“Алтайн дуулал” наадам авьяасын хур буулгав

Yaruu nairag naadam

Ховд аймгийн Засаг даргын ивээл дор жил бүр явагддаг “Алтайн дуулал” богино өгүүллэг, яруу найргийн наадам энэ сарын 21-нд аймгийн Хөгжимт драмын театрт болж, эхний шатнаас шалгарсан 26 найрагч, үргэлжилсэн үгийн 9 зохиолч бүтээлээрээ өрсөлдөв.

Энэ удаагийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Б.Баяраа тэргүүлж, дэд байранд залуу яруу найрагч Г.Одонтуяа, гутгаар байранд Н.Мядагбадам, удаах байранд нэрт найрагч У.Батболд, яруу найрагч Б.Буянбадрах нар шалгарлаа.

Богино өгүүллэгийн төрөлд Олон ястны телевизийн сэтгүүлч Ж.Саруул тэргүүлж, зохиолч, Н.Баасанжав, Л.Оюунчимэг нар дэд байр Манхан сумын залуу зохиолч Н.Эрдэнэбат тусгай байр эзэллээ.

Наадмын нэгдүгээр шатанд 50 гаруй шүлэг, 10 гаруй өгүүллэг ирснээс тайзан дээр уншигдсан дээрх бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулж унших эрх олгосон байна. Тайзан дээр уншигдсан богино өгүүллэгүүдийг аймгийн ХДТ-ын жүжигчид амилуулж, үзэгчдийн хүртээл болгосон нь олны таашаалд нийцэж байв.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн гишүүн, тус эвлэлийн Ховд дахь Алтай салбарын удирдах зөвлөлийн дарга, зохиолч А.Жаргалсайхан, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч, Х.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Төрмөнх, Г.Бямбаа, аймгийн ССАЖГ-ын соёлын хэлтсийн мэргэжилтэн Гантуяа нар ажилласан юм.    

                                                                                                                                                             Г.Энхжаргал