Ил захидал
 
Хуулийн байгууллагууд нь төр, түмнээ гэсэн нэг зорилготой ч бие биенээсээ үл хамаарах тус тусынхаа тогооноос хооллох ёстой байх. Би үүнийг хэн нэгэнд нь халдварт өвчин тусахад нөгөө нэгд нь халдварлуулахгүй байхаар хийсэн төрийн сайн бүтэц, сайн зохион байгуулалт гэж үздэг юм. Гэтэл Ховдын гарын хуруунд багтаж тоологдохоор цөөн ч нөлөө бүхий хэсэг бүлэг этгээдүүд хувийн өш хонзон авах, ашиг хонжоо олох гэсэн нэг л зорилготойгоор, нэг л хөөтэй хар тогоо тойрон сууцгааж бохир хошуу, бузар сарвуугаа дүрж холлодог болсоор удаж  байна. Эдний зарим нэг нь албан тушаал дэвшиж, буурч, зайлж зарим нэг нь ажлаасаа хөөгдөж эрхээ хасуулж хорогдож байдаг ч эрх биш амьтан юм болохоор үржилд орж тоо толгой нь өсч байдаг шиг байгаа юм. Тэд өөр хоорондоо нийлж, найзан дундаа найрч, гэмт хэрэгтэнд ял завшуулж гэмгүй хүнийг гүтгэж ял өгдөг байсан бол сүүлд гэмт хэргийн хохирогчыг гүтгэж ял өгч, ял тулгадаг. Иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгон Улаанбаатарт болсон асуудлыг Ховдод харьялуулан завхаруулдаг болсон.
Тээр жилийн хавар Ховдын ядарсан иргэдийн хувьд их ээлтэй сайхан хавар байсан юм. Юу гэвэл, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дээд шүүх, прокурорын дээд удирдлага шинээр томилогдсон явдал шууд бусаар нөлөөлснөөр нилээн хэдэн хүн бузруудын савраас мултарч эрх чөлөөний нарыг харж, чөлөөтэй агаар амьсгалах эрхтэй болсон. Зарим нэг нь бүр хүзүүнээсээ гогцоодуулчихсан цаазын тавцан руу чирэгдэж явах замдаа мултарч, эрх, эрх чөлөөтэйгээ золгох шиг болсон. Гэхдээ асар их хохирол амсан байж
Үүнээс 30-аад жилийн өмнө Улсын Ерөнхий Прокурорын газрын хэлтсийн дарга гэх авгай Мягмар гэгч ялтантай нэг хөнжилд орчихоод Эрдэнэтийн гайхамшиг болсон хуульчдийг энгийн иргэдийн хамт шүүхтэйгээ нийлж байгаад аймшигтайгаар гүтгэн хэлмэгдүүлсэн түүх хараахан мартагдаагүй байх.
Тэгвэл өнөөгийн хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгэм эрх зүйт төртэй ардчилсан улсад маань тэр “мама”-гийнхаа арга барилаар ажилладаг прокурор байсаар байна. Ялгагдах зүйл бараг байхгүй. Ялгаатай талаас нь яривал: Хаа очиж “мама” нь нэг л ялтантай нэг хөнжилд орчихоод бусдыг гүтгэж байсан бол одоогийн зарим нэг прокурор нь их замбараагүй зүсэн зүйлийн эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийн хөнжил дамжин явж бусдыг гүтгэдэг юм.
Хаа очиж “мама” нь өөрөө санаа, санаачилга гарган, татаж чангааж байгаад ялтан Мягмарыг хөнжилдөө оруулж авчихаад бусдыг гүтгэж байсан бол одоогийн зарим нэг прокурор нь их дуртай. Захын нэг малын хулгайч даллангуут далдагнаж очиж хөнжилд нь орчихоод ялтан төрүүлэх ажлаа хийдэг юм.
“Мама”-гийнх нь хэлмэгдүүлсэн хүмүүстэй тухайн цаг үед ойр харьцаж, бүгдийг нь их хүндэлдэг байсан. Харин тэр үед хэзээ нэгэн цагт тэдэнд оногдсон шиг гашуун хувь тавилан өөрт маань оногдоно гэж яахан зүүдлэх билээ.
Â
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-1
2002 оны 11-р сард УЕП-ын дэргэдэх МБА-ны Ховд аймгийн ЦГ-т ажиллаж байсан намайг илт хууль бусаар эрүүгийн хариуцлагад татсан.
1. Надтай уулзаж тайлбар аваагүй, сэжигтэнээр тооцоогүй, шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй мөртлөө, Үүнээс 5 сарын өмнө ялтан Доржсүрэнг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэж өөрсдөө дүгнэлт гарган зүйлчилж, эрүү үүсгэх тогтоолоо Улаанбаатар хотод урьдчилан бичиж ирсэн.
2. Миний эсрэг нэг ч хүн бичгээр болон амаар өргөдөл, гомдол огт гаргаагүй байхад аймгийн орлогч прокурор байсан Бат-Очир өөрийн санаачилгаар дан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд хөтөлж асуулт тавиад тохируулж хариулт бичих замаар 5 хоногт биш 5 сарын турш “маш нууц”-аар мөрдөн мөшгиж бүрдүүлсэн, заримынх нь орон зай, цаг нь тодорхойгүй галзуу хүний тэмдэглэл шиг материалийг нь иш үндэс болон эрүүгийн хариуцалгад татсан.
Бат-Очир гэж хэн бэ?
Цагдаагийн сургуулийг төгссөн ч ажлыг нь хийж чадахгүй мунгинаж байгаад халагдсан цагдаагийн гологдол. Ер нь Цагдаагийн гологдолууд прокурорын ажилд орохоороо шилэгдмэлээр тодордог. Аймаг хотын ерөнхий прокурор, орлогч прокурор, Ахлах прокурор, ахлах мөрдөн байцаагч гээд. Үүнийг би прокурорын үндсэн боловсон хүчний ур чадвар муудсантай холбон ойлгодог юм.
Бат-Очир цагдаад мөрдөн байцаагч байхдаа нэгэн хэрэг дээр хэрэгтэнг хохирогч болгоод хохирогчыг нь харин хэрэгтэн болгочихсон манаргаж явхад нь миний бие аймгийн орлогч прокурор байсан Эрдэнэбалсүрэнд танилцуулан, байрыг нь сольж залруулан шийдвэрлэж байсан удаатай.
Бат-Очир хулгай хийж байсан. Үүнийг би өөрөө нотлохоос гадна Хуулийн байгуулага нь шалгаад тогтоочихсон. Өөрөө хулгайч болохоо хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулчихсан. Өөр хоорондоо хуйвалдаад ял завшаад  өнгөрсөн болохоос биш.
Прокурор нь шүүхтэй нийлж байгаад иргэн Мөнхбаярыг байгаль орчноо хамгаалах зорилгоор байлдааны зэвсэг олж авсанд нь 21 жил 6 сарын ял өгч үүнийгээ багадуулчихлаа гэж тохуурхдаг.
Тэгвэл байгаль орчноо сүйтгэх зорилгоор байлдааны зэвсэг олж авсан прокурорт Эрүүгийн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага ч оногдуулахгүй хуйвалдаад өнгөрдөг. Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль иргэн Мөнхбаярт л үйлчилэхээс биш эрх мэдэлтэнд үйлчилэхгүй. Харин дээд шүүх Мөнхбаярт холбогдох хэрэг ял оногдуулсан байдлыг нь хянан хэлэлцээд, 7 жил болгосон гэсэн байх. 14 жил 6 сар хасагдаж байна. Болоо ш дээ. Ийм жишээнүүд Ховдод ч байдаг. Нэг иргэнийг гэм буруутай гэж тооцон, 10 жилийн ял оногдуулж, хорих ангид ялыг нь эдлүүлж байхад нь Дээд шүүх гэм буруугүй болохыг нь тогтоон суллаж гэрт нь хариулж байсан. Бас нэг нөхрийг гэм буруугүй гэж үзэн суллаж гэрт нь хариулсныг Улаанбаатар хотын дүүргийн Шүүх гэм буруутай болохыг нь тогтоон, 20 жилийн хорих ял оногдуулж биечилэн эдлүүлж байгаа гэх мэт.
Шүүхүүд өөр, өөр эрх мэдэлтэй ч нэг л эрүүгийн хууль хэрэглэж, нэг л байцаан шиитгэх хуулийг удирдлага болгодог. Шүүгч нарт алдах зүйл байдаг л байх. Тэд 10 сараар хүндрүүлсэн эсвэл хөнгөрүүлсэн ял өгч болох юм гэж үзэхэд арав, хорин жилээр андуурч байгааг нь юу гэж ойлгох бэ?
Намайг гүтгэсэн асуудлыг тухайн үеийн прокурорын дээд удирдлага, УЕП-ын дэргэдэх МБА-ны удирдлага засаж залруулах бүрэн бололцоотой байсан ч хүсээгүй юм.
1.            Би гэм буруугүй болохоо хөдөлшгүй баримтаар батлаж нотолж байсан.
2.            Хохирсон гэх Доржсүрэнгийн төрүүлсэн ээж нь болон бусад олон хүн Доржсүрэнгийн эгэм үүнээс 5 сарын өмнө биш 10 жилийн өмнө нэг биш хоёр удаа хугарч байсан гэж тов тодорхой гэрчилж мэдүүлэг өгч байсан.
3.            Доржсүрэн ч хожим тодорхой шалтгаанаар гүтгэсэнээ хүлээж, үүнийгээ шорон дотроос удаа дараа бичгээр илэрхийлж байсан. Эдгээр хэргийг хавсаргасан ч намайг цагаатгах үндэслэн гэж үзээгүй юм.
4.            Ялтан Д.Доржсүрэн надад зодуулснаас эгэм нь хугарсан гэх үед цагдан хорих байранд иргэдийн олон тооны мал хулгайлсан хэрэгт цагдан хоригдож байсан. Түүнээс хойш нэг ч өдөр суллагдаж гараагүй. Мөн ямар нэг өвчин, зовиурын учир нэг ч удаа эмнэлэг, эмчид хандаагүй байдаг юм. Яс нь хугарсан, тэр тусмаа 2 дахь жилдээ хоригдож байсан хүн эмчид хандаагүйгээр тэсвэрлэж чадахгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байсан. Холбогдох бичиг баримтыг хэрэгт хавсаргасан мөртлөө прокурорын Мөрдөн байцаах алба үүнийг санаатайгаар ойлгоогүй юм.
Д.Доржсүрэн гэж хэн бэ?
Удаа дараагийн үйлдлээр иргэдийн олон тооны бод мал хулгайлсан ч ганц ч өнчин ишиг төлж байгаагүй, ба ар талтай хулгайч. Удаа дараа хулгай хийх бололцоог нь тэр үеийн прокурорууд олгож байсан. Цагдаа хэргийг нь шалгаад прокурорт шилжүүлдэг. Прокурор ёс юм шиг даалтанд гаргадаг. Д.Доржсүрэн ёс юм шиг оргож, дахин хулгайгаа хийдэг. Цагдаа асар их зардал, чирэгдэл болж байж нэг нэг юм барьж ирээд, хэргийг нь бүрдүүлж, прокурорт шилжүүлдэг. Тэд даалтанд гаргадаг. Оргодог дахиад гэмт хэрэг үйлддэг. Ийм байдлаар зориуд олон жил сунжруулсан хэрэг. Хамгийн сүүлд хамт хоригдож байсан хүмүүсээ зодож, бэлэг эрхтнийг нь галаар түлж хуйхалж, тамхиныхаа галыг тэр хүмүүсийн хамрын үзүүр, хоёр хөх, хацар, цавин дээр нь дарж унтраах зэргээр бусдыг тарчлаан зовоож, танхайрсан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд өгөхөд нь ял нэмэх биш бүр урьд нь оноосон байсан ялынхаа хугацааг хасан хөнгөрүүлж өгч байгаа юм.
Шүүх, прокурорынхан намайг гүтгэх ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн хэрэг л дээ. Би хүлээсэн үүүргийнхээ дагуу дээрх аймшигтай үйлдлийг тухайн цаг үед нь мэдэж, таслан зогсоогоогүй байсан бол Д.Доржсүрэн хүний аминд хүрэх л байсан. прокурорын Мөрдөн Байцаах Албаны муухай үйл ажиллагаанд дургүйцэж “Шударга бай л даа” гээд хэлчихсэн чинь Дүгэрээ гэгч мөрдөн байцаагч зуултаа улам чангатгаж, “зүй бус авирласан” гэсэн ЭБШХ-нд байхгүй зүйл заалтаар 14 хоног шоронд суулгасан. Үнэхээр зүй бус авирласан юм бол эрүүгийн хариуцлага, захиргааны хариуцлага оногдуулмаар юм.
Дүгэрээ гэж хэн бэ?
Баян –Өлгий аймгийн Шүүхэд ажиллаж байгаад дутагдлаар хөөгдсөн ч прокурорын Мөрдөн Байцаах Албанд мөрдөн байцаагчаар тодорсон нөхөр. Прокурорт ч нэг их удаагүй хулгай, луйврын хэргээр ч гэлүү ажлаасаа хөөгдчихсэн гэсэн. Хэдэн жилийн өмнө Баян Өлгий аймгийн зах дээр хятадын хортой спиртийг ходоодондоо шингээн устгаж, түмэн олноо хордож үхэх аюулаас аврах “Буянтай” ажил хийж байна гэж сонсогдож байснаа сураг алдарсан. Өөрөө хордоод үхчихсэн ч байж магадгүй. Дүгэрээгийн миний нэр дээр бичсэн хууль бус цагдан хорих тогтоолыг нь Шүүгч Бямбасүрэн батламжилсан байдаг юм.
Бямбасүрэн гэж хэн бэ?
Цагтаа прокурор Бат-Очир болон өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт хавтаст хэрэгт байсан хээлтэй гэдэг үгүүдийн сүүлчийн “тэй” дагаварыг “гүй” болгон засварлаж тухайн үеийн онц хүнд хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, ял завшуулах гэсэн гэмт үйлдэл нь илэрч Эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан ч мөрдөн байцаах эрх давхар эдэлдэг байсан миний бие шалгаж байсан юм. Хожим нь энэ хэргийг эрх мэдэлтнүүд ЭБШХ-ийн зүйл заалтаар биш нэгэн албан тушаалтны “Бямбасүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болго” гэсэн албан тоотын дагуу хаасан.
Намайг анх шалгаж байсан мөрдөн байцаагч Дүгэрээ ажлаасаа хөөгдсөний дараа түүний залгамж халааг Эрдэнбат гэгч авч үргэлжлүүлсэн. Эрдэнбат надад 2 зүйл ангиар 12 жил хорих ял сонсгон, яллагдагчаар татсан. Энэ ял нь Бат-Очир тэр хоёрт чамлалттай санагдсан юм байх. Дахиж хүний ой ухаанд оромгүй олон төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Тухайлбал: Нэг малын хулгайчийн ботинкийг булааж, дээрэмдэж авсан байна гэж шалгасан. Би “Жирийн нэг цагдаагийн тарчигхан амьдралаар амьдардаг ч гэсэн нэг муу малын хулгайчийн шивэртэй ботинк булааж, дээрэмдэж авах дээрээ тулаагүй ” гэж нотолж баталсанаар нэг юм мултарсан. Бас нэг орон байрны хулгайчийн цээж рүү нь өшиглөснөөс өвчүү нь ар нуруундаа наалдчихсан 3-дахь жилдээ хэвтэрт тарчилан зовж байгаа юм байна гэж шалгасан. Би “Резинээр бүтээгдсэн хөндий цээж л биш юм бол хүний өвчүүг ар нуруунд нь наалдтал өшиглөдөг хүчтэн хорвоод байхгүй байлгүй” гэж мэдүүлж байсан. хожим нэг Мэс заслын эмч “Уг хүн суурь өвчтөй. Өвчүү нь байх ёстой байрандаа байна” гэж тодорхойлсноор сая нэг юм мултарсан. Хэрэв тэдний тулгасан хэрэг болгон нь үнэн болж тогтоогдсон бол би цаазаар авхуулдаггүй юмаа гэхэд өдийд бүх насаараа гяндандуулчихсан сууж байх байсан.
Мөн энэ үеэр прокурорын мөрдөн байцаагч Одгэрэл гэсэн байх нэг нөхөр Ховдын Уртын нуруунд гутлынх нь хоншоор эргэчихсэн тэмтчиж явсан байгаа юм. Тэр хаанаас юугаа ч олж сонссон юм нэг малчинтай уулзсан. “Тэр нөхөр үүнээс 5 жилийн өмнө эндээс 2 аргаль агнасан гэсэн энэ талаар мэдэх зүйл байвал хэлж өгөөч” гэж. Энэ нь прокурор Бат-Очирын “ Маш нууц”-аар материал цуглуулсантай адил үйлдэл л дээ. Уг нь хэн нэгэн дурын этгээд ийм байдлаар тэмтчихийг хуулиар хориглодог. Бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалт ч байдаг. Нэг их хэрэглэгдээд байдаггүй Эрүүгийн хуулийн энэ зүйл заалтыг хаа очиж прокурорын МБА хэдэн жилийн өмнө 4 хүн дээр (нэгийг нь хэлмэгдүүлснийг эс тооцвол) амжилттай туршин хэрэглэж Шүүхийн хаалга татуулж байсан. Тэд прокурор угшилтай нэг нөхрийн зүрх нь хаашаа цохилж байгааг мэдэх зорилгоор чагнуураар чагнасан нь буруу байсан юм байх. Гэтэл сүүлийн үед эд өөрсдөө их сонин юм ярьдаг боллоо. Онц хүнд өвчтөнөөс бусдыг нь заавал эмнэлэгт хэвтүүлэн оношыг нь тогтоох шаардлага огт байхгүй. Ердөө бүгдийг нь гадуур байлгаад л чагнуураар чагнаж өвчтэй, өвчингүйг нь тогтоочих хэрэгтэй гэж. Болдог л юм байх даа. Хэн нэгнийх нь өвчин нь даамжирч хүндэрч эсвэл халдвартай байгаад хүрээгээ тэлэх юм биш байгаа. Гарч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж чадах юм уу. Америкийн детектив киноны хэсгээс ярих ч амархан л даа.
Дээрхи дөрвөн хүнийг эрүүгийн хуулийн 5 зүйл ангиар (хууль бусаар 1 зүйл анги нэмж зүүж өгсөнийг эс тооцвол) зүйлчилснээс нэг нь “Төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулах” гэсэн зүйл анги гэж байгаа. Тэгвэл Улаанбаатар хотоос Ховдод тэнүүлчилэн ирж тэмтчиж байгаад буцсан мөрдөн байцаагчид нь халаасныхаа мөнгөөр лав яваагүй байх.
Мөрдөн байцаагч Эрдэнэбат гэж хэн бэ?
Оросын Волгоградад Мөрдөн байцаахын Дээд сургуулийг төгссөн юм байна. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт томилогдсон ч ажлыг нь хийж чадаагүй. Мунгинаж байгаад халагдсан. Цагдаагийн гологдол. Прокурорт бол шилэгдмэл нь прокурорын ахлах мөрдөн байцаагч Эрдэнбат Ховдод ажиллаж байх хугацаандаа зочид буудалд арихдан согтуурч, улмаар хугархай хөлтэй , 2 суга таягтай ядарсан эрд эр бяраа гарган танхайрсаны учир эрүүлжүүлэхэд хоноод өглөө нь торны цаана өрөвдөлтэй амьтан баргар царайлан бүлтэгнээд зогсож байхад нь би гарган авч шарыг нь тайлан, тал зассан ч хүний сайхан сэтгэлийг ойлгодоггүй хөлдүү толгой байсан л даа. Мань эр өвлийн идэр ес тачигнаж байхад шөнө дунд мөн л зочид буудлын гадна шал согтуу дотуур хувцастайгаа хөл нүцгэн хөлдөж үхэх гэж байхад нь надтай хамт ажилладаг байсан найз маань таарч, дулаан газар бараадуулан, амийг нь аварч байсан ийм л хүн. Мөрдөн байцаагч Дүгэрээ намайг хууль бусаар 14 хоног цагдан хорьж, 4 сарын турш албан тушаалын эрхийг минь түдгэлзүүлж чадсан бол Эрдэнэбат ямар ч үндэслэлгүйгээр бүтэн жилийн турш, зориуд мөрдөн байцаалтанд байлгасан. Эцэст нь 2 хавтастай, 1000 гаран хуудастай гүтгэж бүрдүүлсэн хавтаст хэргээ прокурорт шилжүүлсэн. Прокурор нь шүүх рүү шилжүүлсэн. Хэрэг Шүүх рүү шилжих явцад хорих камерт байсан намайг буруугүй болохыг нотолсон гэрчүүдийн мэдүүлэг дотроос 7-н хуудас материал алга болчихдог юм. Үүнийг мөрдөн байцаагч Эрдэнбат хуудас алгасч дугаарласан гэж цэвэрхэн тайлбарладаг. Энэ нь социализмийн үеийн нэгэн зураачийн бүтээл дээр бичсэн байдаг “Капитализмийг алгасч”... гэсэн тайлбартай утга нэг. Алдарт зураач маань тухайн үеийн нийгмийн захиалгаар төрийн далбаа мандуулсан морьтон эрийг хараас шарыг алгасан улаан өнгө рүү харайлган орж байгаагаар зөгнөн дүрсэлсэн бол адгийн мөрдөн байцаагч Эрдэнбат хамсаатнуудынхаа захиалгаар гартаа юу ч үгүй явган намайг цагаанаас хар руу алхуулж оруулахаар санаархан сараачсан юм. Ингээд Шүүх хурал болохоос нэг хоногийн өмнө би Ховдын шүүхээс татгалзах хүсэлт гаргасан.
1.            Анх намайг эрүүгийн хариуцлагад татаж байх үед аймгийн “шүүхийн эзэн” Тайванхүү шүүгч нартаа “Тэр нөхрийн хэрэг ирэхээр анхан шатны Шүүх заавал 1 жилийн хорих ял өг. Давах шатанд нь тэнсэн” болгоод ажлаас нь хусуулах хэрэгтэй гэж үүрэгдээд цаадуул нь “За тэгье” гэж дэвхцэж байсан тухай баттай эх сурвалжаас сонсож байсан юм.
2.            Намайг шүүх, шүүгчдийн бүрэлдэхүүнийг гайхалтай сонгосон байдаг. Даргалагчаар нь Туяа гэгч бүсгүйг томилсон. Туяа шүүгчийн нөхрийг олон жилийн өмнө миний бие, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй удсан хүн аминий хэрэгт зарим нэг мэдээ, мэдээллийг үндэслэн 14 хоног Цагдан хорьж гэм буруугүй болох нь тогтоогдсон тул уучлал гуйж суллаж байсан. Муйхарлаж хэлмэгдүүлээгүй Туяа шүүгч үүнд эмзэглэж явдаг байсан. Бүрэлдэхүүнд нь шүүгч Бямбасүрэнг оруулж байгаа юм. Бямбасүрэн хэн болохыг дээр товч дурьдсан. Надад таагүй ханддаг 2 шүүгчийн гараар оруулж Шүүх, шүүгчийн сүр хүчийг үзүүлэх, хувийн өш хонзон авахуулах, гүтгэх ажиллагааг амжилттай төгсгөх гэсэн алсын хараатай, мундаг томилгоо байсан. Гэхдээ тэд шүүхийн харъяалал өөрчлөгдөж болохыг урьдчилан тооцоогүйдээ алдсан юм. Тэгээгүй байсан бол намайг зүйл дуусгах л байсан.
Миний Ховдын шүүхээс татгалзсан хүсэлтийг тухайн үеийн Дээд шүүх үндэслэлтэй гэж үзэн Увс аймгийн шүүхээр шийдвэрлүүлэх харъяалал тогтоож өгсөн. Эцэст нь Увс аймг дахь төрийн Шүүхийн Ерөнхий шүүгч Ёндон өөрөө даргалсан шүүх хурал 2003.09.29-ний өдөр болж надад холбогдох асуудлыг эцэслэн хэлэлцэж, холбогдолгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Увс аймгийн шүүхийн энэ шийдвэрийг яагаад ч юм Дээд шүүх татаж хянаад хэвээр баталснаар асуудалд цэг тавигдсан.
Намайг гүтгэх ажиллагаанд энгийн тооцоогоор 10 сая орчим төгрөг зарцуулсан. Энэ 10 сая төгрөг лав хэн нэгний халааснаас гараагүй. Төсвийн мөнгө Татвар төлөгчдийн мөнгө Татвар төлөгчид гэмт хэрэгтэй тэмц гэж прокурорын Мөрдөн байцаах албанд 10 сая төгрөг өгсөн болохоос биш хэн нэгнийг гүтгэхэд зарцуул гэж өгөөгүй байх. Татвар төлөгчдийн нэг нь би өөрөө юм. Би өөрийгөө гүтгүүлэх гэж татвар төлөөгүй.
Хэдийгэр ажил төрлийн хувьд сайн сайхнаараа дуудуулдаг байсан ч мөрдөн мөшгилт хэрээс хэтэрч байсан учир ажлаасаа гарч, амар тайван амьдрахыг хүссэн.
2004.05.31 ний өдөр ээлжийн амралтаа авч, улмаар залгуулж, Цагдаагийн байгуулагад 27 жил ажилласны хувьд тэтгэвэрт гарах өргөдөлөө өгсөн. Гэтэл тэдний саврааас тийм ч амар мултрахгүй юм байж. Шоронд явуулж чадаагүйдээ хорссон тэд цагаандаа гарсан.
Â
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-2
Прокурорын МБА нь өөрсдийнхөө шалгах харъялалаас гарчихна гэж сандарсан юм уу 2004.06.01-нд эрүүгийн хариуцлагад татсан. Бүүр хахууль авсан болгож байгаа юм. Хоёр малын хулгайчын хэргийг мөрдөн байцаалтанд шилжүүлэх гэхэд бид хоёр 7 хоногийн өмнө хулгайн хэргийн учир шүүхээс “тэнсэн” авсан. Одоо очихоор хорих ял өгнө. Аргалаач гээд 200,0 мянган төгрөг гарган, ширээн дээр тавихаар нь хураан авч, Цагдаагийн газрын даргын нэр дээр дэлгэрэнгүй илтгэх хуудас бичиж танилцуулсан. Цагдаагийн газрын дарга илтгэх хуудасны буланд миний санал болгосны дагуу Мөрдөн байцаах тасгийн даргад “ саналын дагуу хулгайн хэрэгтэй нь хахууль итгэхийг завдсан хэргийг хамтатган эрүү үүсгэж шалгъяа” гэсэн цохолт хийж, нөгөө буланд нь МБТ-ийн дарга мөрдөн байцаагч Алтанбадрал гэгчид хандан ижил утгатай цохолт хийсэн. Ингээд хоёр хулгайчид эрүүгийн зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, сар гаруй болж байтал намайг хахууль авсан болгож байгаа юм.
1.            Би гэмт үйлдэл дээрээ баригдаагүй
2.            Би хэн нэгэн “Галдаатан” дээр хэргээ илчилж очоогүй.
3.            Хэн нэг “Галдаатан” намайг гэмт хэрэг үйлдсэн болохыг нөхөн илрүүлээгүй.
4.            Би хууль бус үйлдэл, хийгээгүй хэргийг зохих журмын дагуу мөрдөн байцаалтанд шилжүүлсэн. Нэг ч төгрөг хувьдаа завшаагүй.
              Нэг хулгайчын аавынх нь өгсөн “Мерейхан шударга хүн болж, нэр төр олох гэж хүүгээр минь зориуд мөнгө авахуулаад улмаар хахууль өгөх гэсэн” гээд бариад өгчихсөн гэсэн өргөдлийг иш үндэс болгон намайг эрүүгийн хариуцлагад татсан.
Харин миний шилжүүлсэн мөнгийг мөрдөн байцаагч байсан. Алтанбадралт хувьдаа завшин (прокурортой хувааж идсэн гэж үздэг) асуудал гарч ирэхээр буцаан, мөнгөний дэвсгэртийг сольж хийснийг намайг сольсон болгон гүтгэж байгаа юм. Тэд прокурорт 3 удаа хэрэг шилжүүлэхдээ сүүлчийн 2 удаад нь хураагдсан 200.000 төгрөгийг огт хавсаргаагүй байдаг. Бүр хахууль өгөх гэсэн хэргийг нь цэвэрлэн, зөвхөн хулгай хийснээр л зүйлчилсэн байсан. Эндээс хэн хууль бус үйлдэл хийснийг харж болох байх. Хожим энэ хэргийг хулгай хийсэн оныг нь 1 жилээр урагшлуулж хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болгосон. Намайг гүтгэх ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, хулгайч найз нартаа хариу барьж байгаа хэрэг. Бид “мал дагавал ам тосдоно” гэж ярьдаг бол эд “малын хулгайч дагавал ам тосдоно” гэж үздэг юм.
Б.Алтанбадралт гэж хэн бэ?
Уг нь 5-р ангиасаа сурлагаар хасагдсан гэдэг юм. Гэтэл 10 жилийн дараа ЦДС-ийн дэргэдэх эрх зүйн төлбөртөй анги төгссөн гоц ухаантан. Цагдаагийн гологдол энэ нөхөр удаа дараа бусдын халаас ухаж байсан халаасны хулгайч. Эхлээд МБТ-ийн даргатайгаа нийлж иргэн Ц-г хулгай хийсэн болгон гүтгэж, тогтоож чадалгүй 24 цаг хорьж шүүх шоронгоор айлгаж байгаад 30,000 төгрөг авч байсан бол хяналтын прокурор Гантулгатай нийлж, иргэн М-ийг хулгай хийсэн болгон гүтгэж, шоронд явуулна гэж дарамтлан хоёр удаагийн үйлдлээр 350.000 төг авч байсан. Цаад хүн нь мөнгийг хий орон зайнаас илбэдэж гаргахгүй. Өврөөсөө түрийвчнээсээ халааснаасаа гаргаж өгнө. Энэ утгаар нь халаасны хулгайч гээд байгаа юм. Ер нь арга сэдэлтийн хувьд халаасны хулгайчаас ялгараад байх зүйл огт байхгүй. Яг адилхан ижилхэн нэг тэрэгний хоёр дугуй хэрэв цаад  хүмүүс нь мөнгө өгөөгүй байсан бол наад хоёр нь хэлсэндээ хүрч нөхцөлд шоронгийн хаалга татуулна.
Алтанбадралт, Гантулга хоёр хулгайч болохыг би өөрөө нотлохоос гадна прокурорын “алдарт мөрдөн байцаагч” Эрдэнбат Эрүү үүсгэн шалгаад учруулсан хохирлыг нь хагас дутуу төлүүлсэн “миний хоёр найз дахин хулгай хийгээд баригдаж болохгүй шүү” гэж нөхөрсөгөөр зөвлөөд, хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Хожим нь халаасны хулгайч Гантулга ахлах прокурор болж дэвшсэн бол Алтанбадралтыг Ардын нам аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллуулсан.
Ингээд намайг авилгачин гэж үзээд шүүх болсон. Тайванхүү ялын төрөл хэмжээг мөн л урьдчилан тогтоож өгснийг сонсож байсан. Намайг шүүлгэхээр өнөөх Туяа, Бямбасүрэн хоёроос гадна Бадрахгэрэл гэдэг шинэ шүүгчийг томилж байгаа юм. Туяа тэр үед Булган сум дундын 2-р Шүүхийн Ерөнхий шүүгчээр дэвшин ажиллаж байсан. Бодвол миний бодийг хөтлүүлэх гэж зориуд дуудаж ирүүлсэн юм байх. Би тухайн Шүүхээс татгалзаж байсан өмнөх үндэслэлээ дахин гаргаж болох байсан ч тэр үед нэгэнт тэтгэвэрт гарчихсан байсан болохоор гэм буруугүй хүнд яаж ял өгөхийг нь харах гээд татгазаагүй юм. Гэтэл янзыг нь үзэх гэсэн биш янзлуулах шахсан. Гурван шүүгч, 2 хулгайч, 1 прокурор, 1 өмгөөлөгч, 2 иргэдийн төлөөлөгч нар нийлээд нэг тал болж би гонь ганцаараа эсрэг тал нь болж байгаа юм. Өөрөө өөрийгөө өмгөөлөн, гэм буруугүй болохоо баталж нотолж зарим нэг хүмүүстэй нүүрэлдүүлэх, шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Хаалттай шүүх хурал хийсэн.
Хамгийн сүүлд дүүжлүүр доор зогсож байгаа алуурчинд хандаж байгаа аятай “Сүүлчийн үгээ хэл” гэсэн. Би намайг гэм буруутай гэж үзэж байгаа юм бол ахиухан жилтэй ял өгөөрөй. Хоёрын хооронд ял шиг юм хэрэггүй шүү гэсэн. Ингээд 2 хулгайч болон надад тус бүр нэг жилийн хорих ял өгч Цагдан хорьсон. Хоригдоод 5 хонож байтал шүүгч Бямбасүрэн ирж уулзан “Тайванхүүгийн хатгаасаар их муухай юм хийлээ, Чамд заавал хорих ял өгөөрөй гээд дарамтлаад байсан. Өөрөө учраа олно биз” гээд даалтанд гаргасан.
Тэр цааш нь ярихдаа шүүх хуралдааны завсарлагаанаар зөвлөлдөх тасалгаанд Сум дундын ерөнхий шүүгч орж ирчихээд даргын хэлсэнээр заавал 1 жилийн хорих ял өгнө шүү. Өөр шийдвэр гаргаж новширвоо гээд Туяа бид хоёрыг дарамтлаад Бадрахгэрэлд “Чи муу амаа хамхиж аятайхан яваарай” гээд загнаж байсан гэсэн. Бямбасүрэнд хүн чанарын өчүүхэн ч гэсэн хэлтэрхий байсанд баярладаг. Одоо Бямбасүрэн дээрхи яриагаа нотлох эсэхийг мэдэхгүй юм. Хорих ял өгч цагдан хорьсон хүнээ дундаас нь өөрсдийнхөө санаачлагаар даалтанд гаргасан явдалд нь дүгнэлт хийж болох байх.
Хүний гэм бурууг тогтоогоогүй байж нэг нь ялын төрөл, хэмжээг урьдчилан тогтоож нөгөө нь ягштал хэрэгжүүлдэг шүүхийг хараат бус төрийн шүүх гэх үү. “Тайванхүүгийн хувийн шүүх” гэх үү. Зөвлөлдөх тасалгаанд дарамталах бүү хэл хэн нэгэн мэндчилэх гэж орж болох уу. Эсрэг тал нь өмгөөлөгчтэй байхад нөгөө тал нь хүсэхгүй байсан ч өмгөөллөөр хангах үүрэг шүүхэд баймаар юм.
Шүүх хурал дээр нэг их юм тогтоож ярьж чадахааргүй 2 хулгайч цаадуулынхаа цээжлүүлсэн уран мэдүүлэгийг шүлэг уншиж байгаа юм шиг дуржигнуулсан. Тэдний мэдүүлгээр бол нэг хулгайч надад хахууль өгөх санаа гаргахаар нь эхнэр нь дэмжин, зах дээр наймаа хийдэг нэг найздаа учраа хэлж гуйгаад, 150.0 мянган төгрөг зээлдэж авч надад өгдөг юм байна. Би дахиад 50.0 төг нэмж өг гэж шаардсан юм байх. Тэгэхээр нөгөө хулгайчын эхнэр нь дахиж найздаа очиж нэмж мөнгө зээлж аваад нөхөртөө өгсөн. Нөхөр нь надад өгсөн би хахууль аваад, Тэд хахууль өгсөн юм бол энэ хэрэгт хулгайчийн эхнэр нь хүртэл холбогдмоор юм. Гэхдээ энэ нь шүүх бүрэлдэхүүн, тэдний хамсаатнуудад огт хамаагүй. Намайг шоронд оруулах нь чухал байсан. дээрх шүүх хурлыг хууль ёсны шүүх хурал гэж үзэх үү.
Байдал ийм болсон учир Давах шатны шүүхийн харъяаллыг нь өөрчлөн хянуулж өгөх хүсэлт гаргасан чинь шүүхийн эзэн Тайванхүү цээжээ дэлдэн “Дээд шүүхийг би мэддэг юм. Заавал энд хянан шийдвэрлэх болно” гээд хүсэлтийг минь хүлээж аваагүй. Би ч хорих анги руу ачихыг нь хүлээгээд дахиж очоогүй. Тэд ч таг чиг болсон. Тайванхүү намайг том харж үзэн, ял завшуулж байгаа юм байнаа гэсэн чинь үгүй байж. Тэд намайг өмгөөллөөр хангах бүү хэл өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг минь хасаж, намайг оролцуулахгүйгээр эчнээ Шүүх хурал хийж хамсаатнуудтайгаа зөвлөлдөж байгаад тэнсэн өгч, улмаар үүнийгээ Дээд шүүхээр баталгаажуулчихсан байсныг 10 жилийн дараа сая олж мэдлээ.
Тайванхүү үнэхээр Дээд шүүхийг мэддэг юм байна. Ахиухан жилтэй ял хүссэн хүнд өчүүхэн төдий ял өгч болдог юм уу. Би Тайванхүү болон тухайн үеийн түүний 4-5 тооны хар нөмрөгтэй хөгшин хүүхэлдэйнүүдийнх нь өмнө нь өршөөл гуйж лав очоогүй. Өршөөл гуйгаагүй хүнийг өршөөж болох уу? Хахууль өгөөгүй хүнийг харж үзэж болох уу?. Нэг л учир байгаа байх.
Өөрийн эгнээнд байгаа ганц нэг бузруудын нүүрний арьсыг нь хамгаалах гэж нэг муу ядарсан иргэнээ золигт гаргасан тэр үеийн Дээд шүүхийн шийдвэрт харамсдаг. Гэхдээ эд хавтаст хэрэгт засвар оруулан хянуулчихсан юм биш байгаа гэсэн эргэлзээ ч төрдөг юм. Эд хавтаст хэргийг оролцогч нарт танилцуулсаны дараа янз бүрийн засвар хийдэг. Үндсэн баримтыг нь авч хаядаг. Хуурамч баримт нэмж хийдэг. Мэдүүлэг зохион бичдэг. Үүнийг би нотлохоос гадна цагтаа хуулийн дээд байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг миний мэдээллийн дагуу  шалгаад үнэн болохыг нь хүлээн зөвшөөрчихсөн зүйл. Гэмт хэрэгтнүүдэд Эрүүгийн хариуцлага бүү хэл захиргааны хариуцлага ч оногдуулахгүйгээр хуйвалдаад өнгөрсөн болохоос биш. Нэгэнт өөрсдийнхөө хүсэл зорилгод тохируулан бүрдүүлсэн хавтаст хэргийг дээд шүүхийн Эрүүгийн танхим бүү хэл нийт шүүгч нарын хурлаар оруулаад ч ноцтой зүйл олж харах боломжгүй. Хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэгдсэн дур зураг л харагдана.
ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-3
2006 оны 7-р сард Цагдаагийн офицер Мөнхжиг хувийн өш хонзон хөөж (шудрага бай гэж шаарддаг байсанд минь) архи уусныг минь далимдуулан газ, чулуугаар зэвсэглэн зодож гэмтэл учруулсан. Цусан далайд хутгалдан ухаангүй хэвтэж байхад минь хүмүүс таарч амийг минь аварсан байсан. Эмч нар миний хамар 3 хэсэг газраар хугаран муруйж, тохой мултарсныг засаж эмчилж өгсөн. Үүнээс нэг сарын дараа байх прокурорын мөрдөн байцаагч Эрдэнэбат таарч өргөдөл бичээд өгчих гээд байхаар нь бичээд өгсөн. Шинжээч томилохоор нь очиж үзүүлэхэд “Хүндэвтэр” гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. “Алдарт мөрдөн байцаагч” Эрдэнбат Мөнхжигт эрүү үүсгэн дөвчигнөж байснаа үнэн дүр төрхөө харуулсан. Тэр шүүх эмчийн “хүндэвтэр” гэсэн дүгнэлтийг Улаанбаатар хот руу авч яваад, “Хөнгөн” гэмтэл болгон бичүүлж ирсэн. Ингээд гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр олон нийтийн газар зэвсэг барин танхайрсан хэргийг аргагүй хамгаалалт хийсэн болгон хэрэгсэхгүй болгож, эргээд намайг зориуд худал мэдүүлэг өгсөн болгож, эрүүгийн хариуцлагад татан, сарын турш эрх чөлөөг минь хязгаарлаж байснаа бөөлжилсөн бөөлжисөө буцаан долоож, хэрэгсэхгүй болгосон. Эрдэнбат гуйж өргөдөл бичүүлж авсан гол зорилго нь Мөнхжигийг шоронгоор айлгаж байгаад ашиг хонжоо олох гэсэн шиг байгаа юм. Ямар ч байсан Эрдэнэбат Мөнхжигт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоод Улаанбаатарт очингуут хүсэлтээ гарган, ажлаасаа халагдсан. Бодвол овоо юм авсан байх.
Мөнхжиг гэж хэн бэ?
Нэрээ зөв бичиж чадахгүй мөртлөө Хувийн дээд сургуулиас “Хуульч” гэсэн дээд боловсролын диплом худалдаж аваад замын цагдаагаас офицер болон дэвшсэн. Ингээд хэдэн сар л болсон байх. Прокурор өмгөөлөгчтэй нийлж, 56 тооны бөхөн хулгайгаар агнасан Эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс их хэмжээний хахууль авсан хэргээр шүүхээр шийтгүүлж, Цагдаагаас хөөгдчихсөн.
Одоо алдарт авилгачин маань Ардын армид армийн албаны даргаар ажилладаг юм. Мөнхжиг хэн бэ гэж Ховдын захын нэг иргэнээс асуугаарай. Намайг ч гэсэн асуугарай. Би өөрийгөө өндөг шиг өөгүй, цэвэр ариун амьтан гэж хэлэхгүй. Надад дутагдал бий. Би энд дутагдлаа тоочоод яахав. Харин хэн ч намайг худалч, хулгайч, авилгачин, луйварчин байсан гэж хэлэхгүй. Цагдаагийн гологдол байсан гэж бүр ч хэлэхгүй. Үүнийг би баттай хэлж чадна.
1.            Хэрэв Ховдын шүүх эмч миний талд үйлчилж “Хөнгөн ” гэмтэлийг зориуд “Хүндэвтэр” гэмтэл болгон хуурамчаар дүгнэлт гаргасан бол Эрүүгийн хариуцлагад татагдмаар юм.
2.            Би тухайн үед тэтгэвэрт гараад хоёр жил болчихсон, Өөрөөр хэлбэл цагдаа биш энгийн хүн байсан. Энгийн хүнийг эрүүгийн хариуцлагад татах эрх (харъяалал) УЕП-ын дэргэдэх МБА-нд олгогдоогүй шиг санагдана. Галдаагийн албатууд хуулийг ингэж л завхруулж байсан.
Би тухайн үед “хүндэвтэр” ч биш “хүнд” гэмтэл авсан юм байна лээ. Хожим гэнэт ухаан алдан унаж, тэнцвэргүйтэн, явж чадахаа больж, “Тархины хүнд гэмтэл” гэсэн оноштойгоор аймгийнхаа эмнэлгт 2 удаа хэвтэн эмчлүүлж, улмаар эмч нарын зөвлөснөөр УБ хот явж 3-р эмнэлэгт үзүүлэхэд амь насанд аюултай тархины хүнд гэмтэл гэсэн онош тавьсан. Эмчлэх ямар ч боломжгүй гээд ТТАХ-ын эмнэлэгт 10 хоног гэмтэл даамжруулахгуй байх эмчилгээ хийж байгаад буцаасан.
Одоо прокурорын зарим удирдлагууд өөрсдийнхөө Мөрдөн байцаах албыг татан буулгасанд гүнээ гашуудан, ярилцлага өгдөг боллоо. “Хуулийн байгуулагуудын шинэчлэл гэхээсээ илүү эрх мэдлийн булаацалдаан явагдаад байна уу”, “Прокурорын хүчин чадлыг сулруулах гэсэн хүчин байдаг юм биш биз”, “Бүтээн байгуулах хэцүү. Нураах бол амархан” гээд. Мөрдөн байцаах алба байгуулагдсан нь Эрдэнэтийн дайны том бүтээн байгуулалт байгаад, түүнийг хэн нэгэн этгээд бульдозроор түрээд нураачихсан аятай юм сонинд бичээд байгаа юм.
Дуулиант хэргийн эздийн гайхамшигтай өмгөөлөгч нар болох УИХ-ын гишүүн нь хүртэл уг албыг татан буулгаснаар Цагдаа, АТГ хоёр алийгаа алдаж байгаа юм шиг ярилцлага өгч байх юм.
УЕП-ын дэргэдэх МБА нь эрх мэдэл нь бусад албадтай давхцчихсан, “эсгий хийх газар нохой хэрэггүй” гэдэгтэй адил алба байсан. Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий байгуулага нь өөртөө МБА-тай байх нь хэлмэгдүүлэлт л бий болгодог. Цагдаа, АТГ прокурорын МБА-ны эрх мэдлийг авч өгөөч гэж УИХ-д хүсэлт лав гаргаагүй байх. Прокурорын МБА-ны эрх мэдэл өөрсдөд нь ирлээ гэж дэвхэцэж баярлаагүй байх. Ажил дээр ажил нэмэгдлээ гэж төвөгшөөсөн байлгүй. Харин эрх мэдэлд хэн нь дурлаад булаалцалдаад байна. Хууль тогтоогчид Үндсэн хууль зөрчсөн өмнөх алдаагаа давтан прокурорт мөрдөн байцаах эрх олговол маргааш нь зарим нөхөд өөрийнхөө дэргэд тусгай шүүх, Тагнуулын газартай байх санал тавьж мэдэх л байх. Сүүлийн үед өөрсдөөс нь бусдыг найдваргүй, шудрага бус гэж ойлгуулах гээд байна л даа. Цагдаа болон АТГ-ын албан хаагчид гэмт хэрэг үйлдчихээд бие биентэйгээ хуйвалддаг гэх юм. Үгүйсгэхийн арга байхгүй. Гэхдээ тэд бие биентэйгээ хуйвалдаад байвал түүнд удирдлага нь буруутай гэхээсээ илүү хууль хэрэгжүүлэх ажиллагаанд нь хяналт тавьж чадахгүй байгаа прокурор өөрөө буруутай. Мэдлэг, ур чадвар нь хүрэхгүй байна. Аягүй бол тэдэнтэй өөрсдөө нийлж хуйвалдаад иргэдийг гомдоож байгаа. Тэд бие биентэйгээ хуйвалдаад байвал хуйвалдаж байгаа нөхрийг прокурор өөртөө дуудан илрүүлж ийм хууль бус үйлдэлээ зогсоо, ийм ийм хууль ёсны үйлдэл хий гэж хугацаатай даалгавар бичиж өгч хугцаанд нь биелэлтийг нь хангуулах эрхтэй. Даалгаварыг нь хугацаанд нь биелүүлэхгүй бол удирдлагад нь мэдэгдэл өгөн ямар ч байдлаар хариуцлага тооцуулах эрхтэй. Тэд бие биеэнтэйгээ хуйвалдаад байвал прокурор хуйвалдаж байгаа этгээдийг болиулж хуйвалддаггүй хүн томилуулах эрхтэй. Шалгах харъяллыг нь ч өөрчилж тогтоох эрхтэй. Шалтаг шалтгаан тоочсноос эрхээ эдэлж үүргээ биелүүлэх хэрэгтэй байх.
Ингээд Цагдаа, АТГ-ынхан бие биентэйгээ хуйвалдаад байвал прокурор засаж, залруулж өгч болж байгаа юм. Шүүхэд ч ийм эрх бий. Харин прокурор прокурортайгаа, шүүх шүүхтэйгээ эсвэл прокурор шүүхтэй хуйвалдсан тохиолдолд засаж залруулах газар хаана ч байхгүй. Хэлмэгдсэн иргэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр нус нулимстайгаа холилдоод л үлдэнэ.
              ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ-4
Ховдын цөөн тооны хуульчдын хууль бус ажиллгааны талаар 2013 оны нэг сард аймгийнхаа “Ховдын толь” сонинд материал бичиж тавьсан юм. Үүнд нэг ч хүний нэр дурьдаагүй. Гэтэл Тайванхүү, Энхжаргал, Алтанбадралт нарын хуульчдын шудрага бус ажиллагаанд нь гомдсон нэг залуу миний бичсэнийг хуулан татаж, дээрхи хүмүүсийн нэрийг дурьдан өөрийн санаа бодлыг нэмж бичээд Ардын эрх сонин болон интернетэд тавьсан шиг байгаа юм. Аймгийн ерөнхий шүүгч байсан Тайванхүү тэр залууг өрөөндөө дуудан ирүүлж, шоронд оруулан зүйл дуусгана гэж заналхийлж байсан мөртлөө эзэн нь тодорхой энэ асуудлыг надад холбогдуулан, бүх хуулийн байгууллагууд, тэнд ажиллаж байгаа бүх ажилтан, албан хаагчдын нэр төрд халдсан болгон гүтгэх ажил зохион байгуулсан. Эхлээд шүүхийн тамгын хэлтэс нэхэмжлэл гарган шүүхийн нэр төрийн зардал гэх 1.0 сая төгрөг надаас гаргуулж, сониноор дамжуулан уучлал гуйлгахыг хүссэн. Ховдод малын хулгайч ч нэр төрөө нэг сая төгрөгөөр үнэлэхгүй. Эд шүүхийн нэр төрийг нэхэмжилэх биш бүр гутаасан. Миний ойлголтоор Шүүх нь мөнгөн дүнгээр илэрхийлэхийн аргагүй нэр төртэй, түүхэн замналтай байгууллага. Ингээд гурав хонож байтал аймгийн өмгөөлөгчидийн зөвлөлийн дарга Энхжаргал бүх өмгөөлөгч нарынхаа нэрийг нэг бүрчлэн жагсаан бичиж нэхэмжлэл гарган Тайванхүүгийн хүчийг зузаатгасан. Дахиад Тайванхүү өөрөө нэхэмжлэл нэртэй шаардлага хүргүүлсэн. Түүнд Шүүх, түүний тамгын газар огт хүртээлгүй бие даасан этгээд юм байх. Залгуулж өөрийгөө Цагдаагийн төлөөлөл гэж өргөмжилсөн Даваахүү бүх мөрдөн байцаагч нарын өмнөөс нэхэмжлэл гарган, албан тоотоор “Наад нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй” гэж шүүхэд заан чиглэл өгсөн. Мөн аймгийн Ерөнхий прокурор Ганбаатар ” Манайх нэхэмжлэл гаргахгүй. Харин наад нөхөрт арга хэмжээ авах хэрэгтэй, Шүүх хуралд өөрийн биеээр оролцоно” гэсэн албан тоот ирүүлсэн. Уг нь Шүүхэд заах, чиглэж өгөх, шаардах эрх хэн гуайд нь ч баймааргүй юм. Эд бие биендээ дэндүү хайртай, миний бичсэнчилэн нэг тогооныхан болохоо дахин нотоллоо.
Би эдний гаргаад байгаа нэхэмжлэл, албан тоотуудыг нь Ховдын бүх хуулийн байгууллагууд, тэнд ажилладаг нийт хамт олных нь хүсэл зорилго биш гэдэгт итгэдэг.
Цөөн тооны бузрууд өөрсдөө дангаараа нэр төр сэргээлгэх боломжгүй тул бүхэл бүтэн байгууллагуудыг бамбай болгон хамт олныг нь халхавч болгон ашиглаад байгаа юм. Тайванхүү хамт олны нэрээр, мөн цагтаа ”Ганц худаг”-ын бантанг чамгүй олон хоног хүртэж байсан, уг үсэг засварлах, шинэ нөхцөл байдал илрүүлэх гоц авъястай, өмгөөлөгч Даваасүрэнгийн хамт “Зууны мэдээ” сонинд “Тэр нөхөр авилгийн хэргээр нэг жилийн хорих ял авсандаа хорсон бичдэг” гэж ярилцлага гаргасан байдаг юм билээ. Харин өөрсдөө бөөлжисөн бөөлжисөө буцаан долоож, уг ялаа тэнцэн болгосон тухайгаа бол бичихгүй. Энэ нь тэнсэн ялын төрөлд ордоггүйтэй холбоотой байх л даа. Ер нь хорсолтой байнаа уу, хорсолгүй байна уу энд нэг л зүйлийг дурьдах хэрэгтэй. Эрүүгийн хуулинд: “Шүүгч, прокурор өмгөөлөгч, мөрдөн байцаагчыг гүтгэх ”гэсэн зүйл анги байдаг. Хаа очиж эд энэ зүйл ангийг миний эсрэг огт хэрэглэдэггүй юм. Нэг л учир байна л даа. Ер нь өөрийгөө шоронд оруулах гэж бичдэг хүн байдаггүй байлгүй. Анх эд өөр хоорондоо нийлж, бусдыг гүтгэдэг байсан бол одоо бүхэл бүтэн хуулийн байгууллагуудыг өөрсдийнхээ бузар ажиллагаанд татан оролцуулахыг эрмэлздэг боллоо. Тайванхүү гүтгэх ажлаа далдаас удирддаг байсан бол одоо ил цагаан гардан зохион байгуулдаг боллоо. Эд дандаа нохой шиг сүрэглэн олуулаа болж авчихаад ядарсан амьтад руу дайрч давшилж, зууж хазан, эрэмдэг зэрэмдэг болгон хаядаг онцлогтой. Эдний удаа дараагийн дайралт зуултаас болж, эдийн засгийн асар их хохирол амсан нэр төр, сэтгэл санааны хувьд дахин эдгэршгүй хүнд шарх авч өдий болтол шаналж яваа хүний хувьд сайн мэднэ. Эд энэ удаа ч энэ онцлогоо харуулсан.
Энхжаргал гэж хэн бэ?
Хоёр дээд сургууль төгссөн. Өндөр боловсролтой энэ бүсгүй өөрийн нөхөр Алтанбадралт болон Тайванхүүтэй хуйвалдан, эхээсээ хагацан хагас өнчирсөн нялх амьтныг амьд эцгээс нь салгаж бусдад шилжүүлэн, бүтэн өнчин болгодог шидтэн. Эцэг нь 16 настайдаа аав болсон нь буруу байсан юм байх Улаанбаатар хотоос дуудан ирүүлж гурав хоног шоронд суулган, бүтэн жилээр дээд сургуулиас нь завсардуулсан бол өвөөг нь /16 настай аав төрүүлсэн нь буруу байсан юм байх/ 30 хоног цагдан хорьж залхаан цээрлүүлсэн.
Манайд 16 настанд хүн алсан бол буруутгаж эрхийг нь хасаж ялтан болгодог хууль байдаг бол 16 настан хүн бий болгосон бол зөвтгөж эрх олгон эцэг болгодог хууль бас байдаг. Үүнийг эд мэддэг л баймаар юм. Мэднэ л дээ. Гагцхүү бусдын халаас, өвөр,  түрий рүү нь өлөн нүдээр тэмтчин, зориуд мэдэн будилаад байгаа болохоос биш, Ач, зээгээ булаацалдаад байгаа хоёр талын өвөө эмээ болон үрээ өөр дээрээ авах гэсэн залуу аавд нь ямар ч буруу байхгүй. Тэд огт буруугүй. Харин тэд хуулийг буруу тайлбарлаж байгаа, хуулийг буруу хэрэглэж, худуудын хооронд яс хаяж, хэрэлдүүлж, хэмлэлдүүлж байгаа хуульч нэртэй бузрууд өөрсдөө буруутай. Одоо эдний алдааг засаж залруулах эрх мэдэлтэн, хүчтэн хаанаас ч олдохгүй. Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Зогсоох гэж оролдвол одоогийнхоос ч илүү хор уршиг учирч мэднэ. Тэгэхээр Энхжаргал, Алтанбадралт, Тайванхүү нарын гавъяаг хүлээн зөвшөөрч нялх хүүгийн хувь заяаг нагац талд нь даатгахаас өөр арга байхгүй.
Алсдаа хүү эцгээ олж нүгэлтнүүдийг бурхан цээрлүүлэх биз.
Даваахүү гэж хэн бэ?
Цагдаагийн дээд сургууль төгссөн. Төгсөх жилийнхээ уртын дадлагыг над дээр хийж байсан. мэдлэгээр дульхан, эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүн бараадаж явах дуртай. Энэ нь ч ач тусаа өгсөн байх, Хуулийн Хэлтсийн даргаар томилогдсон гэж сонссон. Тэр нэг тогооныхонтойгоо нийлж гэмгүй нэгнийг гэр бүлээр нь гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, залхаан цээрлүүлж байсан удаа ч бий. Түүний далдагнуур зан нь түмэн олондоо хайрлагдан хүндлэгдсэн хүний сайн хань, хоёр хүүгийн ээж, сайхан мөрдөн байцаагч бүсгуй амь насаа алдах шалтгаан, нөхцөл нь болж байсан. энэ бол хэн нэгний нэр, төрийн хэрэг биш. Энэ хэргийн талаарх УЕП-ын дэргэдэх МБА-ны шийдвэрт эргэлздэг миний хувьд жигшүүрт хэрэг. Цагдаагийн эрх ашиг үнэхээр хөндөгдсөн юм бол өөрийг нь төлөөлчих өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй залуус Ховдын Цагдаагийн газарт хангалттай бий. Даваахүүгээр төлөөлүүлэхгүй байлгүй дээ. Тэгээд ч би 30-аад жил хоол хороосон тогоо руугаа хэзээ ч нулимахгүй. Тайванхүү болон түүний даган баясагчид түүхээ мэддэгч болоосой. Ховдын Ард-Аюуш Засаг ноёнтойгоо заргалдсан болохоос Засаг ноён нь Ард Аюуштай заргалдаагүй гэдэг.
Иргэн хүн шүүхтэй заргалдаж л байдаг. Энэ нь байдаг л энгийн зүйл. Харин шүүх иргэнтэйгээ заргалдсан тухай огт сонсож байгаагүй юм байна. Бүр бусад эрх мэдэлтнүүдтэйгээ хүчээ нэгтгэн сүрэглэж байгаад шүү. Үнэхээр хохирсон бол өөр хэрэг л дээ. Миний эсрэг анхны нэхэмжлэлийг Шүүхийг төлөөлж түүний Тамгын хэлтэс гаргасан учир Шүүх заргалдсан гэж үзэхээс өөр арга бас байхгүй. Шүүх нэг муу яадарсан иргэнтэйгээ заргалдсан нь Монгол улсын шүүхийн түүхэн дэх анхны тохиолдол байх, бас сүүлчийнх байгаасай гэж хүснэ.
Ядарсан иргэнтэйгээ заргалдаж байгаа шүүх өөрөө ядарсан Шүүх байж таарах байх. Ингээд намайг шүүх болсон чинь шүүх шүүгч олдохоо больсон. Энэ нь Тайванхүү нарын гүтгэх ажиллагаанд оролцохоос шууд бусаар татгалзсан хэрэг л дээ. Зарим нэг нь надтай уулзан өөрсдөөс нь татгалзахыг санал болгосон ч би хүлээж аваагүй. Ингээд яаж ч чадахгүй нэг өдөр Шүүх хурал шиг юмаа хийж байх юм.
Шүүгч Гэрэлмаа даргалсан энэ шүүх хуралд Шүүхийн Тамгын Хэлтсийн төлөөлөл гэх нэг залуу, иргэдийн төлөөлөл гэх хажуу дэлгүүрийн худалдагч эмээ бид гурав шомбойж суусан. Би шүүх хуралд өөрийнхөө зардлаар хэвлэл мэдээллийнхнийг оролцуулахаар урьд нь бичгээр хүсэлт гаргаж байсан бол энэ удаа амаар хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Нээлттэй нэртэй  хаалттай шүүх хурал хийсэн. Ингээд тамгын хэлтсийн төлөөлөл гэх залуугаар “ ...шүүхээс татгалзаж байна” гэсэн урьдчилан цээжлүүлсэн үгээ хэлүүлээд улмаар зөвлөлдсөн дүр эсгэж, хүсэлтийг нь хүлээн авсан болж, шүүх хурал болохоос өмнө албан тасалгаандаа өөр хоорондоо зөвлөлдөж байгаад гаргасан шийдвэрээ уншин танилцуулсан. Намайг шүүхээс шүүгч нар өөрсдөө татгалзах ямар ч үндэслэлгүй тул Тамгын Хэлтэс татгалзсан болгон харуулах шүүх хурал болсон. Дээрхи шүүх хуралд нөгөө том том нэхэмжлэл гарган, мундаг хүчтэй албан тоотууд илгээгээд байсан хүмүүсээс нэг нь ч суугаагүй. Тэд шүүхээс гарах шийдвэрийг нэгэнт урьдчилан мэдэж байсан учраас Шүүх хурал шиг юманд цаг заваа үрэх шаардлагагүй байсан байх л даа. Нөгөө талаар улаан цайм гүтгэсэн хүнийхээ нүүр рүү харах халуун байсан биз.
Ингээд Увс аймгийн Шүүхээр шийдвэрлүүлэх харъяалал тогтоогдсон. Увс аймгийн шүүх уг асуудалыг хэлэлцэж нөхдүүдийг хууль бус нэхэмжлэл гаргасан гэж буруутган нэхэмжлэлийг нь хүлээж авахаас татгалзаж, өөрсдийнх нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл өөр аймаг хотын адил шатны Шүүхэд хандах эрхтэй болохыг дурьдсан. Манай баатрууд олгогдсон эрхийнхээ дагуу Баян-Өлгий аймгийн шүүхэд хандсан. Тэд Увс аймгийн Шүүхийн шийдвэрийг давтсан. Баатрууд үймж сандарч эхэлсэн. Урьд нь намайг шүүхээс татгалзаж байсан шүүгч Гэрэлмаа өөрөө шүүх юм болоод дур нь гозолзоод гараад ирсэн. Энэ удаад харин би Гэрэлмаагаар шүүлгэхээс татгалзсан. Ичих булчирхайгүй нөхдүүд дахиад Увс аймгийн шүүхэд хандсан. Уг шүүх өмнөх хоёр Шүүхийн шийдвэрийг давтан баталгаажуулсан. Манай баатрууд улайрч, бүр цагаандаа гарсан. Дахиад өөрсдөө шүүх юм болсон. Энэ удаа би Ховдын шүүхээс татгалзаагүй. Харин “Өөр өөр бүрэлдэхүүнтэй, төрийн гурвын гурван Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэн, хувийнхаа шийдвэрийг гаргах гэж байгаа юм бол гаргацгаа. Хүний зовлого, зовлонд цаддаггүй муу хон хэрээнүүд ” гэсэн тайлбар бичиж өгсөн. Хэд хонож байтал миний тайлбартай танилцаад ухаарсан ч юм уу, ухамсарласан ч юм уу, энэ үед Тайванхүү Завхан руу шилжсэн болохоор айдас, хүйдэс, дарамтнаас ангижирсан ч юм уу, Ховдын шүүх хууль ёсны шийдвэрээ гарган миний эсрэг гаргасан нэхэмжлэллээ буцаан татаж авсан. Энэ нь “Тайванхүүгийн хар нөмрөгтөй хөгшин хүүхэлдэйнүүд”-ийн зарим нь гавъяаныхаа амралтанд гарч, шилжиж, зарим нэг нь хөөгдөж, эрхээ хасуулж, Ховдын Шүүх нэг үеэ бодох нь харьцангуй цэвэршсэнтэй ч холбоотой байж болох. Гэхдээ л миний мэтийн “долоо буудуулсан чоно” бол үүнд итгэхэд бэрх.
Тайванхүү хуучныхаа арга барилаар шүүх, шүүгч нарт нөлөөлөн, миний эсрэг шийдвэр гаргуулахаар асар их хүч хуримтлуулан, нэг жил таван сар заргалдсан ч эцэст нь өөрөө Шүүхийн өмнө буруутгагдан амаараа шороо үмхэн үлдлээ. Хэний ч нөлөөнд ордоггүй шударга шүүх, шүүгчид байдгийг урьд өмнө ч нүдээрээ харж, чихээрээ сонсч, биерээ мэдэрч байсан бол энэ удаа ч бас дахин харлаа. Бузруудын дайралт, зуултаас хамгаалж эсэн мэнд авч үлдсэн Увс, Баян-Өлгий болон Ховд аймгийнхаа шудрага шүүгч нарт баярлаж явдаг.
Нэр төргүй нөхөр нэр төр нэхэмжлэхээр нь би удаа дараа жинхэнээсээ хохирсон нэр төрөө сэргээлгэж, сэтгэл санааны хохирлоо арилгуулахаар сөрөг нэхэмжилэл гаргасан. Шүүх миний нэхэмжлэлийг хүлээн авсан. Засгийн газрын нөөц сангаас 6 сая төгрөг гаргуулж өгөх шийдвэр гаргасан. Энэ мөнгө нь надад учирсан бодит хохирлын өчүүхэн хэсэг нь л дээ. Гэхдээ би Давах шатны Шүүхэд хандаагүй. Тайванхүү шиг дахин дахин шүүхдэхийг хүсээгүй юм. Мөнгөний хэмжээ их, бага байх нь миний хувьд тийм ч чухал зүйл биш. Хамгийн гол нь шүүх нөгөө нөхдүүдийг биш намайг нэр төр, сэтгэл санааны хувьд хохирсон гэдгийг тогтоож, үнэн зөв шийдвэр гаргаж байгаа нь их чухал зүйл. Энэ л миний хувьд том зүйл. Тайванхүүгийн зорилго тодорхой байсан. Тэд өөрсдөө юм уу өөр шүүхэд нөлөөлж байгаад миний эсрэг шийдвэр гаргуулах. Би хууль бус шийдвэрийг нь мэдээж хүлээн зөвшөөрөхгүй, биелүүлэхгүй. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийсэн гэж шоронд оруулах, ийм л зорилготой байсан. Намайг төр хэлмэгдүүлээгүй. Тийм болохоор надад учирсан хохирлыг төрийн сангаас бус санаатай гүтгэсэн этгээдүүдийн халааснаас гаргуулж өгөх ёстой.
Тайванхүү гэж хэн бэ?
Улсын 3 өрөө байрыг луйвардан шүүгч байсан Батсүхэд 45 сая төгрөгөөр худалдан завшсан. Энэ хэргийг УЕП–ын дэргэдэх МБА 9 сар сунжруулан шалгасан болж байгаад замхруулсан. Энэ талаар “Зууны мэдээ” сонинд гарч байсан. “Шүүгч Тайванхүүг шүүе” гарчигтай материалд тодорхой дурьдсан байдаг. Ер нь Тайванхүүгийн өнгөрсөн баларсан үеийг нь сөхвөл нилээн хэдэн өрөө байрны асуудал байдаг байх шүү.
Тайванхүү намайг 1-2 удаа авилгын хэргээр хорих ял авч байсан гэж шууд гүтгэдэг байсан бол одоо Шүүхийн ёс зүйн хороонд “Наад нөхөр чинь 2-3 удаа авилгын хэргээр шийтгэгдсэн” гэж сонссон гээд шууд бусаар гүтгэсэн тайлбар бичиж өгсөн байгаа юм. Миний гомдлоор өөртөй нь холбоотой гүтгэсэн тухай асуудал ярьж байхад эсрэгээр гүтгэсэн тайлбар бичиж өгч байгааг нь юу гэж ойлгох бэ? Цагаандаа гарсан, цайсан хулгайч гэж үзэх үү. Ёс зүйн хороондоо хүндэтгэлгүй хандсан хэрэг гэж ойлгох уу. Шүүхийн ёс зүйн хороо Тайванхүүгийн тайлбарт итгэсэн шиг байгаа юм. Тайванхүү Ёс зүйгээ зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Би үнэхээр авилгын хэргээр 2-3 удаа шийтгэгдсэн юм бол Монгол Улсын шүүхийн түүхэнд бас л анхны тохиолдол болох байх. Манайд авилгын хэргээр 2-3 удаа шийтгүүлсэн хүн арай байхгүй байлгүй.
Зөвхөн хуулийн хүрээнд л хэрэглэх ёстой, хуулиар олгогдсон албаны эрх, дүрэмт хувцас гэдэг нь төрөлхийн сульдаатай бие, ракулиттэй толгойтой төрсөн этгээдүүдийн хувьд биеийг нь хамгаалах хөө хуяг, дуулга бамбай нь байж болдог юм аа гэхэд хувийн ашиг хонжоо олох, өш хонзон авах зэвсэг хэрэгсэл нь байж болмооргүйсэн. Тэгвэл эд энэ хүчтэй зэвсэгээрээ хувь хүний амьдралыг юу ч үгүй болгон бусинуулж байна. Эрүүл мэндийг нь сарниулж байна. Эд материалын хохирол учруулж байна. Энэ хүчтэй зэвсэгээрээ хүнийг тамалж байна, тарчилгаж байна. Зовоож байна. Доромжилж байна. Эд иргэн хүн өөрийнхөө гэм буруугүйг батлаж нотолсоных нь төлөө хонзогнодог. Хууль бус үйлдэлээ зогсоохыг шаардсаных нь төлөө хонзогнодог. Аврал эрж дээд байгууллага, удирдлагад нь хандсаных нь төлөө хонзогнодог. Авилга өгсөнгүй, хамтарч хулгай хийсэнгүй гэж хонзогнодог. Их хачин ойлголттой болчихсон хүмүүс байсан. Тэдний ойлголтоор бүх хүн тэдний өмнө очиж номхон зогсож, айж дагчин чичирч, салганаж байх ёстой юм шиг. Бүх хүн тэдний өмнө очиж бөхөлзөж, нахилзаж, тонголзож, сөхөрч, мөргөж, өлмийг нь үнсэж байх ёстой юм шиг. Бүх хүн тэдэнд хонины гуя, ямааны литр сүү, кг төмс үнэгүй өгч байх ёстой юм шиг ойлгодог.
Тэд хон хэрээ шиг олуулаа болж авчихаад сэг харж гуаглахаас биш түмний өмнө ил цагаан, байж чаддаггүй байсан. Тэд бузар үйлдлээ нүүн дарагдуулах гэж нээлттэй байх ёстой шүүх хурлаа хаалттай болгон хувиргаад олон жил болсон. Тэд зөвлөлдөх нэртэй хуйвалдааныхаа тасалгаанд шивэгнэж ярьдаг байсан болохоос биш ил цагаан, чанга дуугаар ярьдаггүй байсан. Тэдний хууль бус шийдвэрийн зарим нэгийг нь хэлмэгдэгсдийн гомдлоор өөр аймаг хотын шүүх, эсвэл Дээд шүүх засаж залруулчихдаг байсан болохоор сүүлдээ өөр арга барилаар ажилладаг болсон. Нэг шүүгч нь бусдыг тарчилган зовоож, амьдрал ахуйг нь бусинуулан, бах таваа хангаж, хүссэн зорилгодоо хүрмэгц нь нөгөө шүүгч нь засаж залруулсан дүр эсгэж, амыг нь хаадаг. Нэг шүүх тамалж, зовоож, амьдрал ахийг нь бусинуулан, хэлмэгдэгч дээд байгуулагад нь гомдол, хүсэлт гаргаад эхлэнгүүт нөгөө шүүх нь засаж залруулсан дүр эсгэн амыг нь хаадаг, ийм жишээ баримт олныг дурьдаж болно.
Миний бичиж байгаа зүйл дотор хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Өршөөлийн хуулинд хамрагдсан. Хамрагдахаар, учруулсан хохирол нь бага бус төдий зүйл байхыг үгүйсгэхгүй. Хуулийн байгууллагуудын одоогийн дээд удирдлагуудад хамааралгүй зүйл байхыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ тухайн үед хууль завхруулж байсан, ял завшиж байсан этгээдүүд өнөөдөр хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс, хууль ёс ярьж, үлгэрийн “Муур багш” царайлан сууж байгаа учраас өнөөдөртөй холбож бичээд байгаа юм. Дээр зарим хүмүүсийг хэн болохыг товч ч гэсэн тодруулж бичсэн. Яагаад гэвэл: Эд дугуй дугуйгаараа нийлдэг юм шүү гэдгийг харуулах зорилгоор хэн нь хэн болохыг товч дурьдсан юм. Багц багцаар хууль батлагдан мөрдөгдснөөр өмнө нь хууль завхруулж байсан этгээдүүд засрал хүмүүжлийг олж цэвэр ариун амьтан болоод явчихна гэж төрөөс итгэл үзүүлэх үү. Итгэл даах болов уу. Цусанд нь, генд нь шингэсэн худалч, хулгайч шинж чанар нь арилах болов уу. Би үүнд л эргэлзэж байна. Эхнээсээ засрал авахгүйгээ харуулаад байгаа юм биш үү.
Эцэст нь:
1.            Үүнээс хойш үг хэлж, үзэг цаас нийлүүлэхээ болъё. Шоронд орох бүү хэл эрх мэдэлтнүүдийн гарт амь насаа ч алдаж мэдэх юм байна.
2.            Дээд Шүүхээс дээш тэнгэр л байдаг байх. Би тэнгэрт хүрэхгүй амьтан гэдгээ мэднэ. Шүүх намайг авилгачин болгон тогтоосон юм байна. Хэдийгээр огт гэм буруугүй ч өөрийгөө авилгачин гэж тооцъё. Гэхдээ манай Монголчууд гайхамшигтай ард түмэн. Нэг гайхамшиг нь хулгайч, луйварчин танихдаа үнэхээр гаргууд. Хулгайч, луйварчидыг овог, нэр, удам судраар нь, бүр төрөл жанараар нь мэддэг юм. Орон байрны хулгайч, халаасны хулгайч, малын хулгайч, Дансны хулгайч, хориотой ангийн хулгайч, байлдааны зэвсгийн хулгайч гээд л. Бүр сүүлийн үед гардаг болсон шинэ төрлийн хулгайчыг хүртэл мэддэг болчихсон юм байна лээ. Өө тэр чинь саналын хулгайч байхгүй юу гээд сууж байх жишээтэй. Ийм ард түмний дунд амьдарч байгаагийн хувьд би луйварчин авилгачинаар тогтоолгосондоо эмзэглэхгүй. Тэртээ тэргүй ард түмэн хэн нь хулгайч, луйварчин юм бэ, хэн нь биш бэ гэдгийг төвөггүй ялгаад, салгаад ойлгочихно.
3.            Бусдад зодуулж, амь насанд аюултай эдгэршгүй хүнд гэмтэл авсандаа дахин гомдол гаргаж төвөг удахгүй. Би хуулийн байгууллагад нэг удаа хандсан. Прокурорын МБА илт шудрага бус загнасан учир олны жишгийг даган хугарсан яс, асгарсан цусаа таван төгрөгөөр үнэлж худалдан, алдарт луйварчинтай зохицчихсон. Одоо хүнд гэмтэлдээ шанлан, тарчилсаар үхэх өдрөө хүлээе.
Харин цөөн тооны хулгайч нэртэй бузрууд бүхэл бүтэн Хуулийн байгууллагууд тэнд ажиллаж байгаа хэдэн зуу, хэдэн мянган ажилтан, албан хаагчдын нэр төрийг шавар, шалбаагтай хутган гутааж, төрийн нэрийн өмнөөс иргэдээ залхаан цээрлүүлсээр байх уу. Үүнд хариулах эзэн байна уу? Хуулийн анхны мэдэгдэхүүнтэй намайг гүтгэж байгаа хүмүүс бусдыг яах нь тодорхой биз ээ.
Â
Ил захидал бичсэн Х. Мерейхан РД: 59101511 утас 88438131 хаяг:
Â
2014.11.01Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Â Жаргалант сум
Â
Â
Â
Â
Â
Â