"Болор цом 28"-ийн эзэн тодорлоо

bolor

Уран үгийн их мастерууд өнгөрсөн бямба, ням гаригт Дархан-Уул аймагт чуулж “Болор цом 28”-ийн эзэн найрагчийг тодрууллаа. 360-аад найрагчдын бүтээлээс 58 найрагчийн бүтээл хоёрдугаар шатанд уншигдсан бол гуравдугаар шатанд 20 найрагч тайзнаа гарах эрхтэй болсон юм.

 

 

. Наадмыг Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найргийн их тэнгэрүүд гэгддэг  Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, Ш.Дулмаа, Т.Галсан, Д.Цоодол нар улам ч гоёмсог болгож байлаа. Наадмын гуравдугаар шатанд ямар 10 найрагч шүлгээ дахин сонсгох нь хүлээлт болов. Ардын уран зохиолч, төрийн шагналт Т.Галсангаар ахлуулсан шүүгчдийн дүнг найрагчид, үзэгчидгүй гэгэлзэн хүлээв. Энэ зуур наадмыг хөтөлсөн яруу найрагч, СГЗ Ш.Гүрбазар нэгэн хүнийг тайзнаа зарласан нь Ардын уран зохиолч, Төрийн шагналт Б.Лхагвасүрэн байлаа. Их найрагч тэрбээр, “Урд би энэ тайзан дээр зарлуулж гардаг яруу найрагч байлаа. Харин одоо завсарлагааны яруу найрагч болж дээ” хэмээсэн нь үзэгчдэд инээд, нулимс хоёрыг бэлэглэв. Өнжүүлийн их найрагч цаанаа л гуниглуу басхүү бардамханаар “Монгол байна” шүлгээ уншаад буусан. Ийм их гуниг байдгийг үзэгчид мэдэрч алгаа хоростол таших нь танхимд яруу найргийн халуухан үдэш үргэлжилж байгааг сануулах шиг болсон. Шүүгчид дүнгээ гаргажээ. Цомын төлөө А.Эрдэнэ-Очир, Л.Мөнхбат, Н.Гантулга, М.Уянсүх, Ц.Хулан нар тайзнаа дахин гарах нь тодорхой боллоо.
Холын замд улдаж,эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь
Хорвоогийн бүхий л өнгийг өөртөө шингээж, гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь
Дотоод ахуйдаа уусч мянган жил дүрээ харуулаагүй нууцлаг ертөнц хүн чулуу минь
Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж талын салхинд зүлгэгдсэн уулсаа түших хүн чулуу минь... хэмээсэн Н.Гантулгын шүлгээр сүүлийн шат эхэлсэн. Ингээд найрагчид шүлгээ хэлж дуусахад наадмын шүүгчид тайзнаа цомын эзний алдрыг дуудах мөч танхимыг чимээгүй болгов. Ерөнхий шүүгч Т.Галсан, нэгэн зүйл онцолж хэлсэн нь “Лхагвасүрээн чи бол заллагын яруу найрагч, чи бол замбуулингийн яруу найрагч, чи бол заяаны яруу найрагч юм” хэмээсэн нь  үзэгчдийн болор цомын эзэн найрагчийг хүлээх хүлээлтийг эвдсэн юм. Ингээд “Дархан 50-Болор цом 28” наадам Ц.Хулан найрагчийн нэрийг зарлаж цомоо гардууллаа. Наадамд М.Уяансүх, Л.Мөнхбат,  Н.Гантулга,  А.Эрдэнэ-Очир нар удаалж дараа жилийн наадмаар дахин уулзахын ерөөл талбив.