Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

“Хайнань” аралд амрах дараагийн азтан хэн байх бол?

Byambatsogt zurag 01

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт жил бүрийн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, ажлын товч тайлан бүхий хуанлийг аймгийнхаа өрх бүрийн тоогоор илгээдэг уламжлалтай.

Өнгөрсөн жилээс эхлэн хуанли бүрийг азийн сугалаатай болгож, шинэ жилийн дараа сугалааны тохирлоо явуулсан. 2013 оны супер азтанаар Булган сумын малчин Ш.Цэрэнхүү тодорч Хайнань аралд амраад ирсэн. Мөн 8 азтан цахилгаан барааны эзэн болсон.

Энэ жилийн хувьд хуанлийн хуудсыг буцааж авах хугацааг сунгаснаар олон иргэн азтан шалгаруулах сугалаанд оролцох боломжийг бий болгосон ажээ. Мөн өмнөх онд азын дугаараар шалгаруулж байсан бол энэ жил хуудсаа бөглөж ирүүлсэн иргэний овог, нэр, регистрийн дугаараар азтанг тодруулахаар болжээ.

Морь жилийн азтан шалгаруулах сугалаанд нийт 11550 хуанлийг оролцууж, овог, нэр, эсвэл регистрийн дугаараа дутуу бөглөсөн, баллаж цохолсон буюу нийт 3760 хуудсыг азтан шалгаруулах журмын дагуу сугалаанд оролцуулах боломжгүй тул хассан байна.

Сугалаанд оролцсон иргэдээс 1 супер азтан тодорч Хайнань аралд амрах дараагийн хүнээр тодрох бол 8 азтан цахилгааны барааны эзэн болох ажээ. Мөн сугалаанд оролцох боломжтой 11550 хүн дотроос гишүүний ажлын албанд удаа дараа мессеж ирүүлж, утсаар санал зөвлөмжөө өгч идэвхитэй харилцаж буй 99 идэвхитэнээ шалгаруулж гарын бэлгээ гардуулах гэнэ. Та бүхнийг азын тэнгэр ивээх болтугай.

 

 

Нөхөрлөлд хил зааг үгүй

 Хил дамнасан хамтын ажиллагаа

Монгол улсаас Кызыл хотод суугаа ерөнхий консул Дамирангийн Ганболд дагалдагсдын хамт Алтайн хязгаарт ажлын айлчлал хийв. Хөтөлбөрийн хүрээнд тэд эхний өдрөө Барнаул хотын 38 дугаар сургуульд зочиллоо. Хоёр улсын хамтын ажиллагааны түүхийг сөхвөл энэ сургуулийг Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль болж байсан гэдгийг мэдэх болно. Харин одоо бол тэрхүү суурин дээрээ тулгуурлан Зөвлөлт, Монголын найрамдалт хамтын ажиллагааны түүхэн үйл явцуудыг үзүүлсэн музейг сургууль дээрээ нээжээ. Айлчлалын явцад ноён Д.Ганболд 38 дугаар сургуулийн удирдлагатай уулзалт хийхдээ, тус сургууль болон Монголын ижил төстэй сургуулийн хооронд бодитой хамтын ажиллагааг өрнүүлж, тодорхой төслийг хамтран хэрэгжүүлэх тухай ярилцав. Үүний үр дүнд сурагчдын багийг харилцан солилцож сургуультай танилцуулах ажлыг зохион байгуулахаар болсон юм.

Үүний дараа ерөнхий консул Алтайн хязгаарын амбан захирагчийн орлогч Виталий Снасеритай уулзаж хүмүүнлэгийн болон боловсролын салбарт түүнчлэн худалдаа эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэв. Хамтын ажиллагаа нь ОХУ-ын сибирийн бүс нутаг болон Монгол улсын баруун аймгуудыг хамаарсан асуудал юм. Түүнчлэн агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд Монгол улсад тодорхой арга хэмжээнүүд зохион байгуулна гэдгээ ч мэдэгдсэн юм.

Мөнхүү И.И Ползуновын нэрэмжит Алтайн хязгаарын техникийн их сургуульд зочлох дашрамд тус сургууль дээр нүүдэллэн ирээд байсан Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Г.К. Жуковын нэрэмжит Цэргийн түүхийн музейн “Халхын гол 1939” сэдвийн хүрээнд явагдаж буй нүүдлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Энэхүү арга хэмжээнд ерөнхий консул болон түүнийг дагалдагсдаас гадна Техникийн улсын их сургуулийн дэд захирал Александр Ситников, Орон нутгийн ахмадын хорооны дарга, ахмад дайчин Николей Распопов, Монгол улсын Цэргийн түүхийн музйн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Эрдэнийн Мөнхчулуун нар оролцсон юм.

Оролцогсод энэ үеэр түүхэн үйл явдлын гэрч болсон хоёр улсын баатарлаг дайчдынхаа түүхэн гавьяаг ямагт дурсаж, тэрхүү дайны гал дунд гагнагдсан найрамдал нөхөрлөлөө сэргээн бататгахын чухлыг онцлон тэмдэглэж байлаа.

Хөтөлбөрийн төгсгөлд консул Д.Ганболд Барнаул дахь гадаад хэргийн яамны төлөөлөгчид болон тэдний удирдагч Михайл Королевтэй уулзаж Алтайн хязгаарын хүн амын амьдарлын нөхцөл байдал, Сибирийн бүс нутгууд болон Монголын баруун бүс хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлвийн талаар танилцуулсан юм.

ОХУ-ын Алтайн хязгаарын хэвлэлээс орчуулан нийтлэв.

Булган голын хөндийгөөс шинэ чулуулаг олж нээжээ

Chuluu

ОХУ-ын Томскийн эрдэмтэд Монгол Алтайн нуруунаас хоёр төрлийн шинэ чулуулаг олж нээсэн тухайгаа саяхан мэдэгдсэн. Үүний нэг нь Ховд аймгийн нутаг Булган голын хөндийгөөс олджээ.

Урьд өмнө илэрч байгаагүй хийгээд эрдэмтэд судлаачдын сонирхлыг гойд татаж буй энэ чулуулаг нь кварцын төрлийн олон зүйл талстлаг эрдэсүүдийн холимогоос тогтсон хатуу боржинлог чулуулаг бөгөөд судлаачдын тооцоолсноор 6.06-6.30 г/см куб нягтшилтай, барзгар гадаргуутай ажээ.

Г.Мөнх

 

Алексей Ивашкин: Түүх үнэнээрээ үлдэх ёстой

            Редакцын зочин

Aleksei Sergeevich

Арван сарын эхээр Улаанбаатарт зочилсон ОХУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай редакцын түнш Алтайн бүгд найрамдах улсын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Ивашкин, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэд дарга Андрей Жуков нар оролцсон бөгөөд Улаанбаатараас эх нутаг руугаа буцах замдаа Баян-Өлгий аймагт саатаж, бидэнтэй өдөр, цаг товлон уулзсан юм. Уулзалтын үеэр тэдэнтэй хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэж байна.

-Тантай дахин уулзсандаа баяртай байна. Өөрсдийн зорьж буй үйл хэргийнхээ тухай мэдээллийг манай уншигчидтай хуваалцаж болохсон болов уу?

- Сэтгүүлч нийгмийн зүтгэлтнийхээ хувьд 1939 онд Халхын голд болсон харийн түрэмгийллийн эсрэг тулалдаанд ялсан Зөвлөлт, Монголын дайчдын түүхэн ялалт, түүнд оролцсон Алтайн хязгаарынхны үүрэг оролцоо, гавьяат үйлсийн тухай, түүнчлэн энэ түүхэн үйл явдлын 75 жилийн түүхт ойг талаар уншигчидтай санал бодлоо хуваалцахыг эртнээс хүсэж байлаа. Өнгөрсөн есдүгээр сарын эхээр манай улсын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд хүрэлцэн ирэхэд Монголчуудын ихэнх хэсэг нь өндөр сэтгэгдэлтэй хүлээн авсан. Энэ үйл явдал надад өнгөрсөн зуунд Японы түрэмгийллийн эсрэг нэгдсэн Зөвлөлт Монголын ахан дүүсийн барилдлагын талаар бичиж буй түүхэн бүтээлийнхээ Монголын тухай, Монгол дайчдын тухай хэсгийг амжилттай дуусгахад ихээхэн урам зориг өглөө. Миний авга болох Серафим Константинович Ивашкин гэдэг дайчин тухайн үед Зөвлөлтийн талаас Монголын армид туслах бүрэлдэхүүнд оролцон тулалдаж явсан юм. Авга маань байлдааны үед өөрсдийн байрлалаа дайсанд алдахгүй хамгаалах бат бэх бэхлэлт байгуулахад нь зөвлөн туслаж, Морин цэргийн хамтаар япончуудад цохилт өгч явсан байдаг. Тэнд тулалдаж байсан Зөвлөлтийн цэргүүдийн 30 гаруй хувийг сибирийн хот тосгодоос ирсэн дайчид бүрдүүлж байсан нь одоо илэрхий болсон зүйл. Тэд Монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж, зарим хэсэг нь Монгол нутгийн хөрс шороонд амиа өргөцгөөсөн. Халхын голд өнгөрөөсөн эл хүнд хэцүү сар өдрүүд Зөвлөлт Монголын ард түмний найрамдлыг улам бат бэх болгон, гагнаж өгсөн гэж боддог доо.

- Тун сонирхолтой хэрэг байна. Авга ах тань Халхын голд тулалдаж явсан болохоор танд энэхүү түүхэн үйл явдал бүр ч сонирхолтой байгаа биз?

- Сонирхолтойгоос гадна үүнтэй холбоотой, зайлшгүй илрүүлэн гаргаж ирж, судлаж мэдэх ёстой, нэн чухал асуудлууд цаана нь бий. Сүүлийн үед хөрш улсуудын харилцаанаас ажиглахад энэ түүхэн үнэнийг төдийлөн хайхрахгүй мартагнах байдалтай болсон мэт төлөв байдал ч бий болсон мэт. Чухам иймээс бид олон нийтийн мэдээллийн “Золотой перо Алтая” цахим сайтыг байгуулан, ажиллуулж энэ тухай цуврал тэмдэглэлүүд, нийтлэл материалуудыг өргөнөөр нийтлэн, олны хүртээл болгохын зэрэгцээ, “Халхын гол 39 - Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын босго” хэмээх ном бүтээхээр шамдан ажиллаж байна. Дашрамд хэлэхэд 2015 онд эх орны их дайны агуу ялалтын 70 жилийн ойг Орос орон даяар өргөн тэмдэглэнэ. Энэ үйл явдал ирэх оны таван сард болох бол намар нь есдүгээр сард Японы квантуны армийн түрэмгийллийг бут цохиж, дэлхий дахинд удаан жилийн энх тайван байдлыг тогтоосны мөн 70 жилийн ойг Ази – Номхон далайн бүсийн олон орнуудад тэмдэглэхээр зэхэж байна. Бүтэн зургаан жилийн турш Азийн улс орнуудыг түгшүүр, зовинолын түймэрт автуулсан тэр дайн дэлхийн хүн амын үлэмж хэсгийг авч одон, үлдэгсдийг нь амьдын хагацалд унагасан гээд бодоход тоомсорлолгүй орхиж болохгүй зүйл биз дээ.

- Тийм байлгүй яахав. Энэ талаар томоохон ажил өрнүүлж, манай оронд хүрэлцэн ирсэн нь ч бидэнд бас талархууштай байна. Та урьд нь ер нь манай улсын нийслэлд очиж байсан уу?

- Би Монгол оронд хоёр дахь удаагаа ирж байна. Монголд байх хугацаандаа Баян-Өлгий болон Ховд аймаг, Улаанбаатар хотод ажиллаж, хөдөөгийн ганц нэг сумуудаар ч явж үзлээ. Нийслэлд бол одоо л анх удаагаа очоод буцаж байгаа минь энэ. Нийслэл Улаанбаатарт байх хугацаанд Монголын эрдэмтэн судлаачидтай хамтран “Халхын гол 39 - Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын босго” нэртэй онол - практикийн бага хурлыг зохион байгуулж амжлаа. Хуралдаанд Манай ОХУ-ын АБНУ-аас одоо миний хамтаар танай редакцид зочилж буй түүхч Андрей Жуков, Горно –Алтайн Улсын их сургуулийн аспирант Владислав Терентьев болон миний бие, харин Монголын талаас Монголын үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, Монгол улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Цэргийн түүхийн музейн захирал, түүхийн ухааны доктор С.Ганболд, Түүхийн ухааны доктор С.Базарсүрэн, эрдэмтэн Т.Эрдэнэхишиг, мөн түүхийн ухааны доктор, Монголын армийн бэлтгэл дэд хурандаа Х.Шагдар нарын эрдэмтэд оролцлоо. Хуралдаанд оролцогсод 1939 оны зургаа, долоо, найм, өсдүгээр сарын турш Халх голд болсон байлдааны ажиллагаатай холбоотой, Зөвлөлт Монголын цэргийн командлалын тактик, төлөвлөгөө, цэргийн байрлал, байлдааны үйл ажиллагаанд хятад орон буюу өвөр Монголоос оролцсон партизануудын тухай гэхчлэн олон зүйлийг хэлэлцсэн.

Ivashkin zurag

Доктор С.Ганболдын ярьснаар тухайн үеийн Өвөр Монголын эрчүүдийг японы Манж Го улсын цэрэгт дайчлан татаж байсан ба тэд үндэс угсаа нэгт Монголчуудынхаа эсрэг байлдах хүсэл зориг байсангүй. Тийм болохоор байлдаанд ороогүй ар талд нутагтаа үлдсэн өвөр Монгол эрчүүдийг алж устгах тушаалийг Их наран улсын цэргийн эрхтнүүдээс япон цэргүүдэд өгсөн байдаг. Үүнийг мэдсэн Монголчууд ар Монголын тал нутаг руу оргон ирж, цөөн буйраараа нэгдэн, партизаны отрядууд байгуулж самурайн цэргүүдэд гэнэтийн цохилт өгөх ажиллагааг явуулж байсан ажээ. Энэ нь тэдний хувьд Монгол Зөвлөлтийн цэргүүдэд туслах хамгийн тохиромжтой арга байв. Яваандаа партизаны армийн үйл ажиллагаа улам эрчимчиж, японы армийн бүрэлдэхүүнээс 70 орчим цэрэг тэрхүү партизануудтай нэгдэн томоохон командлалыг буй болгосон байна. Тэд японы армиас тархаан байрлуулсан хорлон сүйтгэх группуудыг илрүүлэн, цохилт өгөх ажиллагааг мөн явуулж байсан тул Зөвлөлт Монголын армид үлэмж тус болсон нь гарцаагүй.

- Бидний тэр бүр мэддэггүй маш сонирхолтой мэдээлэл байх чинь. Энэ мэтээр цаашид судлаад, сурвалжлаад байвал, түүхэн дэх тэр бүр хүний мэдэлгүй орхигдсон зүйлүүдийг ч олж мэдэх боломжтой байх нь ээ. Хуралдааны үеэр өөр ямар сонирхолтой сэдэв хөндөгдөв?

- Улаанбаатарт болсон онол практикийн бага хурлын явцад бид нэгэн зүйлийг зөвшилцөж, тохиролцсон нь 2015 оны 5 дугаар сард агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан том хэмжээний онол, практикийн бага хурлыг Горно –Алтайн улсын их сургуулийг түшиглэн, АБНУ-ын Горно Алтай хотод зохион байгуулахаар болсон явдал юм. Тэр хуралдаанд Монголоос эрдэмтэд оролцоно. Харин наймдугаар сарын эцэс, эсвэл есдүгээр сарын эхээр тэрхүү бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна. Эдгээр хуралдаанууд нь олон улсын түвшинд болох бөгөөд ОХУ, Монгол, Хятад, Японы эрдэмтэд судлаачдыг оролцуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн 70 жилийн түүхэн үйл явцын тухай томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхээр бид төлөвлөж, юуны өмнө Монголын талын оролцогчдыг урьсан. Ирэх хаврын 5 дугаар сард Горно-Алтайн Улсын их сургуульд намар нь Монголын нийслэл Улаанбаатарт болох тэрхүү томоохон үйл ажиллагаануудыг Монгол дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран зохион байгуулахаар хэлэлцэж тохирсон. Японы талаас эрдэмтэд судлаачид оролцох байх гэж найдаж байна. Яг өнөөгийн байдлаар ирэх жилийн намар Улаанбаатарт болох хуралд Наран улсаас чухам хэн оролцох нь тодорхой бус байгаа. Хэвлэл мэдээллээс харж байхад Япончууд нэлээн бодит бус тайлбар хийж байгаа тал ч ажиглагдаж байгаа нь тэнд асуудал байна гэсэн үг.

- Бас тийм тал бий юу Тухайлбал ямар тайлбар вэ?

- Тухайлбал японы зарим судлаачид 1939 онд Квантуны арми Орос болон Монголыг хамгаалах гэж дайн өдөөсөн мэтээр гүжирдэх хандлага ч байх шиг. Чухам хэн нь харийн түрэмгийллээс хэний нутаг орныг хамгаалсан гэдгийг тэнд жинхэнээр нь үзүүлж мэдүүлэх хэрэгтэй л дээ. Ийм болохоор ирэх оны үйл ажиллагаа тун чухал гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.

- Гарцаагүй чухал асуудал байна. Манай Нийслэл хот танд ямар санагдав?

- Надад Монголын нийслэл тун их таалагдлаа. Би өмнө энд огт ирж үзээгүй. Хүн амын ихэнх нь харьцангуй залуужсан, орчин үеийн олон байшин барилгууд сүндэрлэсэн, гудамжаар нь машин тэрэг нь бараг л “хахаж цацсан” орчин үеийн хөгжиж байгаа өргөн баялаг хот юм байна.

- Сонирхолтой яриа өрнүүлсэнд тань баярлалаа. Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье

- Баярлалаа. Бидэнтэй хамтран ажиллаж буй танд болон танай редакцын ажил үйлсэд бас амжилт ерөөж сайн сайхныг хүсье.

                                                                                                                       Ярилцсан Г.Төрмөнх    

 

 

Б.Наминчимэд: Түүх биднээр тохуурхаж байна

tohuujhaj bna

Түүх заримдаа бүхэл бүтэн ард түмэн, улс үндэстнээр, тэдний хувь заяагаар тохуурхан тоглодог. Ийм үзэгдэл түүхэнд олонтаа давтагддаг ажээ. Түүхэн их эргэлтийг хийхдээ ард түмэн нэгэнт үеэ өнгөрөөсөн бүхнийг таягдан хаяж, шинэ илүү давшингүй нийгэм, хөгжлийг зорилгоо болгон тэмүүлдэг.

Гэтэл тодорхой хугацааны дараа тэдний өнөөх хүсэн хүлээж байснаас нь тэс ондоо үр дүн гарч, нийгмийг гүн шоконд оруулж, гайхшруулан алмайруулах нь бий. Түүхэн зүйн ийм үзэгдлүүдийг Гегель анзаарч ажиглаад “Түүхэн тохуурхал” хэмээн нэрийджээ. 

Яг ийм ТҮҮХЭН ТОХУУРХАЛ өнөө биднийг нөмөрсөн байна. Түүх биднээр тун адтай, хоржоонтой тохуурхаж байна.

Яаж тохуурхаж буйг хэдхээн зүйл дээр жишээ болгон тогтож үзье. Учир нь энэ тохуурхал улс төр, эдийн засаг, түүх, ёсзүй, гүн ухаан зэрэг маш өргөн хүрээг хамарсан үзэгдэл тул нэг нийтлэл төдийд базахад бэрхтэй.

-    Хүнд суртал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид төрийн хүнд суртлын эсрэг жагссан, тэмцсэн. 1980-аад оны зогсонги үеийн төрийн аппарат дахь хүнд суртал нийгмийг бухимдуулж, өөрчлөлт шинэчлэлийн салхийг даллаж байв.

Гэтэл өнөө тэр цагийн хүнд суртлаас хэдэн арав дахин илүү хүнд суртлын аппарат нэг л мэдэхэд бидний толгой дээр данхайчихаж ээ. Өнөө хүнд суртал ямар яршиг төвөгтэй байгааг тоочилтгүй, бүгдээр мэднэ.

-    Намжсан төр: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид намжсан төрийн эсрэг жагссан, тэмцсэн. Тухайн үед Монголын төр бол МАХН байсан. МАХН-ын Улс төрийн товчоонд төрийн бүхий л асуудлуудыг шийддэг байв.

Захын суманд хүртэл Сумын МАХН-ын үүрийн товчоо сумын бүх ажлыг хянадаг, шийдвэр гаргахад чухал нөлөө, дарамт үзүүлдэг байв. Намын гишүүн болохгүй л бол хичнээн авьяас чадвартай байгаад ямар ч боломж олддоггүй байв. Бид энэ байдлаас гарахын төлөө тэмцсэн. 

Гэтэл өнөөдөр үзэл сурталжсан намаас хамаарсан төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр.

Өмнө үзэл суртлаар бүхнийг хянаж, цагдаж, түүнд нийцүүлдэг байсан бол өнөөдөр цөөнх олигархуудын эрх ашигт нийцүүлж, тэдний үзэмжээр төрийн ажил явдаг болсон. Үгүй ядаж л ямар нэгэн үзэл санаа байдаг бол арай дээр байхсан, олигархуудад өөрсдийнх нь эрх ашгаас өөр ямар ч үзэл санаа гэж байхгүй юм.

Аль нэгэн намын гишүүн байж, тэр намдаа үхэн хатан харанхуйгаар зүтгэхгүй л юм бол төрд үнэнч шударгаар зүтгээд ер нь бараг л нэмэргүй, яагаад гэвэл нэг л өдөр аль нэг намын боловсон хүчин нэртэй хийрхэгч ирээд ажлыг чинь авна. Тиймээс төрд ажиллагсад өөрийн эрхгүй намжиж, намчирхаж эхэлнэ. 

-    Хэвлэлийн эрх чөлөө: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн. Нэг намын үзэл суртлыг түгээн дэлгэрүүлсэн, өөр бусад үзэл бодлыг хавчин хяхсан тийм хэвлэл мэдээллийн орчинг шүүмжилж, олон ургалч үзэл чөлөөтэй өрсөлдөж байдаг хэвлэлийн эрх, эрх чөлөөг хүссэн билээ. 

Харин өнөөдөр монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид нэн тодорхой эрх мэдэлтнүүд, улс төр-бизнесийн бүлэглэлд л үйлчилдэг болсон. Жишээ нь “Өдрийн сонин”-д Баабар, Элбэгдорж нарыг шүүмжилсэн ямар ч өгүүлбэр гарахгүй, “Өнөөдөр” сонинд С.Баяр, Н.Багабанди нарыг шүүмжлэхгүй.

Харин тэдний эсрэг бүлэглэлийг бол газрын гаваар ортол нь муулна, шүүмжилнэ. ТВ, Радио ч мөн адил. Ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд аль нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй бүлэглэлүүдээс шууд хамааралтай болж, тэдний хоорондын өрсөлдөөний талбар болж хувирснаар нийгэмд бодитой, голчтой мэдээлэл хүрэх боломж хомсдож, энэ нь нийгмийн талцлыг улам бүр дэвэргэх болсон билээ.

Сэтгүүлчид зөвхөн эздийнхээ хүсэлтээр хөлсөөр юм бичиж, амь зуудаг болсон. Нийгмээ үнэн бодит мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх сэтгүүлзүйн үндсэн үүргүүд хөсөр хаягдсан.

Ингэснээр олон түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр чухам үнэн зөв мэдээллийг хүлээн авахад нэн бэрхтэй болсон байна. Бид хэвлэл мэдээллийн ийм эрх, эрх чөлөөг хүсэж хаврын тэр жаврыг сөрж жагсаагүй.

-    Хууль, шударга ёс: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид шударга ёсны төлөө, хуулийг гууль болгодог бурангуй явдлын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт намын үзэл санаанд таараагүй бол, хэн нэгэн эрх мэдэлтэй том даргын сэтгэлд нийцээгүй бол шударга ёсыг үл тоох хандлага байсан.

Гэвч өнөөдөр улс орон даяар шударга ёс алдагдаад зогсохгүй шударга ёс гэж юу байдгыг бүр мартах шахаж байна. Шударгаар явах гэж оролдох аваас энэ цагийн урсгалд хөл нийлэхгүй болж, адлагдан ад үзэгдэж, хавчигдаж, шахагдаж, тэр бүү хэл зарим тохиолдолд амь амьдралаараа хохирох болов.

Шударга ёс хэрхэн гажсаныг маш энгийн зүйлээс анзаарч болдог. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу явж байсан нь байрнаасаа хөдлөхөд бэрх болоод, дүрэмгүй улайран дайрсан нь завшин явж болдог зовлонг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч бүр мэднэ.

Энэ бол нийгэмд нийтдээ шударга ёсны мэдрэмж алдагдсаны нэг тод илрэл юм. Хуучин цагт буюу БНМАУ-ын үед орон даяар 160 гаруй хууль тогтоомж хэрэгжиж, хуулийн хэрэгжилт 96 хувьтай байжээ. (Энэ тоо ихээхэн эргэлзээтэй, гэвч их хэтрүүллээ гэхэд 10 хувиас хэтрээгүй.)

Гэтэл өнөөдөр Монгол Улсад 900 гаруй хууль тогтоомж байгаа ч хэрэгжилт нь 50 хүрэхгүй хувьтай. Хуучин цагт хууль гууль болох явдал байсан бол одоо хууль зүгээр л хогийн шарилж болж хувирсан. “Хуулийг зөрчих гэж гаргадаг юм” гэсэн хачин сонин аксиом энэ хорин жилд гарсан билээ. 

Шүүх засаглал захиалгаар үйлчилдэг болов. Хэн төр, шүүх засаглалын эрх мэдлийг авна, түүнд үйлчилдэг шүүх засаглалтай болж хувираад байна. Эцсийн эцэст Монголын шүүх засаглал эрх мэдэл, эрх ашиг, их орлогын төлөө улайран тэмцсэн улс төр-бизнесийн бүлэглэлүүдийн бие биенээ намнах хэрэгсэл болж хувираад байна. Энд шударга ёсны тухай ямар ч ойлголт байхгүй болно. 

-    Авилгал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид авилгалын эсрэг тэмцсэн, жагссан. Тэр цагт авилга авдаг байж, гэхдээ тэр цагийн авилга 45-ын гутал, их сайндаа 100 төгрөг байв.

Тэр үед Ардын хянан шалгах хороо, Намын хянан шалгах хороо гэж хоёр аймшигтай газар байсан ба энэ хоёр аймшгийн газрын хараанаас мултарч авилга авна, өгнө гэдэг амаргүй байжээ. Харин одоо авилгад бүхэл бүтэн уурхайн орд газар, бүхэл бүтэн Яамны сайдыг өгдөг болсон.

Ерөөс авилга ямар түвшинд болсныг олон зүйл нуршилтгүй бүгдээр мэднэ. Авилгын индексээрээ бид дэлхийн улс орнуудыг хойноосоо манлайлдаг. МАН-ын үед 30 хувьтай байсан авилгал АН-ын үед 40 хувьд хүрснийг олон бизнес эрхлэгчид халаглан ярих болов.

-    Хэлмэгдүүлэлт: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоосоо болж хэлмэгдэхийн эсрэг жагссан, тэмцсэн. Тэр үед чөлөөт үзэл бодлоосоо болоод хэлмэгдэж, ажил албагүй болж, хөдөөгийн суманд жолооч, малчнаар цөлөгдөж, шорон оронд хүртэл хоригдох явдал байсан.

Гэхдээ хавтгай биш, тоолбол хэдэн зууд ч хүрхээргүй байв. Гэхдээ л бид үүний эсрэг тэмцсэн юм. 37 оны их хэлмэгдүүлэлтийг эргэн харж, цагаатгахын төлөө жагссан. 

Харин өнөө нэг нам засгийн эрхэнд гарангууд сөргөлдөгч намынхныгаа ажлаас нь хэдэн мянгаар нь хомроглон халж, өөрийн намынхнаа тавьдаг болсон.

Дараагийн сонгууль болж нөгөө нам нь сонгуульд ялбал хариугаа хэзээ ч дутуу авахгүй бүр давуулж авдаг болсон. Энэ явдал төрийг хүчгүйдүүлж, төрийн мэргэшсэн, туршлагажсан албыг улс төрийн тоглоом болгож хувиргасан. 

90-ээд оноос хойш хэрэгжсэн чөлөөт өрсөлдөөн нэртэй ч “Өрсөж булаа” гэсэн далд уриа, зарчимтай увиагүй өрсөлдөөний үр дүнд монголын балчир үрс хэдэн мянгаараа гудамжинд гарч, охид бүсгүйчүүд хэдэн мянгаараа янхан болж, залуус мянга мянгаараа гэмт хэрэгтэн болж, хэдэн зуун мянган монгол хүн, өрх гэрүүд ядуурлын аймшигт хавцал руу хийсэн амь, амьдралаараа хэлмэгдсэн билээ.

Ядуурал, бусармаг сэтгэлгээ хэтэрсэнээс үүдэн хэдэн зуун мянган үрс эхийнхээ хэвлийд ирт мэсэнт хирчүүлэн хороогдон хэлмэгдсэн билээ. Хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт бол шударга ёсонд, сайн үйлд итгэсэн хүмүүний сэтгэл зүрх гутаагдан доромжлогдож, хэлмэгдсэн явдал юм.

Хорин жилд монголд хамгийн эрчимтэй баригдсан бүтээн байгуулалт бол шорон байдаг бөгөөд энэ хугацаанд төсвийн зардлаар 20 шорон шинээр баригдсан бол төсвийн зардлаар сургууль, цэцэрлэг, эмнэлэг хэд баригдсаныг тоолох гэтэл олдоогүй болно.  

-    Тусгай хангамж, алагчлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид сайд дарга нарын тусгай хангамжийг эсэргүүцэж, ард түмнээ алагчилдагийг өөрчлөх гэж жагссан, тэмцсэн. Тэр үед дарга нар гялалзсан хар өнгөтэй Волга 24, Чайка унадаг байв. Ард түмэн Москвич, 21 унадаг байв.

Тэр үед дарга нар тусгай хангамжийн бараа бүхий дарга нарын дэлгүүрээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн 45-ын гутал, халуун савны запасны төлөө дэлгүүрт дугаарладаг байв. Дарга нарын хүүхдүүд муу сурдаг ч гадаадын их дээд сургуулийн хувиарыг авчихаад (гэхдээ дандаа биш) байдаг байв.

Дарга нар Сайд нарын II эмнэлгээр үйлчлүүлдэг байв. Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдээр үйлчлүүлдэг байв. Гэтэл өнөө дарга нар нисдэг тэрэг, онгоц унадаг болсон. Гэхдээ үүнд чанарын ялгаа их бий.

Хуучин цагт дарга нар голчлон хар тэрэг унаад төрийн ажил хийдэг байсан бол өнөө дарга нар нисдэг тэрэг унаад хувийн зугаа цэнгэл, ан гөрөө хийдэг болсон. Олигарх дарга нар, түүний эхнэр хүүхдүүд монголд өвөл ирж,

Улаанбаатар утаандаа хахаж цацах цагаар халуун дулаан орон руу нүүдлийн шувууд шиг нисэж, төрөөс, татвараар дамжуулан ард түмний халааснаас хулгуулсан их мөнгөөрөө авсан хэдэн зуун мянгын тансаг хаузуудад тухлан амарч аваад хавар болж цаг дулаарахад буцаад нисээд ирдэг болов.

Ард түмэн утаан дотроо хахаж цацаж, чанарын баталгаагүй хоол хүнсээр эрүүл мэндээ сүйтгүүлж байхад дарга нар, олигархууд Майми бийчид усанд шумбаж, Хонолулугийн эрэг орчимд завиар уралдаж, Макао, Сөүлийн казинод хэдэн зуун мянган доллараар тоглож суудаг болсон.

Ард түмэн нэгдсэн эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүйгээс коридорт нь эгнэн, цэргийн казармид байгаагаас ч дор нөхцөлд шахцалдан эмчлүүлсэн нэртэй ядаргаа, стрессийн туйлд орж байхад дарга нар Тайландын нэг удаагийн үзлэг нь хагас саяын үнэтэй эмнэлгийн  хаалгаар хэдэн талаасаа дэмнүүлэн ярвайсхийн орж явах. 

Төрөөс жил бүр багагүй хэмжээний зардлыг монголын залуусыг гадаадад их дээд сургуульд сургахаар гаргадаг ч тэр зардал ихэвчлэндээ дарга нар, баячуудын хүүхдүүдэд ногдож, тэдгээр эрхийн тэнэгүүд тэнд очоод сурсан ч юмгүй зугаалж наргиж аваад, эцэс сүүлд нь түмэн олондоо тус болох нь бүү хэл төрсөн биедээ ч нэмэр болох юм сурсангүйгээр барахгүй төрд буцаагаад төлсөн ч юмгүй гол гаргах нь олон болж... (Сайн суралцсан, үр бүтээлтэй ажил хөдөлмөр хийж яваа залуус бий ч тэд цөөнх юм шүү.)

-    Тусгаар тогтнолын баталгаа: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид тусгаар тогтнолоо улам бүр баталгаатай болгохын төлөө, “Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг” улс төрийн болоод эдийн засгийн хэт хараат байдлаас ангижрахын төлөө жагссан, тэмцсэн.

Тэр үед монголын эдийн засаг хойт хөршөөс 81 хувь, монголын улс төр бараг бүрэн хараат байв. Монголын улс төрийн бодлого Кремлд боловсорч, түүнийг сөрсөн монголын улс төрчид нэг нэгээрээ хойно учир битүүлгээр нас барж байв. 

Гэтэл өнөөдөр монголын тусгаар тогтнол үндэстэн дамнасан олон улсын корпорациудаас шууд хараат байдалтай болсон байна. Тэд их мөнгөөр монголын эрх мэдлийг атгаж буй улс төрчдийг, улс төрийн намыг худалдан авч, өөрсөддөө ашигтай хуулийг парламентаар гаргуулах боллоо. 

Монголын газар нутгийн 70 гаруй хувь нь лиценз нэрээр хувь хүмүүсийн эзэмшилд нэгэнт орсон ба тэдгээр хувьд гарсан газар нутгийн эздийн 70 гаруй хувийн цаана гадаадын, ихэнхдээ өмнөд хөршийнхөн байгаа нь манай тусгаар тогтнолд ноцтой аюул занал учруулж байгаа хэрэг юм.

Мөн манай эдийн засгийн 86 хувь нь өмнөд хөршөөс, гэхдээ ганц Эрээний боомтоос шууд хамааралтай болж хувирсан.  С.Зориг, О.Дашбалбар, М.Зэнээ, О.Энхсайхан, Ж.Наранцацралт зэрэг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч олон улс төрчид мөн л учир битүүлэг байдлаар хорвоогоос хальсаар байна. 

Тусгаар тогтнолын нэгэн нэн чухал баталгаа болдог үндэсний эв нэгдэл өнөөдөр тун эргэлзээтэй болов. Үзэл санаа, концепцийн өрсөлдөөн бус аль нэг намыг мухар сохроор дагасан утга учиргүй хийрхэл ард түмнийг хоёр талцуулж, насаараа нэг жалганд амар жимэр хаяа хатган суусан хоёр хөгшнийг хүртэл нэг нэгнийхээ босгыг алхуулахгүй болтол нь талцуулж байна.

Нийгмийн дотор баян ядуугийн ялгарал хол зөрөөтэй болж, баячууд нь ядуусыгаа арчаагүй, залхуу, боловсролгүй хэмээн ад үзэн шоовдорлох, ядуучууд нь баячуудыгаа шунахай, луйварчин, дээрэмчин гэж үзэн ядах сэтгэл зүй хэдийнэ бүрэлдэж бий болсон байна. 

Үлгэрлэвэл бидний тусгаар тогтнол нэг чонын өмнө байсан бол одоо олон чонын өмнө оччихсонтой адил болжээ. Энэ байдлыг анзаарсан Оросын судлаач С.Балмасов “Монголчууд ийм байдлаар үргэлжилбэл тун удалгүй Хятадын нэг муж болно гэж мөрийцөхөд ч бэлэн байна” гэжээ. 

-    Үзэл суртлын дарангуйлал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид нэг үзэл суртлаас ангижирч, олон ургалч үзлийн төлөө жагссан, тэмцсэн. Хэт туйлширсан нэг үзэл суртлын дөнгөнөөс ч салж чадсан билээ. Гэвч бид олон ургалч үзэл бүү хэл бүр ямар ч үзэлгүй болж хоцров.

Ядахдаа улс үндэстнийхээ хөгжлийн үзэл санаа, баримтлал ч үгүй болсон. Үзэл санаагүй нийгэм аяндаа өөрөө үжирч ганддаг юм. Бид наанаа өндөр өндөр байшин сүндэрлүүлж, өнгөлөг сайхан машинаар давхилдавч цаанаа ямар ч хөгжлийн тойм, итгэл, чиглэлгүй болчихжээ.

Нэгэнт хөгжлийн тойм, чиглэлгүй болчихсон ард түмэн урьд өмнөхөөсөө бүр ч илүүгээр тун хялбархан тархиа угаалгаж, утга учиргүй туйлширч, намаараа талцан хагаралдах болов. 

-    Гадаадын мөлжлөг: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид ЗХУ болон бусад орнуудтай байгуулсан эрх тэгш бус зарим гэрээг (энд зориуд “зарим” гэж орууллаа. Гэрээ бүхэн эрх тэгш бус байгаагүй, манайд ашигтай гэрээ их олон байсан билээ) эсэргүүцэж жагссан.

Монголчууд хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ, байгалийн баялгаа хямд үнээр нийлүүлж байсныг шүүмжилсэн. Бид өөрсдөө ч мэдээгүй байтлаа 11 тэрбум шилжих рублийн өртэй болчихсон байсныгаа шүүмжилсэн.

Гэтэл өнөөдөр тэр шүүмжилж байсан гэрээнээсээ хэдэн арав, зуу дахин ашиггүй гэрээг бид Оюутолгой, Тавантолгойн томоохон ордууд дээрээ байгуулчихсан, Ерөнхийлөгч нь “Одоо яая гэх вэ? Онгон охиноо хүнд өгсөн, одоо ямар ч арга байхгүй. Нэгэнт өнгөрсөн” гэсэн утгатай зүйл яриад сууж байх юм.

Бид хуучин ЗХУ-д төлөх ёстой 11 тэрбумын төлбөр ялбараас олон жилийн шургуу гэрээ хэлцээ, тэмцлийн үр дүнд 98 хувийг нь хасуулж байж арай гэж цаана нь гараад эргээд хартал дахиад тийм хэмжээний өртэй болчихсон сууж байх юм. Энэ өр хорогдох биш улам бүр эрчтэй нэмэгдэж байгаа. 

Манай байгалийн баялгыг, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүдийг монгол оронд ямар ч үнэ цэнэгүйгээр хуу хаман цөлбөх үйл явдал сүүлийн жилүүдэд өрнөлөө. Өрнөсөөр л байна.

“Бороо гоулд”-ыг жишээ болгон ярьдаг ч түүнээс үй олон уурхай, баялаг гадныхны гар хөл болсон цөөн хэдэн хүний халаасыг л зузаатгаад бусад хувь нь гадагшаа урсдаг урсгал хэвээр байна. 

-    Ил тод байх: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид эрх баригчдыг ил тод байхыг шаардсан. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг ил тод ярьж, элдэв гэрээ хэлцэл, өр зээл, аливаа шийдвэрээ ард түмэндээ илт тод болгохын төлөө жагссан, тэмцсэн. 

Гэтэл өнөөдөр ил тод байдал бүр үгүй болж, гадаадын томоохон компаниудаас санхүүждэг нам дамжсан бүлэглэлүүдийн хуйвалдаан далдын далд өрнөж, тэр хуйвалдаанаар ард түмний хувь заяа шийдэгддэг болсон.

Эрх баригчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэлүүдээр үе үе мэдэгдэл хийж, ил тод царайлах авч, үнэн чанартаа жинхэнэ шийдвэр нууц хуйвалдааны үед л гардаг болсон. 

Хэдэн арван тэрбумыг завшсан хэргүүдийн тухай үе үе хэвлэл мэдээллээр шуугидаг ч тэгэсгээд нам гүм болж замхарсаар байна. Цөөхөн, тун цөөхөн хэрэг шийдэгдэж, эзэн холбогдогч нь ял авдаг ч шударга ёсны үйлчлэлээр гэхээсээ илүүгээр улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдийн тэмцлийн золиос болон шийдэгдсэн гэвэл илүү үнэнд нийцнэ. 

Амьд гэрчтэй, эд мөрийн баримттай С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг өдий болтол хав дараастай байна. Асар их эрх мэдэл, эд хөрөнгөтэй, нам дамжсан хүчирхэг бүлэглэл цаана нь байгаагаас л өдий 15 жилийн турш чимээгүй байна. Ил тод байдлын тухай мөрөөдөх ч аюултай болсон биш үү. 

-    Үзэл бодлын чөлөөт байдал: 1990 оны хаврын хүйтэн хахирган жаврыг сөрж монголчууд бид үзэл бодлоо, үгээ чөлөөтэй илэрхийлэх, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэн дээдлэх эрх чөлөөний төлөө жагссан, тэмцсэн.

Тэр цагт үзэл бодлын маргаан нь зөвхөн нэг намын үзэл суртлын хашаан дотор л байж болдог, тэр хашаанаас нь гадуур өнгийж харах, соц үзэл сурталд эргэлзэх аваас хавчиж хяхдаг, пионер, эвлэл, намын хурлаар хэлэлцдэг, донгоддог, цаашилбал ажилгүй, сургуульгүй болгодог, цөллөг, шоронд илгээдэг байсан.

Шүүмжлэл зөвхөн тэр соц үзлийн хашаан дотор өрнөж болдог, гэхдээ ажил хэрэгч, бүтээлч шүүмжлэл, ялангуяа ёс суртхууны аястай, бас аж ахуйн талын шүүмжлэлийг голдуу хүлээж авдаг, үр дүн ч гардаг байж. 

Харин өнөө бид соц үзэл суртлын хэвшмэл хашааг эвдэж, нурааж чадсан ч чухам буцаагаад ямар нэгэн үзэл санааны ул мөр, учирзүйн уг шалтгаан байхгүй, ардчилал гэдэг нэг сайхан эрх дураараа орилж болдог, гэхдээ бусдын орилохыг сонсож болдоггүй, тэвчиж ч болдоггүй, тийм харанхуй муйхар, үл тэвчих необольшевик маягийн хашаа хэрмийг барьж орхижээ.

Өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тун осолтой. Хэрвээ таалагдахгүй бол шууд ирээд хутгалж ч мэднэ. Ёс суртхууны тухай шүүмжилбэл өмнөөс ямар ч ёс суртхуунгүйгээр шууд нулимна. Хариуцлагын тухай ярьвал “Хариуцлага гэж юу билээ” гэж гайхна.

Ямар нэгэн учир зүйтэй маргаан, нотолгоо үзэл санааны өрсөлдөөн гэж байхгүй, зүгээр л газрын гавруу ортол нь харааж зүхэж, нулимж, тэр шүүмжилсэн хүнээ хүнийх нь хувьд үгүй болгож, дотоод ертөнцийнх нь хувьд харанхуй мунхагаар бурангуйлан дарж авах гэж оролдоно.

Зарим тохиолдолд ажилгүй сургуульгүй болгож, зарим тохиолдолд их мөнгөөр амыг нь барих гэж оролдож, бүр зарим тохиолдолд хөлсний алуурчнаар шууд л алуулна. Эсвэл санамсаргүй автын осолд орно.

Бидний явж буй зам мөр, ардчилал маань гажсан байна, түүнээ эргэн харж засах хэрэгтэй тухай ярихаар ардчиллын эсрэг үзэлтэн байна, ардчиллын дайсан гарч ирлээ, буцаад коммунизмаа байгуулах гэлээ гэж хийрхэнэ. Энд ямар ч наад захын ёс зүй байтугай наад захын учир зүй, мэдлэг ч байхгүй.

Ийм л “дураараа байж болдог, гэхдээ бусдын эрхийг, үзэл санааг үл тэвчдэг, мэдлэггүй, тэнэгдүү, бүдүүлэг, анархи эрх чөлөө”-ний төлөө бид 1990 онд тэмцээгүй билээ. Ийм харилцан түлхэлцдэг, сөрөг цэнэгтэй анархи бөөмсүүдээс бүрдсэн нийгмийг зөвхөн задрах хувь тавилан л хүлээж байдаг. 

Ийнхүү түүх биднээр, монголчууд биднээр тохуурхаж байна. Гэхдээ тун хоржоонтой гашуунаар тохуурхаж байна. Түүх яагаад, ямар тохиолдолд тохуурхдаг юм бэ? Үгүй бол түүх дандаа ийнхүү тохуураад байдаг юм уу? Үгүй юм. Түүх ганцхан тохиолдолд л ард түмнээр тохуурхдаг. 

Ийм дотроо эв нэгдэлгүй, тодорхой үзэл баримтлалгүй, үндэсний бахархалгүй болчихсон, түрүүнийхээ бөөсийг толгой дээрээ гаргаад залчихсан ард түмнээр түүх тохуурхдаг юм.

Эв нэгдэлтэй, эрдэм мэдлэгтэй, эрмэлзэх зорилготой, түүнээ тойрон эрх ашгаа нэгтгэж чаддаг ард түмнээр түүх хэзээ ч тохуурхаж байгаагүй, чаддаг ч үгүй билээ

Б.Номинчимэд

Ч.Галсан: “Цаг нь ирэхэд их гүрнүүд бүгд дэлбэрнэ”

                                   Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Чинагийн Галсантай ярилцав. 

Chinaagiin

“Холын хүнээс үг сонс” гэдэг. Явсан газрын сонин хийгээд сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?

-Би сая Герман, Швейцарь явж герман хэл дээр гарсан 30 дахь номоо танилцуулаад ирлээ. Энэ бол 1988 онд бичсэн роман маань, одоо л гарч байгаа юм. Социализмын үед миний номыг хэвлэдэггүй байлаа. Тиймээс би 100 жилийн дараа хэвлэгдэнэ биз гэж бодоод номоо бичээд л хураадаг байлаа. Энэ номоо 1988 онд бичиж дуусгаад ар талд нь “2088 онд хэвлэгдэх ном” гэж бичээд хадгалсан. Тэгэхээр миний энэ ном 77 жилийн өмнө хэвлэгдчихлээ дээ. Зохиолчид дотроо миний хувь заяа их сонин шүү дээ.

-Өнөөдөр манайхан Г.Аюурзана нарын зөөн орчуулж байгаа уран зохиолоор л өрнийн утга зохиолыг төсөөлж байгаа байх. Газар нутагт нь эх хэл дээр нь туурвидаг хүний хувьд харьцуулахад асар их ялгаа байгаа байх?

-Би герман хэл дээр зохиол бичнэ гэж бодоогүй, миний амьдрал өөрөө тийшээ оруулсан хэрэг. 1968 онд Германд сургууль төгсөөд Монголд ирэхдээ эхний өгүүллэг туужаа герман хэлээр биччихсэн байсан. Энд ирээд монголоор бичиж эхэлсэн ч ерөөсөө миний номыг гаргадаггүй байлаа. Монголын Зохиолчдын эвлэлд элсэнэ гэж 1968 онд өргөдлөө өгөөд 20 жилийн дараа 1988 онд элссэн юм.

-Гадаадад сурч боловсорсон залуу хүн бодоход илүү үг хэлдэг байсан болохоор тэр биз. “Аянгат цагийн тууж”-ийг гэхэд л та анх монгол хэл дээр хэвлээгүй шиг санаж байна?

-Дандаа л хаалттай сэдэв хөндөөд байж дээ. Тэр үед бидний дотор ч тагнуул их байсан. Жишээ нь “Аянгат цагийн тууж” бичигдээд 20 жил болж байж, эхлээд герман хэлээр, түүнээс зургаан жилийн дараа монгол хэлээр хэвлэгдсэн юм. Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга Д.Тарва гэж өвгөн байсан. Миний өргөдөл тэр хүний сейфэнд, яс цоожинд гэдэг шиг 20 жил болсон доо.  

-Манай уран зохиол ерээд оноос олон урсгал чиглэлд хуваагдаж, нэгнээ үгүйсгэхээс эхлээд ихээхэн хэл ам болж байна. Германд бас байна биз?

-Урсгал чиглэл бол зөндөө. Урсгал чиглэл хөөцөлдсөн зохиолчид гэдэг бол олигтой юмнууд байдаггүй, хөнгөн жингийнхэн л байгаа юм. Хийсвэр урлаг гэдгийг бүтээе гээд чадахгүй болохоороо урсгал чиглэл хөөдөг болов уу гэж боддог. Ийм хүмүүсийг өөр урсгал оруулж ирсэн л гэж авч үзнэ үү гэхээс биш яг урлагийн талаасаа бол юу ч байхгүй шүү дээ. Швейцарьт нэг таньдаг хэвлэлийн газраас  бүтэн нэг жил хэвлэгдсэн бүх шүлгийг гүйлгэж харсан. Тэнд бол авах юм нэг ч алга байсан. Зарим нь нэг хуудсанд цэг тавиад, дараагийн хуудсанд нэг асуултын тэмдэг, гурав дахь хуудсанд анхааруулах тэмдэг тавиад, хамгийн сүүлийн хуудсанд “Энэ хорвоод хэлэх үг олдохгүй байна. Үг болгон надад гологдож байна” гээд ном хийчихсэн байгаа юм. Ухаандаа үг голсон мундаг зохиолч болж харагдах гэсэн санаа юм даа. Энэ чинь тоглоом шүү дээ. Урлаг уран зохиол гэдэг зарим хүмүүст тоглоом болчихжээ. Манайхан ч ялгаагүй нэг нэгнээ үгүйсгээд л сууж байна.

-Таныхаар бол манай уран зохиол хаашаа яваад байна вэ. Германд бол ямар байна?

-Манай уран зохиолыг сайн гэж хэлэхэд үнэндээ хэцүү байна. Шүлэг бол нэг хэсэг гайгүй байсан юм. Одоо бол нэг нэгнээ үгүйсгээд “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” болчихлоо. Арай гайгүй гэсэн нь нэг нэгнээ үгүйсгээд үлдсэн хэсэг нь мафи маягийн юм байгуулаад групп бүлгэм гээд явах болжээ. Хэрвээ урагшилъя гэж байгаа бол байгалийнхаа жамаар зугуухан бүгдээрээ эвтэй ургаж урагшлах ёстой. Хоорондоо тулалдана гэдэг хэцүү шүү дээ. Өөрийгөө хохироож бусдыг хорлох гэдэг нэг тийм монгол зан байна. Германд бол ийм юм алга. Гэхдээ бас л яг энэ гээд хэлчих сайн зохиол алга. Ер нь сайн зохиолч дандаа төрөөд байх юм биш л дээ. 10 жилд нэг зохиолч төрнө, 50 жилд гайгүй сайн зохиолч төрдөг бол 100 жилд бол гайхамшигтай сайн зохиолч төрдөг шүү дээ.

-Та Германд очиж эх хэл дээр нь зохиол бичээд зогсохгүй, Германы төрөөс Хас одон авах ч юм уу, энэ жил гэхэд л Аж үйлдвэрийн шагналыг анх удаа гадаадын зохиолч авсан нь Монголын зохиолч Та байлаа шүү дээ. Ингэхээр бас л гадуурхах байдал ажиглагдах юм уу?

-Германд бол тийм юм байхгүй. Яахав, тэмцээн уралдаан дээр бол манайх шиг байдаг нь мэдэгддэг юм. Шүлгийн тэмцээн явуулахад ийм байдал ажиглагдаж байдаг. Би хайр сэтгэл, тал нутгийн гээд хэдэн шүлэг бичиж энэ хэдээс гарцаагүй гэхэд л байдаггүй юм. Тэнд сууж байгаа таван шүүгчийн ар талд бас гурав гурван хүн чирэгдэж байна. Түүнийгээ оруулах гэсэн бодлого бол байдаг юм билээ. Тэр шүлгүүдийг дараа нь үзэхээр юу ч үгүй юм байдаг. Монгол муухайдаа, муудаа ийм байдаг юм биш, хүн төрөлхтний нэг ийм шинж чанар байна.

-Таны авч байсан шагналуудыг Нобелийн шагнал авч байсан алдартнууд авдаг гэсэн. Германы төрийн Хас одон гэхээр том л шагнал байж таарна. Тэгэхээр таны үеийнхэн өнөөдөр Монголын төрөөс авч болох бүх шагналыг авч, ард түмний дунд алдаршжээ. Таныг өнөөдөр нийгмийн тодорхой хэсгийнхэн танина уу гэхээс нийт масс бол мэдэхгүй шүү дээ. Харь орны төр шагнаад байхад Монголынхоо төрөөс нэг шагначихаасай гэж боддог байлгүй?

-Бодож л байдаг. Даанч дэмжээд өгөх хүн нь дээр алга байна шүү дээ. Монгол Улсад байгаа бүх шагналд миний нэрийг дэвшүүлсэн. Заримд нь гурван ч удаа дэвшүүлсэн, дээрээс татах танилгүй болохоор бүтдэггүй юм. Нөгөө талд би дандаа цаг үетэйгээ тэрсч амьдарсан хүн. Миний хувьд улаан засагтай орь ганцаар үзэлцсэн хүн юм. Намд нь ч элсээгүй, тэглээ гээд миний амьдралд хүнд л тусч байсан. Гэхдээ намайг тэд хэрэглэдэг байсан. Би МАХН-ын таван их хурлын илтгэлийг орчуулжээ. Үүнээс гадна Германаас зочид төлөөлөгчид ирлээ гэвэл байнга дуудна. Өдөр шөнөгүй дуудна. Тэр үед герман үсэгтэй бичгийн машин байхгүй. Би өөрийнхөө машиныг тусгай зөвшөөрлөөр Засгийн газарт оруулаад бичдэг байлаа. 1977 оны тавдугаар сард Ю.Цэдэнбал даргыг Германд айлчлахад бүтэн сар өрөөнийх нь буланд сууж үгийг нь бэлдэж өгч байсан. Би сар болоод “Би одоо явъя даа, бүх ажил дууссан” гэсэн чинь Бал дарга “Чи наашаа суу” гээд цаг шахам ярилцаж суусан. Нэг харсан чинь олон хүн орж ирээд зогсчихож, Улс төрийн товчоо хуралдах гээд хүлээгээд зогсч байгаа нь тэр байж. Тэгээд тэр миний бэлдэж бичсэн зүйлүүдийг Германд өөр хүн очиж уншина. Яагаад гэхээр би намын гишүүн биш учраас тэр. Намын гишүүн биш бол хоёрдугаар эгнээний хүн байв даа. Ажилд ороход анкет бөглөж, нэгдүгээрт овог нэр хоёрдугаарт,  яс үндэс, гуравдугаарт гишүүнчлэл гэдэг байсан. Би яс үндэс гэдэг дээр нь Тува гэж бичнэ. Тэр үед Тува гэдэг үг хориотой байсан. Миний “Аянгат цагийн тууж”-ийн уг нэр нь “Тува тууж” шүү дээ. Миний нэрийг Монголын Сэтгүүлчдийн холбооны шагналд гурван удаа дэвшүүлсэн. Залуу сэтгүүлчдээс хэнийг дуурайж бичих вэ гэсэн асуултад 47 хүн Л.Түдэв гуайг гэсэн байхад намайг хоёрдугаарт 37 гэж бичсэн судалгаа байдаг юм. Намын гишүүн биш учраас энэ мэт олон зүйлээс хоцорсон доо.

-Та өөрөө намын гишүүн болох гэж зүтгээгүй юм байна. Тийм үү?

-Элсэх гэж үзсэн шүү. Ерөөсөө болоогүй. Яахав дээ, өрсөлдөгч нь түрүүлээд явчих учраас айгаад байж дээ. Тэгэхээр намдаа оруулаагүй байхад учиртай гээд байлгаад байсан хэрэг. Юм болохоор л намын гишүүн биш гээд хасч байхад амар байсан байх даа. Нэг удаа бүр зүтгээд болохгүй болохоор нь хаячихсан. Уран зохиолоо ч 100 жилийн дараа гээд хаячихсан. Өнөөдөр бодож байхад аль аль нь оносон л байна.

-Германд зохиолчдын амьдрал дажгүй юу. Зах зээл ч том шүү дээ?

-За даа, том зохиолчид л гайгүй сайхан амьдарна шүү дээ. Түүнээс биш утга зохиолын байлдагч нар бол хэцүү. Германд бол маш цөөн хувь хэвлэгдэнэ. Уншигч байхгүй, өрсөлдөөн ихтэй тийм л зах зээл бий. Герман 80 сая хүн амтай гэхэд хэвлэгдэж байгаа номын тоо нь манайхтай адилхан шахуу. Жилд 70 мянган ном л шинээр хэвлэгдэнэ. Ийм олон ном дотор өрсөлдөнө гэхэд маш хүнд шүү. Нэг нэр олж аваад байхад бол хэвлэлийн газар их дэмждэг. Уулзалтуудыг их хийнэ. Миний хувьд жилд намрын, хаврын гээд хоёр уулзалт хийдэг. Үүнээс гадна нэг сарын хугацаанд элдэв хурал цуглаанд оролцох гэж явдаг. Миний Германд байх цаг хугацаа ингэж л өнгөрдөг дөө.

-Манай уран зохиолын зах зээл хүнд байна. Уншигч ч алга, төрөөс харж үзэх бодлого ч алга. Тэгээд уран зохиол маш муу, урагшлахгүй байна гэж шүүмжлэх юм?

-Манайхан чинь дандаа өөрсдийгөө магтаж бичих юм чинь, яаж урагшлах юм бэ. Эзэн Чингисийн үр сад бид гээд цээжээ дэлдээд, алга ташуулахыг л бодож байна шүү дээ. Зүгээр л алга ташилтад зориулж бичихээр чинь яаж гадны улс хүлээж авах юм бэ. Та нар бол үндэстэн биш, зохиолч биш гэж хэн нэг хүн хэлээд байгаа юм шиг өөрийгөө өмөөрөөд бичээд байхаар яаж урагшлах вэ. Зохиол гэдэг чинь амьдралын ухаантай хуулбар л байхгүй юу. Мөн чанар нь шал өөр зүйл.

-Манай зохиолчид гадагшаа гарах боломж байна уу. Барууны зах зээл дээр шүү дээ?

-Байлгүй дээ, гэхдээ манайхан хүчирхийллийг маш их дэвэргэж бичдэг. Ухаандаа, Чингис хааныг дайн өдөөгөөгүй, нэг ч цус гаргаагүй гээд ярьж байх учиртай улс чинь алж талсан гээд бахархангуй бичдэг. Дэлхий нийт дайн байлдаанаас залхаж, энхтайван руу явж байна шүү дээ. Үүнийг л хүсэх болсон. Чингис сэтгэлгээ рүү биш энхтайванч сэтгэлгээ рүү явж байна. Гэтэл манайхан чинь улам сөрөөд л Хятадыг ч айлгах юм шиг, Оросыг ч айлгах юм шиг л бичээд байх юм. Үнэндээ Орос, Хятад аль нь ч биднээс айхгүй. Ерөөсөө дэлхий дахины хөх инээд нь хүрч байгаа. Манайхан бахархал гэдгээ ийм онгироо маягаар ойлгоод нэгнээ хөөргөөд суух юм. “Миний муусайн найз нар” гэхэд чинь зохиолч хүн онгироо байх ёстой юм шиг бодоод, зохиолч хүн архи ууж, гэр бүлийн хувьд тогтворгүй байх юм шиг бодоод явах юм шиг сэтгэлгээгээр бичсэн манай Төрийн шагналтай мундаг зохиолчид байна шүү дээ. Ийм байхад бол бас хэцүү.  

-Ер нь зөвхөн утга зохиол ч биш хүнийг хүмүүжүүлэх л хэрэгтэй юм байна даа?

-Зөв. Монгол хүн хүмүүжээгүй. Хүн нь хүн болоогүй, инженер нь инженер шиг болоогүй, улс төрч нь улстөрч шиг, зохиолч нь зохиолч шиг байж чадахгүй халтуур хийгээд байхаар улс орон яах юм. Саяхан миний хайртай дүү Б.Галсансүх зурагтаар ярьж байна.”Би ерөөсөө ажилладаггүй. Санаанд орсноо бичдэг. Энэ бол уран зохиол. Яруу найраг гэдэг чинь ямар ч хөдөлмөр шаарддаггүй зүйл” гэж тамхи татаж, мах идээд, архи тавиулж ханхалзаад байхаар чинь яах юм бэ. Би тэгэхэд Б.Галсансүхийн төлөө гашуун нулимс урсгаж, хэлэх үг олдохгүй болсон. Уг нь тэр үнэхээр байгалийн авьяастай хүн. Б.Галсансүх өөрөө би Монголын уран зохиолд шинэ урсгал оруулж ирсэн гэдэг. Урсгал юу юм бэ. Утга зохиол л бичих хэрэгтэй байхгүй юу. Нэг муу усан урсгал оруулж ирэх бол ядаад байх асуудал биш, түүнийг чинь тэр гурав дахь, дөрөв дэхь эгнээний зохиолчид оруулж ирэх ёстой юм.

-Манайд төрөөс шагнал өгч л байна. Дагалдах мөнгө маш бага. Тэгэхээр Германы төрөөс Хас одон авахад хэдэн төгрөг дагалдах вэ?

-Хас одон гэдгийг ер нь Азиас урьд өмнө хүн авч байсан юм болов уу. Сайн мэдэхгүй юм. Энэ шагналыг Нобелийн шагналтнууд болон шинжлэх ухааны нээлт хийсэн, утга зохиолд шинэ зүйл авчирсан хүнд өгдөг юм. Нэр хүнд нь асар том учраас мөнгө өгдөггүй. Харин Аж үйлдвэрийнх нь шагналыг боломжийн мөнгө дагадаг. Манайд гавьяат авах гэж гэдэс гэдсэндээ хөлөө хийдэг, тэгтэл юу ч мөнгө байхгүй шүү дээ. Намайг авахад л лав юу ч өгөөгүй. Манайхан нэр алдарт дуртай болохоор баярлаад авдаг. Би ч гэсэн учиргүй их баярлаад л авсан.    

-Ер нь зөвхөн уран зохиолч биш нийгэм тэр чигтээ нэг л биш ээ. Өөрчлөх цаг болсон байх шүү. Яаж?

-Түүнийг бид л өөрчлөх ёстой. Одоо энэ Сүхбаатарын талбай дээр жагсаад, тэмцээд байгаа улсад Засгийн эрхийг өгчихвөл мөн л ижил, урьдын адил үргэлжилнэ. Тэгэхээр жинхэнэ урлаг, утга зохиолыг л хөгжүүлэх хэрэгтэй. Сая хүрээлэнгүүд академич шалгаруулж, хүрээлэн тус бүрээс дөрөв дөрвөн хүн ороод жинхэнэ хөнгөн жингийнхэн шалгарсан байгаа юм. Жинхэнэ бүтээдгээ бүтээгээд бүр өөрөө инстутит болчихсон хүмүүс нь хамгийн бага оноо авч, хүний хойгуур урдуур гүйдэг нөхөд академич болчихсон байгаа юм. Үүнээс харахад л нийгэм ямар байгааг харуулж байгаа хэрэг. Өнөөдөр бид мөнгөний төлөө бичиж байна. Ерөөсөө нийгэм толгойгоо алдчихсан, ийм л цаг үед амьдарч байна.

-Хоёулаа яриагаа өөр тийш хандуулъя. Нийгэм толгойгоо алдсан гэснээс ерөөсөө манай хүн төрөлхтөн хаашаа явж байна вэ?

-Энэ тал дээр зөвхөн Монголыг буруутгамааргүй байгаа юм. Ерөөсөө хүн төрөлхтөн ч толгойгоо алдчихаад, хаашаа явж байгаагаа ч мэдэх юм алга. АНУ хүчтэй зэвсэгтэй учраас Америкийн зөв болдог. Орос пуужинтай бензинтэй учраас Оросын зөв болдог. 2012 онд дэлхий сөнөх тухай нэг яриа байдаг. Энэ чинь сөнөх биш энэ онд шинэ эрин эхлэх юм. Энэ эрин эхэлж байгаа нь бидэнд олон зүйлээс мэдэгдэж байна. Исландын галт уул тургиж, Фүкишима дэлбэрээд байгаа нь бэлхнээ харуулж байгаа юм. Бүх зүйлийг шинэчлэх хэрэгтэй байгааг харуулж байгаа хэрэг. Хүн төрөлхтөн шинэчлэгдэх хэрэгтэй болжээ. Гэтэл улс гүрнүүд  сурсан зангаараа Германы эдийн засгийг 2.4 хувиар өсгөнө, АНУ-ыг дөрөв, Хятадыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ гээд төлөвлөөд байдаг чинь гэмт хэрэг байхгүй юу. Хүн төрөлхтний сууж байгаа хөлөг дээд хурдаараа явж байна. Тоормоз нь ажилгүй, наклад нь элэгдчихсэн зогсч чадахгүй байна. Ухаантай хүмүүс бол хурдасгах биш удаашруул гэж хэлээд байгаа юм. Ерөөсөө хурдыг сааруулахыг зорьж байна.  

-Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай явж байна. Ийн хурдалж хурдалж хана мөргөөд эргэхэд эцсийн буудал нь Монгол гэх хүмүүс бий?

-Өнөөдөр манай монголчууд өөрсдийгөө нэг их голоод ч байх хэрэггүй. Бид хүн шиг хүн, ард түмэн шиг ард түмэн. Өөрсдийгөө их дөвийлгөөд бас хэрэггүй. Чингис хаанаараа хэчнээн бахархах юм бэ. Гадныхны доог болж, улиг болж байна ш дээ. Хүн шиг амьдрах, ажиллах, даруухан бөгөөд бат итгэлтэй явбал амьдрал байна. Өнөөдөр бид болохгүй, хөгжихгүй байна гээд дэлхийг гүйцнэ гэж санахын гарз. Хэзээ ч бид дийлэхгүй. Мэдээж үйлдвэр үйлчилгээгээр л хөгжиж түрүүлнэ гэсэн үг учраас ямар ч боломжгүй. Тэд дэндүү хол тасарчихсан бөгөөд шинжлэх ухаан эргэлзээтэй үедээ орлоо. Тэгэхээр бидэнд нэг гаргалгаа байна. Тэр нь юу вэ гэхээр нүүдэлчин ахуй амьдралаа эрүүл саруулаар авч үлдээд, газар нутагтаа бүрэн бүтэн эзэн суугаад байж байх юм бол гүйцэх биш хүлээх гаргалгаа юм. Дэлхий нийт чинь нэгэнт хад мөргөөд буцаад ирэх гэж байна. Тиймээс бид эх нутагтаа сууж байтал дэлхий өөрөө гуйгаад ирнэ. Сая Европоор сар яваад ирэхэд “Би нүүдэлчин хүн шүү дээ. Би нүүдэлчин амьдралаар амьдардаг” гээд надтай ирж уулзаж байгаа хүн олон байна. Үнэхээр нүүдэлчин амьдрал Европын төв дундаас тарж эхэллээ. Европт эсгий гэр хэчнээн ч олон болсон юм. Миний сая нэг сарын турш явсан уулзалтын тэн хагасыг эсгий гэрт хийгээд ирлээ. Англид бүр эсгий гэр үйлдвэрлэдэг пүүс байдаг. Австрали, Америк гээд хаа сайгүй гэр байдгийг мэдлээ. Эсгий гэрийн гайхамшиг дугуйдаа байдаг юм байна. Нүүдэлчдийн соёл тэр чигтээ дугуй юм. Бидний өвөг дээдэс агуй дотор байж байхад уран шувууны үүрний загварыг авчээ гэж бодсон. Уран шувууны үүрийг хараад энэ шувуу ийм дулаан зүйл хийжээ гээд өөртөө гэр барьсан хэрэг. Гэр дотор байгаа бүх зүйл дугуй юм. Дугуй юм гэдэг өөрөө хүчирхийлэлгүй. Салхи ирээд тусахад уусаад, тойроод явчихдаг, Хэрвээ өнцөгтэй байсан бол хүчтэй салхинд алгадуулаад ойчих нь л дээ. Гараг ертөнц өөрөө дугуй, од, нар сар бүгд дугуй юм. Үүнийг бодож олсон нүүдэлчдийн ухаан аугаа юм. Энэ манай нүүдэлчдийн олсон ухаанд хүн төрөлхтөн хошуурч ирэх цаг нь тун ойртжээ.

-Ирэхээс нь өмнө хэт суурьшчих ч юм уу, эсвэл араас нь элдээд шал дэмий болчихсон байх магадлал өндөр л харагдаж байна. Газар нутгаа ухахаас эхлээд нүүдэлчдийн соёл өдрөөс өдөрт алга болж байна шүү?

-Бид энэ цаг үеийг хүлээж амар тайван байх юм бол Монгол гэдэг нэрийг хүссэн хүсээгүй ертөнц тэр чигээрээ мэдэх болно. Одоо тэр Оюутолгой, Тавантолгой тэр чигтээ л байж байх байсан юм. Хэнд гай болсон юм бэ. Газар нутаг маань эсэн мэнд байх байсан. 1992 онд Рио Де Жанейрод улс гүрнүүдийн удирдагчид байгаль хамгаалах асуудлаар уулзахад Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай явсан юм. Би тэр үеэр түүнд нэг захиа бичсэн. Чухам тэр захиаг авсан эсэхийг мэдэхгүй.

-Тэр сонирхолтой захиа байсан байх аа?

-Тэр захианд бичихдээ “Монгол орныг визгүй болгоё. Бүх дэлхийд нээе. Дэлхийн ядарч зүдэрч, машин моторын дуу, утаа униараас залхсан хүмүүс дуртай цагтаа ирээд амарч байг. Бүтэн жил болно уу, хагас жил болно уу, долоо хононо уу өөрсдийнх нь дурын хэрэг. Тэр хүмүүсийг дагаад мөнгө орж ирнэ. Тэгээд Монгол Улсыг бүх дэлхийн амралтын улс болгож зарлая. Монгол орны газар нутгийг эвдэж сүйтгэхээ больё. Аж үйлдвэржихээ больё. Аж үйлдвэржсэн орнууд газар нутгаа эвдэж дууслаа. Буцах замаа хайж эхэлж байна. Тэгэхээр бид газар нутгаа эвдэхээ болиод ариун хэвээр нь авч үлдээе” гэсэн юм. Одоо бол Монгол орон дэлхийд хамгийн их эвдэрсэн, бохирдсон орнуудын тоонд орчихоод байна шүү.

Сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз

-Таны амьдарч байгаа Герман улс нийгмийн халамж, хамгааллаараа дэлхийд тэргүүлэх орон. Энэ тухай?

-Германд бол хүн ямар ч ажил хийхгүй байхад сайхан амьдарч, гэдэс цатгалан яваад байж болно. Ардчилал гэдэг юм жинхэнэ утгаараа хөгжсөн орон юм даа. Жинхэнэ мөн чанараараа хэрэгжсэн орон бол яах аргагүй Герман. Би энэ дээр олон жишээ хэлж болно. Сая ойрхон хоёр муж улсад сонгууль болж, хоёуланд нь Ногоон нам ялчихлаа. Ногоон нам ялчихаар өнөөх Христосын ардчилсан холбоо гараа буулгаад бид ялагдлаа гээд яваад өгч байгаа юм. Тэгэхэд өөр орнуудад яаж байна. АНУ-д гэхэд л Буш яалаа даа. Хэрэг дээрээ ялагдчихаад ичгүүр сонжуургүйгээр зүтгэж байж гараа биз дээ. Африкийн орнуудад яаж байна. Зааны ясан эргийн улсад хоёр Ерөнхийлөгчтэй болчихоод цус урсгаж байна. Манайд бас л яадаг билээ дээ. Тэгэхэд Германд бол өөр. Хуульдаа захирагдана гээд баяр хүргээд явчихаж байгаа юм. Бас нэг жишээ бол Эрүүл мэндийн сайд Филип Послер гэж вьетнам залуу байна. Америкийн дайны үед германчууд Вьетнамын ах дүү хоёр өнчин хүүхдийг өргөж авсан юм. Герман нэр өгөөд Германд боловсрол олгосон. Тэгээд эрдэмтэй шаргуу хөдөлмөрч хүн болж, эхлээд Эрүүл мэндийн сайд болсон. Одоо зүтгээд Чөлөөт ардчилсан намын дарга болж, одоо Аж ахуйн яамны сайд болчихлоо. Хамаг зүйлийг нь гартаа хийчихлээ шүү дээ. Манайд бол Хятадаас ч юм уу, Африкаас өргөж авсан хүнийг сайд болгохгүй биз дээ. Тэр ч бүү хэл Тувагийн бөхчүүд ирж, наадамд зодоглохоор барьж идэх шахдаг. Наад муугаа алаад өг гээд бархирдаг шүү дээ. Цагаан сараар Монголын хэн нэгний ах дүү нар нь Тувагаас ирж барилдах гэхээр оруулдаггүй. Тэгэхээд Германд хаа байсан харь хүнийг төр засагтаа лав оруулж байна гэдэг ардчилал яаж хөгжсөнийг харуулж байгаа хэрэг биз дээ. Хууль нь сайн хуулиа дагана өөр зүйл байхгүй шүү дээ.

-Манай улсад ардчилал хөг¬жөөд 20 жил болчихжээ. Хүнээр бол эрийн цээнд хүр¬¬ч цэргийн алба хаагаад өрх гэр толгойлоод явж байх нас. Гэтэл манайд хөлд орсон үгүй нь мэдэгдэхгүй байна?

-Манайх ойлгомжтой, юун хөлд орох эргээд буцчихлаа. МАХН “хувьсгал” гэдэг үгээ авч хаясан нэрийн дор У.Хүрэлсүх л хамаг юмыг гартаа авчихлаа. Одоо энэ хороо хорин гэж Улаанбаатараар дүүрлээ. Энд сонгуульд илтгэл хийх жинхэнэ уяаны ноход л байна биз дээ. Хороо хорины дарга бүрт машин унуулж, мөнгө өгөхөд тэд ясаа хугарч, махаа тасартал давхина биз дээ. Манай засаглалын хамгийн аймшигтай зүйл нь гэвэл Засаг төр гэдэг өөрөө хамгийн том авлигач, ард түмэн гэдэг өөрөө том авлига авагч. Ард түмэн өөрөө их хийсвэр бөгөөд хоёр талтай их эргэлзээтэй зүйл. Үүнийг нь мэдсэн засаг төр авлига өгч байгаа юм. Манай УИХ-ын хэдэд анх 10 сая төгрөг өгөхөд ямар их сандарч байлаа. Дараа нь 250 сая, тэгээд нэг тэрбум төгрөг өгсөн. Одоо бол ерөөсөө улаан цайм болсон. Юунаас ч ичихээ больсон.

-Энэ бүгдийг үгүй хийе, зай¬луулъя гэж их л ярьж ба鬬на. Ямар ч арга алга байх шиг. Бусад орны жишиг бай¬даг байх, яавал дээр юм бол оо?

-Уг нь жинхэнэ сонгуулиар л зайлуулах байх. Даанч болохгүй биз. Тэгэхээр л тэмцлийн хүчээр, хувьсгалаар л зайлуулж таарна. Хувьсгал хийе гэхээр бид 20 жилийн өмнө хувьсгалаа хйичихсэн гэж Ерөнхийлөгч маань айлдаа биз дээ. Засгийн газрын ордон руу нум сумаар харвадаг нь яавч сайны дохио биш. Өнөөдөр нум сумаар харваж байна, маргааш галт зэвсгээр тавина шүү дээ. Үнэхээр байж чадахгүй болоод л ингэж байна шүү дээ. Монголын хууль доод хүмүүст хатуу үйлчилдэг, хүн хэчнээн ядуу тусмаа хуулийн лантуу чанга тусч байна. Ийм л харгис хуультай юм.

-Дээр бид хоёр их гүр¬нүүдийн талаар ярьж байсан. Америк гэж улс өөрийгөө дэ묬хийн хаан гэх ч юм уу, Орос гэхэд л цөмийн зэвсэгтэйгээрээ гайхуулж байна. Ерөөсөө хүн төрөлхтнийг хаанчлах гэсэн их гүрнүүдийн бодлого яваад байна. Тэртэй тэргүй баян ч бай, ядуу ч бай хүн төрөлхтөн нэг цэг дээр уулзах юм биш үү. Тэгэхээр НҮБ ч юм уу, ямар нэгэн байгууллагаас уриалга гаргаж болдоггүй юм уу?

-НҮБ бол нэмэр байхгүй, өөрөө авлигад идэгдсэн байгууллага шүү дээ. Ерөөсөө зохицуулагч байгууллага юм. НҮБ бол улс орнуудын татвараар амьдардаг. Тэр татварын нэлээд хэсгийг Америк өгдөг. НҮБ-ын гаргасан шийдвэрийг харахгүй юу. Сая тэр Ливийг бөмбөгдчихлөө. Тэгсэн хэрнээ Сирийг яагаад бөмбөгдөхгүй байгаа юм. Яагаад гэвэл Сири хүчтэй, өмөөрөх улс олон байна. Одоо хэн хүчтэй чадалтай байна тэр гүрнүүд хувааж идэх тийм цаг үед амьдарч байна. Манайх шиг улс оронд бол ойртох нь бүү хэл дөхөж очих ч үгүй. Герман шиг том орнууд үүнд оролцож чадахгүй байна шүү дээ. Үндсэндээ эхний гурван том гүрэн байна. Дараа нь яахав, Франц, Англи гэсэн хэдэн цөмийн зэвсэгтэй орнууд орно. Энэ хэд л хувааж идэж байна даа. Энэ бол цаг зуурын үзэгдэл шүү, их гүрнүүд удахгүй дэлбэрнэ. Ромын Султаныг бод, Их Чингисийн эзэнт гүрэн гээд бод. Яаж устлаа. Одоо бүгд дэлбэрнэ, захаасаа дэлбэрч байна. Төв, Шиньжанд тэсрээд байна. Энэ нь цаг зуурын асуудал гэхээсээ илүү их гүрнүүд өөртөө цагийн бөмбөг хадгалж байдаг. Ер нь их гүрэн хэзээд л зөв байна. Бага гүрэн бол хэзээд л буруутай байна. Нэг Өвөрмонгол нөхрийн “Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэхсэн” гэсэн харууслын үг бий. Энэ чинь арга ядсан хүний үг шүү дээ. Америк ч тэр, Орос ч тэр улам л задарна. ЗХУ гэж нэгдүгээр задрал нь өнгөрчихсөн. Одоо бас л Тува, Дагестан гэх мэт жижиг 16 улс бий. Энэ задрал бидний өмнө бий. Эд бүгд дотроо бодож л байгаа. Дагестан хүн бол тэндээ дарга нь биш. Нэгдүгээр хүн бол орос хүн л байгаа. Бүх байгууллагын дарга нь орос хүн л байгаа. Ингэж хүчээр тулгачихсан юм чинь үндэсний эв нэгдэл гэж их гүрэнд байдаггүй юм. Ахиад задарна.

-Өнөөдөр айдасгүй буурай орон гэж хаа ч алга. Тэгэхээр хүн төрөлхтний оюун санааг цэвэрлэх, энэ муухай нэг нэгнээ боорлосон айдсаас салах ямар гарц байдаг юм бол?

-Энэ бол энхтайваны үзэл. Далай ламын үзэл. Хүн төрөлхтнийг өрсөлдүүлэх биш хамтран ажиллуулах хэрэгтэй. Исландын галт уул дэлбэрэхэд яагаа ч үгүй. Гэтэл Фүкүшима дэлбэрэхэд бүгд хохирч байна. Одоо Японы Засгийн газар атомын цахилгаан станцаа улам хөөцөлдөнө гэж хэлж байна. Тэгэхээр өнөө цунами чинь улам гаарч ирнэ. Өнөө биш гэхэд маргааш, маргааш биш гэхэд 10 жил, 100 жилийн дараа. 100 жил чинь дэлхийн хөгжилд юу юм бэ 10 секунд л биз дээ. Газар дэлхий үүсээд 15 тэрбум жил болж байна гэхэд тэнд 100 жил ямар жин дарах вэ. 100 жилийн дараа арлын Японыг арчаад хаячихаж чадна шүү дээ. Ерөөсөө газар дэлхий өөрөө сануулга өгч байна. Тэгэхээр бид өөрөө энхтайванч байхаас өөр зүйл байхгүй. Ах дүү хоёр эвтэй, айл гэрүүд хоорондоо эвтэй, аймаг сум, улс үндэстэн цаашлаад дэлхий нийтээрээ эвтэй байх хэрэгтэй. Тэр баяд байна уу, халх байна уу, хамаа алга эвтэй байя л даа.

-Манай улсад олон шашны урсгал бий болжээ. Ялангуяа христын шашин нэлээд нөмөрчээ. Энэ ямар бодлого яваад байна вэ?

-Христ зонхилоод байна гэдэг мөнгөтэй л холбоотой. Их гүрний л бодлого яваад байгаа хэрэг. Библи бол Ганжуур, Данжуурыг бодоход зүгээр л нэг судар. Олон сүм байгуулаад ирэхээрээ л биш болоод байгаа юм. Нөгөө нам, мафи маяг ороод байна гэсэн үг. Гэхдээ шашнаас бол айх юм алга.

-Гэхдээ л манай улсад гадны шашин маш олон болжээ. Энэ чинь сайны ёр биш шүү дээ?

-Хохь нь байхгүй юу. Манай энэ буддын л буруу шүү дээ. Юугаа хийж байгаа юм. Юу ч хийхгүй болоод л гадны шашин орж ирээд ард иргэдийг нь татаад байна шүү дээ. Манай шарынхан юу хийж байгаа юм. Ганц яс бариад эдгээх лам байна уу, алга. Толгой нь өвдсөн хүнийг эмчлээд зүгээр болгоод гаргах лам байна уу, алга л байна ш дээ. Шарын шашны лам нар шиг цамаан улс хаана байна вэ. Энэ шашин дэлгэрлээ гээд аюул байхгүй дээ. Аюул болох зүйл нь ойр бий. “Даяар Монгол”-ынхон гээд залуучууд байна. Энэ мэт аюул л тулгарахгүй бол гайгүй дээ. Ертөнцийн жам юм л гэж бодож суухаас. Би яагаад христийн сүмийг өршөөгөөд байна гэхээр эд чинь өлссөн нэгэнд хоол өгч, даарсан хүнд хувцас өгч байна. Тэгэхэд манай Гандантэгчэнлин хийд бүр тариф гаргачихсан нэг судар уншуулах гэхэд 20 мянган төгрөг нэхэж байна. Би 15 мянган төгрөгтэй бол мөнгө чинь дутуу байна гээд судар уншиж өгөхгүй, ийм л байдалтай байна.

-Бид хоёр нэлээд ярилцлаа. Тэгэхээр дээр хэлсэнчлэн монголчууд бид дэлхийг хөөж гүйцэх гэж үйлээ үзэх биш хүлээгээд амар амгалан, эх нутагтаа эзэн болж  сууя гэсэн ерөөлөөр өндөрлөх үү дээ.

                                                                                               С.УУГАНБАЯР     Эх сурвалж; everyday.mn

 



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Алтанхуяг сайд нараа хэрхэн сонгох вэ?

Said nar songohУлс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийнхаа  бүтцийг  өөрчлөх ажлыг санаснаас хурдан  амжууллаа. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх төслийг УИХ-ын гишүүд ч богино хугацаанд баталж  өгөв. Нийлүүлсэн яамдын нэршил өөрчлөгдсөн, Тэргүүн шадар сайд гэх албан тушаалыг  нь хүлээж  аваагүйг эс тооцвол танхимынх нь бүтцийг элдэв завсаргүйгээр баталсан. Харин одоо дахин эмхлэгдсэн  яамдын сайд нар хэн байх бол гэдэг нь олны анхааралд байна. Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад сайд нарынхаа нэрсийг өргөн барихаар  болжээ.Эх сурвалжуудын мэдээлж  байгаагаар шинээр нэгтгэж байгуулсан Уул уурхай, эрчим хүч, Зам тээвэр, барилга, хот байгуулалт, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам шинэ удирдлагатай болох гэнэ. Зарим нь Сангийн сайд Ч.Улаан өөрчлөгдөнө гэж байгаа ч АН ,МАХН-ынхан үгүйсгэж байгаа юм. Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдаж хариуцаж байсан чиглэл нь гурван яаманд хуваагдсан. Тодруулбал,  Ерөнхий сайд, Гадаад харилцааны яам, Сангийн яамны эрхлэх асуудалд очсон юм. “Гадаад харилцааны сайд Л.Болд албан тушаалаа өгч, Ч.Улаан ажилдаа хэвээр үлдэх байх” хэмээн Д.Ганбат гишүүн онцлов.  “Шинэ сайд нарын олонхи нь УИХ-ын гаднаас байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн гаднаас байхыг үүрэгдсэн”гэх гишүүн олон байв. Харин нам доторх фракцийн квотоор сайд нарыг томилох жишиг өөрчлөгдөхгүй нь.

Өмнөх бүтцээр бол Зам тээврийн сайд А.Гансүх МоАХ фракц. Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар МҮДН-ийнх, Гадаад харилцааны сайд Л.Болд “Зүүн хойд Ази” фракцийн хүн юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Шонхор” фракцийнх бол Эрчим хүчний сайд М.Сономпилийн албан тушаал “Шударга ёс” эвслийн суудалд хамаарна. Эвсэл дотроо МҮАН-ын мэдлийн ганц суудал нь энэ юм. Тэгэхээр шинээр томилогдох гээд байгаа гурван сайдын суудал фракцийн зарчмаар бол “Шударга ёс” эвсэл, МҮДН фракцид хамаарч таарахаар байна. Харин үлдсэн ганц суудлыг нь “Зүүн хойд Ази”, МоАХ, “Шонхор”-ын аль нь авах вэ гэдгийг таахад хэцүү юм. Төрийн ордонд нисч байгаа “бор шувуу”-гаар бол Ерөнхийлөгчийн захиад байгаа шинэ сайд нарыг  УИХ-ын гаднаас байлгах шаардлагыг хангаж  байгаагаараа А.Гансүх Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд болно гэж байна. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнг томилно гэсэн яриа ч тархжээ. Харин Уул уурхай, эрчим хүчний сайдаар М.Сономпил  ажиллана гэж байсан ч “Шударга ёс” эвслийнхэн МҮАН-ын дарга М.Энхсайханыг томилох санал өгсөн тухай мэдээлэл тарж амжив. 

Яамдыг нэтгэхээр  хоёр дэд сайдтай ажиллана гэсэн мэдээлэл гарсан ч үүнийг Засгийн газрын зүгээс үгүйсгэж байна. Тиймээс ажилгүй болж  байгаа  дэд сайд нарын хувьд байдал хэрхэн өөрчлөгдөхийг таахад хэцүү. Хуучин бүтцээр Уул уурхайн дэд О.Эрдэнэбулган, Эрчим хүчний дэд Д.Доржпүрэв, Эдийн засгийн хөгжлийн дэд О.Чулуунбат, Гадаад харилцааны дэд Д.Ганхуяг, Зам тээврийн яамны  дэд Х.Ержан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нарын хэн нэг нь яамандаа үлдэж, нөгөө нь ажлаа өгч  таарна. Эх сурвалжуудын мэдээлснээр Уул  уурхай, эрчим хүчний дэд сайдаар О.Эрдэнэбулган үлдэх бололтой. Сайд болохоосоо өмнө Төрийн  өмчийн хорооны дэд дарга байсан түүнийг ажлаа  сайн мэддэг, нефть бүтээгдэхүүний  үнийг тогтвортой байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэх мэтээр ам сайтай  байдаг юм билээ. Харин  Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын  ажиллагааны дэдээр  О.Чулуунбат, Зам тээвэр ,барилга хот  байгуулалтын дэдээр Г.Байгальмаа очно гэсэн таамаг байна.

Байр суурь

Ц.Цолмон: Гурван сайдын нэгийг эвслээс сонгох ёстой

Шинээр нэгтгэн байгуулсан яамдын сайд нар хэн байх бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газрын шинэ бүтцийг баталлаа. Гурван сайд шинээр томилогдох нь ойлгомжтой  болж байна. Шинэ сайд нарын хэд нь танай эвсэлд хамаарах билээ. Эрчим хүчний сайд М.Сономпилийн суудал лав танай эвслийнх биз?

-“Шударга ёс” эвсэл Засгийн газарт орж ажиллахдаа АН-тай байгуулсан гэрээ бий. Үүнд Засгийн газрын бүрэлдэхүүний 25 хувийг “Шударга ёс” эвсэл бүрдүүлнэ гээд заачихсан байгаа. Шинэ бүтэц ёсоор Засгийн газар 16 сайдтай байх ёстойгоос дөрөв нь манайд хамаарч таарна. Ингэхдээ эвслийн нэрээр ажиллаж байгаа гурван сайдын удирдаж байгаа яаманд өөрчлөлт ороогүй учраас тэд хариуцлагатай үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин Уул уурхай, Эрчим хүчний яам нэгдсэн учраас энэ албан тушаалд өөр  нэгэн очих байх. Одоогоор хэнийг томилох вэ гэдэг нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд ч биднээс энэ талаар санал аваагүй. Ерөнхий сайд энэ талаар тал, талаас мэдээллээ авч өөрийнхөө бодлыг тусгаад бидэнд саналаа хэлэх ёстой. Гурван сайдын нэгийг нь манай эвслээс сонгох учиртай. Зарим хүн Сангийн сайд Ч.Улааныг өөрчилнө гэж ойлгоод байх шиг байна. Тэгвэл Ч.Улаан Сангийн сайд хэвээрээ үлдэнэ гэж хэлэх байна. Энэ яамны өмнөх бүтцэд нь төдийлөн өөрчлөлт ороогүй. Эдийн засгийн хөгжлийн яамны хариуцаж байсан тодорхой асуудал нэмэгдсэнээс биш сайдыг нь өөрчлөх хэмжээнд өөрчлөгдөөгүй.

-Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан. Танай намын гишүүн О.Чулуунбат дэд сайд нь байсан. Энэ суудлаа өөр албан тушаалаар орлоно гэх үү?

- Яам нь нэгэнт татан буугдсан шүү дээ. Гэхдээ энэ талаар бүлэг дотроо ярьсан зүйл алга.

-М.Сономпил сайдын суудал МҮАН-ын квот. Түүний оронд “Шударга ёс” эвслээс өөр хүн санал болгох уу?

-Мэдээж эвслийн хэмжээнд ярьж нэрээ санал болгоно. МАХН-МҮАН хоёр намд тохиролцсон зүйл бий.

С.Бямбацогт: Сайд нарыг парламентын гаднаас томилоорой

Харин шинэ бүтцийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ийм байр суурьтай байна.

“Засгийн газрын бүтэц, хариуцлагын асуудал тусдаа яригдах ёстой гэдгээ МАН-ын бүлэг удаа дараа мэдэгдэж байгаа. Бүтцээр далимдуулж эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн сайд нарыг хариуцлагаас зугтаалгаж болохгүй. Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг өргөн мэдүүлэхдээ зарчмын тодорхой шаардлагуудыг баримтлахыг Ерөнхий сайдад сануулъя. Юуны өмнө Ерөнхий сайд танхимынхаа шинэ бүрэлдэхүүнд “давхар дээл”-гүй мэргэжлийн хүмүүсийг санал болгох, ажлаа хийж чадахгүй хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн, салбарынхаа ажлыг унагасан сайд нарыг дахин оруулж ирэхгүй байх ёстой. Түүнээс гадна  эрүүл мэнд, газар тариалан, хөдөө аж ахуй, төсөв санхүү, соёл, спортын салбар хариуцаж байгаа сайд нарыг давхар өөрчлөх ёстой. Энэ салбарууд уначихаад байна шүү дээ. Хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, МАН-ын бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байх ёстой. Нэгэнт Засгийн газрын бүтцийг өөрчилсөн учраас өргөн мэдүүлсэн 2015 оны Төсвийн тухай хуулийн төслөө эргүүлэн татаж авах ёстой. Засвар өөрчлөлт орох нь дамжиггүй” гэсэн юм.


Эх сурвалж: Зууны мэдээ
Д.Болормаа

 

 

ОХУ руу визгүй зорчих асуудлыг манай талаас бүрэн шийдлээ

           Vizgui

        Энэ сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай болон хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, хэлэлцээрийг хэрэгжүүлэх журмын тухай протоколыг Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд, ОХУ-ын төрийн тэргүүний манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр гарын үсэг зурсан билээ.

         Монгол-ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөл, хууль бусаар оршин сууж буй иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээрүүдийг манай улсын Засгийн газраас баталлаа.

        Хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд 30 хүртэлх хоног, ингэхдээ 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаагаар харилцан визгүй зорчих боломжтой юм. Харин хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр нь нэг талын улсын хууль тогтоомжийг зөрчиж нутаг дэвсгэрт нь зорчсон нөгөө улсын иргэнийг шилжүүлэн өгөх, хүлээн авахтай холбоотой харилцааг зохицуулсан ажээ.

          Шаардлагатай дотоодын журмаа биелүүлсэн тухайгаа талууд харилцан мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэлэлцээр тус бүр хүчин төгөлдөр болох юм.

О.Энхмаа (Эх сурвалж МНВ)

 




Нийтлэсэн: О.Энхмаа

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ