Download Firefox
Download Firefox

Tuesday, Jun 02nd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Материаллаг сэтгэхүй ба ханш

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1795 болчлоо гээд өдөржин яриа, шуугиан боллоо. Яг үнэндээ монгол төгрөгийн маань ханш тэр Обамагийн доллар, Ши Жинпиний юанийн эсрэг хэд байснаас, хэд байгаагаас улсын маань ирээдүйн хөгжил тодорхойлогддог юм гэж үү? Үгүй ээ. Монгол Улсын хөгжил өнөөдөр Найман шарга дээрх ханшаас юмуу, аль эсвэл нэг банкны самбарт байгаа ханшаас хамаардаг юм бишээ. Бид арай ч тийм харалган, бүдүүлэг, оюуны хоосролтой хүмүүс болчихоогүй байна.

            Тэгэхээр бидний хөгжил юунаас хамаарах юм бэ? Иргэний, өрхийн, бизнесийн, улс үндэсний хуримтлал ямар байхаас шууд хамаарах юм. Хуримтлалыг бодит орлого тогтвортой байснаар нэмэгдүүлдэг. Харин бодит орлогод шууд нөлөөлдөг зүйл нь инфляци буюу бидний хэрэглээний сагсны гол бүтээгдэхүүний үнийн өсөлт билээ. Тиймдээ ч дэлхийн улс орнууд өргөн хэрэглээний барааны үнийг аль болох тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бага түвшинд хадгалах гэж хичээцгээдэг юм.

Тэгвэл манай улсад байдал ямар байдаг вэ? Үндэсний статистикийн хорооноос сар бүр зарладаг хэрэглээний үнийн индексийн 36 хувийг гадаадаас импортоор авдаг бүтээгдэхүүн эзэлдэг байна. Тэгэхээр төгрөгийн ханш өнөөдөр ам.долларын эсрэг, юанийн эсрэг суларч байна гэдэг нь гаднаас импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байгаа хэрэг болохоос иргэдийн хэрэглээний бүхий л барааны үнийг нэмэгдүүлээд байна гэж дэгсдүүлэх нь буруу юм.

            Үнэхээр импортын барааны үнэ өсөөд байгаа нөхцөлд хэрэглэгч бид яах ёстой юм вэ? Үүнд хоёр сонголт байна. Нэгдүгээрт, хэрэглээгээ бууруулахгүйгээр цаашаа явах. Энэ нөхцөлд импортын хэрэглээнд өмнөхөөс илүү өндөр үнэ төлнө. Ингэснээр хуримтлал хийх боломж нь багасах буюу бүр хуримтлалгүй ч болж болно. Хоёрдугаарт, хэрэглээгээ илүү замбараатай болгох, зайлшгүй чухал байдлаар нь эрэмбэлэх, тэгээд суурь хэрэглээгээ хэвээр үлдээж, тэвчиж болох зайлшгүй биш хэрэглээгээ багасгах буюу бүрмөсөн хумих. Энэ нөхцөлд харин хуримтлал хийх боломжоо хадгалах боломжтой.

            Өнөөдөр дийлэнх монголчууд маань дээрх хоёр хувилбараас алиныг нь голдуу сонгож байна вэ? Миний бодлоор бага, дунд орлоготой иргэд маань гол төлөв хоёр дахь хувилбараар явж байгаа болов уу. Тэдний орлого өндөр биш болохоор яалт ч үгүй зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицож, хэрэглээгээ өмнөхөөс ч илүү замбараатай бөгөөд ухаалаг болгож байгаа. Тэд маань ёстой л зайлшгүй чухал гэсэн бараагаа аваад л, бүсээ чангалаад гүйж байгаа. Цоорхой оймсоо оёод, хуучирсан цамцаа угааж индүүдээд, мах, сүү, талх, гурил, будаа, төмс, хүнсний ногоогоо эргэлдүүлээд л харайж яваа. Гэтэл тэднээс илүү орлоготой, харьцангуй чинээлэг хүмүүсийн хэрэглээний сагсанд өндөр үнэтэй импортын бараа зонхилдог учраас тэдний хувьд хэрэглээгээ багасгах уу гэдэг нь асуултын тэмдэг, бүр эвлэрэхэд хэцүү асуудал болж байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд хэрэглээндээ маш их мөнгө төлөх болчихоод байгаа юм. Тиймдээ ч тэд хэрэглээгээ багасгаж чадахгүйдээ бухимддаг. Яагаад гэвэл импортын сайхан бараа л хэрэглэхгүй бол “хүн биш болчих” гээд байгаа юм шиг гаж сэтгэлгээ бидний монголчуудад гүн суужээ. Тиймдээ ч төгрөгийн ханшийг аль болох чанга байлгахыг, импортын барааг аль болох хямд байлгахыг хүсдэг. Энэ зөв сэтгэлгээ юу? Энэ хөгжлийн урт хугацааны тулгуур мөн үү?

            Ер нь манайхан хийх бүтээх гэхээсээ илүү хэрэглэх “донтой”, болчихсон. Тэр нь бидний материаллаг, бие биенээ даган дуурайх сэтгэлгээтэй шууд холбоотой. Хүнийг юу эдэлж хэрэглэж байгаагаар нь, ямар машин унаснаар нь, хаана амьдарч байгаагаар нь, юу өмсөж зүүснээр нь шууд дүгнэдэг. Их мөнгөтэй болчихсон баян хүмүүсийн хэрэглээ бол дэлхийн баячуудтай эн зэрэгцэнэ. Хамаагүй ээ, тэд өөрсдийн мөнгөө юунд зарцуулах нь тэдний хэрэг, мань мэтэд огт падгүй. Гэтэл тэднийг дуурайгаад үлдсэн хэд нь хүний нүдэнд сайхан харагдах гээд л, тэдэнтэй адилхан болох гээд л барьцаад үхэлдэцгээнэ. Үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн мөнгийг хуримтлуулж чадаагүй, орон байртай болж амжаагүй байж л өмсөж зүүх, ууж идэх, унах хөлөглөхдөө асар их ач холбогдол өгцгөөнө. Ерөөсөө Ланд 200 унаагүй л бол “миний дүү ч болоогүй л байгаам байна даа” гэж харагдах гээд байна шүү дээ гэж уйлагнах. Ухаалаг утас барихгүй Nokia барьж байвал, Plasma хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй бол ёстой хэдэн оноос ирсэн онигоо вэ гэж доромжлох. Сайхан хувцас, сайхан тавилга, сайхан машин, сайхан эд, эдлэл хэрэглээд явах сайхан байх л даа. Гэхдээ бид юу бүтээж чадаж байна вэ, юу хийж зарж борлуулж чадаж байна вэ гэдгээ бодох цаг нэгэнт иржээ.

            За тэгээд хүүхнүүд болж л гэмээнэ LV цүнх бариад, гар утасныхаа гэрийг бас LV болгочихно, брэнд хувцаснууд (ядаж байхад 4 улиралтайг хэлэх үү, хувцасных нь шунал хүсэл дийлдэхгүй) аль болох өмсч, мойног хуруундаа яаж ийгээд л Swarowski болон цагаан алтан бөгж аваад зүүчихийг бодно. Тэр муу Оюунаа Tiffany&Co зүүчихсэн байхад, тэр Төвшөө шуба аваад өмсчихсөн байхад гээд л барьцалдаад зэрэгцээд үзчихнэ дээ. Хүүхдүүд маань бидний энэ гажиг зуршлыг дуурайж байна. Саяхан нэгэн найзын маань бага хүү “Ааваа та намайг сургуулиас битгий аваарай. Таны машиныг манай ангийнхан харчихсан. Тэгээд намайг шоолоод байдаг” гэх. “Ээжээ би Iphone авъя, энэ муу nokia-наас чинь ичээд байна” гэх юм миний охин. Том хүү “аав та намайг төгсөх гэж байхад MacPro авч өг л дөө. Энэ муу амбасын үеийн тошибаг чинь харахаас дургүй хүрээд байна” гэж уурлах. Эхнэр маань “би өнгөрсөн жил ёолкоор өмссөн даашинз, туфль гутлаа энэ жил өмсвөл ёстой хүн муу хэлэх байлгүй дээ” гэнэ. Бид ийм байдлаар хол явах уу?

            За тэгээд амьдралаа босгоогүй, амны салиа нь арилаагүй бэсрэг залуус, охид ёстой яагаа ч үгүй байж Lacoste, Ralph Lauren, Gucci өмсөөд, сэхлүүн явах санаатай. Тэр хэрээр мөнгө олж чаддаг бол болно л доо. Гэтэл тэд юу бүтээсэндээ, юу хийж чаддагтаа тийм хэрэглээтэй болох ёстой гэж? Гадаадад явж, гахай шувууны мах идсэн хүмүүсээ та нараас асууя. Дундаж америк хүн, дундаж европ хүн, дундаж хятад, япон, солонгос хүн тийм байдаг уу? За тэгээд ядуу байна, тарчиг байна, ажил олдохгүй байна, төр засаг хогийн байна гэцгээх атлаа бид чинь бар, ресторан, диско клуб, шоу цэнгээнийг ч гүйцээнэ дээ. Нөгөө оюутны 70000-аа аваад л доргиж өгнө. Төрөөс иргэдэд тараадаг байсан бэлэн мөнгийг сайхан хавтгайрсан хэрэглээ болгоод л нялж өгсөн дөө бид.

            Энэ юуны буруу вэ? Энэ нэг талаас замбараагүй хэрэглээг тахин шүтсэн, орлого сайтай байх үедээ орлогоо хуримтлуулах бус, идээд цацаад дууссан бидний буруу үйлдлийн урхаг юм. Нөгөө талаас хэрэглэгч та бидний материаллаг, ухамсар дорой, сармагчин шиг хүн дуурайдаг байдалтай шууд холбоотой. Гэтэл бидний хэд нь материаллаг сэтгэхүй, замбараагүй хэрэглээний үр дагавар нь ханшин дээр очиж буудгийг ойлгож байна вэ?

            Бид энэ материаллаг сэтгэхүйгээ халж, замбараагүй хэрэглээгээ зохистой хэрэглээ болгох цаг үе нэгэнт иржээ. Ингэснээр бид гадаадын хэрэгтэй хэрэггүй импортыг хумьж, доллараа, юаниа Монголдоо үлдээнэ. Тэр гарч одоогүй, монголдоо үлдэх валют маань эргээд биднийг ажилтай, орлоготой болгоход зарцуулагдах ёстой. Тэгэхээр энэ бол цэвэр хэрэглэгч биднээс шууд хамаарах сонголт гэж санах юм.

            Төгрөгийн сул ханш биднийг замбараагүй хэрэглээгээ эргэж харах, ухаалаг бөгөөд зохистой болгохыг шаардаж байна даа. Бүгдээрээ ухамсраараа зохистой хэрэглээтэй болж эх орныхоо эдийн засагт хувь нэмэр болцгооё.

                                                                                                                         Бэлтгэсэн: Ж.САР

Шинэ журмаар тэтгэвэр тогтоож эхлэнэ

 Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдан бүртгүүлсэн иргэд бүртгүүлсэн хугацаанаасаа хамааран тэтгэвэрт орж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, 2013 оны 8 сарын 1-ээс өмнө бүртгүүлсэн иргэд энэ ондоо тэтгэвэр тогтоолгох бөгөөд шинэ журам батлагдсанаар хууль бүрэн хэрэгжиж эхлэх юмаа. Харин өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон тэтгэвэр авагчийн хувьд шимтгэл төлж, ажилласан жилээ нөхөн тооцуулсан бол уг хугацаагаар тэтгэврийг өөрчлөн тогтоох, Тухайлбал, 15 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоосон тэтгэвэр авагч 6 жилийг нөхөн тооцуулсан бол нийтдээ 21 жил шимтгэл төлснөөр тооцож бүрэн тэтгэврийн эрх үүсэх юм байна.

Үүнээс гадна баталгаажуулалтын хуудас авсан болон аваагүй иргэдэд тэтгэврийг “НД-ын сангаас олгох тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс тогтоох ажээ.

Харин ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдан бүртгүүлсэн иргэд бүртгүүлснээс хойш нас барсан тохиолдолд түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоож олгох юм байна.

Мөн түүнчилэн Сайн дурын даатгалд даатгуулагчдын даатгалаа төлөх нөхцлийн хувьд шинэ журам мөрдөгдөж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, сайн дурын даатгалыг улирал болон сарын төгсгөлд шимтгэлээ төлж болдог байсан бол энэ жилээс эхлэн сарын эхээр буюу улирлын эхэнд шимтгэлээ төлөх шаардлагатай юм байна.

Ж.САР

 

Нүүрс хөтөлбөртэй холбоотой гомдол, маргаан тасрахгүй байна

IMG 3943

Өнгөрсөн жил Ховд аймгийн төвд нүүрсний үнэ 90000-120000-ын хооронд хэлбэлзэж байв. Энэ жил аймгийн Засаг дарга нарын санаачлагаар нүүрс хөтөлбөр хэрэгжүүлж, Мо Эн Ко компаниас хүүгүй зээл болгон авсан мөнгийг нэр бүхий компаниудад өгч, Хотгор, Тарвагтайгаас нүүрс татуулан тонн тутмыг нь 80000 төгрөгөөр зарах болсон нь нүүрсний үнэнд нөлөөлж, өнгөрсөн жилийнхээс үл ялиг буурсан. Одоо зах дээр нэг тонн нүүрс дунджаар 90000 төгрөгийн үнэтэй байна.

Хотын хэрэглэгчдийн нүүрсний хэрэгцээний дийлэнх хэсгийг хар зах дээр нүүрс борлуулж буй тээвэрчид хангаж байна хэмээн тэдгээр тээвэрчдийг нэгтгэдэг байгуулага болох Ховд аймгийн тээвэрчдийн холбоо болон “Цаст Алтайн жинчид” зэрэг томоохон компаний удирдлагууд мэдэгдэж байна.

Өмнө нь манай редакцид нүүрс хөтөлбөрийн нүүрс гээд чанаргүй, түлэх боломжгүй, хог голдуу нүүрс тээвэрлэн ирж зарж байна хэмээн зарим иргэдээс гомдол санал ирж байсан. Мөн Тээвэрчдийн холбооны тэргүүн Аюурзана энэ талаар удаа дараа шүүмжэлтэй мэдэгдэл хийсэн нь нүүрс хөтөлбөр нэрийн доор нэр бүхий компаний тээвэрчид чанар муутай нүүрс авч ирж зарж, хэрэглэгчдийг хуурч байгаагаас гадна зам гүүрийн даацаас хэтэрсэн 100 тонн хүртэл хүнд даацын авто машинуудаар тээвэр хийж байгааг хориглох хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан.

Гэтэл нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх авсан хэмээн Аюурзанын нэрлэсэн Цаст Алтайн жинчид компани болон Силам, Одсүрэн, Дамбий нарын зүгээс хөтөлбөрийн шугамаар ямар нэг санхүүжилт аваагүй болохыг мэдэгдэв.

IMG 3956

Аймгийн удирдлага анх нүүрс хөтөлбөрийн хүрээнд гурван компанитай шууд гэрээ байгуулахаар болсны нэг нь Цаст Алтайн жинчид компани юм байна. Ийнхүү тохиролцсож 10 сарын 5 гэхэд санхүүжилтийг нь олгоно гэж мэдэгдсэн байсан боловч сураг ажиггүй болжээ. Аюурзанын хувьд урьд нь ингэж тохирсон байсан болохоор тэр ёсоороо болсон байх гэж бодсон тухайгаа тайлбарласан. Цаст Алтайн жинчид компаний орлогч захирал Одсүрэн, удирдах зөвлөлийн гишүүн Силам нарын ярьснаар бол тус компанийхан тохирсны дагуу энэ ажлыг хариуцлагатай гүйцэтгэхийн тулд тээвэрчдийн тээврийн хэрэгслийг бэлэн байдалд оруулж, нүүрсийг жигнэж худалдаалахад зориулагдсан пүү буюу жин хэмжүүрийг барьж байгуулсан гэх мэтээр бэлтгэл ажиллагаанд олон сая төгрөг зарцуулсан боловч ингэж хөдөлмөрлөсөн нь талаар өнгөрчээ. Хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулсан мөнгийг тээврийн үйл ажиллагаа бараг эрхлэж байгаагүй, машин тэрэггүй нэр бүхий хоёр компанид шилжүүлэх шийдвэр гаргасанд Цаст Алтайн жинчид компаний тээвэрчид сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж байсан. Аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагаагаа сурталчилуулах зорилгоор бидэнд ирүүлсэн мэдээлэлд “нүүрс хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн жил аймагт 1 тонн нь 120,000-130,000 төгрөгөөр зарагдаж үнийн хөөрөгдөлд ороод байсан нүүрсний үнийг 1 тонныг 80,000 төгрөг хүртэл буурууллаа. Уг хөтөлбөрийн гүйцэтгэгчээр “Ховд Оргил” ХХК, “Ховд Маралгуа” ХХК-иуд шалгарч хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Мөн нүүрс авах цэгийг иргэдэд ойртуулах зорилгоор Жаргалант сумын 6 газарт нүүрс худалдан борлуулах цэг байгуулав” гэсэн байна.

                Мо Эн Ко компаниас авсан мөнгийг дээрх хоёр компанид (Ховд Оргил ХХК, Маралгуа ХХК) олгосон нь ч тодорхой болов. Тээврийн компаниудын зүгээс удаа дараа мэдэгдэж байгаагаар эдгээр компаниуд хөтөлбөрийг үр өгөөжтэй хариуцлагатай хэрэгжүүлж байгаа эсэх нь эргэлзээтэй гэх тул энэ талаар хянаж нягтлаж үзүүштэй юм байна.

                Тээврийн хэрэгслүүдийн зам гүүрийн даацад үзүүлж буй нөлөөллийн талаар Цаст Алтайн жинчид компаний захирал Одсүрэн байр сууриа илэрхийлэхдээ зам, гүүрийг анхнаасаа чанар муутай барьдагийг шүүмжилж байсан. Зам барихдаа хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцэхүйц өндөр чанартай барихыг эрхэмлэхээсээ илүү ор нэр юм хийгээд дундаас нь ашиг унагахыг гол болгодогоос дээрхи зөрчил үүсч байна хэмээж байв.

                                                                                                                                                                         Г.Үнэнтоль

 

 

 

 

МЭНДЧИЛГЭЭ

IMG 7279

Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн бид шинэчлэлийн Засгийн газар, Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх, иргэдийнхээ итгэлтэй туслагч нь байж, иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангах үүднээс ажлын арга барилдаа үнэлэлт, дүгнэлт хийж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, хууль сахин биелүүлэх чиглэлд онцгой анхаарч, иргэдийнхээ санал, шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч, ажил, үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэн Улс, орон нутгийнхаа дотоод аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Бидний ажлын үндсэн тулгуур нь нэг талаас хууль сахиулах, нөгөө талаас иргэн таны эрх, эрх чөлөө, аюулгүй орчинд аж төрөх баталгаа байх тул иргэн таныг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар үнэлэлт дүгнэлт, үнэтэй зөвлөмжөө ирүүлж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Амар тайван, аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж, дэмжиж туслана гэдэгт итгэж байна.

Олон үндэстэн, ястны өлгий нутаг болсон алс баруун хязгаарын Ховд нутгийн нийт иргэд та бүхэндээ болон ард түмнийхээ энх амгалангийн манаанд хүёргүй сэтгэлээр гал халуун залуу насаа зориулж явсан үе үеийн ахмадууд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг байнга дэмжин тусалж байдаг аймаг орон нутгийн удирдлагууд, одоо ажиллаж байгаа үйлс зорилго нэгт хамт олон та бүхэндээ болон та бүхний гэр бүл, үр хүүхдүүд тань Шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэн Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй.

 

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН

ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА С. ЦЭРЭНСАМБУУ

 

Залуучууд шинэ жилээ сүү өргөж тэмдэглэв

Zaluuchud shine jil 02

Ховд аймгийн Залуучуудын холбоо, Залуу удирдагч сангаас хамтран зохион байгуулсан “NEXT STOP” оны шилдэг залуу тодруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүн “Сүү өргөж амьдаръя” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ жилийн цэнгүүнд салбар бүрийн төлөөлөл болсон 130 гаруй залуус оролцсон бөгөөд нэгэн үдшийг архи согтууруулах ундаагүй, шилдгүүдийн баярыг хуваалцсан баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэв.

Ховд аймгийн Залуучуудын холбоо нь 10 сард шинэчлэгдэн байгуулагдаж 17 тэргүүлэгчидтэйгээр залуучуудынхаа дуу хоолой болон үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2 сарын хугацаанд бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан хурал зохион байгуулж, Залуу удирдагч сан байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн Ховд Их сургууль, БОЭТ-ийн дэргэд оюутны, эрүүл мэндийн зөвлөл байгуулж, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд залуучуудын үйл ажиллагааг дэмжих лобби бүлэг байгуулж, тэргүүнээр нь ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат сонгогдон, дэд тэргүүнээр Ховд сумаас сонгогдсон төлөөлөгч н.Арбол нар сонгогдон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд залуучуудынхаа үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаар сонгогдлоо.

Оны шилдэг залуу тодруулах “NEXT STOP” ёслолын ажиллагаа, шинэ жилийн цэнгүүнд аймгийн ИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлгийн тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар оролцож, залуучууддаа шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

 

Г.Одонтуяа

 

Дархлаажуулалтын загвар кабинет нээгдлээ.

Jargalant emneleg

Ховд аймгийн ЭМГазарт НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгждэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын загвар кабинет 2013 оны 12 р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга Т.Баяртогтох, Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч н.Чинзориг нар оролцож, нээлтийн тууз хайчлав.

НҮБ –ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төсөл нь Алтай, Булган, Үенч, Ховд сумын ЭМТ-үүд болон аймгийн төвийн Баатархайрхан, Буянт, Жаргалан, Рашаант өрхийн ЭМТ-үүд дээр үйл ажиллагаагаа явуулж, эрүүл мэнд нийгмийн халамж тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор ажиллаж байна. Төслийн хүрээнд тухайн ЭМТ-үүд дээр цус багадалт, тэжээлийн доройтолтой хүүхдүүдийг олж илрүүлэн зуны чийрэгжүүлэлтэнд хамруулах, өвчлөмтгий хүүхдүүдэд үнэ төлбөргүй эм олгох бусад тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Г.Одонтуяа \ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан\

. Хамтарсан эргүүл ажиллана

 Tsagdaa

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Нийтийн эргүүлд гарах хуваарь” ажиллах журмыг аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/473 тоот захирамжаар баталсантай холбогдуулан анхны эргүүлийг үүрэг зааварчилгаа авч, аймгийн Соёл, спорт аялал жуучлалын газрын ажилтнууд эхлүүлэн 20.00 цагаас 00 цаг хүртэл цагдаагийн алба хаагчийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 31  төрийн байгууллага сар болгоны нэг өдөр хариуцан эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ гэж Цагдаагийн газрын ОНХ албанаас мэдээллээ.

“Надад “совест” байгаа учраас бүрэн эрхээсээ татгалзсан юм”

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхээсээ татгалзах болсон үндэслэлээ танилцуулж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Amarjargal 03

Миний бие Монголын нийт ард түмэн, тэр дундаа намайг төрд илгээсэн Сүхбаатар дүүргийн сонгогчдодоо гүнээ хүндэтгэлтэй хандаж буйгаа юуны өмнө илэрхийлье. Та бүхний итгэл найдвар, өмөг түшгээр би УИХ-д дөрвөн удаа сонгогдсоноос гадна Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хариуцлагатай албыг хашсан билээ. Энэ нь өдий зэрэгтэй яваа нь ганцхан Р.Амаржаргал гэж хувь хүний эрийн сайнынх биш юм. Монголын ард түмэн та бүхний хатуу дэмжлэг, халуун дулаан итгэлээс гадна миний гар бие оролцон үүсгэн байгуулсан ШДХ, МҮДН, МҮАН, АН, түүний мянга мянган гишүүдийн итгэл найдвар юм гэдгийг гүнээ ухамсарлан хүндэтгэн талархаж явдаг билээ. Миний бие УИХ-д анхлан сонгогдсон цагаасаа л сонгогч, иргэд та бүхнийхээ итгэлийг алдахгүй, нүүрийг улайлгахгүй, тууштай зарчимч, чигч шулуун, шударга ажиллахыг эрхэмлэж ирсэн" гэв. Тэрбээр гишүүнээсээ татгалзах шалтгаанаа дөрөв ангилан тодорхойлсон байна. Тухайлбал,

  1. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан нь содон цочирдмоор сонсогдож магадгүй. Гэхдээ нягтлан, тунгаан бодвол гайхах зүйл үгүй юм. Бас гэнэтийн шийдвэр ч байгаагүй юм. Субьектив талаас нь үзвэл, ичих булчирхайтай хэн ч гэсэн өнөөгийн төр засгийн байдал, шийдвэр, түүний үр дагавраас ичээд өргөдлөө бичих л болов уу. Ялангуяа, буруутай эвлэрэхгүй, өөрийн гэсэн бодолтой, бусдыг аялдан дагалгүй, тууштай зарчимч бай гэж сонгогчдынхоо захиа даалгавартай, “тэгж чадна” амлаад ард түмнээсээ мандат авч энэ танхимд хөл тавьсан эрхэм гишүүд өнөөгийн төр засгийг бүхлээр нь нөмөрсөн хариуцлагагүйн байдлын төлөө, түүний гаргасан алдаа завхарлын төлөө улс төрийн хариуцлага хүлээж огцоръё гэж өнөөдөр биш ч, маргааш хэлэх л байх. Обьектив талаас нь үзвэл, Монгол дахь парламентын ардчиллын өрнөл, логик намайг ийм алхам хийхэд хүргэлээ. Бидний даган дуурайх дуртай хөгжингүй орнууд өнөөдөр глобаль улс төр, эдийн засгийн хямралыг даван туулахуйц сайн засаглалын эрэл хайгуул хийж байна. Харин хүнд сорил, бэрхшээлтэй тулгарч явсаар өдийг хүргэсэн Монголын парламентын засаглал өнөөдөр салаа замын уулзварт ирээд байна.

•-Улс орны хөгжлийн бодит шаардлагыг ярих уу, эсвэл урьдын адил хоосон, олон нийтэд таалагдах уриа ярьж популизмаа үргэлжлүүлж хийх үү,
•-Мэргэжлийн, мэргэшлийн ур чадвартай парламент байх уу, эсвэл сайн дурын уран сайханчдын хамтлаг, циркийн манеж хэвээр цааш явах уу
•-Ашиг сонирхлын зөрчилтэй олигархиуд, бусдаас чанга хашгирдаг “эх орончдод” дөрлөгдөөд явах уу, эсвэл технократуудаа сонсч тууштай бодлого тулхтай зарчим хэрэгжүүлэх үү
•-Цээжний пан, үзсэн харснаараа өнгөцхөн шийдвэр гаргах юм уу эсвэл шинжлэх ухааны үндэслэл тооцоо харгалзах уу
•-Алсын хараатай үндэсний стратеги уу, эсвэл түр зуурын ашиг хонжоо хөөх үү,
•-Дэлхийн эдийн засгийн мөчлөгийг харгалзах уу эсхүл сонгуулийн мөчлөгийн дөрвөн жилдээ хөтлөгдөх уу,
•-Шинэчлэл ба уламжлалыг хослуулах чадвартай парламент уу, эсвэл шинэчлэлийн хэлбэр хөөсөн парламент байх уу,
•-Нам, фракцийнхандаа сахилга хариуцлага тооцох уу, эсвэл бие биендээ барьцаалагдан аалзны тороо сүлжээд явах уу

Энэ мэт улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, хууль эрхзүйн маш олон асуудлыг хойшлуулашгүй шийдэх чадвартай парламент Монголд хэрэгтэй байна. Гэтэл тийм чадвартай парламент бүрдүүлэх ажлыг бид хийж чадсангүй. Үүний төлөө улс төрийн хариуцлага би хүлээх ёстой гэж үзэж байна.

Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход манай парламентын ардчиллын өнөөгийн шатанд ёс суртахуун, ёс зүй хамгаас илүүтэй үгүйлэгдэж байна. УИХ цаашдаа үйл ажиллагаандаа зөв буруугийн ёс зүй, шударга ёсны ойлголт ухагдахуун, категориудыг шалгуур болгож ашигладаггүй юм аа гэхэд, ядаж ийм ойлголтууд байдаг гэдгийг санаж байгаасай гэж хүсч байна.

Ардчилсан үнэлэмж, үнэ цэнэт зүйл түгээмэл гэж ойлгогддог ч Монгол хөрсөнд буух учиртай. Тэр бууж буй хэлбэр, Монголын ардчиллын онцлог, амин сүнс бол – нийгмийн зөвшилцөл, улс төрийн зохицол толерантность, ёс зүйн харилцан ойлголцол, эдийн засгийн тэнцвэр байх ёстой. Үүнийг би өргөн утгаар нь - улс төрийн бусад хүчин, иргэний нийгмийг багтаан ойлгож байгаа юм шүү.

Энэ утгаар үзвэл бидний 24 жилийн ардчиллын чанар чансаа он цаг улирах тусам булингартаж байна. "Бидэнд амьралын хүнд бэрхийг нийгмийн хэсэг бүлгүүдэд эн тэнцүү үүрүүлж, нам хүчний харьцааг тэнцүүлж хянадаг, нийгмийн зөвшилцөлд хүргэдэг ёс суртахууны үнэлэмж, сахилга хариуцлагаас эхлээд өмчийн болон улс төрийн соёлыг хүртэл агуулсан хариуцлага дэг журамтай тогтолцоо үгүйлэгдэж байна.Бидэнд дутагдаад байгаа зүйл бол нийгмийн зөвшилцөл. Бид үүнийг бүрдүүлж чадахгүй бол улс төрийн тогтвортой байдалд, ардчилалд хохирол учирна" гэж би 1999 онд УИХ индэрээс хэлж байсан билээ.

Дахин давтахад, хүчирхэгжсэн хоёр том гүрний дунд буй Монголын улс төрд зөвшилцлийг үгүйсгэн хүч түрэх, олонхиороо хүч түрэх нь Монголын ардчиллыг гутаан сулруулах, улмаар сөнөөж буй, Монгол төрийн эсрэг гэмт хэрэг гэж хатуухан хэлье.

2.Засаглалын харьцаа, тэнцвэрийн асуудлаар бид баримжаа зүг чигээ алдаад удлаа. Үүнийг засаж, Үндсэн хуулийн утга санаа, үг үсгийн дагуу сэргээж хамгаалах цаг болжээ. Жишээ нь, УИХ бүхний дээр гарч Засгийн газарт ажиллах боломж олгохгүй байна гэх хэсэг байхад, өөр нэг нь Засгийн газар даварлаа гэж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч 20 жилийн дотор ямар их өөрчлөгдсөнийг хүн бүр мэдэж байгаа. Улсын төсвөөс илүү шахам мөнгө төсвийн гадуур эргэлдэж байгаа нь төр засгийн байгууллага олон түмний хараа хяналтаас гарсаны тод жишээ. УИХ олон нийтийн санаа бодлын тусгал болдоггүй, нээлттэй, тунгалаг байж чадахгүй байгааг бэлээхэн жишээ. Байдал ийм маягаар өрнөж буй хариуцлагыг УИХ хүлээх ёстой.


Засаглалын тэнцвэрийг нэг тийш болгоочээ гэж миний бие 2004 онд УИХ-д хандан уриалга гаргаж байсныг зарим хүн мэдэж байгаа л байх. Тухайн үед "Хаан сонголт" гэжхөөрсөөр байгаад өнгөрснийг ч санаж л байгаа байх.

Монгол улс одоо парламентын, эсвэл ерөнхийлөгчийн засаглалын аль нэгийг эргэлт буцалтгүй сонгомоор байна. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болбол эдгээр асуудал нэг мөр шийдэгдэж, популизмаас ангид ажил хийх боломж цаг хугацаа гүйцэтгэх засаглалд ядаж нэг жилээр нэмэгдэнэ шүү дээ.

Ялалт байгуулсан улс төрийн намын дарга нь Ерөнхий сайд болдог парламентын засаглалыг би зүйтэй гэж үздэг. Энэ тухай би 1998 нийтлэл бичиж байсан. Өнгөн талаас нь харахад өнөөдөр энэ зарчим үйлчилж байгаа мэт. Өнгийгөөд харвал Ерөнхий сайдад хоёр гол хэрэгсэл алга. Нэгд, Парламентыг тараах эрх, Хоёрт, өөрийн бодож төлөвлөснөөр Засгийн газрын танхимаа бүрдүүлэх эрх. Нэгэнт л УИХ итгээд Ерөнхий сайдыг томилсон л юм бол Засгийн газраа хүссэнээрээ байгуулах бололцоог түүнд олгох нь логик юм. Эс бөгөөс бие биеэ барьцаалсан бүлэглэлүүд өнөөдрийнх шиг төрийн ажлыг дампууруулсан хэвээр л цааш явах болно. Ер нь гүйцэтгэх засаглалын гүйцэтгэл, хариуцлага манайд тун суларч доройтсон доо.

Хэн нь Засгийн газрын гишүүн байх асуудал байнга яригддаг. Би хувьдаа ард түмнээсээ мандат аваагүй Засгийн газрын гишүүн гэдэг бол нонсенс гэж үздэг. Эрүүл саруул ухаанаар бодсон ч тийм л байх ёстой. Зарчим бол маш тодорхой байх ёстой. Ард түмнээсээ мандат авч чадаагүй Засгийн газрын гишүүн гэж байх ёсгүй. Энэ зөрчлийг шийдэхийн тулд дутуу алсан могой шиг өнөөгийн байдлаас сонгуулийн системээ гаргах хэрэгтэй. Улс төрийн намууд ч гэсэн төрийг бохирдуулж байгааг дурьдах ёстой юм.

УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд тодорхойлсон. Миний ойлголтоорУИХ гагцхүү хууль тогтоох дээд байгууллага юм. Үүнийг цэгцлэхгүй бол спикер нь Ерөнхий сайд шиг аашлаад байна. Олон толгойтой байх юм бол төр дампуурдаг түүх бэлнээ бий.


3. Эдийн засгийн асуудал. Энэ сэдвээр хэдэн өдөр чярихад бэлэн байна. Байдал тун ярвигтай эвгүй өрнөж байгаа шүү:
•-Төсвийн алдагдал бараг 7-8 хувьд хүрлээ. Өрийн дарамт урьд өмнө үзэгдээгүй түвшинд хүрсэн. Үнэндээ өрөө ч тооцож чадахгүй, энэ талаар үнэнийг хэлэх чадваргүй болжээ.
•-10 сарын өмнөхөөс бараг 30 гаруй хувиар хөрөнгө оруулалт хорогдсон, Гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн бус салбарт 70 хувь, уул уурхайн салбарт 30 хувь буурсан. Хөрөнгө оруулагчдын хүлээлт сэтгэгдэл тун таагүй байгаа.
•-Оюутолгойн хоёрдугаар ээлж үндсэндээ зогссон, хамгийн өөдрөгөөр одоо гэрээ хэлцэл байгуулж чадна гэж үзвэл бодит ажил эхэлтэл дахиад хоёр жил хэрэгтэй боллоо.
•-Тавантолгойн дэд бүтцийн асуудал яаж шийдэх ёстой нь тун ч бүрхэг. Хүрэн нүүрсний үнэ ашиг өгөхгүй, коксжих нүүрсний үнэ хэтэрхий доогуур байна
•-Банкны салбар тун сул дорой, эмзэг байна. Саяхан 5 дахь том банк дампуурсан. Одоо байгаа 4 томын 2 нь асуудалтай. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна.
•-Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна.
•-Төгрөгийн сулрал зогсох янз алга. 1740 төг. Гэтэл нийт зээлийн 1\3 нь ханшинд шууд өртөхөөр байгаа.
•-Инфляци нэмэгдээд хоёр оронтой болсон. Нуух аргагүй боллоо.

Байдал ингэтлээ доройтоход, эдийн засгийг тэгтлээ боймлоход хүргэсэн этгээдүүд энэ танхимд сууж л байгаа. Тэд хариуцлага хүлээх ёсгүй хэрэг үү? Өнгөрсөн 4-р сард эвгүй дохио сонсогдож эхэлсэн тухай ярьж бичиж л байсан. Тун удахгүй том компаниуд нэг нэгнээ татаад унагаад эхлэх бий дээ.

Хөндөхгүй байх аргагүй нэг асуудал байнаа. Эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг хөндье. Өнөөдөр Монголын эдийн засгийн аюулгүй байдлын амин сүнс нь түлш, эрчим хүч.

Өөрсдөө ядаж ганц литр бензин шатахуун үйлдвэрлэж, технологийг нь эзэмшээд авмаар байна. Цахилгаан эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангамаар байна.Энэ хоёрыг л өөрсдөө хангаж чадвал, хэнтэй ч, юу ч ярих хэмжээнд Монгол Улс хүрч чадна. Тийм боломжтой. Энэ тухай 2000 онд УИХ-ыниндрээс Ерөнхий Сайдын хувьд хэлж байсан. 13 жилийн дараа ч энэ асуудал шийдэгдээгүй,ач холбогдлоо алдаагүй байна. Ирээдүйд өөр асуудал чухал болно биз, өнөөдөр ойрийн ирээдүйн хувьд бол эрчим хүч, шатахуун.

Стратегийн энэ зорилтыг ойлгодоггүй сайд нар явах ёстой, өчиггүй явуулах ёстой. Сайд нарын зарим нь улс орны хөгжил гэхээсээ илүү өөрийн, гэр бүлийнхээ, эсвэл бизнес бүлгийнхээ сонирхолыг хангахын төлөө сайд болсон мэт авирлаж байгааг саяхан Ерөнхийлөгч маань шүүмжлэж байсныг бүгд сонссон биз. Өөрөө баяжиж буйгаа улс орон хөгжиж буйтай хутгаад байна.

Манай эдийн засаг хичнээн эмзэг хэврэг болохыг 2007-2013 өрнөсөн үйл явдлууд харууллаа. Нэг бол бахархамаар гозойгоод босоод ирдэг. Гэтэл маргааш нь яачив гэмээр унаад өгдөг. Эрхбиш үүнийг харж баймаар. Хамгийн сүүлийн жишээ гэхэд сая баталсан 2014 оны төсвийг хар. Заримдаабухимдах ч багадаад байна шүү.

Өнгөрсөн 23 жилд бид уул уурхайн бүтээгдэхүүний урьд өмнө үзэгдээгүй үнийн өсөлтийн хоёр удаагийн супер мөчлөгийн гэрч боллоо. Харамсалтай нь гэрчээс хэтэрсэнгүй.Энэ алтан боломжийгуургалан эдийн засгаа тогтвортой хөгжилд хөтлөх ирээдүйтэйцогц арга хэмжээ хэрэгжүүлж чадсангүй. Монголчууд хуримтлал бүрдүүлж чадсангүй. (1990 оны дунд, 2010\2011 эхэн үеийн тухай хэлж байна.)

Анхаарал татах бас нэг зүйл байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан 2012\2013 онд манай эдийн засгийг нөгөө л хөдөө аж ахуй тодруулбал, мал аж ахуй авч гарлаа. Хэдэн малчид, мал аж ахуйгаа бүү ад үзээрэй.

Эдийн засгийн аюулгүй байдлыг яаж хангах вэ? Төрийн оролцоо зохицуулалтыг л нэмэгдүүлэх тухай ярих юм. Өөр шийдэл олох чадваргүй байна. Төр нь өөрөө дампуу, дээр ньюм юманд оролцоод явахаар бүр ч дампуурна. Энэ замаар мөн ч олон жил будаа тээлээ дээ. Аюулгүй байдал нэмэгдсэн юм алга харин ч эмзэг болоод байна. Миний ойлгож байгаагаар хувийн өмч, хувийн үүсгэн байгуулагч идэвх санаачлага дээр тулгуурласан шийдэл байх ёстой. Хувийн өмч, үндэсний хөрөнгө оруулагчид босож чадвал манай эрх ашиг, тодруулбалулс төрийн,эдийн засгийн эрх ашиг хангагдана. Манай үндэсний хөрөнгөтнүүдийн активын нийлбэр 6 млрд ам доллар байгаа нь ядаж 60 млрд хүрэх ёстой юм.

Төрийн оролцоо бол бие биенийхээ юмыг булаахгүй, төрийн хүчийг ашиглан дээрэмдэхгүй байхад л чиглэх ёстой. Төр бол эдийн засаг, хувийн секторын бойжилт, өсөлт хөгжлийн хөрс платформ нь байх ёстой юм.


4. Төр засгийг бэхжүүлнэ гэдэг нь шудрага ёс, түүнийг хангах асуудал юм. Саяхан нэгэн санал асуулгад хамрагдсан хүмүүсийн 84 хувь нь шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна гэжээ. Засаг төр л бол зөв байдаг гэсэн ойлголт эл салбарт амь бөхтөй байна. Нөгөө хараат бус, бие даасан байдал нь агуулгын хувьд хэрэгжихгүй байна. Шүүх нь Засгийн газар, төрийн захиргааны шийдвэрийг хүчингүй болгоод гүйцэтгэлийг нь хангуулж чадаж байвал иргэд шудрага ёсонд итгэж эхэлнэ. Тэгж байж захиалгат шүүх алга болно.

Төр, засгийг бэхжүүлэх нь боловсон хүчний чанар, шилж сонгох дэвшүүлэх тогтолцоогоор тодорхойлогдож байдаг. Яам тамгын газар, албан байгууллагыг удирдан засаглах социализмын үеийн энерци шавхагдан ширгэж байна. Шинээр гарч ирсэн нөхдүүд үнэндээ төрийн албанд төрийн хүн шиг хандах сэтгэх, хариуцлагатай сахилгатай байх соёлыг эзэмшээгүй байна. Төрийн албанд намын мандат намируулан, хэн нэгэн улс төрчийн нөмөр нөлөөнд шигдэн шинээр орж ирэгсэд зүгээр л ажиллаж мэдэхгүй байна. Төрийн хүн шиг сэтгэж чадахгүй байна. Үнэндээ хэлэхэд гарын үсгээ яаж мөнгө болгох вэ, хэтэвчээ яаж зузаатгах вэ гэхээс өөр юм боддог юм уу гэж асуумаар байна.

Авилга хэвийн үзэгдэл боллоо. Бид нарын “идэх цаг ирсэн” гэж нэг нь хэлэхэд нөгөө нь “тиймээ” гээд үг дуугүй хүлээн зөвшөөрдөг болжээ. Ийм эдийн засагт хөрөнгө оруулалт хийх бизнесмэн олох хэцүү, санаачлан эхлүүлсэн болгоныг төрийн нэрээр дээрэмдээд байхаар зугтахаас өөр яах билээ. "Төр үл мэдэх түшмэдийн засаг уулнаас хүнд" гэж Д.Бямбасүрэн гуайн ишлээд байдаг энэ шүү дээ.

Төрийн албыг цэвэрлэх, бүх талаар бэхжүүлэх ажлыг системтэй өргөн цар хүрээтэй хэрэгжүүлэх цаг болсон. Энэ бол тэргүүн зэргийн зорилт. Учир нь монголд хамгийн ховор нандин зүйл бол хүн. Ялангуяа мэдлэг боловсролтой, ур чадвартай, ёс суртахуунтай, өндөр сахилга бат, хариуцлагатай боловсон хүчин. Хамгийн үнэтэй энэ капиталаа намаар нь ялгаварлан гадуурхаад “гудамжинд гаргажээ”. Энэ бол Монголын хувьд хэтэрхий тансаглал. Намын харьяалалаас үл хамааран чадалтай хүнийг бүрэн хэмжээгээр ашиглах тогтолцоо буй болгох нь гуравхан сая монголчуудын хувьд орших, эс оршихын асуудал юм шүү.

Төрт ёс, тэгш хандах, хатан зориг, удам угсаа, дэг жаяг, дэв зэрэг, эрэмбэ дараалал, ах зах, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, нэр төр, ханилах нөхөрлөх, бат ёс журам, эелдэг тусч, өгөөмөр сэтгэл, заншил, цээр,шудрага үнэн, эв эе гэх мэт үг, ойлголтууд тэр болгон анзаарагдахгүй, тэр болгон үзэгдэхгүй мэт боловч эд бүгд бол боловсон хүчний шүүлтүүр, монгол төрийг бат бэх байлгах бэхжүүлэх амин чухал эд эс нь юм шүү. Энэ ойлголтууд үгүй болохоор төр засаг цуурч, ан цав гарч, хэмхэрэн үлбэгэр, сул, цог жавхаагүй сүр сүлдгүй болж улмаар сөнөж мөхдөг гэдгийг сануулан хэлэхэд илүүдэхгүй болов уу.

Миний дээр хэлсэн бүгд өнөөдөр бий болсон зүйл биш ээ. Олон жил хуримтлагдсан, шийдэх хүсэлгүйгээс угжирсан, шийдэх гээд одоо чадахгүй байгаа асуудлууд. Тийм ч учраас ард иргэд бухимдлаа илэрхийлж 12 жилийн дараа АН-д саналаа өгч засаг барих эрхийг олгосон юм. Монголчууд АН-д маш их найдаж, өндөр итгэл хүлээлгэсэн. Тэр хэрээрээ хүлээлт үүсгэсэн. Бид тэр хүлээлтийн хэмжээнд ажиллах ёстой юм. Үлгэрлэх учиртай юм. Хариуцлага, сахилга зохион байгуулалт маш өндөр байх учиртай. Харамсалтай нь бид тэгж
чадахгүй байна. Харин ч бүр дордуулж байна. «АН гарч ирээд ялгаа алга байна ш дээ» гэж цөхөрсөн иргэд ярьж байна. Үүний төлөө АН-аас хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой.

Төгсгөлд нь нэг зүйл хэлье. Ардчилсан намын гишүүн байж намаа шүүмжлэв, дөнгөж засаг аваад босох гэж байхад нь өөрийн байгуулсан засгаа шүүмжлээд гээд над руу дайрч байна. Тэдний шүүмжлэлийг хүндэтгэж байна. Гэхдээ би:
-Ардчилсан намыг үүсгэн байгуулагчдын нэг учраас,
-Зөв шудрага яваарай гэж сонгогчдоосоо захиа даалгавар авсан учраас
-Хамгийн гол нь надад совесть байгаа учраас УИХ гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан юм.

Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе гэж байгаа юм. Улс төрийн соёлын стандарт гэж байх учиртай. Би улс төрийн соёл, хариуцлага, энгийн ёс зүй, жудаг талаасаа зөв алхам хийсэн гэдэгтээ огт эргэлзэхгүй байна. Сүхбаатар дүүргийн миний сонгогч нар намайг ойлгон дэмжсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.

Б.Тэмүүлэн (Эх сурвалж medee.mn)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ жилээс болж 14 хүн осгож амиа алджээ

Shine jil

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн гурав хоногт 27 хүн ил харагдах шарахгүй, золгүй байдлаар амиа алдсан гэх мэдээллийг Нийслэлийн цагдаагийн газраас өглөө.

Өнгөрсөн баасан гаригт тав, бямбад 14, нямд найман хүн осгож, хөлдөж амиа алджээ. Тэдний олонх нь шинэ жилийн баяраа тэмдэглэж яваад, согтож, осгосон байдалтай олдсоныг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энх цагт гуравхан хоногийн дотор энэ олуулаа бусдын гарт бус, хэн нэгний буруугаас биш шинэ жил, элдэв тэмдэглэлт ойн баяр тэмдэглэж яваад амиа алдаж байгаа нь харамсалтай.

Хэн л баяр тэмдэглэж суухдаа балга юмныхаа балгаар хань ижил, халуун бүлээ өнчрөл хагацлын гашуунд живүүлж одно гэж хэн мэдэх билээ. Угтаа бол манайхан дуудлагын жолооч, такси үйлчилгээг энэ мэт онцгой өдрүүддээ ашигладаг баймаар. Мөн таксины жолооч нар халамцсан нэгний халаасыг ухаж, түрийвчийг хоослодоггүй эсэн мэнд гэрт нь хүргэдэг бол амиа алдсан иргэдийн тоо өнөөдөр бага сонсогдох байсныг үгүйсгэхгүй юм.

Мөн шинэ жилийн баяр ёслолын захиалга авч хэдэн зуун хүнд үйлчилж буй ресторан, үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдийнхээ амь нас, аюулгүй байдалд анхаарал тавьж, такси үйлчилгээг онцгой баярын үеэр хэрэглэдэг соёлд суралцах цаг нь хэдийнэ болсон гэдгийг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

М.Төгөл (эх сурвалж gogo.mn)

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ