Яруу найрагч Уушийн Батболдын шүлгүүдээс

Яруу найрагч Уушийн Батболд Мөнххайрхан сумын уугуул. Анхны шүлэг нь 1981 онд тэр үеийн пионерийн үнэн сонинд гарч байсан бол одоо “Элгэн талын нутаг”, “Зүрхний анир”, “Намрын цагаан өвс, Хязгааргүй хайрла” зэрэг номуудаа уншигчдад өргөн барихаар бэлтгэж байна. Амгалан хөх уулс, хөдөөгийн цэнгэг салхины амьсгал дайсан, эгэл болоод сэтгэлд ойрхон төрхөт энэ найрагч бээр идээшиж дассан буйд хөдөөгөөсөө буйр сэлгэж, саяхнаас аймгийн төвд суурьших болжээ. Манай утга зохиолынхны дунд зүй ёсоор хүндлэгддэг тэрбээр төв бараадан ирсэн нь олонд төдий л танил болоогүй түүнийг зохиол бүтээлээ түмэнд хүргэж, нэгэнтээ ил гарч ирэхэд нь тустай болсон мэт.

Найрагч маань саяхан болсон “Ховд 80” яруу найргийн наадамд тэргүүн дэд байр эзэлж, ур цэц нь жигдэрч намуун зөөлөн аялгуу эгшиглэсэн, бас заримдаа сүрхий зоримог өнгө аяс цухалзуулсан шүлгүүдээрээ олны сэтгэлийг татаж чадсан юм

 

Г.Төрмөнх

БИ ХУУЧИН ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ

Шил толины гялбаа сансрыг эзэгнэсэн зуунд ч

Шинжлэх ухааны эрин илүүдсэн хөгжлийн давалгаанд ч

Дээлтэй өвгөдийн минь үлдээж өгсөн

Дэлхийн хөх монголоос өөр шинэ эх орон гэж хаана байна вэ

БНМАУ гэж байхдаа Бүтэн байсан элгэн нутаг минь

Бүс чангатай эзэн түмэн нь Бүрэн байсан газар шороо минь

Сарны гэрлийн эртний садан

Салхи тань хүртэл хуучных байсан ч

Сахал буурал хөх өвгөдийн

Үнэр нь хүртэл хуучных байсан ч

Өвсний үндэсийг сэрээж эвлэгсэн

Өлзийт наран тань хуучных байсан ч

Өнөөдрийн амьдралыг хөтлөж ирсэн

Өрлөг шаштир тань хуучных байсан ч

Ээжийгээс минь илүү настай болохоор нь

Эх орондоо хайртай юмаа би

Тэнгэрийн тамгатай сургаальт хөвгүүн

Тэмүүжин Чингис хуучных байсан ч

Хуур татахад уйлж явсан

Хутагт Равжаа хуучных байсан ч

Амарсанаа,Галданбошигт хуучных болохоор

Алунгоо,Өүлэн эх хуучных болохоор

Би тэдний төгсгөлгүй үргэлжлэл тул

Буй биеэрээ хуучин эх орондоо хайртай

Бичсэн шүлэг минь тэнгэрийнх нь хишиг юм чинь

Бид өөрсдөө газрынх нь гал юм чинь

Ургасан бие минь моддынх нь үндэс юм чинь

Унах шороо минь алтан дэвсгэр юм чинь

Морин хуурынх нь аялгуу

Моцартын симфоныг даралдаг хуучин эх орноо би

Мохож үзээгүй зүрхэн дээрээ л

Монгол минь гээд ачиж явдаг юм

Би хуучин эх орондоо хайртай

ГИТАРЫН ДУУ

Мянган бээрийн одод

Тэнгэртээ л эрхлүүлсэн тэр шөнө

Миний зүрхэнд гитарын дуу

Тэгтлээ л хоногшсон доо

Бодь харцтай хөөрхөн нүд чинь

Бодол шаглан навчин дээр тусаж

Чангаран уянгалах гитарын эгшигнээс

“Уулзаж амжаагүй ээж минь гэсэн

Учирлэн дуудсан аялгуу урсаж

Уйлж байсныг санаж байна

Тэгэхэд Тэсгэлгүй уяхан миний

Тэрлэгний энгэр нулимстаж

Товчин товчин үрлүүд

Амьдралын гашууныг сануулан

Амтагдаж байсныг мартаагүй

Харин бас

Хангинаж л байдаг гитарын тэр дуунаас

Хайрын зурлага асгарч

Сэтгэлд сэргэлт зарлаж

Онгодыг минь эмээллүүж

Орон зайд намайг давхиулж

Шүүрс алдуулан шүлэг нэрүүлсэн

Гоц нэгэн гитарын дуу

Гарцаагүй ганцхан чинийх л байсныг

Санасаар явна аа найз минь

Санчиг минь онговч мартахгүй ээ

АМЬДРАЛ

Бүргэд жингүйдэхэд болжмор атаархана

Бүжин дэгдэхэд мэлхий орилно

Салхи дуулахад үүлс хэрэлдэнэ

Адуу газраар бус тэнгэрийн заадсаар давхина

Аянга тэнгэрээс бус газрын цаваар цахилана

Дөрөмсөн улирал гурван зуун жаран тав хоногтойгоо

Дөрөөн доогуур минь шургана

Айсуу яваа бүсгүй хүн шиг гоё

Ангирын дуутай зун цаг ирнэ

Хэрээ бархирч, хөхөө донгодох нь хөгжим мэт болж

Хэзээ ч үл зогсох нарны хөдөлгөөн үргэлжилнэ