Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

Гал дунд хатаагдсан сар өдрүүд

              Халхын голын байлдааны ялалтын 75 жил, Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд

Алексей Ивашкин (АБНУ-ын гавьяат сэтгүүлч

Gal dund 03

Одоогоос яг 75 жилийн өмнө БНМАУ-ын нутаг халхын голд милитирист японы өдөөсөн зэвсэгт мөргөлдөөнд Зөвлөлт Монголын цэргийн нэгдсэн групп японы армийг бут цохьсон, ялалтаар цэг тавьсан нь зүүн хойд азийн түүхэн дэх томоохон үйл явдлын нэг юм.

        АБНУ-ын гавьяат сэтгүүлч Алексей Ивашкин энэ тухай эрэгцүүллээ уншигч олон түмэнтэй хуваалцахыг хүсчээ. Түүний судалгааны ажилд Монголын Үндэсний их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Наваанзоч Х.Цэдэв, “Ховдын толь” сонины эрхлэгч, сэтгүүлч Гонгоржавын Төрмөнх, Баян-Өлгий аймаг дахь сэтгүүлчдийн холбооны салбар зөвлөлийн дарга, сэтгүүлч Насир Сабит нар идэвхтэй туслан ажилласныг А.Ивашкин онцлон дурьдаж байна.

 Халхын голын орчмоор түрэмгийлэн довтолсон самурай нар үүнээсээ юу ч олж хүртэж чадаагүй, зөвхөн гутамшигт ялагдлаар төгссөн нь түүхийн өмнө элэг доог болмоор зүйл юм. Тэрээр богинохон хугацаанд хамтарсан авч Америкийн тэнгисийн цэргийн бааз дээр төгсгөлөө хүлээх тавилантай байсан аж. Дэлхийн хоёрдугаар дайнд АНУ-ын оролцооны тухай асуудлыг хөндөхөд дараах асуултууд зүй ёсоор урган гарна.

Үүнд нэгдүгээрт Дэлхийн хоёрдугаар дайн хэзээ дууссан бэ гэвэл 1945 оны есдүгээр сарын хоёронд японы эзэн хааны арми бүрэн хэмжээгээр бууж өгсөн байдаг. Номхон далай дээрх Америкийн байлдааны хөлөг онгоцон дээр бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ бол дэлхийн дахинд хамаатай чухал үйл явдал байлаа. Өөр нэг асуулт гэвэл Немецийн фашистууд дэлхийн хоёрдугаар дайныг хэдийд эхлүүлсэн тухай юм. Энэ талаар уг дайнд их, бага хэмжээгээр оролцсон олон улс орнууд янз бүрийн саналтай байдаг. Ямар ч атугай 1939 оны есдүгээр сарын 01-нд фашистын Герман Польшийн хил рүү халдан түрэмгийлснээр дайн эхэлсэн гэж албан ёсоор үзэх үндэслэлтэй.

Хэрэг хуучирдаггүй

Албан ёсны эх сурвалжын мэдээллээр Япончуудын бий болгосон Ази, Номхон далайн цэрэг дайны холбоотнууд 1937 онд зүүн азийг тэр чигээр нь устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байв. Энэ төлөвлөгөөнд юуны өмнө онилсон улсууд нь Монгол, Хятад, Солонгос юм. 1937 онд Хятадын Нанкин хотод хятад японы хооронд дайны үйл ажиллагаа явагдаж байсан ба японы эзэн хааны арми хотын олон мянган жирийн оршин суугчдыг устгажээ. Энэ үед Нанкин хятадын нэг нийслэл нь болж байв. 2007 онд энэ хотод болсон олон улсын үйл ажиллагааны үеэр тухайн үед Нанкин хот нь дайны байдалтай байсан гэдгийг тунхаглан мэдэгдсэн байдаг. Энэ баримтанд дурьдсанаар Нанкинд япон цэргүүд 200.0 мянга гаруй энгийн иргэдийг хороон устгаж, харин хятадын арми тэдэнтэй 28 удаа дайтсан ба орон нутгийн 150.0 мянга гаруй иргэн мөн энэ дайны хөлд амь үрэгдэж, илэрхий хядлага явагдсан байдаг аж. Дээрх бүгдийг нийлүүлэн авч үзвэл 500.0 мянга гаруй эгэл жирийн иргэд энэ түрэмгийллийн золиос болж, амь сүйрчээ. Хожим Токойд японы цэргийн эрхтнүүдийн өдөөсөн түрэмгий дайны гэмт хэргийг шүүн хэлэлцэх хуралдаан дээр япон цэргүүд 20.0 мянган хятад эмэгтэйг хүчирхийлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр эмэгтэйчүүд олонх нь амьд үлдээгүй байдаг. Ямар ч атугай японы Засгийн газраас гаргасан нийт амь үрэгдэгсдийн үхлийн шалтгаанд японы түүхэндээ бий болгосон хандлага болон бодлого үлэмж нөлөөтэй гэдгийг бас хүлээн зөвшөөрсөн байдаг. 1928 оноос хятадын засгийн эрх барих байгууллагыг Бээжингээс Нанкинд шилжүүлсэн. Үүний улмаас 250.0 мянга байсан тус хотын хүн ам 1930 он гэхэд 1.0 сая гартлаа нэмэгджээ. Эдгээр хүмүүсийн олонхи нь Хятадын өмнөд нутаг дахь японы армийн дарангуйллаас зугатан, аврал эрсэн дүрвэгсэд байв.

1937 оны 12 сарын эхээр японы цэрэг Нанкины зах руу нэгэнт цөмөрсөн байсан ба 12 сарын 9-нд нийслэлийг довтлох үйл ажиллагааг эхлүүлжээ. Тухайн сарын 13-ны өдөр гэхэд японы армийн 6, 16 дугаар дивизүүд хотын дотор оржээ. Тэгээд бүтэн зургаан долоо хоногийн турш зэрлэг хядлага үргэлжилсэн байна. Нанкинд болсон тэрхүү геноцид ажиллагааны (хомроглон устгах) золиос болсон үй олон хохирогчдын тоо болон баримтууд илэрсээр атал өнөөг хүртэл японы засгийн газар үүнийг үгүйсгэх оролдлого хийсээр ирэв. Хэрвээ японы арми оросын нутаг руу нэвтэрч чадсан бол орос, монгол, хятад улсын аль алинд нь ийм байдлаар хандахыг санаархаж байсан нь магад. Дэлхийн хэвлэлийн хуудаснаа одоо ч нийтлэгдээгүй эдгээр баримтууд архивт хадгалагдаж байна. Гэсэн ч энэ мэдээлэл аль хэдийн нууц биш болсон. Жирийн иргэдийг онц хэрцгийгээр хөнөөж байсан нь аймшигтай. Япон цэргүүдийн бууны галанд өртөөгүй амьд байсан хүмүүсийг мянга мянгаар нь жадлан хороож, толгойг нь цавчиж, шатааж байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг нь хагалан, эхийн гэдсэнд дөнгөж амилж байсан нялх үрийг нь ч хөнөөж байв. Эмэгтэйчүүдийг залуу хөгшин, хүүхэд гэлгүй хүчирхийлэн тамлаж эцэст нь амийг нь хороож байсан гэхэд бодохын ч аргагүй. Нанкин хот бол хятад үндэстний гүнзгий гаслан, зовлонгийн гэрч болсон хот юм.

Тэр ч байтугай японы хаант засаг ба дайны холбоотнуудынх нь төлөвлөж байснаар Ази, номхон далайн бүсийн орнуудыг бүхэлд нь эзлэн, хүн амыг нь хүйс тэмрэн устгах зорилготой байв. Японы Засгийн газрыг (“шоконд” оруулсан) балмагдуулсан нэг асуудал бол тэр үеийн хэвлэл мэдээллээр дуулиан тарьсан 731 дүгээр тусгай отрядын явуулж байсан нууц ажиллагааны тухай үгүүлэл юм. Тэрээр энэ нь японы зэвсэгт хүчний салбар ангиудад хуваагдан байршиж, биологийн зэвсгийн туршилт хийдэг отряд бөгөөд амьд хүнээр (дайнд олзлогдсон олзны хүмүүс) туршилт хийдэг байжээ. Энэхүү туршилтыг байнгын байдалтайгаар явуулж, үлэмж цаг хугацааг зарцуулсан ба хүнийг буцалгасан, хатаасан, хүнс болон уух усаар нь дамжуулж, түүнчлэн хөлдөөж, тогонд цохиулж устгах аргуудыг туршиж байсан баримт бий. Энэ үйл ажиллагааг немцийн фашистууд 1942-1945 онд бөөнөөр хорих лагер болон түрэмгийлэн эзэлсэн Польшийн нутаг дэвсгэр дээр хэрэглэж байв.

731 дүгээр отряд нь 1932 онд байгуулагдсан гурван мянга гаруй хүний бүрэлдэхүүнтэй байсан ба тэдгээрийг эзлэн авсан нутаг орнууд Хятадын Пинфан муж, Биньфзян аймаг, Түүнчлэн Харбин хотоос 20 километрт байрлах тусгай ангид тараан байршуулсан байлаа. Отрядыг дэслэгч генерал Сиро Исий командлаж байв. Байрлах нууц байгууламжуудыг бэлтгэхийн тулд хятадын 300 гаруй тариачны гэр орныг шатаажээ. Отрядыг “Квантуны армийн Командын захиргааг усаар хангах алба” гэсэн албаны нэртэй байсан ба нисэх хүчний ангиудад туршилтын хэсгийг тараан байршуулахыг ч завдаж байв. Хүний бие организм тодорхой нөхцөлд хэрхэн тэсвэрлэх, хийгээд дасан зохицох чадвартайг туршдаг байсан байна. Тухайлбал хэт өндөр болон нам температурт байлгаж, даралттай камерт оруулан туршигдаж байгаа хүмүүсийн амь тэмцэн зовж, шаналж байгааг кинопелёнканд буулган үлдээдэг байсан ба хөлдөж байгаа хүний цогцосыг үхжиж дуустал нь ажиглалт туршилт хийдэг байж. Үүний эцсийн зорилго нь халдвар тараах бактеруудын амьдрах, устах нөхцлийг судлаж тогтооход чиглэгдэж байв. Амьд хүнээр ийм туршилт хийдэг зүйл урьд өмнө нь гарч байгаагүй хамгийн зэрлэг хэлбэр юм.

Японы тусгай отрядын хийж байсан энэ амьдаар нь турших ажиллагаанд 10 000 хүн золиослогдсон гэсэн албан ёсны эх сурвалжын мэдээлэл бий. Тэдгээрийн бараг 70 орчим хувь нь хятад, 28 хувь нь орос, украйн, ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх бусад үндэстний иргэд, хоёр хувь нь Монгол, Солонгос хүмүүс байжээ. Насны хувьд гол төлөв 20-30 насныхан байсан ба хамгийн дээд тал нь 40 настай хүмүүс байв. Зүүн өмнөд азийн бүх улсууд чухамдаа японы түрэмгийлэн эзлэх санаархалын туршлагын талбар болсон юм. 1938 онд Японы арми Хасан нуурын орчим ЗХУ-ын хилээр довтлох туршилтаа эхлүүлсэн нь сөрөг атаканд орж бут цохигдон, дараа нь залгаад Монголын нутагт хүчтэй ялагдал хүлээж, түрэмгий санаархалаа зогсоосон. Гэхдээ 1938 онд Хасан нуурын хавь газраар довтолж байх тэр үед Японы армийн төв штабаас боловсруулаад байсан “Ажиллагаа №8” хэмээн нэрийдсэн, ЗХУ-ын эсрэг дайны төлөвлөгөөг авч үзвэл “Ко” буюу нэг дэх хувилбараар ЗХУ-ын Приморийн зүгт гол хүчээ чиглүүлэх “Оцу” буюу хоёр дахь хувилбараар Монголын нутгаар дамжин Байгалийн чиглэлд гол хүчээрээ давших гэсэн тактиктай байжээ.

1939 он Монголд

Gal dund 01

Төв азийн энэ нутаг дэвсгэр хэдийнээс япончуудын хорхойг хөдөлгөж, сонирхлыг нь татаж байжээ. Тухайн газрыг эзэмшилдээ авах гэсэн стратеги төлөвлөгөөг нэлээд алсын хараатай боловсруулж, алс дорнотоос ЗХУ-ын нутгийг холбох транссибирийн төмөр зам гэгчийг тавихаар үйл ажиллагааг эхлүүлж байв. Зөвлөлтийн Приморийн чиглэлд дайтахын тулд шаардлагатай дэд бүтцийг бий болгох зорилгоор ийнхүү зам тавих зэрэг давхар бодлого нь Хасан нуурын тулгаралтаар азгүйтэж, дараа нь дахиад Байгалийн чиглэлд давших хувилбар нь Монголын нутагт ялагдал хүлээснээр бас л бүтэлгүйтсэн ч, алс дорнотод ийнхүү замын сүлжээ байгуулснаар төлөвлөгөө амжилттай болно хэмээн тэд найдсаар байв

Япончууд Монголд хэрэгжүүлсэн төлөвлөгөө, түүнчлэн Молотовын Риббентропийн гэрээг Их британаар дэмжүүлж, Зөвлөлтөд довтлох төлөвлөгөө бүхий Гитлерийн цэргийн хүчинтэй холбоотон болж чадсан байлаа. Улмаар 1939 оны 7 дугаар сард Англи японы хооронд хамтын харилцаагаа баталгаажуулан, Английн зүгээс Хятад дахь японы хүчнийг хамгаалахад туслахаар гэрээ байгуулсан байна. Америкийн хувьд Зөвлөлт болон японы тулгаралтанд япончууд бууж өгөхгүйгээр дайтаж чадах эсэхийг нь харахаар шийдсэн байлаа. Чухам энэ байдлаас шалтгаалан, Америк өөрийн хандлагаа томьёолох ёстой байв. 1938, 1939 онд Япон улс АНУ-д есөн удаа ихээхэн хэмжээний төмөр болон ган, болдын хаягдал нийлүүлж, харин Америкаас японд гурван сая долларын танк болон нисэх онгоцны үйлдвэрийг худалдсан. Эргээд АНУ Японоос 581 сая долларын алт авсан байдаг. Ингээд Японоос БНМАУ-ын хил рүү олон удаа давтан өдөөн хатгалаг хийж, цэргийн тагнуулуудыг илгээж эхлэв.

1939 оны нэгдүгээр сарын 16-нд Номун хан – Бүрд овооны орчмоор Японы 5-6 цэрэг бүхий групп Монголын хилд 500 мерт дөхөж очин, хилийн харуулд гарч байсан дөрвөн цэргийн зүг гал нээжээ. Маргааш өглөө нь японы 13 цэргээс бүрдсэн групп Номун хан Бүрд овооны өндөрлөг дээрх Монголын гурван цэрэг бүхий харуулын хэсэг рүү довтолж, хамгаалан тулалдсан заставын дарга болон бас нэг цэрэг шархаджээ. Нэг сарын 29, 30-нд японы цэргийн хэсэг Монголын хилийн “Халхын сүм”-ийн застав, “Монгол загас” хэмээх хилийн харуулын анги руу дахин довтлов. БНМАУ-ын цэргийн яамны сайд, армийн ерөнхий командлагч Г.Дэмид хамгаалагч хилчдийн хамт хилийн шугамаас зургаан километрт Нарийн нуурын орчимд тулж очин, японы талтай холбоо тогтоож, хэлэлцээр хийхийг оролдсон боловч бүтэлгүйтэв. Монголчууд японы энэхүү довтолгооныг анхандаа хилийн орчим дахь газар нутгийн маргаанаас болж байна хэмээн бодож байжээ. Тэгээд цаашид тулгаралт мөргөлдөөн болохоос сэргийлэх бүх талын арга хэмжээг авахаар ажилласан байна. Японы цэрэг дайны том төлөвлөгөөг тэд огт мэдээгүй, төсөөлөөгүй байсан бөгөөд довтолгооноос хамгаалахад Монголын хилийн бүх заставууд хангалттай хүрэлцэх хүч болж чадахгүй байлаа.

1939 оны хоёр, гуравдугаар сард япон болон баргуудаас бүрдсэн цэргийн хэсгүүд Монголын хил рүү 30 орчим удаа халдлага үйлджээ. Энэхүү өдөөн хатгалаг хийгээд япончуудаас сэргийлэн хамгаалахын тулд 1939 оны эхний хагаст Зөвлөлтийн тэнгэсийн цэргийн ангийг бий болгосон ба цэрэг зэвсгийн тоог үлэмж нэмэгдүүлэн 345.0 мянган цэрэгт хүргэв. Алс дорнотод буюу Байгалийн чиглэлд гол хүчийг төвлөрүүлж, Номхон далай дээрх усан цэргийн 57 дугаар онцгой флотыг БНМАУ-ын нутгаар тархаан байрлуулав. Тэдгээр нь 30.0 мянган цэрэг, 265 танк, 107 байлдааны онгоц бүхий байжээ.

1939 оны хавар гэхэд Монгол ардын хувьсгалт цэргийн найман морьт дивиз, нөөц хүчний нэг бригад, тээврийн анги, саперийн болон агаарын цэргийн ангиудаас бүрдсэн нэгдсэн хүчийг төвлөрүүлэв. Артилерийн болон нөөц хүчний ангиудыг бүрэн хэмжээгээр бий болгон төвлөрүүлж амжаагүй байлаа. Монголын армийн зургаадугаар морьт дивиз таван сарын 17-нд Халхын голын орчимд хүрэлцэн ирж, япончуудыг эсэргүүцэн, тэдний довтолгооноос хамгаалах гол хүчээр идэвхтэй ажиллаж, тулгаралт байлдааныг дуустал амжилттай тулалдсан байна. Зургаадугаар дивизийг ирүүлснээс хойш цэргийн хүчийг өргөжүүлэн зургаан сарын 25-аас Матадын наймдугаар морьт дивизийг шилжүүлэн байршуулав.

Халхын гол дахь байлдааны ажиллагаа 1939 оны таван сарын 11-ээс эхэлсэн юм. Энэ өдөр японы хөнгөн пулёмотоор зэвсэглэсэн 300 хүртэл цэргийн бүрэлдэхүүнтэй морьт отряд хоёр салаа замаар Монголын нутгийн гүн рүү 15 километр нэвтрэн, Номун хан- Бүрд овооны өндөрлөг дэх хилийн застав руу довтолсон байна. Япончууд Монголын хил дээр хүчээ бэхжүүлэхийн тулд ийнхүү цэргийн эхний хэсгийг шахаж хөдөлгөн, улмаар таван сарын 22-28-ныг хүртэл тулгаралтын хэсэгт үлэмж хүчийг төвлөрүүлсэн юм. Эсэргүүцэн хамгаалах Зөвлөлт, Монголын цэргийн бүрэлдэхүүний хувьд 668 жад, 260 сэлэм, 58 пулёмот, 20 их буу, 39 хуягт машинаар зэвсэглэсэн байлаа. Таван сарын 28-нд японы цэргийн хүчнийхэн манай цэргийн бүслэлтийг сэтлэж, Халхын голын баруун эрэг дээрх томоохон хэмжээний газар нутагт хүчээ зузаатгав. Харин дараагийн өдөр нь Зөвлөлт Монголын цэргийн нэмэгдэл хүчин ирж, эсэргүүцэн давших үйл ажиллагааг эрчимжүүлэн, япончуудыг эхний байрлал руу нь шахав. Энэ газарт хуурай газрын болон агаарын тулалдаан давхцан өрнөсөн юм.

  Монголын цэлмэг тэнгэрт

            Халхын гол дахь Хамар давааны орчимд 1939 оны таван сарын 22-нд анхны агаарын тулалдаан болж, зөвлөлтийн таван сөнөөгч онгоц, японы цэргийн мөн таван байлдааны онгоцтой тулгаран байлдсан байна. Энэ тулалдаанд хоёр тал нэг нэг онгоцоо алдав. Япончуудын бичсэнээр бол таван онгоцоос бүрдсэн энэхүү агаарын цэргийн групп агаарын тулалдаанд 15 удаа ялалт байгуулсан. Зөвлөлтийн цэргийн командлал Монгол дахь агаарын хүчний хангалт дутагдалтай байгаад дүгнэлт хийж, Баянтүмэнд цэргийн нисэх хүчний баазыг байгуулав. Байгалийн орчим дахь цэргийн тойрог, сөнөөгч онгоцны 22 дугаар хорооноос И 15, И 16 маркийн 63 сөнөөгч онгоцыг ирүүлсэн байна. Хэдхэн өдрийн дараа дахин 59 бөмбөгдөгч онгоц бүхий тусгай хороог илгээв. таван сарын 29 гэхэд Москвагаас гурван тээвэрлэгч онгоц ниссэн нь эдгээрийг тээвэрлэн хүргэх багийн нисгэгчид байлаа. Үүнтэй зэрэгцэн туршлагажсан 48 нисгэгч Монголыг зорьсон бөгөөд Испани болон Хятадын тэнгэрт байлдааны нислэгийн сургууль хийж, бэлтгэгдсэн тэрхүү 48 нисгэгчийн дотор ЗХУ-ын баатар 22 нисгэгч багтаж байлаа.

Нисэх группыг удирдахаар ЗХУ-ын агаарын цэргийн хүчний дэд командлагч Яков Смушкевич томилогджээ. Бас таван сарын 22 -нд Зөвлөлтийн агаарын цэргийн хүчнээс Японы түрэмгийлэгчидтэй тулалдах зорилго бүхий 105 сөнөөгч онгоцыг газраар ачуулж, мөн л Испани болон Хятадын тэнгэрт тулалдаж асан, асар туршлагатай өөр нэг нисэх группын нисгэгчдийг нэмэгдэл хүч болгон илгээсэн байлаа. Энд болсон асар том хэмжээний агаарын тулалдаанд Зөвлөлтийн цэргийн нисэх хүчин 14 онгоцоо алдаж, 11 нисгэгч амь үрэгджээ. Агаарын шийдвэрлэх тулалдаан таван сарын 24-26-ны өдрүүдэд болсон ба хоёр талаас харилцан 50-60 онгоцыг тулалдаанд оролцуулсан байдаг. Энэ тулалдаанд японы армийн 25 онгоц Монголын газар нутаг дээр унаж сүйрсэн билээ.

            Тэгээд япончууд манай Тамсаг булаг, Баянтүмэн, Баянбүрд нуурын цэргийн нисэх хүчний баазуудад нэгмөсөн үхлийн цохилт өгөхөөр шийджээ. Зургаадугаар сарын 22-ны өглөө эрт Тамсаг булаг дахь Байгалийн цэргийн тойргийн нисэх хүчний 22 дугаар хорооны байрлаж байсан газрын тусалдуу тэнгэрт японы 23 бөмөгдөгч, онгоц мөн 70 сөнөөгч онгоц гарч ирэн тэнгэрийг бүрхжээ. Зөвлөлтийн нисэгчид энэ тулалдаанд Монголын тэнгэрт ч газарт ч илт давуу гэдгээ япончуудад харуулж чадсан. Зургаадугаар сарын 28 –нд дайсны 15 бөмбөгдөгч онгоц, мөн төдий хэмжээний сөнөөгч онгоц Зөвлөлтийн аеродром (цэргийн нисэх буудал)-ын хажууханд байсан буйр нуур луу унаж ясаа тавьжээ. Ингээд япончууд энд бүрэн цохилт амссан юм. Зөвлөлтийн нисгэгчид өөрсдийн цэргийн нисэх буудал, баазуудыг япончуудад найр тавин өгөнгүй. Бүүр хятадад болсон агаарын тулалдаанд л гаргуун нисгэгчидэй хэмээн алдаршсанаа ингэж харуулав. Зургаан сарын 22-28-нд болсон агаарын тулалдаанд японы цэргийн нисэх хүчин 90 онгоцоо алджээ. Харин зөвлөлтийн нисэх хүчний тэднээс хавьгүй цөөхөн 38 онгоцоор хохирсон байдаг.

Гол гатлаж, хамгаалалтыг сэтлэх ажиллагаа

1939 оны зургаан сарын сүүлчээр квантуны армийн штабаас “Номонханы хэрэг явдлын хоёр дахь үе шат” хэмээн нэрэлсэн, хил дээрх байлдааны ажиллагааны шинэ төлөвлөгөөг зохиов. Энэ удаад тэрээр тавдугаар сард явуулсан байлдааны ажиллагааныхаа төлөвлөгөөг эрс өөрчилж, Халхын голыг гатлан зүүн эрэгт нь гарч, Зөвлөлт Монголын армийг бүслэж бут цохихоор төлөвлөжээ. Зөвлөлтийн зэвсэгт хүчний автомашинууд японы талын танкуудтай бараг зэрэгцэн гол гаталж байлаа. Долоон сарын 3-нд Голын зүүн эрэг дэх зөвлөлтийн цэргийн байрлал руу японы 3, 4 дүгээр хороо 70 гаруй танкын бүрэлдэхүүнтэйгээр дайралт хийжээ. Энэ үед японы 70 гаруй байлдааны машин мотобуудлагын 9-р батальоны нөөц хүчний гадна талд байрлаж байлаа. Ингээд тулалдан эхлэв.

Бригад командлан захирагч хурандаа С.Олейников тэргүүн ротыг удирдан, өндөрлөгийг эзлэхийн төлөө гол хүч болон давшив. Тэд зөвхөн өндөрлөгийн төлөө урагшаа гэсэн уриатайгаар цуцалтгүй давшиж байлаа. Энэ мөчид японы танкууд болон байлдааны машинуудад 800-1000 метрт дөхөж очин гал нээсэн ба буудалцаан 2 цаг гаруй үргэлжилсний эцэст 9 танкыг устгаж, 6 байлдааны машиныг нь жагсаалаас гаргажээ. Японы цэргийн хэсэг долоон сарын хоёрон гэхэд байршилдаа хүрсэн байв. Хошууч генерал Кобаясийн удирдсан анги шөнө дөлөөр Халхын голыг гатлаж, баруун эрэг дээрээс өгсөн нэгдсэн дохиогоор Манжуурын хилээс 40 км-ын зайд орших Баянцагаан уулын чиглэлд давшилтаа эхлэв. Энэ бүхний эцэст уг газарт японы армийн гол хүч төвлөрөн гэнэт сүрхий шаргуу ажиллаж, нэгэнтээ давуу байршлыг олж аваад, бэхлэлт хамгаалалтаа барьж байгуулж авчээ. Цаашдын төлөвлөгөө нь мэдээжийн хэрэг Баянцагааныг эзлэн байршсан давуу байдал дээрээ түшиглэн Халын голын зүүн эрэг дэх зөвлөлт, монголын цэргийн хамгаалалтыг бут цохих явдал байв. Харин япончуудын бэхлэлтийг сэтлэх манай гол хүч гэвэл явган цэргийн хоёр, мөн танкийн хоёр хороо (130 танкаас бүрдсэн) байсан бөгөөд гурван мянга таван зуу гаруй агт морьтой, бүтэн хагас мянган хүнтэй Монголын армийн морин цэргийн хоёр дивизээр хүчээ амжилттай сэлбэж чадсан юм. Командлагч Жуков санаанд баймааргүй их эрч хүч гарган ажиллаж, асар богино хугацаанд зөвлөлт монголын цэргийн хүчийг давшилтанд төвлөрүүлэн бэлтгэхийн сацуу, дайсны бэхлэлтийг сэтэлмэгц давхар цохилт өгөхөөр бригад командлагч Яковлевийн удирдсан 11 дүгээр хөнгөн танкийн бригадыг давшилтанд оруулав.

 Долоон сарын гурванд зөвлөлтийн цэргийн нэг хэсэг нь японы байрлал руу шууд атаканд орж, бас нэг хэсэг нь эргэж отон цохилт хийв. Энд танкийн нэгдүгээр батальон Баянцагаанд байрласан японы армийн өмнө болон хойт жигүүр лүү дайралт хийж, танкийн өөр нэг батальон, Монголын армийн Зургадугаар морин дивизийн нөөц хүчтэй хамтран ар талаас нь дайрав. Үүний үр дүнд зөвлөлт, монголын арми Баянцагаан дахь дайсны хүчийг бут бохиж чаджээ.

              Нэгдсэн дохиогоор эхэлсэн байлдаан өдөр шөнө хоёр тасралтгүй үргэлжлэв. Долоон сарын таван гэхэд дайсны эсэргүүцэл эрс сулран, зөвлөлтийн танкуудыг барьж тогтоож чадахгүй болов. Тэрээр халхын голын зүүн эрэг дэх япончууд үндсэндээ буулт хийхэд хүрэв. Долоон сарын 8-11, 24-25-ны өдрүүдэд японы арми зөвлөлт монголын цэргийн байрлал руу хоёр удаа (атаклаж) дайралт хийсэн боловч амжилт олсонгүй.

Жуковын өрсөж цохих төлөвлөгөө    

Найман сар гармагц японы цэргийн командлал дахин шинэ давшилтанд бэлтгэв. Найман сарын 10 гэхэд Монголын нутгийн тодорхой хэсгээр довтолгоо хийхээр командлагч, генерал Огиссу Риппо япон, манжуурын зургаадугаар армид тушаал өгчээ. Довтолгооныг найман сарын 24-нд эхлэхээр төлөвлөсөн байлаа. Баянцагаанд болсон энэ ажиллагаа жинэхэнэ азгүй туршилт болов. Япончууд зөвлөлт монголын армийн зүүн жигүүр лүү довтолж цохилт өгөхөөр төлөвлөсөн байлаа. Үүнийхээ дагуу ямар ч атугай халхын голын эрэг дагуу манайхны байрлалын зүүн хэсгийг бүслэн хаахыг оролдсон боловч, дэмий оролдлого болж, тэндээ бут ниргэгджээ. Командлагч Жуков давшилтын төлөвлөгөөг гаргахдаа бүхнийг хэсэгчилж, дайсныг хуурах гэх мэт нарийн тактикуудыг яг таг бэлтгэсэн нь гайхалтай байлаа. Тэрээр бүх ангиудыг нэгэн зэрэг хөдөлгөн, шөнөдөө багтаж, дайсны гол фронтыг бүслэн хаасан бөгөөд ажиллагааг зохицуулахын тулд шүглэн дохио, агаарын (байлдааны нисэх онгоцны) гэрлийг ашигласныг дайсны тагнуулууд мэдсэнээс, давшилтын зурваст дайснууд хориглолт хийж эхлэв. Командын бүрэлдэхүүн шуурхай зөвлөлдөн, улаан армийн дайчдыг хориглолтын хэсгээс гаргахын тулд зөвхөн ачааны машинаар зөөвөрлөх арга хэмжээ авч байлаа.

Япончууд мэдээлэл авмагцаа радио болон утсан холбоог хянах жолоодох оролдлого хийн, хуурамч буруу мэдээллийг фронт даяар тараах ажиллагаа явуулав. Тэрээр мороз болон тусгай шифр ашиглан командын зөвлөлөөс зөвхөн зэвсэгт хамгаалалтын байгууламж бий болгох ажиллагаанд шилжиж, “намар, өвлийн бэлтгэл хангах тухай тушаал ирүүлсэн” хэмээн хуурамч мэдээлэл тарааж байлаа. Юуны өмнө тэд шөнөөр радио болон утсан холбоог ашиглан, хуурамч дуу чимээг дамжуулах ажиллагааг идэвхтэй явуулав. Үүндээ танк, байлдааны машины хөдөлгүүрийн дуу, хилийн давшилтыг чөдөрлөж саатуулах хориг, хаалт саад босгож, гадас шааж буй, нүх ухаж буй чимээ, онгоцны нислэгийн чимээ болон бусад элдэв дуу чимээг ашиглаж байв

Тэрээр буудалцаан болж буй газраас дуу чимээг бичиж аваад, тэрхүү чимээгээ зөвлөлт монголын цэргийн давшилтын эгнээний өмнө авч ирж тавих, ийн дуу чимээгээр өөрийн цэргийн хүчийг өсгөн харуулах аргыг хэрэглэж байсан юм. Зөвлөлт Монголын нэгдсэн хүч давшилтаа эхлэхээс өмнө япончууд цэргийн хүчээ гурван ч удаа “саам, саамаар” сэлбэж амжсан байв. Тухайлбал танк болон онгоцны тоог 1.7 дахин нэмэгдүүлжээ. Япончууд яаран давшилтыг эхлүүлж, зөвлөлт монголын армийн давшилтын фронтын өмнөөс довтлох хүчнийг илгээсэн бөгөөд сүүлчийн удаа шаргуу ажиллагаа явуулав. Гэсэн ч энэ ажиллагааны төгсгөлд найман сарын 23 гэхэд японы зургаадугаар арми бүхэлдээ бүслэгдэв. 24-25-нд бүслэгдсэн армийг хэсэгчилэн бут цохиж, найман сарын 31 гэхэд БНМАУ-ын нутаг дэвсгэр дайсны хөлөөс цэвэрлэгдэв.    

 

           Есөн сарын 4 болон 8-ны өдөр японы үлдсэн явган цэргийн дивиз Монголын нутаг руу дотогш нэвтрэх гэж оролдсон боловч цохигдон сарниж, манай дайчид дайсны хамгаалалтыг нэгжин устгах ажиллагааг шаргуу үргэлжлүүлснээр, дайны талбар дахь япончуудыг нэг мөсөн дарж чаджээ. Фронтын завсар зайгаар нэвтрэн Халхын голыг гатлаж зугатах гэсэн япон цэргүүдээс бараг нэг нь ч амжилт үзсэнгүй.

          Командлагч Жуков найман сарын 23 гэхэд байлдааны талбарын төв цэгт сүүлчийн нөөц хүчийг татан ирүүлсэн нь ялалтыг түргэтгэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн юм. Эдгээр нь агаарын десантын 212 дугаар бригад, мөн хилчдийн хоёр ротоос бүрдэж байв. Энэ тулалдаанд дайсны тал багагүй хохирол амсав. Дээрх хүчнээс гадна фронтоос 120 км-ын зайтай Тамсагбулагт байрлаж байсан Монголын армийн танкийн нөөц бригад түгшүүрийн дохиогоор хөдлөж, ердөө хэдхэн цагийн дотор фронтод хүрэлцэн ирсэн бөгөөд Хурууд хэмээх өндөрлөгт хамгаалж байсан японы цэргийн хэсэг энэхүү танкын бригадын дайралтад өртөн бараг 700 гаруй хүнээ алдав. Ингээд найман сарын 31-ны өглөөтэй золгоход БНМАУ-ын нутаг дэвсгэр японы цэргээс бүрэн чөлөөлөгдсөн билээ.

Хятадад гурван жилийн турш дайтахдаа байлдааны зэвсэг техникийг маш чадмаг сурч эзэмшсэн японы зургаадугаар армийн дайчид ердөө хэдхэн хоног л амьд орших боломжтой болсон гэдгээ тэр үед голдоо ортлоо мэдэрсэн байсан юм. Энэ тулалдаанд зөвлөлт монголын цэргийн бүрэлдэхүүн 18500 гаруй хүнтэй байснаас 6831 дайчин дайны талбарт болон шархны улмаас хожим эмнэлэгт амь үрэгдсэн. Япон болон Манж-Гогийн хуурай замын цэргээс 8629 хүн амиа алдаж, 9087 хүн хүнд шархдан, 2350 хүн өвчилсөн байдаг. Түүнчлэн японы агаарын цэргийн хүчин 179 нисгэгчээ алдсан байна. Халхын голын байлдааны туршид болсон агаарын тулалдаанд японы 660 онгоц, харин зөвлөлт, монголын 143 онгоц сүйрсэн байдаг.

Монголын баатруудын тухай

Энэ гамшигт дайны тухай ам цууран ярихаас ч цээрлэж, зөвхөн сэтгэлдээ тээж шаналах болсон тэр цагт ЗХУ-ын баруун хил хязгаарт дэлхийн хоёрдугаар дайны гал хэдийн авалцсан байлаа. Фашистын Германы цэрэг Польшийн хилд бараг зайгүй шахам тулж очоод байсан юм. Дорно зүгт хилийн гадна болж буй цэрэг дайны үйл ажиллагааны нөлөө Алтайн хязгаарт ч адилхан тусч байв. Дайны талбарт шархадсан олон зуун баатрууд, цэрэг дайчид тэнд цэргийн хээрийн эмнэлэгт ирж байсныг энд онцлох нь зүй. Хатуу ширүүн сорилтонд Зөвлөлт Монголын ард түмэн хамтдаа бэлтгэж, хатуу хүтүүг давах хэрэгтэй байжээ

Халхын голд халуун амиараа дэнчин тавин, амар тайвны төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан дайчдын тухай, эрэлхэг баатруудын тухай, фашист Герман, милитирист Японыг бүрэн ялсан ялалтын тухай дурсамж сэтгэгдэл бидний сэтгэл зүрхнээс хэрхэвч арилах учиргүй билээ. Монголын баруун хязгаар Ховд болон Баян-Өлгий аймагт тэднээс цөөн хэдэн баатрын хөшөө дурсгалын босгож мөнхөлжээ

           “Манай ард түмэн дундат зууны үеийн тэмцэгч удирдагчдаас гадна өнгөрсөн зууны хатуу ширүүн дайны үеийг туулж, энэ сайхан цагийг бидэнд авчирсан хүмүүсийнхээ тухай, дайны талбарт амиа өгсөн дайчдын тухай хэзээ ч мартах учиргүй юм гэж “Ховдын толь” сонины ерөнхий редактор, сэтгүүлч Г.Төрмөнх надтай уулзах үедээ тэмдэглэн хэлсэнсэн. Дээр үгүүлсэнчилэн Халхын голын дайчин, БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойгийн хүрэл хөшөөг Ховд аймгийн Манхан суманд (хөдөөгийн суурин) 1970 онд босгожээ

Барималч Дашзэвэг энэ хөшөөг гартаа пулемот буугаа барьж, мөрөндөө “майхан цув”-аа нөмрөн дайсан этгээд рүү мөлхөн урагшлаж буй байдлаар дүрслэн бүтээжээ. Хөшөөний нүүр нь дорно зүгт хандсан бөгөөд самурай японы итгэл эвдэн довтолсон тэр зүгийг байнга сэрэмжлэн мөнхийн харуулд зогсож буй мэт.

          Тус сумын Засаг дарга Гантөмөр бидэнд хэлэхдээ Ц.Олзвой баатрын мэндэлсний 100 жилийн ойг 2014 оны долоон сард тэмдэглэсэн, баатрын хөшөөний дэргэд төрөл төрөгсөд нь болон бусад зочдоос бүрдсэн үй олон хүн цугларсан, тэдгээр олны зүгээс хөшөөний суурийн гадна талыг шинэчлэх санал санаачлага гаргасан гэсэн юм. Ц.Олзвойг эх орныхоо өмнө байгуулсан гавьяаныхаа төлөө улсын баатар цол хүртэхэд нь фронтын командлагч Г.К. Жуков, БНМАУ-ын маршал Х.Чойболсон нар уулзаж баяр хүргэж байжээ. Баатар Ц.Олзвой ялалтын дараа 1942 он хүртэл Улаанбаатар хотод японы хорлон сүйтгэх түрэмгий ажиллагаанаас хамгаалах ангид алба үүргээ гүйцэтгэж байгаад насан эцэслэсэн байна

Ховд аймгийн Музейд орвол Халхын голын байлдаанд оролцсон цөөн хэдэн баатрын гэрэл зургийг үзэж болно. Харин одоо Ховдод Халхын голын болон 1945 оны чөлөөлөх дайн, нутгийнхны ярьдгаар баруун хилийн тулгаралт гэх хилийн тулалдаанд оролцсон 12 дайчин амьд сэрүүн байгаа аж.

Мөн Баян-Өлгий аймгийн төвд Монгол улсын баатар Экегийн хөшөө байна. Орон нутгийг судлах музейд нь Халхын голын эрэгт японы армитай тулалдсан Зөвлөлт Монголын дайчдын тулалдааныг харуулсан багацархан хэмжээний понарам /биет үзүүлбэр/-ийг үзэж болно. Монгол улсын баатар Эке ердөө 26 настай байхдаа Халхын голд тулалдааны талбарт эрэлхэгээр амь үрэгджээ

Олзвой баатрын адил баатар Экегийн гавьяат үйлсийг Монгол хүн бүр дурсан санадаг нь илэрхий. Энэ жижигхэн хотод баатрынхаа нэрийг мэдэхгүй хүн нэгээхэн ч үгүй аж. Баян-Өлгий аймгийн сэтгүүлчдийн салбар зөвлөлийн дарга Насир Сабит 1939 оны үйл явдал Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлыг улам ч бэхжүүлсэн, Фашизм болон милитиризмыг ялсан ялалт бол манай хоёр ард түмний болон бүх нийтийн ялалт юм” хэмээн тэмдэглээд, тус аймгийн дунд сургуульд эх орончдийн гавьяг мөнхөлөх, хойч үеийн сэтгэл зүрхэнд хоногшуулан үлдээхэд үйл ажиллагааныхаа нэгээхэн хэсгийг зориулж байгаа, найман сарын сүүлчээр тэнд Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд зориулж олон нийтийн томоохон арга хэмжээг зохион байгуулсан тухай ярьсан юм.

Түүхэнд алдаршсан цаг үе

Зөвлөлт Монголын дайчдын түүхэн гавьяаг Оросод мөн адил хүндэтгэн дурссаар байдаг. Өнгөрсөн 7 сарын сүүлчээр Иркутск хотод Халхын голын ялалтын тухай олон улсын эрдэм шинжилгээний томоохон хурал болж өнгөрсөн нь үүний бас нэг илэрхийлэл гэж болох

Энэ хуралдааныг Олон улсын Ази судлалын төв, Монгол судлалын төвөөс зохион байгуулж, “Нэгдсэн Орос” хөдөлгөөнөөс дэмжин ажилласан байна. “1939 оны Халхын голын дайн дэлхийн түүх, олон улсын харилцаанд” гэсэн сэдвийн хүрээнд явагдсан уг хуралдаанд Орос, Монголын 30 орчим эрдэмтэд оролцсон бөгөөд гурван хэсэгт хуваагдан илтгэлүүдээ хэлэлцүүлсэн нь “Халхын голын дайн ба дэлхийн түүх, олон улсын харилцаа”, “XX зууны Оросын түүхэн дэх дорно дахины судлал, дайны асуудал”, түүнчлэн “Орос болон дорно дахин: Нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад бодлого” гэсэн үндсэн сэдвүүдээр тодорхойлогдож байв. “Халхын голд болсон үйл явдал одоо ч судлаачдын анхаарлын төв дэх нийгмийн судлалын томоохон асуудал хэвээр байна. Үүний зэрэгцээ Орос, Монголын сайн хөршийн уламжлалт харилцааг сэргээн сайжруулж, бататган бэхжүүлэх явдал нэн чухал юм. Үүнд зүүн хойт азийн хөгжлийн бүхий л асуудал хамаарна” хэмээн ажлын хэсгийн мэдээлэл, ёс зүйн хорооны болон “Нэгдсэн Орос” хөдөлгөөний дэргэдэх Бүс нутгийн парлемантын холбооны дэд дарга Алексей Козюра тэмдэглэн хэлсэн билээ.

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх


 

 

     

 

Засгийн газрыг өөрчлөх ёстой юу?

Эдийн засгийн өсөлт 5.3 хувь болж, 2012 оныхоос гурав дахин саарсан, 54 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон, чанаргүй зээлийн хэмжээ 559.7 тэрбум төгрөгт хүрсэн зэрэг нь Шинэчлэлийн Засгийн газарт хариуцлага тооцохоос аргагүй нөхцөл байдалд хүргэлээ гэж зарим улстөрч дүгнэж байна. Гэхдээ үүний эсрэг тайлбар хийх улстөрчид бас бий. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл нь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаанаас болоогүй, өнгөрсөн 20 шахам жилийн алдаатай бодлого нь Монголын эдийн засгийг хүндрүүлсэн. Ийм үед Засгийн газрыг өөрчлөх нь дотоодын гүнзгий хямралд хүргэнэ гэж үзэх хэсэг бий. Эл асуудалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хэрхэн хариулсныг энэ удаад онцоллоо.

Р.Амаржаргал: Дэндүү өндөр үнээр эрх мэдэлтэйгээ зууралдах нь

Р.Амаржаргал: 2012 оны сонгуулийн дүн иргэдийн зүгээс бидэнд хүлээлгэсэн асар том дэмжлэг байсан. Тэгээд юу болов. Их санасан газар есөн шөнө хоосон хононо гэдэгтэй адилхан болов. Иргэд хоёр жил дэмжлээ, итгэлээ, найдлаа, харлаа, хүлээлээ, тэвчээр алдлаа, одоо арга тасарсан байна. Улс төрийн нам, улстөрч хүн улс орон, эдийн засаг, ард түмэн, бизнесийн итгэлийг алдана гэдэг бол үнэндээ том нүгэл гэж би ойлгодог. Энэ тохиолдолд тухайн улстөрч алдаа дутагдлаа ойлгоод явах ёстой. Ийм зан чанар манай улстөрчдөд байх ёстой. Би буруу шийдвэрүүд гаргаж, алдаа гаргалаа, надад итгэл хүлээлгэсэн, надад улс төрийн, санхүүгийн эрх мэдэл өгсөн, надад цаг хугацаа орон зайн боломж олгосон. Гэтэл би зөв бодлогоор улс орныг зөв удирдаад явж чадсангүй, тиймээс цаашид эх орноо, ард иргэдээ улам хохироохгүй гээд өөрөө асуудлаа ойлгоод бууж өгдөг ёс суртахуун улс төрийн намуудад, улстөрчдөд байх ёстой юм. Хариуцлагын системгүй учраас хугацаагаа дуустал гүрийдэг, суудалдаа үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байхыг бодож байна. Өөрөөр хэлбэл, дэндүү өндөр үнээр л эрх мэдэлтэй зууралдах нь. Улс орныхоо эдийн засгаар тоглож байж л эрх мэдлээ авч үлдэнэ гэсэн үг.

                                                                                              “Mongolian Economy” сэтгүүл

       Э.Бат-Үүл: Хямралаар далимдуулж унагавал бүр дордуулна 

Э.Бат-Үүл: Үнэнийг хэлэхэд бидэнд тогтвортой байдал хэрэгтэйг ойлгох ёстой. Нэн ялангуяа эдийн засгийн ийм хямралтай үед хоосон улстөржилт дэмий. Олон улсын практикт ч хямрал ойртох тусам улстөрчид нь илүү зөвшилцдөг шүү дээ. Давагдашгүй хүчин зүйлийг  хамтдаа л даван туулах ёстой. Хямралаар далимдуулж нэгийгээ цохиж унагаагаад байвал байдлыг бүр дордуулна. Украиныг хар л даа. Хоорондоо ноцолдсоор байгаад улсаа дуусгаад авлаа. Одоо дэлхийг дайн руу түлхэхдээ тулчихлаа. Үнэндээ Украин бол авлигад идэгдсэн улстөрчид улсаараа яаж тоглодгийн тод жишээг харууллаа. Авлига авч,  түүндээ амташсан сүргийн удирдагчдын зодоон Украинд болсон. Монголыг ийм болгож болохгүй.

                                                                                                     “Өдрийн сонин” 2014.09.06-нд 

                                                                                                                        Бэлтгэсэн Г.НАРАН

 


Ард олны итгэлтийг алдсан Ерөнхий сайд яах ёстой вэ? Алтанхуягаа?

altanhuyag 1

2014 оны 09 сарын 08-ны үдэш Телевизээр дамжуулан Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ард түмэнд хандан  үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ Шинэчлэлийн засгийн газар олон ажил хийсэн тухайгаа дурьдаад, цаашид ч гэсэн ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй байгаагаа хэлээд, эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаагаа дуулгасан. “Ордны хуйвалдаан”-аас илүү олон нийтийн санаа бодолд тулгуурлаж ажиллахаа зарласан. Хоосон улс төрөө хойш нь тавьж ул суурьтай асуудалд хандахаа илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийг өөрчилж, сайдуудын сандал ширээнд халаа сэлгээ хийн өөрөө суудалдаа бат үлдэхээ битүүхэндээ олон нийтэд ойлгуулсан.

Монголын ард түмэн Ардчилсан намд, Н.Алтанхуяг гэдэг хүнд итгэсэн. Харамсалтай нь тэр бидний итгэлийг  эргэж сэхэхээргүй болтол хөсөрдүүллээ. Одоо бид нэгэнт Н.Алтанхуягт итгэх шаардлагагүй боллоо.

Таныг  26 -хан настай  хүргэн дүү Г.Дэнзэнгээ  ЗГХЭГ-ын дэд даргын өндөр албан тушаалд тавихад бид дургуйцээд л өнгөрсөн.

Таныг  өөрийнхөө  төрсөн эгчийн охин Ч.Уянгын шинээр байгуулан захирлаар нь ажилладаг  ”Говь Повэр”  ХХК-д 17 тэрбумын тендерийн ажил өрсөлдөгчгүй өгөхөд арай ч дээ гээд орхисон.

Таныг  төсвийн  хуулийг зөрчин  2013 оны 3 сарын 01-ны өдөр 20 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар  шинээр  байгуулагдсан  “Нүүдлийн зурган өгүүлэмж” нэртэй ТББ-ын дансанд  мөн оны 6 сард   шууд  255.6 сая төгрөг шилжүүлсэн ноцтой хэргийг үйлдэхэд алдаагаа засах байлгүй дээ гээд сануулаад үлдээсэн.    / http://www.ugluu.mn/48428.html /

Таныг ард түмэнд хандан хэлсэн үгэндээ “Өндөг бол тансаг хэрэглээ,  Будааны үнэ өндөр байгаа бол гурил идчих хэрэгтэй шүү дээ” гэх хэлэхэд чинь хэлье гэж хэлээгүй, хэл нь хальтираад хэлчихсэн байх гээд тайвшираад  өнгөрүүлсэн.

Таны эрхэлдэг “Хаан жимс” амралтын газрын  бодит мэдээллийг олон нийтэд хүргэснийх нь төлөө   өөрийн  гар хөл болсон хурган дарга нараа “ажиллуулж” www.amjilt.com-ыг хууль бусаар хаалгахад  асуудлыг ойлгоод эргэж нээх байлгүй дээ гэж хүлээсэн.

Таны төрсөн охин А.Саранзаяа  албан тушаалаа урвуулан ашиглаж татвар төлөгчдийн мөнгөнөөс 2.2 тэрбум  төгрөгийг хувьдаа завшсан хэрэг шалгагдаж эхлэхэд худлаа байлгүй дээ гээд  үл анзаарсан.

Таны ахлах зөвлөх А.Гансүх  ”Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс завшиж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг сонссоод арай ч үгүй байлгүй дээ гээд эргэлзсэн.

Та урьчилан хорих төвд саатуулагдсан  ахлах зөвлөх А.Гансүхийн  хоригдож байгаа газарт 2014 оны 07 сарын 321-ний өдөр “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн зүйл заалтыг зөрчин байж өөрийн биеэр газар нь очиж уулзахад  гайхаад хоцорсон.

altanhuyag 2

Харин одоо олон нийтэд ил болсон доорх  баримтыг хараад монголын ард түмэн таныг “уучилж” чадахгүй юм байна. Монголын төр таныг хувиараа зугаалах, эхнэр хүүхдийнхээ хамтаар улс дамнан “шопинг” хийхэд зарцуулах хөрөнгийг гаргах ёсгүй. Монгол төр таньд болон танай гэр бүлийн гишүүдэд төлөх  ямар нэгэн өр ширгүй гэдэгт би итгэнэм.  Эх орныхоо  эмнэлэгт, эрүүл мэндийн салбарт итгэдэггүй Ерөнхий сайд маань биеэ үзүүлж эмчлүүлэхээр БНСУ-ын эмч нарыг төрийн зардлаар авчирч, Монголын хамгийн үнэтэй зочид буудалд буулгасан баримтыг хараад  Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд итгэх бидний итгэл нэгмөсөн алдарлаа.

               / http://ganchimeg.niitlelch.mn/content/6376.shtml#.VBmDFFCtCz8.facebook /

altanhuyag 3

Энд нэг зүйлийг зориуд хэлэх нь зөв биз. Хүн л юм хойно аялаж зугаалж болно, бас гадны дотнын эмч домчид үзүүлж болно. Харин ингэхдээ төрийн биш хувийнхаа зардлаар асуудлыг шийдэх ёстой. Хэрвээ тэгсэн бол таньтай хэн ч, юу ч ярьж чадахгүй. 

Энэ бүхнийг   хараад шударга ёсны төлөө гэж байнга дуугардаг АН-ын гишүүд, хууль ёсыг сахиулах үүрэгтэй  байгууллагууд хараагүй  мэт дуугүй царайлах нь юуны учир вэ? “Түшмэд хүн  шуналд автваас  Төр барагдахуйн шинж”  хэмээн Монголын эртний судар шаштирт өгүүлсэн нь бий. Ерөнхий сайд Н.Алтанхуяг таны болон таны эргэн тойрны хүмүүсийн хүсэл “шуналыг” Монголын төр  ”давж даахгүй” нь бололтой. Монголчууд ийм үед “Гай болохоор зай бол” гэж хэлдэг. Монгол төрд хувийн үзэл бодол итгэл үнэмшлийг хууль, шударга ёсноос дээгүүрт тавьдаг, хууль зөрчихийг юман чинээ тоодоггүй, эд хөрөнгийг хувьдаа завших,  зарцуулах  туйлын сонирхолтой  Ерөнхий сайд тэргүүлэн   улс орныг  хөгжилд дэвшилд хүргэх нь юу л бол.

Н.Алтанхуяг гэдэг хүн нэгэн цагт ардчилалын  төлөө дуугардаг дуу хоолой байсан бол өдгөө цагт  ардчилалыг өөрийн биеэр үлгэрлэн боомилогч нэгэн болжээ. Хэлэх, хийх нь алд дэлэм зөрүүтэй  ийм Ерөнхий сайдаар Монголын ард түмэн удирдуулсаар байх нь бид өөрсдийгөө хэтэрхий доромжилсон хэрэг болох бус уу?

                                       Ц.Мөнх (Эх сурвалж: ugluu.mn)

 


 

Ховдын битүү захын гай, “түүтгэр”

Bituu zah 03

2012 онд Засгийн эрхэнд гарч ирсэн улс төрийн хүчин Ховд болон хэд хэдэн аймагт далайцтай том бүтээн босголт хийж, худалдааны битүү зах барьж өгөхөөр амалж, мөрийн хөтөлбөртөө тусгаснаа хэрэгжүүлэх гэж мөн ч их чармайсан. Үнэн хэрэгтээ бол улайран зүтгэсэн. Тухайлбал төсвийн тухай хуулийг зөрчиж, ерөнхий сайд өөрийн багцад хүчээр мөнгө батлуулан бариулсан энэ захуудын хувь заяа ямаршуугаар эргэв гэдэг нь сонирхол татсаар байна.

Лав л Увс аймагт бөөн луйвар дээрэм, холион бантангийн бай болсон тухай олон нийтийн мэдээллийн сувгуудаар хангалттай мэдээлэл цацагдсан. Ховд аймагт баригдсан битүү захын асуудал ч гай, хөнөөлийнхөө хувьд үүнээс илүү гарна уу гэхээс дутсангүй. Анхнаасаа “мордохын хазгай” гэгч болсон гэдэг нь учрыг гадарлаж буй хэн бүхэнд мэдээжийн асуудал.

Үүнийг ажил хэрэг болгох гэж аймгийн дарга маргагүйгээ ханцуй шамлан гүйлдэж, захын наймаачдыг ятгаж, дэмжүүлэхээр олон удаагийн уулзалт цуглаан зохион байгуулсны эцэст хэдэн нөхөд нийлэн компани байгуулж байх тэр үед орон нутгийн сонинд ”Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болно шүү!” гэж анхааруулсан нийтлэл хүртэл бичигдэж, Монгол улсын төсвийн тухай, Төрийн өмчийн тухай, Шудрага өрсөлдөөний тухай, Газрын тухай, Газар өмчлөлийн тухай өч төчнөөн хуулийг зөрчсөн, төлөвлөж буй төлөвлөлт гаргаж буй зураг төсөв, төсөв, мөнгөний уялдааг нь л аваад үзэхэд нэн инээдэмтэй, өөрөөр хэлбэл энэ захыг барихад тэр үед улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөг төсөвлөсөн мөртлөө уг байшинг сэндвичээр босгохоор зураг хийлгэснээ танилцуулж байсан нь цэвэр төсвийн хөрөнгөөр гараа угаах өөрөөр хэлбэл луйвар хийхээр завдаж буй нь ойлгомжтой байсан. Гэтэл хожим нь өнөөх 2.5 тэрбум нь бүүр 3.7 тэрбум болж өсөөд, мөнөөхөн иргэдийн “тархи угаагаад”, ар хударгаар нь албан тушаал, холбоо сүлжээгээ ашиглаж, баахан мөнгө төлөвлөж батлаад байсан нөхөд санасандаа чухам хүрчээ. Дээрээс нь захын худалдаа эрхлэгчдээс цуглуулсан нэг тэрбумтай нийлээд 4.7 тэрбум төгрөг зарцуулсан энэ сэндвичэн байшин бүтэн жил тойрч байж, сая баригдаж дууссан ч, түүнээсээ ч илүү гай түүтгэр, гацаа, хорионы үлгэр болж орхив.

Bituu zah 02

Учир нь зах ашиглалтанд орсонтой зэрэгцээд л мөнөөх худалдаа эрхлэгчдийг ятгаж байж компани байгуулсан хэсэг нөхдийн “зэс нь цухуйж”, улмаар булхай луйврын үүр уурхай байсан нь ч илэрсэн тул, хувь нийлүүлэгчид хуралдан, “Эвийн хүч” хэмээх тэр хуурамч компанийг татан буулгаж, бүх нийтийн саналаар “Эвийн хүч” хоршоог шинээр байгуулсан. Тэгтэл анхнаасаа бид “та нарт төрийн ивээлийг үзүүлж, улсын төсвөөр ийм сайхан юм барьж өгч байна” гэж “мунхруулаад” байсан нь бас будилаантай болж, аймгийн нэр бүхий албан тушаалтан урьд нь нэг тэрбум төгрөгийг нь хураагаад авчихсан хувь нийлүүлэгчид рүүгээ “төр хөрөнгөө мэднэ, бид өөрсдөө төрийн өмчит аж ахуйн нэгж байгуулна” гэж даналзсан ч сураг бий. Дээрээс нь өнөөх дааж давшгүй өртөгөөр боссон сэндвичэн байшин нь анхны бороо оронгуут л дээврээр нь ус нэвтрэн шаагиж, шал, цонх гээд бас бус юмнууд нь дутуу дулимаг, ер бүтэл зэхий юм болсон, түүнийг нь манай төр, захиргааны нөхдүүдийн томилсон улсын комисс аль хэдийн хүлээгээд авчихсан байсан нь бүр ч тоогүй. Энэ мэт ойлгомжгүй байдлаас болж шинээр боссон тэрхүү “битүү зах”-д худалдаа үйлчилгээ явагдах нь ч “лөөлөө” болсоор нэг л цоожтой байшин байх болов.

             За тэр ч яахав гэж бодтол удирдлагуудын анхлан ятгаж дэмжүүлснээр 400-аад хүн хувь нийлүүлэн байгуулсан аж ахуйн нэгж буюу “Эвийн хүч” хоршооны хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр худалдан авч, эзэмших эрх шилжүүлэх гэрээг худалдсан, худалдан авсан хоёр аж ахуйн нэгж буюу “Оож ван” ХХК, “Эвийн хүч” ХХК-ийн хооронд байгуулсан байтал, газар эзэмших эрхийн гэрчилгээг аймгийн Засаг дарга нь захирамж гарган, аймгийн ЗДТГ-ийн нэр дээр шилжүүлжээ. Хууль ёс, үнэн мөнийг хүндэтгэн үзэж, газрын эзэмшлийн гэрчилгээг “Эвийн хүч” хоршооны нэр дээр гаргаж өгөхийг хүссэн, хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээ болон, газрыг хоршооны гишүүдийн хөрөнгөөр худалдаж авсан болохыг нотолсон баримтуудыг хавсаргасан хүсэлтийг тус хоршооны бүх гишүүдийг төлөөлж, удирдах зөвлөлийн гишүүдийн зүгээс аймгийн Засаг даргад хоёр ч удаа хүргүүлсэн боловч хариу өгөлгүй бараг 3-4 сарын нүүрийг үзэв. Төр нь иргэдээ дээрэмдэн мөлждөг, шулан мөлжлөгийн тогтолцоо энэ цаг үед ингэж биеллээ олов.  

Bituu zah 01         Төрийн ивээлээр сайхан битүү захад орж худалдаа үйлчилгээ эрхлэн, яваандаа эзэн нь болж өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болно хэмээн дарга даамлуудын сайхан үгэнд итгэж, тэрбум гаруй төгрөгөө хураалгасан 400-аад иргэн (худалдаа эрхлэгчид) “бухын доодхыг харсан үнэг турж үхнэ” гэгчийн үлгэрээр хүлээхийн туйлыг үзэж, өнөөх зах нь ч ажилласан юм байхгүй, өгсөн мөнгөнийхөө хэргийг ч гаргасан юм байхгүй, байтлаа бүүр төрд (төрийн өндөр албан тушаалтанд) луйвардуулж, “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болоод, таг гацаж орхижээ. Удтал самуурч тээнэгэлзсэний эцэст нээрээ шүүх гэж нэг юм байдаг хэмээн аймгийнхаа захиргааны хэргийн шүүхэд хандаж, өргөдөл бичээд очтол энэ өргөдөл чинь тусгай нарийн загвараар бичигдэх ёстой, шаардлага хангаагүй байна хүлээж авах боломжгүй хэмээн “тэнэгтсэн” явдал ч бий.

Эрх мэдлийн шалбааган дунд живэх шахсан энэ цагийн “төр” –ийн дарга, түшмэлүүд нэртэй луйврын бүлэглэлийн өмнө ард олон үнэхээр хүчгүй гэж үү?  

Г.Үнэнтоль

 

Дайны жилүүдийн Монгол жинчин

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд

Luvsan 02

Баримт сөхөж үзвэл: Агуу их эх орны дайны жилүүдэд Гитлерийн эсрэг эвсэлд нэгдсэн орнуудаас ЗХУ-д цэрэг зэвсгийн үлэмжхэн тусламж үзүүлж байжээ. 1942-1945 онд АНУ-аас ЗХУ-д 14795 онгоц, 7056 танк, 8218 агаарын довтолгооныг эсэргүүцэх их буу (зенит), 131600 ширхэг пулёмот илгээж байсан бол Их британ улсаас 3384 онгоц, 4292 танк, мөн Канадаас 1188 танк ирүүлж байсан байна.

            Тухайн үед АНУ-аас ЗХУ-ын цэрэг дайны хэрэгцээнд зориулагдсан нийт бүтээгдэхүүний 4 хувийг үйлдвэрлэн, хангаж байжээ. Тухайлбал автомашин, трактор, мотоцикл, өөрөө явагч, галт тэрэгний зүтгүүр болон бусад бараа таваарыг дурьдаж болох юм. ЗХУ-аас америкийн үйлдвэрлэлийн салбарт 300.0 мянган тонн хромын хүдэр, 32.0 мянган тонн марганцийн хүдэр, мөн үлэмж хэмжээний шар болон цагаан алт, мод модон эдлэл нийлүүлж байв. Тэгтэл бас АНУ-аас ЗХУ-руу ачуулсан ачаа бараанаас 1.0 сая тонн орчим нь зорьсон газартаа хүрэлгүй эсрэг этгээдүүдийн гарт үрэн таран болсон нь ч байдаг аж. Эх орны дайны төгсгөлд болон дайны дараах жилүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Г.Трумэн дайны үед тусламжийн чиглэлээр ЗХУ-д хэрэглэгдсэн бүх зүйлийн тооцоог гаргуулж, басхүү бүх техникийг буцааж татсан байдаг.

            1942-1945 оны үе. ЗХУ-д тохиолдсон энэ гаслант бэрх жилүүдэд харьцангуй жижиг буурай Монгол улсаас хариу тус нэхэхгүйгээр ихээхэн тусламж үзүүлснийг дэлхий дахинд одоо тэр болгон сайн мэдэхгүй. 1942 оны өвөл Монгол улсын Ховдын хязгаараас (Ховд аймаг) түүхэн дэх худалдааны гол зам болох торгоны их замаар ЗХУ-д хүргэх тусламжийн бараа ачсан 1000 тэмээ ачаа бүхий жингийн хөсгийг илгээсэн тухай “Вестник Горно-Алтайска” сонинд өмнө нь нийтлэж байсан. Жингийн хөсгийнхэн Чуйн их замаар урагшласаар, хавирга нэвт үлээсэн хавсарга салхинд алгадуулж, ангамал говь, мөсөн гол горхийг гатлан, туулахад бэрхтэй олон уул, давааг давж, Бийск хүртэл нэг талдаа 1000 –аад километр замыг нугалсан түүхтэй.

            Тухайн үед Монгол эмэгтэйчүүд гараа гарган 5.0 мянган ширхэг хөвөнтэй цамц (куртка), 10.0 ширхэг нэхий дээл, 22.0 мянган хос оймс болон тэмээний ноосон бээлий, хөдөөгийн сумуудаас цуглуулсан 7.0 тонн борц (хатаасан мах) басхүү 200.0 сая төгрөг (бэлэн мөнгөөр)-ийг энэхүү жингийн цуваагаар тээвэрлэн хүргэснээс гадна “Т -34” маркийн ......танкийг мөн цуваагаар хүргэж өгсөн байдаг. Гэсэн ч нүүдэлчин Монголчууд энэхүү бэлгийн зүйлсийн буцаан авах тухай юу ч дуугарсангүй. Тэдэнд хамгийн чухал зүйл нь фашизмийг ялах явдал л байлаа. Ихэнх хүмүүсийн сэтгэл зүрхэнд 1939 онд болсон милитирист японы түрэмгийллээс эх орноо хамгаалсан Зөвлөлт Монголын дайчид, эрэлхэг хилчдийн үйл хэрэг тодоос тод үлдсэн байлаа. Энгийн ядуу ардуудын дунд л хамгийн эх оронч оюун санаа идэвхжиж байдаг нь бас ч сонирхолтой. Монгол улсын Баян-Өлгий аймгийн Музейд гэхэд эх орны дайнд оролцож, Берлин хүртэл давшсан 34 домогт дайчны гэрэл зураг хадгалагдаж байна. Харин 1943 онд Зөвлөлтийн цэргийн дээд ерөнхий командлагч Иосиф Сталин Монголын дайчин Малику Хашкенбайдуд өөрийнх нь жолоодож байсан танкийг бэлэглэсний зарим эд анги, хэрэгслүүд хийгээд барьж байсан зэвсэг нь музей доторх шилэн хоргонд хадгалагдан үлджээ.

            SANY0323Монголоос ЗХУ-ыг зорьсон фронтод бэлэг хүргэх цувааны, 1000 хөсгийн ахлагчаар Залуучуудын эвлэлийн гишүүн 18 настай залуу Б.Лувсан томилогдон замд гарсан байдаг. Жингийн цуваа 1942 оны 11 дүгээр сард Ховдоос гарчээ. Жинчид алдарт Чике таманы даваагаар давахдаа олон янзын хүнд сорилтуудтай тулгарч, бэрх адармаат замыг туулах явцад хэдэн арван тэмээ нь осолдож, зарим нь өлдөж үхэх зэргээр хохирол үзсэн ч шантарсангүй. Ийм байдлаар гурван сар тасралтгүй явсны эцэст сая Бийскт хүрсэн ажээ. Үнэ цэнэтэй ачаа авч яваа жинчид уг ачаагаа алдахгүй хамгаалахын тулд шөнжингөө яваад өглөө болоход л сая түр амсхийдэг байсан аж. Монголын жинчид маань хэмжиж үзэх юм бол найман чингэлэг (вагон) ачааг ийнхүү тэмээн хөсгөөр тээвэрлэн явсаар 1943 оны хоёр сард Бийскэд очсон ба залуу жинчин Лувсан тэнд эх орны дайны баатруудтай уулзаж, Зөвлөлтийн одон медалиар шагнуулаад, Бийскэд 10 хоног саатаж гурил, улаанбуудай, ургамлын тос зэргийг тэмээндээ ачин Монгол руугаа буцжээ.

            Өнгөрсөн 8 дугаар сарын эхээр “Вестник Горно-Алтайска” сонин болон Ховд аймаг дахь Ховдын толь сонины хамтын ажиллагааны хүрээнд бид тус аймгийн Манхан суманд очиж, тэр үед Бийскэд бэлэг хүргэх тэмээн жингийн, мянган хөсгийн ахлагчаар явж байсан, одоо 92 насыг зооглож буй Б.Лувсан гуайтай уулзан сурвалжлав. Тэднйи гэр нь суурингийн зах хавьд байх ажээ. Гэрийн эзэн биднийг ширээнд урьж, цай ундаар дайлав.

Б.Лувсан гуайг 92 настай гэхэд итгэмгүй тийм их хөдөлмөрч, хийгээд шаргуу хичээнгүй нэгэн аж.   Тэрээр хоёр охин, таван хүүтэй, тэдгээрээс гарсан 30 шахам ач зээ нартай. Одоо хамгийн отгон зээ хүүгийндээ суудаг юм байна. Түүний чих нь нэлээн “хатуурч”, юм сонсохдоо тааруухан болсон тул хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж явсан “Ховдын толь” сонины эрхлэгч, сэтгүүлч Г.Төрмөнх өвгөний чихэнд нь хашгирах шахам чангаар ярьж, хэл авалцан уг яриагаа надад орчуулан тайлбарлаж байв. Б.Лувсан эх орны дайны дайчдад бэлэг хүргэхээр жин тээж байснаас гадна 1945 оны чөлөөлөх дайнд оролцон, дайтаж явсан нэгэн аж. 1942 оны өвөл Горно-Алтай хийгээд Ойродын автономит салбарт очсон талаар нь яриа өдөхөд их л баяртай хүлээн авч, дуртайяа хуучилж байв.

Тэндэхийн хүмүүс бидний жинчдийг гэр орондоо урин, цай идээ, хоол ундаар дайлж, ачаа бараагаа засаж янзлахад харамгүй тусалж байсан. 30 градус гарсан дүн өвлийн хүйтнийг хүмүүсийнх нь халуун сэтгэлийн элч уярааж, бидэнд урам зориг өгч байсан тулдаа л бид Горний Алтайн сүрлэг адармаат замаар шантралгүй туулан, сүүлчийн давааг нь амжилттай давж Бийскэд очсон юм хэмээн тэр ярив. Ингэж явахдаа жинчид “Сийлэн бөөр” хэмээх Монгол ардын дуу болон хошин дуунууд, Монгол зөвлөлтийн найрамдлын тухай дуунуудыг дуулан, хөгжилдөж, урам зоригоо хөвчилж явснаа бас дурсаж байна. Жингийн тэмээний хүзүүнээс зүүгээстэй явсан хонх нь одоо түүний гэрт хадгалагдаж байна. Лувсан гуай тэр хонхыг манай гэрийн хамгийн эрхэм зүйл “шүтээн” юм гэж бидэнд үзүүлэв. Мөн гавьяа шагнал, одон медалуудаа ч үзүүлсэн бөгөөд улаан туузан дээр жирийтэл нь зүүсэн тэр олон одон медалиудын зарим тоймтойгоос нь дурьдвал Монгол улсын хөдөлмөрийн баатрын тэмдэг, Сүхбаатарын одон, Их Монгол улсын 800 жилийн ойн медаль, Дэлхийн хоёрдугаар дайнд Японыг ялсны 30 жилийн ойн медаль, Халхын голын ялалтын 70 жилийн ойн медаль, түүнчлэн маршал Жуковын одон, Бүх Холбоотын Коммунист Залуучуудын эвлэлийн 50 жилийн ойн медаль, ОХУ-ын Коммунист намын 50 жилийн ойн мепаль /КПРФ/ медаль зэрэг байна.

            SANY0317 Жинчин маань хожим Буриадын улс ардын аж ахуйн институтыг төгсөж, дээд боловсрол эзэмшжээ. БНМАУ-ын Ардын их хурлын депутатаар дөрвөн удаа сонгогдож, Москва, Барнаул, Бийск, Горно-Алтай хотуудад олон удаа зорчиж байсан байна. Түүний архивт байгаа Борис Алушкин, Кульдияр Сакитово, Ю.Цэдэнбал, Кунаев, Мао Цзе Дун нартай, тэрчлэн Зөвлөлт Монголын сансрын нисэгчидтэй хамт авахуулсан гэрэл зургууд нь бидний сонирхолыг гойд татав.

Б.Лувсан 1948 онд монголын цэргийн нисэхийн сургууль /курсэд/ элсэж, туршилт дадлага хийж байсан боловч асар удалгүй үүнийгээ орхиж, төрөлх Манхан сумандаа иржээ. Бид тэдний хашаан дахь, түүний өөрийнх нь гараар бий болсон цэцэрлэг, бичил байгууламжуудтай танилцаад, гайхаж бахархах зэрэгцэв. Тэнд говь нутагт ургадаг ургамал ч байна. Нохойн хошуу, алим, чацаргана, алтан хундага зэрэг ургамалууд цэцэглэн ургасан энэ цэцэрлэгт бид жин үдийн наранд бараг хагас өдөр саатав. Энэ бичилхэн цэцэрлэгт хүрээлэнг бий болгоход услалтыг яаж шийдсэн хэрэг вэ хэмээн сонирхтол, гараар ухаж гаргасан 25 метрийн гүнтэй гар худаг үзүүлэв. Энэ худгаас насосоор ус татаж услах боломжтой болгожээ.

Цэцэрлэгийн дэргэд, хашаан дотроо гурван жижиг гэр музейг бас байгуулж амжжээ. Эдгээр нь хэрэндээ л баялаг үзмэртэй бөгөөд Мао Цзе Дуны бэлэглэсэн сампин, Ю.Цэдэнбал даргын бэлэглэсэн цаг, Горно Алтайн Политехникийн их сургуулийн захирлаас дурсгасан эх орны дайны үед жин тээж явааг нь сийлж мөнхөлсөн керамик сийлбэр, Бийскийн Комуннист намын нэгдүгээр нарын бичгийн даргаас 1943 оны хоёрдугаар сард бэлэглэсэн дурсгалын зүйл, өөрийнх нь хэрэглэж байсан хуучны цахиур буу гэхчлэн өдий төдий зүйлс байна. Зүсмэл модон дээр усан будгаар болон харандаагаар зурсан зургууд, мөн тэмээн жин тээж явааг дүрсэлсэн сийлбэр зэргийг баатар маань өөрөө урлаж байгаа тухайгаа танилцуулан, бидэнд үзүүлэв. Төрүүлсэн ээжийнх нь гэрэл зураг бас энэ гэр музейд нь бий агаад түүний ээж нь бараг 100 хүртэл насалсан ажээ.

Энэхүү үндэсний шинж, хийц бүхий гэр музейд нь орж үзхэд түүний амьдралын түүхтэй бараг л танилцах боломжтой хийгээд эдгээрийг хойч үеийнхэнд хүргэх үнэт мэдээлэл болгон үлдээж буй нь магад юм.

Лувсан баатар биднийг үдэж өгөх үедээ Горно-Алтайгаас надтай уулзахаар ирнэ гэж санаанд ч байсангүй гээд ихэд баярлаж байгаагаа нууж чадахгүй байв. 90 гаруй насыг зоолосон ч цовоо, тэнхлүүн хэвээрээ энэ өвгөн өглөө бүр долоон цагт босож, цэцэрлэг болон гэр музейдээ саатан, бүтээж, амжуулах нөр ажилдаа умбаж сатаарсаар, ер уйдах завгүйгээр цаг хугацааг үнэ цэнэтэй өнгөрөөнө.

Тэрээр 1943 онд Горно-Алтайд болсон Ойрот тур, 1966 онд Манжерокд фестивалын талаар сайн санаж байгаагаа хуучилж байсан ба орчин үед Горно-Алтай хот хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг сонирхож байгаагаа илэрхийлсэн юм.

Тэндээс мордсонос хойш, бүүр Горно –Алтайдаа ирэх хүртэл минь агуу их эх орны дайны амьд түүхийн нэгээхэн гэрч болсон энэ өвгөнийг өөрийн эрхгүй хайрлах сэтгэл намайг эзэмдсээр байлаа.  

 

         Алексей Ивашкин (АБНУ-ын гавьяат сэтгүүлч)

Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

Ёорг Яанзен: Монголын баруун бүс нутаг миний сонирхлыг хамгийн их татсан

Ярилцья

Берлин хот дахь Нээлттэй их сургуулийн профессор, Шинжлэх ухааны доктор Ёорг Яанзен сүүлийн 20 орчим жилийн турш Монгол оронд эрдэм судлалын ажил хийхийн зэрэгцээ Германы хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран манай орны хөдөөгийн аймгуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд чиглэгдсэн төслүүдийг хэрэгжүүлж иржээ.

Тэрээр Ховд Их сургуулийн хүндэт профессор бөгөөд 1993 оноос хойш Ховд аймагт олон удаа ирж тодорхой хугацаагаар ажиллаж байсан. аймгийн Засаг дарга асан Г.Нямдавааг тус их сургуулийн захирлаар ажиллаж байх үед энэ сургуультай хамтран эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлсэн, аймгийн дарга байх үед нь ч энэ чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байсан аж. Энэ удаад манай ахмад хөөмийч, ардын урлагийн мастер, МУГЖ Н.Сэнгэдорж гуайн санаачилан бий болгож буй ардын язгуур урлагийн бичил театрыг дэмжиж Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба ноён Ёорг Яанзен энэ асуудлыг өөрөө хөөцөлдөн ажил хэрэг болгосон тус байгууллагын үндсэн гишүүний хувьд хөрөнгө оруулалтаар олгож буй тоног төхөөрөмж, бусад зүйлсийг гардуулж, суурилуулж өгөх түүнчлэн баруун Монголын язгуур урлагийг судлаж буй судалгааны ажлынхаа чиглэлээр Ховд аймагт хүрэлцэн ирээд байсан бөгөөд тэр үеэрээ мөнөөх бичил театрт байхад нь уулзаж, орчуулагч А.Мөнхцацалаар хэлмэрчлүүлэн ярилцсан юм.

SANY0194

-Таны амгаланг айлтгая. Сайн явж байна уу?

-Сайн явж байна. Таны ч бас амгаланг айлтгая

-Та энэ удаад манай Ховд аймагт ямар ажлаар зочилж ирэв дээ. Ажил үйлс тань тавлаг уу?

-Би анх 1993 онд Монгол оронд ирснээс хойш баруун Монгол нутаг, тэр тутмаа Ховд аймагт олон удаа ирж байна. Одоо бол Монголд миний хамгийн сайн мэддэг ойр дотно нутаг бол Ховд аймаг болжээ. Энэ нутагт би их элэгтэй болсон хүн дээ. Би Германы Берлин хотын Нээлттэй их сургуульд олон жил ажилласан. Одоо чөлөөндөө гарсан ч тэр сургуульдаа зөвлөхөөр ажиллаж Монгол судлалын асуудлыг хариуцан, хэд хэдэн докторантын эрдмийн ажлыг удирдаж байна. Түүний нэг нь одоо надтай хамт яваа манай сургуулийн /Берлиний Нээлттэй их сургууль/ ардын язгуур урлаг судлаач, орчуулагч А.Мөнхцацал юм. Би өөрөө газарзүйч, этнологич хүн. Өмнө нь Ховд их сургуультай хамтран газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байлаа. Харин одоо бол этнологи болоод Монголын язгуур урлагийн чиглэлээр судалгаа хийж, Монголын энэ чиглэл дэх залуу судлаачид, эрдмийн зэрэг горилогчидтой хамтран ажиллаж байна. Энэ удаад баруун Монголд тухайн чиглэлээр судалгаа хийхийн зэрэгцээ Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт Германы Берлин хот, Бранденбургийн Лионс клубээс олгож буй техник хэрэгслүүд, хөрөнгө оруулалтын зүйлсийг гардуулж өгөх зэрэг ажилтай явж байна. Манай Лионс клуб бол нийгмийн сайн сайхны төлөө гэсэн хүмүүсийн сайн дурын нэгдлээр бий болсон байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудад хүмүүнлэгийн болон нийгмийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бичил төслүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг тусламж үзүүлдэг юм. Урьд нь бид Монгол орны бусад аймгууд Төв, Архангай, Хэнтий болон говийн аймгуудын малчдад чиглэгдсэн бичил төслүүд, дэмжлэгүүдийг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал Лионс клуб маань өнгөрсөн жил Монголын хөдөө нутгийн ахмад настнуудад зориулан 600 харааны шилийг германд үйлдвэрлэж, Монголд авч ирээд Улаанбаатараас тусгай нүдний эмчтэй хамт хөдөөгөөр ажиллан, өндөр настнуудын харааны төвшинг тогтоолгож, уг нүдний шилүүдийг тааруулуулан, тусламж болгож өгсөн гэх мэтийн олон зүйлийг хийсэн юм.

-Танай Лионс клубийг хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэж ойлгож болох уу?

-Энэ бол нийгэмд чиглэгдсэн дэвшилттэй зүйлүүдийг дэмжиж хамтран ажиллах зорилгоор хэсэг хүмүүсийн сайн дурын үндсэн дээрх үүсгэл санаачлагаар байгуулагдсан, олон нийтийн байгууллага юм л даа. Лионс клубийн гишүүд маань сая миний хэлсэн төслүүд болон дэмжлэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ өөрсдийн хөдөлмөрлөж олсон цалингийнхаа тодорхой хэсгээр хуримтлал үүсгэж, тэр хуримлалаас мөнөөх төсөл дэмжлэгүүдийг санхүүжүүлдэг юм.

SANY0201

- Энэ чинь буянтай сайхан ажил байна. Манай Сэнгэдорж гуайн байгуулж буй энэ бичил театрт танай байгууллага яг ямар төхөөрөмж хэрэгслүүдээр туслаж дэмжиж байна вэ?

-Бид үзэгчдийн сандлууд мөн видео камерийг иж бүрнээр нь, нотебоок компьютер, проектор, дуу өсгөгч, тайзны гэрэл зэрэг 3.5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг олголоо. Энэ маань Ховд аймагт ардын язгуур урлагийн өвийг хамгаалж, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд өчүүхэн ч гэсэн нэмэр болвол бидний хэрэг бүтэх юм. Энэ цаг үед даяаршил түрцтэй явагдаж, үндэсний онцлог зүйлүүд язгуур соёл, урлаг мартагдаж бүдгэрэх хандлага бодит үзэгдэл болж байна. Тиймээс үүнийг сөрөн зогсож, үндэсний үнэтэй цэнэтэй зүйлсээ хамгаалж үлдээх, энэ талаар өргөн олон нийтэд мэдүүлэх явдал их чухал байгаа нь ажиглагддаг. Уул нь миний хэлж буй энэ санааг төрийн болон мэргэжлийн байгууллагын түвшинд маш их ярьж байна. Мөнгө төгрөг ч чамгүй зарцуулж байгаа харагддаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр нь үр өгөөжөө өгөх нь барагтай, хий хоосон яриа болоод байх шиг харагддаг. Хөрсөн дээрээ нэг сайн бууж өгөхгүй л байна гэсэн үг. Тухайлахад ардын язгуур урлагийн хамгаалж хөгжүүлэхийн төлөө үнэн санаанаасаа зүтгэж, юм хийхийг хүсэж буй соёл урлагийн өв тээгч ч юмуу урлагийн зүтгэлтэнүүдийн хийж байгаа бодит зүйлийг дэмжээсэй гэж боддог. Энэ үүднээс бид Сэнгэдорж гуйн сэдэж хийж буй энэ зүйлд багаахан хэмжээний дэмжлэг үзүүлсэн юм. Том хэмжээний төсөл арга хэмжээ биш юмаа гэхэд ийм багаахан зүйл дээр ч бодит үр дүн гаргаж байвал тэр нь хөрсөн дээрээ бууж байна гэсэн үг. Техник хэрэгслүүдийг гардуулан өгч байгаа энэ арга хэмжээнд зориулаад Н.Сэнгэдорж гуай бидэнд ардын язгуур урлагийн сайхан тоглолт сонирхууллаа. Бид энэ тоглолтыг бүрэн хэмжээгээр нь камерт бичиж авлаа. Тоглолтын бичлэгийг германд аваачиж, хөрөнгө оруулагч Лионс клубийнхэн болон бусад холбогдох хүмүүст үзүүлнэ.  

-Тун сонсууштай зүйлийг ярьлаа. Та Монгол оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр ажилласан эрдэмтэн хүний хувьд нэн ялангуяа манай орон нутаг дахь нийгмийн хөгжлийн чиг хандлагын тухайд ямар бодол саналтай явдаг вэ, Энэ тал дээр санал онолоо хэлмээр зөвлөмөөр зүйл ажиглагдаж байна уу?

- Миний харж байгаагаар Монгол орны хөгжлийн бодлогод барууны хөгжингүй орнуудын загварыг дуурайх маягийн хандлага их давамгайлсан шинжтэй байна л даа. Тэр нь орон нутагт мөн адил хэрэгжиж байна. Монгол орны хөдөөгийн аймгуудын хувьд суурин соёл иргэншил, хотжсон хэв маягийн хөгжил гэдэг юм дээд тал нь л 90-100 жилийн түүхтэй юм шиг байна. Аймгууд ойгоо тэмдэглэж байгаа зэргээс тэгж харагдаж байна. Тэгэхээр энэ хэв маягийн хөгжлийн туулсан замналын хувьд харьцангуй богино хугацаатай тэр бүр өндөр түвшинд очих болооогүй гэсэн үг. Жишээлэхэд Германтай харьцуулья л даа. Германы хувьд хотжсон хөгжлийг хамгийн наад зах нь л 200 жил өрнүүлсэн улс. Тиймээс үйлдвэрлэл, худалдаа, эдийн засаг соёл, шинжлэх ухаан гээд бүх зүйл нь харьцангуй өндөр хөгжсөн байдаг. Ер нь аль ч орны тухайд хөгжлийг эрчимтэй зөв явуулахад хамгийн чухал хүчин зүйл нь хүний хөгжлийн асуудал байдаг. Ард иргэд нь хэр зэрэг боловсролтой, ухамсартай байна вэ тэр хэмжээгээр нийгэм нь зөв замаар хөгждөг. Монгол орон эдийн засагийн нөөцийн хувьд, үндэсний язгуур соёл хийгээд хадгалж, хамгаалж хөгжүүлэх ёстой чухал зүйлүүддээ хөрөнгө зарж, үр дүнд хүрэх хангалттай боломжтой улс гэж би үздэг. Гэвч миний санасны хэмжээнд тийшээгээ анхаарахгүй байна. Хөгжлийн тухай төрийн бодлогын талаар аваад үзэхэд зөвхөн уул уурхайд суурилсан бодлого хэрэгжүүлэх юм бол энэ маань өрөөсгөл зүйл. Нийгмийн бүх салбарыг жигд хөгжүүлэх, тэр тусмаа өөрийн үндэсний уламжлалт салбараа түлхүү авч үзэх бодлогыг явуулах нь аль ч хөгжингүй хийгээд өндөр хөгжилтэй орны явж ирсэн сонгодог зарчим. Үндэсний онцлог бүхий салбараа анхаарахгүй хаях юм бол маш том алдаа болно. Тиймээс Монголд, тэр тусмаа орон нутагт уламжлалт нүүдлийн ахуй соёл, мал аж ахуйгаа түлхүү хөгжүүлэх нь чухал шүү дээ. Дан ганц уул уурхайг шүтэж үсрэнгүй өндөр хөгжилд хүрнэ гэсэн бодлого бол хэт нэг талыг барьсан өрөөсгөл бодлого. Ашигт малтмал эрдэс баялгийнхаа нөөцийг аль болох гамнаж хойч үе ирээдүй рүүгээ харсан бодлого явуулахыг аль ч улсаас өнөөгийн бодит нөхцөл байдал шаардаж байна. Монгол улсад мал аж ахуй, газар тариалан бусад үйлдвэр үйлчилгээнийхээ салбаруудыг жигд хөгжүүлэх юм бол уул уурхай руугаа бодлогогүй дайраад байхгүй, ирээдүйгээ харсан бодлого явуулах боломж нь хангалттай байна. Гэтэл зөвхөн Оюутолгойгоор жишээ авахад үндэснийхээ ирээдүйн маш том нөөцийг бодлогогүйн харгайгаар бусдад алдаж байна гэсэн үг шүү дээ. Монголын эрх барих байгууллагуудаас явуулж буй бодлогын тухайд би үүнийг л огт ойлгохгүй байгаа юм.

SANY0197- Берлин дэх Гётёгийн институтаас Манай аймгийн Булган суманд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хэд хэдэн хүн Германы тосгонд очиж туршлага судлаж ажиллаад ирсэнтэй уулзахад надад их сонирхолтой зүйлүүдийг дуулгасан л даа. Тухайлахад Германы бараг 100-аад тосгонд эрчим хүчний асуудлыг дандаа байгалийн нар, салхи, био эрчим гэсэн гурван тулгуурт эх үүсвэрээс хангадаг, газар тариалангийн салбарт газар хагалахад хүртэл ердийн хөсгийг ашигладаг, элдэв чамирхал, үрэлгэн байдлаас аль болох зайлсхийдэг тухай сонссон. Энэ хэр бодитой зүйл вэ?

-Тийм шүү. Та үнэн зүйлийг олж мэдсэн байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийг одоо Монгол болон бусад оронд хэрэглэж байгаа технологи эсвэл атом, цөмийн эх үүсвэр дээр тулгуурлаж явуулах нь байгалийн нөөцийг хомстгохоос гадна хүмүүсийн эрүүл мэндэд маш их халгаатай. Нэн ялангуяа цөмийн технологи дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Германд бол цацраг идэвхт бодис ялгаруулдаг бүх төрлийн туршилт үйлдвэрлэл, цөмийн түүхий эд олборлох явдлаас бүрэн татгалзсан. Гэтэл Монголд үүнийг хэрэгжүүлэх гээд ил далд янз бүрийн аргаар зүтгээд байдаг нь бас их ойлгомжгүй зүйл. Тухайлахад Дорноговийн Улаанбадрахын асуудал байна шүү дээ. Монгол бол байгалийн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглаж, эрчим хүчнийхээ хэрэглээг хангах хамгийн боломжтой орон. Гэтэл үүнийгээ ашиглах сонирхолгүй байгаа нь тун базаахгүй хэрэг гэж боддог.

SANY0195-Та манай Ховд их сургуулийн хүндэт доктор хүн. Сүүлийн үед энэ сургуультай ямар түвшинд харилцаа холбоотой байна?

- Харилцаа холбоо байлгүй яахав. Сургуулийн удирдлага мэргэжлийн багш нартай урьдын адил холбоотой ажиллаж байна. Энэ их сургуулийн хэд хэдэн багш оюутны докторын ажлыг удирдаж, заримыг нь Германд өөрийн ажилладаг сургуульд тэндхийн тэтгэлгээр суралцуулан, эрдэм судлалын ажилд нь үргэлжлүүлэн зөвлөж байна. Гэхдээ тэтгэвэрт гарснаас хойш өмнөх шиг идэвхтэй харилцаа холбоо маань жаал сулрах хандлагатай болсон. Хоёрт гэвэл бодлого барьж буй хүмүүсийн хандлага ч бас нөлөөлж байгаа тал бий. Г.Нямдавааг сургуулийн захирал болон аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед бодлогын түвшинд эрдэм шинижлгээний далайцтай төслүүд хэрэгжүүлдэг байсан. Энэ нь тэр хүний тухайн чиглэлд ач холбогдол өгч, ойлгож, алсыг харсан шийдвэр гаргаж чаддаг байсантай холбоотой. Одоо бол тийм зүйл үндсэндээ тасарсан.

-Миний ойлгосноор та уул нь газар зүй, түүн дотроо нийгмийн газар зүйн чиглэлийн эрдэмтэн судлаач. Энэ чиглэлээр манай оронд олон жил эрдэм шинжилгээ судалгааны ажил хийсэн. Харин одоо бол угсаатны язгуур соёл урлагийг судлаж байгаа юм байна. Энэ таны чөлөөнд гарсантай тань холбоотой юу, эсвэл...?

-Би угаасаа этнологич мэргэжилтэй хүн өөрөөр хэлбэл угсаатны болон хүн амын бүлгийн тухайн нутаг ус, газар оронтой холбогдох онцлог шинж төлөв, ахуй амьдрал, нийгмийн хэвшил соёл, урлаг зэргийн язгуур уялдааг судалдаг. Тэгэхээр угсаатны соёл судлах маань миний мэргэжлийн нэг чухал хэсэг нь юм.

Энэ чиглэлийн судалгаагаа цаашид тасралтгүй явуулах уу, таны судалгаа цаашид Монгол орны аль хэсэгт төвлөрч үргэлжлэх бол?

- Монголд ажилласан 10 гаруй жилийн турш надад хамгийн онцгой сэтгэгдэл төрүүлсэн сонирхол татсан нутаг орон бол баруун бүс нутаг түүний дотор Ховд аймаг. Олон ястан угсаатан амьдардаг гэдгээрээ ч, язгуур соёлын хувьд бусад төв болон зүүн бүсэд тэр бүр байдаггүй ховор өвийг тээж үлдсэн гэдгээрээ ч надад тун онцгой санагдсан тул бий цаашид энэ чиглэлийн судалгаагаа танай аймаг болон баруун Монголд л үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.  

-Ярилцсанд баярлалаа. Монгол оронд явуулах таны эрдэм шинжилгээ судалгааны ажил, хүмүүнлэгийн үйлсэд тань улам их амжилт хүсье.

Баярллаа. Танай редакцийн ажил үйлсэд бас өндөр амжилт хүсье.

Г.Төрмөнх

 

Хуучин андууд ба шинэ боломж

Олон улсын харилцаа

Kriim 02

2014 онд орчин үеийн орос орны түүхэнд эргэлтийн шинжтэй үйл явц бий болсон нь олон улсын харилцааны түвшинд ч онцлог зүйл болж байна.

Бүх ард түмний санал асуулгаар Крым автономит Бүгд найрамдах улс болж, Украйны бүрэлдэхүүнээс гарах болсон нь тусгаар эрх бүхий энэ хойгт оршин амьдрах Оросын ард түмний дийлэнх олонхийн дэмжлэг авсан. Олон нийтийн хандлагыг ажиглавал энэ үйл явцыг Оросын холбооны улсуудын улс төрийн орчин дахь бас нэг эерэг дүр төрхийг бий болгож байна хэмээн үзэж байгаа нь илт.

Крым бол өнөөдөр түүхийн тухайд ч, улс төрийн хувьд ч Оростой адил тэгш эрхтэй. Гагцхүү барууны “харцаг”-ууд үүнийг өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал хэмээн сурталчилж байгаа юм. Энэ нь түүхийг багааахан ч болов ухрааж эргүүлээгүй. Тиймээс Америк хийгээд баруун европыг аялдан дагалдаж, тал тохой татах туршилтын үйл ажиллагаа ер хэрэггүй юм.

Ямар ч атугай энд шинжлэх ухааны үндэслэл сайтай дүгнэлт мэдээллүүдээс авч үзэх нь чухал. 2014 оны 3 сард нийтлэгдсэн эдийн засагч, Олон улсын эдийн засгийн харилцааны нийгэмлэгийн болон, /МЭО/ и Гадаад эдийн засгийн холбооны гишүүн, /ВЭС/ Москвагийн Улсын их сургуулийн Олон улсын харилцааны институтын /МГИМО/ /У/ Гадаад эдийн засгийн тэнхимийн доцент Евгений Брюков энэ тухай үгүүлснийг авч үзвэл Оросын хаант Засаг болон Крым хоорондох нутаг дэвсгэр нь XVII зууны төгсгөлд Зэрлэг тал нутаг хэмээн нэрлэгдэж байв. Энэ газар нутгийн зөвхөн нэг хэсэгт нь л Оттомоны хаант засаглал эдийн засгаа өргөжүүлэн хөгжүүлж эхэлсэн байдаг. Крымын татарууд хэзээнээс үйлдвэрлэл эрхлэж байсангүй. Эдийн засгийн үндэс нь гагцхүү днепровск, их оросын газрын үржил шим л байлаа. Иймээс эдийн засаг нь эрсдэл хохирол ихтэй байв. 1571 онд шатсан Москвад Крымын гол төлөв олзлогдогсодоос бүрдсэн 150 мянган хүн, бүүр өмнө нь 1521 онд мөн л олзлогдогсод болох 800 хүн суурьшиж байв. Дайны хөлд нэрвэгдсэн Крымыг бага болон их Оросын түвшинд хүргэж, хөгжлийн хэвийн нөхцлөөр хангах зайлшгүй шаардлагатай байсан яг энэ үетэй залгаад Крымд язгууртан тайж Потемкин анхны Засаг захиргааг байгуулах ажлыг эхлүүлэв. Энэ эхлэл цааш үргэлжилж, Каховын хойг дээр эрчим хүчтэй болгож, усан боомт, дэд бүтцийг барьж байгуулан, орчин үеийн томоохон хотуудыг бий болгов.

XVIII зууны 80-аад оны эхээр Херсонын цэргийн флот байгуулагдаж, усан /далайн/ худалдаа эрхлэх болж. хөлөг онгоцууд зорчих болов. XVIII зууны төгсгөл гэхэд Николаев болон Севастопольд худалдааны хөлөг онгоцууд бий болсон бөгөөд энэ үеийг хүртэл Оросын эзэнт гүрэнд тэр тусмаа дурьдаж буй нутаг оронд хөлөг онгоцны үйлдвэр бий болоогүй Крымчүүд ийм үйлдвэрлэлийн талаар мэддэггүй байв. Тэр үед бид Турк, Грекийн хөлөг онгоцыг хэрэглэдэг байлаа. Тэгвэл XVIII зуунд эх суурийг нь тавьсан хөгжлийн замнал нь “бага Орос”-ын /Мало Россия/ үед амжилттай үргэлжилж замын байгууламжууд бий болж, усан тээвэр хөгжин, Крым болон Одессед усан үзмийн үйлдвэрлэл, худалдааны суурь тавигдаж, боловсролын хөгжлийг ихээхэн урамшуулах болов. Крымын дайны өмнөхөн Англи улс үр тарианыхаа 50 хувийг Бага Оросоос импортолдог байв.

Kriim 01

XIX зууны дунд үед Крымд 20 гаруй цэмбэний үйлдвэр ажиллаж, үр тарианы үйлдвэрлэл ч үлэмж нэмэгдсэн байлаа. Мөн XIX зууны эхний хагас гэхэд жил тутам 5-15 сая пуд /нэг пуд нь 16 кг-тай тэнцэнэ/ давс, 12 сая пуд улаан загасыг Оросын төв хэсэг рүү болон хил рүү тээвэрлэн хүргэдэг байв. Түүнчлэн баримт сөхөж үзвэл далайн худалдааны боомтод улсаас тодорхой хэмжээний татаас, санхүүгийн дэмжлэг олгодог байсан байна. 1914 оны нэгдүгээр сар гэхэд Хар далайн худалдааны боомт Оросын хамгийн том боомтод тооцогдож байв. Гэхдээ Балтийн тэнгисийн далайн худалдааны боомтыг нийслэл Петербург орчмын бүсэд авч үзэж байлаа. Эл үед Хар далайн боомт 413 уурын хөлөг онгоц, 231 чиргүүл онгоцтой байсан бол Балтийн тэнгисийн боомт 243 уурын хөлөг онгоц, 113 чиргүүл онгоцтой байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны сүүлч дээр улсын эдийн засаг үлэмж хямралд орж ЗХУ-ын европын бүс дэх ардын аж ахуй л голлох суурийг бүрдүүлж байв. Тэр үед Бүх Оросын оршин суугчдын хөрөнгө оруулалтын үлэмжхэн хэсгийг Крымд чиглүүлсэн байна.

Дээрх баримтуудаас харахад XIX болон XX зууны туршид үндсэндээ Крымд нүсэр хотжисон бүтэц бараг шаардлагагүй байсан мөрт аж үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүд тэнд төвлөрч байлаа. 1954 онд Крым Украйнаас салан тусгаарласан яг тэр үеэс хойш тэнд бүрэн хэмжээний сэргээн босголт хийгдсэн. Тухайн үеэс 1991 оныг хүртэл Крымын хойгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийгдэж, рашаан сувиллын бүс Черноморийн сувиллын газар, Черноморын усан флот, Севастопол хот бий болов. Үлгэрлэвээс оросын нэг рубль тутмаас 16 копеек нь Украйнд ногдож, тэндхийн цүнхнээс 6 копеек нь Крымд зарцуулагддаг байв. 1991 онд хойгийн нутаг дэвсгэрт амралтын 326 бүс, 12 рашаан сувилалын хотхон үлдсэн нь ЗХУ-ын эдийн засгийн орлогын чамлалтгүй хэсэг нь тэнд шилжсэн гэсэн үг. Ийм санамсаргүй байдлаар Украйны Засгийн газар үлэмжхэн баялагт эзэн суусан тусгаар улсын удирдах болсон юм. Ингээд Зөвлөлтийн сая сая хүмүүсийн хөдөлмөрөөр баяжсан олигархууд гарч иржээ. Оросын бүрэлдхүүнд байсан 23 жил бол Крымын шудрагаар мандан бадарсан үе бөгөөд эрх тэгш субьект гэдгийг тодотгох нь зүй.

Харин энэ асуудлыг хөрш Монголын ард олон хэрхэн хүлээн авч байгаа нь сонирхолтой.

            Хэдхэн сарын өмнө Монгол Улсын их хурлын дэд дарга Л.Цог Оросын сэтгүүлчид ярилцлага өгчээ. Уг ярилцлагын хэсгээс толилуулбал

                Сур. Монголд Крымын хэрэг явдлын талаар идэвхтэй хэлэлцэж байх шиг байна?

                Л.Цог: Тиймээ одоо Крымд санал асуулга явагдаж байна. Бид аль ч ард түмний өөрийн тусгаар эрхийг дэмждэг. Ард түмэн юуг хүсэж байна тэднийхээр л болох ёстой. Одоогийн нөхцөлд Украйнд хууль ёсны бүрэн засаглал алга байна. Тиймээс миний санал бүрэн утгаараа Оросын төлөө байгаа.

Сур: Баттулга сайд Оросыг дэмжиж үзэл санаагаа илэрхийлсэн. Үүнийх төлөө түүнийг буруу зүйл хийсэн гэж үзэх ямар нэг шалтгаан бий юу?

Л.Цог: Би ч түүний ярьсныг дэмжиж байгаа. Бидний үзэл санаа үүн дээр нэгдэж байгаа юм. Би Улсын их хурлын дэд даргын хувьд хэлэхэд ч мөн ялгаагүй Оросын үзэл санааг, Крымын ард түмнийг дэмжиж байна.

Монголын нийгмийн зүтгэлтэн, улс төрч, нэрт хуульч Логийн Цог Крымын асуудлын талаар байр сууриа ийнхүү тов тодорхой илэрхийлсэн байна.

Бараг 900 жил Крым Оросын газар нутаг байсан гэж үзвэл асар их хэмжээний хөрөнгө оруулалт энэ том гүрний “цээжнээс” ивлэн бий болсон юм. Энэ бол аль ч үүднээс авч үзсэн мэдээжийн асуудал. Үнэн хэрэгтээ энэ үйл явдал бол олон улсын харилцаа хийгээд тухайн нэг улсын эдийн засагт ч нөлөөтэй. Тухайлахад Өнөөдөр Монгол улсад оруулж буй Оросын экспортын хэмжээг тооцож үзэж болно. Ойрын ирээдүйд энэ үзүүлэлт өөрчлөгдөх төлөв ч бий. Одоо Монголын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 32.2 хувийг Хятад улс /нэгдүгээр байр/, 23.1 хувийг Орос /хоёрдугаар байр/, 15.6 хувийг Америк /гуравдугаар байр/, 8,8 хувийг Өмнөд Солонгос /дөрөвдүгээр байр/, 4.0 хувийг Япон эзлэж байна. Түүнчлэн гадаад эдийн засгийн төрөлжилт болон улс төрийн нээлттэй байдлын хувьд Монголын хамгийн гол түнш нь яах аргагүй Орос улс юм.

Kriim 03

Оросын ФТС-д өгөгдсөн мэдээллээр 2013 онд Монголын РФ-тай хийсэн худалдааны бараа эргэлт 1613.1 сая доллар, Оросын барааны нэмэгдсэн үлдэгдэл 1530.7 сая доллар байна. Өнгөрсөн онд Орос улс Монголоос мах, махан бүтээгдэхүүн, зэс, молибдений хүдэр, төрөл бүрийн ноосон эдлэл, сувинарыг голлон импортолсон бол өөрийн орноос Монгол улсад эрдэсийн бүтээгдэхүүн, рашаан ус, нефтийн бүтээгдэхүүн /72.2 хувь/, машины тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, /5.6 хувь/, аж үйлдвэрийн бараа, хөдөө аж ахуйн түүхий эд /10.5 хувь/, металь эдлэл /5.4 хувь/, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн /4.5 хувь/-ыг экспортложээ.

Харин Боловсролтой холбоотой харилцаа түүнчлэн Монгол маягийн аялал жуулчлал, амралт сувиллын үйлчилгээг хөгжүүлэх өргөн бололцоо харагдаж байгаа. Эрүүл мэндийнхээ төлөө сайн чанарын рашаан сувилалд үйлчлүүлэх нь хүний зайлшгүй хэрэгцээнүүдийн нэг. Крым дахь Черномерийн рашаан сувиллын хувьд энэ талаар хосгүй боломж хүлээж байгаа юм. Ойрын ирээдүйд Орос, Монголын хилээр харилцан визгүй зорчих асуудлыг шийдвэрлэх тухай яригдаж байгаа тухай таатай мэдээ ч байна. Зөвхөн гадаад паспортоо аваад л хөрш улс руу худалдаа эсвэл амралт аяллаар ч юм уу, Монголын Казакууд гэхэд Какакстан руу ах дүү төрөл төрөгсөддээ очихоор зорчих боломжтой болвол тун чиг таатай биш гэж үү.

Дахиад цөөн хэдэн баримт дурьдвал Крымын бүгд найрамдах улс 2014 онд Оросооос нэг сая жуулчин, Украйнаас 200.0 мянган зочин хүлээн авчээ. Эдгээрийн 27-30 хувь нь хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагуудад ногдож байна. Тухайн цаг үеийн туршид Крым дэх амралт сувиллын газрууд 60 хувь, хүүхдийн зуслангууд 100 хувийн хүчин чадлаараа ажиллажээ. Алтайн Бүгд найрамдах улсаас л гэхэд Чорномерскийн амралтын газарт 200 орчим хүүхэд очиж үйлчлүүлсэн байна.

Krim 04

Түүнчлэн Монгол улстай олон жилийн нөхөрсөг харилцаатай явж ирсэн. Тийм болохоор харилцан визгүй зорчих тухай шийдвэр бол зайлшгүй хүлээгдэж байгаа зүйл юм. Энэ нь хоёр орны эдийн засгийн харилцааны өсөлтөнд шинэ түлхэц өгөх нь дамжиггүй. Тухайлбал соёлын болон спорт, аялал жуулчлалын салбарт нэн чухал болж байгаа юм. Миний нэлээн эртний танил Баян-Өлгий аймгийн оршин суугчдын хувьд л гэхэд Хар далайн амралтанд очиж амрахыг, бас Баян-Өлгий рүү усан үзэм зэрэг зарим төрлийн жимсийг хямдаар нийлүүлэх сонирхол их байдаг. Тэгвэл хил гаалиар зорчих зохицуулалтын хувьд энэ бүхнийг хөхиүлэн дэмжсэн, хялбаршуулсан шийдвэр хүлээгдэж байна. Ингэснээр жуулчид, аялагчид болон бусад зорчигсод илүү хямд зардлаар Крымд зорчих болно Тухайлбал Монголоос Сочигийн олимпид тамирчид очлоо гэхэд одоогийнхоос 50 хувийн хямд зардлаар Крымын хойгт хүрч байрлах болно шүү дээ.

Магадгүй Монголын хүүхдүүд хүүхдийн Артек зусланд очиж амрах сонирхол үлэмжхэн байгаа байх. 20 гаруй жилийн өмнө хөрш Ховд аймгаас бас Монголын бусад хот аймгуудаас энд хүүхдүүд очдог байсан бол өнөөдөр Монголоос нэг ч хүүхэд тэнд очихгүй байна. Түүнчлэн Крымын хойг Монголтой усан үзмийн худалдаа зэргээр хамтарч ажиллахад бэлэн байдаг. Өнөөдөр Монголд зөвхөн Хятадаас усан үзэм нийлүүлж, алим, лийр, амтат гуай, гүйлсийн мод зэрэг зарим жимс жимсгэнийг бүүр Афганстанаас хүртэл дамжуулан авч байна. Тэгвэл энэ бүхнийг олон жилийн нөхөрсөг харилцаатай хөрш Оросоос экспортлох юм бол хавьгүй илүү ашигтай.

           Есөн жилийн өмнө Горно-Алтайн хөдөө аж ахуйн салбараас Монголд суулгаж туршихаар нутгийн сортын сая гаруй суулгац аваачиж байв. Тэдгээр нь говирхог хөрсөнд ургадаг, тэсэж амьдрах чадвар сайтай ургамал учир Монголчууд сонирхох нь аргагүй. Тэрээр жимсэлдэг бөгөөд жимс нь маш витаминлаг. Хэрвээ цаашдийнхаа олон зуун жилийн ирээдүйг авч үзэх юм бол Крымын хойгийн ихэнх газар нутаг түүнчлэн Монголд ч гүний болон хөрсний усны нөөц тийм ч хангалттай бус. Тиймээс хөрсөнд амьдрах чадвар сайтай бут сөөг, суулгац, таримал зэргийг харилцан нутагшуулж, цус сэлбэх замаар хөрсний ус чийгийг хамгаалах боломж бий.

Энэ мэтээр олон салбарт харилцаа холбоо тогтоож, цаашид улам гүнзгийрүүлэн, өргөжүүлэх нь амьдралаас урган гарч байгаа хүлээлт шаардлага гэж хэлж болох юм. Энэ нь дэмий хэрэггүй зүйл гэж хэлэх юм бол ёстой л “тэнэг” хэрэг болно. Хуучин андуудыг одоо шинэ боломж хүлээж байна.

 

                                              Алексей Ивашкин /сэтгүүлч/

                                               Орос хэлнээс орчуулсан сэтгүүлч Г.Төрмөнх

 

 

 

Халхын голд чухам юу болсон бэ?

                    Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойд

                                                            -           Энэ дайны илэрхий бус түүхийг 75 жилийн дараа -

Манай сүүлийн үеийнхэн маань энэ тухай тун бага мэднэ. Дунд сургуульд энэ талаар заах боловч 1939 онд тухайн үеийн БНМАУ-ын нутаг Халх голд Квантуны арми болон Улаан армийн хооронд цус асгаруулсан тулалдаан /зэвсэгт мөргөлдөөн/ болсон гэх төдий өнгөц мэдээллээс хэтрэхгүй.

Тэгтэл энд болсон үйл явдал бол манай орны түүхэн дэх шийдвэрлэх ялалтуудын нэг байсан юм. 

Jukov Mongold

Урьтал үе

Японы удирдлага 1927 оны долоон сарын долоонд Хятад улсад явуулах улс төрийн бодлогын хөтөлбөр төлөвлөгөө, түүнчлэн Манжуур болон Монголд хэрэгжүүлэх “Японы онцгой ажиллагааны” тухай авч хэлэлцжээ.

Генерал Танака Японы эзэн хаанд мэдэгдэхдээ “Хятадыг эзлэн авахын тулд бид эхлээд Манжуур, Монголыг эзлэж өөрийн болгох хэрэгтэй. Тэрчлэн бидний дэлхийг эзлэх төлөвлөгөөний маань анхны алхам нь бүх Хятадыг заавал эзлэж авах явдал. Энэ бол Зөвлөлт холбоот улсыг довтлох хамгийн чухал түшиц газар нь болох ёстой. Японы арми яг одоо үүнд бүрэн бэлтгэгдээгүй байгаа ч бид Манжуурын хилд халдлага эхлүүлэхээр нэгэнт шийдвэрлээд байна” гэсэн байдаг.

Япончууд 1931 оны 9 сарын 18-нд Манжуурт халдлагаа эхлэж, 1932 оны гурван сарын нэгэн гэхэд Манжуурыг нэгэнт эзлэсэн байв. Эзлэгдсэн нутагт Манж-гоо улсын сүүдрийн Засгийн газар гэгчийг байгуулж Пу И гэгчийг удирдагч болгожээ. Тэр нь Засгийн үүргийг бодитоор гүйцэтгэхгүй ч Японы улс төрийн болон цэрэг дайны бодлогын туршилтын талбар болж байлаа.

Ажиллагаа №8

1936 оноос 1938 оны долоон сарын эхэн хүртэл Япон, Манжуурын цэргийн хүчин Хасан нуурын хавь газраар ЗХУ-ын дархан хилийг 231 зөрчиж, 35 удаагийн өдөөн хатгалага хийж, тулгаралт мөргөлдөөнд хүрч байжээ. Эдгээр мөргөлдөөний үр дагавар нь ЗХУ-ын бүрэн ялалтаар төгсөв. Японы арми Хасан нуурын дэргэд бут цохигдсон ч дайны санаархалаа орхисонгүй.

Халдан довтлох ажиллагааны 8 дугаар төлөвлөгөө гэгчийг Японы цэргийн ерөнхий штаб /генштаб/-аас боловсруулж сайшаагдан дэмжигдсэн нь “Ко”, болон “Оцу” гэсэн хоёр хувилбартай бөгөөд гол зорилго нь ЗХУ болон түүний холбоотон, /найрамдалт/ БНМАУ-ын хилийг сэтлэж, гэнэтийн цохилт өгсөнөөр Япон орондоо “милитризмийн нар”-ыг мандуулах явдал байв.

Эхлэл

Японы тал Монголын өмнө хэсгээс хойт хил хүртэл улмаар ЗХУ-ын хилийн чиглэлд тавих төмөр замын ангийг хамгаалах тусгай армийг Монголын хилээс 20 км-т Манжуурын нутагт байршуулахаа зарлав. Монголын тал эрс дургүйцэж, Япончуудыг хөөн зайлуулахаа мэдэгдэв. Зэвсэгт өдөөн хатгалага эхлэж 1939 оны 5 сарын 11 –нд анхны мөргөлдөөн болжээ. Энэ өдөр япон, манжуурын 300 цэргийн бүрэлдэхүүнтэй отряд Монголын хилийн застав руу санамсаргүй байхад нь гэнэт довтолсон байна.

Хэдхэн хоногийн дараа японы агаарын цэргийнхэн хил зөрчин орж ирж, агаарын довтолгоон хийж эхлэв. Зөвлөлт Монголын цэргийн хүчин японы цэргийн нисэх хүчний довтолгооныг амжилттай сарниулж, газраас бэхлэн хамгаалж байлаа.

Yapon nisgegch

Триумф Жукова

Батлан хамгаалахын ардын комиссар К.Е. Ворошилов Г.К. Жуковд хандан “ Японы арми БНМАУ-д халдан довтоллоо. Фекленкогийн командалсан 57 дугаар корпус тэнд байгаа ч тэдэнд тодорхой бус нөхцөл байдал тулгараад байна. Байдал ихээхэн хүнд байна. Та яаралтай Монгол руу явах хэрэгтэй. Тэнд очиж нөхцөл байдлыг судлан, шаардлагатай нэмэлт хүчийг татан аваач” хэмээн үүрэг болгов.

Жуковын сэтгэл ер амарсангүй газрын зургийн өмнө удаан зогслоо. Япончуудын довтолгоо минут ч амраахгүй, Зөвлөлтийн цэрэг тэнд эрсдэлтэй нөхцөлд байна гэсэн бодол санааг нь зовооно.

107 дугаар хорооны буудлагын батальоны нэгдүгээр ротын командлагч, дэслэгч И.М.Карпенко “Өдөр бүр дайралтын /атак/, гал дунд давшиж, хориглосоор нар жаргахад л сая амсхийдэг” тухай ярьсан байдаг.

Командлагч Жуков 57 дугаар онцгой корпус буюу өөрчлөгдөн нэрлэгдсэнээр ардмийн нэгдүгээр группыг Японы армийг Монголын нутгийн гүн рүү гишгүүлэхгүйгээр түрэмгийллийг бүх хүчээрээ тогтоон барьж байх үүрэгтэйгээр тохоон томиллоо. Энэ ажиллагаа амжилттай болж. Зургаадугаар сард багтан Зөвлөлт Монголын 38 мянган дайчин бүхий. Зэвсэглэсэн групп байлдааны гол түшиц газарт төвлөрч амжжээ.

Зөвлөлтийн цэргийн командлалаас онцгой арга хэмжээ авч байлдаан болж газар луу Москвагаас цэргийн нисэх группыг илгээсэн ба тэдгээр нисэгчдийн дотор байлдааны асар их туршлага эзэмшсэн ЗХУ-ын баатар 17 нисгэгч багтаж байв. Ингэснээр байлдааны талбар дахь улаан армийн агаарын хүчинд давуу байдлыг бий болгож чадав. Халхын гол дахь зэвсэгт мөргөлдөөний үргэлжлэх хугацаанд зөвлөлтийн цэргийн нисэгчид дайсны 660 байлдааны онгоцыг агаарт устгаж, жагсаалаас гаргасан тухай албан ёсны баримт байдаг.

Байлдааны эхний үед Зөвлөлт Монголын арми удаан хугацааны турш зөвхөн дайсны довтолгооныг тогтоон барихын төлөө хориглон байлдаж байв. Ийм нөхцөлд дивиз командлагч Жуков дээд штабтай зөвлөлгүйгээр нэг талаар аз туршсан шийдвэр гаргаж, танкийн 11, мотобуудлагын 7 дугаар бригад мөн Монголын армийн буудлагын дивизионоос бүрдсэн тусгай хүчнийг япончуудаас Баянцагаан уулыг хамгаалах давхар хүчнээр илгээжээ.

Баянцагааны тулалдаанд танкийн болон механикжсан бригадыг цохилтын гол хүч болгон давшуулж, маневарлах онцгой чадварыг үзүүлсэн нь дэлхийн цэргийн дайны практикт гарсан анхны өвөрмөц тактик болж үлдсэн байна. Дайсан этгээд дайралтыг тулж ирэхийг хүлээлгүйгээр хориглолтонд шилжсэн ч тун удалгүй бүхэлдээ бут цохигдов

Ах дүү Монголын ард түмний төлөө

Баянцагааны ялалтын дараа Жуков хориглолтоос давшилтанд шилжих шийдвэр гаргав. Дайсан цэргээ нэмэгдүүлж 75 мянган хүнтэй болоод байсан бол Зөвлөлт Монголын арми 57 мянган хүнтэй байлаа. Давшилтыг 8 сарын 24-ны өдөр хийхээр төлөвлөжээ. Командлагч Жуков энэ төлөлөгөөг 8 сарын 20-ноос эхлэн гаргасан байлаа.

Японы арми дайралтыг хэрхэвч хүлээхгүй нь тодорхой, тэр тусмаа сайтар бодож боловсруулсан давшилтын тактикаа хэрэгжүүлэхээр зэхэж байв. Тэрээр цохилтын гол хүчээ байлдааны талбарын өмнөт хэсэг дэх групп дээрээ төвлөрүүлжээ. Гэвч тэд алдаа гаргасан байлаа. 8 сарын 26 гэхэд Зөвлөлт Монголын арми японы 6 дугаар армийг бүх талаас нь бүслэн хаажээ. Япончууд бүслэлтийг сэтлэх оролдлого хийв. 8 сарын 28 гэхэд японы хамгаалалтын сүүлчийн зангилааг бүслэн хаав. Япончууд артиллерийнхаа бараг бүх хүчийг довтолгооны байрлалд шилжүүлж, бүслэлтийн гадна зөвхөн миномент пулемотын ангиа үлдээсэн байлаа. Байлдаан нүүр тулсан нөхцөлд хатуу ширүүн болов. Дайсны байрлалд тулж очмогц гардан тулалдаанд оржээ.

8 сарын 31 гэхэд Монголын нутаг руу халдан довтолсон японы цэргийн групп бүрэн хэмжээгээр бут цохигдлоо. Японы Засгийн газраас ЗХУ-ын Засгийн газарт хандаж, ялагдлаа хүлээн, байлдааны үйл ажиллагааг Монгол Манжуурын хилээс урагшлалгүйгээр зогсоохыг гуйсан хүсэлт илгээв. 1939 оны 9 сарын 15 гэхэд Халхын голын эрэгт байлдааны үйл ажиллагааг дуусгах тухай ЗХУ, БНМАУ, Япон улсын хооронд гарын үсэг зурахаар харилцан зөвшөөрч, дараа өдөр нь уг үйл явдал болсон байна.

Р.S

Японы Самурай нар үргэлж аймшиггүйгээр бусдыг эзлэхийг төлөө санаархаж байлаа.

Японы цэргийн хүчний нисгэгч Харада Фумиогийн нэгэн хүсэлт архивт хадгалагдан үлджээ. “Намайг Японы хилээр давуулах юм бол би тэнд өчиггүй буудуулна. Надад хэзээ ч японд очих хүсэл алга. Надад ч, миний гэр бүлд ч ялгаагүй...” хэмээн тэр мэдүүлсэн байдаг.

Түрэмгий дайн хийж, эзлэх авах санаархалын үр үндэс нь жирийн япон хүний сэтгэлд ийнхүү өөрийн эх орноос айсан айдас, үл итгэлцлийг бий болгож орхисон нь эндээс харагдана.  

 

                                                                                     Бэлтгэсэн Дмитрий Соколов

                                                                              Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ