Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ

Ташант боомтоор зорчигсдын тоо 45 хувиар өсчээ

Хилийн чанадаас

Kosh 2

ОХУ болон Монгол улс хоорондоо визгүй зорчих болсноор Алтайн Бүгд найрамдах улсын Кош-Агачийн районы Ташант хилийн боомтоор зорчих зорчигсдын урсгал үлэмж нэмэгджээ. 2014 оны 11 сарын 14-ээс 12 сарын 05-ны хооронд улсын хилийн энэ боомтоор орж, гарсан зорчигсдын тоо 3898 байгаа нь, өнгөрсөн оны мөн хугацааныхаас 45 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тэрбээр хоног тутам дунджаар 217 хүн, 62 тээврийн хэрэгсэл, үүний 52 нь суудлын автомашин, зургаа нь ачааны автомашин, дөрөв нь нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус байгаа ажээ. Кош-агачийн раойны “Рахат” хэмээх зах дээр монголын худалдаачдын үндсэн үйл ажиллагаа явагддаг гэж үзэж болно. Энэ захаар дамжин Алтайн БНУ-ын Алтайн хязгаар болон Новосибирскийн муж руу Монголын Ховд аймгаас эсгий эдлэл, эсгий дэвсгэр ширдэг, гутал, тасалгааны шаахай, тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг худалдаалах нь элбэг байна.

Хоёр улсын хооронд визгүй зорчих болсноор Алтайн хязгаар хил, гаалийнхаа харилцаанд сайтар анхаарч, хилийн худалдааны дүрэм журам, хяналт шалгалтыг улам чамбайруулахыг эрхэмлэж байгаа.

2014 оны 11 сарын 14-ээс хүчин төгөлдөр болсон визгүй зорчих тухай уг шийдвэрт хоёр улсын иргэд нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт харилцан 30 хүртэл хоногийн хугацаанд албан ёсны зөвшөөрлийн баримт бичиг шаардахгүйгээр төрөл бүрийн ажил хэрэг, амралт, аяллын шугамаар зорчих болон оршин суух эрхийг нь баталгаажуулж өгсөн.

Тэгэхдээ хөрш хоёр орны зорчигсод маань хилээр нэвтрэхдээ зайлшгүй тохиолдолд иргэний болон гадаад паспортоо биедээ авч явах нь зөв. Хэрвээ аялал жуулчлалын шугамаар өөрийнхөө унаагаар хөрш улсын хил нэвтэрч байгаа бол унаж яваа тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээ, бичиг баримтыг заавал авч явах хэрэгтэй. Түүнчлэн иргэний татвар төлбөрөө төлсөн, автомашинаа үзлэгт оруулж, хураамжийг нь төлсөн байх зэрэг шаардлагуудыг хангах, ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчоод Монголд эргэж ирснийхээ дараа иргэний бичиг баримтаа мөн шалгуулах ёстой юм байна.

                              Алексей Ивашкин

                              Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх

Сонинуудын онцлох мэдээний тойм

Арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

Soninuud

“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа “Намчирхалд дарлуулагчид”, “Хан-Уулын эмнэлгийн удирдлагууд эмч нарынхаа цалингийн нэмэгдлийг дур мэдэн танасан уу”, “Номын сангийн тухай хуультай болно” зэрэг мэдээ, материал болон Удирдаач Б.Лхагвасүрэнгийн “Хөгжмийг бусдаас илүүгээ батлах хэрэгсэл болгосон нь гутамшигтай” зэрэг ярилцлагыг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ны тэргүүн нүүрт “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ”, “Монгол Улсыг шударгаар шүүхийг уриалж байна”, “Боловсруулах салбарын зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.4 дахин өсчээ”, “Монгол харчууд эр хүн мөн үү” зэрэг мэдээ, сурвалжлага, нийтлэл болон УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн “Нөхцөл байдал ийм л Засгийн газар, бүтэц бүрэлдэхүүнийг бий болголоо” зэрэг ярилцлагыг онцолсон байна.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Түүхий эдийн үнэ унаад байхад шатахууны үнэ буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ”, “”Улаанчулуутад хог түүдэг хүүхдүүдийн нэрээр бизнес хийж байна” гэв”, “Парист Занабазар хийцийн Дарь эхийг худалдах гэж байна” зэрэг сурвалжлага, мэдээ болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн “Захидлын талаар намынхантай ойлголцсон” зэрэг ярилцлагыг унших боломжтой.

“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “АНА МАНА”, “Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгаасаа өгөөж хүртэнэ”, “”Эрдэнэт” үйлдвэр бүх ажилчдаа 500 мянган төгрөгөөр шагнана”, “Бондыг бодитоор дурандая” зэрэг мэдээ, сурвалжлага болон БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгын “Цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагаар сунгах боломжтой” Â гэсэн гарчигтай ярилцлагыг онцлосон байна.

“Улс төрийн тойм” сонин “Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарыг барьц алдуулсан баримт”, “Хүнлэг сэтгэлийн гэрэл Д.Дагвадоржоос гэрэлтэж, Д.Арвин дээр унтрав”, “Дэд сайдгүй болбол жилд хагас тэрбум төгрөг хэмнэнэ” зэрэг мэдээ, материал болон Ногоон намын дарга О.Бум-Ялагчийн “С.Баярцогтын ард олон улсын бизнесийн бүлэглэл бий”  гэсэн ярилцлагыг онцолжээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ингэж зөвлөв”, “Д.Дорлигжав сайд болохоосоо өмнө прокурорт томилгоо хийжээ” зэрэг мэдээ, материал болон  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэвээндоржийн “Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа, харин өвөрт нь үү ард нь уу” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.

“Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Ногоон дарь эх 3.457.500 еврогоор зарагдлаа”, ““Corporate Excellence” шагналыг Монголын аж ахуйн нэгж хүртлээ”, “Шийдлийн Засгийн газрын анхны хуралдаан”, “49 жил 11 сар 30 хоног” зэрэг мэдээ, материал болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн “Уламжлалт эдийн засагт шүтээд урагшаа алхахгүй нь тодорхой” гэсэн ярилцлагыг онцолжээ.

Ч.Лхагвасүрэн: Ховд их сургууль 35 жилийнхээ түүхэн үйл явцыг хэлэлцэн дүгнэж байна

Баруун бүсийн ууган их сургуулийн 35 жилийн ойн талаар тус сургуулийн Байгалийн ухааны

сургуулийн захирал асан, доктор, профессор Ч.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

Ikh surguuli

-Ховд их сургуулийн түүхт 35 жилийн ой тохиох гэж байна. Энэ талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-2014 оны 12-р сарын 6-аас 8-ны өдрүүдэд Ховд их сургууль байгуулагдсаны 35 жилийн ой, оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болж байна. Ховд их сургууль маань анх 1979 онд Ховдын Багшийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан. Анх байгуулагдахдаа багшийн үндсэн дөрвөн мэргэжлээр баруун аймгуудаас элсэлт авч байсан. Түүх, газарзүй, математик, монгол хэл уран зохиол, хими биологи зэрэг мэргэжлээр 100 гаруй оюутантай хичээллэж байжээ. 1979-1993 он хүртэл тийнхүү Ховдын багшийн дээд сургууль гэдэг байсан. Одоо ч гэсэн энэ нэрээр нь мэддэг, бас ярьдаг хэвээрээ л байна. Тэрээр 1993 он гэхэд 700 гаруй оюутантай, 40 гаруй багштай болж өргөжсөн. Тухайн үеийн Засгийн газрын бодлогоор 1994 оноос эхлэн МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болсон. Харин одоо бол баруун бүсийн бие даасан Ховд их сургууль болон үйл ажиллагаа явуулж байна.  

-Тухайн үед МУИС-ийн салбар сургууль болсноор ямар дэвшилтэт тал бий болсон бэ? Их сургуулийн харъяа сургууль гэдэг утгаараа сургалтын хөтөлбөр өөрчлөгдөж байсан байх?

- МУИС-ийн салбар сургууль болсноор сургалт болон боловсон хүчний хувьд чанарын дэвшил гарсан гэж ярьдаг. 1994-2004 онд МУИС-ийн салбар сургууль байх үедээ зөвхөн багш бэлтгээд зогсохгүй, төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Энэ хугацаанд бакалавр болон магистрын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх болсон. МУИС - тай хамтран анхны, магистраа 1999 онд төгсгөсөн. 2000 оноос эхлэн байгалийн ухаан, хэл шинжлэл гэх мэт гол арван мэргэжлээр магистрын сургалт явуулж, амжилттай төгсгөсөн. Сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэхийн зэрэгцээ гадаад харилцаанд ч гэсэн ахиц дэвшил гарсан.

- Дэлхийн хэд хэдэн орны их дээд сургуулиудтай, сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтран ажиллаж ирлээ. Энэ талаар уншигчдад тодруулж, мэдээлэл өгөөч.

- Хамгийн эхлээд ОХУ-ын Алтайн хязгаарын Кызылийн Багшийн дээд сургууль, Казакстаны Джанбул мужийн Багшийн дээд сургуулиудтай оюутан багш нараа солилцох, хээрийн дадлага, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах болсон. МУИС-ийн салбар сургууль болсноосоо хойш Сибирийн их сургууль, ОХУ-ын шинжлэх ухааны академийн салбар, Сибирийн бүсийн судалгаа шинжилгээний хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тухайлбал, Новосибирскийн биологи, хими, социологи, байгаль нийгмийн ухааны хүрээлэнгүүдтэй эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтарч хийх болсон. Мөн Горно-Алтайн их сургууль, Бийскийн их сургууль, Томскийн их сургууль, Алтайн техникийн их сургууль гэх мэт олон их дээд сургуулиудтай багш, оюутан солилцох, хээрийн судалгааны баг гарган ажиллах зэргээр гадаад харилцаа маань өргөжсөөр ирлээ.

Анх 1993 оноос эхлэн “Баруун монгол ба түүний ил задгай нутгийн байгалийн нөхцөл, биолгийн нөөц” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулснаас хойш, өдгөө олон улсын чанартай арван нэгэн хурлыг амжилттай зохион байгуулжээ. -2004 оноос эхлэн гадаад харилцаа улам өргөжиж, эрчимжих болсон. Манай сургууль өнөөдөр БНХАУ, ОХУ, Казакстанаас гадна Баруун европ болон Япон, Америк, Солонгос гэх мэт олон улсын сургуулиудтай харьцаж гадаад харилцаагаа өргөжүүлсээр байна.

-Анх МУИС-ийн салбар сургуулийг бие даасан их сургууль болгох санал санаачлагыг хэн гаргасан юм бэ?

- Энэ саналыг саналыг эрдэмтэн, судлаачид анх гаргасан. Эдгээр эрдэмтэд Ховд дахь МУИС-ийн салбарыг бие даасан их сургууль болгох бэлтгэл ерөнхийдөө хангагдсан. Сургалт, судалгаа шинжилгээний ажил, боловсон хүчин, бааз суурийн хувьд ийм хэмжээнд хүрсэн гэж үзсэн учраас санал оруулсан гэж боддог. Нөгөө талаар бидний хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлсэн хэрэг л дээ. Дэлхийн томоохон их сургуулиуд тухайн оршин байгаа нутаг орныхоо нэрээр нэрлэгддэг уламжлалтай байдаг. Тухайлбал, Москвагийн их сургууль, Томскийн их сургууль, Токиогийн их сургууль гэх мэт. Манай сургуулийн нэрний тухайд Алтайн бүсийн их сургууль, Баруун Монголын их сургууль гэх мэт маш олон нэр өгөх санал гарч байсан. Гэхдээ баруун бүсийн ууган их сургууль, Ховдод байдаг гэдэг утгаараа 2004 оноос эхлэн Ховд их сургууль хэмээн нэрийдсэн.

-Дээр багш бэлтгэхээс гадна ажлын байраа өөрөө бий болгох чадвартай боловсон хүчнийг давхар бэлтгэж байгаа тухай дурдаж байсан. Өнөөдөр хэдэн төрлийн мэргэжилтэн бэлтгэж байна?

-Бид өөрөө өөртөө ажлын байр бэлтгэх чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ. Компьютер програм хангамж, аялал жуулчлал, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт гэх мэт багш бус мэргэжлийн сургалт явуулж байна.

- Өнөөдөр магистр, докторуудыг хэдэн чиглэлээр бэлтгэн гаргаж байна?

- Бакалавраас гадна арван чиглэлээр магистрын, таван чиглэлээр докторын зэрэг олгох сургалт явуулж байгаа. Докторын зэрэг олгох сургалтыг байгалийн ухаанаас биологи, хими, газарзүй, хэл шинжлэлээс монгол хэл-уран зохиол, нийгмийн ухаанаас түүхийн чиглэлээр явуулж байгаа нь манай багшлах боловсон хүчний чанар, чадварыг илтгэж байгаа юм. Тухайн мэргэжлүүдээр олон докторуудтай болсон. 35 жилийн энэ өндөрлөгөөс харахад манай сургууль төрийн өмчийн цөөн сургуулиудын нэг. Манайд бүх төрлийн сургалтууд явуулахаас гадна сургуулийн өмнөх боловсрол, багшлах боловсон хүчний хөрвөх сургалт явуулж байна. Мөн таван тивийн 60 орчим их дээд сургуулиудтай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа явуулж байна.

-Ховд их сургуулийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөнийн 25 жилийн ой ямар шижмээр холбогдоод байна?

-Сүүлийн үеийн хүүхэд, залуус энэ тухай сонирхох нь аргагүй л дээ. Нэг тэмдэглүүштэй үйл явдал бол 1989 оны 12-р сарын 7-нд оюутны ардчилсан хөдөлгөөн Ховд хотын Ард Аюушийн төв талбайд болсон. Энэ бол монголын анхны ардчиллын салхийг хагалсан жагсаал цуглаан байсан. Энэ жагсаалын дараа 12-р сарын 10-нд Сүхбаатарын талбайд ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаан болсон байдаг. Тухайн үеийн Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд оюутны ардчилсан хөдөлгөөнд манлайлан оролцож байсан. Тиймээс бид ХИС-ийн 35 жилийн ой, Оюутны ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг хамтатган тэмдэглэж байгаа юм л даа.

- Ойн хүрээнд ямар ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-35 жилийн түүхт ойн хүрээнд үе үеийн багш нар, төгсөгчдийгөө алдаршуулах алдрын танхим байгуулж байгаа. Үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нараараа бид маш их бахархдаг. Манай төгсөгчдөөөс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар гээд маш олон алдартан байна. Өнөөдөр манай сургуулиас төрөн гарсан докторын зэрэг хамгаалсан 50 гаруй эрдэмтэн байна. Алдрын танхимд манай сургуулийг төгссөн үе үеийн алдартнуудын зургийг байрлуулж, тэднийг алдаршуулна. Ойн хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулна. Үүнд, 100 гаруй эрдэмтэн багш нарын бүтээлийн үзэсгэлэн, Дүрслах урлаг дизайны ангийн оюутнуудын гар зургийн үзэсгэлэн, судалгаа шинжилгээ явуулж байсан газруудын гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Мөн оюутны ардчилсан хөдөлгөөнд оролцож байсан оюутнууд ирнэ. Улаанбаатар хотоос болон орон нутгуудаас нийтдээ 150 гаруй төгсөгчид ирнэ. Манай сургуулиас Ард аюушийн талбай хүртэлх гудамжийг эрх чөлөөний гудамж болгох хүсэлтээ ИТХ-д тавьсан. Энэ асуудал шийдэгдэх шатандаа явж байна. Ойн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, үе үеийн сургуулийн удирдлагууд, төгсөгчид, хүндэт төлөөлөгчдийн хүндэтгэлийн цуглаан зохион байгуулахаар товлосон байгаа. Түүнчлэн

“Ховд их сургууль 35 жилд” гэсэн онол практикийн бага хурал болно. Манай сургуулийг 35 жилийн хугацаанд долоон захирал удирдсан байдаг.

Энэ ойн арга хэмжээнд дөрвөн захирал хүрэлцэн ирнэ. Онол практикийн бага хуралд “Ховдын багшийн дээд сургууль байгуулагдсан” тухай түүхэн илтгэлийг МУ-ын гавьяат багш, тус сургуулийн анхны захирал Н.Жадамба, “МУИС-ийн салбар болсон тухай” түүхэн илтгэлийг сургуулийн хоёр дахь захирал, УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Засаг дарга асан доктор, профессор Г.Нямдаваа, “Оюутан ба ардчилал” илтгэлийг тухайн үеийн оюутны төлөөлөл, “Ховд их сургуулийн баруун бүсэд оруулсан хувь нэмрийн тухай” илтгэлийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, “ХИС-ийн өнөө ба ирээдүй” илтгэлийг одоогийн захирал, доктор Ж.Янжмаа нар тус тус тавина.

Энэ онол практикийн бага хурлаар 35 жилийн түүхэн үйл явцыг дүгнэхээс гадна, дэлхийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах вэ гэдэг асуудлаар гарц, боломж юу байгааг бид эрэлхийлнэ. ХИС-д ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа бүх хүмүүсийн түвшинд авч хэлэлцэнэ.

- Сүүлийн хормыг танд үлдээе?

- Ховд их сургуульд ажиллаж байсан, ажиллаж байгаа, төгссөн, суралцаж байгаа нийт хүмүүстээ түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баруун бүсийн хөгжлийн түүчээ нь та бид юм шүү гэж хэлмээр байна.

 

 

 

 

Б.Болд: Манайхаас шалтгаалах бүх зүйл стандартын дагуу явагдана

Цаг үе - амьдрал

SANY0053

Сүүлийн жилүүдэд буюу 2010 оноос хойш Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд зэрэг аймгуудад дулааны шинэ үйлдвэрүүдийг барьж ашиглалтанд оруулан, үйл ажиллагаа нь эхлээд байгаа. Дөнгөж сарын өмнө ашиглалтанд хүлээн авсан манай аймгийн шинэ дулааны станц нь 42 мВт-ын хүчин чадалтай, сүүлийн үеийн бүрэн автоматчилагдсан технологиор ажиллах зориулалт бүхий томоохон байгууламж юм.

Үндсэндээ 2004 оноос аймгийн дулааны системтэй холбоотой нэн тулгамдсан асуудлууд үүсэж, аймгийн хэмжээнд болон УИХ, Засгийн газрын түвшинд хүртэл хурцаар хөндөгдсөний улмаас тухайн үеэс яригдаж, 2008 оноос хойш эрчимтэй хөөцөлдөгдсөн дулааны хоёрдогч эх үүсвэрийг барьж байгуулах ажил 2010 оноос биеллээ олж, зураг төсөв нь зохиогдон, улмаар шинэ байгууламж барих хөрөнгө оруулалтыг 2011, 2012, 2013 оны төсөвт тусгуулан шийдэж өгснөөр барилга угсралтын ажлыг “МЭЗ" ХХК есөн тэрбум /8,977,900,000/ төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж, ийнхүү ашиглатанд оруулсан юм.

Дулааны хоёрдогч эх үүсвэр ашигллатанд орсноор аймгийн дулаан хангамжийн хүчин чадал эрс сайжирч, бэрхшээл хүндэрлүүд арилахын зэрэгцээ аймгийн төвд ашиглагдаж буй 80 гаруй жижиг оврын уурын зуухыг ажиллуулах шаардлагагүй болж, агаарын бохирдлыг бууруулахад үлэмжхэн ахиц гарна гэж үзэж байгаа.

11 сарын эхээр шинэ байгууламжийг хэрэглэгчдийн шугамтай холбох, системийг ажиллуулж турших, горим тохируулгыг хийх ажлууд өрнөсөөр одоо нэгэнт жигдэрч байгаа ажээ.

Манай сурвалжлах хэсэг дулааны хоёрдогч эх үүсвэрийн дулаан үйлдвэрлэх станц, болон бусад байгууламжуудаар очиж, үйл ажиллагаатай нь танилцан, тус байгууллагын удирдлагатай уулзаж ярилсан бөгөөд энэхүү шинэ байгууламжийн үйл ажиллагааг удирдаж буй гүйцэтгэх захирал Б.Болдтой газар дээр нь хийсэн ярилцлага, сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна.

Эцсийн хэрэглэгчдэд 68-70 градусын

халуун ус очиж байгаа

Shi du

- Шинэ баригдсан дулааны станц маань яг хэдийнээс үйл ажиллагаагаа эхэлсэн билээ?

- Арван сарын аравдаас үйл ажиллагаагаа эхэлсэн. Шинэ станцыг арваннэгдүгээр сарын нэгнээс ашиглалтанд хүлээж авсан. Ингээд гурван, дөрвөн гэхэд гүйцэтгэгч компанийхаа хүмүүстэй хамтарч зуухаа галлаад, арваннэгэн сарын аравнаас хэрэглэгчиддээ дулаан өгч эхэлсэн. Системийн үйл ажиллагаа маань одоо л жигдрэх тийшээгээ хандаж байна.  

- Шинэ зүйлийг жигдрүүлж, хэвийн горимд оруулна гэдэг бас ч тийм шулуун дардан явчихгүй болов уу. Технолгийн горим тохируулга энэ тэр дээр нь асуудал хэр гарч байна? Янз бүрийн эвдрэл гэмтэл ч гарахыг үгүйсггэхгүй.

- Үнэхээр цоо шинэ зүйлийг жигдрүүлнэ гэдэг тийм дардан зүйл биш юм. Ерөнхийдөө наана, цаана юмнууд нь эвдэрч, гэмтэх явдал мэр сэр гараад байна. Дулаан үйлдвэрлэх станцад маань хувьд нэлээн гол үүрэг бүхий шнек гээд төхөөрөмж байдаг Тэрний хоёр мотор нь шатсан. Инженерүүд маань хэд хоног ажиллаж байж ямар ч байсан шалтгааныг нь олсон. Тэгээд шинээр сольж тавихаас аргагүй байсан учир сольсон. Сая бас үнс зайлуулагчийн редуктор эвдэрсэн. Үүнээс болж арван хэд хоног ажил саатлаа. Үүний улмаас барилга угсралтыг гүйцэтгэсэн “МЭЗ” компаний засварчинийг дуудуулж авсан. Тэгээд ч бардаггүй. Аргагүй бас шалтгааныг нь олсон болохоор дахиад тэр редукторыг нь Өмнөд хөршийн зах зээл дээрээс шинээр худалдаж авч тавьлаа.

- Станц болон үндсэн шугам сүлжээний барилга угсралтын ажил гүйцэтгэсэн компани ажлаа дуусгаад ашиглалтанд өгөхдөө баталгаат хугацаа гэж өгнө биз дээ? Хүлээж авсан газраас шалтгаалахгүйгээр гүйцэтгэгчтэй холбоотой эвдрэл гэмтэл, аливаа асуудал үүслээ гэхэд гүйцэтгэгч компанийн батлан даах хугацаа нь хэдэн жилээр байгаа вэ?

- Баталгаат хугацаа гурван жил. Энэ хугацааны дотор яг биднээс шалтгаалахгүй эвдрэл гарвал “МЭЗ” компани хариуцана. Гэхдээ бид ч бас санаа тавьж хамтарч ажиллаж байж ажил маань цааш явна шүү дээ. Танайх л хариуцах ёстой гээд гараа эвхээд суугаад байж болохгүй. Тэгэх юм бол бидний цаашдын үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлнө. Гарсан асуудлыг аль болох хурдан, шуурхай байдлаар хэвийн байдалд оруулахын тулд хамтран ажиллаж байж л цаана нь гарна. Дээр нь манай мэргэжилтнүүд, ажиллагсад маань гарсан эвдрэл гэмтэл, хүндрэл бэрхшээл бүхэн дээр гардаж ажиллаж байх юм бол станцынхаа, шугам сүлжээнийхээ учир начрыг сайн олдог болж, цаашид гартаа оруулж авахад нь хэрэгтэй л дээ.

- Одоо бол систем хэвийн ажиллаж байгаа биз дээ?

- Тиймээ хэвийн ажиллаж байна. Одоо дахиж нэг их гэмтэл гарахгүй байх аа.

- Станцад дулаан үйлдвэрлэх болон түгээх ажиллагааны цикл ямар систем, дарааллаар явагддаг юм бэ?

- Зууханд үйлдвэрлэгдсэн даралттай халуун ус эхлээд усны халуун хүйтний горимыг мэдрэгчийн тусламжтайгаар тохируулах үүрэг бүхий ялтсан бойлуур луу орно. Ус зуухнаас гараад эхний дамжлага дээр очих зангилаан дээр ийм хоёр ширхэг ялтсан бойлуур байдаг. Тэнд цаанаас нь сүлжээний ус ирнэ. Тэгээд зуухнаас гарч байгаа болон шугам сүлжээгээр гүйж байгаа даралттай ус маань технологийнхаа горимын дагуу бойлуурын хоёр талаар орж эргэхэд уг бойлуурын ялтас нь нэг хэсгийнх нь дулааныг нөгөөд нь дамжуулан, нэвтрүүлэх замаар дулаан солилцоо явагдана. Ингэж дулаан солилцоод, зуухнаас 100 градустай гарсан ус 90 градустай болж шугам хойлоогоор цаашаа явна. Манай системийн сүлжээн дотор барагцаагаар бол 850 кубметр ус байдаг. Станцын нэг зууханд нь 17 тонн орчим ус үйлдвэрэгдэн эргэж байдаг. Шугамаар явсан ус “ЦТП” буюу Дулаан дамжуулах төв дээр очоод бас ялтсан бойлуураар орж, хэрэглэгчээс ирж байгаа шугамын устай дулаан солилцоод, хэрэглэгч рүү очно. Ийм циклээр дамжсан ус маань эцсийн хэрэглэгчдэд 68-70 градустай очиж байна. Энд ирэхдээ 50-60 граудстай ирж байгаа юм. Энэ бүх циклийг манай мэргэжилтнүүд станц дээрээ дэлгэцэн дээр хараад, хянаад байж байдаг. /Биднийг станц руу оруулж станцын үйл ажиллагаатай танилцуулах дашрамд автомат хянах самбарыг үзүүлэв/ Манай станцын дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх ажиллагаа бол бүрэн автоматчилагдсан технологоор ажиллаж байна.

- Станц дээр дулаан үйлдвэрлэх хэдэн зуух ажиллах боломжтой вэ, одоогийн байдлаар хэд нь ажиллаж байгаа вэ?

- К1, К2, К3 гээд гурван зуух суурилагдсан. Бүгд ажиллагаанд бэлэн. Гэхдээ одоо дулааны хэрэгцээг нь энэ станцаас хангаж буй хэрэглэгчдийн цар хэмжээ тийм их биш. Нэг зуухыг нь л ажиллуулахад хангалттай учир бид гурван зуухаа ээлжлүүлж ажиллуулах маягаар явж байна. Үндсэндээ нэг зуухаар нь л одоогийн ачааллыг хангаж ажиллаж байгаа. .

Горимын тохиргоо хийсний дараа

бүх зүйл стандартын дагуу явагдана

                - Хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар байна. Танай үйлчилгээнд бүрэн ханамжтай байж чадаж байна уу?

                - Ер нь бол ханамжтай байгаа гэж бодож байна. Гэхдээ халаалт бүх газруудад жигд биш, зарим газар муу халж байна. Шалтгаан нь ерөөсөө хэрэглэгчийн дотоод сүлжээнээс болж байгаа. Өөрөөр хэлбэл орон сууны байшингийн доторхи шугам хоолой болон паар, радиотарын ус дамжуулах замыг нь технологийн дагуу цэвэрлээгүйн улмаас зэвэрсэн, зарим хэсгээрээ хэт нарийсаж, дулаан дамжуулах боломжгүй болсон. Мөн зарим нэг нь бөглөрсөн нь ч байгаа байх.

                - Танайхаас одоо аль, аль чиглэлийн хэрэглэгчид дулаан авч байна?

- “Аргаль – Ураа” театрын дэргэд дулаан дамжуулах нэгдүгээр төв байгаа. Спортын ордон, Прогресс сургууль болон түүний орчмын газрууд, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, мөн тэр орчмын хувийн хэвшлийн байгууллагууд, Нүдний эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Эх нялхсын эмнэлэг, тэгээд БОЭТ гэх мэт газрууд энэхүү нэгдүгээр дамжуулах төвтэй холбогдсон байгаа. Дараагийнх нь буюу хоёрдугаар дулаан дамжуулах төв 52 айлын орон сууцны тэнд бий. Тэндээс бол 52, 62 айлын орон сууц, “Домбот хотхон”, мөн спортын ордны баруун талд шинээр баригдсан орон сууцнууд, шинэ баригдсан 9 давхар орон сууц гэх мэт газрууд дулаан авч байгаа. Наашаа эргээд гуравдугаар сургуулийн дэргэд нэг “ЦТП” буюу дулаан дамжуулах төв, “Гүн чандмань” компаний барьсан орон сууцнуудын дэргэд тэр компаний өөрийнх нь байгуулсан нэг хувийн “ЦТП” бий. Зургаадугаар сургуулийн дэргэд бас нэг “ЦТП” байна. Тэндээс бол зургаадугаар сургууль, 25 дугаар цэцэрлэг “Хас хороолол”, тэр хавийн хувийн хэвшлийн байгууллагууд дулаан авч байгаа. Цэргийн анги тусдаа нэг “ЦТП”-тэй. Хамгийн том хэрэглэгч нь цэргийн анги гэж болно. Тэгээд хамгийн хойт талынх нь Ганданпунцагчойлин хийд болж байх шиг байна. Шинээр баригдах гэж байгаа 480 айлын орон сууцны орчимд хараахан хэрэглэгч байхгүй нэг “ЦТП” байна. Цаашид хот баруун тийшээгээ тэлэхэд бүх шинэ хэрэглэгчдийг манайх хангах ёстой.

- Шугам сүлжээний найдвартай байдал хэр зэрэг хангагдсан вэ?

- 6000 метр гаруй магистрал шугам сүлжээг шинээр тавих ажлыг “Энерго тех” компани хийсэн. Энэхүү үндсэн шугам сүлжээ бол зуун хувийн найдвартай гэж болно. Харин дулаан дамжуулах төвөөс /ЦТП/ цааш хэрэглэгч рүү очиж байгаа шугам л маапаантай байна. Горимын тохиргоо хийгдээгүй учраас стандарт бус бүдүүн хоолойгоор дулаан дамжиж буй газруудад нь дулаан илүү очоод, зарим нарийн хоолойгоор дамжиж байгаа хэсэг нь муу халаад байгаа явдал байгаа. Тиймээс зуухны горимын тохиргоо хийх хүмүүсийг Улаабаатараас урьсан. Тэд удахгүй ирж, бүх зүйлийг картаар хянах боломжтой болгоно. Гадна агаар температур хасах 30 градус байхад зуухны хаалт нь ямар байх ёстой, нүүрс хэдэн сантиметрийн зузаан явах ёстой, агаар нь яаж үлээх ёстой, шнек нь яаж ажиллах ёстой гээд бүгдийг картаар тохируулж өгнө. Тэгээд бид түүнийг хараад горимын дагуу ажиллуулдаг болно. Дараа нь хэрэглэгчийн горимын гидровалик тохиргоо хийнэ. Тухайлбал шугамын хаалтууд дээр шайб /цагираг/ тавьж тохируулж өгнө. Ингэснээр нөгөө бүдүүн, нарийн шугамаар явдаг, заримд нь дулаан илүү очдог, заримд нь дутуу очдог зүйл арилна гэсэн үг.

- Танайхаас дулаан авах хүсэлтэй боловч холбогдож чадахгүй байгаа ганц нэг газрууд байгаа юм шиг байсан. Энэ юунаас шалтгаалж байгаа хэрэг вэ?

- Тийм зүйлүүд мэр сэр бий. Тухайлбал “Шим ус” компани 52-ийн “ЦТП”-ээс доошоо татаад, 24 айлын орон сууц хүртэл шинээр шугам тавьсныг ашиглах боломжгүй байна. 24 айлын сууц, тэр хавийн гурван цэцэрлэг, номын сан гэх мэт газруудыг тэр шугамаар халаах ёстой. Гэтэл тэр шугамыг өмчлөлийн байдлаас болоод манай системд холбож чадахгүй байна. “Бадамлах дөл” компаний өмч учраас тэр компаниас хаалт энэ тэрийг нь хааж, холболт хийх боломж олгож өгөхгүй байгаад байгаа юм.

- Боловсон хүчнийхээ бүрэлдэхүүний талаар товчхон танилцуулахгүй юу. Одоогийн байдлаар танайд хичнээн хүн ажиллаж байна?

- Одоо 55 хүнтэй ажиллаж байна. Боловсон хүчний хувьд дандаа сүүлийн үед төгссөн залуу мэргэжилтнүүд байна. Ерөнхий инженер, ашиглалтын инженер, засварын инженер, химийн инженер, цахилгааны инженер, хөдөлмөр хамгааллын инженер, шугам сүлжээний инженерүүд ажиллаж байна. Станц дээр байнга ажилладаг бүрэлдэхүүний хувьд ээлжийн ахлагч, машинист, монтер, хими усны болон туслах тоноглолын мэргэжилтэн гээд нэг ээлжинд таван хүн ажиллана. “ЦТП” буюу дулаан дамжуулах төв дээр ээлжинд гардаг 30 гаруй хүн байна. Тэгээд засварчдаа нэмээд нийтдээ 55 хүн болж байгаа юм.

Манай аймгийн хэрэглэгчид харьцангуй

хямд үнэтэй дулаан хэрэглэж байгаа

- Хүчин чадал өндөртэй том обьект ашиглалтанд орсон учир тэнд олон шинэ ажлын байр гарч байгаа. Удирдлагатай нь уулзаж ажилд орох юмсан. Яаж, ямар замаар холбогдож уулзах вэ гэсэн хүмүүс их тааралдаж байна лээ. Одоо байгаа ажиллагсад дээрээ нэмээд, шинээр хүмүүс авч ажиллуулах боломж нь хэр байдаг юм бэ?

- Харин хүмүүс тэгж л бодоод байх шиг байгаа юм. Манайх одоо ажиллах хүчнээр ер нь бүрэн хангагдчихаад байна шүү дээ. Шаардлагатай инженер, техникийн болон бусад ажилтнуудын орон тоо үндсэндээ гүйцсэн. Энэ байгууламж чинь бүрэн автоматчилагдсан болохоор хуучных шиг ээлжийн галч нарыг ажиллуулах шаардлага байхгүй. Дандаа нарийн мэргэжлийн инженер, технологчид л шаардлагатай. Гар ажиллагаа бараг байхгүй болохоор орон тоо ерөнхийдөө их цомхон чадварлаг байх шаардлагатай гэдгийг иргэд маань тэр бүр мэдэхгүй байх шиг байна. Танайд галчаар ормоор байна. Ийм тийм туслах ажил хийе. Грушик /ачаа буулгагч/- аар аваач гэсэн хүмүүс нэлээн ирэх юм. Учрыг нь хэлээд л явуулж байна. Дашрамд хэлэхэд хэвлэлээр дамжуулаад нийтэд хүргээдэхвэл хүмүүс овоо ойлголттой болох байх. Ялангуяа хэрэглэгчдийн хэрэглээний соёлтой холбоотой анхааруулах, ойлгуулах асуудлуудыг хэвлэлээр нийтэд түгээх нь их ач холбогдолтой гэж бодож байгаа юм.  

- Мэргэжилтнүүд маань хэрэглэгчидтэйгээ хэр холбоотой ажиллаж байна. Хэрэглэгчид маань танай мэргэжлийн нарийн ширийн зүйлийн талаар ойлголт мэдээлэл муутай байдаг болохоор. Төвөгтэй зүйлүүд ч нэлээн байгаа нь ойлгомжтой.

- Тийм шүү. Хэрэглэгчдэд хандаж хэлэх хамгийн гол зүйл гэвэл манайх нэг литр ус үйлдвэрлэхийн тулд дулаан зарцуулалт, химийн бодис энэ тэр гээд 300 төгрөгний зардал гаргадаг. Гэтэл хэрэглэгчид маань хэрэглээний соёлд сайн суралцаагүй байна. Зарим нь парнаасаа ус аваад юмаа угаачихдаг. Хариуцлагагүй байдлаас болоод ус алдуулдаг гэх мэт зүйл их байна. Тиймээс шугамаар эргэж байгаа уснаас ингэж хороохгүй байх, дээрээс нь дотор шугам сүлжээнийхээ засвар үйлчилгээг сайн хийж бидний ажилд ч туслалцаа үзүүлэх, өөрсдийнхөө тав тухтай байдлыг бүрдүүлэхэд сэтгэл гаргах нь их ач холбогдолтой гэдгийг захимаар байна. Эцэст нь гэвэл үйлчилгээнийхээ төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийгээд байвал бас их хэрэгтэй.

- Үйлчилгээний төлбөр гэснээс хэрэглэгчдээс авах үйлчилгээний төлбөрийн норм хэмжээ ямар байгаа вэ. Хэр бодитой байна. Үүнтэй холбоотой ямар нэг асуудал бий юу?

- Манай аймгийн хувьд бол хэрэглэгчид маань зэргэлдээ аймгуудаас ихээхэн хямдхан төлбөртэй дулаан хэрэглэж байгаа. Нэг метр квадрат талбайгаас хоёр зуун хэдэн төгрөгөөр тооцож төлбөр авч байгаа. Гэтэл зэргэлдээ Баян-Өлгий аймаг бол энгийн орон сууцны хэрэглэгчдийн хувьд тийм хэмжээний талбайг халаасан дулааны үнийг 850 төгрөг, хауст суудаг хэрэглэгчдийн хувьд 1100 төгрөгөөр тогтоосон. Энэ тарифаараа төлбөрөө авдаг. Увс аймагт гэхэд дулааны үнийг 390 төгрөгөөр тооцож авдаг. Гэтэл манайд мөрдөж буй тариф бол зардлаа нөхөж, амжилттай ажиллах боломжийг олгож өгөхөөргүй тийм тариф байгаа юм. Холбогдох газрууд маань асуудлыг судлаж үзээд, өөрчлөх шаардлагатай гэж бодож байна. Бас нэг зовлон бол хэрэглэгчид маань үйлчилгээний төлбөрөө төлж сураагүй. Халдаг, халдаггүй гэдгээр шалтаглаад урьд нь үйлчилгээний төлбөрөө төлөхдөө их хойрго ханддаг байсан юм байна. Түрүүхэн бид хэрэглэгчдийг шинэ шугамтай холбож, станцыг ажиллуулж туршилт хийж байх үеэрээ 72, 62 айлын орон сууц зэрэг зарим газрын хэрэглэгчдээс энэ талаар судлаж үзэхэд үйлчилгээнийхээ төлбөрийг бараг төлдөггүй байсан гэж байна лээ. Дээр нь бид хэрэглээний халуун усыг эндээс шугамаар түгээж байна. Энэ бүхнийхээ төлбөрийг цаг тухайд нь хийгээд байвал хэн хэндээ хэрэгтэй л дээ.

- Хэрэглээний халуун ус танай бүх хэрэглэчдэд очих уу?

- Зарим газар хэрэглээний шугам нь алга. Одоогоор бол 52, 72, БОЭТ гээд гурван газар л хэрэглээний халуун ус авч байна. Бусад хэрэглэгчдэд, тухайлбал “Мянган угалзат”-ын тийш очуулах гэхээр хүлээж авах шугам нь байхгүй байгаа.        

- Хэрэглэгчийн шугамыг одоо хаанах хариуцаад байна

- Ерөнхийдөө манайх шугам сүлжээгээ өөрөө хариуцаж байгаа. Арваад засварчинтай Зуухан дээр гэмтэл гарвал хагас нь эндээ ажиллаад дөрвөн хүн шугаман дээр байнга ажиллана.

- Нүүрсний нөөц ямар байна?

- Маргаашнаас хөшөөтөөс нүүрс буулгана. Хөшөөттэй гэрээ хийгээд шийдчихсэн байгаа. Тээврийн хэрэгслийг мөн Хөшөөтөөс хариуцах, тодорхой хэмжээний хямдралай байдлаар нүүрсээ авахаар гэрээндээ тохирсон. Одоохондоо санхүүгийн боломж байхгүй учраас манайх зээлээр нүүрсээ авч байна.

Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та орон сууц сонирхож байна уу?

Хэрэглэгч ба бизнес

Сүүлийн үед Ховд аймгийн төвд орон сууц олноор баригдах болов. 2014 оны байдлаар аймгийн төвд шинээр ашиглалтанд орж байгаа болон барилга угсралтын ажил нь явагдаж байгаа 10 гаруй орон сууцны барилга байна.

Эдгээр нь гол төлөв 12 болон 24 айлын сууцнууд бөгөөд Ховд аймаг, мөн бусад аймаг хотуудад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн барьж буй барилга ч байна. Үнэ ханшийн хувьд Улаанбаатараас харьцангуй хямд ч, орон нутагтай бол иргэдийн худалдан авах чадвараас бас л хэтийдсэн түвшинд байна гэж үзэж болно.

Өмнө нь бид орон сууцны үнийг хөөрөгдөхгүйгээр бодитоор тооцож үзэх юм бол ямар түвшинд байх боломжтой байгаа тухайд мэргэжилтнүүдийн тооцоо судалгаа, тэр ч байтугай зарим, ганц нэгхэн шудрага удирдлага бүхий компаний үнэлгээгээ бодитоор тогтоож, хэрэглэгчдэд худалдсан жишээн дээр тулгуурлаж, хэд хэдэн цуврал нийтлэлийг бэлтгэн хүргэсэн.

Тэрхүү нийтлэлд дурьдагдсан бодит ханштай харьцуулах юм бол бидний та бүхэнд товч мэдээллийг нь хүргэх гэж байгаа шинэ сууцнуудын үнэ бас л “хөөсрөлттэй” байна гэж үзэхээс аргагүй. Эдгээрийн дотор нэг метр квадрат нь 750.0 мянга, 850 мянгаар үнэлэгдэж буй орон сууц байхад ихэнх нь саяас дээш байгаа нь чанартай холбоотой гэхээсээ илүү, бизнесменүүдийн сонирхол, дур зоргоос ихээхэн шалтгаалж байна гэж үзэж болохоор. Яагаад гэвэл орон сууцнуудын үнийн зөрүү нь тэдгээрийн чанар, баталгаат байдалтай ямар холбоотой байгаа талаар асуухад мэргэжилтнүүд тодорхой тайлбар хэлэхээс зайлсхийж байгаа юм.

Тэрчлэн шинээр баригдаж буй энэ олон сууцны чанар, стандарт хэрэглэгчдийн эрх ашигт хэрхэн нийцэж буйг үнэлж, дүгнэж буй байдал нь ч учир дутагдалтай. Мэргэжлийн хяналтын ганц хоёрхон байцаагч бүгдийг хянаж ажиллах боломжгүй. Дор хаяад захиалга өгч буй хэрэглэгчдэд барилгын компаниудын танилцуулж байгаа орон сууцны талбайн хэмжээ нь “маапаантай” байх магадлал ихтэй байна.

Компаниуд шинээр барьж байгаа орон сууцныхаа талбайн хэмжээг гаргахдаа ихэвчилэн нийт зай хэмжээ болон ашигтай талбайг хооронд нь ялгаж салгахгүйгээр нийт талбайгаа ашигтай талбай болгон тооцож танилцуулдаг болсон нь олон жишээн дээр харагдсан. Үүнийг хуучны үеийн барилгын инженерүүд болон мэргэжилтнүүдийн зарим нь гайхахад хүрээд байгаатай ч тааралдаж байсан.

Эл бүгдийг орхин үгүүлэхэд ямар ч атугай орон сууц олноор баригдах болсон нь сайн хэрэг бөгөөд, үүнийг дагаад үнэ, чанарын өрсөлдөөн, хэрэглэгчдэд ээлтэй хандлагууд ч бий болох биз ээ гэсэн билэгтэй үгийг дашрамд нь дайхыг хүснэ.

Уншигч та бүхнийг Ховд аймгийн төвд шинээр баригдсан болон баригдаж буй орон сууцнуудын тухай товч мэдээлэлд урьж байна.

Tulga kompani 45 ail 21.Прокурорын газрын зүүн тал, Шүүхийн шинжилгээний албаны баруун талд байрлалтай, “Ховдын тулга ХХК” -ний барьж буй 5 давхар 45 айлын орон сууц. 2013 онд баригдаж эхэлсэн. 2014 оны 1 сараас ашиглалтанд өгөх зорилготойгоор ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 1 өрөөтэй 2 сууц, 2 өрөөтэй 6 сууц, 3 өрөөтэй 1 сууцнаас бүрдсэн.

Үнийн хувьд бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн тохиолдолд нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. Банкны зээлд хамрагдах замаар авах бол 1,0 сая 200.0 мянган төгрөг.

. Khovd baganatiin 24 ail2.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Ховд баганат ХХК” -ний Жаргалант сумын ЗДТГ-ын захиалгаар барьж буй 4 давхар 14 айлын орон сууц. 2013 оны 6-р сард эхэлсэн. 2014 оны 12-р сарын 1 гэхэд бүрэн ашиглалтанд өгөх зорилготой. Өрөөний сонголтын хувьд давхар тус бүр нь 1 өрөөтэй 1 сууц, 2 өрөөтэй 3 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 900000 төгрөгийн саналтай байна.

Elektro instalatsion 48 ail 13.Спортын ордны баруун талд талд “ Электро Инсталэшин ХХК” -ний барьж буй 4 давхар 48 айлын орон сууц нь А, Б гэсэн хоёр байрнаас сонголтоо хийх боломжтой. 2014 оны 4-р сарын 25 баригдаж эхэлсэн. Сүүлчийнхээ байрыг 2014 оны 1-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200 мянган төгрөг.

 Injid tur XXK 24 ail4.72 айлын орон сууцны баруун, замынхаа цаад талд байрлалтай “Инжид төр ХХК” –ний барьж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгат 4 давхар 24 айлын орон сууц. 2013 оны 10-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа.

Үнэ ханш нэг метр квадрат нь 750.0 мянган төгрөг.

Jargalant rashaant 14 ail 15.Хөгжил политехник коллежийн дотуур байрны баруун хойт талд нэгдүгээр 12 жилийн сургуулийн ар талд байрлалтай, “Жаргалант рашаант” компани барьж ашиглалтанд оруулж буй 4 давхар 16 айлын орон сууц. 57 болон 60 метр квадрат бүхий 2 өрөө, 47 метр квадрат бүхий 1 өрөө байруудас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг.  

And zul6.Прогресс сургуулийн харалдаа замын хойт талд “Анд зул ХХК” -ний барьж буй 4 давхар 16 айлын орон сууц. 2012 оны 8-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард бүрэн ашиглалтанд өгөхөөр ажиллаж байна. Өрөөний сонголтын хувьд 2 өрөөтэй 8 сууц, 3 өрөөтэй 8 сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

Dinatos XXK-nii 12 ail 17.Прогресс сургуулийн дэргэд “Динатос ХХК” -ний барьж буй 4 давхар 12 айлын орон сууц. 2014 оны 7-р сард баригдаж эхэлсэн. 2014 оны 12-р сард ашиглалтанд өгөхөөр ажиллаж байгаа. Давхар тус бүрт нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая төгрөг. 

8.Цагдаагийн газрын баруун өмнө талд ХДТ-ын зүүн талд байрлалтай “Шинэ төгс шийдэл” компани барьж, 2014 оны 11 сарын эхээр ашиглалтанд оруулсан 4 давхар, 12 айлын орон сууц. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг 

Tsats gurvan suvraga 12 ail 2 9.Тавдугаар цэцэрлэгийн барилгын баруун талд 52 айлын орон сууцнаас урагш, Ховдын өргөө компаний барьсан 12 айлын орон сууцны чанх урд талд байрлалтай “Цац гурван суврага”   компаний барьж буй 4 давхар, 12 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. Оны сүүлчээр ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 100.0 мянган төгрөг

Elsen morit XXK 24 ail 310.Захын хойт тал, “станцын сууцнууд”-ын орчимд байрлалтай Говь-Алтай аймгийн “Элсэн морьт” компаний барьж буй 4 давхар, 24 айлын орон сууц. 2014 оны 8 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг өрөөтэй нэг, хоёр өрөөтэй нэг, гурван өрөөтэй нэг сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 1.0 сая 200.0 мянган төгрөг

11.Цэргийн ангийн хашаан дотор хашааны урд талаас ордог гол хаалганы дэргэд байрлалтай ББМЗЗТ компаний барьж буй цэргийн ангийн албан хаагчдад зориулсан 4 давхар 24 айлын хоёр орон сууц /нийтдээ 48 айлын сууц. 2014 оны 7 сард эхэлсэн. 2015 онд ашиглалтанд оруулах зорилготой. Давхар тус бүр нь нэг, хоёр, гурван өрөөтэй дөрвөн сууцнаас бүрдэнэ.

Үнэ ханш нэг метр квадрат нь 850 мянган төгрөг

Бэлтгэсэн:  Г.Төрмөнх

Б.Дарьчулуун

“Гоомой сонголт…”

MunkhbayasgalanР.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Ерөнхий сайдад нэр дэвшээд  Ч.Сайханбилэг нь намынхаа ҮЗХ-ны хуралд ялалт байгуулжээ. Нуруулаг, царайлаг  Ерөнхий сайдтай болох нь гээд хөөрч дэвэлзэх охид бүсгүйчүүд олон.  Нуруулаг нь ч үнэн, царайлаг нь ч үнэн. Хэрэв Ерөнхий сайдын шалгуур ийм байдаг бол  ч манай Сайханаа ногоон гэрлээр ээ…

Шоконд орсон  эдийн засгийг, хөл толгой нь олдохоо байсан засаглалын хямралыг, эв эе нь эвдэрсэн эрх баригчдын ашиг сонирхлыг царай, нурууны сайханаар засч болдог бол  найзыгаа дэмжилгүй яахав ээ. За тоглосон юмаа, Сайханаа Америкт сургууль төгссөн,  төгс инглиштэй, хүнтэй эвтэйхэн харилцчихдаг, Н.Алтанхуягийг бодвол дарангуйлагч биш.

Гэхдээ Сайханаа Америкт сургууль төгссөн байлаа гээд ард түмэн баян амьдрах биш, тэр төгс инглиштэй байлаа гээд Чингис бондын өрнөөс үр хойч маань аврагдах биш, нуруулаг царайлаг байлаа гээд  эдийн засгийн болон засаглалын хямралаас гарчих биш. Тиймээ, ийм цөвүүн цагт Ерөнхий сайд болох хүн чи биш ээ, анд аа.  Төрийн өндөр албан тушаал, тэр тусмаа өвөг дээдэс минь  амиа үрж зүтгээд ард түмнээ аварч гардаг байсан энэ сэнтийд суух цаг чинь өнөө биш.

Яагаад гэвэл чи Н.Алтанхуягийн Засгийн газарт гал тогоог нь барьж байсан. Улс эх орноо эдийн засгийн хямралд оруулахгүй аваад явж болох байсан.  Амалсан ёсоороо ард иргэдээ хүн шиг амьдруулж, эх орноо улс шиг хөгжүүлж болох л байсан.  Аргагүйн  эрхэнд хямрал руу алдчихсан юм бол алдаагаа залруулах хугацаа бас байлаа.

Чи Ерөнхий сайдаа буруу алхам хийхэд нь сануулах боломжтой байсан.

Чи Ерөнхий сайдын ойр хавийнхан ард түмний татварын мөнгөнөөс хулгайлах гэж байхад нь хорих ёстой байсан.

Чи Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хуйвалдаж гэрээ байгуулахад нь  болиулж болох байсан.

Чи 2015 оны төсвийг 100 гаруй тэрбумаар тануулахгүй, төрийн албан хаагчдыг цомхтгуулахгүй байлгахад анхаарах ёстой байсан.

Чи Чингис бондын  өрийн менежментийн хуульд анхаарч 2017 он гэхэд ДНБ-ийнхээ 20 хувьтай тэнцэх мөнгийг өрөнд гаргуулахгүй хэмжээнд байлгаж болох байсан.

Чи Чингис бонд, Самуурай бондын мөнгөнөөс цалин тавиулахгүй хянах ёстой  байсан.

Чи нарийн царигтай төмөр замын бодлогыг дэмжүүлэхгүй  байж болох байсан.

Чи монголчууд зөвхөн баялгаа ухаж Хятад руу зөөдөг биш дотооддоо боловсруулдаг бүтээлч Монголыг бий болгож болох байсан.

Чи хорт утаанаас болж эхийнхээ хэвлийд устаж байгаа мянга мянган үрсийг аварч чадах байсан.

Чи эмнэлгийн шалан дээр төрж байгаа эхчүүдэд төрөх эмнэлэг бариулж ёстой  байсан.

Чи хувийн компаниудыг хэдэн зуугаар нь дампууруулахаас аварч чадах байсан…

Чи Хятадын Банк оф Чайнагийн салбарыг Монголд оруулахгүй хааж ҮАБ-аа хамгаалах үүрэгтэй байсан.

Чи Монголын мэдээлэл харилцааны урсгалыг  Хятадын ZTE-д өгөхгүй байж болох байсан.

Чи монголчуудыг хүн шиг амьдруулж улс шиг хөгжүүлэхэд хүчин зүтгэх ёстой байсан.

ЗГХЭГ-ын дарга гэдэг бол сайдуудын сайд юм.  Харамсалтай нь чи энэ бүхнийг хүсээгүй. Тиймээ, чи зүгээр л чадаагүй. Өмнөх бүх алдаа завхралын ялыг үүрэлцэх хүн чи яах аргагүй мөн.  Гэтэл чи өнөөдөр Ерөнхий сайд болно гэнэ.  Яах гэж, ямар зорилготой энэ суудал руу зүтгэх болов…

Монгол улсад одоо гадагш нь алдаагүй, алдсан ч хэдхээн гэр бүлийн хоол болох учиртай ганц л том үүц бий. Энэ бол  Тавантолгой.  Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт  “Тавантолгойг Ц.Элбэгдорж, С.Баяр, Т.Бадамжунай,  М.Энхболд, Сү.Батболд нар хувааж авах гээд надад хүртэл санал тавьж байсан. Би төрдөө буцааж өг гэсэн. Тэгсээр төрд буцаалгахад С.Баяр Ц.Элбэгдорж нар MCS компанид Ухаа худагийг өгсөнөөр  4,5 миллярд ам.долларын ашгийг нэг л компанид  өгчихсөн. Энэ бол алдаа, энэ бол хуйвалдаан ”Â  гэсэн утга бүхий ярилцлага өгчээ.

Үнэн ч бай, худал ч бай өнөөдрийг хүртэл Тавантолгойд хөрөнгө оруулах тендер эцэслэгдээгүй байна.  Дэлхийд алдартай компаниуд саналаа ирүүлсэн боловч Н.Алтанхуягийн Засгийн газар тендерийг  энэ арванхоёрдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Тендерийг урьдчилан төлвөлсөн ёсоор  MCS компанид өгөхөөр зэхсэн гэх хардлага ч бий. Ийм учраас Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилуулж Тавантолгойн тендерийг нэг тийш болгуулах шийдлийг бодож олсон бололтой. Мэдээж үүн дээрээ Ерөнхийлөгчийн болоод МАН дахь хэсэг гаруудын дэмжлэгийг авсан.

Хэдхээн жилийн өмнөх явдлыг эргэн саная. С.Баяр Тавантолгойн Ухаа худаг дахь ордыг MCS д авч өгч үүргээ гүйцэтгээд  Сү.Батболдод төрийг жолоог атгуулахдаа Оюутолгойн гэрээг үлдээсэн юм. Мэдээж тохироо хийгдчихсэн ганцхан гүйцэтгэгч хэрэгтэй байсан.

Одоо хар. Оюутолгойд монголчууд хожсон уу. Тиймээ, хожсон гээд хэлэх хүн гарах уу. Оюутолгойн гэрээ манай улсад хожил, ялагдалын алийг нь авчирсаныг одоо л бид ухаж байна.

Тэгвэл өнөөдөр Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг гүйцэтгүүлэхээр Ч.Сайханбилэгийг зүтгүүлж байна.

2004 онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн газар гээчийг байгуулж түүнд өгөөд БНХАУ-ын  төрийн өмчийн ZTE  компанийг оруулж ирсэн байдаг. Эл компани авилга өгдөгөөрөө алдартай, тагнаж чагнадгаараа гаршсан дуулддаг.  Манай төрийн нууцыг дамжуулдаг, татвараа нуун дарагдуулдаг  гэдгээрээ хардагдаж АТГ-ын хаалгыг онголзуулсаар байгаа.

Тэгэхээр Сайханаа гүйцэтгэгч байж болох уу. Болно. Н.Алтанухяг, Ц.Элбэгдорж нарын захиалгаар Тавантолгойн тендерийг амжуулж өгөөд буухад монголчууд хохирно уу гэхээс Ч.Сайханбилэг хохирохгүй ээ…. Тиймээс энэ бол Ардчилсан намын гоомой сонголт байлаа.  Энэ бүхнийг ухаараад, хийж чадаагүй ажлаа хийж чадна гэж нүүрээ ширлэж зүтгэхгүйгээр нэрээ татчихаач, Ч.Сайханбилэг ээ.  Чи залуу, боловсролтой байна. Нэгэн цагт чин үнэнээрээ төрийн жолоог атгах цаг ирнэ шүү дээ, Сайханаа.

Нийтлэлч: Л.Мөнхбаясгалан

Эх сурвалж /toimch.mn/

 

 

Вашингтоны тохироо буюу улс үндэстнийг сөнөөх аргууд

kapitalizmiin ginj

Дэлхийн эзэд эдийн засгийн албадлага, цэргийн хүчээр түрий барих бодлого хийгээд бас үзэл суртлын үг хэллэгээр дамжуулан энэ орчлонд ноёрхож байна. Тэдний ажил үйлийн үзэл суртлын зүг чигийг заагч од нь Washington Consensus (Вашингтоны тохироо) хэмээх гэм хоргүй нэртэй байгууллага юм.

Энэ нь 80, 90-ээд онуудад тив дамнасан томоохон нийгэмлэгүүд, Үолл Стрийтийн нэлээд хэдэн банк, Америкийн төв банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд (Дэлхийн банк, Олон улсын мөнгөний сан гэх мэт) –ын хооронд хийсэн багц албан бус (аман) тохиролцоонууд (gentlemen’s agreements)-ыг хэлж буй юм.

1989 онд Washington Consensus-ыг Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч бөгөөд дэд ерөнхийлөгч Жон Уильямсон албажуулжээ. Түүний үндсэн зарчмуудыг түүхэн ямар ч цаг үед аль ч эдийн засагт, аль ч тив дээр хэрэглэж болох ажээ.

Тэдгээр зарчим нь төрийн болон төрийн бус зохицуулалтыг нэн даруй устгах, зах зээлийг бүхэлд нь (эд бараа, капитал, үйлчилгээ, патент гэх мэт) бүрэн хэмжээгээр нэн даруй либеральчлах (чөлөөтэй болгох), stateless global governance (төр улсгүй дэлхийн засаглал) тогтоох уриан дор нэгдмэл,  өөрөө өөрийгөө зохицуулах дэлхийн зах зээлийг бий болгоход чиглэж буй.

Вашингтоны тохироо гэдэг нь дэлхийг хувьчлан авах зорилготой. Үүний тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй.

1. Өртэй улс бүрт татварын тогтолцооны шинэчлэлийг дараах хоёр үзэл баримтлалаар  хэрэгжүүлэх. Үүнд: дээд түвшний орлогод ногдуулах татварын хэмжээг бууруулж баячуудыг үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад  түлхэц  өгөх. Татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх. Шуудхан хэлбэл татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн ядуу бүлгийн хүмүүст  үзүүлж буй татварын хөнгөлөлтийг цуцлах

2. Санхүүгийн зах зээлийг аль болохоор  хурдан, бүрэн дүүрэн  либеральчлах

3. Гадаадын хөрөнгийн  эздийн оруулж буй хөрөнгийг баталгаатай аюулгүй байлгах, хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг адил тэгш нөхцөлөөр хангах явдлыг  баталгаажуулах

4. Нийтийн  (манайхаар төрийн гэх байх.Орч) секторыг аль болохоор задлах. Улсын мэдлийн болон хагас  улсын бүх компанийг  хувьчлах

5. Эдийн засгийн янз бүрийн хүчнүүд хоорондоо чөлөөтэй өрсөлдөх боломжийг хангахын тулд  холбогдох улсын,  улс ардын аж ахуйг  төрийн  зохицуулалтгүй  болгох.


6. Хувийн  өмчийн  хамгаалалтыг  бэхжүүлэх

7. Худалдааны харилцааг  аль  болохоор хурдавчлан либеральчлах  ажлыг хөхиүлэн дэмжих,  гаалийн татварыг жилд  наад  зах нь 10 хувиар бууруулах

8. Чөлөөт худалдаа нь экспортоор дэмжигдэж байдаг учир эн тэргүүнд бараа бүтэгдэхүүнээ экспортлох чадвартай эдийн засгийн салбаруудын хөгжилд эерэг таатай нөхцөл бүрдүүлэх

9. Төсвийн алдагдлыг хязгаарлах

10. Зах зээлийн ил тод байдал тогтоох. Эдийн засгийн субъектуудад өгч буй улсын татаасыг үгүй болгох. Гуравдахь ертөнцийн орнууд хүнсний гол нэрийн барааны үнийг доогуур барьж байхын тулд татаас өгч буй бодлогоосоо татгалзах. Төсвийн зардалд дэд бүтцийг өргөжүүлж хөгжүүлэхэд чиглэж буй зардлыг эн тэргүүнд авч үзэх эдгээр болно.

Vashing tohir

Жан Цийглэрийн “Дэлхийн шинэ эзэд ба ертөнц даяар тэднийг эсэргүүцэн тэмцэгчид” номын хэсгээс  хүргэлээ.

Нэрт орчуулагч Д.Моононцагааны орчуулж гаргасан энэхүү номыг Мир, Интерном, Билэг их дэлгүүрээр худалдаалагдаж байна.

  

 

 

                                                      

Ноосны урамшуулалд дахиад завхрал үүсэв

Noosnii uramshuulal 6

Хонь, тэмээний ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан малчдад урамшуулал олгох санаачлагыг улсын хэмжээгээр 2011 оноос хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж ирсэн. Хүмүүс үүнийг УИХ, Засгийн газраас гаргасан санаачлага гэж ойлгодог ч үнэн хэрэгтэй Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарынхны өөрийн салбараа сэргээн босгохыг эрмэлзэн зүтгэсэн, санаачилга зүтгэлийн үр дүн байсан гэдгийг энд зориуд дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсад 1931 оноос сууриа тавьж, 1989 он гэхэд одоогийнхоос буюу 2013-2014 оны түвшингээс 10 дахин их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 13.9 хувийг бий болгон, тухайн үеийн яамны системийн экспортын 69.7 хувийг бүрдүүлж байсан ноосон бүтээгдэхүүн үйлдэрлэлийн салбар 1990 оны үеийн өмч хувьчлал, нийгмийн шилжилтийн харгайгаар уналтанд орж, 2010 он хүртэл бүрэн зогссон гэж хэлж болно.

Тухайн салбарын үйлдвэрүүд ийнхүү дурьдагдсан цаг хугацааны турш хангалттай эрсдэл амссны дараа, мухардмал байдлаас гарах арга замыг хамтран боловсруулж, 2011 онд УИХ, Засгийн газарт хандсанаар мөнөөх ноосны урамшуулалын тухай яригдаж эхэлсэн байдаг.

Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны санаачлагаар батлагдсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 30 дугаар тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох журмын тухай” Засгийн газрын 221, 368 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлыг тухайн жилээс буюу 2011 оноос зохион байгуулж эхлэв.

Ингэснээр 2011 онд 21 аймгийн 231 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн 32977 малчин, мал бүхий этгээд 4.9 мянган тонн хонь, тэмээний ноосыг бэлтгэн, үндэсний үйлдвэрүүдэд тушааж, нийтдээ 9.9 тэрбум төгрөгний мөнгөн урамшуулал, 2012 онд мөн 21 аймгийн 332 сум, нийслэлийн 7 дүүргийн 105605 малчин, мал бүхий этгээд 15.7 мянган тонн хонины ноос, 10881 малчин, мал бүхий этгээд 1.0 мянган тонн тэмээний ноос нийтдээ 16.7 мянган тонн ноос бэлтгэн үндэсний 154 үйлдвэрт тушааж, 29.4 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал, 2013 онд бүх сум, дүүргийн 120119 малчин,мал бүхий этгээд 18.9 мянган тонн хонины ноос, 11973 малчин мал бүхий этгээд 1.2 мянган тонн тэмээний ноос, нийтдээ 20.1 мянган тонн ноос бэлтгэн, үндэсний 189 үйлдвэрт тушааж, 36.8 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал хүртжээ.

                Жил ирэх тутам хамрагдах малчдын тоо, тушаасан ноосны болон мөнгөн урамшууллын хэмжээ, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн тоо хэмжээ, цар хүрээ нь өссөөр, 2014 онд өмнөх жилүүдийн төлвийг харгалзан, энэхүү ноосны урамшуулалд зориулж, 38.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас батлах хүртэл үйл ажиллагаа нь эрчимжсэнийг дээрх тоо баримтууд давхар гэрчилэх нь магад.

Тэрчилэн үүний үр дүнд дотоодынхоо түүхий эдийг дотооддоо боловсруулж бүтээгдэхүүн болгон ашиглах, улмаар үйлдвэрлэлийн чанар, техник технологийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, чанарыг нэмэгдүүлэхэд багагүй ахиц гарснаас гадна. мал аж ахуйн үйлдвэрлэл дэх сүргийн бүтцэд зохист өөрчлөлт орж, урьд нь ноолуурын далбаан доор жолоодлогогүйгээр хэт өсөж байсан, байгальд ихээхэн халтай гэгдэх ямаан сүргийн өсөлт харьцангуй тогтож,, харин хонь, тэмээний тоо аажмаар нэмэгдэх хандлагатай болсон тухай мэргэжилтнүүд ярьж байна.

                Noosnii uramshuulal 5

           Эндээс харахад ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс гаргасан санаачлага дэмий зүйл байсангүй бололтой. Гагцхүү түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх системд гарч буй доголдлыг арилгах хэрэгтэй. Тэгвэл улам цэгцэрч, үр өгөөж нь нэмэгдэнэ. Гэсэн ч яаж арилгах талаар хөндөхөөсөө өмнө ямар доголдол байгаа талаар мэдээлэл өгөхийг хичээе.

2011 онд мөнөөх 30 дугаар тогтоолын дагуу үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаасан малчдын урамшуулалд зарцуулахаар 24 тэрбум төгрөг батлагдсан ч яваандаа 9 тэрбум болж танагдсан. Танагдсан ч гэж нэгэнт батлагдчихсан мөнгөний ихэнх хэсгийг зориулагдсан зүйлд нь зарцуулаагүй юм л даа. 2010 оны эцсээр 100 гаруй мал тоолуулж, дараа зун нь 200 гаруй кг ноос нийлүүлсэн малчин долоохон кг ноосны урамшуулал, 500 гаруй кг ноос нийлүүлсэн малчин 60-аадхан кг ноосны урамшуулал авсан, зарим малчин 300, 400 бүүр 1000 кг хүртэл ноосыг үндэсний үйлдвэрт тушаагаад урамшууллаас сох хаягдсан гэхчлэн, хохирч үлдэгсэдийн гомдол тэр жилдээ л тасраагүй. Ер нь хавтайдаа иймэрхүү юм болсон. Шалтгааныг нягтлахад нэгд мэргэжилтнүүдийн хайхрамжгүй, тоомсоргүй ажиллагаа, хоёрт Засгийн газрын шийдвэртэй холбоотой болж таарсан.

             Юу гэвэл сумдын ЗДТГ, Мал эмнэлэг үржлийн тасгийнхан яамны заавраар ноосоо тушаасан малчдын нэрс, малын тоог нь гаргаж, хүргүүлэхдээ өч, төчнөөн алдаа гаргасан. Мөн УИХ-аас гаргасан тогтоолд малчны үндэсний үйлдвэрт тушаасан ноосны кг тутамд 2000 төгрөгний урамшуулал олгоно гэж заасан байтал Засгийн газар нь журам батлахдаа малчдын малын тоог харгалзан нэг хонинд 2000 төгрөгний урамшуулал олгоно гээд баталчихсан нь будилааны гол эх үүтгэл болсон байсан. Дээр нь тогтоол нь цаг үеэсээ хожигдож батлагдсан, тухайлбал 2011 оны 7 сарын 6-нд ноосны урамшуулал олгох журам батлах тухай тогтоол гарч байх тэр үед ихэнх суманд малчид малаа ноосолчихсон байсан нь ч энд авч үзэх нэг шалтгаан болж байв.

Тухайн үед нь энэ асуудлын талаар судлан, сонин хэвлэлд нийтлэл бичиж, албан тушаалтнуудтай уулзаж, алдааг хэрхэн залруулах талаар санал бодлыг нь асуухад зориудаар дүйвүүлээд өнгөрчихдаг байсан. Гэсэн ч яваандаа цэгцэрч 2012, 2013 онд ноосны урамшуулал хэл амгүй олгогдсон бололтой.

Гэтэл энэ 2014 онд дахиад л доголдол, завхарлын үүр болж орхив. Өнөө жил малчид үндэсний үйлдвэрт тушаасан ноосныхоо урамшууллыг авахын тулд заавал нэг хоршооны гишүүн байх учиртай гэнэ. Материалаа бүрдүүлээд өгөх гэтэл хоршооны гишүүнчлэлийн баримт материал нэхэгдэж байна хэмээн, чиний, минийгүй бөөн сандралд орж, баахан явдал чирэгдэл болов. Энэ бас Монгол улс даяар хавтгайдаа болсон асуудал. Өмнө нь ямар ч тийм юм байхгүй байсан байтал юу болчихов гэтэл, бас л нөгөөх Засгийн газрын балаг.

          Саяхан огцордог Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан “Журам шинэчлэн батлах тухай” 2013 оны 11 сарын 30-ны 394 дүгээр тогтоол гэгчээр хөөрхий малчдыг ийнхүү “самарч”, эх адаггүй үймээн сандралд оруулжээ. Үүний үр урхаг нь мөнөөх 2011 оныхоос ч илүү болж, нэг суманд л гэхэд үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаачихсан малчдын бараг 80, 90 хувь нь урамшуулал авч чадахгүй хоосон хоцрох болов. Учрыг нь тодруулахын тулд бид Ховд аймгийн Түүхий эд бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Батсайхныг урьж ярилцсан ярилцлагыг толилуулья    

Ж.Батсайхан: Аймгийн малчдын бараг тэн хагас нь хохирох болчихоод байна

SANY0005

- Энэ жил ноосоо үндэсний үйлдвэрт тушаасан мөртлөө урамшуулалд хамрагдаж чадахгүй болчихлоо гэж бухимдсан малчидтай олон удаа тааралдлаа. Энэ ямар учиртай юм бол?

- Өмнөх жилүүдэд үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан бүх малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгож байсан. Гэтэл энэ жил Засгийн газраас журмыг нь өөрчилж, ноосоо тушаасан урамшуулал авах малчин нь заавал хоршооны гишүүн байх ёстой гэж заасан. Түүнээс болоод малчид гэнэтийн төвөг чирэгдэлд ороод байгаа нь бодит үзэгдэл.

- Энэ журмынхаа тухай малчдад мэдээлж сурталчилах ажил хэр явагдсан юм бол?

- Малчдад энэ тухай мэдээлэх ажил огт хийгдээгүй гэж болно. Малчид маань зун мал хунараа ноослоод, ноосоо үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд тушаагаад, энэ жил журам ёсоор урамшуулалд хамрагдана гэсэн бодолтой л байж байсан. Би өөрөө Ховд аймагт байгаа үндэсний үйлдвэрүүдийн итгэмжлэгдсэн төлөөөгчдийг нэгтгэсэн холбоог удирдаж, дунд нь ажиллаж байгаа хүний хувьд аймгийнхаа бараг бүх сумаар явж, олон зуун малчидтай уулзаж байсан. Малчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан Засгийн газраас энэ талаар мэдээлэл хүргэх талаар ямар нэг ажил зохион байгуулагдаагүйг сайн мэдэх юм.

- Тэгээд хэдийнээс шинэ журмыг биелүүлэхээр хөдөлгөөнд орсон хэрэг вэ?

- Малчид маань итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд ноосоо тушаагаад, ноос тушаасан тухай баримтаа хоёр хувь үйлдэж, гарын үсэг зурж, малчны тамгаа дарж, баталгаажуулсан байх ёстой л доо. Уг баримтыг үндэслээд урамшуулал олгогдох ёстой. Найм, ёсдүгээр сард малчид уг баримтаа бүрдүүлж, мал хамгаалах санд хүргүүлэх ажил ид өрнөхийн хамтаар мал хамгаалах сангаас ноосны урамшуулал авахаар баримт ирүүлж буй бүх малчид ямар нэг хоршооны гишүүн байх ёстой. Тухайн хоршоо болон хоршооны гишүүн бүх малчид улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой гэсэн шалгуур тавьсан байна. Тэгээд л заавал нэг хоршоонд хамрагдахаас өөр аргагүй юм байна гээд, зарим хэсэг нь шинээр хоршоо байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хөөцөлдөх гэхчлэн бөөн ажил ундарсан юм байна лээ. Цаг хугацаа давчуу байсан болохоор тэр олон сумын, олон малчид бүхнийг шаардсаны дагуу болгож амжихгүй шүү дээ. Ихэнх нь энэ хоршооны гишүүний бүртгэлтэй холбоотойгоор тушаасан ноосныхоо урамшууллыг авах эрхгүй болж байх жишээтэй.

- Энэ ч арай л хатуухан хэрэг байна даа. Хичнээн малчин ингэж хасагдаж байгаа талаар танд мэдээлэл байна уу?

- Надад бүх тоо баримтууд байна л даа. Тухайлбал Алтай сумаас 342 малчин малынхаа ноосыг үндсэний үйлдвэрт тушаачихсан байгаа. Гэтэл “Мал хамгаалах сан”-гаас урамшуулал олгох боломжтой гэж ирүүлсэн жагсаалтанд тус сумын 18 - хан малчны нэр байна. Булган сумын мөн 342 малчин өрх ноосоо үндэсний үйлдвэрт тушааснаас олгогдох боломжтой гээд байгаа нь 120, Буянт сумын хувьд 208 малчин өрх ноосоо тушааснаас бас л олгогдох боломжтой жагсаалтанд 15 өрхийн нэр л байх жишээ.

- Энэ бүгд хоршооны гишүүнээр бүртгэгдээгүйгээс болсон хэрэг үү?

- Тийм л дээ. Зууны ер гаруй хувь нь ийм шалтгаантайгаас хасагдаад байна. Тамганы зөрчилтэй энэ тэр гэсэн шалтгаантай малчид ч байгаа. Тэгэхдээ энэ бол цөөхөн. Арав хүрэхгүй хувийг нь л эзлэж байгаа. Дашрамд хэлэхэд тамганы зарчлийн асуудал Үйлдвэр хөдөө аж ахуйн яам болон орон нутаг дахь харьяа байгууллагуудын албан хаагчдын хариуцлагатай холбоотой л асуудал шүү дээ. Тамганы дугаар, малчны регистр зөрөөтэй байсан түүнээс гадна баримтан дээр тамга дарагдаагүй энэ тэр гээд. Тамгагүй баримт очсоны учир нь бол зарим малчны тамгыг ноосны бэлтгэлийн үеэр зөрчлийг нь арилгана гээд хураагаад аваад явчихсан, бас заримд нь тамга олгогдоогүй байснаас болсон. Иймэрхүү шалтгаанууд малчнаас болоогүй нь тодорхой.

- Ийм байдлаар нийт хичнээн малчин урамшууллаас хасагдаж, хэлмэгдэх болчихоод байна вэ? Бас үүний улмаас малчдад олгогдохгүйгээр хэмнэгдэж үлдэж байгаа мөнгөн дүнг нь Ховд аймгийн хэмжээгээр авч үзвэл хэд болж байна?

- Аймгийн хэмжээгээр 6471 малчин үндэсний үйлдвэрүүдэд ноосоо тушаасан байтал. Дээрх шалтгааны улмаас 2.0 мянга 700 гаруй малчин хасагдахаар болчихоод байна. Аймгийн хэмжээгээр малчдад нийтдээ 939 сая 452 мянган төгрөгийн урамшуулал олгогдох ёстой байтал 100 гаруй сая төгрөгийн урамшуулал олгогдохгүй болчихоод байна. Уул нь малчдын урамшуулал яг тушаасан ноосныхоо хэмжээнгээр олгогдвол нэг хэсэгтээ овоо орлого орж, нуруу нь тэгшрэх боломж олдоно. Өнгөрсөн жил манай аймгийн малчид нийтдээ 1 тэрбум 957 сая төгрөгний ноосны урамшуулал авсан. Гэтэл өнөө жил “Мал хамгаалах сангаас олгогдох боломжтой, зөрчилгүй гэж бүртгэсэн жагсаалтыг, өөрөөр хэлбэл баахан малчдыг хэлмэгдүүлж орхисон тэр жагсаалтыг түүнтэй харьцуулаад үзэх юм бол Ховд аймагт олгогдох урамшууллын хэмжээ, түүнийг дагасан орлого, хөрөнгө оруулалт гурав дахин багасна гэсэн үг.

Noosnii uramshuulal 2

Noosnii uramshuulal 4

- Тэгэхээр энэ завхарлаас гарах боломж байгаа болов уу? Ямар нэг арга зам сэдэж байна уу?

- Засаж залруулахын тулд хөөцөлдөж байна. Бид энэ тухай үндэслэл, шалтгаануудыг тайлбарлаж, УИХ-д асуудал тавьсан манай холбооны зүгээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Батцогт нараар дамжуулж Их хурлын даргад тодорхой санал хүргүүлсэн юм. Засгийн газрын 2009 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр гэж бий л дээ. Гэвч тэрхүү хөтөлбөрөө орон нутгийн иргэд хөдөлмөрчид, ялангуяа малчдад сурталчилж ойлгуулж чадахгүй байгаа, хоёрт гэвэл тийм хөтөлбар баталсан байлаа гэхэд яг бодит амьдрал дээр малчид зуун хувь хоршоонд нэгдээд, цаасан дээр байгаа хөтөлбөрийг санасны дагуу хэрэгжүүлэх бодит нөхцөл нь ямар билээ гэдэг ч бас их эргэлзээтэй. Ер нь юмыг хүчээр хийж болохгүй л дээ. Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолын агуулга бол ноосны урамшууллаар нь барьцаалж, малчдыг бүгдийг нь хүчээр хоршооны гишүүнчлэлд бүртгэх явдал юм байна гэж харагдахаар байгаа юм. Гэтэл энэ нь зөвхөн урамшуулал авахын тулд л бүртгэгдсэн бүртгэл болж үлдэхээс бус хэрэг дээрээ сайн дурын үндсэн дээр хөдөлмөрөө хоршоод бүх ажил үйлсээ нэгдэж хийх нөхцөл нь бүрдчихсэн, энэ нь амьдрал дээр зөрчилгүй хэрэгжиж байгаа юм тэр болгон байхгүй.

Ноосны урамшууллаар нь далимдуулаад нэг овсгоотой нөхөр хоршоо байгуулах бичиг баримт үйлдээд түүндээ хэсэг малчдыг оруулаад бүртгүүлчихдэг. Малчид нь ямар ч байсан урамшуулал авахад хэрэгтэй, өөр юунд тэр хоршоо хэрэгтэйг нь мэдэхгүй. Тэгсэн атлаа хоршооны гишүүний татвар төлдөг нэг тийм л ойлгомжгүй зүйлүүд амьдрал дээр буй болчихоод байна. Зарим нь бүр гишүүнээр бүртгэсэн малчдынхаа ноосны урамшууллаас татварт суутгаж авах явдал ч байна гээд байгаа. Тэгэхээр энэ бол чиний хэлснээр ёстой завхрал болчихоод байгаа юм.

Тогтоолыг өөрчилөхөөс нааш завхрал арилахгүй

- Тийм л дээ. Тэгээд УИХ-д яг ямар тодорхой санал тавьсан бэ?

- Дээрх бодит нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Засгийн газрын 394 дүгээр тогтоолыг өөрчилж, үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан бүх малчдын урамшууллыг “хэлмэгдүүлэлгүйгээр” олгож өгөх нөхцлийг бүрдүүлээч гэсэн санал тавьсан. Бид үндэсний хэмжээний телевизүүдээр ч ярьсан. Улмаар бүх аймагт ийм завхрал гарсан болохоор Монголын 21 аймгаас зэрэг зэрэг асуудал тавсан юм байна лээ. Тэгээд тэдгээр санал гомдлыг үндэслэж, С.Бямбацогт нарын УИХ-ын гишүүд “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолд урамшуулал олгоход заавал хоршооны гишүүн байх ёстой гэсэн заалтыг мөрдлөгө болгох хугацааг нь 2014 оны 1 сарын 1-нээс мөрдөнө гэж заасныг өөрчилж, 2016 оны 1 сарын 1-ээс мөрдөхөөр болгохоор төсөл боловсруулаад хэлэлцүүлэхээр зэхэж байгаа юм байна лээ. Бид ямар ч байсан тогтоолыг ингэж өөрчлүүлэх нь зөв гэж үзээд Бямбацогт нарын гишүүдийн тэрхүү саналыг дэмжсэн байр суурьтай байгаа.

-Ингэхэд манай аймгийн малчдын ноос энэ жил үндэсний ямар, ямар үйлдвэрүүдэд тушаагдсан бэ. Малчдын гар дээрээс ноосыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан юм бол?

Ховд аймгийн малчдын ноосыг Эрдэнэт хивс компани, Баян-Өлгий аймаг дахь Орос, Монголын хамтарсан АУТ Экс компани авсан. Аймгийн нийт дүнгээрээ энэ хоёр команид л 900 гаруй тонн ноос тушаагдсан. Малчдын гар дээрээс нэг кг ноосыг 550 төгрөгөөр авсан.

- Ноосноос гадна үндэсний үйлдвэрүүдэд тушаасан арьс, ширэнд бас урамшуулал олгохоор тогтоол бий байхаа?

- Тийм. Уг тогтоолоор бол хонь ямааны нэг арьсанд 3000, үхэр адууны нэг ширэнд 15000 төгрөгийн урамшуулал олгохоор батлагдсан. Гэхдээ жилд хоёр удаа, үс ноос нь гүйцсэн үед олгоно гэж заасан байгаа л даа. Ноднингийн хувьд арьс шир бэлтгэл явагдаж дуусаж байх үед, 12 сарын сүүлчээр тогтоол нь гарсан тул хэрэгжүүлж чадаагүй. Энэ жил олгогдох боломжтой гэж байгаа ч, санхүүгийн нөөц нь бүрдээгүй. Эдийн засгийн хувьд хямралтай байгаа учраас үндэсний үйлдвэрүүд арьс шир боловсруулах боломж хомс. Арьс ширний холбооноос ямар ч асан сум болгонд итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллуулж, өөрсдийнх нь мөнгөөр арьс шир авахуулах ба санхүүгийн эх үүсвэр шийдэгдмэгц нөхөж олгоод, үндэсний үйлдвэрүүдэд арьс ширийг нь тушаана гэсэн бодолтой байгаа юм билээ. Баримтаа бүрдүүлээд өгцгөө, шийдэгдэнэ л гэж байгаа.

- Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн ноос худалдаж авах мөнгийг нь үндэсний үйлдвэрүүдээс урьдчилж 100 хувь олгодог уу, санхүүгийн хувьд яаж зохицуулдаг вэ?

- Үндэсний үйлдвэрүүд манай түүхийн эдийн бизнес эрхлэгчидтэй гэрээ хийгээд, захиалгынхаа 50 хувийн санхүүжилтийг урьдчилж олгох замаар хамтарч ажилладаг.

- Ховд аймагт яг энэ чиглэлээр ажиллаж байгаа ямар байгууллагууд, хичнээн төлөөлөгч бий вэ? энэ талаар товч танилцуулахгүй юу?

- “Буянт ноос” компани, “Ойрадын таван эрдэнэ” компани, Ховд аймгийн Түүхий эд, бизнес эрхлэгчдийн холбоо гэсэн гурван байгууллага байна. Энэ гурван байгууллагыг би өөрөө зангидаж удирддаг. 2011 оны УИХ, Засгийн газрын тогтоол гарч энэ үйл ажиллагаа төртэй нягт холбоотой явагдах болсон болохоор зайлшгүй нэгдсэн байгууллага байж, төртэй түншлэх замаар хамтарч ажиллах шаардлагай болсноор эдгээр байгууллагуудыг байгуулж, түүхий эдийн бизнес эрхлэж байсан хүмүүс маань бүгдээрээ надад итгэл үзүүлж ажил удирдуулахаар сонгосон.

Түүхий эд бизнес эрхлэгчдийн холбоо маань дотроо Арьс ширний холбоо, Ноосны холбоо гэсэн хоёр холбоонд хуваагддаг. Нийтдээ 90 гаруй гишүүнтэй. Бүгд бүртгэлтэй, үнэмлэх тэмдэгтэй. Аймгийн “Арьс ширний холбоо”-г Бат-Эрдэнэ гэж залуу хариуцаж байгаа, “Ноосны холбоо”-г би өөрөө хариуцаж байна. Малчдын түүхий эдийг зуучлах ажил бол бидний үндсэн ажил. Нэг суманд 3-4 төлөөлөгч ажиллдаг хэмээн үгүүлэв.

Ж.Батсайхан тэргүүний өгсөн дээрх мэдээллээс ажиглахад Малчдад төвөг чирэгдэл учруулснаар барахгүй алагчилж, хэлмэгдүүлсэн асуудал үүсээд байгаа нь тодорхой бөгөөд хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь өнөөх л Засгийн газар, Ерөнхий сайд байгаа нь тоогүй. УИХ-д тавьсан асуудлыг хойргошиж, цаг хугацааг сунжруурлалгүйгээр хэлэлцэн, тогтоолд өөрчлөлт оруулвал энэхүү алдаа завхрал засрах боломжтой ч, мөнөөх хоршооны гишүүн байх ёстой гэсэн заалтаа дахиад 2016 оны эхнээс мөрдөнө гэхэд хэр зэрэг амьдралтай вэ? Ер нь хэзээ ч мөрдөгдсөн байлаа, ялгаагүй малчдыг урамшууллаар барьцаалж заавал хоршоонд бүртгүүлсэн байх ёстой гэсэн “хүч түрсэн” шаардлагаар далайлгах нь дахиад баахан чирэгдэл дагуулсан зүйл болчихгүй биз гэдгийг уг үндсээр нь нягтлаж үзэх шаардлага ч байгаа бус уу.

Амьдралын гүнд байгаа бодит нөхцөл байдлыг эрх мэдэлтний ширээн дээр аваачаад, тогтоол, заавар болгож хувиргана гэдэг тийм ч санаан зоргоор болчихдог зүйл биш байлтай.  

                                                                                                                                                 Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ