэсэн 2 сумууд бол Урианхайчууд болоод Хасар ахын нутаг байх жишээтэй. Аймгийн төвөөс дээшээгээ, 20 иод км шахам үргэлжилдэг урт сайхан тал байдаг. Тэр тал дунд авж ирээд тавьчихсан юм шиг өнчин ганц "Баатар-Хайрхан" нэртэй уултай. Би хүүхэд байхдаа бас Оросын Украйн дугуйтай байлаа. Энэ дугуйгаараа би "Баатар-Хайрхан" уул орчихоод ирдэг байж билээ. Ээддээ зуны цагт ч мөн ч сайхан шүү! Буянт голынхоо ширгэн дээр очоод хэвтэж байхад ч сайхан даа. Өвлийн цагт гол хөлдөхөөр хүмүүс канкигаар их гулгана. Намайг канкигаар гулгаж чадах уу? гэх гэж байна уу! хэхэ. Миний ганц сураагүй юм байгаа юм. Хүүхэд байхдаа канкигаар гулгадаг баатар болж, нэг канки углаад 3 алхаад л тэрийж тархиараа савж унаснаас хойш дахиж хөлдөө тэр канки гэж юм углаагүй юм даг. Ховд аймаг маань товчхон бичихэд нэг иймэрхүү л нутагдаа!

Мөнгөн давалгаа хаялсан Мөрөн голын минь урсгалтай Мөнх цастай Алтайн суваргаас Мяралзан урсдаг нь бахдалтай Хэдэн зуун уулсын чанадаас Хэрэн урсдаг Буянт минь Асралт ээжийн минь сүү шиг Ариун тунгалаг рашаан юм Улиас бургас шуугин ганхсан Уудам шаргал хөндийн дундуур Үндэстэн ястануудын бахдал болсон Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа.