Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ

Тувад болсон наадмаас Ховдын хөөмэйчид дөрвөн шагнал хүртжээ

ОХУ-ын Тувагийн нийслэл Кызылд энэ сарын 14-17-ны өдрүүдэд олон улсын “Төв Азийн хөөмий” наадам болжээ. Энэ наадамд Монгол,Япон, Норвеги, Хятад, Итали, Финлянд, Турк, АНУ, Энэтхэг, Веатнам, улс болон Оросын зургаан бүсийн 211 хамтлаг оролцжээ. Монголоос оролцсон арав гаруй хөөмийчийн найм нь Ховд аймгаас очиж оролцсон байна.

Tuva huumii 4Уг наадмын хамтлагийн төрөлд Монголын Ховд аймгаас очсон Жангар хамтлаг дэд байр, өсвөрийн хөөмэйчдийн төрөлд Мөн аймгийн Чандмань сумын хөөмэйч Б.Алтаншагай дэд байр, уламжлалт хөөмэйн төрөлд Ховд аймгийн ХДТ-ын хөгжимчин, хөөмэйч Ч.Баатарсүрэн гутгаар байр, уламжлалт хөөмэйн эмэгтэй төрөлд мөн Ховдын ХДТ-ын хөөмэйч Д.Золзаяа гутгаар байрын шагналыг тус тус хүртэж сайхан амжилт үзүүлжээ.

“Тува улс нь ардын язгуур урлаг түүний дотор хөөмэйн урлагийг хамгаалах, хөгжүүлэх талаар их анхаарал тавьдаг орон юм. Кызыл хотод Тувагийн алдарт хөөмэйч Конгар оол Ондарын хөшөөг босгосны нээлтийн арга хэмжээг энэхүү наадмын үеэр зохион байгуулсан нь үүний бас нэг тод илэрхийлэл болов. Монголоос маань дэлхийн хөөмэйн холбооны тэргүүн, Транс Монголия хамтлагийн ахлагч нэрт хөөмэйч Д.Хосбаяр урилгаар оролцсон ба түүнийг Тува улсын Ерөнхийлөгчийн болон төрийн дээд хурлын шагналаар шагнасан нь сайхан хэрэг байлаа. Мөн манай хөөмэйч, туульч Ууганбилэгийг Конгар оол Ондарын нэрэмжит шагналаар шагнасан нь ихээхэн хүндэтгэлтэй хэрэг болсон” хэмээн хөөмэйч Ч.Баатарсүрэн, Д.Золзаяа нар ярьсан юм.“Хөөмэй бол ардын өвөрмөц урлаг. Бид энэ наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Нөгөө талаар хөөмэйг шинжлэх ухааны үүднээс судлах хэрэгтэй. Энэ наадам зүгээр нэг концерт төдий болоод өнгөрхгүй байгаасай гэж хүсч байна. Үүний үр дүнд хөөмэйг дэмжих, түгээл болгох талаар олон улсын төсөл хэрэгжиж эхлээсэй гэж хүсч байна” хэмээн Тувагийн ерөнхийлөгч Шолбан Кара-оол наадамд оролцохоор ирсэн хүндэт зочдын өмнө хэлжээ.Мөн түүний хэлсэнчилэн энэ наадмын дараа Тувад Хөөмийн академи байгуулах юм байна.

Tuva huumii 5

Tuva huumii 3

TransMongolia Hosoo 1

 

Борооны усны хоолойноос “Катюша”эгшиглэнэ

"Эгшиглэнт чимээ" хамтлагийн тухай Оросын сэтгүүлч ийн бичжээ

Avah 1

Улаанбаатар хотод зочлох зуур тэнд тайлан тоглолтоо хийхээр Дархан хотоос ирээд байсан “Эгшиглэнт чимээ” хэмээх хүүхдийн хөгжмийн хамтлагтай уулзаж, уран бүтээлийг нь сонирхох завшаан тохиов. 15 жилийн түүхтэй энэ хамтлагийг Монгол улсын гавъяат багш С.Жамъянхорол санаачлан байгуулжээ. Хамтлагийн гишүүд нь долоогоос 16 насны сургуулийн хүүхдүүдээс бүрдэнэ. Энэ хамтлагийн хамгийн хачирхалтай зүйл нь гарын доорх ямар ч зүйлээр гайхамшигтай сайхан хөгжмийн зэмсгийг орлуулан тоглож болдогийг харуулсан явдал. Тэдний хөгжмийн зэмсэг гэвэл ердөө янз бүрийн хэмжээ, диаметртэй төмөр савхнуудын /труба/ тайрдас, булан төмрүүд /уголка/, модны тайрдас болон зүсмэл моднууд бас шилэн лонх гэх мэтийн зүйлс байна. Энэ үйл хэрэгт борооны усны төмөр хоолой хүртэл татагдан орсон нь нэн сонирхолтой. Тэдгээрийг бөмбөр болон ёочин гэх мэт Монгол үндэсний цохиурт хөгжмийг орлуулан яг байгаа чигээр нь ашиглаж, гайхам сайхан аялгуу тоглох аж. Ийн тоглож байгаа нь надад “Gorg” хэмээх эртний нийлмэл хөгжмийг санагдуулав.

Хамтлагт орох хүүхдүүдийг яггүй чанга шалгуур хүлээдэг гэнэ. Шалгаруулах комисс тэдний хөгжмийн сонсгол, гар хурууны уян болоод “хатлаг” чанарыг нь нарийн шинжиж байж сонгож авсан байна. Одоо тус хамтлаг хаа ч бардам алхахуйц урын сантай болжээ.Биднийг очиход оркестр сургуулилж байсан бөгөөд. Бидэнд зориулан “Катюша”, “Подмосковные вечера” бас нэг гадаадын эстрад дуу, тэгээд мэдээжийн хэрэг Монгол ардын аялгуу тоглож үзүүлэв. Хамтлагийнхан долоо хоногт гурван удаа хоёроос дээш цагаар сургуулилт хийдэг гэнэ. Эгшиглэнт чимээ хамтлагийнхан маань өнгөрсөн жил Улаанбаатарт болсон олон улсын хөгжмийн наадамд очиж оролцон, тэргүүн байранд шалгарч 100.0 сая төгрөгийн шагнал хүртжээ. Тоглож буй хөгжмийн зэмсэг хэрэгсэлүүдээ 45 тоглогч нэгэн зэрэг тоглохуйц тайзанд тохируулан бэлтгэж, сэлбэж, додомдох, өнгө зүс оруулах хийгээд заалны түрээс сэлтийг ч бодолцож зохион байгуулдаг юм байна.

Avah 6

Монголын өсвөрийн хөгжимчид маань энэ онд Оросод болох “Цэнхэр шувуу”, /Синяя птица/ хөгжмийн наадамд оролцохоор төлөвлөжээ. Тэд одоо шаардлагатай баримт материал зэргээ бэлтгэж байгаа бололтой.

Бидэнтэй цуг уг хамтлагийнхантай уулзсан Монголын Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв хэлэхдээ “Монгол Оросын хоорон дахь хүмүүнлэг, соёлын чиглэлийн харилцаа, холбоо идэвхтэй өрнөх боллоо. Тэр чинээгээр сурган хүмүүжүүлэх салбарт маань өсөлт дэвшил гарах боломжтой юм. Манай хүүхэд залуус орос хэлийг сонирхон судлах, Оросын их дээд сургуульд элсэн суралцах нь мэдэгдэхүйц эрчимтэй болж байна. Манай сургуулиас хэд хэдэн оюутан Горно-Алтайск хотод их сургуульд суралцсан бол одоо Василий Шукшиний нэрэмжит Бийскийн Боловсролын акедимид эрдмийн зэрэг горилж буй суралцагсад ч нэлээд хэд бий” хэмээсэн. Үүнтэй холбогдуулж хэлэхэд ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын нийслэл болон Монголын Баян-Өлгий аймгийн дунд сургуулиудын хооронд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, багш сурагчдыг харилцан зочлуулж буй гэх мэт хамтын ажиллагаа явагдаж буй билээ. Дархан хотын хүүхдүүдийн хамтлаг Орос улсад айлчлан тоглосноор тэндэхийн соёл, зан, заншил, хөрш орны ард иргэдийн аж байдалтай танилцах бас нэгэн дэвшилттэй алхам болох нь дамжиггүй.

Хэвлэлд бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

Орчуулсан Г.Төрмөнх

Avah 4Orkestr 1

 

Миний мэдэх “соньхон хорвоо” нам гүмхэн улирсаар...

“Болор цом 34” наадмын тэргүүн шүлэгчийн ярилцлагыг гүйлгэн уншиж суутал, элэгдэж улирсан оочин цоочин бодлууд гэнэт сэргэх шиг санагдав.

- Өөрийг тань яруу найрагч гэж энэ хүмүүс огт мэдэхгүй байна. Мэдэхийг ч хүсэхгүй байгаа бололтой. Эгдүү хүрмээр байгаа биз ! хэмээн сэтгүүлч асуухад найрагч:

– “Ха ха. Хүмүүс мартдаг юм болов уу. Энэ тухай олигтой тайлбар өгч чадахгүй байна. Утга зохиолын хүрээнд хүртэл мартах хүсэлтэй хүн байх шиг байна” гэж хариулжээ. 

Тэгээд ялимгүй бодлогоширолд автав. Ингэхэд хүмүүс чухам хэн, хэнийг мартаж чадахааргүй болтлоо сэтгэл оюундаа тээж яваа, хэнийг мартагнах болсон, хэнийг бүдэг бадаг санаж, хэнийг бүүр огт танихгүй байгааг магадлан нягтлах боломжтой гэж үү? Хэн нэг зохиолчын, яруу найрагчийн, хөгжмийн зохиолч, эсвэл зураачийн бүтээлийг таних эс таних, мартах эс мартах асуудал бол манай энэ цагийн бараг ихэнх хүмүүсийн хошууран дагадагчилан “олны танил болж чадсан” эсвэл чадаагүй, “Болор цом”-д дээгүүр байр эзлэсэн, эзлээгүй, цэнхэр дэлгэцээр олонтоо гарч, сонин, сэтгүүл, “соүшил медиагаар /олон нийтийн мэдээллийн цахим сүлжээ/ ямар давтамжтай үзэгддэгтэй төдийлөн холбогдолгүй, өнөө, маргааш хийгээд цаг хугацааны хязгаар заагаас ч хамааралгүй зүйл юм шүү хэмээн адран, зөрүүдлэх нэгний “бачимдангуй” төрх харагдаад далдрах шиг ...

Магад энэ бол хаа нэгтээд, аян замын уртад, аагтай сархадын дэргэд хэдэнтээ сонсож өнгөрөөсөн халуун яриа, зоримог маргааны хэсэг бусагхан дурсамж сөхөгдсөн хэрэг л дээ.

Уран бүтээлчдийн гол төлөв халамцуухан байхдаа өрнүүлдэг, хурц, гашуун, эедүү зөөлөн үгсийн амт хэдэн арван жилийн турш ч мэдрэгдсээр байх нь бий бөгөөд хэзээ нэгтээ гав ганцаараа бодолд эзлэгдэж суухад дотроос цоролзон өндийж, эс бөгөөс учирлан аргадах нь түмэнтээ дотно, дулаахан амуй. Эл учраас улбаалан нэгэн гэгэлзүүр бадаг санаанд унасан нь

“Цаст уулын сууринд Сүрэнгийн Бүрнээ нам гүмхэн улирна

Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхих морьтон Батболд мөн үү...? хэмээн найрагч санаашрах аж. Энэ бол яруу найрагч Гомбосүрээгийн Бямбаагийн “Уянгат нөхдөө дурсахуй” гэдэг шүлгийн мөрүүд юм.

“Хөрөг зураг Дамдинсүрэн абугай 

Хөгжим хэмнэлт Цолмонгийн хуруу...” хэмээн эхлэх эл шүлгийн мөр, бадгаас би урьд нь ч хэдэнтээ эш татаж байсныг зарим уншигчид санаж байгаа нь лав. Дээр үгүүлэгдсэн Сүрэнгийн Бүрнээ, Уушийн Батболд нараас гадна хэн хүнд үл анзаарагдам шахам аж төрж, бүтээлээ туурвисаар “нам гүм, чимээгүйхэн улирсаар” ахуй миний мэдэх өдий төдий найрагчид, зохиолчид, уран бүтээлчид газар, газарт бий.

Тэдний тухай дурдъя гэтэл илүү ойр, хажууханд минь болоод ч тэр үү хамгийн эхлээд жинхэнэ Алтайн хөх чулуу байсан гэлцдэг Ховдын Баянзулын Баасанжав агсан, Аюушийн Жаргалсайхан, Аварзэдийн Оюунчимэг, Жамбын Төмөрчулуун, Дашзэвэгийн Өрнөхдэлгэр, Буяндалайн Цогбадрах, Пүрэвдоржийн Гантөмөр, Б.Лхагва-очир, Б.Оюунхүүгээс эхлээд Увсын Билэгт хүмүүн гэгдэх Билэгийн Норов абугай, Төмөрийн Цэдэнсодном, Б.Дагьмэд, Өндөрхангайн Д.Энхбаяр, Тэсийн Б.Баттулга, Говь-Алтайн Гочоогийн Чардаг, Цоодол тэргүүтнээс гадна ажиг сураг алсхан Хөвсгөл нутагтаа суух Пүрэвжалын Майнбаяр гэхчилэн олон олон хүмүүсийн нэр сураг сэтгэлд бууна.

Туулсан амьдралынхаа туршид уулзаж учирч, ижилдэж дассан хэдэн зуун хүний тухай зүрхнийхээ хөлсөөр “хачин өвөрмөц” уран зохиолын дурсгал үлдээмэгц, удалгүй хальж одсон  Б.Баасанжав агсаны “Он цаг холдох тусам одоо юм шиг санагдана, хошууны олон та нар минь бодогдох ч шиг янзтай” хэмээсэн сэтгэлийн хайлан гэнэ, гэнэхэн зүрх рүү орох шиг...

 “Суманд амьдрах сайхан” хэмээх хээрийн салхины урь, цас, борооны үнэр анхилуулсан “хөдөх” шүлгээрээ 2014 оны Болор цомын дэвжээг мялааж асан Сүрэнгийн Бүрнээ ахыг маань бас ч гэж олон хүн анддаггүй байхад “Цагаан түнгэтэй намаржааны хөлөөр давхиж...” үзэгдээд, далдарч одох Уушийн Батболдын тухайд нутаг усныхнаас нь бусад хүмүүс ер гадарлахгүй. Тэр бол яг шүлэгт гарч байгаа шигээ дэндүү зөнгөөрөө, байгаагаараа нэгэн агаад, төрмөл авьяасаас нь хэдэнтээ ундрах, цармын гашуун агь шиг шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтэр дээр буулгаж хадгалахаас хэтрэхгүй, олны хүртээл болгох, сурталчилан таниулах энэ тэрийг барагтай бол тоодоггүй, бор баарагдуу нөхөр.

“Түүж өргөсөн шүлэг гал минь

Түгээж цацдаг зүрхний анир минь

Замд таарах эртний анд минь

Таньд өргөх бэлэг ном минь...

....нарнаас авдаг амьсгал минь

Намраас зээлддэг гуниг минь

Хавраас хүртдэг баяр минь

Хамтдаа явдаг онгод минь..” гэх мэтээр түүний шүлгүүд нэг сонсвол бодлоос ер гарахааргүй.

“Хорвоод хүн үүсэхдээ хоосон байжээ

Хоёр биенээсээ илүүчлэх хогшилгүй байжээ

Тэнгэрээс нар зээлдэж илчээ хийсэн юм байна

Толгодоос цэцэг зээлдэж үнэрээ олсон юм байна

Мөрөнгөөс дусал зээлдэж цусаа сэлбэсэн юм байна

Моддоос навчис зээлдэж, өл залгасан юм байна...” хэмээн учирлана. Зах зээлийн шуурга, амьдралын урсгалд туугдсаар, энэ найрагч Цаст, Мөнххайрхан уул, буйдхан хөдөөгөө орхиод, аймгийн төвд суурьшисан агаад ажилгүйдэл, амьдралын алагчлал, дутуу гацуу, хямрал донсолгооны эргүүлгэнд сэгсчигдэж, чимээгүйхэн шаналж явах шиг санагдах ч амьсгалах нь нарны энтэй, гуниглах нь намрын араншинтай түүний юунд ч юм нэг л даамай итгэл үргэлж цухалзана.

Ховд, Увс, Баян-Өлгий гээд баруун аймаг дахь идэр, залуу насны найрагч, зохиолчид, уран зохиолд шимтэгчдэд загалмайлсан эцэг гэгдэх ардын цэргийн бэлтгэл дэд хурандаа Аюушийн Жаргалсайхан зохиолчтой уулзаж, учраагүй, яриа хөөрөө өрнүүлээгүй, “Явуугийн модны дэргэд ч юм уу, явуулын тэрэгний бүхээгт хундага тулгаагүй нь энэ нутгийнхан болоод ирж, очиж байсан утга зохиолын хүрээнийхэн дотор тун ч ховор болов уу.

Хэн гуайтай ч, ямар ч сэдвээр яриа өрнүүлэх, цэц булаалдан, ном тавилцах өлхөн чадвартай, уншиж судалсан, үзэж сонссон нь чухам хэдэн тэрэг ном болмоор амьдралын их туршлагатай эл эрхэмтэй “буу халахад” үнэн урамтай. Жагаа ах маань гол төлөв хүүрнэл зохиолын богино хэлбэрээр бичиж, үгүүллэг, туужийн бас яруу найргийн хэд, хэдэн ном хэвлүүлсэн. Яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын түүнд зориулсан шүлэглэснээр “Уулын хэцийн манан шиг учир битүүлэг” энэ зохиолч нэр алдартай зохиолчдын ном зохиол, үг ярианаас эш татан, сонирхолтой хууч дэлгэж, цэнхэр дэлгэцээр тэднийг гарвал хүүхэд шиг баярлаж, шимтэн дурлах агаад эгэл, энгийн ийм зан төрхөөрөө амьдралын нэгээхэн орон зайг үүрч явах шиг санагдах. Аварзэдийн Оюунчимэг эгчийн бас л ямар ч сэдвээр аль  ч талаас нь даацтай, далайцтай авч үзсэн, сонирхолтой ярианд нь шимтэн шимтэмээр. Ажлынхаа зэрэгцээгээр орчуулж буулгасан, бичиж ноороглосон өч төчнөөн зүйлүүдээ дэлгэн үзүүлж, амтат яриандаа автахдаа нэг ёсны “кайф” авч, түүнээсээ таашаал эдлэж байх нь мэдрэгдэнэ.

Энд би санамсаргүй өдөөгдсөн санаа бодлынхоо үзүүрт хөтлөгдөн, гагцхүү өөрийн сайн таньдаг, уулзаж учирч, ярьж хөөрч явдаг цөөн хэдэн хүмүүсийн талаар санаанд илхэн буй ганц нэг зүйлсийг цухасхан дурьдсан төдий юм. Энэ мэтээр тэр бүр олны хараанд өртөж, анзаарагддаггүй ч уран бүтээлд үнэн сэтгэлээ өгч, заавал бүтээж туурвидаггүй байлаа гэхэд түүнд шимтэн дурлаж, утга, уран зохиол, урлаг соёлын ертөнцөөр аялан хэсүүчлэгч сэтгэл нэгт нөхдийг нэг бүрчлэн дурьдана гэвэл энэ багашаархан бичвэр маань хэд дахин сунах учраас ингэсхийгээд товчлоё гэж бодно. Бас ямар ч атугай зохих түвшинд олноо танигдсан, хэр хэмжээндээ нэр алдарт хүрсэн найрагчид, уран бүтээлчид ч миний үгүүлэн буй нутаг орны хүрээнд ганц хоёроор зогсохгүй хийгээд тэдний талаар энэ удаад дурьдахыг азнасан билээ.       

Галзад Төмөрийн Цэдэнсодном гэх танхай авъяст нэгэн хаа сайгүй хэрэн хэсүүчилж, эрх дураараа ч гэх юм уу, этгээд ойлгомжгүй ч гэх юм уу, яг л цыган шиг амьдрах агаад, өнөөдөр энд, маргааш тэнд, нэгэнтээ ор сураггүй алга болсноо, хаа нэг газарт чухам хаанаасыг бүү мэд гэнэт гараад ирчихсэн байх.

“Эхний болоод эцсийн хөх замаар

Эцэнги морьтой бөгтөр шогшином

Элчилгүй холд тэнэмэл салхийг хөтөлж

Эгц хяр дээгүүр бөгөн давнам

Өвсний хурим, могойн чуулганд

Өвгөн модны зарыг хүргэнэм

Улиг дарс тархийг идэж

Ужиг өвчнийг сэдлэн байнам...” энэ юуг үгүүлнэм бэ?  Магадгүй өөрийнхөө хэрмэл амьдралын замыг заасан “нууц тэмдэг” мэт санагдах нь нэн сонин.

“Хуур чарлуулж, довон дээр бөгтөр суунам

Хуурай дэрс шатааж, долоон үеэ дууднам

Сансрын хөхөмдөг гэрэлд хүүгээ үнсэж

Сарны хөлчүү сормуусанд шүлгээ зүүнэм...” гэснийг үзвээс тэртээх хол сансар хийгээд энэтээх эгэлийн хорвоо дахь орон зайд нэгэн зэрэг амьдраад байх шиг.... ер бусын гайхширам. Заяа бандида Намхайжамцын өвөг эцэг “Хунку заяач”-ын тухай, мөн домогт Ану хатны төрсөн эцэг Ойрдын их баатар “Галдмаа буюу Галдамба”-ын тухай (Ану хатанг Ойрдын Очирт цэцэн ханы охин хэмээн өвөг эцгээр нь овоглох явдал түгээмэл тархсан хэдий ч түүхэн үнэний хувьд энэ мэдээ ташаа бөгөөд Ану хатан нь Очирт Сэцэний хүү Галдмаа (Галдамба) баатрын охин болох нь тодорхой баримтаар нотлогддог) дуулалт жүжгүүд болон тайз дэлгэцийн, түүхэн голдуу анхдагч, ховор бүтээлүүд нэлээдийг туурвисан ч түүнийгээ ер хайхрахгүй шахам, өнөө л У.Батболдтой адилхан олонд таниулах гэж ямар нэг алхам хийх нь үгүй.

Хөвсгөлийн Бүрэнтогтохын уугуул Пүрэвжалын Майнбаяр найрагчтай нутаг алс ч гэлээ дэргэд юм шиг хэлхээ холбоотой байдаг маань цагийн үр, хувь заяаны ерөөл ч байж магад. Утга зохиолын хүрээнийхэнд өндөр үнэлэгдсэн яруу найргийн олон ном бүтээл туурвиж, “Алтан өд”-ийн эзэн болж, МЗЭ-ийн шагнал гардсан түүнийг зохиолчид, утга зохиол судлаач, сонирхогчид андахгүй хэдий ч жирийн олон бол тэр бүр мэдэхгүй. Нутгийнхаа хэн нэгэнд түүний тухай үгүүлтэл “өө “Болор цом” аваагүй найрагчийг бид яаж таних вэ дээ” гэсэнсэн. Нээрээ л манай олон нийт “Болор цом” атгаагүй ч юм уу, тэр наадамд дээгүүр байранд давхиагүй бол нэрд гарсан яруу найрагч бус гэж үзэж буй энэ цагт Майнбаяр найрагч, цом гардаж, нэрээ мөнхлөхгүй, хойргошин суугаа нь нэг л базаахгүй зүйл дээ гэх шүү юм бодож, тэр эрхэмийг зөвтгөхөөс аргагүй болсонсон.       

 Ийнхүү “цом”-ын тухай яриа цухалзах төдүйд миний үгүүлэн буй хөдөөний голдуу “болхи, толхи” нөхдийн маань дунд хааяа нэгхэн өрнөөд авдаг “чих халууцам” яриа хөөрөө сэлтүүд зурасхийгээд өнгөрнө. Ховдын найрагч Баасанхүүгийн Баяраа нэгэнтээ “Болор цом”-ын эзэн болсон найрагчийн тэргүүн шүлэг нийтлэгдсэн “Утга зохиол урлаг” сонины дугаарыг барьчихсан халамцуухан ороод ирэв. “Энэ шүлгийг чи хар даа. Эхний хэсэг дэх хоёр мөрийг сүүлчийнхээ хэсэгт дахиад хуулаад тавьчихсан байх. Бичих үг нь олдохгүй болохоор ингэдэг бололтой. Тэгээд хөөрхий шүлэг ч гэж шүлэг л юм. Өвөг дээдсээ магтаж сайрхаад байгаам уу гэтэл түрэмгий, эзэрхүүгээр нь дуудаж шоглож тохуурхаад ч байгаа юм шиг холион бантан л байна шүү дээ” гэж байна. Хэлснийг нь лавлаад уншиж үзвэл нээрээ л тийм анзаарагагүй алдаа гэхээр зүйлүүд байж л байсан. Энэ мэтчилэн хурц гярхай, билэг танхай хэрнээ эгэл боргилхон нөхдийн дундаас нэгэн аравны чөлөөнд нэрийг олоогүй хэдий ч хэдэн зуунаар тасрахгүй дориун сайн зохиол бүтээл туурвин буйг хэн, хэрхэн шүүн дэнслэж чадахсан билээ...

Гэсэн ч дээр цухалзуулсанчилан өнөө цагийн олон нийтийн ойлголт үнэлэмжээр бол болор цом аваагүй, ямар нэг уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлээгүй, нэр нөлөө ихтэй хэн нэгэн хүний үнэлэмж магтаалд хавчуулагдаагүй, цэнхэр дэлгэцээр олон удаа гарч, танигдаагүй бол шальтай зохиолч, найрагч, уран бүтээлч биш болж таарна.

Орон нутгийн хэсэг зохиолчид уран бүтээлчид хамтраад, аймгийнхаа төр захиргааны зүгээс явуулж буй соёлын бодлогын талаар санал бодлоо илэрхийлэхээр, бас тодорхой санал дэвшүүлэхээр ажил хариуцсан даргатай уулзаж л дээ. Тэгтэл “та нар муусайнууд нэрд гарч, олны танил болоогүй байж юугаа яриад байгаа юм. Бид олонд нэр сүрээ дуурсгасан том зохиолчид, уран бүтээлчдийг нийслэл хотоос урьж, хамтарч ажиллана. Та нар мэтсийн хувьд бол арай болоогүй байна” гэх шүү юм ярихад нь манай нөхөд ч мөчөөгөө өгөхгүй мэтгэлцэх аядаад, өнөөх даргын бүүр дургүйг нь хөдөлгөж орхисон явдал бий.

Олны энэ мэт аяс хандлагууд юуг илэрхийлж байна гэхээр зохиолчид уран бүтээлчид, судлаач эрдэмтдийн бүтээл туурвилыг уншиж судлаж, өөрийн оюунаар мэдрэхээсээ илүүтэй, дээр үгүүлсэн хийсвэр үзүүлэлтээр урьдчилан үнэлгээ тогтоож, амарчилан дүгнэх дуртай, хамхуул шиг салхины аясыг дагаж хийсэх дуртай, нэг тийм ямар ч гэмээр юм бэ дээ сэтгэлгээг энэ цаг үе маань хүмүүст “төлөвшүүлж” байх шиг.  

Дээрээс нь уран бүтээлчдийн санал бодлыг сонсох, тэдний өмнө тулгарч буй аливаа асуудлыг авч үзэх, хэлэлцэх, шийдэл гаргахын төлөө хичээх энэ тэр бол манай өнөөдрийн төрийн бодлогод бараг л “хориотой” шахам зүйл гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү зүйлийг холбогдох албаны хүмүүстэй ярих юм бол бодлого төлөвлөлтөнд тийм юм байхгүй юм чинь бид яах вэ дээ хэмээн үнэнийг өчих учир, ойлгоод л чимээгүй болох нь зөв гэхүү дээ. Ийм нөхцөлд амьдрал, амь зуулгынхаа хажуугаар уран бүтээлийн мөр хөөж, түүний төлөө явна гэдэг бол ёстой нөгөө “ногоон тэмээний хажуу” гэмээр авч, уран бүтээлчид бас ч гэж гандан буурахгүй хийдгээ хийсээр байх нь атаархал төрүүлэх шиг.   

Магадгүй энэ байдал бидний өөрсдийн маань хувьд нийгмийн тулгарсан асуудлын талаар бодож санаж, зовниж, шаналж, байгаагаа илэрхийлж тэмцдэггүй, аясыг харамтгай, зарим талаараа аялдан дагалдамтгай, эсвэл хэтэрхий ихэрхэн бодож, энэ нийгэм, улс төрийн явдал бидэнд падгүй, бид үүнээс хувь илүү дээд сууринд очсон хүмүүс, ийм аар, саартай зууралдахгүй гэх янзын санаа агуулдагаас болж байна гэсэн утгатайгаар энэ цагийн нэрт бичгийн хүн хэмээн миний хүндэтгэж явдаг зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Баасангийн Наминчимэдийн бичсэн нь эрхгүй санаанд бууна.

Дашрамд нь утга, уран зохиол, урлаг соёлын мөн чанар, үндэс язгуур хийгээд нөлөө сүүдрийн талаар  эрэгцүүлэхийг хичээвэл тэдгээр нь хүний амьдралын хэдэн үеэр зогсохгүй хэдэн зуу, мянган жилээр зүрх сэтгэлд оршиж, амьдрах хосгүй чадварыг их, бага хэмжээгээр агуулсан байх агаад үүний үнэлэмж нь аливаа зүйлийн амт, шимтийг шингээн, ойлгож авч байж, сая дүгнэн бодох хэмжээний зан чанарыг өөртэй бий болгосон соёлт ард түмэн хийгээд бүхнийг тунгаах сүүлчийн найдвар гэгдэх цаг хугацаанд л байх болов уу гэсэн мөхөс бодолд “ороогдоно”.

Яагаад ч юм би үл анзаарагдам атлаа ер бишийн соньхон, тийн нам гүмхэн хорвоод дуртай билээ.  

Хэн нэг уран бүтээлч аг чигхэн аж төрсөөр, ямар нэг соньхон бүтээлээ өөрөөсөө бусдад үзүүлэлгүй шахам хадгалсаар хожмын өдрүүдэд үлдээгээд одох, хэнэггүйхэн зарим нөхдийн маань мөнөө танигдаагүй шахам зохиол номтой тааралдсан нэгэн “шалихгүй амьтан биз ээ” гэх шүү юм бодож тоомжиргүйхэн ширвэх, жил жилийн “Болор цом”, “Алтан өд”-ийн тухай ч юм уу, “бэстселлер” болж /цууд гарсан/ гэх, сургаар тодорсон сүрхий эрэлттэй бүтээл номын тухай шуугин дарвих, шивэр авир гэх сэлтүүд энэ цаг дор эрээлжилнэ.

Үе, үед л ийм байсан, хойшид ч ийм байх биз ээ гэж бодоход нэг л тийм гэх аргагүй “сэтгэл татам” аязтай.

                                                                                                                              Яруу найрагч, зохиолч Хиргис Г.Төрмөнх

                                                                                                                                           Ховд хот 

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий

Цагаан сар ойртож байна. Сар тойролгүй мөр мөрөө даран үргэлжлэх олон баяр тэмдэглэлт өдрүүдийн дундаас цагаан сарыг уламжлал, үндэсний хэв шинжээ хадгалсан хамгийн том баярын нэг хэмээн үздэг. Үүнтэй зэрэгцээд цагаан сарын талаар олон зүйл маргаан мэтгэлцээн ч өрнөх болсоор нэлээн хэдэн жилийн нүүр үзсэн. Тухайлбал цаг тооллын маргаан байна.

1990 оны орчмоос эхлэн зурхайчдын дунд жил бүр Монгол шар зурхай, Түвдийн гарал үүсэл бүхий Төгс буянтын зурхайн алиных нь тооллыг дагаж шинэлэх вэ гэсэн маргаан мэтгэлцээн өрнөж ирсэн. Харин сүүлийн үед тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн байнгын мэтгэж маргах нь намжиж, мөр мөрөөрөө бодол, үйлээ хөөцгөөх болсон мэт. Хурц маргаан ийнхүү  намдангуй болсон нь  тухайн хоёр чиглэлийн аль алинд хамаарахгүй өөр үндэслэлийг зарим эрдэмтэн судлаачид дэвшүүлэх болсонтой холбоотой бололтой. Энэ нь Монголын язгуур цаг тооллын тухай ойлголт юм. Цаг тооллын ялгаа зөрөөнөөс гадна цагаан сарын ёс заншил, тэмдэглэн өнгөрүүлж буй зардал чирэгдэлтэй холбоотой санал бодлууд ч чамгүй өрнөдөг.

Олон зуунаар төөрөлдөн, бүдгэрч ирсэн түүхийн үнэн мөнийг илрүүлэн гаргахад тус нэмэр болохуйц аливаа мэдээллийг эрэн цуглуулж, уншигч олны хүртээл болгох гэсэн байр суурин дээрээ манай редакци бат зогссоор ирсэн. Бид өнгөрсөн жил, хөндөж буй сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид, болон энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүмүүстэй холбогдож, юуны өмнө цагаан сарыг тэмдэглэх болсон явдал хаанаас эх сурвалжтай гэдгийг тодруулахуйц мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Энэ удаа тэрхүү нийтлэлээ улам нягтлан тодруулж, шинэлэг мэдээллээр баяжуулан уншигчдад толилуулж байна.

Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

- Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр. Үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

 Н.НАГААНБУУ: (түүхч, зохиолч, профессор)

- Монголчууд шинэ жилийг намрын улирлаас эхэлдэг. Сvvн сар, vр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлvvлдэг тоололтой байжээ. Хvннv гvрний тvvхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сvхбаатар, “Хvннv нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар, тав, есдvгээр сард, нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг байсан гэж бичсэн бий. Эндээс vзэхэд цагаан сар нь одоогийн европын есдvгээр сар болох нь ойлгомжтой байна. “Монгол татарын тухай бvрэн тэмдэглэл”-д “өвс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” хэмээснийг зарим нь бvдvvлэг гэдэг ч уг нь vнэн л юм. Vнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхvй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шvv дээ. Тэрхvv өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дvгрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв, улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хvннvгийн vед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин, амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн тvvхэн хэвшилтэй байжээ. Тэгээд шинэ оноо эхлүүлдэг намрын сардаа цагаан сарын баяр буюу цагаалгаа хийдэг байж. Энэ ёс Чингис хаан болон түүнээс хойш ч байсан. Харин одоо бид нар цагаан сарыг өвөл тэмдэглэж байна. Энэ нь хаанаас бий болсон зүйл вэ гэхээр 15 дугаар зуунд, 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр шарын шашны тэргүүн Зонхава Лувсандагва гэж хүн 63 настайдаа нас баржээ. Насных нь тоогоор зарласан гашуудал нь одоогийн бидний тэмдэглэж байгаа цагаан сарын битүүний өдөр дуусч, бүх дацан хийд шөнөжин ном хурдаг. Өглөө нь дуганаасаа адис авч цайлж ирчихээд дахиад шинийн нэгэн, гурван, найман, 15-н гээд ерөөл хурдаг. Ингээд тэр хүний төлөө л өрөөл хураад Бурхан болсон гэж итгээд энэ нь Төгс буян болдог. Энэ нь зөвхөн тэр шарын шашныг үндэслэгч Зонхава Лувсандагва гэж хүний л ёслол. Энэ цагаалга биш шүү.

Тэгтэл бид чинь Чингисийн Монгол гэж ярьдаг биз дээ. Үүгээрээ хөөх юм бол Монголын өвөг дээдэс намрын дунд сард цагаалдаг байсан түүхэн бүх баримт нотолгоо нь байж байна. 15 дугаар зуунд үүссэн Төвд бидэнд чухал уу Чингис чухал уу. Ингээд үзэхээр хоёр еөр зориулалттай цаг тооны бичиг зөрөх нь ойлгомжтой биз дээ. Нэг нь алдаатай байгаа юм биш. Зориулалт нь хоёр өөр байгаа юм. Нэг нь төвд ламын төлөө төгс буян үйлдэх нас барсантай холбоотой юм байна. Нөгөөтөх нь шинийн 1-ний сараа харж бэлэгшээгээд, эцэг өвгөдөөс шинжин таньснаар, од гарагийн тохироогоо харж, шинэ оноо эхлүүлж байгаа хэрэг.

Т.СЭРГЭЛЭН: (Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хуврага)

-Цагаан сарыг тэмдэглэх болсон нь Чингис хаан авд мордоод бар агнаж их баяр хөөр болсон тэгээд хаврын тэргүүн сарыг бар сарын шинийн нэгнээр хатгаж, цагаан сарыг тэмдэглэж байх зарлиг гаргасан. Энэ нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан дайсныг дараад өөрийн шашинд оруулсан их үйл хэрэг бар сарын шинийн нэгнээр дууссантай бас давхцадаг. Цаагуураа их нарийн учир холбогдолтой зүйл юм. 

А.БААСАНХҮҮ: (судлаач, угсаатны зүйч Ховд аймаг

 -1227 оноос цагаан сар тэмдэглэж эхэлсэн гэж сурвалжаас үзэж байсан. Бар сарын бар өдрийг сонгож байсан нь эр чадал сайн сайхныг бэлгэдсэн. Тэгээд хавар тэмдэглэдэг нь бүх юм дэлгэрэхийн бэлгэдэл болгосон гэж боддог. Манай Ойрадуудын хийдэг мушгимал боорцог болохоор лусын амьтан болох могойг бэлгэдсэн зүйл юм. Тэгэхээр хавар тэмдэглэх нь зохистой л гэж боддог.  

Н.НАГААНБУУ: (түүхч зохиолч, профессор)

- Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол тvvхийн vнэнд нийцэхгvй. Их хаан тэнгэрт итгэсэн бөө мөргөлтөн, алив шашныг даган vндэс угсаагаа умартагч биш, бvх шашинд адил тэгш хvндэтгэлтэй ханддаг байсан. Зөвхөн Алтан хааны vед лам нар тvвдийн бар сард сvм хийддээ ном хурж, сvсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн. XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн vзvvштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, тvвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрvvлэхдээ Тvмэдийн Алтан хантай хамтран тvвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрvvлжээ. Дараа нь XVII зууны дунд vед “Монголын нууц товчоо”-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар тvвдэчлэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн төрсөн өдөр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерөөс Чингис хаан болоод Өгэдэй, Гvег, Мөнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг өөрчлөх зарлиг буулгаагvй болох нь амьдрал тvvхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагvй.Бид намрын дунд сарын 17-нд vзэлтгvй сайн өдөр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл өдрөө байтугай сараа vсэргэж, илvv сартай улирал ч бий болгочихдог тvвдийн тооллоос болж төөрөлдөөд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертөнцийн он, сар, өдрийг хөвөхдөө илvv дутуу давхар өдөргvй тоолсоор есдvгээр сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа vйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад vзэхэд таван есийн хvйтнээр зургаа, зургаан есд дөрвөн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал төллөх болоогvй, цагаан сvvний дээж, шинэ идээ гараагvй цаг шvv дээ. Монгол орны цаг агаар, бvс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй тvвд тоололтой огт нийцдэггvйн нэгээхэн баримт бол энэ.

Ч.ЖАВЗАНЧУЛУУН: (судлаач, Ховд аймаг)  

- Бид бага байхдаа цагаан сар болох үеэр энэ сэдвийг чинь сонирхоод, аав ээжээсээ “яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж асууж байснаа санаж байна. Тэгэхэд ээж маань “Монголчуудтай уг гарвал нэгтэй Хятад, Япон, Солонгос, Балба, Түвд, Лаос, Камбож, Ветьнам гээд нанхиад угсааны бүх улс, мөн Индиан гэх мэтчилэн 12 төрлийн үндэстэн байдаг юм.Тэдний удмын сан хариуцсан тэнгэрийн арш бурхан нь шалтгаан бусаар  хаврын эхэн сарын шинийн нэгэнд таалал төгссөн гэдэг. Энэ өдөр маш их хар өдөр, маш хатуу өдөр болсон тул зөөлрүүлж, цайруулах үүднээс цагаан сар хийдэг болсон гэж өвөг дээдсийн үеэс яригдаж ирсэн юм” гэж билээ.\ Ээж минь аршийн нэрийг хэлж байсан. Тодруулах гэвч тархи минь санахгүй юм..Тэгээд шинийн нэгэнд цагаалга хийж ирсэн хүмүүст  “хүнд” бэлэг өгвөл тэр нь эд болдоггүй юм гэнэ лээ. Бэлэгний гол агуулга нь бэлэгдлийнхээ утга учирт байдаг. Тиймээс шинийн нэгэнд зочиддоо цагаан өнгөөр бэлгэдсэн авсаархан, хөнгөн бэлэг өгдөг учиртай. Орчин үед бэлэг өгөхгүй бол хүн юу гэх юм билээ. Бүр ядаж шинийн хоёрноос өгч нэг болох юм гэж хариулж байсансан” хэмээн үгүүлэв.

Бяцхан хэлэлцүүлэгт уригдсан эрхмүүд маань ийм байр суурийг илэрхийлцгээжээ.

Нэгэнт хаяанд ирсэн цагаан сар болдогоороо болж, жил болгон давтагддаг, эсрэг тэсрэг байр суурь, он тооллын мэтгэлцээн, цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой хүндрэл чирэгдлийг зөвтгөсөн, буруушаасан бодол саналууд урьдын адил эсрэгцсээр өдөр хоногууд үргэлжилэх бололтой. Гэсэн ч энэ бүхний цаана ямар нэг бодит шийдэл нэхэгдсээр хүлээгдсээр байна гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.

Хөндөж буй сэдвийн талаар илүү лавшруулж, ултай мэдээлэл олж авахын тулд дээрх эрхэмүүдтэй үргэлжлүүлэн ярилцлаа. 

- Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

-Бид яагаад цагаан сараа маргаантай тэмдэглэх болов оо?

- Манайхан одоо хувьсганаад л их хэцүү байна шүү дээ. Тэр энэ зурхайгаар явна гээд үүнийг нь нэг тийш болгох хэрэгтэй байна.

-Цагаан сарын баяраа зөв зүйтэй тэмдэглэх ямар гарц байна вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажлын хэсэг гарган, нэг талыг нь барьж туйлширдаггүй тийм л хүмүүсийг байлгамаар байна. 13 дугаар зууны эхэнд амьдарч байсан хүмүүс шороон жил харагчин шарагчин cap гэх мэтээр нэрлэж явдаггүй байж.

Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

Өглөө босоод мөр гаргана гээд цаас бариад энд тэнд аваачиж шороонд булдаг энэ үзэгдлийг одоо боливол яасан юм бэ. Идээ будаа засах асуудлаа ч хялбаршуулмаар байна. Айл болгон ууц тавиад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хамгийн том баяр уу гэвэл мөн.

Билгэдлийн чанартай л баяраа зөв зохистой тэмдэглэмээр байна. Нэг нэгнээ давах гэж уралдаж байгаа ч юм шиг. Хятад бэлэг өгдөггүй айл болох гэж Солонгос явж шатах жишээний айлууд ч байна. Ингэхлээр цаг тооны бичгээ ч шинэчилье ёс жаягаа дагая л гэж хэлмээр байна.

- Н.НАНЗАДДОРЖ: (Монголын Бурханы шашинтны төв гандантэгчинлэн хийдийн дэд хамба)

- Манай цагаан cap яагаад Азийн орнуудаас зөрөөд байна вэ?

-Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэх хэрэгтэй байна. Цаг тоолол нь тооцоолох тоон аргын л ухаан. Азийн орнууд сарны зурхайг голчлон хэрэглэдэг. Өдөр бүрийн cap өөр хэлбэртэй. Шинийн найман хоёр тохиолоо нэг өдөр нь алга боллоо гээд л яриа гардаг. Өдөр алга болно гэсэн асуудал байхгүй. Cap дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ cap битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ юм.

- Манай улс хэзээнээс Төгс буянтын зурхайг дагах болов?

-Азийн ихэнх орнууд Хятадын шар зурхайг баримталдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Бээжин, Сөүлээс cap, нарны харагдах байдал өөр шүү дээ. Манай улсын хувьд Манжийн дарлалд байсан тэр цаг үед энэ зурхайг дагадаг байсан. Азийн улс орон хаан ширээнд хаанаа залснаас эхэлж он тооллоо тогтоодог байна. Дарлагч орон дагаар улсдаа өөрийн улсын хааны он тоолол, цаг тооны бичиг, хэл соёлоо дагахыг шаарддаг байж. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний хойно Төгс буянтын зурхайгаа дагасан..Мэдээж тусгаар тогтнолоо тунхаглах гэж зурхайгаас нь татгалзсан хэрэг. Гэхдээ тэр үед сүм хийдүүд Монгол зурхайгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Төгс буянт зурхай нь зурхайч лам, хуврагуудын шашинтайгаа барилдуулж гаргаж ирсэн зурхай. Хан-Уул, Хатан туулаа харж шинжиж нар, сарны товлолоо гаргадаг. Бид Хятадаас ангид тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглах гэж Хятадын шар зурхайгаар биш Төгс буянтын зурхайгаараа л явах учиртай. Малчдын баярыг ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан

- Н.НАГААНБУУ (түүхч, зохиолч профессор) 

-Бид аль улиралд цагаан сараа тэмдэглэх ёстой вэ таны бодлоор?

-Үүнийг тодотгохын өмнө эхлээд он цагаа зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн, нас барсан, Их Монгол Улсыг байгуулсан хугацаа нь яг яаж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг олохын тулд би одоогийн мөрдөж байгаа болон дундад зууны бүх цаг хугацааг судалж тодруулж ном гаргасан. Өнөөдрийн энэ төгс буянтын, хятадын шар зурхай гээд яриад байгаа нь  бүгд  худлаа. Үүний шалтгааныг тайлбарлахад, төгс буянтын зурхайгаар Чингис хааныг тавдугаар сарын 3-нд буюу зуны тэргүүн сарын улаан тэргэл едөр төрсөн хэмээсэн байдаг. Харин миний хувьд, үүнийг үгүйсгэж байна л даа. Учир нь тавдугаар cap зун биш хавар. Монголчууд   шашинаа   шүтдэг хүмүүс болох гэж дарга, цэрэггүй ардчилал гэж хуйлраад. Төгс буянтын зурхайгаар яваад байна. Энэ бол ардчиллын шалгуур биш. Шашиныг үнэн болохоор нь шүтэж байгаа юм биш.

Түүнийг шүтэж мунхарсан ч түүнд чөлөөтэй хандах ёстой. Түүнээс шашин гэдэг нь туйлын үнэн учраас шүтэж байгаа юм биш. Манжийг дагаж төрийн албанд төгс буянтын зурхай орж ирсэн нь үнэн. Хятадууд буруу зүйл хийхгүй. Нэгдүгээр сард золгоно гэж өөрсдийн сарыг шинжиж шинийн нэгэндээ золгоно гэж байгаа нь тэдэндээ зөв. Тэр агуу ард түмэн буруу юм хийхгүй. Харин Монголчуудын уламжлалт намар болдог байсныг би дээр хэлсэн шүү дээ. Төгс буянтын зурхайг бас гутаагчид ч байдаг. Мунхруулж байна үнэн, худал, буруу, зөв ярьж байна гэж. Энэ бас зөв. Яагаад вэ гэвэл төгс буянтын зурхайг Хөх нуурын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэж хүн хийсэн. Энэ хүн 1704 онд төрсөн. Төгс буянтын зурхайг 1747 онд зохиосон.

Тэгвэл бид 13 дугаар зуун буюу 1100 онд Чингис хаан төрсөн тухай ярьж байна шүү дээ. 600-н жилийн өмнөх юмыг ярьж байна. Гэтэл өнөөдөр яагаад 600-н жилийн дараа гарч ирсэн төгс бнтын зурхайгаар Чингис хааны төрснийг хайгаад байгаа юм бэ. Энэ нь зарчмын хувьд, солиорсон асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж хүн төгс буянт л зөв, манай уламжлалт гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн толгой дээр Монголын ард түмнээ, соёл, их түүхээ мэддэггүй  мулгуу нөхдүүд байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс л ийм гутамшигтай зарлиг гаргаж байгаа юм.

-13 дугаар зууны үед ямар цаг тооны бичиг байв?

-13 дугаар зууны үед Монголын нууц товчоонд цагалбар байсан уу байгаагүй юу гэсэн асуудлыг сөхөж байгаа нь сайн байна. Монголын нууц товчооны төгсгөл буюу 282 дугаар зүйлд “Хулгана жилийн гур cap” гэж бичсэн байгаа. Би үүнийг л гаргаж бичээд байгаа юм.

Зуны тэргүүн сарын тэргэл өдөр гэж яриад байна. Зун нь хэзээнээс эхэлж байгаа юм. Хожим нь эрэн сурвалжлаад Чингис хааныг долдугаар сарын 12-нд нас барсан гэж тоогоор хэлсэн байна. Гэтэл энэ нэг cap нь хаанаас эхлээд байгаа юм. Үүнийг тодруулахгүй Түвд, Нанхиадууд цагаалж байгаа хоёрдугаар сараа нэгдүгээр cap гэж тооцоод, найман сард нас баржээ гэж үздэг. Найман сарын аагим халуунд Түрэмгий балгаснаас олон говийг гатлаад Чингис хааны шарилыг хөндөлгүй авчирч оршуулсан гэж итгэдэг хүмүүс. Энэ нь бас л амьдралтайгаа таардаггүй. Тэгэхлээр 13 дугаар зуунд он тоолол байсан гэж хэлнэ. Тэр цагалбараараа Тэмүүжиний төрсөн, нас барсан, Их Монгол Улсаа тунхагласан энэ бүх цаг хугацаагаар Монголын нууц товчоогоо бичсэн гэж хэлнэ. Ингээд үзэхээр бүх түүх өөр болно. Монголчууд дээр үед дөрвөн улирлаа л олдог байж. Өдөр шөнө тэнцлээ маргаашнаас нь шинэ жил эхэлдэг. Монголчууд намар цагаалдаг байжээ. 12 дугаар сарын 21-н буюу ес эхлэхээр өвөл эхэлдэг. Есөн есийн наян нэг ерөөлийн ес хоног гээд 90 хоног нь өвөл байдаг. Хавар нь гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Харин зун нь зургадугаар сарын 22-нд эхэлдэг байжээ. Энэ бүгдэд нь тахилга хийж найр үйлддэг байсан гэдэг. Түүнээс монголчуудад өөр баяр байхгүй. Монголчууд цагалбараа улирлын зурхай гэдэг байжээ. Улирлаа тоолоод тахилга хийдэг. Тэгэхлээр энэ тооллыг мэддэг хүн байдаггүй. Гаргаж ирээд байгаа хүн нь би юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааныг төрсөн гэж байгаа. Харин шинийн 3-нд хүй нь цөглөсөн гэж байгаа. Гэтэл үүнийг нь 700 жилийн дараа гарсан хятад, түвд зурхайнууд өөр өөрсдийн тооллоороо тайлбарлаад маргаад байгаа юм. Энэ хоёр хоёулаа хэрэггүй цаашаа яв гэж хэлмээр байгаа юм.

-Чингис хааны төрсөн болон бие барсан өдрийг Монгол тооллоор хөөвөл яаж гарч ирж байгаа вэ?

-Би эртний монгол тооллын ул мөр болох тvvхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар тvвдийн жарны тооллоос чөлөөлж, “Монголын нууц товчоо”-ны гурван гол vйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хоёрт, Монголын тулгар төрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хvртэл хуралдаагvй. Харин 1205 оны есдvгээр сараас арваннэгдvгээр сарын сvvлч буюу барс жилийн барс сар хvртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдvгээр хувилбараар 1227 оны дөрөвдvгээр сарын хоёрны өдөр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдvгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхvv хоёр он цаг нь хоёр өөр зарчмаар гаргасан бус, vнэн байж болох тvvхэн vйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцvvлэн гаргасан юм.Эдгээр гаргалгааг дэвшvvлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс тvvхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, vйл явдлын нөхцөл байдал, сар улирлын өнгө төрхөөр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд тvвд жарны тооллоор тооцсон нь vндэслэлгvй төдийгvй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зөрvv зөрчил улам гvнзгийрчээ гэсэн дvгнэлтэд эрхгvй хvрсэн юм.

-Тvvхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар vндэслэлээр хvрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж өгнө vv?

-Тvvхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил төрсөн гэдгийг зааж байна. Гэтэл тvвдийн барс сараас болж, 1162 оны нэгдvгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндvvрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгvй vнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан vнэхээр 1257 оны гахай жил 66 нас хvрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт өнгөгvй тоолдог монгол тооллыг тvвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.Их хуралдай чуулсныг “Монголын нууц товчоо”-нд зөвхөн барс жил гэж тэмдэглэсэн нь тvвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бvх ноёд ихэс 1206 оны хавар хvртэл хуралдсан болж таардаг. Монголын өндөрлөг дэх өвлийн тэсгим хvйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх төдийгvй ийм цэнгэлийг Чингис хаан зөвшөөрсөн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхvv их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас vзвэл яавч өвөл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар өдрийн бар цагт бар зvгээс их хааныг залж, “Их засаг” хуулиа батлан Нэгдсэн Монгол гvрнээ тунхагласан болж таарах нь ээ. “Монголын нууц товчоо” болон “Алтан товч”-ийн мэдээгээр “гахай жил долоон сарын 12-т Тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” гэснээр бол 1227 оны хаврын сэрvvнд насан эцэслэжээ гэж тооцох. Нөгөөтэйгvvр Рашид-ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрvvнд тэнгэрт хальжээ гэж vзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зvтгэх шөнөдөө хvйтэн, өдөртөө сэрvvн улирал мөнөөс мөн гэлтэй. Чингисийн онгон Өвөрмонголд байна. Тэр онгон дээр арванхоёр дугаар сарын 23-нд тахилга хийж байгаа. Яагаад тэр өдрийг сонгож авсан нь учиртай. Чингис хааны хүй нь цөгөлсөн өдөр. Зарим эх сурвалж дээр бичээд байгаа Чингис хааны нас барсан долдугаар cap нь хаврын эхэн cap юм. Хаврын эхэн сард нас барсан хүн сүйдтэй гэсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл гуравдугаар сард шарилыг нь хөндөхгүй энд аваад ирж болно. Гэтэл эдгээрийг тvвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндvvрч, их хааны өвчтэй ахуйн тvvх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.

-Тэгвэл энэ алдаатай өдөр, сарын балаг гэж байгаа юу?

- Байлгүй яах вэ. Манай монгол ахуйтай зохицсон он тоолол байсаар байтал өвлийн ид хүйтнээр сайхан хаваржиж байна уу гээд л шинэлээд, улирлаа мэдэхгүй мангуураад яваад байна. Ес эхлээд л өвөл эхлэх учиртай. Тэгтэл Хөхий өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж үг ч байдаг. Өвлийн эхэн сарыг хөхий гэж нэрлэдэг юм. Хувь, хужир, өөлжин хөхий cap гэж ярьдаг. Амьдрал дээр Григорын тоололд шилжүүлээд гаргачихсан цаг тооллоо дахиад шилжүүлэх гээд байна шүү дээ. Ертөнцийн жамаас гажаад өөрсдийнхөө зохиомол өдөр сараа гүйлгэдэг, хасдаг,засдаг зарим едөр нь байхгүй болчихдог ийм зохиомол юмаараа ухраагаад байна.

Цагаан cap хийх нэг, хоёрдугаар cap нь хоёулаа өвөл шүү дээ. Нэгдүгээр cap гэхэд Бээжингээс урагш бүс нутагт үрсэлгээ соёолж эхэлдэг. Хаврын тариалалтаа бэлэгшээж сайхан баяраа хийдэг. Хөх хот манай улсын хооронд бүтэн сарын ялгаатай цаг хугацааны хувьд зөрөөтэй. Монголд есдүгээр сарын 15-нд байранд халаалт өгдөг байхад Хөх хотод аравдугаар сарын 15-нд өгнө. Аравдугаар сарын 15-нд тэнд нов ногоон байхад энд цас орж байдаг. Ийм зөрүү байдаг. Хоёулаа л агуу гүрэн учраас өөр өөрсдийн зориулалтаар цаг тооллоо бичсэн. Гэтэл хоорондоо хагарч чи түвдээ баримталлаа чи манжаа дагалаа гэж хэрэлдэж байх шаардлага алга.

- Монголчууд цагаан сараа хэрхэн яаж зөв зүйтэй тэмдэглэх вэ?

-Бид эхлээд цагаан идээний баяр болгоё. Намар есөн сардаа айраг цагаагаа хураагаад сайхан шинэлж, хөгшчүүлдээ урин дулаанд очиж золгоё л доо. Өвөл хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна. Манайхан буузанд их ач холбогдол өгдөг. Энэ чинь буузны баяр биш ээ. Намар хийх ёстой цагаан идээний баяр юм. Тэгэхлээр бид цагаан идээ олдох үгүйгээ л бодъё. Цагаална гэж ярьчихаад хаа хамаагүй буузанд ач холбогдол өгөөд байх юм.

- Цагаан сараар заавал ууц тавих ёстой юу?

-Ууц хэрэггүй. Намрын тэр сард малынхаа хариулгыг л тааруулах гэж мал муулдаг байлаа. Хаяа нийлж амьдардаг цөөн айлуудын хамгийн ахмад нь хонь гаргаад ууцаа тавина. Гэдсээ байгаа айлууддаа хуваана. Өөхөлсөн байна уу, мах нь ямархуу байна, хэзээ хужирлах уу, өдөрт хэд услах уу гэх мэтээр шинждэг байсан. Шинжихдээ битүүний шөнө шаант чөмгийг битүү хагалдаг байсан. Ингэж л шинждэг байсан. Гэтэл өнөөдөр бууз гээд л солиороод явж байна.

Өндөр үнээр ууц авлаа ч гэж ярих болж. Энэ ямар хэрэгтэй юм бэ?. Малаасаа хөндийрөөд, суурин амьдралтай болчихсон бидний хувьд лав л малын тарга хүчийг шинжих гэж ууц худалдаж авахгүй нь тодорхой. Ерөнхийлөгч Чингис хааны он тооллыг тогтоолоо гээд зарлиг гаргалаа. Энэ нь эргээд төвд, манж хоёр луугаа орсон болохоор би эрс эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж тэр хүн эргээд григорын тоолол руу оруулья гээд, шилжчихсэн юмыг дахин шилжүүлэх гээд мангартаад байна. Хажуудаа эрдэмтдийн комисс гаргасан хэрнээ тэднийхээ саналыг авалгүйгээр Ерөнхийлөгч энэ он тооллыг зарласан нь үнэхээр буруу юм. Шинжлэх ухаан хэзээ ч шашинжиж болохгүй алдааг Ерөнхийлөгч гаргалаа.

Г.ТӨРМӨНХ 

 

Ч.Жавзанчулуун: Цагаан сар хийгээд язгуур монгол ёс

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий”

Has temdeg1- Удахгүй цагаан сарыг тэмдэглэцгээх гэж байна. Энэ тухайд бид язгуур түүхийн талаас нь тодорхой асуудал хөндсөн нийтлэлүүдийг бэлтгэн жил бүрийн өдийд уншигчдад хүргэсээр ирсэн. Өмнөх дугаарт ч мөн адил эл сэдвээр, ялангуяа цагаан сарыг Монголчууд хавар тэмдэглэж байсан уу, эсвэл намар тэмдэглэж байсан уу гэдгийг тодруулах үүднээс томоохон нийтлэл гаргасан. Харин одоо таниас дээр мөргөх, индэрт өвчүү залах зан үйлийн учир холбогдлыг тайлбарлаж өгөхийг хүсэж байгаа юм.

- Монголын язгуур заншлаар бол цагаан сарын намар тэмдэглэж байсан нь үнэн юм билээ. Одоо ч нэг хэсэг нь тэрхүү язгуур угсаагаа бодолцоод цагаан сараа намар тэмдэглэж байна. Яваандаа үүнийг бүгд ойлгож дагах цаг ирнэ байх. Харин одоо бол ихэнх нь хожим сүүлд манж төвдийн нөлөөн дор үүссэн ёсыг дагаж, өвөл, хаварт тэмдэглэсээр байна. Монголчуудын эртний ёсоор бол дээд тэнгэртэй харьцахыг жаяг, амьдрал ахуйнхаа хэв заншлыг эрхэмлэж, аливаа зан үйлийг үйлдэх, ёс горим гүйцэтгэхийг зан заншил, ёс гэдэг юм байна. Цагаан сараар гэрийнхээ баруун урд талд индэр босгодог нь “Төрийн найман цах”-ны “Засгийн аялгуу” болдог. Төр удирдах найман цах-ыг алдагдуулахгүйгээр ёс, зан үйлийг явуулах хэрэгтэй байдаг юм билээ. Индэрийг чулуугаар арван хоёр давхарлаж өрнө. Энэ бол арван хоёр боловсролоор босгох Монгол төрийн ухааныг бэлгэдсэн хэрэг. Мөн индэрийнхээ дөрвөн талд дөрвөн зүгт хандуулж, арван хоёр сан тавина. Босгосон индэр дээрээ өвчүү тэргүүтнийг галд өргөх зан үйл үйлдэнэ. Сан тавих, өвчүү өргөх тэргүүтэн нь ертөнцийн дөрвөөс найм дахь шатлалын орон зайд байгаа өөрийн удмын өтгөс буурлуудад золгож байгаа ёс юм билээ.

Энэ нь бүхэлдээ улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан, бат бэх байхыг бэлгэдсэн ёс, зайн үйл болж байгаа хэрэг. За тэгээд гэрийн эзэн болон үр хүүхдүүд сан тавьж, тэнгэр дээдэстэй золгосныхоо дараа овоо индэрээ өмнө талаас нь эхлэн гурван удаа тойрч, цай сүүний дээж, идээ будаагаа өргөнө. Харин гэрийн ээж нь гэртээ үлдэж, гэрийн баруун урд талд гурван давхар хөх чулуун дээр сан тавьж, цайны дээжээ удмын буурлуудад өргөдөг. Гэрийн эзэн буюу хүүхдүүдийг индэрээ тойрч байх үед гэргий нь гэрийн хажуу дахь сангийнхаа хойно дороо гурван удаа эргэж цацал өргөнө. Гурван удаа индэр тойрох, гурав эргэж цацал өргөхийн учир холбогдол гүнзгий.

- Энэ ёс заншлыг үйлдэхэд тогтсон дэг ёс, дараалал бий юу?

- Байгаа. Индэрт өвчүү тэргүүтэн идээ өргөх үедээ эхний удаад хамгийн түрүүнд эгц өмнө зүгт, дараа нь эгц баруун зүгт, тэгээд эгц хойт зүгт, эцэст нь эгц зүүн зүгт хандана.

Өмнө зүг нь Төрийн найман цах-ны Ир-гүний зүг, баруун зүг нь Ертөнцийн аялгууны зүг, хойт зүг нь Монгол аялгууны зүг, харин зүүн зүг нь оюун ба эсийн сэрэхүйн аялгууны зүг юм. Ийнхүү дөрвөн зүгт тус бүр гурав, нийт 12 удаа өргөл өргөх бөгөөд энэ нь Монголоор бол заламаа үүсгэсэн болж байгаа юм. Харин христийн ёс жаягаар бол загалмай үүсгэсэн болж байгаа юм. Харин баруун өмнө зүгт гурван  удаад идээ өргөх нь Засгийн аялгуунд өргөж байгаа хэрэг. Баруун хойт зүгт өргөх нь Дэмчийн аялгуунд өргөж байгаа, зүүн хойт зүгт бол андын аялгуунд, зүүн өмнө зүгт бол эзэн эрхийн аялгуунд өргөж байгаа хэрэг болно. Энэ хоёр эргэлт нь Монгол гэр барих ёсоор бол ханаа дугуйлсны дараа тооноо босгоод дараа нь дөрвөн зүгийн унийг өлгөөд, тэгээд дөрвөн зовхисоо хатгадагтай агаар нэг. Гэр барихад бүх юм нар зөв эргэнэ. Харин гэрийн дунд бүсийг л буруу эргүүлж бүсэлдэг. Энэ нь хамгаалалт болдог учиртай. Индэрийг гурав дахь удаад тойрохдоо эгц өмнө буюу “Иргүн”-ий зүгээс эхлээд зовхис алгасалгүй найман зүгтээ тус бүр гурав өргөөд, хамгийн сүүлд индэрийн өмнө зогсож, эгц дээшээ гурав ба ёс өргөдөг нь Тэнгэрийн аялгууг бүтээж байгаа хэрэг. Ийнхүү ёслрл зан үйлийг бүрэн гүйцэд үйлдэн өндөрлөх нь Хасбуу тамгаа бүтээж байгаа хэрэг болдог. Хэрвээ энэ ёсыг дутуу хийвээс Хасбуу тамгаа зөв эргүүлж мөрөө засаж чадаагүй гэсэн үг.

Монгол гэрийг барихдаа гэрийн унийг тотгоноос эхэлж нар зөв эргүүлж, дөрвөн зүгт хатгах, дараа нь баруун өмнөөс эхэлж мөн нар зөв эргүүлж, дөрвөн зовхист хатгах замаар дөрвөн зүг, найман зовхисоо бүтээж, дараа нь бас л баруун өмнөөсөө эхэлж, бүх униа нар зөв эргүүлж, хатгаж дуусган, гэрийн яс модыг босгодог энэ ёс нь Алтайн арван гурван сан болон цайны дээж өргөх ёстой амин шүтэлцээтэй яг ижил ёс юм. Тэрбээр эдгээр ёс заншлын утга агуулга нь бүгд адил хасбуу тамгаа бүрдүүлж байгаа бэлэгдлийг агуулсан хэрэг.

Хас тамгыг шүтэх гэдэг бол ийнхүү оршин амьдрахуйн мөн чанарыг онол дээр таньж, түүнийг оюун ухаанаараа нээж, бүтээж амьдрах гүн ухааны утга бэлгэдэл болохоос Хас тамга зурж хийгээд түүндээ мөргөхийг хэлж байгаа хэрэг биш юм шүү. Хувь хүнээс эхлээд удамшлын Хасаа бүрдүүлж, улс орон нийтээрээ Хас тамганы дор захирагдахыг хэлнэм бус уу.

- Одоо манайхны дагаж үйлдээд байгааг төвд литийн баахан ёс байдаг шүү дээ. Мөр гаргах энэ тэр гээд. Тэр талаар та юу хэлэх вэ? 

- Төвдийн ёс заншилд найман хөлөл гэж байдаг. Түүгээр тэр жил тийм жилтэй хүн тийм, тийм юман дээр сууна гэнэ. Тэгээд уулан дээр суусан хүн нэг зүгт мөрөө гаргаж яваад чулуу хөдөлгөх гэх мэтээр номлоно. Энэ бол Монгол ухаан, язгуурын Монгол зан заншилтай зөрчилддаг юм. Монгол өвөг дээдэс маань “Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зовдог, нутгаасаа холдсон хүн насан турш уйлдаг” гэж сургасан байдаг шүү дээ. Модон дээр суусан хүн  нэг зүгт яваад мод хөдөлгөнө гэх. Гэтэл “ургаа юу модыг хөдөлгөвөөс үндэс нь хөдлөх” тул дараа нь тэр соёолох уу? Эс бөгөөс тасарсан мөчир ч юм уу газраас ургаагүй модыг хөдөлгөвөөс тэр модонд амь байх уу? Амьгүй зүйлийг хичнээн хөдөлгөөд мөнөөх бэлгэдэлд амьд утга цогцлохгүй гэх мэтийг бидний Монголчууд эргүүлж тунгааж бодох ёстой.

За түүнчлэн огторгуйд суусан хүн цаас хийсгэх гэж номлоно. Цаасан дээр бид бичиг бичиж ном бүтээдэг. Тэгэхээр үүнийгээ хийсгэн зайлуулах болох нь. Хэдэн жилийн өмнө Тэрбишийн бүтээдэг түвд цаг тооны бичиг дээр “мод хугалах”, “цаас урж хаях” гэх мэтээр номлодог байсан бол одоо арай зөөлөрч, алдаагаа засаж байгаа нь тэр юм уу, “мод, чулуу хөдөлгөх”, “цаас хийсгэх” гэдэг болсон байна лээ. Энэ мэтээр төвдийн ёс Монголын язгуур ёс заншилтай нийцэхгүй гэдгийг манайхан бодож тунгаах ёстойсон.

Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир

- Эртний Монголчуудын хүчирхэг байсны учир нь үндэсний язгуур жаяг, ёс заншилдаа байсан гэж та үздэг. Чухам энэ тухай тайлж үгүүлсэн хоёр ч номыг та бүтээлээ. Эдгээр номынхоо гол утга санааны талаар манай уншигчдад тун товчхон мэдээлэл өгөхийг хүсвэл болохсон болов уу?

- Миний бүтээж, хэвлүүлсэн хоёр ном бол эртний судрыг тайлан үгүүлсэн тайлал юм. Нэг үгээр хэлбэл Монгол хүмүүс оршихуйн мөн чанараа хэрхэн хамгаалах вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан онолын ном. Эртний судар гэхээр манайхны ойлгодог Монголд буддын шашин дэлгэрснээс хойш үеийн тэр шашны хуулбар судрууд биш. Түүнээс өмнөх, бүүр нэн эртний үеэс улбаатай Монгол язгуурын судар номыг хэлж байгаа хэрэг. Миний хамгийн анх хэвлүүлсэн “Сав ертөнцийн хууль гэгээрлийн онол” номын тухай чи өөрөө нэлээн олон цуврал тайлбарыг бэлтгэж уншигчдад хүргэсэн шүү дээ. 

- Саяхан та “Гэрийн онол” нэртэй хоёр дахь номоо хэвлүүлсэн байна лээ. Хэвлэгдсэн номноосоо уншигчдын хүртээл болгохоор энд Ховдод авч ирсэн үү?

- Үгүй. Ердөө гуравхан ширхэгийг л авч ирсэн. Нийслэл хотод цөөн хувь хэвлүүлсэн. Тэнд бол номыг маань сонирхож унших хүсэлтэй, сэхээрэлтэй хүмүүс элбэг. Харин энд бол тийм биш шүү дээ.

- Цаашид энэ сэдвээр үргэлжлүүлж хийх юм бий юу?

- Байлгүй яахав. Сударт үгүүлсэн зүйлсийг миний хоёр номын тайлал төдийгөөр хязгаарлаж болохгүй. Би дахиад гурав дахь номыг бичиж байгаа. Хэвлэгдэхэд  бараг л бэлэн болсон. Энэ ном маань өмнөх хоёр номын утга агуулга, учир холбогдлыг нэгтгэн зангидаж ойлгуулахаар хийгдсэн ном юм. Тиймээс одоо гарах номыг уншиж байж, эл сэдвийн талаар тодорхой дүүрэн гэж болохуйц мэдлэгтэй болох боломжтой.

- Таны энэ “Гэрийн онол” номыг үзэхэд химийн 109 – дэхээс 152 дахь бодис буюу эгэл бөөмсүүд тийм үйлийг бүтээж, нөлөөллийг үзүүлдэг гэх мэтээр барим тавим үгүүлсэн байх юм.

- Тийм л дээ. химийн 152 хүртэлх елементийн тэр олон эгэл бөөмсийн хүний бие болон оюун санаа, удамшил зэрэгт нөлөөлөх нөлөөлөл, уг елементүүдийг хэрэглэн засал хийдэг Монгол уламжлалт арга, тэдгээрийн шинжлэх ухааны ач холбогдлын тухайд би санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй. Судрыг тайлаад үзэхэд л тэгж бууж байгаа юм. Одоо бичиж буй “Их Моногоул улсын уялгын онол” номонд 153-аас 216 дахь эгэл бөөмсийн төлвөөр буюу атомын долоогоос есдүгээр задралын төлөвд байх бодисууд хүний биеийн амин эрчим болдог тухай, генийн болон удамшлийн хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг тухай онол дээр тайлбарласан бий.

- Энэ ном таны өмнө нь тайлан үгүүлж байсан судрын үргэлжлэл тайлал уу, эсвэл түүнтэй хамаагүй зүйл үү?

- Яг өмнөх судрын тайлал биш ч гэсэн түүнтэй холбоотой өөр нэг судрыг тайлсан юм. Өнгөрсөн онд бөө нар дээд тэнгэрийн сахиусиудтай харьцаж тэдний үг айлдварыг улаачлан буулгах замаар бүтээсэн дөрвөн судраас гол чухал зүйлүүдийг нь тайлан үгүүлэх замаар бичиж байгаа юм. Энэ дөрвөн судрыг бүтээхдээ Монголын шилдэг улаач нар Хүннүгийн үе болон түүнээс өмнөх өндөр Ир –гүншлийн үеийн “оюуны нэү мон”-ын мэдээлэл хадгалсан буурлуудыг биеэрээ оруулан буулгаж, үг айлдварыг нь сонсож буулгах замаар бүтээсэн байна. Одоогоор бол ийм номыг “мон”-ын онолын хэлээр хөрвүүлдэг юм.

- “Оюуны нэү мон” гээд байгааг би хар ухаанаар ойлгохдоо дээд тэнгэрээс эш зарлигаа буулгаж буй онго сахиусуудын сэтгэл оюун гэж бодож байна. Буруу ташаа бодсон бол өршөөгээрэй.

- Ер нь бол тийм л дээ. Харин онолын үүднээс бол “оюуны нэү мон” гэх нэр томьёонд авч үзнэ. Гэрийн онол номонд энэ утга санааг тодорхой тайлбарласан байгаа. би Монголын гурван гол тулгуур онолыг тайлан гаргаж тавих гэж хичээж байна. Хоосон цээжээ дэлдэн цэцэрхэгчид их болсон энэ цаг үеийн харь шүтэх үзэл саармагжиж, өөрийгөө таньж ухаарах цаг улам хурдтай дөтлөөсэй гэж л хүсэх байна. Өнөөдөр харийн Төвд, Тангудаас эхтэй ном шүтээн ёс заншлыг үндэснийх хэмээн эндүүрсэн хэвээр. Энэ Монгол маань өөрийн гэсэн онолтой, жаяг ёс, зан заншилтай байжээ гэдгийг мэдээсэй гэж л үнэнээсээ хүсэж байгаа юм.

-Таны одоо хэвлүүлэх Уялгын онол номонд өөр ямар шинэлэг зүйлүүд байгаа вэ?

- Хүн төрөлхтөн нарны аль гариг дээр үүссэн. Аль аль гаригуудад төрөлхтнүүд суурьшин амьдарч байсан гэх мэтийг тэрхүү сударт үгүүлсэн байгааг нь тайлж гаргаж ирсэн.

- “Мөнх тэнгэрийн хүчин доор” гээд л кино шийн дээр гараад байдаг. Тэнгэрийг шүтэж, Мөнх тэнгэрийн хүчин доор амьдарч байгаа цагтаа Монголчууд хүчирхэг байдаг гэдэг.

- Энэ бол онолын нарийн үндэслэлтэй зүйл. Учрыг нь ухахын тулд онолын нарийн гаргалгааг задлаж ойлгох шаардлагатай болно. Хамгийн товчоор хэлбэл гэгээрч, боловсорч, мэргэшээд орчлонт ертөнц буюу тэнгэрийн орон зай дахь дөрвөөс найм дахь шатлалд гарч чадвал Мөнх Тэнгэрийн Хүчийг хадгалж байгаа хэрэг болдог. Тэдгээр шатлалын “оюуны нэү мон”-ууд буюу сахиус тэнгэрүүдтэй харьцаж чадаж байвал Мөнх Тэнгэрийн Хүчин дор амьдарч байна гэсэн үг. Энэ тухай би өмнөх хоёр номондоо бичсэн байгаа. Эдгээр номонд миний санаанаасаа зохиосон зүйл байхгүй гэдгийг түрүүн хэлсэн. Эртний судрын тайлал юм. Дэргэдээ байгаа Монголчуудын маань хэн нэгний толгойноос гарсан гэхээр хүлээж авмааргүй санагддаг ч юм уу. Тоох нь бүү хэл нэг л янз муутай ханддаг явдал манайханд бий л дээ.

- Гэтэл манайхан Бурханы шашин Буддагийн гүн ухаан гээд л түүний төлөө амиа өгөх нь холгүй байх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

- “Хан” гэдэг үг бол хүний амьдралд хариуцлагыг эрхэм болгосон ноён боловсрол гэдэг утгатай.  Харин “Бур” гэдэг үг бол онолгүй үгүүлэх буюу аман сургааль гэсэн утгыг илэрхийлнэ. Эл сургаалийн үндсийг Буддын шашныг үндэслэгчид тавьсан. Харин Монголын Чингис амин чанарын онол ном бол мөнөө ноён боловсролын онол дээр гаргасан бүхнийг онолоор цогцлоох ухаан мөн тул “номын хаан” болдог юм. Монголчууд дээд сүнсний оронтой шууд өртөөлөн харьцдаг бол бусад үндэстнүүд мацаг барих, бясалгах гэх мэтээр өөр аргад дулдуйдаж дээд орон зайд дөтлөхийг хичээдэг шүү дээ.

Ярилцсан Г.Төрмөнх

Монгол Алтайн зарим чухал газраар судалгааны аялал хийжээ

IMG 8951

Улаанбаатар хот, Ховд аймгийн судлаачдын баг найман сарын 12-аас 18-ны хооронд Монгол Алтайн нурууны өндөр уулын бүс Алтай таван богд, Цамбагарав, Сутай хайрханы чиглэлд түүх соёлын үл хөдлөх дурсгалын судалгаа хийжээ.

Судалгааны экспедицийнхэн уг ажлынхаа хүрээнд хад чулуунд сийлэн үлдээсэн эртний бичээсүүдийг голчлон авч үзсэн бөгөөд Алтай таван богдын бүс нутаг Ойгорын гол, Цагаан салаа, Хөх эрэг зэрэг газрууд, Цамбагарав уулын ойролцоох хатуугийн хөтөл, Алтанцөгц, Сутай хайрханы бүс нутаг Дарви сумын ойролцоох Чандмань үзүүр зэрэг газруудаас эртний түрэг угсаатны соёлын дурсгалд холбогдох “руни”  бичээсүүдийг олсон байна. Түүнчлэн эдгээр газруудаас өмнө нь төдийлөн илэрч олдоогүй байсан, хүннүгийн үе, мөн Их Монголын эзэнт гүрний түрүү үеийн улсуудад холбогдох хадны зураг дүрсүүдийг илрүүлжээ.  

IMG 8587

Судлаачдын багт уулчид болон уран бүтээлчид ч багтсан нь судалгааны ач холбогдлыг илүү өргөн цар хүрээтэй болгосон тухай экспедицийнхэн ярьсан.  

Алтай таван богдод  судалгаа хийх үеэр судалгааны багийн гишүүн, уулын спортын мастер Г.Төрмөнх, Х.Бямбасүрэн нар Алтай таван богдын Их наран оргилд амжилттай авирснаас гадна. Алтай таван богдын мөсөн гол болон оргилын мөсний хайлалтанд давхар ажиглалт хийжээ. Тэдний ярьж байгаагаар Алтай таван богд хайрханы мөс урд жилүүдийнхээс илүү түрцтэй хайлж байгаа нь анзаарагдсан байна.

Энэхүү экспедицийг санаачлан удирдсан Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч, судлаач, зохиолч Г.Аким Монгол орны уул хайрхадын тухай өргөн мэдээллийг багтаасан “Туульс хайлдаг уулс” номныхоо хоёр дахь ботийг бичиж эхлээд байгаа бөгөөд эл номонд энэхүү судалгааны талаарх сонин хачныг дэлгэрэнгүй өгүүлнэ хэмээн багийн гишүүд мөн мэдэгдсэн.

Судалгааны багт СГЗ Г.Аким, Ховд аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Х.Бямбасүрэн, Ховдын толь сонины эрхлэгч, яруу найрагч судлаач Г.Төрмөнх нар ажилласан ба яруу найрагч С.Бүрнээ, Х.Эрдэнэбаатар, жолооч Мөнхдорлиг нар ч оролцсон ажээ.   

 

                  Г.Энхжаргал              

“Галдан бошигт хаан” жүжгээр олон улсын уралдаанд өрсөлдөнө

Galdan jujig 3

Өнгөрсөн жил Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойд зориулан МЗЭ-ийн шагналт Нямжавын Сүхдоржийн цомнол Зүүнгарын хаант улсын хаан, агуу эх оронч, дипломатч Галдан хааны тухай “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид ССАЖЯ – ны дэмжлэгтэйгээр тайзнаа амилуулан үзэгчдийн хүртээл болгосон.

Төрийн шагналт ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд хөгжмийг нь хийсэн энэхүү жүжиг нь энэ 5 сарын эхээр Улаанбаатар хотноо болох олон улсын жүжгийн уралдаанд оролцохоор Монгол улсаас шалгарсан хоёр жүжгийн нэг нь болоод байна.

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид уралдаанд бэлтэж, жүжгээ, тайзнаа амилуулан, өөрийн театртаа 4 сарын 26, 27-ны өдөр тоглосон бол 5 сарын гармагц Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад аялан тоглож, улмаар Улаанбаатар хотод очиж олон улсын уралдаанд хүчээ сорихоор бэлтгэж байна.

Энэ жүжгийн нэг онцлог нь бүх дүрүүдийг Ховдын театрын жүжигчид уран бүтээлчид амилуулсан.  

            Жүжгийн гол дүр Галдан хаанд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд жүжигчин С.Лхамхүү, дуучин Б.Мэндээ, Галдан хааны ээж Юм Агас хатны дүрд гавьяат жүжигчин Д.Болормаа, Анударъяа хатанд С.Ариунжаргал, өндөр гэгээн Занабазарын дүрд Д.Нямбаяр, Номын гэгээн багшид Б.Даваажаргал, Данжило баатарт Т.Идэрмөнх, Үржинжав жанжинд Д.Төгөлдөр, Цэвээнравданд С.Хадхүү, Чахундоржид Б.Цогтсайхан, Занадарь хатанд Б.Тунгалаг, Энх-Амгалан хаанд жүжигчин Б.Бямбасүрэн, Цөхүр Увшид Б.Хүрэлсүх, Авдрахман ноёнд Х.Ганзориг нар тоглосон бол жүжгийн дууг гавьяат жүжигчин С.Жавхлан зохиож, дуулсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сайхан зүүднээсээ сэрцгээ уран зохиолчидоо!

Nominchimed

1987 онд ЗХУ-ын хоёр удаагийн, ЗОУ-ын гурван удаагийн төрийн шагналт, ЗХУ-ын хөдөлмөрийн баатар зохиолч В.Астафьевийн “Гунигт явдал” роман хэвлэгдэн гарч, социалист систем даяараа шуугиж билээ. Соц системийн нэгэн бүрэлдхүүн хэсэг байсныхаа хувьд Монголчууд ч энэхүү зохиолыг яаравчлан орчуулж, /орчуулагч нь зохиолч, сэтгүүлч, орчуулагч Р.Ганбат/, тухайн үеийн сэхээтнүүд энэхүү номын талаар энд тэнд хэсэг бүлгээрээ хэлэлцэн мэтгэлцэж, мухардалд орсон соц системийн мөн чанарын тухай, гарах гарцын тухай эргэцүүлэн шүүж байлаа... Энэ завсар монголын зохиолчид ч зүгээр байсангүй, тухайлбал С.Жаргалсайхан, Ц.Балдорж, С.Доржготов нарын зарим бүтээлд соц системийн дотоод зөрчлийн мөн чанарыг нээн үзүүлэх гэсэн оролдлогууд гарч ирж, “Цог” сэтгүүл болон бусад хэвлэлээр өргөн хэлэлцүүлэг ч өрнөж байв.
Үүнээс өмнөхөн ЗХУ-н хөдөлмөрийн баатар, ЗОУ-ын төрийн шагналт зохиолч Валентин Распутины “Түймэр” тууж монгол хэлээр орчуулагдчихсан байв. /Орчуулагч нь олон улсын тоймч, орчуулагч Ц.Даваажав/. Чухам энэ багавтархан тууж л Горбачевийн эхлүүлсэн “Өөрчлөн байгуулалт-шинэ сэтгэлгээ” зайлшгүй хэрэгтэй болохыг олон түмний сэтгэл зүрхэнд гарцаагүй шивнэн өгүүлж, соц системийн доторх яагаад ч аргалшгүй болсон зөрчлийг нээн үзүүлсэн байна... Хүний натур чанарт өөрчлөлт дэвшил гараагүй тохиолдолд оюун санааны эзэнт гүрнийг цогцлоон босгох боломжгүй, ямар нэгэн “Түймэр” гарахад л соц системийн доторх хүмүүсийг хооронд нь холбож байсан “соц хайр сэтгэл”-ийн хэлхээ холбоос ямар сул хэврэг, хиймэл хоосон, ёс зүйн үүрэг хариуцлага нь ямар ч үнэ хүндгүй болох нь харагдаж, тас тас үсрэн унаж байгааг харуулсан... Үнэхээр ч тийм байсныг дараахан нь өрнөсөн түүхэн үйл явц, соц системийн задрал бүрнээ нотлон харуулсан “ГУНИГТ ЯВДАЛ” болсон билээ.
Чухам “Түймэр”, “Гунигт явдал” хэмээх энэ хоёр багавтар тууж Соц системийн мухардлын үнэн дүр төрх, мөн чанарыг таниулж, ард түмний нүдийг нээж өгсөн нь өөрчлөн байгуулалтын дотоод нэгэн чухлаас чухал хөдөлгөгч хөдөлгүүр болсон ба харин гадаад хүчин зүйл нь огт өөр утга агуулга, зорилготой байсан юм. Энэ нь өнөөдрийн манай сэдэв биш тул түр орхие.
 
Уран зохиол гэгч нийгмийн оюун санаанд ямархан их үүрэгтэй болохын ойрмогхон бөгөөд бидний амьдралтай хамгийн хамаатай, үр дүнг нь бодитойгоор мэдэрсэн жишээ энэ.
 
Жаахан өмнөх үеийн нэгэн тод жишээ авая. 1850 онд АНУ-ын конгресс “Оргодол боолын тухай хууль”-ийг батлан гаргажээ. Энэ хуулиар эзнээсээ оргосон боолыг хатуу чанга шийтгэнэ. Тухайн үед боолчлолын нөхцөл байдал хүнд байсан өмнөд мужуудаас боолууд олноороо оргон, умардын аж үйлдвэржиж эхэлсэн хотууд руу амьдрал хайн дүрвэдэг байжээ. Тэдний эсрэг гаргасан хууль. Оргодол боолыг ангуучилдаг буутай, үнэрч нохойтой ангуучдын хүчирхэг баг ихэд моодонд орж байсан гэдэг. Тэд хөөрхий оргосон боолыг бууны сүмбээр нохой шиг занчиж, төмөр гав зүүж, гахайтай хамт хонуулах нь ердийн үзэгдэл байж... Алчихад их сайндаа эзэнд нь таван доллар төлнө. Тухайн үед АНУ-д хар боолын зах зээл ид байсан үе.
 
Энэ байдалд сэтгэл шимширсэн нэгэн эх боолын энэхүү хүнд хэцүү, гашуун хувь тавилангийн тухай зохиол бичжээ. “Том авгын овоохой” гэх энэхүү зохиолыг манай ахмад орчуулагчид аль 50-иад оны үед эх хэлээрээ орчуулан гаргасан санагдана. 1851 оны эхээр тогтмол хэвлэлүүдэд цувралаар гарсан энэ зохиол жилийн дараа бие даасан ном болон хэвлэгдэж, хоромхон зуурт эхлээд 5000, дараа нь бүр 300 000 ширхэгээр зарагджээ. Тэр үеийн Америкт 300 000 ширхэг ном гэдэг асар том тоо... Ном дахиад, бас дахиад хэвлэгдэв. Түүнээс ч хачирхалтай зүйл болсон нь Боолчлолыг эсэргүүцсэн умард, дэмжсэн өмнөд хоёр талд Америк орон хуваагдаж, улмаар иргэний дайны гал дүрэлзэн асчээ.
 
1862 оны 11 сарын 25-нд Ерөнхийлөгч Абрахам Линкольн Цагаан ордонд Бичер Стоу-г хүлээн авч уулзахдаа “Энэ аугаа их дайны галыг асаасан гайхамшигтай номыг зохиогч тэр бяцхан эмэгтэй та мөн гэж үү?” хэмээн дуу алдаж байсан гэдэг.
Ер нь хүн төрөлхтний түүхэнд уран зохиолын хүчирхэг нөлөөтэй эгнүүлж харьцуулах салбар гэж үгүй юм. Бүүр эрт цагт Эртний Грект хүчирхэг төр улс үүсэж, Афины ардчилал мандаж, Спартууд эр зоригоо гайхуулж байв. Гэвч Хомергүйгээр, түүний “Илиада, Одессиа”-гүйгээр ийм зүйл болох боломжгүй байсан. Яагаад гэвэл Афинчууд бүгд найрамдах улсын үзэл санаагаа Хомероос авч, Спартчууд эр зоригоо Хомероор тэжээлгэж байв.
1762 онд шил дараалан хэвлэгдсэн Ж.Ж.Руссогийн “Эмили” роман, “Нийгмийн гэрээ” хоёр нь Францын аугаа их хувьсгалын угтал, оюун санааны хөрс суурийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.
Энэтхэгийн үндэсний сэргэн мандал, тусгаар тогтнолын удирдагч, оюун санааны эцэг Махатма Ганди өөрийн цөхрөшгүй, шантрашгүй, эвлэрэшгүй боловч энэрэнгүй их тэмцэл, оюун сэтгэлгээнийхээ эх ундаргыг “Рамаяана”-гаас авч байсан ба тэнгэрийн орноо одохынхоо өмнө уруул хөдөлгөн шивнэсэн сүүлчийн үг нь РААМА байсан гэдэг. Өөрөөр хэлбэл Энэтхэгийн хүч хэрэглээгүй үндэсний их хувьсгалын үзэл санааны эх сурвалж нь бидний хэлж заншсанаар “Раамын үлгэрийн цоморлог” байж...
Дундад эриний балар харанхуйн хөшгийг Дон Кихотын урт чөргөр гар сөхөж, Шекспир тайзан дээр тэр хөшгийг бүрэн дэлгэн хаяж, Бальзакаас Европ дахин эдийн засгийн системийн язгуур шинжээ олж харан, Шиллер, Гөте, Гэгель, Маркс нар бодомж болгон боловсруулж, тэгээд оюун санааны энэхүү баялаг хөрс суурин дээр хөгшин Европ хүчирхэгжин өндийж байв. Тэр үеийн Барууны ертөнцийн мундагчуул болох Бальзак, Флобер, Стандель, Мопассан, Драйзер... Тэд уран бүтээлдээ, романууддаа амьдарч асан нийгмээ бүхий л талаас нь задлан шинжилж, дүгнэн цэгнэж, тэгээд эрс хатуу эсэргүүцэн шүүмжлэгчид байв.
 
Яагаад гэвэл нийгмийн аливаа хөгжил дэвшлийн суурь нь оюун санаа байдаг, чухам оюун санаанд ямар нэгэн юм өрнөж, бужигнаж, эрж хайж, танин мэдэж байж л дараа нь нийгмийн дэвшил бий болдог нь түүхэн зүй тогтол... Тэр оюун санааны эрч хүч, тэжээл гэрэл гэгээ, унал сэхэлийн нэгэн ундарга нь урлаг, уран зохиол болж ирсэн нь ч мөн л зүй тогтол... Уран зохиол бол нийгмээсээ шууд болон шууд бус хамааралтай цэвэр нийгмийн үзэгдэл, хичнээн цэвэр субьектив бүтээл туурвилаа ч тэр туурвигч нь өөрөө тухайн цаг үеийнхээ, нийгмийнхээ бүтээгдхүүн л байдаг гарцаагүй хууль бий. Марианы хонхорт төрж, Саран дээр өсөж, Ангараг гариг дээр л боловсрол эзэмшээгүй тохиолдолд шүү дээ. Ямар ч эрхэм дээд цэвэр уран зохиолч нийгэм, цаг үеийнхээ золиос нь, бүтээл нь, урлаг нь, нулимс нь, бас дуу хоолой, цуурай нь л байна.
 
Тиймээс ч ухаарч сэхээрсэн хүчирхэг төртэй улс үндэстнүүд уран зохиолын соён гэгээрүүлэх, сэхээрүүлэх үүргийг онцгойлон анхаарч, бүхий л боломжоороо ашиглахыг хичээдэг.
Энэ хүчирхэг нөлөөг өөрийн үзэл суртлын, оюун санааны мөрөөдлийн их улс байгуулах үйлстээ хэрхэн ашиглахаа В.И.Ленин тов тодорхой харж байсан байдаг. Тэрбээр 1914 онд бичсэн “Намын байгууллага ба Намч утга зохиол” бүтээлдээ нийгмийг машин механизм гэж үзэх юм бол утга зохиол бол тэр механизмын эрэг шураг нь гэж тодорхойлж байв. Тэр утга зохиолыг өөрийн эзэнт улсынхаа эрэг шураг, боолт болгож чадсан. Мөн Их Толстойг “Оросын хувьсгалын нэвтэрхий толь” хэмээн нэрлэж байлаа. Үнэхээр ч Их Толстойн бүтээлүүдэд тэр цагийн Орос орны нүүр царай, мөн чанар нь мөхөл сэхэл, итгэл мөрөөдөлтэйгээ тодоос тод тольдогдон байсан. Энэ бүхэн утга, уран зохиолын нийгмийн үр нөлөө, ач холбогдол ямар хүчтэйг харуулна.
1990 оноос өмнөхөн утга зохиол чухам хүйтэн дайны нэгэн гол зэвсэг нь болж байв. Соц систем нь системээ хамгаалж үлдэхийн тулд чардайтлаа тэмцэж, утга зохиолын намч, ангич, ардач чанарт байдгаараа анхаарч байхад нөгөө талаас нь энэ системийг сөхрүүлж авах гэсэн хүчин ч улайран, энэ улайралдаа утга зохиолыг ч өргөн ашиглаж байв. Нэгхэн жишээ нь ур чадвар, мэргэжлийн түвшний хувьд овойж оцойх зүйлгүй, ядмагхан А.Солженыцины “Гулаг олтриг”-т Нобелийн шагнал хүртэл өгч байв. Соц нийгмийн гүнд буй муу муухай бүхнийг өсгөн мандуулж, гайхан шагшруулж, жигшүүлж байлаа. Үр дүн нь ч гарсан.
 
Чухам утга, уран зохиол гэгч зөв үйлд, зөв хэрэглэх аваас тунчиг сайхан үйлийг бүтээнэ. Харин буруу үйлд, буруу гарт, буруу хэрэглэх аваас ямар ч балаг балчиг тарьж мэдэх тийм л хүчирхэг зэвсэг.
 
Харин 1990 оноос хойш нэг хачирхалтай, согогтой үзэл манай уран зохиолын ертөнцөд түгээмэл дэлгэрсэн нь нийгмийн шинж чанараас ангид “цэвэр уран зохиол”-ын тухай үзэл. Уран зохиолд нийгмийн шинэ чанар гэж байх ёсгүй, зохиолч, уран бүтээлч хүн нийгмийн өмнө, хэлний өмнө, ард түмний өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх ёсонгүй гэсэн үзэл... Үзэл ч гэж, төөрөгдөл, туйлшрал юм.
 
25 жилийн өмнө урлаг, утга зохиолд байсан намч, ангич, ардач чанарыг таягдан хаях хэрэгтэй байсан, угаасаа тэр бол зохиомол, хиймэл зүйл, цаг зуурын чимэг зүүлт байсан. Харин утга зохиолын нийгмийн чанарыг нь, улс үндэстний оюун сэтгэлгээний суурь болж байдаг мөн чанарыг нь яагаад ч авч хаях боломжгүй. Уран бүтээлч хүн үндэснийхээ хэлний өмнө, түүгээр дамжуулаад үндэснийхээ оюун сэтгэлгээний өмнө, бас цаашлаад улс орныхоо сэргэн мандлын өмнө томоос том хариуцлага үүрч байдаг. Энэ үүрэг хариуцлагыг намч, ангич, ардач чанартай хольж хутгаад хогтой зуурч болохгүй.
 
Соц үзэл сурталтай зохиолыг “Пий, паа” хэмээн түлхэж, үзэл сурталгүй цэвэр уран зохиолын тухай сайхан ярих атлаа жинхнээсээ нул барууны туйлширсан либерал үзэл суртал болсон Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зохиолыг “Миний ширээний ном” хэмээн үсээ сүгсэгнүүлэн толгойгоо сэгсчиж, шүлсээ үсчүүлэн шогширно. Өхөөрдмөөр ч юм шиг.
Танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүрэггүй уран зохиолыг бүтээх тухай шогшрон чухалчлах атлаа Жорж Орвелийн “Амьтны ферм”-ийг гайхан шагшрах... Гэтэл гажуудсан нийгмийн мөн чанарыг гахайн Ферм дээрх дэг журмаас, дарангуйлагчийн араншинг Удирдагч гахайнаас олж харцгаана... Хөөрхөн гэдэг нь.
Иймэрхүү гэнэн төөрөгдлийн үр дүнд манай үндэстний утга зохиол ард түмний оюун сэтгэлгээний чинадад, нийгмийн гүнд өрнөж буй үйл явцыг задлан шинжилж, дэлгэн үзүүлдэг, танин мэдүүлдэг, сэхээрүүлдэг чадвараа бүрэн алдсан.
 
Манай уран зохиолчдын нэг хэсэг нь их сайндаа “Болор цом”, “Утгын чимэг” гэх мэтийн уралдаан тэмцэлдээнд уран яруугаар уншиж, зүрх нь хөөрсөн олны алга ташилтаар тэжээгддэг шүлгэнцэр, өгүүллэнцэрээс цааш гарч чадахгүй байна. Хараагаад, цээрлэж жийрхээд байдаг соц үеийнхээ нуль уриа лоозон болсон хоосон цулгай бүтээлүүдээс огтхон ч дээрдэх юмгүй байна. Түүнээ утга зохиолын хэмжүүр гэж өөрсдөө ч итгэцгээж, ард түмнээ ч итгүүлэн төөрөлдүүлж, мунхруулж байна. Дотоод эрчим хүч, оюуны тэсрэлт, тэмүүлэлгүй, хий хоосон гунигласан, нялагнасан, үгээр наадсан, яг л өнгөөр угалзлуулсан авдрын хээ шиг шүлгэнцэрүүдээс, утга авцалдаа, түүхэн үнэн, ур чадвараас нэлээд хол төсөө романцаруудаас хэтэрч чадахгүй байна. Нэг бол олны анхаарал татсан сэдвээр бизнес хийж, эсвэл шалдар сулдар сэдэв тойрон гунганалддахаас хэтрэхгүй байна.
Арай дөмөгхөн нөгөө хэсэг нь “Цэвэр уран зохиол”-ын тухай сэршгүй гүн бат зүүдэн нойрондоо умбацгаажээ. Эргэн тойронд нь юу болж, ард түмэн нь юунд баярлаж, юунд хөөрч, юунд гутарч, юунд зовж шаналан, юуг хүсэж мөрөөдөж буйг анзаарах ч сөхөөгүй, цэвэр утга зохиолынхоо тухай аугаа их мөрөөдлийн зүүдэндээ мансуурцгаажээ. Хүйтэн дайнд ялагдаж явсан тэр цаг үед хүйтэн мэсэнд үхлийн мэт гүн гүнзгий шарх авчээ.
 
Энэ цаг үе бол нэн сонирхолтой цаг үе, хүн болоод түүний мөн чанар, нийгэм болоод түүний олон хувилбарыг таньж мэдэх боломж уран зохиолчдод нэн өргөн нээж өгсөн цаг үе. Алах ял заагдан шонд дүүжлүүлж, цөллөгт хатаж, өлсгөлөн, өрд таталдаж явсан Ф.Достоевский хэцүү бурангуй тэр цаг үеэ “Энэ цаг үед төрсөн минь юутай аз вэ” гэж халаглан бичиж байсан нь чухам түүнд тэр хэцүү цаг үе нь хүн, түүний мөн чанарыг танин мэдэхэд ямар ч номоос, эрдэмтнээс, гүн ухаантнаас илүү багшилж байсанд оршино.
 
Манай энэ цаг үед чухам энэ л цаг үеийнхээ, энэ нийгмийнхээ, ард түмний оюун сэтгэлгээний гүнд болж буй үйл явдлыг задлан шинжилсэн, нээн үзүүлсэн уран зохиол нэн хэрэгтэй байна. Яагаад гэвэл, өнөөдөр, Монгол Улсад нийгмийн томоохон хөгжил дэвшил зайлшгүй хэрэгтэй цаг үе, өөрөөр хэлбэл оюун санааны их хувьсал өөрчлөлтийн цаг үе тулж ирээд байна. Харин тэр цаг үеийг урин дууддаг түүчээ нь, Данко нь болсон эрхэм уран зохиолчид, оюун билиг, сэтгэлгээний их мастерууд маань хаана байна? Том эргэлтийн, дэвшлийн оюуны суурийг тавьдаг тэр хүмүүс маань хаачив... Монголын Бальзак, Толстой нар...
 
Нийгэм харанхуй мунхаг болох хэрээр, зэрлэгшиж, задрах хэрээр, нийгмийн хөгжил гажих хэрээр утга зохиол цэвэршдэг тийм теором ч гэж байхгүй. Хэрвээ тэгдэг ахул утга зохиолын ч хэрэг алга.
 
“Болор цом” зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, эрхэм Болор цомтонгууд аа... Улс орон чинь уруудан доройтсоор нэг л мэдэхэд мөрөөдөл болсон Болор цом чинь Зоос зуусан ногоон мэлхийгээр солигдчихвол яах гээ вэ?
“Зүлгэн дээр гэрээ бариад Зүгээр л нэг амьдрахсан” хэмээн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Яруу найрагчид аа... Газар шороо чинь цөлмүүлэн ухуулсаар, цөлжиж, гандсаар нэг л өдөр гэрийн буурийн чинээ ч зүлэг олдохгүй болчихсон байх ахул ямар баллад, риквиемээ бичих гээ вэ?
 
“Цэвэр уран” зохиол зүүдлэн зүүдлэх сайхан зүүднээсээ сэрцгээ, Уранзохиолчид оо... Эх оронгүй, эх хэлгүй, элгэн ард түмэнгүй болчихвол эзгүй цөлд очиж элсний ширхэгэнд шүлгээ уншиж, үнс нурманд зохиолоо шивнэж өгөх гээ юу?
Б.Номинчимэд
2015.2.28

               

“Морин хуур 2014” наадмыг сурвалжилахад

SANY03462000 оноос хойш анх удаа өргөн хэмжээгээр зохион байгуулсан Ховд аймгийн “Морин хуур-2014” наадам энэ сарын 13-14-ны өдрүүдэд аймгийн ХДТ-т амжилттай явагдлаа.

Энэ наадмыг аймгийн Засаг даргын ивээл дор, Хөгжмийн зохиолчдын холбооны Ховд дахь салбар, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд аймгийн төв болон сумуудад оршин сууж уран бүтээлээ туурвиж буй 23 хөгжмийн зохиолч болон ая зохиогчдын нийт  60 гаруй бүтээл оролцсон юм.  

Хүүхдийн дуу, эстрадын дуу, зохиолын болон нийтийн дуу, мэргэжлийн дуу гэсэн дөрвөн төрөлд хуваагдан дуулагдсан эдгээр дуун бүтээлүүдээс эхний шатанд 25 дууг шалгаруулан дараагийн шатанд өрсөлдүүлснээс МУСТА нэрт хөгжмийн зохиолч Нацагийн Цолмонгийн аялгуу, МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч М.Уянсүхийн шүлэг “Миний Монгол” дуу тэргүүлж, МУСТА нэрт хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатарын аялгуу, Ч.Түмэндэмбэрэлийн шүлэг “Аавыгаа би зүүдлэн сэрлээ” дуу дэд байрыг, МУСТА Д.Мандахын аялгуу Бадамын үг “Багшдаа” дуу гутгаар байрыг, ая зохиогч Булганбатын аялгуу, Чойномын шүлэг “Миний майгахан Думаа” дуу тусгай байрын шагнал хүртсэн бол, наадмыг хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгчдийн нэрэмжит тусгай шагналд МУСТА Батцэнгэлийн хөгжим, Энхсайханы шүлэг “Аргадан байж дуулаарай”, МУСТА Н.Норовнямын аялгуу, Ч.Сүхбаатарын шүлэг “Монгол заяа”, МУСТА хөгжмийн зохиолч Ц.Баатарчулууны аялгуу, М.Төмөрбаатарын шүлэг “Минжит нутаг”  МУСТА хөгжмийн зохиолч Х.Эрхэмбаярын аялгуу, С.Батчулууны шүлэг “Аянчин аав”, МУСТА Д.Зоригтбалсүрэнгийн үг, аялгуу “Хүнгэйн Алтай”, МУБТА Р.Дагиймаагийн аялгуу, Б.Ариун-Эрдэнийн шүлэг “Хайраа би дуулна”  МУСТА Б.Бадамцэрэнгийн аялгуу, Х.Чойжилын шүлэг “Зүүдний өвөө” дуунуудыг шалгаруулан шагнасан байна.

SANY0012

Энэ наадмын шүүгчээр МУСТА, хөгжмийн багш Ч.Ваша, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х.Эрдэнэбаатар, аймгийн Боловсрол соёлын газрын түшмэл Алтангэрэл, Ховд их сургуулийн дэд захирал яруу найрагч Д.Өрнөхдэлгэр нар шүүн явуулсан.

Дууны уран бүтээл гэдэг бол хөгжмийн зохиолч, яруу найрагч болон үг зохиогч, зохиогдсон дууг амилуулан сонсогчдад хүргэдэг дуучин гэсэн олон уран бүтээлчдийн хамтын бүтээл байдаг. Тиймээс аливаа уралдаан тэмцээн  явууллаа гэхэд бүгдийнх нь оролцоог хамтатган авч үзэхгүй аваас учир дутагдалтай. Гайхам сайхан аялгуутай зарим дууны шүлэг нь тааруухан байх, эсвэл маш чамбай сайн бичсэн шүлэгтэй хэдий ч аялгуу нь тааруухан байх тохиолдол бий. Тэрчлэн бүтээлийг амилуулж өнгө донжийг нь зохируулж олонд хүргэх чамлалтгүй чухал зүйл нь дуучдад ногдоно.

Наадмын ерөнхий шүүгч Ч.Вашагийн хэлснээр оролцогч хөгжмийн зохиолч ая зохиогчид маань өөрсдийн бүтээсэн дуунд ямар дуучин тохирох вэ гэдэгт сүрхий мэдрэмжтэй хянуур хандаж, сонголтоо сайн хийцгээсэн бололтой. Ер нь дууг хэрхэн дуулснаас бүх зүйл хамаарна. 

SANY0312

Тэргүүн байр эзэлсэн Н.Цолмонгийн “Миний Монгол” дууг аймгийн ХДТ-ын гоцлол дуучин Цэнд-Аюуш, дэд байр эзэлсэн Б.Хүрэлбаатарын дууг МУСТА дуучин Я.Амаржаргал, гутгаар байр эзэлсэн Д.Мандахын дууг “Цаст-Алтай” сургуулийн сурагчид болон дуучин Мандалсүрэн, Тусгай байрын Булганбаатарын дууг дуучин Дашхүү нар дуулсан. Мөн тусгай байранд орж Хөгжмийн зохиолчдын салбар холбооны болон ивээн тэтгэгчдийн шагнал хүртсэн дуунуудыг МУСТА, дуучин Н.Норовням, МУСТА, дуучин Оюунцэцэг, МУСТА, ХДТ-ын гоцлол дуучин Одгэрэл, Должинсүрэн, Мэндээ Хүүхдийн дуу дуулаачдын улсын уралдааны гранпри шагналт нэгдүгээр сургуулийн сурагч, Солонгоо, сурагч Б.Баттүшиг, дуучин Түвшинбаяр, МУСТА Мандалсүрэн нар дуулж амилуулсан юм.

Наадмын бараг анх удаа зохион байгуулж байгаа учир алдаа оноо байгаа нь ч магад. Наадмыг үзсэн үзэгчид, ажиглагчид, дуу хөгжим судлаачид, сонирхогчид болон урлагийнхны яриаг чагнахнээ энэ наадмыг шүүн тунгаавал зохих жинэхэнэ мэргэжлийн өндөр чадвартай хөгжмийн зохиолчид нь бүгдээрээ оролцохоор бүртгүүлснээс, шүүгчдийн бүрэлдэхүүний хувьд цалгардсан тал байгаа гэнэ.

Мөн ХДТ-ын техник хэрэгсэлтэй холбоотой алдаа гарснаас зарим нэг дуучны дуу тасалдаж, дутуу дуулагдсан нь ч ажиглагдсан.  

Цаашид энэ мэтийг анхаарч, дараа дараагийн жилүүдэд зохион байгуулалтыг улам чамбайруулсан сайхан наадам болж тогтмолжих бизээ.      

Г.Энхжаргал

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ