Download Firefox
Download Firefox

Monday, Sep 23rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here Home

Утга зохиол

Ut leo condimentum Donec felis vitae Nullam et volutpat tortor Cras. Nec ornare id pellentesque adipiscing dui Nam nonummy Vestibulum id quis. Et semper Nam ipsum Sed hendrerit Nunc justo Nulla mus laoreet.

Тэнгэрийн цаана тэнгэр байгаа

  • PDF

Богино үгүүллэгийн наадамд дэд байр эзэлсэн бүтээл

“Тэнгэрийн цаана дахиад тэнгэр байгаа. Тэгээд бас гуниглал байгаа. Тийм нэг санаашрал ч байгаа. Тэгсэн атлаа ичингүйрэл бас байгаа болохоор тийшээ би зүглэж чадахгүй байна” гэх хааш яайш бичсэн мөртүүд түүний урд дурайна.  

Орчин тойрон нам гүм өглөөний сэрүүн салхи өлчир жавраар хайран шинэхэн өглөө алгуурхнаар ирж байв. Тэрээр энэ өдөр их л эртлэн боссон байлаа. Бие даалтаа хийх гэж ширээн дээр суусан ч бодол нь огт цэгцэрч өгсөнгүй. Нутаг орон, ах дүүс нь л санагдаад байв.

Авга ахын маань хэлж байсан тэр дурсамж санаанд орлоо. “Та нар чинь азтай  хүүхдүүд. Тэр их уул нурж, асга нүүргэлсэн ангалаас амьд гарсан хүний үр сад шүү. Энэ хувь тавиланг зөв авч явах ёстой” гээд уртаар санаа алдан хэлсэн нь одоо ч чихэнд хоногшсон хэвээр. Нээрэн би... би ч гэж дээ миний аав тавилантай хүн байж дээ. Яагаад ч юм нүднээс минь нулимс гарах шиг...

Хэнд ч ингэж ойрд аавынхаа тухай бас өөрийнхөө дотоод сэтгэлийн тухай хүүрнээгүй болоод ч тэрүү нэг л сэтгэл нээгдэхгүй байх чинь. Хэндээ ч ярихав дээ. Ойр дотны найз нөхөд, ах эгч ч гэж байхгүй хүн шүү дээ, би. Нээгдсэн ч тэр л санаашралын үзүүрээс нулимсан дусал л надад зам заах шиг. Зам гэснээс хань гэх нь илүү оновчтой юмуу даа. Ингэхэд хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг уудлахгүй хичнээн удаан явдаг бол... Мэдэхгүй юм даа. Зарим нь сар жил, зарим нь тав арван жил, зарим нь насан туршдаа ч сэтгэлээ уудлахгүй явдаг байх. Зарим нь тухай бүртээ л өөрийнхөө дотоод сэтгэлийн бухимдал, бахархал, азтай тохиол бүхнээ хэн таарсанд нь бурж явах нь ч бий. Гэхдээ би хэр удсанаа одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг жил гаруйтай болчихсон юм шиг ээ” ингэж тэр өөрийнхөө доторх хүнтэй ярьж суулаа. Түүний бодолд дахиад л авга ахынх нь хэлсэн тэр дурсамж ороод ирэв. Уг нь энэ бодлоос зугатах санаатай шалдар булдар өдөр тутмын үйл хэрэг бас найз нөхдийнхөө тухай бодлоор өөрийгөө сатааруулах гэсэн боловч яагаад ч юм энэ л бодол түүнийг эзэмдээд авав.

1957 оны 11 сарын 10. ... Хэний ч таамаглашгүй үйл явдал болно гэж хэн санахав. Энэ өглөө аав маань хар үүрээр босчихсон ээжийг “одоо босооч” гэж байх нь ямар нэгэн зүйлд яараад байх шиг. Уг нь бол бусад өдрүүдийн л адил малаа дагаж гараад орой ирдэг өглөө байв. Ээж ч аавыг босчихсон байгаад гайхах сандрах зэрэгцэн яаран босч харагдав. Унтахдаа үүд хоймроор л нэг зулцгаасан биднийг ээжийн түлсэн гал хоромхон зуур халуун илчээрээ төөнөсөөр босголоо. Ээж цайгаа уудлаад оройны үлдсэн хоолыг түмпэнтэй нь зуухан дээр тавьж халаахыг харсан бид “хоцорч хувцасласан нь хоолгүй шүү” гээд хэлчихсэн юм шиг.

Түмпэнтэй хоол руу сэм сэмхэн харж яаран хувцаслаад нүүр гараа угаацгааж эхнээсээ аяга барин аавын хажуунаас зуухаа тойрон суув. Аав цайгаа уучихаад нэхий дотортой хүрэн дээлээ өмсч хуучин муу үнэгэн малгайгаа шилэн дээрээ тавиад тамхи сэлтээ өвөртлөх зуураа “Мал захлаад байна. Хурдан цайгаа ууцгаа. Малаа эртхэн бэлчээе.       

Должин чи намайг дагаад малд гарна шүү. Би өнөөдөр мал хариулна. Харин чи дээд хошууны энгэрээс цас үүрч ирээрэй” гээд гарав. Должин эгч ч хам хум цайгаа уугаад аавын араас гарлаа. Харин ээж хажуу орон дээр ганганах дүүг маань хуурайлаад намайг “цайгаа хурдан уу. Гарч мал бэлчээцгээ” гэж яаруулав. Барагтай бол уйлдаггүй дүү маань энэ өдөр нэг л бие нь таагүй байгаа бололтой. Ээж ч бага дүүд хамаг анхаарлаа хандуулаад биднийг анхаарах сөхөөгүй л байв.

Гараад иртэл аав, том эгч хоёр малаа хөдөлгөөд гарч байлаа. Аавын минь хүрэн дээлийн сийрсэн хормой салхины аясаар дэрвэх нь түүнийг хаа нэгтээ холын хол дагуулаад явах гэж байгаагийн дохио гэж хэн мэдэх билээ. Хорвоо энэ л яарлын гайг хэзээ нэгэн цагт хааяа хааяахан боловч сануулчихаж болдоггүй юм болов уу гэсэн гэнэн бас харамч бодолдоо одоо ч би ээрэгдсээр байдаг юм. Хүн бүхэн л хэзээ ч эвлэрч болохгүй хорвоогийн ийм л жамтай сөргөлдөх юм даа” гээд уртаар санаа алдаад цааш ярив.

“Миний хувьд бол аав минь их эртэч хүн шүү. Энэ хэдэн малынхаа төлөө төрсөн юм шиг эрт бэлчээхийг нь яана гэсэн бодол төрсөөр хотон доторх малын өтөг бууц цэвэрлэж хоцорлоо. Өвлийн хүйт эхэлж байгаа болоод ч тэрүү энэ шөнө мал их хошуурч хонож дээ. Яаж нэгнийгээ дарчихаагүй юм бол хэмээн бодож харганы үзүүрээр хашааны ноос түүж шуудайнд хийгээд хойд жалга руу аваачиж асгав. Өнөөдөр ч хүйтрэх янзтай. Тэнгэр цаанаа л нэг аягүйдэх нь.

          Гэнэт сарлаг мөөрөх чимээ дуулдлаа. Юу билээ, манайх чинь ойрд сарлагаа оруулж ирээгүй баймаар юм гээд тэр зүг рүү хартал үхэрнүүд нь хүнд туугдсан юм шиг гүйхээрээ орж ирээд гэрийн гадуур мөөрөлдөн өнгөрөв. Хотон доторх хужиртай хаднууд дээр зогсох болов уу гэтэл тэгсэнгүй шууд л хөндий уруудаад явцгаав. Гүйж ороод ээжид хэлэн дагуулан гарахад гүйцэгдэхийн аргагүй холдож байлаа. Гайхах сандрах зэрэгцэн “энэ чинь юу болоод үхэр ороод ирдэг билээ” гээд дээш доош харж байтал гэрт хүүхэд час хийн уйлах дуунаар бид гэр лүү гүйж орлоо.

        Төд удалгүй гэрийн хана чичирхийлэн салгалж гадаа хад чулуу дуугарч, хүнгэнэсэн сонин чимээ гарах нь тэр. Хамаг бие эвгүйрч, салганаад л... Бид дэмий л ээжийг даган ханарна. Яг энэ үед аав, аав гэсэн үгс л миний амнаас гарч байв.

Айдас хүйдсийн алиханд нь ч аавын нөмөр аргагүй үгүйлэгддэг нь энэ. Аав л байж байвал юу ч тохиолдсон хамгаална гэх хүний үрсийн томоогүйхэн атлаа тийм л итгэл бишрэлийн хүсэл энд оргилж байв.

“Ээж ээ, аав аа гэж хашгиралдан тогтож ядах биднийг ээж “тайван бай миний хүүхдүүд” гээд ээж тооно рүү нэг ширтэн, гэрийн хана руу нэг харан сандарч байгаа ч биднийг айлгахгүй гэсэндээ түүнийгээ нууж байгаа нь илт. Бага дүүг маань надад тэврүүлчихээд үүд рүү гүйлээ. Хаалга онгойнгуут аавын бас эгчийн явсан хөндийгөөс тоос бужигнан хад чулуу өнхөрч түс няс хийгээд л аймшигтай харагдав. Ээж ч хаалгаар хагас шагайн дэмий л юу хийхээ олж ядан сандарсаар “алив миний хүүхдүүд хувцасаа өмсөөд гэрээс гаръя. Газар хөдөлж байна. Гэрийн хойно хашааны арагшаа гарцгаая” гээд дүүг маань дулаан дээлэнд ороогоод биднийг дагуулан гарлаа. Бид ч уйлалдсаар ... Хатуугаас хатуу, чангаас чанга газрын хөрс хөл орсон юм шиг хавталзан намалзаж байх шиг. Хамаг л ухаан санаа бодолд минь юу ч тогтохгүй байлаа. Нэг мэдэхэд бид хашигдчихсан мэт энэ том дэнжийн жаахан зайнд л овоорч зогссоноо анзаарав.

Аав, эгч хоёрын минь явсан тэр хөндий урьд өмнө хэзээ ч ийм дүр зурагтай харагдаж байгаагүйгээр аймшигтай харагдана. Сүрлэг том хадан цохионуудыг ингэж нурж сүмбийтэл засчихсан мэт өвдөг хамрууд ингэтлээ зүсээ хувирган хагарч, цуурч байхыг нүдээрээ харсан бид хий дэмий л аав аа гэж хашгирсаар...

Хатуугаас хатуу хүний амьдрал, хамаг л итгэл найдвар, баяр баяслыг минь ингэж л тэр газрын гав руу авч одсон юм. Тэнгийн нэг тал болж амьдралыг минь босголцох аавыгаа тэнгэр газрын дундах энэ аймшигт ангал руу тэгээд орж байхыг хараад дахиж хэнтэй ч би дуугараагүй юм” гэж авга ахынх нь ганцхан түүнд хүүрнэсэн энэ дурсамжид бодолхийлж суутал утас дуугарч давхийн цочоов. Утасных нь цэнэг дуусаад унтарч байсан нь энэ.

Тэмүүлэх зүрхэндээ аавыгаа аргамжчихаад тэртээх тэнгэр лүү харахад түүний цаана дахиад тэнгэр байгаа ч юм шиг. Тийм хүлээлт бас горьдлого тээгээд аавыгаа бас өвөөгөө тэр тэнгэртээ шүтлээ.

Тэрээр бодлогоширч суудаг нөгөө л зангаараа ширээний өнцөг ширтэн хэсэг ийн бодолдоо автан сууснаа авдар дотор эвхээстэй чигээрээ үлдсэн өвөөгийнхөө хүрэн дээлийг авч нөмөрлөө.

Жавхлантын САРУУЛ

Оны шилдэг яруу найрагч, зохиолчид тодорлоо

  • PDF

Энэ сарын 17-нд аймгийн Хөгжимт драмын театрт “Эгшиглэнт эхийн хишигт” яруу найраг, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд нийт 35 яруу найрагч, зохиолчид оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Яруу найргийн төрөлд Мөнххайрхан сумын харьяат яруу найрагч Уушийн Батболд тэргүүн байр эзэлж, мөн Мөнххайрхан сумын Сүрэнгийн Бүрнээ, Буянт сумын Б.Магсаржав нар удаалж, тусгай байранд Н.Бүргэд, С.Батчулуун нар шалгарлаа.

Богино өгүүлэгийн төрөлд нэгдүгээр байранд зохиолч орчуулагч, аймгийн БГХТТ газрын дарга Аварзэдийн Оюунчимэгийн үгүүллэг, хоёрдугаар байранд манай сонины сэтгүүлч  Жавхлантын Саруулын “Тэнгэрийн цаадах тэнгэр” үгүүллэг, гуравдугаар байранд  Ж.Пүрэвдоржийн үгүүллэгүүд орж утга зохиолыг шимтэн сонирхогч түмэн олны оюуны мэлмийг баясгалаа.

Яруу найраг, богино үгүүллэгийн наадмыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар, яруу найрагч Г.Бямбаа, утга зохиол судлаач В.Янжиндулам нар шүүн тунгаалаа.

Уншигч та бүхэнд 2012 оны тэргүүн найрагч Уушийн Батболдын шүлгийг толилуулж байна.                           

                       Би 

Хээрийн цэцэгний үнэрнээс өөр

Хэтэрхий нялуунд дургүй юмаа би

Хагацал хүсэхгүй ч хатуу хорвоод чинь

Хааяа хааяа гунидаг юмаа би

Алтайнхаа салхины чимээнээс өөр

Адгуу дөжрөөнд дургүй юмаа би

Үржилтэй дэлхийн алган дээр

Үе үехэн жаргадаг юмаа би

Эртний мэргэдийн сургаалиас өөр

Элдвийн номлолд дургүй юмаа би

Жүнзтэй дарс шиг сайхан орчлонд

Зүрхнийхээ анираар явдаг юмаа би

Амьдралын тухай шүлэг бичнэм

Амьдрал өөрөө бослого учир

Алтаар бус нулимсаараа бичиж

Арчилгүй үлдээнэм би

Халуухан бие минь зарга болохоор

Хаадын хуулинд үл нийцнэм

Харах нүд минь зорго болохоор

Хатадын зүсэнд өгөхөөс буцахгүй

Жүнзтэй дарс шиг сайхан орчлонд

Зүрхнийхээ анираар явдаг юмаа би

ШИНЭ НОМ

  • PDF

СУДАЛГААНЫ ШИНЭ НОМ

Ховд Их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Б.Батмөнх 2011 онд “Торгуудын их нүүдэл”, “Монголын Ойрадуудын уламжлалт аж ахуй” хэмээх нэгэн сэдэвт бүтээлүүд бичиж туурвижээ. Чингээд эл хоёр зохиолын талаар товч танилцуулъя.

1.Торгуудын их нүүдэл (1771 оны нүүдлийн жишээн дээр) “Соёмбо принтинг”

хэвлэлийн компани. УБ., 2011 (11.5 хх)

Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах Торгуудууд баялаг

Миний тэмдэглэл

  • PDF

Ховд аймгийн төв.

- Би нэгэнт доор Ховд нутгынхаа талаар бичээд эхэлчихсэн болохоор, арай л дутуу юм шиг санагдаад нутгынхаа талаар дахин юм нэмж бичмээр санагдаад байна л даа! Ингээд би хүүхэд насаа өнгөрөөсөн Ховд аймгийн төвийн талаар бичье. Хүүхэд насаа өнгөрөөсөн болохоор аймгийн төв маань миний хувьд хүүхэд насны гэнэн цайлган төсөөлөл болоод дурсамжаар дүүрэн байдаг юм. Манай аймаг баруун аймгууд дундаа ер нь гайгүй томдоо ордог - тийм ч болохоор баруун бүсийн төв гэсэн сайхан гуншинтай. Алтайн нурууны салбарууд дундаас урсах гол горхи болоод булаг шандны ус, зуны цагт мөнх цаст суваргуудын цас мөснөөс хайлж урссан ус, холын замдаа нийлэн нийлсээр Ховд аймгийн төвийн хойхно талаар урсах тунгалаг Буянт гол маань болж урсдаг билээ. Буянт гол аймгийн төв хүрэхийн наахна талд хоёр салаад, аймгийн төвөөс өнгөрөөд нэлээн доор эргээд нийлдэг. Харин тэгж салж урсахдаа хоорондоо 1000метр орчим нэлээн урт зайд урсах бөгөөд, нутгийн бидний нэрлэж заншиснаар аймгийн төв талаасаа "Бага гол" ба "Их гол" гэсэн нэрүүдтэй 2 гол болж урсдаг. За ингээд Ховдчууд маань зуны цагт гэр бариад Буянт голынхоо эрэг дагаад лагерт гарна аа. Лагерүүд дундаа бас газрын байрлалаасаа хамаараад өөрийн гэсэн нэртэй - намайг бага байхад манайхан "Кино театр" ийн лагерт гардаг байлаа. Манай аймаг бас арвин түүхийн эх болсон газар билээ. Ховд аймаг байгуулагдаад их удсан аймаг. Тэртээ дээр үед Хятадууд их олон байсан болохоор, Хятадуудаас л сурсан юм шиг байгаам Ховдчууд хүнсний ногоог үнэндээ л тасархай тарина.

- Ховдчууд бидний "Чандмань Эрдэнэ" болсон энэ сайхан Буянт голоороо ундаалуулж, Ховдчууд маань аймгийн төвөөсөө доошоо нэлээд зайтай Буянт голоо дагаад ногоо тарицгаана. Манай нутгынхан манжин байвал махаар яахав гэж ярицгаадаг нь оргүй үг биш юм. Учир нь манай Ховдчуудын тарьсан хүнсний ногоо - ээддээ мөн ч сайхан час хийсэн сайхан амттай даа. Намрын цагт мөн ч сайхансан - манай нутгынхан намрын цагт гурил хоолондоо бараг л оролцуулахгүй, энэ доор нутгын нэг хүний үлдээсэн коммент шиг "Ургацын далай" нэртэй төрөл бүрийн хүнсний ногоо, мах оролцсон - ёстой нөгөө "Дээд уруулдаа хүргэмгүй, Дэргэдэх хүндээ өгөмгүй" гэдэг шиг л сайхан хоол хийж иднэ. Ногоо их сайхан боломжийн хямдхан ямар ч байсан өөрсдийгөө чөлөөтэй хангана. Мөн хэд хэдэн шуудайгаар нь төмс, манжин, лууван гээд л хүнсний ногоонууд дарж аваад өвөлжингөө иднэ. За тэгээд алдарт Шийгуа, Тингуагаа юу гэж мартахав - нутгын Шийгуай, Тингуа мөн ч сайхан амттай даа - намрын цагт их хямдарна. Бага байхад ч ээддээ шуудай шуудайгаар нь авж ирж гэртээ тавьчихаад л идэж гардаг байлаа. Би аав оросоос авж ирсэн нэг хөөрхөн дугуйтай, шийгуа дуусангуут ээжийг найрч хэдэн төгрөг аваад, шуудайгаа ардаа даруулчихаад л нөгөө "Амар хуур" кинон дээр гардаг Соном шиг шийгуа авах гээд захруу жийх шиг болдог байж билээ! хэхэ Их амттай болохоор уйдна залхана гэж бараг байхгүй. Нутгаасаа өөр газар тийм амттай Шийгуа, Тингуа идээгүй шиг санаж байна. За ингээд аймгийн төвийн хүн мал, ургамал амьтан, эдгээр бүх зүйлийг ундаалдаг энэ сайхан Буянт голоо Ховдчууд бид магтан дуулахаас өөр яахав! Би Зангад гуайн дуулсан "Тунгалаг буянт" дуунд их дуртай. Ер нь хааяа нэг сайхан дуулчихад бас сэтгэл сэргээд явчихаж байх жишээтэй.

- Монголд байдаг бүх үндэстэн ястанаас хоёрыг нь эс тооцвол үлдсэн бүх үндэстэн ястанууд, хамгийн олон 18н сумтай Ховд аймгийн сумуудыг хувааж нутаглацгаана. Өөрөөрөө нэг жишээ татахад Дуут, Мөнх-Хайрхан гэсэн 2 сумууд бол Урианхайчууд болоод Хасар ахын нутаг байх жишээтэй. Аймгийн төвөөс дээшээгээ, 20 иод км шахам үргэлжилдэг урт сайхан тал байдаг. Тэр тал дунд авж ирээд тавьчихсан юм шиг өнчин ганц "Баатар-Хайрхан" нэртэй уултай. Би хүүхэд байхдаа бас Оросын Украйн дугуйтай байлаа. Энэ дугуйгаараа би "Баатар-Хайрхан" уул орчихоод ирдэг байж билээ. Ээддээ зуны цагт ч мөн ч сайхан шүү! Буянт голынхоо ширгэн дээр очоод хэвтэж байхад ч сайхан даа. Өвлийн цагт гол хөлдөхөөр хүмүүс канкигаар их гулгана. Намайг канкигаар гулгаж чадах уу? гэх гэж байна уу! хэхэ. Миний ганц сураагүй юм байгаа юм. Хүүхэд байхдаа канкигаар гулгадаг баатар болж, нэг канки углаад 3 алхаад л тэрийж тархиараа савж унаснаас хойш дахиж хөлдөө тэр канки гэж юм углаагүй юм даг. Ховд аймаг маань товчхон бичихэд нэг иймэрхүү л нутагдаа!

Мөнгөн давалгаа хаялсан Мөрөн голын минь урсгалтай Мөнх цастай Алтайн суваргаас Мяралзан урсдаг нь бахдалтай Хэдэн зуун уулсын чанадаас Хэрэн урсдаг Буянт минь Асралт ээжийн минь сүү шиг Ариун тунгалаг рашаан юм Улиас бургас шуугин ганхсан Уудам шаргал хөндийн дундуур Үндэстэн ястануудын бахдал болсон Үзэсгэлэнт Буянт минь урсдаг аа.

Яруу найрагч Уушийн Батболдын шүлгүүдээс

  • PDF

Яруу найрагч Уушийн Батболд Мөнххайрхан сумын уугуул. Анхны шүлэг нь 1981 онд тэр үеийн пионерийн үнэн сонинд гарч байсан бол одоо “Элгэн талын нутаг”, “Зүрхний анир”, “Намрын цагаан өвс, Хязгааргүй хайрла” зэрэг номуудаа уншигчдад өргөн барихаар бэлтгэж байна. Амгалан хөх уулс, хөдөөгийн цэнгэг салхины амьсгал дайсан, эгэл болоод сэтгэлд ойрхон төрхөт энэ найрагч бээр идээшиж дассан буйд хөдөөгөөсөө буйр сэлгэж, саяхнаас аймгийн төвд суурьших болжээ. Манай утга зохиолынхны дунд зүй ёсоор хүндлэгддэг тэрбээр төв бараадан ирсэн нь олонд төдий л танил болоогүй түүнийг зохиол бүтээлээ түмэнд хүргэж, нэгэнтээ ил гарч ирэхэд нь тустай болсон мэт.

Цаг агаарын мэдээ