Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ

Тэтгэврийн даатгалын нөхөн олговрын хууль үргэлжилэн хэрэгжиж байна

Tet daat

 Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай хууль 2012 оны 11-р сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд 1990-1995, 1995-2000 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй, завсардсан иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож байгаа юм. Хуульд заасан дээрх хугацаа нь нийгмийн шилжилтийн үе байсан болохоор энэ хугацаанд иргэд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж завсардсан.

Манай аймгийн хэмжээнд 20741 иргэн хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 70 гаруй хувь хураамжаа төлсөн бөгөөд баталгаажилтын хуудасны 70 гаруй хувь нь ирсэн байгаа юм байна. Хуулийг санаачлагчид иргэд энэ хугацаанд ирээдүйгээ баталгаажуулах эрсдэлд орсон, үүнд төр хариуцлага хүлээх ёстой учраас хэрэгжүүлж байна хэмээж байсан. Өнөөдрийн тэтгэврийн хуулийн дагуу эрэгтэй хүн. 60 нас, 20 жил ажилласан байх шаардлагатай, гэтэл тэтгэвэрт гарах нас болчихоод байхад ажилласан жил хүрэхгүй бол дээрх хуульд хамрагдаж ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, засвардсан хугацааныхаа шимтгэлийг нөхөн авч болох юм. 2014 онд энэхүү хуульд хамрагдан бүртгүүлсэн иргэд 2015 онд, 2015 онд бүртгүүлсэн иргэд 2016 онд ажилласан жил тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулах боломжтой юм байна. Мөн өөрсдийнхөө ирээдүйн төлөө НДХ-т хандахыг уриалж байна. Энэ хуульд хамрагдсан иргэдэд 1-11 жилийн ажилласан жил нэмэгдэж байгаа юм.

Хүний амь нас, эрүүл мэнд үнэгүйджээ

Hudulmuriin ayulgui baidal 3Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 оны 5-р сарын 22-нд 9 бүлэг 37 зүйлтэй батлагдан, хэрэгжиж эхэлжээ. Тэнд тийм барилгаас хүн унаж амь насаа алдсан, барилгын хажуугаар явж байгаад дээрээс нь юм унасан гээд л үйлдвэрлэлийн осол гэмтлийн тухай элдэв мэдээлэл чих дэлсэх нь улам л ихдсээр байна . Дэлхийн улс орнууд .... гэсэн стандартыг сайн дураараа мөрддөг байна. Манайд бол тэр сайн дурын стандартыг мөрдөх нь битгий хэл 4 жилийн турш хэрэгжиж байгаа хуулиа биелүүлдэг нь өдрийн од шиг. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн 4-р сарын 28-ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. 2014 оны хувьд аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачлан “Хөгжил” политехник коллеж, мэргэжлийн хяналтын газар, бусад холбогдох аж ахуй нэгжүүдийг хамруулж, нэг сарын аян зохион байгуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалтай холбогдуулан аймгаас “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах ”дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг аймгийн ОНХС-аас 10 сая төгрөгөөр санхүүжүүлэн, Уг санхүүжилтийг нэг сарын хугацаанд хэрэгжүүлсэн аяныхаа сумдад ажиллах, аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, гарын авлага хэвлэх болон сурталчилгаанд зарцуулсан байна.

10 сая төгрөг зарлагдаж, нэг сарын хугацаатай аян зохион байгуулж болно л доо. Гэхдээ тэр нь үр дүнгээ үзүүлэх ёстой. Дэд хөтөлбөр хэрэгжүүллээ гээд манай аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байдал дээрдсэн үү гэвэл үгүй. Дулааны бадамлах дөл компанийн ажилтан хөлөө тайруулсан, 72 айлын орон сууцны замын эсрэг талд баригдаж буй барилгын ажилчид гадна пасадын ажил хийх үеэрээ унаж гэмтэж, нэг нүдээ хүртэл алдсан, Дөргөний УЦС-д станцад ажиллаж байсан ажилтан угаартаж амь насаа алдсан, Электро инсталейшн компанийн барилга дээр ажиллаж байсан хүн дээрээс юм унасанаас болж бэртсэн гэх мэтээр ил гарсан нь хэдхэн жишээ болохоос нууц осол зөндөө бий. Манайхан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэхээр малгай, шил төдийхнөөр ойлгоод байгаа мэт. Гэтэл үүний цаана хүний амь нас, амьдрал явж байна. Дэлхий дахинд сайн дураар мөрдөж ирсэн OHSAS 18001 гэх стандарт байдаг бөгөөд энэхүү сайн дурын стандартыг монголчууд хэрэгжүүлэхгүй байгаа үндсэн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг / ХАБЭА/ зардал гэж хараад байдаг. Гутал хувцас, нүдний шил худалдаж авах гэж ойлгодог. Эзэд хандлага сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсныг гутал, малгай төдийхнөөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн хэрэгсэл биш болсныг осол, гэмтэл, хүний амь нас эрсдэсэн жишээнүүдээс харж болохоор байна. Дэлхий нийтийн жишигт ажлын байран дээрээ гар, хуруугаа зүссэн ч үйлдвэрлэлийн осол, гэмтэлд тооцож бүртгэдэг юм байна. Өнөөдөр байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл, аюулгүй үйлдвэрлэлийн зорилтууд тавигдаж байна. Монголд 2013, 2014 онд бүртгэгдсэн ослын тоогоор бол өдөрт нэгээс доошгүй осол гарчээ. 5 осол тутмын 1 нь хүний амь үрэгдсэн осол байна. 2009 оны ослын байдлыг 2014 оныхтой харьцуулахад 20 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна

Hudulmuriin ayulgui baidal 1Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МХГ, Үйлдвэрчний эвлэл, Аймгийн Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн харилцааны хариуцсан мэргэжилтэнтэй уулзсан юм.

Ц.Ариунжаргал: “Төрийнхөнд СЭТГЭЛ алга”

-Сүүлийн үед манай аймагт энд тэнд үйлдвэрлэлийн осол гарлаа гэсэн мэдээлэл чих дэлсэх боллоо. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?

-ХАБЭА-н тухай хууль 2008 онд батлагдсан байдаг. Энэ хуулийн хэрэгжилт ямар байгааг өнөөдөр гарч байгаа ослууд харуулж байгаа юм. Он гарсаар үйлдвэрлэлийн ослууд нэлээд хүндрэх төлөвтэй байна. Өмнө нь халтирч унах, хуруу гараа эсгэх гэх мэт ослууд гардаг байсан бол одоо хүний амь настай холбоотой ослууд гарах боллоо. Манай байгууллага бол хөндлөнгийн хяналт тавих байгууллага. Ямар нэгэн байдлаар тухайн осол гаргасан аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх эрх хараахан олгоогдоогүй ч олон нийтийн хяналт тавьж ажиллаж байна. Бид хөндлөнгийн хяналтаа өндөржүүлэхгүй бол төрийн хяналт муудаж байна. Үйлдвэрлэлийн осол гарах бүрт үйлдвэрчний байгууллага хамгийн эхэнд очиж байна. Төрийн захиргааны байгууллагууддаа мэдэгдэж байгаа. Асар их хүнд суртал болж, дуудуулж, дургүйцлээ илэрхийлж үйлдвэрчин “шоудаад” яваад байна гэж асуудалд хандаж байгаа нь маш харамсалтай. Он гарсаар арваад томоохон осол гараад байна. Таван хүний амь нас ажлын байран дээрээ үгүй болчихоод байна. Энэ бол зөвхөн хөдөлмөрийн харилцаанд гарч байгаа осол. Цаана нь зам тээвэр, ахуйн хичнээн осол гарч байгааг бид мэдэхгүй. Энд сэтгэл өвдөхгүй байхын аргагүй байна. Зарим осолд орсон хүнийг аймгийн Засаг дарга дээр дагуулж орсон. Хуулиараа бол бүх шатны төрийн захиргааны байгууллага, аймаг, сумдын Засаг дарга, түүний харъяа байгууллага, ИТХ, аж ахуй нэгж байгууллагуудын удирдлагууд үүрэг хүлээсэн байдаг. Бид хуулиа хэрэгжүүлж байна гээд яриад байхад осол гараад байна гэдэг бол худлаа яриад байна, осол гарах нөхцөлд ажиллаж байна л гэсэн үг.

-Ажил олгогч, эзэд малгай, гутал, ажлын хувцас авч өгснөөр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангачихлаа гэж бодоод байх шиг дүр зураг нийгэмд ажиглагдаад байна л даа?

-Үнэхээр тийм байдал байгаа. Гэтэл тийм биш шүү дээ. Осол гарахгүй байх нөхцлийг ажил олгогч эзэд хангаж ажилтнуудыг ажиллуулах ёстой. Осол гарсан л бол ослыг судалж бүртгэх ажлыг ажил олгогч хариуцна. Ослыг судалж бүртгээд хор уршгийг нь арилгах арга хэмжээ авах ёстой. Хуулинд зааснаар осолд орсон ажилтныг ажил олгогч өөрийн зардлаар эмнэлэг хүргэнэ, шаардлагатай үзлэг эмчилгээний бүх зардлыг хариуцна, осол, хурц хордлогын хор уршийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна гэж заасан байдаг. Мөн осол, хурц хордлогын хор уршгийг тогтоох байнгын бус комисс ажиллуулах тухай хуульд заасан. Гэвч манайд нэг бугшсан үзэгдэл байна. Осол гарлаа л бол үйлдвэрлэлийн ослын комиссыг өөрийнх нь талд осол гэмтлийн дүгнэлт гаргах багийг бүрдүүлдэг. Байгуулагдчихсан байх, осол гарсны дараа байгуулах хоёр маш их ялгаатай. Осол гарсны дараа хар толгойгоо хамгаалж үлдэх комиссыг байгуулах нь мэдээжийн хэрэг шүү дээ. Дулааны Бадамлах дөл компани дээр хүний хөл тасарсан ослыг үйлдвэрлэлийн осол биш гэж үйлдвэрлэлийн ослын комисс тогтоочихсон байна. Хүний хөл тасрахыг осол биш гэвэл өөр ямар осол үйлдвэрлэлийн осол болох юм бэ. Осол гарсан газар дээр очоод үзэхэд хөдөлмөр хамгааллын хувцасгүй, дулааны станцын тэр насос нь өмнө нь маш олон хүний хувцас хунар ураад байсан байдаг. Энэ бол хэзээ нэгэн өдөр осол гарахыг хэлээд л байсан байгаа байхгүй юу. Насаараа ажилласан ажилтан дулааны станцаас эрхтнээрээ хохироод л гарч байна. Ажил олгогч эзэд осолд өртсөн хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд санаа тавихгүй хэрнээ амыг нь яаж таглах вэ гэдгийг л бодож байна. Мэс заслын орон дээр хөлөө тайруулж, өвчинтэйгээ тэмцэж ядаж байхад араас нь “гомдолгүй гээд бичээд өг, манай инженерүүд шоронд орох гээд байна” гээд утасдаж байна гэж байгаа юм. Монголд үйлдвэрлэлийн осол гарсны төлөө инженерүүд шоронд ордог байсан бол ийм осол гарахгүй шүү дээ. Ингэж дарамтлаад байхаар өвчиндөө шаналж байгаа хүмүүс ар гэрийнхэндээ, сахиуртаа уурлаж, хурдан бичиж өгөөд намайг амраагаад өгөөч гэх байдлаар хандаж байна. Осолд орсон хүнийг хамаатан садан, ах дүүсээр нь ятгуулахыг оролддог явдал ч байна. Саяхан барилгын гадна пасадны ажил хийж байгаад гэмтэж, нүдээ авахуулсан залуугийн ах нь ирээд “3 сая төгрөг зохицож аваад салчих” гэж ятгасан гэж байгаа юм. Энэ мэт ажил олгогчид өөрийнхөө “арьс”-ыг хамгаалсан, хариуцлагаас мултрахыг эрмэлзсэн үйлдлүүдийг гаргахдаа ичиж, эрээлнэ гэдгээ ч мартчихсан. Ослын талаар хэвлэл мэдээллээр яримаар байгаа олон хүн байгаа.

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын аж ахуй нэгж байгууллагаас гаргах зардлыг нь хуулчилж өгсөн байдаг тухай сонсож байсан. Энэ тухай?

- ХАБЭА-н тухай хуулийн 26-р зүйлийн 26.2-т аж ахуй нэгж байгууллагууд хуулийн зүйл заалтыг ХАБЭА-г хангахад зарцуулна гэж заасан байдаг. Зарцуулна гэж заасан болохоос зарцуулж болно гэж заагаагүй байгаа биз дээ. Байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай боллоо ч гэсэн төсөв хөрөнгийг нь шийдвэрлэж, төсөвтөө тусгаж өгөхгүй байна. Энэ орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүс туйлын хариуцлагагүй хандаж байна. Нэг жишээ дурдахад өнгөрсөн 7-р сарын 7-нд Дөргөний усан цахилгаан станц дээр ээлжинд гарч байсан ажилтан амь насаа алдсан. Буяны ажил явагдаж, ар гэрийнхэн нь завгүй байхад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан нь нас барсны гэрчилгээн дээр нь өвчний улмаас нас барав гээд бүрдүүлээд өгчихсөн байгаа юм. Энэ асуудлыг бид хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд үйлдвэрлэлийн осол гэдэг нь тогтоогдсон. Хохирогчийн ар гэрийнхэн 36 сарын цалинтай тэмцэх мөнгөн тэтгэмжийг нь авахаар болсон байгаа. Энэ мэт асуудал бидний дунд байна. Хаа хаанаа төсөв зардал байхгүй гэдэг асуудлыг ярьж байна. Төсөв мөнгө бага байж болох ч СЭТГЭЛ дутаад байна. Төрийнхөнд хариуцлага гэдэг зүйл байхгүй болсон нь харагдаж байгаа юм. Монголын нийгмийг удирдаж байгаа манлайлагчид, удирдагчид гэж өөрсдийгөө цоллогсодод нийгмийн хариуцлага бас сэтгэл гэдэг юм даан ч алга байна.

-Үйлдвэрлэлийн осолд орсныг хэн магадлаж, акт гаргадаг юм бэ? Тэтгэмжийг нь хаанаас авах вэ?

-Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн аюулгүй байдлын байцаагчид хөндлөнгийн хяналт тавьж бай гэж эрх олгосон байдаг. Аймгийн хэмжээнд гурван байцаагч ажиллаж байгаа. Мэргэжлийн хяналтын газарт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан, эрүүл ахуй хариуцсан, үйлдвэрчний эвлэлд тус бүр нэг байцаагч байгаа. Ослын газарт байцаагч хяналт, шалгалт хийгээд ослын актыг батлаад нийгмийн даатгалд хүргүүлдэг. Тэгээд нийгмийн даатгалын ослын сангаас тэтгэмж авах эрх нь үүсдэг. Гэвч нийгмийн даатгалынхан болохоор манай байцаагчийн дүгнэлтийг хүчинтэйд тооцно, танай байцаагчийн дүгнэлт хүчингүй гэж байгаа юм. Манай, танай гэж хэнийг хэлээд байгааг үнэхээр гайхаж байна. Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон эрхийг нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч магадлаад байгаа юм. Уг нь бол хөдөлмөрийн чадвар алдсан, өөрөөр хэлбэл хөдөлмөр зохицуулалтад хамрагдах өвчтөнүүдийг тэр магадлагч магадлаж баймаар юм. Эсвэл хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын байцаагчдын эрхийг магадлагч юм уу?

Манай аймагт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага бол Мэргэжлийн хяналтын газар. МХГ-ын улсын байцаагч юм лд аа.

Б.Хишигт: Бид төлөвлөгөөний дагуу

хяналт шалгалтаа хийгээд явж байна

-Үйлдвэр дээр гарч байгаа осол гэмтлийн шалтгаан нь нэгдүгээрт сургалт зааварчлага, тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилчдын мэдлэг дутмагаас осол гэмтэл багагүй гарч байна. Ажил олгогчид энэ мэдлэгийг эзэмшүүлэхийн төлөө ажиллахгүй, зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулаад өөрийгөө хамгаалах хэлбэрээр явагдаад байна. хоёрдугаарт, үйлдвэр дээр хэрэглэж буй тоног төхөөрөмжийнхөө үзлэг, бүрэн бүтэн байдлыг тогтмол хийдэггүйн осол гарах шалтгаан болж байна.

-2014 онд хийсэн хяналт шалгалтын үр дүн?

-2014 онд төлөвлөгөөний дагуу 25 удаа хяналт шалгалт хийх ёстойгоос 30 аж ахуй нэгж байгуллагад хийгээд байна. Бага эрсдэлтэй-3, дунд эрсдэлтэй 17, их эрсдэлтэй 10 аж ахуй нэгж байна. Хяналт шалгалт хийх явцад ихэвчлэн барилгын компаниуд их эрсдэлтэй байгаа юм.

-ХАБЭА-н хуулийн хэрэгжилт ямар байна?

-Энэ жилийн хагас жилийн байдлаар хуулийн хэрэгжилт 73 хувьтай байна. бид хяналтын хуудсаар шалгалт хийгээд, хуудсан дахь хяналтынхаа дүнг шивдэг. Программ бол автоматаар хуулийн хэрэгжилтийг тооцоолдог гэсэн үг л дээ. 2014 оны хувьд 8 осол гарсан. Урьд онуудтай харьцуулахад өсөлттэй байна.

Үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан нь аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангалттай өгдөггүй, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг нягталж үздэггүй. Бид хяналт шалгалтаа хийгээд явж байгаа ч осол гэмтэл буурахгүй байна. Хяналт шалгалт хийх байгуулагатаа хэд хоногийн өмнө заавал мэдэгддэг. Гэтэл биднийг хяналт шалгалтаа хийхээр очиход бүрэн бүтэн байдлаа хангачихаад байж байдаг. Ер нь бол гэнэтийн хяналт шалгалт хийж байж л тухайн аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хэрхэн хангаж байгаа, стандартын түвшинд ажиллаж байна уу үгүй юу гэдгийг л мэдэх боломжтой юм л даа.

Дээрх мэргэжлийн хүмүүсийн ярьж буйгаар бол ажил олгогч эздийн сэтгэл үнэхээр дутагдаж байгаа нь харагдаж байна. Бага эрсдэлтэйгээр Дулааны Бадамлах дөл ХХК, Ховд ЦТС ХХк, МоЭнКо ХХК-ууд шалгагджээ. Гэтэл бага эрсдэлтэй байлаа гээд санаа амар ч болдоггүйг дулааны станцад гарсан осол харуулж байна. Хамгийн гол нь хуулийг замын хөдөлгөөний дүрэм мэт л хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Дэлхийд 300 зөрчлийн 29 нь хөнгөн гэмтэл, 1 нь хүний амь нас эрсдсэн тохиолдол байдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн статистикээр 300-д 1 хүний амь нас эрсдэж байна. Гэтэл Монголд 400-д 75 хүний амь нас эрсдэж байгааг судалгаагаар гаргасан байдаг байна. Гэтэл Монголд гэмтээгүй тохиолдлууд, тухайлбал, халтираад унасан ч гэмтээгүй бол тэр тохиолдлыг огт бүртгэдэггүй. Бүртгэдэггүй учраас судалдаггүй. Яагаад ийм аюултай тохиолдол учраад байна вэ гэдгийг судалдаггүй, тоодоггүй, хэнэггүй байдлаар явж байгаа. Харин хүнд гэмтсэн, амь нас эрсдсэн бол булавч бултайна, даравч далдайна гэгчийн үлгэрээр ил гардаг. Энэ нь осол эндэгдлийн нуун дарагдуулалт их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын статистик худлаа байна. Үүнийг дэлхийн статистик тогтоочихож. Үнэндээ бол 75-ыг 300-гаар үржүүлсэн тоо байхаар байна.

Өнөөдөр Ажил олгогчид хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих анхаарал жилээс жилд сайжраад байвал ажилтнууд сэтгэл хангалуун байна. Ажилтнууд айх аюулгүйгээр ажлаа хийх нөхцлийг л бүрдүүлээд өгөх хэрэгтэй байна.

Г.Энхжаргал

 

Ажлын байртай болох чухал ч арын хаалга түүнээс ч чухал ..

     Ajilgui

Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа. Энэхүү эдийн засгийн тогтворгүй байдал нийгэмд замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн тоо өссөөр байгаа нь ядуурлын тоо нэмэгдэхэд нөлөөлж буй бөгөөд ихэнх хувь нь залуучууд байгаа нь харамсалтай. Ажилгүй залуусын тоо олширч байгаа нь улс орны хувьд тийм ч сайн хэрэг биш.

     Боловсролтой атал гэртээ зүгээр суух залуус олон бий бөгөөд ийн зүгээр суух болсон нь ганц ажлын байр хомс байгаатай холбоотой биш. Учир нь өнөө нийгэмд авлига хээл хахуулийн хэрэг ихээр гарах болсон нь нууц биш нүдний өмнө болж буй бодит байдал билээ. Ажлын байртай болохын тулд мэдлэг ур чадвар гэхээсээ илүүтэйгээр танил тал арын хаалгатай байх нь чухал болсон мэт. Арын хаалгатай байж ажлын байртай болно гэхэд хилсдэхгүй. Мэдлэг боловсрол муутай ч хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой бол аль хэдийн дээд албан тушаал дээр томилогдох тохиолдол мэр сэр байна.

     Энэ нь эрх тэгш шударга байдал алдагдаад буй бөгөөд нийгэмд болж байгаа үйл явдал хэт нэг тал руугаа туйлшираад байгаа мэт. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард 34 мянга 194 болж өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна. Хэдийгээр сарын дүнгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн ч 2013, 2012 оны мөн үетэй харьцуулахад буурч сүүлийн гурван жилийн доод түвшиндээ хүрээд байна.

    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 40.6 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байгаа бол 0.7 хувь нь боловролгүй иргэд байгааг тайлангаас харж болохоор байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх нь 25-34 насны иргэд байжээ. Ажил хайж байгаа шалтгааныг авч үзвэл шилжин суурьшсан, их, дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Харин үлдсэн 45 хувийг нь бусад 10 гаруй шалтгаан бүрдүүлжээ.

    Энэ оны эхний арван сарын хугацаанд Хөдөлмөрийн Төв биржийн мэдээллийн санд 17 мянга 750 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 101.1 мянган ажлын байрны захиалга ирсэн байна. Ажлын байрны захиалгын дийлэнхийг барилга болон үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарын захиалгууд бүрдүүлжээ. Хэдийгээр их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмшсэн боловч тухайн мэргэжлээрээ бус хар бор ажил хийх нэгэн олонтаа.

   Хий дэмий хэдэн жил мөнгө төлөн суралцсан мэт мэргэшсэн мэргэжлээрээ ажилалгүй тэс өөр зүйл хийж байгаа нь хачирхалтай. Өнөөх хээл хахууль авлигатай ч холбоотой байх нь бий. Манай улсын бүхий л салбар авлигад идэгдээд байгааг үүнээс харж болох юм. Улс орны хөгжлийг хурдасгахын тулд залуусын боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн ажлын байрыг хангалттай бий болгох ба авлига хээл хахуулийн асуудлыг арилгаж мэргэжил эзэмшсэн ажилгүй байгаа залуусыг ажлын байраар хангахын зэрэгцээ тэдний боловсролыг улам гүнгийрүүлж өндөр чадалтай боловсон хүчинг бий болгох хэрэгтэй. Ингэж байж улсын хөгжил урагшлах болно.

Ч.Гэрэлтуяа

 


Төрийн ордон руу сэтгүүлчдийг оруулахгүй байна

Turiin ordon setguulch

Өнөөдөр 15.00 цагаас болохоор товлогдож байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан хойшилж, 18.00 цагт хуралдахаар болсон билээ. Гэтэл уг үйл явдлыг сурвалжлахаар очсон  хэвлэл, мэдээллийн ажилтнуудыг Төрийн ордон руу оруулахгүй байна.

Төрийн ордонд фракцийн удирдлагууд хоорондоо уулзалдаж байгаа бөгөөд уур амьсгал нэлээд ширүүхэн байна. Фракциуд тохиролцооны хүрч чадаагүй бололтой.

Turiin ordon setguulch01

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцах юм.

Нэгдүгээрт, намаасаа томилогдсон Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан найман гишүүнийг АН-аас хөөхөөр Хяналтын зөвлөлөөс нь шийдвэрлэсэн бөгөөд үүнийг ҮЗХ-ны хуралдаанаар эцэслэн батална.  Мөн намын даргын асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Шинэ Засгийн газрын тэргүүнээр хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ ҮЗХ-ны хуралдаанаар шийдвэрлэх юм.

Л.ХАЛИУ (Эх сурвалж zaluu.mn)

Зөөлөн хүч

zuulun huch

Намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн дотор Ринченнямын Амаржаргал заавал орно. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг Ардчилсан намын хүнд хэцүү цаг үед нэгэнтээ хашсан түүнд санаж бодсоноо хэрэгжүүлэх боломж олдоогүй юм. Түүний нэгэн сонгуулийн уриа нь "Зөөлөн хүч" гэж байсныг тодхон санаж байна.

Үнэхээр ч тэр уриа нь түүнийг бүрэн тодорхойлсон шиг санагдсан. Тэр хүчтэй хүн үү. Тийм ээ. Өнгөрсөн 20 жилийн улс төрийн амьдрал нь үнэхээр ороо бусгаа байж, өгсөх уруудах аль алиныг нь үзсэн. Намын ротациар автобусаар хүн зөөгөөд өөртөө санал өгүүлчихсэн жижиг  гарын улс төрчид ялагдчихаж байж билээ. Санал худалдаж авч болно гэдгийг тэр үнэхээр ойлгохгүй байсан учраас автобусаар зөөгдөөд хуушуур идээд саналаа худалдачихна гэж бодоогүйгээс л дээ. Дараа нь өөр намтай эвссэн  нам нь түүнийг тойроггүй үлдээж ч байсан. Бусад нөхдийн л адил 20 оод жилийн өмнөөс улс төр эхэлсэн түүнийг анхны үзэл санаандаа үнэнч явдаг болохоор нь хүндэлдэг юм.

Гэхдээ жинхэнэ хатуу, бүх зүйлийг хөрөнгө чадал, өнгө мөнгөний тэмцлээр шийдэгчдийн дэргэд үнэхээр зөөлөн хүн. Тэр нөгөө ярьдагаа л ярьж, Монголын улс төрөөс хүн чанар, ёс зүй , өвөг дээдсийн үг захиасыг нэхэж ганцаараа ч гэсэн тэмцсээр л байдаг. Өнөөгийн энэ харгис хатуу улс төр түүнийг эвэртэй туулай үзсэн юм шиг хардаг болсон байж ч магадгүй. Улс төр бол найзгүй бие биенээ сайхан үгээр халхавчлан хутгалалцах урлаг гэж ойлгосон өнөөгийн ядмаг улстөрчид түүнийг ойлгодоггүй, ойлгохыг хүсдэг ч үгүй байх. Тэр бусдын адил хуйвалдаж, хүчээр эрх мэдэлд хүрэхэд тэмүүлдэггүй. Тэгэхээр зөөлөн. Гэхдээ өнөө хүртэл нугараагүй өөрийнхөөрөө л байгаа хүчтэй хүн. Намаа удирдаад цааш нь Ерөнхий сайд хийгээд явчих бүрэн чадвар чансаа түүнд байгаа. Даанч өнөөдрийнх шиг бохир улс төрд үзэл санаа  буртагласан үед түүнийг дэмжих сэхээтэй хүмүүсийн тоо цөөдөх байх даа. Зөвхөн хуйвалдаан, хор найруулалт, сандал суудлын тулаан л өрнөж байна даа Ардчилсан намд.

ЖИЧ: Тэр ямар нэгэн захиалга өгч үүнийг бичүүлээгүй болохыг мэдэгдэж байна. Ардчилсан намынхан хагаралдаж, өөрөө өөрсдийгөө байхгүй болгохыг хичээхийг харах бүртээ санаа зовдог дэмжигчийн хувиар л бодлоо хуваалцаж байгаа хэлбэр 

А.ТУЛГА (Эх сурвалж news.mn)

Ховдын татварын хэлтсийн удирдлагад хандсан сануулга

2013 оны 4 сард томилогдсон аймгийн татварын хэлтсийн шинэ дарга тус хэлтсийн хэд хэдэн албан хаагчдыг үндэслэлгүй ажлаас халсан. Ийнхүү хууль бусаар халагдсан албан хаагчид Аймгийн Үйлдвэрчний эвлэлээр дамжуулан, шүүхэд хандсанаар шүүхээс тэдгээр ажилтан, албан хаагчдыг хууль бусаар ажлаас халсан болох нь тогтоогдож, ажилд нь эргүүлэн оруулах тухай шийдвэр гарсан. Гэтэл хэлтсийн дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, хуулийг уландаа гишгэн, хууль бус халагдсан албан хаагчдыг эргүүлж ажилд нь авахгүй, дураараа дургисаар байна гэсэн мэдээллийг манай редакцид ирүүлэв.

Мэдээллийн мөрөөр ажиллаж, хэлтсийн нэр бүхий албан хаагчид болон холбогдох хүмүүстэй уулзахад Дээрхи мэдээллийн үнэн гэдгийг мэдэгдсэн бөгөөд, Ховд аймгийн татварын хэлтсийг Монгол улсын ерөнхий прокурорын тамгын газрын дарга Б.Үнэнбат, Аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Ч.Багдал, Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн төрийн захиргааны дарга асан С.Жаргалдалай гээд чадварлаг мэргэшсэн боловсон хүчнүүд удирдаж ирсэн. 2000 оноос хойш ажил үйлсээрээ баруун 5 аймагтаа төдийгүй системийн хэмжээнд жил бүр эхний байруудыг эзэлж, спорт урлагын авьяасаараа ч манлайлж ирсэн. Тухайлбал 2003, 2009 онд ажлаараа улсын хэмжээнд тэргүүн байранд шалгарч байсан бол 2013 оноос тус албаны үйл ажиллагааны стандарт алдагдан, 2012 онд систэмдээ 8-р байр эзэлж байсан алба 2013 онд 31 албадаас 22 дугаар байр, 2014 оны эхний хагас жилийн ажлаараа 30 дугаар байранд тус тус орсон. Энэ нь тус хэлтсийн удирдлагыг ажилдаа эргэж дүгнэлт хийж, алдаагаа засахыг сануулсаар байгаагийн илрэл юм хэмээн учирласан юм.

Дашрамд дурдахад Татварын хэлтсийн одоо ажилаж буй дарга маань Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн татварын хэлтэст байцаагчаар ажиллаж байгаад 2013 оны 4 дүгээр сард сонгуулийн үр дүнгээр, намын тохиролцоогоор, МАХН-ын илгээлт өвөртлөн даргын албан тушаалд томилогдсон нэгэн ажээ

 

 


Шахааны бизнес цэцэглэсэн Боловсролын салбар - VS дүрэмт хувцас

             Duremt huvtsas

             Сурагчид шинэ дүрэмт хувцсаар ижилсээд багагүй хугацаа өнгөрлөө. Сурагчдын дүрэмт хувцас 41-99 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа ч жил бүр шинийг авч өмсөхөөс өөр аргагүй учир нь нөгөө шинэхэн гэгдэх сайхан дүрэмт хувцаснууд нь ердөө л нэг жилийн настай.

Энэ дүрэмт хувцсыг үйлдвэрлэгдэж эхлэхэд санаачилсан нөхөд чанараа дагасан үнэтэй хэмээн магтаж байсан ч, хэрэг дээрээ чулуу хөөлгөсөн, худал сурталчилгаа байжээ. Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар дүрэмт хувцас оёж, сурагчдад түгээх өргөн хүрээтэй ажлыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хариуцаж, сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний хэд хэдэн үйлдвэр хамтран үйлдвэрлэж байгаа нь нэг талаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хичээж буй мэт ч нөгөө талаасаа иргэдийнхээ халаасыг хоосолсон хэрэг болж таарч байгаа юм.

Өнөөдөр сурагчийн үнэтэй, чанартай гэгдээд байгаа дүрэмт хувцсыг хүүхэддээ авч өгч чадах, бас чадахгүй эцэг эхчүүд хэд билээ. Үнэхээр л үнээ дагасан чанартай сайн хувцас юм бол хүүхдүүд түүнийг дор хаяж хоёр жил өмсөхөд гандаж элэгдэхгүй, сэмэрч урагдахгүй байх ёстой л доо. Гэтэл нэг жилийн нүүр үзэв үү, үгүй юу сэмэрч, бөөсөрдөг дүрэмт хувцас үйлдвэрлэгдэж байна. Улсын хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрийдлээр сургалтын менежерүүд болон багш нарыг “шахаанд” оруулж байгаа сурагтай. Сурагчиддаа дүрэмт хувцас “шахах” ажлыг тэдэнд хариуцуулж, байнга шахаж шаардаж, нэг ёсны дарамт үүсгэж байгаа талаар өнчнөөн олон сургуулийн менежер, багш нар зовлон тоочиж байхтай таарав. Үндэсний үйлдвэрээ дэмжих ажлыг сурагчдын дүрэмт хувцастай хамтатгаж болох л доо. Гэхдээ ийм нэрийдлээр зориудаар зохион байгуулсан шахааны бизнесийг цэцэглүүлж болохгүй. Монгол малынхаа ноосоор даавуу даалимба үйлдвэрлэж буй үйлдвэрүүдээ дэмжээд, үйлдвэрлэсэн даавууг нь зах зээлд хямд үнээр борлуулж, орон нутаг дахь оедлын чиглэлийн жижиг дунд үйлдвэрүүд нь тэр материалыг нь аваад сургуулийн хүүхдүүдэд хямд үнээр, чанартай өнгө загвар сайтай хувцас оёж нийлүүлэх боломжийг нь харин бүрдүүлэх ёстой шүү дээ.

Энэ чиглэлийн тендерийг орон нутагт нь зарлах ёстой. Тэгвэл орон нутагт өрсөлдөөн нэмэгдэнэ, хямд үнэтэй хувцсыг эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгөх боломж бүрдэнэ, дээрээс нь орон нутгийн үйлдвэрүүдэд ч дэмжлэг болно, ажлын байр нэмэгдэнэ гээд албан тушаалтнуудын ярих дуртай өчнөөн сайн зүйлүүд жинэхэнэ утгаараа хэрэгжинэ гэдгийг ойлгохгүй яамны сайд, дарга нар, мэргэжилтнүүд байна гэхэд итгэмээргүй. Гэтэл харин үүний эсрэгээр нь ажиллаж, сурагчдад дээрээс тогтоосон цөөн хэдэн газрын чанаргүй бүтээгдэхүүнийг өндөр үнээр шахах зорилгоор багшийг сургалтын менежер, сургалтын менежерийг захирал, захирлыг боловсролын газар, боловсролын газрыг яам “дарамталдаг” тухай бүгд л ярьцгааж байна шүү дээ.. Мэдээж хэн ч үр хүүхдээ бусдаас дутаахгүйг хичээнэ. Монголчуудын нэрэлхүү, ноомой зан дэврэгсдийг бүр ч даврааж байх шиг... Өмнө нь бид нэгээс хоёр ээлжийн цагаан цамц хүүхдүүддээ авч өгөөд бүтэн жилийг авчихдаг байсан. Харин өнөөдөр 41-99 мянган төгрөгөөр нэг жилийг даахтай үгүйтэй дүрэмт хувцас авч байна. Үнийн хувьд дүүрч гэхэд өнгө, загварын хувьд гологдмоор. Таван настай цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхэд өөрийн дуртай хувцасаа ээж ааваараа сонгуулахгүйгээр авч өмсч байна. Гэтэл дунд сургуулийн сурагчид өнгө, загвар, чанар гэж авах юмгүй хэт үнэтэй даавуу “нөмөрч” байна гэхэд ч хэтрүүлсэн болохгүй.

Бараан хар хөх өнгөтэй, агаар нэвтрүүлдэг гэх ч эрүүл мэндэд хэр ашигтайг хэлж мэдэхгүй юм. Боловсролын салбарт ажиллагсад, эцэг эхчүүд үндэсний нэрийдлээр үйлдвэрлэгдэж байгаа дүрэмт хувцсанд сэтгэл дундуур байгаагаа удаа дараа бидэнд илэрхийлж, салбар хариуцсан эрхмүүдэд энэ тухай хэл хүргэж өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Багш нар сурагчдад өнөөх үндэсний тодотголтой хувцсыг “шахах” нь бараг үндсэн үүрэг нь болчихсон мэт нөхцөл байдал өнөөдөр ноёрхож байна. Багш нар бол сурган хүмүүжүүлэх үүрэг л хүлээх хэрэгтэй. Дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн стандартыг яамнаас баталж, орон нутгийн болон үндэсний компаниуд зах зээлийн тэгш өрсөлдөөнөөр ажиллах хэрэгтэй. Социалист нийгмийн авууштай тал бол хэвлэлийн нийтлэлийн мөрөөр алдаа дутагдлаа засах. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн шүүмжийг унших нь битгий хэл хариу үйлдэл үзүүлдэг ч албан тушаалтан алга.

Боловсролын яамнаас жил бүрийн хавар 5-р сард анги тус бүрийн сурагчдын хувцасны размерийн судалгаа авдаг байна. Гэтэл тухайн судалгааг авснаас бараг жил гаруй хугацааны дараа сурагчдын дүрэмт хувцас ирдэг гэнэ. Боловсролын яам, боловсролын газар сургалтаа хариуцдаг байгууллага болохоос энэ мэт бизнесийн асуудалд оролцох хэрэггүй мэт санагдана. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дүрэмт хувцас бүтэн жилийн дараа үйлдвэрлэлээс гарч байгаа юм чинь өсвөр насны хүүхдүүдэд яаж таарах вэ дээ. Ямар ч хүн эрүүл ухаанаар бодсон боломжгүй зүйл. Ядаж шинэ дүрэмт хувцсыг 8-р сарын 10-наас 9-р сарын 1 хүртэл нийлүүлэлт хийдэг баймаар байгаа юм. Хичээл тарах үеэр дүрэмт хувцас тарааана гэдэг ямар мэргэн ухаантны санаа юм бол доо.

           Анх үйлдвэрлэгдэж эхлэхдээ 3-аас дээш хүүхэдтэй айлд дүрэмт хувцасны хөнгөлөлт үзүүлэх тухай ярьж байсан. Гэтэл өнөөдөр энэ хөнгөлөлтийг эдэлсэн эцэг эх, сурагчдыг сураглаад олсонгүй. Өнгө, загварын хувьд эрэгтэй хүүхдүүд дүүрч гэхэд эмэгтэй дүрэмт хувцас хар бараан, бие давхар эмэгтэйн даашинз мэт нэвсгэр байгаа нь тааламжгүй харагдаж байгаа юм. Өнөөдөр хэдэн настай хүүхэд өөрөө хувцасаа сонгож өмсөж байгаа билээ гэдгийг боловсролын салбар бодолцож үзмээр...

 

                              Г. Энхжаргал

 

“ХАА-ны үр нөлөөг сайжруулья” санал зөвлөмж

2011 онд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай Монгол улсын хууль” шинэчлэгдэн батлагдаж, төрийн худалдан авах ажиллагаа буюу тендер шалгаруулалтын үйл ажиллагаанд энэхүү шинэ хуулийг мөрдөж байгаа.

Хуулинд нэмж тусгагдсан шинэлэг заалтуудын дагуу тендерийг ил тод, нээлттэй шудрага явуулах тухай хаа сайгүй яригдаж, тодорхой ажлууд ч өрнөж байна. Гэсэн ч амьдрал дээр зөрчилтэй анхаарч засаж залруулах, сайжруулах шаардлагатай зүйлүүд бишгүй ажиглагдсаар байна. “Боломж – Үр нөлөө” төслийн хүрээнд Ховд аймагт 2013-2104 онд явагдсан зарим худалдан авах ажиллагаануудад хийсэн ажиглалт, судалгаанд үндэслэн энэхүү санал зөвлөмжийг гаргаж байна.

Нэг: Үнэлгээний хороог томилох үйл ажиллагааны тухайд

Төслийн багийн хийсэн судалгаанаас үзэхэд үнэлгээний хороог бүрдүүлэхэд нэн ялангуяа үнэлгээний хорооны даргыг олон давтамжтайгаар (нэг хүнийг хэт олон удаа томилох) байдлаас зайлсхийдэг болсон, (судалгаанд хамрагдсан нийт 35 ХАА-наас санамсаргүй түүврийн аргаар 15 ХАА-г сонгож, ажиглалт хийхэд, дээд тал нь хоёр удаа томилогдсон тендерийн хорооны дарга нэгээс хоёрын зэрэг байна), үнэлгээний хорооны гишүүдийн хувьд ч ийм зарчмыг баримтлахыг хичээдэг болсон нь харагдаж байгаа сайн тал үзэгдэж байна. Гэвч 2013 онд бидний хэрэгжүүлсэн төслийн хүрээнд боловсруулж, аймгийн ХАА-ны түншлэлийн хороогоор батлуулсан “Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг томилоход баримтлабал зохих журам”-д тусгагдсан заалт хангалтгүй хэрэгжсэн. (Тухайлбал “...аливаа ХАА-нд тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүсийг заавал оруулах, үнэлгээний хороог анх томилохдоо, эрх бүхий хүмүүсийг тусгай шалгуураар сонгон шалгаруулж байж, орон нутаг дахь тухайн чиглэлээр мэргэжлийн болон мэргэшсэн төрийн бус байгууллагуудтай зөвшиж томилох, ёс зүйн үнэлэмж, хууль эрх зүйн мэдлэг, туршлага ур чадварыг гол шалгуур болгох” гэсэн заалтууд) Шалтгаан нь төрийн болон улс төрийн албан тушаалтнуудад үүнийг хүлээж авах сэтгэл зүйн бэлтгэл хангагдаагүйтэй холбоотой гэж үзэв.

Чухам үүний нөлөөгөөр Зөвхөн бидний сонгож авсан 15 ХАА-ны түвшинд л гэхэд ТББ-ын төлөөллийн нэг хүн үнэлгээний хороонд 6 удаа сонгогдсон байхад энэ чиглэлийн бусад (ихэнх) төлөөллүүд ердөө ганц удаа сонгогдсон, дийлэнх тендерийн үнэлгээний хороонд тухайн чиглэлээр сайтар мэргэшсэн нарийн мэргэжлийн хүнийг оруулахдаа бас л учир дутагдалтай. Шалгаруулалтанд оролцсон ОНӨҮГ- тай ашиг сонирхол нэгтэй этгээдийг ҮХ-ний хорооны бүрэлдэхүүнд оруулсан явдал хоёр ч удаа давтагдсан байна. Энэ нь дээр хэлсэнчилэн удирдах ажилтан, албан тушаалтнуудын хандлагатай холбоотой тул учир байдлыг ойлгуулж, нөлөөлж, соён гэгээрүүлэх чиглэлийн ажлыг цаашид үргэлжлүүлэн явуулах шаардлагатай гэдэг нь харагдаж байна.  

Мөн бидний өнгөрсөн 2013 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд гаргасан санал зөвлөмжид анхааруулагдсанчилан “...Үнэлгээний хороонд томилогдсон зарим гишүүдийн хувьд оролцогчдын чадавхийг нягтлахгүйгээр техникийн тодорхойлолт ирүүлээгүй оролцогчдыг шалгаруулахаар санал гаргаж байсан” гэх мэттэй төстэй тохиолдол 2014 онд явагдсан, бидний ажиглалт хийсэн тендер шалгаруулалтын үнэлгээнд ч мэр сэр давтагдсаныг дахин анхаарах нь чухал.

            Шалгаруулалтын явцыг нь төслийн багийнхан биечлэн ажигласан зарим тендерийн хувьд өмнөх жилүүдэд гардаг байсанчилан тендерийн баримт бичгийг бүрэн боловсруулж дуусаагүй байхдаа зар урилгыг нийтлэх, баримт бичгийг үнэлгээний хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ бус захиалагчийн төлөөлөл давамгайлсан байдлаар ганц хоёрхон хүний түвшинд боловсруулах зэрэг учир дутагдалтай зүйлс бас л харагдаж байсныг дурьдах нь зүй гэж үзлээ.  

Хоёр: Зар мэдээлэл түгээлтийн тухайд

Урилга үнийн саналыг хуулинд заагдсан хугацаанд боловсруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх ажилд нэлээн дэвшил гарсан нь судалгаанаас харагдав. Тухайлбал энэхүү 15 тендерийн хувьд бүгдийнх нь урилга, үнийн саналыг хуулийн хугацаанд боловсруулж, орон нутгийн нэг сонин, 3 цахим сайт, нэг телевиз, төвийн нэг сонин 2 цахим сайтаар тогтмол мэдээлж хэвшжээ. Цаашид энэ ололтоосоо ухрахгүйгээр мэдээллийн хүртээмжийг улам нэмэгдүүлэх шинэлэг арга замуудыг эрэлхийлж ажиллавал тендерт оролцогчдод тэгш боломж бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих тал дээр ахиц гарсаар байх болно.

Гурав: Өрсөлдөх тэгш боломжийг хангах талаар

Тендерт оролцогч компаниудын тоо бол өрсөлдөөнт байдал түүнчилэн мэдээллийг хэрхэн ил тод түгээж байгаагийн илэрхийлэл болох гол үзүүлэлт юм. Өмнө нь тухайлбал 2011, 2013 онуудад бидний хийсэн судалгаагаар Ховд аймагт зарлагдсан нээлттэй тендерүүдэд нэг тендерт дунджаар 3-4 оролцогч, харьцуулалтын аргаар зарлагдсан тендерүүдэд нэг тендерт дунджаар хуулийн дагуу 3-аас дээш (зарим нэг тохиолдолд 3-аас доош оролцогчид урилга хүргүүлж хууль зөрчсөн дутагдал ч байсан) оролцогч оролцсон дүн гарсан. Тэгвэл 2014 оны хувьд нээлттэй тендерт оролцогчдын тоо өмнөх түвшинтэй адил хэмжээнд, харин харьцуулалтын аргаар зарлагдсан тендерүүдийн хувьд нэг тендерт дунджаар 1-2 оролцогч оролцсон байгаа нь өмнөх түвшингээс ухарснаас гадна хууль зөрчиж, өрсөлдөөнийг хязгаарласан үзүүлэлт харагдаж байна. Энэ нь юуг өгүүлж байна гэвэл нээлттэй тендер шалгаруулалтын хувьд зар, урилгыг хэвлэл мэдээллээр нийтлэж нийтэд хүргэх явдал өмнөх жилийнхээ хүрсэн түвшингээс ухраагүй ч, цар хүрээ нь дахиж тэлж, нэмэгдээгүй байна гэсэн үг. Яагаад гэвэл тендерийн зар урилга хэр зэрэг хүртээмжтэй түгнэ, тэр хэмжээгээр олон оролцогч түүнийг мэдэж оролцох боломж нь нээгддэг. Харин харьцуулалтын аргаар зарласан тендерүүдийн хувьд хэдэн компанид үнийн санал хүргүүлэх вэ гэдгийг захиалагч шийддэг учир энэ нь зохион байгуулж буй хүмүүсийн хандлагатай шууд холбоотой. Судалгаагаар энэ төрлийн тендер шалгаруулалтын хувьд ХАА-ны үнийн санал хүргүүлэх аж ахуйн нэгжийн тоо өмнөх жилүүдийнхээс буурсан, ердөө 1-2 аж ахуйн нэгжид хүргүүлдэг явдал олонтоо давтагдсан нь (хуулийн заалт зөрчигдсөн) анхаарал татаж байна. Түүнчлэн шууд гэрээ байгуулах аргыг сонгохдоо хуулийн заалтыг харгалзаагүй тохиолдол ч ажиглагдаж байна.

Тиймээс харьцуулалтын аргаар тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгохдоо ТБОНӨХБАҮХА тухай хуулийн 33 дугаар зүйлийг сайтар мардлөгө болгох, харин хязгаарлагдмал болон шууд гэрээ байгуулах аргыг сонгохдоо хуулийн 30.4.2, 30.4.3, мөн 34 дүгаар зүйлийг сайтар мөрдөж ажиллахыг чухалчилан зөвлөж байна.    

Дөрөв: Гүйцэтгэлийн явцын мэдээллийн талаар

ТБОӨХБАҮХА тухай Монгол улсын хуулинд ХАА-ны сонгон шалгаруулалтын үр дүнд захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж буй гүйцэтгэгч нь өөрийн байгууллагын товч танилцуулага, гүйцэтгэж байгаа ажил, эхлэх дуусах хугацаа, авто зам, инженерийн шугам сүлжээний маршрут зэргийг багтаасан мэдээллийн самбарыг ажлын талбайдаа заавал байршуулсан байхыг заасан байдаг. Энэ нь тухайн ажлын тухай иргэд олон түмэн наад захын мэдээлэл олж авах, хяналт тавих боломжийг олгох ач холбогдолтой юм. Гэтэл бидний хэрэгжүүлсэн төслийн хяналт үнэлгээний хүрээнд сонгогдсон компаниудаас нэг компани мэдээллийн самбар хийсэн боловч гаргаж байршуулаагүй. Харин бусад бүх гүйцэтгэгчид нь тийм самбарыг хийгээгүй байна. Төслийн хүрээнд иргэдийн бүлгийн хяналт судалгааны мэдээллийг үндэслэн, гүйцэтгэгч байгууллагуудад энэ талаар зөвлөмж чиглэл өгч, үр дүнг нь хянахыг сануулсан санал зөвлөмжийг манай ТББ-аас аймгийн ХАА-ны газарт албан бичгээр хүргүүлсэн боловч, үүнээс төдийлөн үр дүн харагдсангүй.  

Тав: Гүйцэтгэлийн чанар үр дүнд тавих олон нийтийн хяналтын тухайд

Тендерийн гүйцэтгэлийн чанар болон үр дүнд тавих олон нийтийн хяналтын талаар Ховд аймгийн хэмжээнд тодорхой санаачлага гарч, ажил хэргүүд өрнөн, ахиц дэвшил бий болсон нь сайшаалтай.

Тухайлбал энд Гэгээн гарц ТББ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сумын хөгжлийн сангийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны гүйцэтгэлд иргэдийн оролцоотой хяналт тавих журмыг боловсруулан, Ховд хот буюу Жаргалант сумын ИТХ-аар батлуулсан. Мөн бидний хэрэгжүүлсэн “Боломж үр нөлөө” төслийн хүрээнд ХАА-ны гүйцэтгэлд хяналт тавих Иргэдийн загвар бүлгийг анх удаа байгуулан, сонгож авсан тендерүүдэд хяналт үнэлгээ хийж ажиллаа. Ийм нааштай эхлэлүүд байгаа нь ач холбогдолтой. Гагцхүү цаашид үүнийг улам өргөжүүлж, цар хүрээг нь нэмэгдүүлэн, иргэдийн хяналтын бүлгүүдийн ажиллах боломж нөхцлийг нь бүрдүүлэх, тэдний зүгээс судлаж санал болгосон бодитой зүйлүүдийг мэргэжлийн болон эрх барих байгууллагууд хүлээн авч мөрөөр нь арга хэмжээ авдаг, ажил зохиодог, дэвшүүлсэн саналыг хэрэгжүүлдэг болохын төлөө тууштай ажиллах явдал хүлээгдэж байна.

Гүйцэтгэлийг ор нэр хийх, улайм цайм гэрээгээ зөрчиж чирэгдэл үүсгэх, гай тарих явдал гарсаар байна. Үүнийг таслан зогсоох нэг арга нь хуулинд заасан ёсоор тухайн гүйцэтгэгчийг “хар данс”-нд бүртгэж, 3 жил хүртэл хугацаанд дахиж тендерт оролцуулахгүй байх явдал. Тиймээс ХАА-г зохион байгуулж буй мэргэжлийн байгууллага үүнийг хэрэгжүүлж эхлэх хэрэгтэйг бид өнгөрсөн 2013 онд зөвлөж байсан боловч одоог хүртэл ямар нэг алхам хийгдэхгүй хэвээр байна.

Төслийн баг болон Иргэдийн хяналтын бүлгийн ажиглалт судалгааны түвшинд авч үзэхэд өчнөөн хөрөнгө зарж хийсэн ажлын үр нөлөө, ач холбогдол нь хангалтгүй болж үлдэх явдал түгээмэл шинжтэй байгааг онцгой анхаарах нь чухал. Тухайлбал 2013-2014 онуудад Ховд аймгийн төвд “Монгол гутал”, “Тарвас”, “Морин хуур” гэсэн услалтын систем байгуулах төслүүдийг тендер зарлаж хэрэгжүүлсэн ба 2013 онд нэг төсөлд 25.0 сая, 2014 онд хоёр төсөлд тус бүр 50.0 сая, нийтдээ 100 сая төгрөг зарцуулсан. Гэтэл байгуулсан усан сангуудад нь одоо хүртэл ус хуримттлуулж усалгаа хийх ажил эхлээгүй тийм боломж нөхцлийг тооцолгүйгээр шийдсэн, нэг услалтын системийн услах талбайн хэмжээ хэтэрхий жижигхэн, түүгээр ч барахгүй тэнд нь усалгаа хийх ямар нэг цэцэрлэгжүүлэлт хийгдээгүй байна. Хөндлөнгийн тойм тооцоогоор 20.0 орчим сая орчим төгрөг зарцуулах төсөлд 50.0 сая төгрөг төлөвлөн тендер зарлаж, тэр их мөнгө үр дүнгүй үрэгдэж байгаа нь харамсалтай байна.

Тендерийн гүйцэтгэлийн чанар, үр дүн, гэрээний хэрэгжилтийг дүгнэж нийтэд мэдээлдэг жишиг ч тогтоогүй байна. Жишээлэхэд 2014 онд Ховд аймагт явагдсан ХАА-нуудын нэгэнд нь ч гэрээний гүйцэтгэл, гүйцэтгэсэн ажил үйлчилгээний чанар, үр дүнг хэлэлцэж дүгнэсэн баримт мэдээлэл байхгүй, түүнийг олон нийтэд мэдээлж санал авч хэлэлцүүлэг өрнүүлэх ажил хийгдээгүй байгаа бөгөөд нутгийн удирдлагын болон төр захиргааны байгууллагын зүгээс үүнд анхаарлаа хандуулах нь тун тааруухан байна. Ганц жишээ дурьдахад бидний хэрэгжүүлсэн Боломж үр нөлөө төслийг Мерси кор ОУБ болон төсөл хэрэгжүүлэгч ТББ түүнчлэн орон нутгийн төр захиргааны байгууллага хамтарч, зардал хуваах зарчмаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч Аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газар үүнд оролцоогүйгээр барахгүй, төлөвлөгдсөн зардлыг олгосонгүй.

Эдгээрээс харахад улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд иргэдийн оролцоотой хяналт тавих асуудал нь эрх зүй, зохион байгуулалтын хувьд тулгамдаж байна гэж үзлээ. .

Зургаа: Хөрөнгө оруулалтын төлөвлөлт дэх олон нийтийн оролцоо

Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаа буюу сум хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэж буй ХАА-г эс тооцвол бусад орон нутгийн болон улсын төсвөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт, ХАА-ыг төлөвлөхөд иргэд олон нийтийн оролцоо үндсэндээ алга байна. Үүний үр дагаварыг харуулж буй хамгийн тод жишээ нь өмнөх хэсэгт дурьдсанчилан зарим ХАА-г тооцоо судалгаа муутайгаар үндэслэлгүй төлөвлөж, хэтэрхий үрэлгэн хандаж, хөрөнгө шамшигдуулах боломж олгох, бас заримд нь хүрэлцээ муутай төсөв хөрөнгө төлөвлөж, ажлын үр нөлөөг усруулах тохиолдлууд байсаар байна. Тухайлахад 2013 онд Ховд аймагт Өндөр чадвартай нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг татан авч ирж суурьшуулахын тулд тэдгээрт зориулсан орон сууц барих зориулалтаар 300.0 сая төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн нь судалгаа муутай хийсвэр шийдвэр байснаас үр дүн нь бүрхэг болсон гэхчилэн олон зүйлийг дурьдаж болох байна.

Тиймээс хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд иргэд олон нийтийн оролцоог эрхэмлэн, эртнээс шат дараатайгаар хэлэлцүүлж, олон дахин нягтлаж байж шийдвэр гаргадаг тогтолцоонд шилжих анхны алхмуудыг хийх шаардлагатай байна.

Зөвлөмжид тусгагдсан санал, асуудлуудыг анхааралдаа авч, ажил үйлсдээ тусган хэрэгжүүлнэ гэдэгт гүнээ найдаж байна.  

“Боломж - Үр нөлөө” дэд төсөл

Ховдын толь ТББ, Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбоо ТББ

 

Ховд аймаг Жаргалант сум                                                                                                     2014.09.05

 

 

 

 

 

 

Ерөнхийлөгчийн "үнэн үг" үгүйлэгдэж байна

Tashuur ugui

Хэдхэн хоногийн дараа УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ. Хэлэлцэх асуудлын дараалал гарч чуулганы ерөнхий сценари хэдийнэ бэлэн болсон ч энэ удаагийн чуулганд ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэхийг улс төр ажиглагчид харж хүлээж байна.

Зөвхөн улс төрийн хүрээнийхэн ч биш ард иргэд, олон нийт харж хүлээж байх шиг байна. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нээлтэд тааллаараа үг хэлдэг хуультай.

Тэрээр энэ парламентын анхдугаар чуулганыг нээж, мөн 2013 оны хаврын чуулган дээр ард түмэндээ хандаж үг хэлснээс хойш хоёр ч чуулганыг өнжжээ. Тиймээс энэ удаагийн намрын чуулганд үг хэлээсэй гэж ард түмэн хүсч хүлээж байна.

Хийхээсээ хэлж ярих нь их энэ засаг төрийн удирдлагуудад хатуу үг хаяглаж, ном журманд нь оруулаасай гэж хүсч хүлээж байна.

Хоёр ойндоо хүрсэн шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд ард түмний амьдрал ахуйд хэрхэн наалдаж байгаагаас эхлээд өөдөлж дэвжихээсээ илүү уруудан доошилж байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар оновчтой үг хэлж, гарц замыг нь зааж өгөөсэй гэсэн хүлээлт хаа сайгүй байна. Чуулганд үг хэлэх, хэлэхгүй нь Ерөнхийлөгчийн эрх гэдгээр бамбай хийж энэ намрын чуулганыг өнгөрөөж болмооргүй байна.

Одоогоос жил хагасын өмнө буюу УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг тухайн үедээ нийгэм даяар хэлэлцэгдэх сэдэв болж байлаа.

Тэрээр “…хорхойтсон баавгай шиг аашилдаг байсан нөхдүүд үүр үүрэндээ шургасан…", "Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна. Манай оронд хууль ижил тэгш хэрэгждэг болж эхэлж байна", "Төрийн байгууллагын ажилтанг хууль бус зүйлд уруу татаж, “найрах” гэж орсон хүний ажил нь бүтэхгүй буцсан тухай жишээ сонсогдож байна.

Түшмэдийн гар хүндрүүлэхгүйгээр тодорхой ажил гүйцэтгэх эрх авсан ажил хэрэгч хүний талархал хэвлэлийн хуудаснаа үзэгдэх боллоо" гэх мэт афоризм болчихмоор олон үгийг УИХ-ын чуулганы танхимын индэр дээрээс хэлж байв. Яг үүн шиг өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн, засгийн эрх баригчдад сануулга болсон "ташуур"  үг үгүйлэгдэж байна.

Учир юу гэвэл эдийн засгийг 100 хоногт сэргээнэ гэсэн амлалт бүтэлгүйтлээ. Эцэстээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлт, сайд нарын халаа сэлгээ болж хувирлаа.

Эдийн засаг сэргэх нь бүү хэл бэлэн мөнгөний эрэлд хатаж, цалингаас цалингийн хооронд зээлээр амьдралаа залгуулж байгаа эгэл жирийн ардын амьдрал хэцүүдлээ.

Төсвийн орлого хэдэн зуун тэрбумаар тасарч эдийн засгийн гол үзүүлэлтүүд саарсан хэвээр байна. Аж ахуйн нэгжүүд олноороо үүд хаалгаа барилаа. Улс өр ширэндээ баригдлаа.

Эдийн засаг "сул зогсолт" хийж үйл ажиллагаа нь царцсан үйлдвэр мэт тамирдангуй байна. Эзэнгүй айл мэт болсон энэ улс оронд өрхийн тэргүүний үүргээ гүйцэтгэж, алдсаныг залруулах, зөв замд хөтлөх эрхэм Ерөнхийлөгчийн үг хамгийн үнэ цэнэтэй байх нь тодорхой.

 Тиймдээ ч энэ намрын чуулганд ард түмэндээ, төр засагт хандаж үг хэлэх эрхээ Ерөнхийлөгчийг эдлээсэй гэж иргэд сураг ажиг тавин хүлээж байна.

                                                                                                                                                Г.Гэрэл (Эх сурвалж Gereg.mn)

 

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ