Download Firefox
Download Firefox

Wednesday, Jun 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Ц.Мөнхбаяр шоронгоос Ерөнхийлөгчид хандан монгол бичгээр бичсэн захидал илгээжээ

Munkhbayar 02

Эх нутаг, газар шороогоо хамгаалан зүтгэхдээ хэтэрхий өрөөсгөл үйлдэл гаргасныхаа төлөө  өнөөдөр шоронд ял эдэлж байгаа Ц.Мөнхбаяр Монгол улсын Ерөнхийлөгчид хандан бичсэн захидлаа монгол бичгээр бичжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хөрвүүлэн та бүхэндээ хүргэе.

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд 

Гомдол хүсэлт өргөн мэдүүлэх нь

Munkhbayar 01        

Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдал, гэмт хандлагыг няцаан гарцгүй байдалд аргагүй хамгаалалт хийн таслан зогсоосон.

Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан   хилс гүжирдэн ял тулгасан нь бид шоронд хоригдож байна. Энэ тухай танд олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг  та тогтоон болгооно уу.

Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, Монгол улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн, Монгол улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халдлагыг шүүх  хамгаалан өмгөөлж, Монгол улсын нэрийн өмнөөс  улс үндэсний эрх ашиг, хүн төрлөхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид харамсаж байна.

Эрхэм Ерөнхийлөгчөө

Бидэнд байгуулсан гавьяа үгүй

Бидэнд үйлдсэн гэм буруу үгүй

Монгол хүн бүрд заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв. Гутаах, бадархахын алин болохыг мэргэн /мөргөн/оюундаа болгоон соёрхоно уу?

Гомдол, хүсэлт өргөн мэдүүлсэн хилсээр хоригдож буй  Ц.Мөнхбаяр, Т.Төмөрбаатар

20014.08.14 ” гэжээ.

Munkhbayar 03

Тэрээр энэхүү захидлыг Ерөнхийлөгчид хаяглан   Монгол бичгээр бичин  УИХ-ын  Г.Уянгаар дамжуулан илгээсэн бололтой. УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар шоронд хоригдож байгаа “Гал үндэстэн” ТББ-ын тэргүүн Ц.Мөхбаяр нарын хүмүүсийг эргэж очсон юм билээ.  Энэ үеэр Ц.Мөнхбаяр эл захидлыг Г.Уянга гишүүнээр дамжуулан Ерөнхийлөгчид хүргүүлэхээр илгээсэн бололтой. Энэ тухай Г.Уянга гишүүн  өөрийн Нүүрномдоо “ Ц.Мөнхбаяр шоронд байх хугацаандаа монгол бичиг сурч Ерөнхийлөгчид хандсан захидлаа монголоор бичжээ. Төрдөө, төрийнхөө тэргүүнийг хүндэтгэж заавал монгол бичгээрээ хандмаар санагдаад сайн сураагүй ч монголоороо бичлээ гэж байв” гэж бичин оруулсан байна Мөн Г.Уянга  гишүүн үргэлжлүүлэн өөрийн Нүүр номдоо  Ц.Мөнхбаярын хүүтэй хамт авахуулсан зургаа оруулж:  ”Энэ залууг Мөнхбаярын Эрдэнээ гэдэг. Өдгөө шоронд хоригдож буй Ц.Мөнхбаярын ууган хүү. 3 дүү, ээжийгээ тэжээх үүрэг энэ залууд оногдсон. Үүрийн гэгээннээс үдшийн бүрий хүртэл пицца хүргэж энэ үүргээ гүйцэтгэж байсан Эрдэнээ өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүний бие төлөөлөгчөөр ажиллана. Түүнийг аав шигээ эх оронч, хичээнгүй хүү гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнд амжилт хүсээрэй.
Аавыгаа гарч иртэл тэдний ар гэр хоногийн хоолондоо санаа зовохгүй байхаар болов. Мөнхбаяртаа гэнэтийн бэлэг барья гэж бодоод энэ шийдвэрээ хэлээгүй байгаа билээ. Өнөөдөр зурагтаар мэдээлбэл сонсоод баярлах байхаа” гэж бичсэн байна.

                                       Ц.Мөнх (Эх сурвалж: ugluu.mn)

 


 

Монголын тухай ингэж бичиж байна

Төрөөсөө хатуу хяналттай Хятадын хэвлэлд Монголын талаар ийм мэдээлэл тархсан байна. Хятадын junshi.xilu.com вэб сайтад наймдугаар сарын 6-ны өдөр тавигдсан өгүүллийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Энэхүү өгүүлэл нь wechat зэрэг Хятадын мэдээллийн цахим хэрэгслээр цацагдаж байгаа бөгөөд өнөөдөр Монголын зарим сонин, сайтад ч нийтлэгдсэн байна.

Хятад, Орос гар нийлж тогтворгүй, гуйвамтгай Монголыг хатуу гараар илбэн тохинуулна

Энэ сарын сүүлээр Си дарга, Путин ерөнхийлөгч нар Монголд айлчлахаар харилцан тохирч, Монголын улс төрийн чиг баримжаа, зах зээлийн байр суурийг нь хамтарч тогтоож өгнө. Илүү тодруулбал, Хятад, Орос Монголын улс төрийн хүсэл эрмэлзлийн талаар өөрсдөөс нь мэдээлэл авч, Монголын гуйвамтгай, айж эмээсэн сэтгэлийг тайвшруулж, өөртөө итгэлгүй хөршөө хяналтандаа оруулж, зах зээлийн эдийн засгийн хөшүүрэг ба өмнө байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалтыг ашиглан Хятад, Орос хоёр их хөршөөс өөр хоёр дахь сонголт Монголд байхгүй гэдгийг ойлгуулах болно.
Mongoliig ingej buchjee

НЭГ. Цаг хугацаа, газар зүй, хүний хүчин

                                                     зүйл Монголд боломж олгож байна                                                            

1.Хятад, Оросын аль аль нь Монголын шарх юм

Хятад, Монгол бол түүхээсээ нэгэн гэр бүл, тасаршгүй мах цусны холбоотой байж ирсэн.Түүх биднийг хайр энэрэлгүйгээр хувааж, нийлүүлж, бас дахин хуваасан. Үүнд зөвхөн бидний өөрсдийн хүчин зүйлээс гадна хүчирхэг гүрний эрх ашгаас үүдэлтэй шалтгаан бий бөгөөд гар, хөл, мах цусаараа холбогдсон үндэстний нэг гишүүнийг маань урт удаан хугацаанд орон гэрээс нь холдуулж, гэр нь байхад буцаад ирэхэд хэцүү, улс нь байхад эргээд нийлэхэд хүндрэлтэй болгож, хаяа хязгаарт, баримжаагүй эрлийн дунд хэцүүхэн оршин тогтнуулж байна. Ялангуяа, дэлхийн II дайны дараа Японы эсрэг хийх дайны шаардлагаас болж Монголыг “нөхцөл” болгон эх орноос нь өрөвдөх сэтгэлгүйгээр таслан “тусгаар улс” болгосон юм. Энэ бол эх болсон эх орны боломж чадал муу байсан гэхээсээ эх орны маань гутамшиг болсон. Манай олон үндэстнээс бүрдсэн улс хэдхэн сая хүнтэй энэ үндэстэнг орхиж болно гэж үү? Үгүй, огтхон ч болохгүй. Энэ үндэстэн өөрийн эх орноо хаяж явсан уу? Хариулт нь мөн л үгүй. Хэрэв үүний шалтгааныг судлах бол гурван талтай юм.

Нэгдүгээрт, үндэстнээрээ бахархах хүчтэй үзлийг нь эх орны их гэр бүл ойшоож үзээгүй, үндэстэн хоорондын дайн, сөргөлдөөны улмаас уг үндэстэн итгэл үнэмшлээ алдаж, өөрийн тусгаар тогтнол, сайн сайхан ирээдүй рүү тэмүүлсэн.

Хоёрдугаарт, хөрш зэргэлдээ хүчирхэг гүрний тасралтгүй булаан эзлэлт, өөрийн ашиг сонирхлын улмаас хүчээр газар нутгаа өргөжүүлэх колоничлолын үйл ажиллагаа.

Гуравдугаарт, эх орны сул дорой, чадваргүй байдал нь хятад үндэстний түүхэнд дахин нэг “хуваагдсан газар” бий болох эмгэнэлт байдлыг бий болгосон. Үүний зөв, буруу нь түүх болж үлдсэн. Бид яагаад дахин бүр эхнээс нь дүгнэн үзэж, ирээдүйгээ харж болохгүй гэж? Эдүгээ дахин маргаж, хэлэлцэхэд ач буян, хорсол гомдол ач холбогдолгүй юм.

2.Хятад, Оросын аль аль нь Монголыг

үл ойшоож, хяналтдаа байлгадаг

Монголчууд тусгаар тогтносны дараагаар хөгжин бадрах боломжтой болно гэж үзэж байсан. Гэвч “тусгаар тогтносон”-оор эх орноосоо гээгдэн, сураг чимээгүй болж, улмаар хуучин ЗХУ-ын колони, талхилагдах газар нь болно гэж тэд төсөөлж ч байгаагүй. Монголыг сул дорой хурга болгож, үндэсний язгуур шинжийг нь алдагдуулснаар бусдын үл ойшоолт, дарамтан дор амь зогоох болсон. Хятадтай сөргөлдөх шаардлагадаа нийцүүлэхийн тулд зөвлөлтүүд монгол иргэдэд Хятадаас салгах, Хятадын эсрэг хүмүүжил боловсролыг олгож, мах цусаараа нэгдэх, элгэмсэг сэтгэлийг үгүй хийсэн юм. Хэдэн арван жилийн турш эх газар “соёлын хувьсгал” болон түүнээс үүдэлтэй шархаа анагаах асуудалд анхаарч, Монголын оршин тогтнол, энэ тэнүүлч хүүг анхаарлын гадна орхиж иржээ. Харин ЗХУ Монголыг өөрийн гэрийн ар хашаа мэт үзэж байсан тул бодит дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгээгүй, ямар ч аж үйлдвэрийн суурийг бий болгоогүй юм. Үхэр хонины махыг нь хүртэл “байцаа”-ны үнээр авч ирсэн боловч тохирсон үнээр нь монголчуудад зохистой хариу барьж байгаагүй. Оронд нь авсан эд материал, үр тариа нь зөвхөн наад захын хэрэгцээг хангах төдий л байсан. Энэ бүхэн нь Монголын хөгжилд ноцтой нөлөөлсөн юм.

Монгол нь Хятад, Оросын нутгаар хүрээлэгдсэн далайд гарцгүй орон юм. Энэ нь тэдний экспортод олон саад бэрхшээлийг учруулдаг. Тэдний гадаад зах зээл, эдийн засгийн хөгжил бүхэлдээ Хятад, Орос хоёроор таслагдаж, энэ нь Монголын хөгжил, зах зээлийн эдийн засгийг ихээхэн хэмжээгээр хязгаарладаг бөгөөд өнөөг хүртэл Монгол Улс ядуурал, үйлдвэрлэх хүчний сул дорой байдлаасаа салж чадаагүй байна. Зарим үед байгалийн баялгаараа амьжиргааны үндсэн бараа , эд материалыг сольж авдаг боловч энэ нь ард иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж чаддаггүй. Бодит үнэнийг хэлэхэд өнөөгийн Монгол “өмсөх, хооллох” асуудлыг л үндсэнд нь шийдсэн боловч ядуурлаас ч салж чадаагүй байна.

3.Хятад, Оросын хайхрамжгүй байдал

Монголыг харалганаар гарц хайхад хүргэсэн

ЗХУ задарсны дараагаар Монгол аливаа хязгаарлалт, колончлолын статусаас ангижирсан ч ямар ч дэмжлэггүй болсон. Оросууд Монголыг хов хоосон орхиогүй ч монголчуудын төсөөлж байсан хөгжил, эдийн засгийн сэргэлт улам бүр алсарч, үүний улмаас тэд дөрвөн зүгээс “туслагч” хайн, улмаар байгалийн баялгаа худалдахаа “хөгжлийн зарчим” болгож, хожмын үр дагаврыг бодолгүйгээр оршин тогтнохын төлөө ихээхэн төлөөс төлсөн.
Ямар ч бодлогогүйгээр АНУ-ыг дагаж, ЕХ-нд найдаж, Японыг өмгөөлж байгаа зэрэг нь Монголын гарцаагүй шаардлага, аргагүй байдалд байгаа байдлыг харуулж байгаа юм. Бид Монгол оршин тогтнохынхоо төлөө гаргаж буй хүч чармайлт, сонголтыг буруутгах эрхгүй, Монголын үйл ажиллагаанд гомдоллох эрх бүр ч байхгүй. Хятад, Орос манай хоёр орон Монгол руу чиглэсэн бодлогоо тэнцвэржүүлж чадаагүйд хамгийн чухал нь байгаа юм.

Хятад, Оросын аль аль нь Монголыг өөрийн эрх мэдлийн хүрээндээ байлгахыг боддог ч аль нэг тал нь Монголын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг жолоодохыг хүсдэггүй. Монголын асуудал дээр Хятад, Орос нь нэг төрлийн “газарзүйн харьяалал”-ын тоглоом тоглож байна гэж хэлж болох юм. Гэтэл Монгол өөрөө өөрийнхөө “үнийг өсгөж”, АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийж, цэргийн тусламж авч, тандалтын радар байгуулахаар төлөвлөж байгаа болон ЕХ-нд нэгдэхийг сонирхож байгаа зэрэг нь Хятад, Оросын “анхаарал”-ыг татахад хүргэж байна. Өөрөө өөрийнхөө хөзрийг нэмэгдүүлж, өөртөө түшиц хайж байгаа юм. Монголын иймэрхүү үйлдэл нь тэдний жинхэнэ зорилго биш, харин жижиг улсын ангалын ёроолоос амь гарах гэсэн шаардлага юм. Хятадын нэг “сянь”-ий хэмжээнд хүрэхгүй чадалтай Монголын өнөөгийн нөхцөл байдалд өргөн уудам газар нутагтайгаас гадна, байгалийн баялгаа худалдахаас гадна Монголд өөр ямар нэгэн арга зам байна уу? Тэд эх нутгагтаа дахин нэгдэхийг хүссэн ч Орос үүнийг зөвшөөрнө гэж үү? Оросын тал руу хэлтийхийг хүссэн ч үүнийг нь Хятад хүсэх үү? Хоёр бэрхийн дунд Монгол яалтай билээ? Хаанаас хаа хүрэх билээ?

Хятад, Оросын харилцаа хамгийн таатай байгаа үед Монгол сая нэг “хамгийн сайхан боломж”-ийг олж авлаа. Си Зиньпин, В.Путин нар зэрэг айлчлах болсон нь дор хаяж тэдний Монголд далдуур хязгаарлах, боомилох боломжийг үгүй болгож байна. Гурван талын уулзалтаар Монголын хөгжлийн эцсийн “замнал”-ыг хэлэлцэн шийдэх болно. Энэ бол цаг хугацаа, хөгжлийн шаардлага бөгөөд жимс боловсорч гүйцээд өөрөө газар унадаг гэдэгтэй ижил үр дүн юм.

  1.                                                2.Хятад, Оросын аль аль нь Монголын найдвар юм

“Гурван талын дээд түвшний уулзалт”: энэ бол эх нутгаа эргэн нэгдэх асуудлыг ярих газар биш, эргэн нэгдэх асуудал ярих нөхцөл ч бүрдээгүй байна. Энэхүү уулзалтын үндсэн сэдэв нь “Хоёр хүчтэнг дагасан бяцхан морь”-ны ирээдүйн тухай юм. Монголын хувьд энэ бол түүхэнд бичигдэх нэгэн боломж, бүр түүхийг өөрчлөх цаг үе ч байж болох юм. Хаанаас хаа хүрэх вэ гэдэг нь багахан хэмжээний дотор бол энэ боломж нь “агшин зуур”-ынх ч гэж хэлж бас болно. Мөн Хятад, Орос хоёр улсын зүгээс Монголд үзүүлж буй хамгийн сайхан сэтгэл байх. Ийм боломж бол Хятад, Оросын байр суурь өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ижил байгаа, Хятад, Оросын эдүгээ өөрсдийг нь тогтоон барихын эсрэг тэмцэх нийтлэг шаардлагаас урган гарч байгаа юм.

Энэ удаад хамтдаа сууж “гурван талын хамтын эрх ашиг”-ийг ярилцах гэж байгаа нь нийтлэг ойлголцлынхандлага бий болсныг илтгэж байгаа юм. Хэдийгээр маш олон маргаан, зөрчил байгаа, геополитик болон зах зээлийн эдийн засгийн зэрэг бүх талын үнийг тохиролцох хэрэгтэй ч гэсэн гурван улс энэ алхмыг хийнэ гэдэг нь үнэхээр амаргүй юм. Үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь Монгол байх болно. Энэ удаад Хятад, Оросын аль аль нь хамгийн том бялууг Монголд барьж, Монголын ирээдүйн хэтийн сайхан төлөвлөгөөг боловсруулна. Хэдийгээр Хятад, Орос хоёр Монгол руу арай оройтож хандаж буй, Монгол ч бас муруй замаар явсан ч гэсэн Монголын хувьд үүнийг хүлээн авахгүй байж болохгүй бөгөөд аргагүйн эрхэнд хүртэх хамгийн сайн үр дүн юм.

Монгол хэзээ ч Хятад, Оросоор хүрээлүүлсэн газарзүйн хязгаарлагдмал байдлаас ангижирч гарахгүй. Гадаад орнуудыг ашиглан Хятад, Оросын хамгаалалтын шугамыг сэтлэх боломж мөн л байхгүй. Тиймээс хамгийн зөв арга зам бол Хятад, Оросын хамтын туслалцаа, дэмжлэгт түшиглэн Хятад, Оросын хамтарсан хяналтыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Ийм тэнцвэртэй, зохистой сонголтоос өөр сонголт Монголд үгүй.

Сайн үйлс урт удаан цаг хугацааг туулж ирдэг гэж зарим хүн ярьдаг. Энэ удаа Монгол Хятадын баруун бүсийг хөгжүүлэх “Шинэ торгоны зам” санаачилгын боломж мөн “Европ, Америк Оросын эсрэг хориг арга хэмжээ” авч буй үеийг ашиглаж байгаа нь “нэг дор цуглах ховор уулзалт” хийж, хамтаар хожих, олон асуудлыг цогцоор хэлэлцэх боломжийг олгож байна. Бурхан Монголыг ивээж, гэнэтийн сайхан завшаан хайрлажээ.

ХОЁР. “Гурван талын дээд түвшний уулзалт”

Монголын хөгжлийн тулгын чулууг тавина

Жижиг улс угаасаа их гүрнүүдийн “ашиг сонирхол” булаалдах талбар болж байдаг. Монгол Хятад, Оросын хамтын “анхаарлыг татах” нь нөхцөл байдлын өрнөлийн үр дүн бөгөөд их гүрнүүдийн хооронд стратегийн байр суурь болон нөөц баялгаа булаалдах нь зайлшгүй зүйл юм. Энэ асуудлыг нуух ч юм уу эсвэл зайлсхийх боломжгүй. Хятад, Орос өөрсдийн ашиг сонирхолын төлөө эсвэл үнэн сэтгэлээсээ ч байсан ямар ч нөхцөлд Европ, Америкчуудын буруушаалт болон эсэргүүцлийг бий болгоно. Монгол баяндаа ч биш, харин Европ, Америкчууд Монгол гэдэг “шахуурга мод”-ыг ашиглан Хятад, Оросод муу нэр зүүлгэж, хааж боон, замбараагүй байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байдаг. Харин Хятад, Оросууд Европ, Америк болон Японы далд оролдлого биелэлээ олохыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Хятад, Орос хоёр улсын өнөөгийн шаардлагад нийцсэн хариу цохилтыг Европ, Америк болон Японд өгнө.

Монголын эргэлзээг байхгүй болгож, Монголын санаа зовинол болон сэжиглэлийг арилгах нь энэ удаагийн уулзалтын гол сэдэв байна. Европ, Америк, Япон зэрэг барууны орнуудын санаархалыг Монголд зөвөөр ойлгуулах нь ярианы хамгийн чухал сэдэв болно. Монголыг нүүлгээд аваад явчихна гэж бүү бод, Европ, Америк, Япон зэрэг барууны орнууд Монголд үнэн сэтгэлээсээ туслаж байна гэж бүү бод, тэд Монголыг “их бууны амнаас гарах үнс /бусдын төлөө өөрийгөө золиослогч/” болгон ашиглаж, тэдний ашиглаж байгаа улс төрийн зорилго нь ард түмний амьдрал болон эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдээгүй гэдгийг Хятад, Орос хоёулаа Монголд анхааруулан хэлнэ.

Хэрэв Монгол үнэхээр тийм алхам хийвэл Хятад, Орос ч гэсэн яасан ч хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Орос “хаалгаа түгжиж” хуурай замын болон агаарын замаа хаавал тун удалгүй Монгол туйлдан үхэж, барууныхныг түшиж байсан хий хүсэл мөрөөдөл нь хэсэгхэн зуур л үнс болон замхарна. Тиймээс “хүлээсэнд байгаа улс”-ын хувьд зайлшгүй оршин тогтнох зам, хөгжлийн гарцтай болох хэрэгтэй. Хятад, Оростой найрсаг харилцаатай байж, интеграцчилагдсан байж гэмээ нь хамтран ажиллаж хамтдаа оршин тогтнох цорын ганц боломжтой болно.

Өмнө нь Монгол яг л ийм “саад хориг” байснаас хориглолт болон хүнд байдалд орж байсан. Харин өнөөдөр энэ байдал нь эсрэгээрээ Монголд амжилт болон бусад улсуудад байхгүй боломжийг бий болгож өгч байна. Хятад, Орос, Монгол гурван улс энэ удаа “эрчим хүчний коридор”-ын томоохон стратегийн асуудал болон Хятад, Монголын төмөр замын гол шугамыг нээх асуудал, түүнийг Оросын хилийн дотор хүргэж холбох асуудлыг хэлэлцэх нь Хятадын “Шинэ торгоны зам”-ын том судсанд нэг чухал хос шугамыг нэмж өгөх юм. Хятад, Орос Монголоор дамжуулан газрын тос, байгалийн хийн хоолойн шугамыг тавьж Оросын төвийн бүсийн газрын тос, байгалийн хийг Хятад руу шууд дамжуулах боломжтой. Монголын эрчим хүчний төсөлд Хятад, Орос хөрөнгө оруулалт хийж олборлолтыг сайжруулах нь мэдээж гурван талын гол сэдэв байна.

Хятад, Оросын стратегийн байрлал нь өнөөгийн нөхцөл байдлын шаардлагыг тодруулан харуулж байна. Европ, Америк, Япон Монголд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх нь нэгдүгээрт, өөрийн ар талаа амар тайван байлгаж, ялангуяа Европ, Америкийн цэргийн техник хэрэгслүүд Монголд орохыг зогсоох болон урьдчилан сэргийлэх явдал юм. Мөн Хятад, Оросын хувьд сэтгэл амар нэг эрчим хүчний бааз бий болгох юм. Нүүрс болон зэсийн уурхай зэрэг эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх болон хангах нь Хятад, Оросын хэрэгцээ шаардлага юм.

Томоохон хөрөнгө оруулалт нь “эдийн засгийн хориг”-ийг эсэргүүцэх чухал арга хэрэгсэл болно. Энэ удаагийн ярианы сэдэв бол Хятад мөнгийг нь гаргаж, Орос хүчийг нь гаргаж, бүх хүчээрээ Монголын зах зээлийн эдийн засгийг хөл дээр нь босгож, түргэн хугацаанд үр дүнтэйгээр эдийн засаг, худалдааны зах зээлийг нээж, Си Зиньпин дарга магадгүй Монголд худалдааны нэн таатай хөнгөлөлт үзүүлэх орны тоонд оруулж, Хятадын зах зээлд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулахаар зарлаж магадгүй. Хятад, Монголын “аж үйлдвэрийн парк” болон “чөлөөт худалдааны бүс” байгуулна.

Си Зиньпин дарга бас “өөрийн орны мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийх” шинэ арга, зарчмыг санал болгож болох юм. Хятадын эхлэх цэг нь Оросынхоос өндөр гэдэг нь тодорхой. Энэ удаагийн дээд уулзалт нь Оросын хувьд экспортын шинэ зах зээлийг нэмэгдүүлэх боломж олгоно. Монгол нь Хятад, Оросоос улам их эрчим хүчний хөрөнгө оруулах баазаар хангана гэдэгт итгэлтэй байна. Хятад, Оросын эрх ашигт нийцэхгүй байсан гадны хүчин зүйлийг арилгах нь “гурван талын дээд хэмжээний уулзалт”-ын гол зорилго юм.

Хятад, Орос хамтдаа хожих хамтын ажиллагааны хандлагаар Монголын ард олон болон эрх баригчдыг сэрээн, зөвхөн Хятад, Оростой хамтран ажиллах нь найдвартай хэрэгжихүйц зам гэдгийг ойлгуулна. Зөвхөн энэ хоёр том хүчирхэг хөршийгөө түшвэл сая Монголын одоогийн хоцрогдсон байдлыг өөрчилж, Монголын ард түмний амьдралын түвшин дээшилнэ гэдгийг ойлгуулна. Монгол ШХАБ-д элсэх хүсэлт гаргах тухай асуудал ч мөн уулзалтын үеэр үндсэн хариултаа авна. Монголын хөгжлийн замыг нарийвчлан тогтоож, эдийн засгийн зах зээлийн төлөвлөгөөг тодорхой гаргана.

Хятад, Орос бодит хүчээр Монголыг өөрсдийн геополитикийн хүрээнд бат бөхөөр оруулах болно. Барууны орнуудад дахин боломж олгохгүй. Хятад, Орос болон баруунханы их тоглоом дунд Монгол бас л Өмнөд Солонгос, Өмнөд Америк, Украин Оросын мөргөлдөөний дараах шиг бас нэг “шинэ тулааны талбар” болохыг Монгол болон дэлхий ертөнц хүлээж байна. Гурван тал гар гараасаа барилцан хамтран ажиллавал АНУ, Европын холбоо болон Япон хөндлөнгөөс оролцож чадахгүй болж, энэ үр дүнг эсэргүүцэх аргагүй болно. Хятад, Орос хамтран Монголыг сугавчлаад явах нь сонин гайхалтай зүйл биш юм.

Хэрэв Монгол энэ боломжийг ашиглахгүй, өмнөх хойдохоо бодсоор, эсвэл “таг чиг” болчвол Хятад, Орос Монголд дахин нүүр өгөхгүй, түүнд дахин боломж олгохгүй. Ямар замаар явахыг Монголын эрх баригчид ашигтай ашиггүйг бодолцож сонголтоо хийхийг харж байна. Хэрэв Монгол итгэлийг эвдэн Хятад, Оросын сайхан сэтгэлийг тоохгүй бол Орос Монголыг гэрт нь буцаах замыг нээж өгөхийг Хятадад зөвшөөрөх болно.

Хятадын хувьд Монголыг буцаан авах нь зөвхөн өөрийн нэгэн мөрөөдөл, үндэстний нэр хүндийн асуудал юм. Гэвч Хятад нь Монголын ард түмний өөрийн сонгосон тусгаар тогтнол болон хөгжлийн замыг хүндэтгэнэ. “Алхам нь гүйцвэл аяндаа бүтнэ” гэдэг Хятадын зүйр үг бий. Аливаа зүйл жам ёсоороо хөгжинө.

Энэ удаагийн чухал асуудал дээр бол Орос цэвэр өөрийн хувийн ашиг сонирхолын үүднээс хандах бол Хятад ашиг сонирхолын дунд бас төрөл садны дотно сэтгэлээр хандана. Си Зиньпин дарга энэ удаа Монголд хийх айлчлалынхаа үеэр Монголын ард түмэнд эх орны том гэр бүлийн чин сэтгэлийн ерөөл болон хүсэлтийг тээж очих болно. Монголын ард түмэнд санаанд оромгүй төслийн тусламж болон сюрпризтэй очих болно. Мөн Монголыг эх нутагтаа ирэхийг урьж байгааг хүлээн авахыг уриална.

Хятад, Оросын “хоёр тал руу чиглэсэн хамтын стратегийн байрлал” нэгэнт бий болж эхэлсэн бөгөөд Монголыг сонгох нь хамгийн энгийн, хялбар, баталгаатай, хийх боломжтой юм. Дараагийн хамгийн магадлалтай нь Хойд Солонгос эсвэл Энэтхэг. Хятад, Оросын энэ төрлийн “бөөнөөрөө нийлж дулаацах” үйлдэл нь АНУ-ын шахалтаар бий болсон. “Хамтдаа байж, хамтдаа нисэх” гэсэн үгээр Си Зиньпин дарга болон В.Путины энэ жилийн харилцан ажиллагааг тодорхойлсоноор үүнээс олон хариултыг бид олж чадах болно.

                                                                                                        Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

“Харлаг туг” хийгээд энэ цагийн ханш

SANY0178

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ойн хүрээнд Ховд аймгийн “Хан Алтайн бүргэдүүд” клубын уулчид Цамбагарав хайрханы оргилд авиралт хийсэн ба Галдан хаанаас уламжилж ирсэн харлаг тугийг хайрханы оргилд залан гаргаж, “тугчлуулан, цэнгүүлсэн” юм.

Утга агуулгын хувьд энэ нь ойн баярын хамгийн чухал үйлд явдлын нэг байсан ч албаны хүмүүс үүнд ач холбогдол өгсөнгүйгээр барахгүй ойн баярын хөтөлбөрөөс хасч орхижээ.

Баярын үеэр наадамчдыг цэнгүүлж бяр хүчээ сорьдог бөх болон хурдан морины эздийг хорь гучин сая төгрөгөөр байлж, шагнадаг боловч түүнээс эрхэм утга учиртай, хувь илүү хүч хөдөлмөр, эр зориг, тэвчээр шаардсан үйлсийг хөсөр орхидог нь энэ цагийн ханш юм болохоор зохион байгуулагчдад буруу өгөөд ч яах билээ хэмээн уулчид учирлаж байсан юм.

“ТВ 9” Телевиз Засгийн телевиз болж ажиллав

TV 9

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ой, морин эрдэнийн Бат-Оршил даншиг наадмыг ТВ 9 телевиз 50.0 сая төгрөгийн төлбөртэйгээр шууд дамжуулж ажилласан.

Наадмын үеэр энэ телевизийн дэлгэцээр сэтгэгдэлээ илэрхийлэх мэдээ мэдээлэл солилцох, ярилцлага өгөх хүсэлтэй иргэд цөөнгүй очиж уулзаж байсан ч ТВ-ийн ажилтнууд зөвхөн аймгийн дарга нарын цохолттой, зааж өгсөн хүмүүсийг хүлээж авч байгаагаа мэдэгдэв.

SANY0207

Энэ нь нэг талаасаа баяр наадмыг шууд дамжуулж, ачаалал ихтэй байсантай холбоотой ч нөгөө талаасаа зохион байгуулагчдаас авсан өндөр төлбөртэй нь бас холбоотой бололтой.  

 


Бие засах газрын хүрэлцээ муу байлаа

Bie zasah

Галдан хааны мэндэлсний 370 жилийн ой, морин эрдэнийн Бат-Оршил даншиг наадмын үеэр наадмын талбай дээр бие засах газар тун цөөн байсан нь наадамчидад хүндрэл үүсгэж байв. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын баруун дээр хэсэг үндсэндээ бие засах газар болж хувирчээ. Наадам өндөрлөсний дараа энэ хэсгийг хэн хэрхэн цэвэрлэх юм бол гэсэн бодол төрж байв.

Bie zasah 00

Морь барианы газар буюу бөөр харын урд Цалуугийн дэнж дээр морь барих үеэр энэ байдал мөн л давтагдав. Ганц хоёрын зэрэг бие засах газарт хүмүүс олноороо дугаарлан хүлээцгээнэ. Ихэнх хүмүүс ингэж дугаарлахаас залхаад зайдуу гарч мөр харцгааж байв.

Хогийн сав бас л хүрэлцээ муутай байснаас морины бариан дээр үе үе хуй салхи босох үеэр талбай дээгүүр бөөн хог, цаас хийсэж байлаа  

 

 



Нэрээ хичээж чадсан уу?

SANY0251

Ховд аймагт зохион байгуулагдаж буй XVII зууны үеийн Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, тухайн үеийн Зүүн гар улсын хаан Э.Галдангийн мэндэлсний 370 жил, баруун бүсийн Морин эрдэнийн Бат-оршил наадмын морь бөхийн бай шагналыг харьцангуй өндөр тогтоож, газар газраас цугласан түмэн олны өмнө нэрээ хичээх нь чухал хэмээн эртнээс бэлтгэж, үүний төлөө ихээхэн цаг зав, хүч, хөдөлмөрөө зориулсны үр дүн нь ч чамлалтгүй болов бололтой.

 

SANY0154

Наадмын түрүү бөхийг 20.0 сая, үзүүрлсэн бөхийг 10.0 сая төгрөгөөр шагнасан бол, хурдан хүлгийн уралдаанд түрүүлсэн азаргыг мөн 20,0 сая, аман хүзүүний азрагыг 10,0 сая, гуравт ирсэн азаргыг 8.0 сая, дөрөвийн азаргыг 4.0 сая, айргийн тавд давхисан азаргыг 3,0 сая төгрөгөөр, Их насны түрүү морийг 25,0 сая, хоёрт ирснийг 15,0 сая, гуравт давхисан морийг 8.0 сая, дөрөв, тавд давхисаныг 4.0 сая болон 3.0 сая төгрөгөөр, Соёолон хүлгийн бай шагналыг дэс дараалан жагсаавал нэгийнхийг 12.0 сая, хоёрыг 5.0 сая, гуравыг 4.0 сая, дөрөвийг 3.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр, Үрээ морьдын нэгийг 5.0 сая, хоёрыг 4.0 сая, гурвыг 3.0 сая, дөрөвийг 2.0 сая, тавыг 1.0 сая төгрөгөөр. Харин айргийн тавын жороо морьдын эхнийхийг нэг сая, хоёрт ирсэнийг нь 500.0 мянга, дараачийн морьдыг 200.0 мянгаас 400.0 мянган төгрөгөөр байлсан. Гэтэл ивээн тэтгэсэн кёкшүзан Батбаяр нь эхний таван моринд тус бүрд нь сая, сая төгрөг шагнахаар нийт 5.0 сая төгрөг өгсөн гэж байдаг. Морины комиссынхнаас дахиад л будилаан. Эрлийз морины бай шагнал эдгээрээс харьцангуй багаар тогтсон бололтой, дээрх бүх насны морьдын уяачид буюу эздэд нь мөнгөн шагналын дүнг бичсэн том том пайз гардуулсан бол эрлийз морины уяач эздэд нь пайз энэ тэр өгсөнгүй, өргөмжлөл болон дугтуйтай /мөнгө/ бололтой зүйлийг гардуулж харагдсан.

 

 

 

                                                                                                                                                   Г.Мөнх 

Наадмын чимэг буюу булхай /01/

SANY0177

Энэ наадмын морины комисс булхай гаргасан бололтой. Учир нь уралдааны морьдод бай шагнал гардуулах үеэр хязаалан болон дааганд түрүүлсэн хоёр морийг эрлийз хэмээн хассан тухай эзэд нь гомдол гаргаж, мөнөөх эрлийзэд тооцогдсон морьдуудаа, наадамчдын өмнүүр хөтлөн явж, үзүүлэхэд наадамчид тэр морьдын эздийг дэмжин, наадам зохион байгуулагчдыг буруушааж, хашгиран, шуугилдаж бяцхан үймээн болох шахав.

SANY0208

Бидний магадлан харснаар бол түрүүлсэн боловч эрлийз гэж хасагдсан хээр хязаалан яах аргагүй Монгол адуу байсан. Наадамчид ч андуураагүй байх. Гэтэл морины комисс шийдвэрээсээ буцсангүй. Үй түмэн наадамчдын нүд, морины комиссын арваад нөхдын нүд хоёрын аль нь үнэн болох нь ойлгогдолгүй үлдэв.

                                                                                                                                                  Г.Мөнх 

Ховд хотын төв талбайг харах бүрийд

            Урианхай Сү.Наянтай

Шинжааны судлаач багш, чөлөөт нийтлэлч Сү.Наянтай манай аймагт эрдэм номын хэргээр түр оршин сууж байгаа юм. Тэрбээр Ховд хотын төв талбайн засвар шинэчлэлийн ажилтай холбогдуулан энэхүү шүүмжлэлт нийтлэлийг бидэнд ирүүлснийг крилл үсэгт буулган толилуулж байна.

SANY0081

Ховд хотын төв талбайг харах бүрд л ховдол зүрх минь эвхрэх юм. Өнжиж хоносоор, бүтэн хэдэн жил алславч бүтэж, босож өгдөггүй нь тун сонин. Баруун бүсийн тулгуур төв гэсэн том нэр хаягтай Ховд аймгийн Засгийн ордон олон олон ажилтан албаны хүмүүсийг багтаан, яг тэр талбайн эхэнд сүндэрлэж буй. Эдүүгээ тэр олон албаны хүмүүс бүгд л тэр талбайгаар өдөр бүр алхаж ажилдаа ирж очицгоодог. Гэтэл захиргааны дарга даамлууд нь болохоор дандаа дөрвөн хүрдэт машинаар шуугиулж явдаг болохоор мөнөөх талбайн тухай огтхон ч санаа тавьдаггүй бололтой. Би өнгөрсөн жил буюу 2013 оны 5 дугаар сард Дундат улсын Шинжаан мужаас Ховд хотод суралцахаар ирсэн билээ. Тэр үед энэ хотод газар тэнгэр ялгагдах үгүй болтлоо салхилж, бөөн шороо тоос босож байв. Хэтэрхий тоос шороо босдогийн бас нэг шалтгаан нь Ховд хотод мод тарьж ногооруулах явдал ихээхэн татуугаас болдог юм байна гэж яваандаа ойлгосон болно.

Ховд хотод анх ирсний дараахан эндхийн багш оюутнууд намайг дагуулж хоттой танилцуулав. Тэр үеэр мөнөөх хотын төв талбайд одож зураг сүүдэр татуулсан юм. Тэгэхэд энэ талбайг чулуугуур бүрж, дэвсэх ажил ид явагдаж байсан бөгөөд хойшид маш үзэмжтэй сайхан талбай болох юм хэмээн хамт явсан хүмүүс надад тайлбарлаж, бид маш баясаж явснаа санаж байна. Түүнээс ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлэлийг ачаалсан хотын төв талбайн шинэчлэлийн ажил үргэлжилсээр байсан ч одоо хүртэл гавьтай явсан нь үгүй. Мөнхүү өнгөрсөн жилийн 6 дугаар сард энд Шинжаанаас Алтай аймгийн дэд даргаар ахлуулсан төлөөлөгчид ирж ажил албаны солилцоо хийсэн. /Эд бүгдээр жун го үндэстэн байсан/ Тэдгээр хүмүүс Ховд хотын талбайг шинэчлэж буй ажлыг үзээд маш хянамгай, сайн ажиллаж байна хэмээн магтаж харагдсан.

Түүнээс хойш даруй 5- 6 сар өнгөрч өвлийн улирал ирлээ. Мөнөөх талбайн ажил маань бараг л өвлөөстүрүүлээд амралтаа авсан мэт зогсонги боллоо. Дараа хавар нь буюу энэ 2014 оны 4 дүгээр сард талбайг чулуугаар өнгөлөх нөгөө бүтэшгүй урт ажил маань дахин үргэлжилсэн ч, чөдөртэй морь догонцож буй юм шиг урагшаа нэг алхаад л бүдрээд байх шиг сажилсаар, одоо болтол урт сүүл чирэгдүүлсээр, хэзээ нэг дуусах юм бол гэж асуувал хүмүүс ямар нэг сар өдөр товлож ярихаасаа зүрхшээнэ.

Hoishluulj buteh 1Эрт дээр үед өвөг дээдэс маань энэ Монгол улсаа цогцлоон байгуулж, хамгаалж, авч явахдаа эдүүгээгийн бидэн шиг ийм унтамхай байгаагүй нь лавтай. Түүгээр ч барахгүй энэ талбай дээр хөшөө нь сүндэрлэж байгаа Галдан бошгот хааны сүнс, сахиус хүртэл гомдож, уурсаж байгаа байхдаа гэж бодогдох. Бид зөвхөн өнөөдрийг ярьж, худал цээжээ дэлдэхээсээ илүү өнгөрсөн үеэ эргэн харж, тэр үеийн хүмүүсээс суралцаж, сургамж болох зүйлүүдийг нь зөвөөр тусгаж авч байх нь зүй юм даа гэж ч бодогдох. Монголчууд маань хэдийгээр нүүдлийн соёлоор явж ирсэн түүхтэй ч өнөө цагийн шинжлэх ухаанд суурилсан суурин иргэншлийг хөгжүүлж, дэлхий нийттэй зэрэгцэн алхах нь бас зүйлшгүй шаардаж буй асуудал. Тиймийн тул бид дотоод хүчин чадлаа дайчлан хөдөлмөрлөж бүтээж, бусдаас хоцрохгүй хөгжих юм бол нэгэн цагт ухаан бодол, санаа зорилго, гавшгай чанар, хүч чадлаараа дэлхийг бишрүүлж байсан өвөг дээдсийнхээ тэр чанарыг тусгаж авч чаджээ гэсэн үг. Хэрвээ ямар нэгэн мөнхийн зүйл гэж байдаг бол тэр нь даруй хувиралт мөн. Тиймээс нүүдэлчний соёлыг суурин соёлтой зэрэгцүүлж хөгжих нь ч өнөө Монгол орны гарцаагүй зам мөр гэж болно.

Бид тэнгэр, газар, хүмүүнийг бас зэрэгцэн хамтран оршиж буй бусад улс орнуудын харилцан нөлөө шүтэлцээг түшин амьдарч хөгждөг жамтай. Энэ жамыг сайтар ойлгож хөгжлийн бодлогодоо ухаалгаар тусган, эрчимтэй урагшлах хэрэгтэй юм шүү гэдгийг хүн болгон мэдэж санаж байгаа гэж бодном. Бид өнгөрсөн цаг үеийн баатар хүмүүсийг дээдлэн шүтдэг нь хэдүй зөв ч учир ухааныг нь сайн тунгааж, тэр үеийн баатар зоригт хүмүүсийнхээ ухаалаг дайчин чанараас суралцах эдүүгээ Монголчуудад яг тийм эрхэм чанаруудыг бий болгох талаар хичээхээсээ илүү, нэрийг нь барьж дэмий ашиггүй үзэл суртлаар хөөцөлдөх, хоосон цэцэрхэж сүржигнэх мэтээс зайлсхийвэл зохилтой. Ингэж чадаж гэмээнэ өнгөрсөн үеийн тэр хаад дээдэс баатар хүчтэнүүдийн сүнс, сахиус ч баярлаж тэтгэх нь магад биз. Ямар нэг ажил үйлсийг бүтээхэд шантаршгүй хөдөлмөр чухал. Биеийн болоод оюуны хөдөлмөр аль аль нь ялгаагүй. Гагцхүү манай Монголчууд нүүдэлч соёл уламжлалынхаа онцлог хэвшлээс болдог ч юм уу барилга барих, таримал тарих гэх мэтэд тийм сайн биш баахан хойрго тал ажиглагддаг. Үүнээс болоод өөрсдийг дайчилж, өөрт байгаа маш олон талын чадвараа хөгжүүлж, бусдыг гүйцэж түрүүлэх боломжоо алдаад байх шиг санагддагийг энэхүү талбайн ажилтай холбож ойлгож бас болох юм.

SANY0058

Манай Монголчуудын өнгөрсний амьдрал ч тийм сайн бус тиймээс өөрт байгаа хүч боломжоо дайчилж ухаалаг ажиллах нь чухал. Дам сонсвоос Ховд хотын талбайн тендерийг авсан компаний захирал тухайн үедээ энэ ажлыг хэрхэн сайн болгох вэ гэдэгт анхаарахаасаа илүү нэг улс төрийн намд тал олж, эрхбиш нэг суудал зэрэг авахын төлөө ихэд анхаарч, мөнгөө ч ийм байдалд зориулснаас бас шалтгаалцсан гэх. Тэр нөгөө улс төрийн нам нь ч үүнийг нь өөгшүүлэн дэмжсэн гэх. Хэрвээ ийм бол бидний Монголчуудын амьдралд хандах хандлага ихээхэн буруу байгааг илтгэнэ. Бид эрхбиш танилтын чадвар болон үйлдэхийн чадвараа тэгшлэх хэрэгтэй. Германы эрдэмтэн       Эвренст Кссирэр “Хүмүүний судлал” гэх зохиолдоо “Өөрийн биеэр таних явдал бол гүн ухааны хамгийн дээд харалт мөн”, “Хүмүүнийг таньсугай гэвэл түүний амьдрал, үйл ажиллагааг ойлгохоос өөр замгүй” гэжээ. “Аль нэгэн үндэстэн хийгээд тэр үндэстэний соёлыг таньсугай гэвэл тэдний аж амьдралын арга маягийг судлахаас өөр зам үгүй” гэж бас болох юм.

Бидэн өвөр биесээн, хажуу хавиргаа хичээж, хөгжсөн улс орнуудтай дүйцүүлэн харьцуулбал маш арвин зүйлс шаардагдана. Тиймээс тархи, толгойгоо шавхан, мэргэжлийн бус хэвшлийн гэмээр дутагдалаа нөхвөрлөхгүй байхын аргагүй мэт. Бид өөрийн мандсан үеийг магтан дуулахын зэрэгцээ, эмзэгтэй талыг нь ч олж үзэж, түүнээс сургамж авах юм бол хөгжин дээшлэхэд ихээхэн тус нэмэр болно.

Дэлхийн олон эрдэмтдийн үзэлтээр байгаль нийгмийг өөрчлөхөд юуны өмнө хүмүүний өөрчлөлт хэрэгтэй бөгөөд үүний хамгийн чухал нь өвөр биеээн таних явдал гэдэг. Миний энд ирсээр ажиглаж байхад бидэн өөрийгөөн магтан ярихаас шүүмжлэлийг хүлээж авч, түүнд ач холбогдол өгөх нь тун тааруу бололтой. Шүүмжлэл бол хөгжлийн гол тулгуур гэдгийг ойлговол сая бидний сэтгэхүйн өөрчлөлтөнд том үсрэлт гарна. Үүнчилэн хий хийсвэр, гоё үг ярьж бодит байдлыг мэдрэхгүй байхаас эртхэн ангижрах нь чухал. Ийм байдал үнэн хэрэгтээ өчүүхэн ч дэм тус болох үгүй.

Манайхан баяр найрт маш халуумсаг найрсаг мөртлөө ажил үйлс дээр хавсаралцах, хүч дутмаг байгаа нэгэндээ дэмжиж хамтын ажил хэргийг бүтээх талаар их хойрго ханддаг явдал байна. “Монгол монголдоо муу мод барьсан нь нохойнд муу” гэж манай Шинжааны Монгол өвөг дээдсийн дунд хэлц үг гарсан байдаг нь ч учиртай юм шиг хэмээн эрэгцүлэхэд хүрэв.

Хорин нэгдүгээр зуунд олон соёлын нөлөө түрэн орж ирж буй нөхцөл байдлыг харгалзан, өөрийн соёлын аль талыг нарийн судлаж Монгол соёл иргэншлийн хожмын оршил, хөгжлийн гарц боломжийг нарийн ажиглах тулгам үүрэг байхаар барах үгүй, хамтлаг ухамсар, хамжилцах зориг санаа дутмаг байх эрэмдэг, зэрэмдэг талаа зоригтой эвдэх нь чухал болж байна. Өнгөрсөн жил ирээд явсан Шинжааны Алтай аймгийн харилцааны бүлхэмийнхэн одоо бас Ховд хотод ирнэ гэж байгаа. Бүтэн хоёр жил болтол бүтэж дуусдаггүй Ховдын талбайг үзээд тэрхүү гаднын хүмүүс юу бодох бол. Манай Монголчуудын ажил хөдөлмөрт хандах хандлагыг хараад цаашид түншлэж, хамтарч ажиллах боломж, нөхцлийн талаар тийм таатай бодолтой буцахгүй гэдгийг хэлэхийн арга үгүй ээ.

Улс болон аймаг орныхоо нэр төрийг бодож гэмээ нь өөрийн хийсэн үйл хэрэгтээ өөрийн хариулт өгөх л хэрэгтэй болж байна.

Монгол хүн болж төрсөн болохоор энэ байдлыг харсаар тэсэж чадалгүй ийнхүү үзэг цаас нийлүүллээ.    

             Монгол бичгээс крилл бичигт буулгасан Г.Төрмөнх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Биеийн БӨХ”-өө эргэж нэг харцгаая

Naminchimed

Монгол бол бөхийн орон”, “Монголчууд бол бөхдөө хайртай ард түмэн”... бид ийнхүү бахархан ярьцгааж, хааяа гадныхан ч биднийг тийн шагшина.
Тэр үнээн, монгол бол яахын аргагүй бөхийн орон. Захын монгол залуу л хормойгоо шуугаад босоод ирэхэд ачих тонгорохоос эхлээд адгийн нохой мордох хүртэл арван гурван мэхтэй. Монголчууд ясны барилдаанч, төрөлхийн авьяастай, дөрвөн мөч, сээр нуруундаа тэгшхэн бяртай. Сэтгэлгээ нь хүртэл олон хувилбартай, дасан зохицох, шинэ боломж, гарц эрж хайхдаа гаргуун. Нүүдэлчдийн онцлог. Тиймээс ч сая хүрэхгүй цөөн монгол XIII зуунд дэлхийг дагуулахад, эр тоотой бүхэн нь эрэлхэг баатар, хүчирхэг нударга болж явсан биз. Дурын арван монгол залууг мөн дурын арван шар, эсвэл арван хартай халз барилдуулбал эргэлзээгүй монгол залуус тоглоод л хаячихна.
Хамгийн олон бөх нэгэн зэрэг гарч барилддаг орон бол Монгол. Улсын наадмаар суманд доод зах нь 32 бөх, аймагт 128 бөх барилдана. 333 сум, 20 аймаг, хот, тэгээд нийслэлд барилдаж буй бөхийнхөө тоог нийлүүлбэл, тэр өдрүүдэд улсын хэмжээнд тоот бөхийн тоонд орж, торгон зодогны сэнжигнээс дугтарсан бөхчүүдийн тоо наад зах нь 14 000 хүрнэ.
Бөхийн төрлөөр олимп, дэлхий, тивийн тэмцээнээс авсан медалийг нь хүн амынх нь тоотой харьцуулсан үзүүлэлтээрээ монголчууд бидтэй хэн эгнэх вэ, дэлхийд тасархай манлайлна. Цөөхөн хэдэн монгол залуус Арлын орны нэгэн бахархал, үндэсний спортыг нь арав гаруй жил ээлж дараагүй хаанчилж байна. Цаашид ч үргэлжлэх шинжтэй. Хэрвээ монгол залуусыг байнгын эрчимтэй бэлтгэл, хатуу дэг журам дор байлгавал ямар хүчирхэг болдгийн жишээ нь тэд.
Эр хүний дээдийг бөх гэж үзнэ. Үнэлэмж маш өндөр. Бөх хүн бол гүндүүгүй дөлгөөн зан, уужуу ухаан саруул, энэрэлт зөөлөн сэтгэл, тэгээд мэдээж хэрэг хүч чадалтай, самбаа зоригтой. Жинхэнэ эр хүний идеал болсон дүр төрх. Хүү төрвөл “Эрдэмтэн болоорой” гэж бараг хэлэхгүй, харин “Бөх болоорой” л гэж ерөөнө, бэлгэшээнэ.
Дэлхий дээрх хамгийн олон бөхийн хөшөөтэй ард түмэн бол монгол. Намхай, Буур аваргуудаас эхлээд л хэдэн арван арслан, заан, аваргуудын хөшөө монгол нутгийн өнцөг булан бүрд бий. Захын улсын начин нь хүртэл арга ядахдаа л нэг цээж барималтай. Казахууд аугаа бөх Хажимухандаа, Оросууд Ивандубныйдаа, Иранчууд Тахтидаа, Эстонууд Алекстаа, Гүржүүд Апполон Старошвилидээ, Америкчууд Чемберстээ тэр бүр хөшөө босгосон юм болов уу даа, ингэхэд.
Монголчуудын дунд хамгийн их түгээмэл байдаг, бас олноороо бахархан ярилцдаг домог, хуучийн сэдэв бол бөхчүүдтэй л холбоотой. Яриад яриад ханахгүй. Бөхтэй холбоотой зүйр сэцэн үгс, холбоо үг, ерөөл магтаал, оньсого таавар, ертөнцийн гурав хүртэл бий. Манай уран билэгт зохиолчид бол хүчин билэгт бөхчүүдийнхээ талаар зөндөө ихийг бичсэн дээ. Бөхчүүдийн талаар хамгийн их зохиол бүтээл гаргасан орныг шалгаруулбал бас л манайх үнэмлэхүй түрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний бөхдөө хандах хандлага ер бусын. Түрүү бөхийнхөө хөлснөөс шударч аваад магнайдаа түрхэж буйг харсан малайз нөхөрт яаж ч тайлбарлаад юуг ч ойлгуулах боломжгүй. Бүдүүн бүдүүн нүцгэн нөхдүүд нэг нэгнээ түшээд унтаад ч байгаа юм шиг зогсож буйг эр эмгүй нийтээрээ хараад хөшчихийг гаднынхан яагаад ч ойлгохгүй.
Сум орон нутгийнхан нутгаасаа нэг начинтай болчих гэж ёстой хуйгаараа хөдөлнө. Нутгийн бизнесмэнүүд нь том том цүнхтэй мөнгө чирчихээд наадмын талбайгаар сэжигтэй эргэлдэж, нутгийн улс төрчид нь тасархай тактик боловсруулж, ард олон нь аягатай цайгаа ч өрөмтөхийг анзаарахгүй, гарт таарсан даавуу шаавууны өөдсийг хүртэл сэтгэл догдлон мушгилна. Тэгээд нутгаас нь цолтой бөх төрчихвөл хотлоороо цэнгэлийн манлайд ёстой нэг хэдэн өдөр, сараар умбана даа.
Нутгаас төрсөн улсын цолтондоо хийх хөрөнгө оруулалт гэдэг чинь өнтэй жилийн хур шиг л бууна. Хэдэн арван саяын жийпээс эхлээд, арга ядсан арванхан төлөгтэй эр хүртэл нэг төлгөө харамнахгүй тэврээд ирнэ.
Яахав, хааяа жудаггүй зарим нь түмэн олныхоо тэр сайхан өргөмж сэтгэлийн өр рүү өшиглөж байгаа нь харагддаг л юм. Эр бярдаа эрэлхэж, зодоон цохион хийнэ, балмад танхай авирлана. Ялангуяа 90-ээд онд манай цолтой бөхчүүд бараг толгой дараалан хужаа спирт зөөцгөөсөн дөө. Хөөрхий хөөрсөн монгол эрс “Манай арслан ч аугаа арслан шүү дээ” гэлцсээр, тэр арслангийнхаа хуулийн дээгүүр, хил, гаалийн дээгүүр оруулж ирсэн хужаа спиртийг нь уугаад элэг нь харлан олноороо үхэцгээж байв. Гэсэн ч монголчуудын маань бөхөө хайрлах, дээдлэх сэтгэлийн уудам зайд тэдний тэрхүү түр зуурын хар наймаа, хор спирт огтхон ч толбо суулгаагүй билээ. Бид бөхөө дээдэлсээр, хайрласаар, тэднийгээ харсаар л байгаа.
Гэхдээ бас эргэж харах, эргэцүүлж бодох, эмзэглэх зүйл байна аа, байна. Монголчууд бид бөхийн орон мөн ч бас оюун ухаан, эрдэм мэдлэгийг ч дээдэлдэг, гэхдээ бүр эрхмээс эрхэмд тооцдог ард түмэн биш сэн бил үү. Гэтэл ер нь л тийм биш шиг харагдаад байх аж, сүүлийн үед. Учир юун гэвэл... Тодорхой жишээн дээр яривал илүү итгэл үнэмшилтэй болох байх. Ойрхон, бас гайгүй мэдэхийн хувьд төрсөн нутгаараа жишээ авья. Би Говь-Алтайн Халиун сумын уугуул. Манай сум их олон алдартнуудтай, тэдэн дотроос нэгдлийн алдарт дарга, хөдөлмөрийн баатар Д.Лодойхүү, анхны тэмээчин баатар Б.Үрчгэр, их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, өнөө цагийн аугаа их хүмүүн Л.Түдэв нар бол онцгой билээ. Мөн цагтаа “Хоёр Мөнхийн араас хоёр Цэрэн” гэгдэж явсан улсын начин Цэрэндаш манай нутгийнх. Алдаж эндэж явснаас амжилт арвин гаргаагүй ч цуутай, эр бяртай сайн ч начин явсан юм билээ. Эндэж осолдоогүйсэн бол наанадаж улсын арслантай гэгддэг. “Говь-Алтайн мэнгэт”, “Догшин хар” гэхчлэн олон нэр хочтой. Хүүхэд байхад начингийн хүзүү толгой, хөл гар нь хад чулуугаар сийлж, хар тугалгаар цутгачихсан мэт харагддаг байсансан. Аргагүй л төрмөл бөх. Ямар сайндаа бие барахад шарилыг нь Увсынхан авах гээд ирчихжээ хэмээн хардаж сэрдэцгээгээд, тэрүүхэндээ хөөрхөн хөл, цуу яриа хүртэл тархаад амжихав.
Нутгийнхны хамгийн ихээр, нийтээрээ мэддэг хүн бол Цэрэндаш начин. Бүсээ хөөргөөд бүсэлчихсэн таадгар залуу “Би ч начингийн нутаг ш тээ” хэмээн шилээ шөргөөнө. Өөр нутаг хошууныхан ч ихэнхдээ “Аан, нөгөө мэнгэт начингийн нутгийн залуу юу” гэж лавлана.
Харин би өдий хүртэл, Ло дарга, Ү баатар, эсвэл Цэ найрагчийн нэрийг хэлээд “Би түүний нутгийнх аа” хэмээн нүүр бардам хэлж буй нутгийн нэг ч хүнтэй таарсангүй. Зарим нь “Нээрээ Ло дарга гээд нэг хэнхэг өвгөн байсан юм биш үү?” гэж лавлан арга ааш барна. Цэ начингийн нэрэмжит барилдаан, тэмцээн гэж үе үе болох ч Цэ найрагчийн нэрэмжит ямар нэгэн юм болж байхыг би сонссонгүй. Цэ начиндаа зуу зуугаар нь мал, сая саяар нь төгрөг бариад очдог нутгийн зон олон маань өнөөдөр насны бөгсөнд ганцаардаж, өвгөрч буй Тү эрхлэгчийг хадаг сүү, хэр тааруухан уртай зураг төдийхнөөр аргална. Олонхи нь түүний амьд байгаа эсэхийг нь ч анзаарахгүй, залуус бол бараг л мэдэхгүй. Урт цагааны үүдээр сүүмийчихээд алхаж явахад хажуугаар нь дайрчих гээд л өнгөрнө. Тү эрхлэгч /Л.Түдэв/ бол ганц сумын төдий хүн биш, Монгол орны төдийгүй нийт монгол туургатны эрхэм хүнсэн, уг нь. Цэдэндорж найрагч, соён гэгээрүүлэгч ч мөн ялгаагүй. Өнөө Цэ найрагчийн төрсөн бууцны арын хананд нэг бартагдуухан хийцтэй самбар байрлуулсан төдийгөөр орон нутгийнхны маань тэр их хүнээ гэх гэгээн хүндэтгэл нь төгсгөл болж байгаа юм.
Энэ бол гагц манай нутгийнхны үзэгдэл биш, монгол даяар байгаа нийтлэг, түгээмэл үзэгдэл болно. Тиймээс ус нутгийнхан маань нутгаа муу хэллээ хэмээн бүү зэмлэтүгэй. Би сайн мэдэхээрээ жишээлж л авсан хэрэг. Ухаан байгаад сэтгэл гаргавал нэг юм бодно биз ээ.
“Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгээр хэдэн аваргууд маань бараг толгой дараалан гарах шив. Гэтэл хэдэн эрдэмтэн, мэргэд, номын оройд ойртсон хүн энэ нэвтрүүлэгт оров. Миний анзаарснаар л лав бөхчүүдээсээ төдий олон болж шальсангүй.
Булганыхан ах дүү аугаа аваргуудаараа, олимпийн аваргаараа бахархана. Бахархалгүй яахав. Булган бүү хэл Монгол даяараа бахархах учиртай юм хойно. Гэхдээ өөр бахархах юмгүй мэт аашилж болохгүй шүү дээ. “Дамдинсүрэнгийн Урианхай” гэдэг нэрийг хэлээд “Энэ хүн Булганых” гэн бахархаж буй нэг ч булганы залуутай би л лав таарсангүй. Гэтэл энэ хүн чинь хүн төрөлхтний түвшинд, урьдах хойчихтой нь сэтгэж чадсан бараг анхны монгол сэтгэгч юм шүү дээ.
Увсынхан бөхөөрөө алдартай. Увс л гэхээр хүдэр хүдэр хүрэн чийрэг залуус нүдэнд өөрийн эрхгүй харагдах болж. Гэхдээ Увсаас бөхийн аваргаас гадна бас ухаан, сэтгэлийн, эрдэм мэдлэгийн аваргууд төрдөггүй хэрэг үү?
Дорноговийнхон маань Равжаа хутагтаараа бахархана. Гэхдээ тэр бахархал дунд бас согог байх шиг. Равжаа хутагтыг зөвхөн шашны хүн, хутагт гэдэг утгаар нь хүндлэх хүндлэл дийлэнхдээ. Тиймээс тэр бахархал нь үнэн хэрэг дээрээ мухар сүжиг бишрэлтэй илүү ихээр холбогдоно. Уг нь миний ойлгодгоор Равжаа хутагт бол шашны хүн гэхээс илүүгээр номонд нэвтэрсэн их соён гэгээрүүлэгч, их сэтгэгч, бясалгагч, их яруу найрагч хүн билээ. Хэрвээ шашны хутагт байгаагүй сэн бол тэр их хүмүүний бүх бүтээл зохиол, соён гэгээрлийг нь Монгол орон даяар байтугай Дорноговийнхон маань ч ер анзаарах шинжгүй ээ.
Төв аймгийн Лүнгээр дайраад гарахад Хадаа аваргын нутгаар явж байна аа гэлцэнэ. Эрдэнэсант ороход Мөөеө аваргын нутагт ирж байна гэж хөөрнө. Оюун билэгтэй, эрдэм мэдлэгтэй хүмүүс энэ нутагт гэтэл бишгүй л байгаа шүү дээ. Түүнийг нь бид мэддэггүй, бид бүү хэл нутгийнхан нь ч мэддэггүй. Бөхчүүдээ л ярина, мэднэ.
Чухам эндээс л сөхөж буй сэдвийн минь гогцоо гарч ирж буй юм.
“Бие бөх болбоос нэгэн үе баатарлаяу,
Сэтгэл бөх болбоос түмэн үе баатарлаяу”
Энэ үгийг монгол түмэн өөрсдөө хэлсэн билээ. Энд өгүүлж буй “БӨХ” нь “ЭРДЭМ” гэсэн бас нэг утгыг давхар илэрхийлж буй. Өөрөөр хэлбэл биеийн эрдэм бол БӨХ юм. Харин сэтгэлийн эрдэм бол энэрэл, нигүүлсэл болно.
Биеийн эрдмийн дээр бас мэдлэгийн эрдэм гэж байна. Мэдлэгийг хүн зөгий бал хураах мэт бага багаар их хүч хөдөлмөрөөр цуглуулан хураах амуй. Гэтэл мэдлэгийн эрдэм хангалттай биш. Хурааж цуглуулсан мэдлэг боловсролоо ухааран таньж, үр ашигтай хэрэглэж эс чадваас мэдлэг байгаад нэмэргүй. Тиймээс ухааны эрдмийг мэдлэгийн эрдмээс эрхэмд үзжээ. Гэсэн хэдий ч түүнээс илүү дээд эрдэм гэж бас буй бөлгөө. Тэр бол сэтгэлийн эрдэм. Хичнээн их эрдэм мэдлэгтэй ч, эр бяртай ч сэтгэлд нинж үүсэж, өршөөн нигүүлсэж эс чадваас орчлонг оноон барьж эс чадна. Тиймээс сэтгэлийн эрдмийг буюу “БӨХ”-ийг бүхнээс эрхэмд үзэж ирсэн байдаг. Тийм сэтгэлийн эрдмийг олсон хүн түмэн үеийг араасаа дагуулах билээ. Бурхан багш Шагжамунийг тийм хэмээнэ.
Дээрх үгэнд зөвхөн дээд эрдэм болох Сэтгэлийн эрдмийг эхлэл эрдэм болох биеийн бөхтэй шууд харьцуулан илэрхийлсэн нь улам утга төгөлдөр болгоно.
Ийн сэтгэлийн эрдмийг хамгийн эрхэмд үзсэн нь монголчууд бидний сэтгэлгээ ямар чанд холын хязгаарт хүрснийг илэрхийлнэ.
Гэтэл өнөөдрийн бидний байр байдал эхлэл эрдэм болох “Биеийн бөх” дээрээ гацчихаад байна.
Хаа сайгүй бөхчүүд бүхнээс эрхэм болчихоод байна. Үүнд бөхчүүдийн буруу байхгүй л дээ. Бөхөө дээдлэлгүй яахав, хүндэлгүй яахав. Бидний соёл, зан заншлийн, сэтгэлгээний нэг салшгүй нандин хэсэг бол монгол үндэсний бөх, түүнтэй холбоотой зүйлс билээ.
Гэхдээ, олон түмэн минь ээ, зөвхөн биеийн хар хүчин чадлыг л өргөмжлөн дээдлээд байвал тэгээд бүдүүлэг биет болох шат руугаа гулсаж байгаа нь тэр дээ.

Нийтлэлч Б.Номинчимэд

 

 

 

 

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ