Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ

Эдийн засгийн хямрал уу, оюун санааны хомсдол уу?

  • PDF

Тоймчийн байр суурь

Нэг:Улс ба төрийн өнөөдрийн байдал

Эдийн засгийн хүндрэл хямрал, ажилгүйдэл ядуурал, орлогын хомсдол газар авсан энэ үед ээлжит сонгуулийн хугацаа тохиов.Төсвийн байгууллагууд дөнгөн данган цалинтайгаа үлдэж, бусад төрлийн бүх санхүүжилт зогссон, хөрөнгө оруулалт хумигдаж, үндсэндээ зогсонги байдалд орсон, бизнесийн орлого ихээхэн буурсан гэхчлэн таагүй байдлууд хэзээ арилах вэ гэдэг хамгийн чухал асуулт болж байна. Улс орны эдийн засгийн байдлын тухай судлаачдын гаргасан сүүлийн үеийн судалгааны тоймоос үзвэл сүүлийн дөрвөн жилд /2012 оноос хойш/ төсвийн нийт хуримтлагдсан алдагдал 4.2 их наяд буюу 2.6 тэрбум орчим ам доллар-т хүрч, төсвийн алдагдлыг цаашид санхүүжүүлэх боломжгүй болсон хийгээд 2016 оны төсөв 0.9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцогдож буй нь нөхцөл байдлыг улам бүр хүндрүүлж байгаа аж

Түүхий эдийн үнийн болон гадаад хөрөнгө оруулалтын жил дараалсан бууралт, төгрөгийн ханшийн уналт зэргийн улмаас орлогын тасалдал, үүссэн. Үүнийг шийдэх зорилгоор Засгийн газрын бонд гаргасан ч нэмэр болоогүйгээр барахгүй, төсөв байнгын алдагдалтай болж, Засаглалын дархлаа суларч, эдийн засаг сульдсан .

Нийт урсгал зарлага дахь зээлийн үйлчилгээний төлбөрийн хувийн жин өссөөр 2010 онтой харьцуулахад 22.7 дахин нэмэгдсэн, 2016 онд энэ төрлийн зарлагын 15.9 хувийг зээлийн үйлчилгээний төлбөрт зарцуулахаар байгаа нь банкуудын хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээг бууруулахад нөлөөлсөн. 

Тэрчлэн 2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын 71.4 хувь буюу 316.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 450 төсөл, арга хэмжээ нь өмнөх онуудад эхэлсэн дутуу ажлуудыг гүйцээх төслүүд байгаа. 2015 оны нэгдсэн төсвийн зарлага тухайн оны эцэст 60 гаруй хувийн л гүйцэтгэлтэй гарсан (Нээлттэй нийгэм форумаас хийлгэсэн Монгол улсын 2016 оны төсвийн тойм судалгааны дүн)

Улсын гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсаж байгаа, арилжааны банкуудын чанаргүй буюу эргэн төлөгдөх боломжгүй зээлийн хэмжээ нийт зээлийн 7.6 хувь буюу 960 тэрбум төгрөгт хүрч, банкууд тэр хэмжээний алдагдал хүлээх болсон. Ийм нөхцөл байдал үүсээд байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар урт хугацаатай зээл авч, богино хугацаатай зээлээ төлөх бодлогоо зарласны дараа хятадаас 7.5 хувийн хүүтэй зээл, дахиад 2016 онд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэг тэрбум гаруй төгрөгийн зээл авсан. /Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл/

Мөн Оюунтолгойн уурхайг барьцаалан Дубад очиж гэрээ хийсэн ба эндээс 6.0 миллард долларын зээл авсан ч үүнийхээ улмаас улсаа 2.0 тэрбум гаруй долларын алдагдалд оруулсан нь баримтаар.нотлогдсон. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын Монголыг цөлмөх зорилгоор явуулж байсан санхүүгийн луйврууд илэрсэн ч түүнийг нь ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч зөрчилгүй байсан мэтээр хуйвалдан тохирох замаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь гадаадынхан мөнөөх луйвраа үрэлжлүүлэн явуулах боломжийг олгосноор барахгүй, гэрээг цуцлах бараг боломжгүй байдлаар асуудлыг зохицуулахад нь тус болсон.. /Шудрага ёс эвслийн хэвлэлийн бага хурал дээр сангийн сайд асан Ч.Улаан нарын хийсэн тайлбар мэдээлэл/

Өнөөдрийн байдлаар авсан зээлээ хэрхэн эргүүлж төлөх, алдагдлаа яаж нөхөх тухайг бүү хэл өмнө нь авсан өр зээлүүдээ ямар аргаар дарах талаар тоймтой тооцоо судалгаа байхгүй гэх мэт мухардмал асуудлуудтай улс орон маань орооцолджээ. .

Хоёр: Өөрсдөөс шалтгаалж байгаа нь юу вэ?

Тэгвэл Ховд аймагт байдал ямар байна вэ? Ховд аймаг маань 2013 онд ажлын үзүүлэлтээрээ улсад тэргүүлж сайхан амжилт үзүүлсэн бол энэ 2016 онд сонгуулийн өмнөхөн төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнуулав. “Улс орны хэмжээнд эдийн засгийн хүндрэл үүсч, бэрхшээл нүүрлээд байхад Ховд аймаг л харьцангуй сайн байна” хэмээн аймгийн Засаг дарга байнга ярьдаг нь чухам энэхүү шагнал урамшлаар батлагдаж байх бололтой.

Тэрээр урьд онуудад буюу 2008, 2009 оноос эхэлсэн томоохон хөрөнгө оруулалтууд үргэлжилж, зам барилгын чиглэлийн зарим ажлууд, тухайлбал Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар тавигдаж буй баруун бүсийн босоо тэнхлэгийн замын 40 гаруй хувь, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2010 оноос эхэлсэн Манхан-Ховд чиглэлийн зам, мөн АХБ-ны хөнгөлөлтэй зээлээр 2010 оноос эхэлсэн 103.3 км замын ажлууд үргэлжлэн хийгдэж дууссан бол 2012 оноос зураг төсөв нь зохиогдож, бэлтгэл ажил нь хийгдээд байсан дулааны хоёрдугаар станцыг 2013 онд барьж ашиглалтанд оруулснаар жил болгон учирдаг Ховд хотын дулаан хангамжын хүндрэлийн дийлэнх хэсэг шийдэгдэв.

2013 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж барих ажлыг 2015 онд эхлүүлсэн, 2016 онд аймгийн төвд Прогресс сургуулийн дэргэд биеийн тамирын талбай байгуулсан, жилд 30 мянган тонн шахмал түлш боловсруулах хүчин чадалтай шахмал түлшний үйлдвэр ашиглалтанд орсон, Төрийн орон сууцны корпорацийн шугамаар 120 айлын орон сууц баригдаж ашиглалтанд орсон, хувийн хэвшлийн хөрөнгөөр цөөнгүй орон сууцнууд баригдсан зэрэг томоохон ажлууд хийгджээ.

2011 оноос төсвийн эрх мэдлийг орон нутагт түлхүү олгох болж, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх шийдвэр гаргасны үр дүнд Ховд аймагт 2013 оноос эхлэн түүхэндээ байгаагүй их хөрөнгө оруулалт хийгдэж тухайн ондоо 12.4 тэрбум, 2014, 2015 онуудад тус бүрдээ 10-аад тэрбум төгрөг Ховд аймагт хувиарлагдан зарцуулагджээ.

Гэсэн ч эдийн засгийн хүндрэл бэрхшээл, тулгамдсан бусад асуудлууд манай аймгийг тойрсонгүй. Ард иргэдийн орлого хомсдож, эдийн засаг доройтсоны улмаас өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүд татан буугдаж, үйл ажиллагаагаа зогсоох нь ихэссэн, 2015 оны орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 14,7 хувиар, үүний дотор татварын орлогын төлөвлөгөө 1.7 тэрбум, төсвийн зарлага 6.7 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан Өнгөрсөн оны төсөв 300.0-аад сая төгрөгийн өртэй гарсан. 2016 онд орон нутгийн төсвийн нийт зарлага тусламжийн дүн 2014 оныхоос 2,3 тэрбум, 2015 оныхоос 1,1 тэрбум төгрөгөөр, сумдад хувиарлагдах орон нутгийн хөгжлийн сангийн төсөв 2015 оныхоос 0,8 тэрбум төгрөгөөр тус тус буурч батлагдсан зэргээр төсвийн боломж хумигдсанаас гадна хөрөнгө оруулалт зогсонги байдалтай болсон нь мэдээж хүндрэлтэй нөхцлийг бий болгож байна. .

Дээр дурьдсанчилан төсвийн байгууллагууд цалингаас өөр санхжүүжилтгүй болж өр, авлагын данс зузаарсаар байгаа бол худалдаа эрхлэгчдийн орлого өмнөх жилүүдийнхээс 35-45 хувиар буурчээ./захын худалдаа эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар/ Санхүүгийн хүндрэл, эдийн засгийн таагүй нөлөөллийн улмаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа гацаанд орж, төрөөс дэмжлэг бүхий ганц нэг газрууд л боломжийн ажиллаж байна. Зарим нэг ажил бүтээчих санаатай, үгүйдээ л төрийн байгууллагаас өрөө авах санаатай эрх мэдэл бүхий нөхдүүд, засаг захиргааныхантай уулзахад төсөв мөнгөний боломж ийм байгаа болохоор яах ч арга алга шүү дээ хэмээн мөрөө хавчина. Тэгсэн хэрнээ цааш эргээд иргэд олон нийттэй уулзалт, яриа энэ тэр хийхээрээ бүх юм болж бүтэж байна. Бид ийм ч амжилт үзүүлж, тийм ч гавъяа байгууллаа. Амьдрал өдөр сараар сайхан болж байна. Цаашид улам ч гоё болно хэмээн сурталдаж эхлэхийг нь сонсоход өөрийн эрхгүй гайхаш төрнө.

Харин одоо үүнийг орхиод эдийн засаг нийгмийн таагүй нөхцөл нүүрлэх болсны уг шалтгаан нь юу байсан бэ гэдэгт асуудлыг чиглүүлье. Эрх баригчид, албан тушаалтнууд маань ихэнхдээ дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эд, эрдэс баялгийн үнэ ханш буурснаас л хамаг юм боллоо. Үүний нөлөө л орон нутагт маань тусаж байна хэмээн тайлбарлаж байгаа. Өөрсдөөс шалтгаалсан зүйл нэгээхэн ч байхгүй хамаг юм гадаад нөхцөлөөс л болж буй бололтой. Тэгвэл дотоод шалтгаан буюу өөрсдөөс шалтгаалж байгаа зүйл байна уу, үгүй юу гэдгийг цөөн хэдэн жишээгээр тодруулах гэж оролдоё.

2013 онд баригдаж эхлээд 2014 онд ашиглалтанд орсон битүү худалдааны зах өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байсаар байна. Дөрвөн тэрбум 700.0 сая төгрөгөөр баригдсан энэхүү хэр тааруухан байгууламжийн өртөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан 80 айлын 9 давхар орон сууцны баригдсан нийт өртөгтэй харьцуулахад хувь илүү хөрөнгө зарцуулсан нь ойлгогдохгүй байгаа. Барилгын мэргэшсэн төсөвчиний тойм тооцоогоор уг барилгыг хамгийн өндөр зардлаар барьлаа гэхэд л 2.0 тэрбум төгрөг зарцуулагдах боломжтой гэх. Гэтэл түүнээс 60 гаруй хувийн илүү зардлаар баригдсан мөнөөх объект ашиглагдахгүй ямар ч хэрэггүй сав болж үлдсэн нь өөр ноцтой шалтгаанаас улбаатай. Энэ барилгыг барих тухай яригдаж, аймгийн Засаг дарга болон зарим нөхөд захын худалдаа эрхлэгчдийг ятгаж, хуримтлал цуглуулж байх тэр үед “Их санасан газар есөн шөнө хоосон гэгч болов уу зай” хэмээн сэрэмжлүүлж, сануулсан гарчиг бүхий нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд “энэ асуудал нь өөрөө Монгол улсын 4-5 хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн, цаашдын ирээдүй нь тун бүрхэг зүйл байна шүү !” хэмээн анхааруулсан ч, эрх мэдэл бүхий нөхөд нохой хуцсаны төдийд тоосонгүй. Тус объект одоо болтол ашиглагдахгүй байгаа явдал нь энэ мэт учир шалтгаанаас улбаатай. Цаашлах юм бол худалдаа эрхлэгчдийг ятган итгүүлэх аргаар тэднээс 1.0 тэрбум гаруй төгрөг цуглуулсан ч өөрсдөд нь үүний үр өгөөж ирэхгүй байдлаар иргэдийг хохироох ажиллагаа явагдсан, түүнчлэн газрын наймаа, баригдсан обьектын чанар чансаа, хууль бус компани байгуулж, их хэмжээнйи мөнгө завшсан үйлдэл гэх мэтээр үүнтэй холбоотой өөр ноцтой асуудлууд ч гарч ирнэ.

Түүнээс гадна мөн л 2013 онд аймгийн төвийн зүүн өмнө хэсэг Рашаант уулын хормой дахь элсэрхэг газарт “жишиг хороолол” гээчийг барихаар төлөвлөж, сум хөгжлийн сангаас 100.0 сая төгрөг зарцуулан, нэр бүхий гурван компанитай шууд гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэн. Энэ нь газар сонголтын хувьд эрсдэлтэй, учир нь нэгд сул хөрстэй элсэрхэг, хоёрт уулын хормойгоор үерийн далан байгууламж барих асуудлыг шийдээгүй нөхцөлд үер усанд автах магадлалтай /уулнаас уруудсан өргөн гуу жалга уг газрыг дайран өнгөрч буй/, гуравт оршуулгын газарт хэт ойрхон байгаагаас хүмүүсийн сэтгэл зүйтэй холбоотой эрсдэл байгааг сануулж, мөн л сонин дээр нийтлэл бичигдэж байсан ч үл тоосон. Магадгүй олж уншаагүй бололтой. Шинээр баригдсан тэр хороолол эзгүй чигээрээ байсаар нэг жил болоод байхад ч санаа сэрэмж авахгүйгээр 2014 оны төсөвт дахин мөнгө төсөвлөж, уг газрыг гэрэлтүүлэгтэй болгоход 140.0 сая төгрөг зарцуулсан. Ингээд орон нутгийн төсөв, сум хөгжлийн сан гэх мэтээс 300-аад сая төгрөг зарцуулж барьсан “жишиг хороолол” маань өнөөдөр бас л эзгүй. Хөдөөнөөс орж ирсэн, газар олдохгүй байгаа гэх 20-оод өрхөөс өөр айл амьтан тэнд очсонгүй гурван жил болов.

2013, 2014 онуудад хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгээр халгиж, цалгиж байх үед олон тендерүүд зарлагдаж, гэрээ байгуулагдсан ч хүссэн үр дүнг авч ирсэнгүй. Үүний заримаас дурдвал 2013 онд Буянт суманд төмс боловсруулах үйлдвэр байгуулахаар 300.0 сая төгрөгийн тендер зарлагдаж, гүйцэтгэгч нь шалгарч ажил гүйцэтгэх гэрээ хийгдэж, санхүүжилт нь “Сутайн цамхаг” компаний данс руу шилжсэн ч төмсний үйлдвэрийн сураг тасарсан. 300.0 сая төгрөг ч мөн байхгүй болсон. Үр дүн нь гэвэл Буянт сумын төвд баригдсан нэг жижиг сендвичэн амбаар л болж үлдэв.

Тендерийн баримт бичигт тусгагдсанаар Ховд хотын ногоон байгууламжуудын услалтын системийг шийдэх гол зорилго бүхий “монгол гутал”, “тарвас”, “домбо”, “хөөрөг”-ний хэлбэр бүхий усан сангийн байгууламжуудыг барьж байгуулахаар 4-5 тендер зарлагдсан ч үр дүн нь ердөө л дээрх “домбо”, “монгол гутал”, “тарвас” мэтийн листэн төмрөөр хийгдсэн хөшөөрхүү юм болж үлдэв. Өнөөдрийг хүртэл эдгээр обьектын ганцад нь ч орчин тойрныхоо ногоон байгууламжийг усжуулах иж бүрэн шийдэл хийгдээгүй, улсын болон техникийн комисс хэрхэн хүлээж авсан, ямар дүгнэлт гаргасан нь мэдэгдэхгүй байна. Эдгээрийн төсөвт өртөг тус бүрдээ 50 сая, зарим нь 30 сая гээд бодоход бас л хайран санагдана. Ийм хэмжээний мөнгө нь 5-6 ажиллагсадтай төрийн бус, эсвэл хувийн байгууллагын бүтэн жилийн төсөвт хүрэлцэх хөрөнгө юм.

Аймгийн төв буюу Ховд хотын төв талбайг шинэчлэх ажил дөрвөн жилийн турш хийгдэж, одоо л ерөнхий төрхөө олж байна. Энэ ажил өмнөх Засаг даргын үед санаачлагдан, 2012 ондоо 700.0 сая төгрөгний өртөгтэйгээр тендер нь зарлагдаж, тендерт “Буянт стандарт” компани шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээнд зааснаар уг ажлыг 2012 оны 10 сар гэхэд дуусгаж хүлээлгэн өгөх ёстой байв. Санхүүжилт нь гэрээний дагуу хийгдсэн. Гэвч ажил сунжирсаар 4 жилийг үдэв. Гэрээний дагуу авсан санхүүжилт яасныг бүү мэд. Тэгээд 2013-2015 онд хэсэг, хэсгээр дахин 600.0 сая гаруй төгрөгийг улсын төсөвт суулгаж батлуулжээ. Уул нь Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулиар бол тендер шалгаруулалт явагдаж, шалгарсан компанитай гэрээ байгуулсан л бол гэрээгээ мөрдөх, харин гэрээг биелүүлээгүй, хугацаандаа ажлаа гүйцэтгээгүй бол хариуцлага тооцох, улмаар “хар данс” гэгчид бүртгэж, дахиж тендер шалгаруулалтанд оролцох эрхийг нь 3 жил хүртэл хугацаагаар хасах ёстой. Гэтэл дээрх 600.0 сая төгрөгийг хууль зөрчиж батлуулснаар дөрвөн жилийн түүхтэй энэ ажлын төсөвт өртөг болох 700.0 сая төгрөг маань 1.3 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдэв. Компани өөрөө үнийн саналаа өгөөд, төсөл тооцооллоо хийгээд, төдий хэмжээний санхүүжилтээр энэ ажлыг гүйцэтгэнэ гээд батлуулчихсан, ажил гүйцэтгэх гэрээ нь байгуулагдчихсан ийм нөхцөлд дахин нэмж санхүүжилт батлах нь хуулиар хориотой. Гагцхүү онцгой шалтгаан үүсвэл, тодруулбал хоёр жилээс дээш хугацаатай ажил гүйцэтгэх гэрээний хувьд суурь үнийн индекс огцом өөрчлөгдсөн тохиолдолд л тухайн үнийн өөрчлөлттэй уялдуулахын тулд ийм арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Гэтэл энэ ажлын тухайд тийм шалтгаан үүсээгүй.

Ховд аймгийг тэжээх гол үүц хэмээгдэх Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, ашиглалтын үр өгөөж бас л тааруухан. Ховд аймгийн Засаг дарга болон Хөшөөтийн уурхайг эзэмшиж, ашиглаж буй МоЭнКо компаний хооронд 2013 онд шинэчлэн байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг үнэлсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний дүгнэлтээс үзэхэд орон нутгийн хөгжлийг дэмжих, Хөшөөт хөгжил санд хөрөнгө оруулах чиглэл бүхий заалтуудын хэрэгжилт төлөвлөснөөс 80 хувийн хоцрогдолтой байгаа аж. Энэ нь нүүрсний гадаад зах зээлийн үнэ буурсан зэрэг шалтгаантай холбоотой ч, аймгийн зүгээс ажлын хариуцлага маш сул байснаас ихээхэн шалтгаалсан тухай дүгнэлтэнд тодорхой дурьджээ. Нэгэн жишээг авч үзэхэд хамтын ажиллагааны гэрээний 14.18-д заасны дагуу “Ховд-Эрч хүч” ӨНҮГ-ын гүйцэтгэсэн 140.0 сая төгрөгний санхүүжилт бүхий /МоЭнКо компаний хөрөнгө оруулалт/ Ховд хотын “Номингийн уулзвар”-аас “Бичигтийн пост” хүртэлх авто машины замыг тохижуулах ажлын гүйцэтгэл туйлын хангалтгүй, мөнөөх 140.0 сая төгрөгийг хэрхэн зарцуулсан нь учир битүүлэг, гэрээний хугацаа өнгөрсөн оны 12 сард дууссан ч одоо болтол /2016 оны 6 сард/ тус ажлыг комисс хүлээж аваагүй. Ямар комисс байгаа нь ч тодорхой бус байх жишээтэй. Бидэнд мэдэгдэж судлагдсан эдгээр тохиолдлуудыг л авч үзэхэд л хөрөнгө оруулалтаар батлагдсан 5.0-6.0 тэрбум төгрөгийн эцсийн үр ашиг нь гарсангүй. Зарим хэсэг нь бүр ямар ч хэрэггүй гарын салаагаар урсан алга болж, хэн нэгний халаасанд оржээ.

2013 оны эхээр Ховд их сургуулийг удирдахаар Улаанбаатар хотоос томилогдож ирсэн захирал гурван жил ажиллаад гэнэт буцан одохдоо сургуулийн санхүүгийн нөөцийг үндсэнд нь дуусгаад, бараг цөлмөж орхиод алга болжээ. Гурван жил дараалан хийгдсэн гурван удаагийн аудитын шалгалтаар идэж шамшигдуулсан тэрбум гаруй төгрөгийн зөрчил илэрч, түүний 40 хувьд нь акт тавьсан, зөрчилд холбогдох хүмүүст арга хэмжээ авахыг даалгасан ч мөн л нөгөө “нохой хуцсаны төдий боддогүй” зангаараа огтхон ч авч хэлэлцээгүй орхисон байдаг. Сүүлийн жилүүдэд сонгуулийн мөчлөгтэй давхцаж, Ховд их сургуулийн захирал солигддог, тэгэхдээ заавал эрх авсан улс төрийн намын томилгоотой хэн нэгэн ирж суудаг, сургуулийн удирдах зөвлөлийн дарга гишүүд нь мөн л нөгөө эрх баригч улс төрийн хүчний албан тушаалтнууд болдог хачин гаж бодлого хэвшил болсон. Уул нь энэ тэндээс намын даалгавар биелүүлэгчдийг эрж хайж явахаар тус сургууль дотроо байгаа, сургуулиа арван хуруу шигээ мэддэг, мэдлэг туршлагатай профессор, докторуудаас сонгож удирдуулвал хувь илүү байхсан. Бүс нутгийн дээд боловсролын өнгийг тодорхойлох учиртай их сургууль маань улс төрийн хүчний хавсрага, гар хөл болж хувирсан энэ инээдэмт байдлыг даруй халах хэрэгтэй юм шиг санагдана.

Энэ бүх асуудлууд ийм түвшинд байгаа нь юунаас шалтгаалав? Хөрөнгө мөнгө нь батлагдсан, тендер зарлаж компанитай гэрээ байгуулсан, санхүүжилтийг нь олгосон ажлууд яагаад ийм олиггүй байдалтай болж төгсөв гэдгийн шалтгааныг бид олох ёстой байх. Уул нь бол төрийн ажилд иймэрхүү цалгар, хариуцлагаггүй байдал гармагц холбогдох албан тушаалтнууд тэр даруйд нь анхааралдаа авч, сануулах, дутагдлыг засуулах, арга хэмжээ авч ажлыг зөв гольдролд оруулах үүрэг хүлээсэн байдаг. Чухам ийм учраас л нэн ялангуяа улс төрийн албан тушаал хашиж байгаа нөхдөд ихээхэн эрх дарх олгож, төрөөс өндөр цалин пүнлүү өгч, машин унаа унуулж, орон байрыг нь хүртэл бэлддэг билээ. Чухам ийм эрх эдлэж буй нөхөд нь ард олны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ард түмэн өөрсдөө хянамгай, санаа самбаатай байж нөхцөл байдлыг хяналтандаа авах нь жам ёсны зүйл. Ингэж байж л сая бидний ярих дуртай “хөгжил, дэвшил” гэдэг юм чинь өрнөж, ирээдүй маань гэрэл гэгээтэй болох учиртай гэж санана.

Аймгийн удирдлагын ажлын тайлан, холбогдох мэргэжлийн хүмүүстэй, олон нийттэй хийсэн уулзалтууд дээр энд бичигдсэн бодит зүйлүүдийн талаар ямар нэг юм яригдаж байхыг ер үзсэнгүй. Харин ч энэ мэтээр шүүмжлэлтэй хандсан хэн нэгэнд машид дургүйцэж, албаны нэрээр далайлган сүрдүүлж байхтай ганц нэг таарсан маань, санамсаргүй “дайрлага” байсан гэж үзээд мартаж орхиё.

Төрийн ажил хийж буй хүн аливаад маш хариуцлагатай, хариуцлага алдсан тохиолдлыг зүгээр орхидоггүй, асар зарчимч, их мэдлэгтэй, ухаалаг, дорд ядууст энэрэлтэй, дээд зэргийн ёс суртахуунлаг нэгэн байх ёстой гэсэн тогтсон үзэл надад байдаг бөгөөд энэ ойлголтынхоо улмаас өөрийгөө төрийн албаны ажилд тэнцэнэ гэж бодохоос бага зэрэг эмээсхийдэг байсансан. Гэтэл одоо энэ ойлголт маань аажмаар сарнин арилж, харин ч үе, үехэн бухимдал цухал, эргэлзээ тээнэгэлзэл, үл итгэхийн сүүдэрт дайрагдах мэт. Хуучны хүмүүс их жудагтай өндөр ёс суртахуунтай байсан тухай мэдээ занги, яриа хөөрөөг олонтоо сонсож байв. Яагаад үүнийг хэлмээр санагдав гэхээр дээр бидний уг шалтгааныг нь хайсан асуудал маань мөнхүү ёс суртахууныг эрхэмлэх чанарын хомсдлоос үүдэлтэй биш биз гэх санаа юм.

Гурав: Оюун санааг үл эрхэмлэх бодлого

Дэд бүтэц, барилга байгууламжийн салбар дахь асуудлууд нэг иймэрхүү байгаа бол одоо нийгмийн салбарын холбогдол бүхий асуудлуудаас авч үзье.

Сүүлийн жилүүдэд төр захиргааны бодлого үйл ажиллагаанд иргэд олон түмний оролцоог эрхэмлэх талаар яригдаж, зарим нэг нааштай алхамууд хийгдсээр байгаа. 2013 оноос боловсролын салбарт олон нийтийн оролцоотой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тогтоол гарч, тэр даруйд “Ном”, “авъяас”, “багшийн хөгжил”, “аврага” гэх зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөр бүр тус тусдаа 120.0 сая төгрөгийн санхүүжилттэй. Хөтөлбөрийг боловсруулж батлуулахад салбарын удирдлагаас хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, төрийн бус иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн төлөөллүүдийг ч оролцуулав. Тэд ч санал бодлоо хэлснийг хөтөлбөрт боломжоор нь тусган оруулсан байсан нь сайшаалтай санагдаж байлаа. Тухайлбал “ном”, “авьяас”, хөтөлбөр мөн үлдсэн хоёр хөтөлбөрт ч ялгаагүй хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллах талаар тодорхой асуудлууд тусгагдаж, мөнгө хөрөнгө ч тавигдсан байв. Хэвлэл мэдээллийнхэн уг хөтөлбөрт заагдсанаар энэ чиглэлийн ажлуудыг санаачилж өрнүүлээд эхний жилийн эцэст салбарын удирдлагад тайлангаа өгсөн боловч хариу өгсөнгүй. Яваандаа санхүүжилт байхгүй болж хувирав. Хоёр дахь жилд бас санаачлагатай ажиллахыг хичээж тодорхой ажлуудыг төлөвлөн өрнүүлээд, дэмжлэг авах гэтэл улам ч мухардсан болохоор тэгэсхийгээд унтарсан юм. Хожим нь аймгийн Засаг даргын захирамжуудыг шүүрдэж үзвэл мөнөөх хөтөлбөрүүдийн шугамаар батлагдсан хөрөнгийг арай л өөр чиглэлийн зүйлүүдэд зарцуулаад байсан нь харагдаж байна лээ. Тухайлбал 2015 онд аймагт зохиогдсон ахмад волейболчдын тэмцээнд зарцуулах 6.0 сая, үндэсний сурын харвааны тэмцээнд зарцуулах 7.0 сая төгрөгийг авьяас хөтөлбөрөөс, Улсын харцага цол авсан бөхөд шагнал болгон олгох 4.0 сая төгрөгийг аврага хөтөлбөрөөс, баяр наадмын хүрээнд зохиогдсон янз бүрийн арга хэмжээнүүд, гадна дотноос ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх гэх мэт арга хэмжээнүүдийн зардлыг мөн тус хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх тухай захирамжууд гарган зарцуулсан байсан.

Дээрх хөтөлбөрүүдийг өөрсдийн байгууллага дээр маш амжилттай хэрэгжүүлж байгаа тухай сургууль, цэцэрлэгүүд, боловсролын газрын ажил хариуцсан хүмүүсийн тайлан мэдээллүүдийг олонтоо харж, байсан боловч тэр бүгдийг хянаж, нягтлаагүй болохоор дүгнэлт өгөх боломжгүй юм. Харин тэдгээрт зориулагдсан санхүүжилтээс өөр зүйлд зарцуулсан, мөн олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хамтарч ажиллах тухай яриа нь зүгээр л “чихэр үзүүлж хуурах” төдий юм болсон гэдгийг л мэдэж байна.

Төр захиргааны бодлого шийдвэрт иргэдийг оролцуулах, санал бодлыг нь сонсох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ихээхэн ахиц гарсан мэтээр албан тушаалтнууд дарга нар хурал, уулзалтууд дээр ярьж байхыг олонтоо сонссон. Гэвч энэ ажил хэлбэрийн хувьд л ахиц гарсан мэт харагдаж байгаа болов уу гэж бодно. Яагаад гэвэл энэ чиглэлийн ажил Монгол улсад 2008, 2009 оноос түрцтэй яригдаж, улмаар 2010-2012 оны үед нэлээд идэвхжиж ирсэн. 2009, 2010 оны үеэс төсвийн ил тод байдлын асуудал яригдаж, 2011 онд төсвийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, мөн онд төсөв санхүүгийн ил тод байдлын журмыг Засгийн газраас батлах гэх мэт чухал шийдвэрүүд гарахын зэрэгцээ, төрийн худалдан авах ажиллагаанд төрийн бус байгууллагуудаар хараат бус хяналт үнэлгээ хийлгэх, тэрчлэн  төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх тухай заалт холбогдох хуулинд тусгагдсанаар энэ ажил ч хийгдэж эхлээд байсан. Идэвхжиж эхэлж байсан дээрх ажил Ховд аймагт 2013 оноос хойш бүрэн унтарсан юм. Тухайн үеэс эхлэн төрийн байгууллагын ажил үүргийг төрийн бус байгууллага гэрээлэн гүйцэтгэх асуудал яригдахаа больсноос гадна, урьд нь бүрэлдэн тогтож үйл ажиллагаа нь хэвшээд байсан төрийн бус байгууллагуудын нэгдэл /Иргэний нийгмийн албан бус сүлжээ/ ч байхгүй болсон. 2013 онд Мерси Кор байгууллагаас зарлагдсан төслийн хүрээнд нэр бүхий ТББ төрийн худалдан авах ажилагаанд хяналт үнэлгээ хийх эрх авч, уг төслийн шалгуур зарчмын дагуу аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллаж, төслийн санхүүжилтийнх нь 15 хувийг шийдэж өгөхийг хүсэж, санал тавихад хүлээж аваагүй явдал нь энэ чиглэлээрх аймгийн удирдлагын байр суурийн илэрхийлэл гэж үзэж болох юм. 2013, 2014, 2015 онуудад Ховд аймгийн худалдан авах ажиллагаа, дэд бүтэц, хөшөөтийн уурхайн гэрээний хэрэгжилт зэрэгт хийгдсэн хөндлөнгийн хяналт үнэлгээний үр дүнг танилцуулж, санал зөвлөмж гарган, аймгийн удирдлагад хүргүүлсэн боловч, дүгнэлт зөвлөмжийн талаар ажилдаа тусгах нь бүү хэл, авч танилцсан талаар хариу мэдэгдэж байсан удаагүй. Бидний хувьд дээрхээс гадна бусад асуудлаар аймгийн удирдлагад (Засаг дарга) хандаж, албан бичгээр хандах, санал гаргах, асуудал тавих зэрэг харилцааг олонтоо үүсгэсэн боловч хариу огт өгдөггүй нь бодит үнэн юм. 

Иргэд, иргэний нийгмийн оролцоог сайжруулснаар гарах эцсийн үр өгөөж нь төрийн захиргааны бодлогыг илүү мэдрэмжтэй, эргэх холбоотой болгох, хөнгөн хийсвэр, нутаг орны болон олон түмний нийтлэг эрх ашгийг бодитоор хангаж чадахгүй байгаа зүйлүүдийг анхааран, залруулж, боловсронгуй болгоход орших ёстой байх. Чухам энэ үүднээс авч үзвэл өнөөдөр төр захиргааны бодлогод хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл гэвэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж төрж, амьдарч байгаа хүн бүхэн тэгш эрхтэй, тэгш боломжтой байх тухай Үндсэн хуулийн үзэл санаа зөрчигдсөөр байгаа явдал. Тухайлбал өнөөдөр манайд хүмүүс өөрсдийн эзэмшсэн мэргэжил, боловсрол, авьяас сонирхлоосоо шалтгаалаад ялгавартай орлоготой, амьдралын харилцан адилгүй түвшинд аж төрөх нөхцлийг баталгаажуулсан, алагчилангуй тогтолцоо ноёрхож байна.

Тодруулбал уран бүтээлчид оюуны салбарынхан маань төрийн албан хаагч л болж чадаагүй бол орон нутагт олигтой аж төрөх, уран бүтээлээ амжилттай туурвих боломж нь маш бүрхэг. Оюуны салбарын зах зээлийн орчин нөхцөл орон нутагт хөгжих нь байтугай бий болоогүй, төр захиргаанаас ямар нэгэн зохицуулалтын бодлого байхгүй хэвээр. Уран бүтээлчид энэ талаар төр, захиргаанд хандан, тодорхой санал дэвшүүлэхэд мөн л хүлээж авахгүй. Энэ байдлаас болоод тухайн чиглэлийн мэргэжил, мэргэшилтэй хэсэг нь зэврэн будангуйрч, яахаа мэдэхгүй цөхөрсөн байдал улам ч гүнзгийрч байна.

Дэлхийн аль ч улсын гүн ухаан, түүх, улстөртэй холбоотой ном судрыг сөхөж үзэхэд төрийг төр шиг, улсыг улс шиг, ард түмнийг ард түмэн шиг байлгахад нөлөөлдөг хамгийн эрхэм зүйл нь үндэстний оюун ухаан, мэргэдийн сургааль, ном судар гэх. Гэтэл Монголд маань оюуны салбар ад үзэгдсэн байдалтай. Хамгийн захын жишээг хэлэхэд сүүлийн хоёр жил эдийн засаг хямарч арга мухардах үед улс, орон нутгийн төсөв санхүүг танах, хэмнэх арга хэмжээ авахдаа юуны түрүүн ном, соёл, хэвлэл мэдээллийн зардлыг хасаж танаж хаяж байгаа явдал. 1990-н хэдэн оноос хойш хамгийн хурдан хугацаанд түвэггүй баяжиж, хөрөнгөжсөн нөхдүүд гэвэл улсын обьектуудыг хувьчилж аваад зарсан хүмүүс, дараа нь элдэв төрлийн ченжүүд буюу зуучлан борлуулагчид болсон, түүний дараа нэг хэсэгтээ барилга, дэд бүтцийн салбарынхан сүрхий бийлэгжүү болж, харьцангуй тансаг амьдралтай байх нөхцөл нь бүрдээд байв. Гол шалтгаан нь Монголд барилгын үнэ, үнэлгээ их өндөр ханштай байгаа явдал. Үүнээс улбаалаад мөнгөтэй болохыг хүссэн бүхэн барилгын салбар руу хошуурав. Танил талтай, зальтай зайтай л бол эмнэлгийн эмч, сургуулийн багш нар хүртэл барилгын компаний захирал болох аянд мордоцгоосон. Барилгын компани байгуулаад 12 айлын нэг орон сууц барихад л байр, машин гээд амьдралынхаа бүх хэрэгцээг түвэггүй хангаж байсан юм чинь арга ч үгүй. Гэтэл тухайн салбарын нэлээн мэргэшсэн сайн төсөвчиний тооцож үзсэнээр мөнөөх барилгын бодит ханш нь амьдрал дээрхээс хоёр дахин багаар тооцогдож байгаа тухай баримт жишээг бид өмнө нь нийтлэж байсан. Яваандаа эдийн засаг доройтсонтой холбоотойгоор барилгын борлуулалт, орлого ашиг ч муудаж эхлэв. Энэ бүх солиг саармаг зүйлийн уг шалтаан нь төр захиргааны бодлого зохицуулалтай холбоотой биш гэж үү.

Дээр нь үзэл суртлын хийрхэл гэдэг өвчинд айхтар нэрвэгдсэнийг хэлэх хэрэгтэй. 2012 оны сонгуулийн үр дүнд аймгийг удирдах болсон нөхөд маань хуучин ажиллаж байсан төрийн албан хаагчдыг хомроглон халах, тушаал доошлуулах “хойшлуулшгүй ажиллагаа”-нд ханцуй шамалсныг олон нийт мэдэж байгаа. Үүний улмаас дунд сургуулиудын захирлууд мэтсийн зарим хэсгийнх нь эсэргүүцэлтэй тулгарсан ба тэд аймгийн Засаг даргын шийдвэрийг шүүхэд өгснөөр шүүх хууль бус шийдвэрийг түдгэлзүүлж, улмаар давах шатны шүүхээс хууль бусаар халсан захирлуудыг ажилд нь эргүүлж томилох тухай шийдвэр гарсан ч энэ хэрэгжээгүй. Шүүх хүчтэй юу “нам” хүчтэй юу гэдгийг харуулсан нэг шоу болсон гэж болох. Энэ мэтээр намаар талцан хуваагдах, үзэн ядалцах туйлшрал “бугшмал хэцүү”-г идээлүүлэн өөрлүүлж, ямар сайндаа л “А хүн, Б хүн, В хүн” гэх онигоо гарахав дээ. А хүмүүс бол эрх баригч намын талын түүний ивээлд орсон хүмүүс. Тухайн цаг үед бүх зүйл нь ногоон гэрлээр бүтнэ. Мэргэжилгүй байсан ч ажилд орно. Салбар байгууллагын талаар мэдлэг чадвар, дадлага туршлага хамаарахгүйгээр албан тушаал дээр очно. Харин Б хүмүүс бол сөрөг хүчний тал болон тэднийг дэмжигчид учир бүх зүйлд ямар ч “шансгүй”. В хүмүүсийн хувьд аль алинд нь шууд хамааралгүй, гэхдээ нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, төр захиргааны ажлын талаар санал бодлоо шударга ил хэлдэгт нь бол бас л эрсдэлтэй. Учир нь хардлагад өртөнө. Ялангуяа шүүмжлэлтэй зүйл ярьсан дутагдал, доголдолтой зүйлийн талаар хэлж сануулсан хүмүүс сөрөг намын талын хүн болж харагдах ба үүнээсээ болж албан тушаалтнуудын араанд зуугдах айдас отож байдаг. Ажил шийдүүлэхээр ороход, хана мөргөөд л буцах жишээний. “Чи муу тэр намын нөхөр” гэх нь энүүхэнд

Энд авч үзвэл зохих бас нэг чухал зүйл гэвэл иргэд олон түмний зүгээс амьдралд хандаж буй хандлага гэж бас болох. Тэдний ихэнх нь төрийн хэрэг бидэнд хамаагүй гэх “хувиа хичээсэн” үзлээр аж төрцгөөнө. Төр захиргааны бодлого шиидвэр, түүний хэрэгжилт явагдаж буй үйл ажиллагааг ажиглаж оролцох, санал онолоо хэлэх, дутагдалтай зүйлсийг нь шүүмжлэх, залруулахын төлөө хичээх сэлтээс аль болох зайлсхийнэ. Харин эрх мэдэлтэй хүмүүсийг шүүмжлэхгүй, тэдэнд тал алдахгүй байж, магтах дөвийлгөх байдлаар бяцхан заль хэрэглэхийг гол болгож буй нь цөөнгүй. Энэ нь тэдний хоолоо олох гол арга болдог нь маргаангүй зүйл. Тэгсэн атлаа сонгууль мэтийн үеэр миний нам, чиний нам, манай нам, танай нам хэмээн хэрэлдэж уралцах нь холгүй юм болно. Ингэж хөөрч хөвхөлзөж байж санал өгөөд, сонгуулийн үр дүн гарсны маргаашнаас л нөгөө надад хамаагүй хэмээх “хувиа хичээсэн” төрхөндөө орчихно. Аймаг сумдын иргэдийн хурал хуралдахад сонгогдсон хэдэн төлөөлөгч оролцох ёстой, бусад хүмүүс оролцох ёсгүй юм шиг байдал ноёлсоор бүр хууль шахуу юм болсон гэхэд хилсдэхгүй. Энэ байдал маань мөнөөх сонгуулийн үеэр эрх мэдэл суудал сандлын төлөө улайран зүтгэх нөхдийн хувьд сайхан өөш болно. Ард олон гярхай, хянамгай байж, улс төрийн наана цаанийг шүүн тунгааж, шүүмжлэлтэй хандаж чадсан нөхцөлд улс төрчид хийгээд биднийг төлөөлөгчид маань өөрсдөдөө дүгнэлт хийж, заавал бид л энэ эрхийг эдлэх ёстой гэж улайрахаасаа түдгэлзэн, эрүүл ухаанаар хандах боломжтой болох юм шиг санагддаг.

Орон нутгийн хүрээнд явагдах бодлого, төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлт энэ тэрийг хийхэд ард олон ихэнхдээ мэдэлгүй хоцрох, эсвэл харь хөндий мэт өнгөрнө. Зарим нэг ажлуудад иргэдийн оролцоог хангахыг хичээж байгаа хэмээн янз бүрийн ажил зохиож буй харагдавч үр дүн нь хөрсөнд шингэхдээ тийм ч сайн бус байгаа. Энэ мэтийг улиглан үгүүлж буйн учир гэвэл иргэд ард олон маань өөрсдөө засаглалд нэн идэвхтэй оролцогч байж, улс орон нутгийнхаа аливаа үйлийг жинхэнэ утгаар нь хамтын хүчээр авч явах боломжийг бий болгож чадваас дээр дурьдсан таагүй байдлуудыг өөрчлөх боломж бүрдэнэ гэж бодно.

Түүний тулд иргэд олон түмний дуу хоолой нэн чухал. Сонгуулийн сурталчилгаа явагдах хугацаанд манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, телевизүүд маань улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааг хийж, магтан пиардахын зэрэгцээгээр ард олныхоо санаа бодол, дуу хоолойг улам өргөн дэлгэрээр тархаан түгээх нь сонгуулийн жинхэнэ утга учир болох юм. Юу гэвэл сонгогч олон түмэн маань энэ өдрүүдэд л үндсэн хуульд тунхагласанчилан “төрийн эрхийг гартаа барих” эрхээ эдлэх өндөр боломжоор хангагдаж байх учиртай.

Эцэст нь гэвэл 2016 оны УИХ, аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд хүн бүр өөрийн гэсэн бие даасан бодлоор хандаж, эрээн мяраанд хууртахгүй, элдэв заль, уран арганд автахгүй, ард иргэдийн нарийн мэдээлэл байхгүйг ашиглан худал сайрхаж, гоёчлон сурталчилсан зүйлүүдэд төөрөлдөн итгэхгүйгээр төв хянамгай байж гэмээнэ бидний сонголт голч болох учиртайг онцлон сануулахыг хүсэв.

Г.Төрмөнх

“Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү...”

  • PDF

Хил орчмын хамтын ажиллагаа

Editie Piexa

1966 онд Горно-Алтайн Манжерок сууринд болсон Зөвлөлт, Монголын залуучууд, оюутны их наадмын 50 жилийн ойг ОХУ-ын Алтайн хязгаар болон Монголын олон нийт ирэх 2016 онд хамтран тэмдэглэнэ. Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотод Монголын Үндэсний их сургууль, Горно-Алтайн улсын их сургуулийн удирдлагууд, түүнчлэн хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага, “Ховдын толь” сонин болон Вестник Горно-Алтайска сонины удирдлагууд хамтран энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол Оросын залуучуудын чуулга уулзалтыг мөн ирэх онд АБНУ-д зохион байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Уг хэлэлцээрт Ховд их сургууль болон Ховд аймаг, Монголын баруун бүсийн залуучууд оюутнууд ч хамрагдаж байгаа юм. Анхны энэхүү хуралдаанаар уг үйл ажиллагааг зохион байгуулах хамтарсан хорооны бүрэлдэхүүнийг сонгож, хариуцах ажлуудыг нь тодорхой болгосон бөгөөд одоо 1966 оны наймдугаар сард болсон тэрхүү мартагдашгүй өдрүүдийн тухай дурсамж, мэдээлэл, материалуудыг цуглуулан, эмхэтгэх ажил хийгдэж байна. Энэ тухай ном хэвлэгдэн гарах бөгөөд АБНУ-ын “Вестник Горно-Алтайска” сонины редакци олон жилийн өмнөх тэрхүү үйл явдалд оролцсон, мэдээлэл авч байсан бүхий л хүмүүсийг дурсамж, сэтгэгдэл, хадгалан үлдсэн хийгээд олж авсан мэдээллүүдээ хуваалцахыг урьж байгаа юм.

Тухайн үеийн Горно-Алтай хотын дунд сургуулийн бага ангийн сурагч би 1966 онд фестивал болох хүртэл Манжерок дахь Лениний нэрэмжит пионерийн лагерт гурван ч удаа амарчихаад байсан юм. Фестивал болдог жил би арвангурван настай жаалхүү байсан бөгөөд тэнд оролцсон олон хүмүүс, хийгээд үйл явдлыг харж, ой санаандаа хадгалсан маань одоо чухам үлгэр мэт санагдаж байна. Найрамдал – Энэ Манжерок /Дружба – это Манжерок/ гэж дуулдаг нэгэн алдартай хэрнээ энгийн сайхан дууг олон хүн санаж байгаа. Жаран жил дуулагдсан энэ дууr та ч гэсэн аялах дуртай бизээ.

Бүх холбоотын Лениний коммунист залуучуудын эвлэлийн төв хорооны /ЦТ ВЛКСМ/ захиалгаар Зөвлөлт Монголын оюутан зулуучуудын их наадмыг ийнхүү тэмдэглэсэн тэр жил Улаанбаатар хотод Зөвлөлт, Монголын залуучуудын байгууллагын хооронд хамтран ажиллаж, харилцан туслалцах шинэ гэрээнд гарын үсэг зурсан тухай мэдээллүүд тухайн үеийн сонин хэвлэлд нийтлэгдсэн байдаг.

Алдарт Чуйн их зам дээрх Манжерок тосгоноос холгүйхэн Манжерок нууран дээр, мөн Бийск, Барнаул Горно-Алтай хотуудыг хамруулан явагдсан тэрхүү их наадмын тухай цөөнгүй мэдээлэл архивт хадгалагдаж үлджээ.

Их наадамд “Манжерок” дууны зохиогчид болох яруу найрагч Наум Олев, хөгжмийн зохиолч Оскар Фельцман нар оролцож, эргээс нь дотогш 30 метрийн зайд нуурын мандал дээр зассан тайзан дээрээс бүх оролцогчдод хандан үг хэлж, дуу хоолойгоо өргөж байв. Энэ бол 1966 оны 8 дугаар сард юм. Тэнд болсон үйл явдлын тухай Эдита Пьехагийн “Хөх түүдэг” дуу цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж байсныг тэр үеийнхэн бүгд санаж байгаа байх. Түүнчлэн орон нутаг судлаач Николай Воробьевийн хэлснээр бол “Манжерок” дуу бараг хагас зууны турш хязгаар нутгийнхны бахархал болсоор ирснээс гадна эстрадын тайзан дээр үнэнхүү алдаршиж чаджээ.

Сэтгэлд тод үлдсэн бас нэг дурсамжыг сөхөхөд нуурын мандлыг “чилим” буюу усны самар битүү бүрхсэн байсансан. Энэ ховор ургамлын ургаж, боловсрох үе нь нуурын ёроолд өнгөрдөг ба боловсорч гүйцээд ийнхүү мандал дээр цэцэглэн хөвдөг юм. Тухайн үеийн дүр зургийг харахад нуурын мандал олон мянган эвэртэй толгойнууд хөвж байх шиг сэтгэгдэл төрүүлж байлаа. Хязгаар нутгийн эртний хүмүүс түүнийг “чөтгөрийн самар” хэмээн нэрлэж, элдэв зүйлд ихээр хэрэглэдэг байсан ба улаан номонд орсон ховор ургамал юм. Сүүлийн үед энэтхэг, хятадад энэ ургамлыг тарималжуулан хэрэглэдэг болжээ.

Тэгэхэд фестивалд хоёр гурван сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Тиймээс пионерийн лагерт хоёр, гуравдугаар улиралд хүүхдүүдийн ээлжийг цуцалж зөвхөн фестивалийн бэлтгэлд бүхнийг зориулж байсныг санаж байна. Фестивалын үеэр нуурын мандал дээр банз модоор үлэмж том талбайг эзэлсэн, хотхон байгуулж, нуурын хөвөөг орлохуйц элсэн төгөл хүртэл гаргасан байв. Хэдий усны мандал дээр ч гэсэн тэнд 25 градус хүртэл зуны наран ээж, хүүхэд залууст гойд сэтгэгдэл төрүүлж байсан юм. Тэнд бас В.И. Лениний нэрэмжит пионерийн лагерийг бий болгосон нь амарч тухлах хэсэг, хооллох газар, гар бөмбөг болон бусад спорт тоглоом тоглох стадион, урлагийн тогтлолт хийх тайз, үзэгчдийн танхим бүгдийг цогцлоожээ. Нэг үгээр хэлбэл өсвөр үеийнхний томоохон цогцолбор болсон байсансан.

Миний аав тэгэхэд Горно-Алтайскийн Зорчигч тээврийн газрын /АТХ/ буюу /ПАТП/ аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, хамгийн анхны том оврын автобус жолоодох эрхийг гардаж авсан байсан юм.

Аав маань Монголын оролцогч залуучууд, оюутнуудын түрүүч /ЗИС150/ маркийн ачааны машинаар Кош-Агачийн районы Ташантаар ирцгээж байгаатай хамгийн түрүүнд тааралдсанаа хэлж билээ.. Гал дөлөөр бадарсан хөвгүүд охидыг харахад гайхалтай байсан хийгээд тэднийг шинэхэн ПАЗ автобусанд шилжин сууж замаа туулахыг санал болгожээ. Тэгээд Чуйн их замаар ийм 20 гаруй машин жингийн цуваа шиг цувран хөдөлсөн гэдэг. Улаанбаатараас ирсэн Монголын залуучуудын дунд бяр хүчит бөхчүүд, мэргэн буудагчид, сур харваачид, Монголын ардын театрын авьяаслаг жүжигчид ч байлаа.

Москвагаас жүжигчин Сергей болон Кирилл Столяров, хөгжмийн зохиолч Оскар Фельцман, дуучин Эдита Пьеха, акробат гимнастикч Геннадий Попов нар хүрэлцэн ирсэн. Тэд бүгдээр хамгийн эхний автобусаар ирсэн бөгөөд дашрамд үгүүлэхэд Геннадий Попов бол Горно –Алтайн Ойрад угсааны хүн байлаа. Тэрээр Горний Алтай хотод төрж, эндхийн Социалистуудын гудамжны хоёр давхар байшинд хүүхэд насаа өнгөрөөжээ.

“Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү” хэмээн эгшиглэх тэр л дууны аялгуу их наадмын оролцогчдын сэтгэлд мартагдашгүй, гүнзгий сэтгэгдэл үлдээсэн юм. Мэдээжийн хэрэг Монголын хөвгүүд охид энэ дууг сонсоод муухан ойлгож байсан ч дагаж дуулсаар “Манжерок -Дружба найрамдал” гэдэг үгийг хурдан хугацаанд, бүгдээрээ сурцгаасан юм. Энэ үг нэг ёсондоо их наадмын таних үг /парол/ нь болж байлаа. .

Тэндэхийн иргэд, оршин суугчид нэг их төвөггүйгээр наадмын бүс буюу залуусын хотхонд зочилцгоох бололцоотой байсан санагдана. Оршин суугчид болоод Монголын оролцогч залуус танилцаж, нэр хаягаа ч солилцоцгоож байв.

Их наадмын нэгэн хүндэт оролцогч Геннадий Поповын үзүүлбэрүүд хүүхэд залуусын чухам цөсийг хөөргөж байсан бөгөөд хоёр пудийн жинтэй, /гир/ мөн түүнээс хэдэн хувь хүнд бөмбөлөгөөр ээлжлүүлэн, ямарч хүч гаргахгүйгээр чөлөөтөй жонглердэж, нэг гар дээрээ зогсож, таваас зургаан метрийн өндөр дэх нарийн тросон дээгүүр бэхэлгээгүйгээр явж байсан нь гайхамшиг гэхээс аргагүй. Энэ гайхамшгуудыг үзүүлэгч маань үзүүлбэрийнхээ дараа инээмсэглэн, гарын үсгээ түгээж байсныг санаж байна. Монголын хөвгүүд түүний уран чадварт ихэд татагдаж, буй нь илэрхий байлаа. Их наадмын хоёр дахь өдөр “Алтайн залуучууд” /Молодежь Алтайя/ сонины шинэхэн дугаар уншигчдын гар дээр ирэхэд, сэтгүүлч Борис Майоровын бичсэн “Дуудлага” үгүүлэл нийтлэгдсэн байсан. Энэ үгүүлэлд их наадмын оролцогч Геннадий Поповтой хийсэн уулзалтын тухай, түүний жинхэнэ гавьяат үйлсийн тухай нийтэлсэн байлаа. Энд үгүүлснээр Геннадий Попов бүх дэлхийн эв санааны нэгдлийн төлөө анх удаа Париж дахь Эйфелийн цамхагийн орой дээр өрөөсөн гар дээрээ зогссон хийгээд түүний энэ амжилтыг одоог хүртэл хэн ч давтаж чадаагүйг хэлэх нь зөв болов уу. Тэрхүү үгүүллийг хайчилан авсан сонины шаралсан хайчилбар одоо хүртэл суурингийн архивт хадгалагдаж үлджээ

Наадамд Монголоос ирсэн бөхийн спортын тамирчид үлэмж хүчтэй байсан ба бөхийн барилдааны үзүүлэх тоглолт нь маш сонирхолтой хийгээд амжилттай болсон юм. Мөнхүү буудлагын тэмцээнд оролцсон нэгэн мэргэн буудагчийн нэр алдрыг мэдэж чадаагүй нь харамсалтай. Тэр буудагч 50 метрийн зайнаас 10 удаа буудахдаа бүгдэд нь хамгийн дээд оноо авч хүмүүсийг бишрүүлж байв. Тэрээр энэ бол эх орны дайнд оролцон, тулалдаж байсан Горно-Алтайскийн нэгэн чөлөөнд гарсан дайчин байсан бөгөөд дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн билээ. Монголоос ирсэн сур харваачид ч бас бахархам сайхан харваж, нумнаас тавьсан сум нь онох байгаа хүртэл шунганан нисэлдэж байсан нь онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Тэдгээр харваачид бүгд л өсвөр, залуучууд байсан болохоор асар туршлагажсан мастерууд очсон гэж хэлэх нь дэгс болох байх. Гэсэн ч бидэнд тийм хүчтэй сэтгэгдэл төрүүлж байсныг бодоод жинэхэнэ мастеруудтай харьцуулбал чухам ямар байсныг яахин мэдэх.

Их наадмын талбарт өдөр бүр найрамдал, хайр энэрэл, эх орны сэдэвт аялгуут дуунууд эгшиглэж, үзэгчдийн талархалын мэдрэмжээр нэлэнхүйдээ гэрэлтэн, үзэгчдээс тэдэнд цэцгийн баглаагаар мялаалга өргөсөөр байсан. Зөвлөлтийн кино жүжигчин Сергей Столяров надад гарын үсгээ өгсөнийг тодхон санаж байна. Харин Монголоос ирсэн сэтгүүлч Даян эцэгт маань пластинан металиар хийсэн шаргал өнгийн дээлтэй хэн нэгэн хүний дүрс баримал бэлэглэсэн юм. Тэр баримлын ар талд нь “Сүхбаатар” гэсэн гарын үсэг байлаа. Дараа нь би Монголчуудтай танилцаж мэдэлцэх үедээ тэр бол XX зууны эхэн үед Монголчуудын хувьд чухам л жинэхэнэ будда бурхан байсныг мэддэг болсон юм. Энэ бэлэг бол мөнхийн найрамдлыг, түүний ивээгч тэнгэрийг бэлгэдсэн бэлгэдлийн гүн агуулгатай байсан юм билээ. Тэр өдрөөс хойш яг 20 жилийн дараа 1986 онд надад Монголын Баян-Өлгий аймагт очих завшаан тохиов. Тэнд би сэтгүүлч Даян гуайтай уулзаж энэ тухай дурсахад тэр бүгдийг санаж байсан бөгөөд сэтгэл нь хөдлөн нулимс унагаж билээ. Гэвч би тэр хүнтэй хамгийн сүүлчийн удаа уулзаж байгаагаа тэр мөчид яахин мэдэх билээ.

Тэр үед Зөвлөлт Монголын залуучууд оюутны фестивалд оролцсон Монгол андуудаас маань одоо Баян-Өлгий аймагт хэн ч үлдсэнгүй нь үнэхээр тоогүй. Харин Ховд аймаг дахь “Ховдын толь” сонины редактор манай түнш, эрхэм дүү Төрмөнхийн маань сурвалжилснаар одоо Ховдод 1966 оны наадамд оролцож байсан нэг, хоёрын зэрэг ахмад байгаа бөгөөд тэдгээрийн дурсамж, сэтгэгдлийг сонсох, хэрвээ боломж байвал нүүр учрах завшаанийг би ихэд хүсэн хүлээж байна. Өнөөдөр Манжерок нуурын эргээс холгүйхэн уулын цанын бааз байгуулагдан, аялал жуулчлалын цогцолбор бий болжээ. Францын төслөөр хийгдсэн энэ байгууламжийг бүтэн жилийн турш барьж байгуулсан юм. Замын дагууд өвөлд нь цанын бааз ажиллаж зунд нь амралт, жуулчлалын газрын үүд хаалга байнга нээлттэй байх юм. Чуйн их замаас нуурын суурин, нуур хүртэл дардан сайхан засмал зам тавигджээ. Тэнд далайн түвшинээс 1228 метрийн өндөрлөгт бүхий Малая Синюха уулын оргил өөд өргөгч татлагаар дамжин гарч, Алтай дахь Артем Игнатенкогийн сүм болон олон зүйлийг дээрээс нь харж болно. Ижилгүй сайхан олон зүйл хуралдан тогтсон энэ нутагт жуулчдын бааз, орон байрнууд олноор бий болж, энэ цагийн нэгэн онцлогийг илтгэх, аяллын бизнес цэцэглэн хөгжиж байгаа юм.

Манжерок бол манай ард түмний Монголын ард түмэнтэй тогтоосон ахан дүүсэг, найрамдалт харилцааны жинхэнэ амьд түүх билээ. 

Алексей Ивашкин

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх

Зургийн тайлбар: Оросын нэрт дуучин Эдита Пьеха 1960 он.

“Молодежь Алтая” сонины 1966 оны дугаарын хайчилбар, зохиогчын хувийн архиваас.

“Исламын улс” өөртөө ямар зовлон тээж байна вэ?

  • PDF

Манай өнөөдрийн түгшүүр !!!

Islamiin uls 2

Урьд нь Ирак болон Левантын нутаг дэвсгэрийг хамарсан Исламын улс гэсэн бүлэглэл илэрхий болоод байсан бол одоо энэ бүлэглэл Ирак, Сирийн өргөн уудам нутагт хяналтаа тогтоож, эдгээр улсын нэрийг “Исламын улс” хэмээн өөрчлөн тунхаглаж байна. Тэдний санаж байгаагаар бүх дэлхийн мусульманчууд нэгдсэн дээд зэсаглалтай байх ёстой аж. Тэрээр тэдний яаравчилсан цэргийн ажиллагаа идэвхжиж тун саяхан багшаархан бүлэглэл тусгай ажиллагаа явуулав. Тэд итгэлгүй харгис, хатуу харилцаагаараа дэлхийд айдас болгоомжлолыг бий болгож байна. Исламын улсын зүтгэлтнүүдийн хэлэлцээр урьд нь олон удаа болсон бөгөөд тэд Исламын улс төрийн зүтгэлтнүүдийг эрс үзэл санаа бүхий Исламын оюун санааг эрхэмлэгчид байх ёстойгоор тооцож, төлөвлөж байгаа нь илт байна.

Өдөр тутмын шинэ мэдээний тоймоор Исламын улсын нутаг дэвсгэр дэх бүлэглэлийн үйлдэж буй гэнэтийн аймшигт үзэгдлүүд олшрох боллоо. Тэд хүчтэй зэвсэглэсэн ямар нэг ял шийтгэлээс гадуур няцаагдашгүй юм шиг өөрсдийгөө төсөөлж, ийм төсөөллийг нь дэмжигсдийн хүчийг хуримтлуулах ажиллагааг явуулсаар байна. Толгойлогчид нь АНУ-д болон тус улсыг тойрон амьдарч Америкийн цэргийнхнийг бут ниргэх зорилгоо тунхаглаж байгаа юм. Ирак, Сири, Иемен дэхь “жихад”-уудын үзэж байгаагаар бол Америкийн цэргийн ажиллагаанд оролцогчдод шийтгэл оноох ёстой аж. Энэ бүлэглэлтэй холбоотой интернет сайтад золиослох хүмүүсийн нэр хаягийг байршуулжээ. “Мэдээллийг довтлох замаар задлан бутаргах” (Хакерское подразделение) хэмээн нэрийдсэн эл үйл ажиллагааг явуулагч хэсэг нь “Исламын улс”-аас батлагдсан хүчин бөгөөд АНУ-ын зэвсэгт хүчний мэдээллийн баазад нэвтэрч, өгөгдлүүдийг эвдэж онгойлгон, (хакердах) мэдээлэл хулгайлдаг байна. Энэ нь Европын холбооны улсууд дахь тероризмтэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулагчдын хувьд сэрэмжлэх ёстой чухал зүйл бөгөөд Европд алан хядах ажиллагаа явуулахыг санаархаж буй тухай мэдээллийг мөн сануулах нь зөв.

“Исламын улс”-ын дайчид өөрсдийн хүрээллийг бий болгох газарзүйн байршил, цар хэмжээг өргөжүүлсээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Тэд Ирак, Сири, Афганистан, Иеменийг холбосон талбар дээр аль хэдийн идэвхтэй ажиллагаа явуулж эхэлсэн ба Араб болон Африкийн бусад орнуудад ч нэвтрээд байна. Тэгэхдээ тэдний явуулж буй ажиллагаа нь хүн амыг олноор зохиослох харгис, зэрлэг шинжтэйгээрээ онцгой юм. Тэрчлэн Босний болон Герцеговин тосгонд ч “Исламын улс” хар тугаа (далбаа) намируулжээ.

Тунист болсон халдлагад 20 гаруй жуулчин өртөж амь үрэгдсэн, Иемений нэгэн сүмд явагдаж байсан “цоохор” мөргөлийн үеэр терористуудын тавьсан бөмбөг тэсэрч, 150 гаруй мөргөлчин эрсдсэн гэх мэт аймшигт мэдээллүүд ар араасаа гарч ирсээр байна.

Энэхүү зэрлэг балмад ажиллагааг арабын хүн амын зарим хэсэг сайшаахгүй байгаа боловч баруун хэсгийн хүн амын ихэнх нь дэмжсэн хандлагатай байгаа нь онцгой асуудал ! Тухайлбал Ирак Ливантын энэ ажиллагааг дэмжигчдийн тухай жагсаалт, танилцуулгыг гарган түгээж байгаа нь үнэхээр санаа зовоох зүйл юм. Барууны агентийн мэдээгээр “Исламын улс” дахь нэгдсэн бүлэглэлийн харьяа байнгын отрядын бүрэлдэхүүнд Европ болон Арабын орнуудаас шинээр цэргүүд элсүүлсээр байгаа гэнэ. Зөвхөн сүүлийн мэдээгээр гэхэд тус дайчдын эгнээнд Тунисаас долоон мянга, Иорадонаас хоёр мянган хүн нэгдэн оржээ. Узбекстаны тусгай албан хаагчдаас л гэхэд Тус улс дахь “Исламын хөдөлгөөн”-ий талд таван мянга орчим хүн татагдан орсон мэдээ байна. “Олон улсын хямралын бүлэг” хэмээх бие даасан институтын мэдээлснээр тэдгээр элсэгчид нь нийгмийн олон янзын давхрага, ажил мэргэжлийнхнээс бүрдэж байгаа аж. Эдгээр нь залуучууд голдуу, үсчин, бизнесмен, “гастарбайтер”-ууд, болон оюутнууд түүнчлэн ажил хөдөлмөр эрхлэдэггүй хүмүүс нэлээд хэсгийг эзэлж байгаа аж. Тэгэхдээ зөвхөн энэ биш, ажил төрлөөсөө халагдсан, амжилтгүй яваа хүмүүсийг хэтдээ бүгдийг нь хаман оруулахаар төлөвлөж байгаа бололтой.

Исламын бүлэглэлийн энэ хэт туйлширсан үзэл санаа ийнхүү идэвхжиж байгаа нь Европын холбооны улсуудын удирдагчдад түгшүүр дуудаж байна. Яагаад гэвэл энэ улсын иргэд “Исламын улс” гэгчийн туйлширсан дайчдын овоо хараанд онилогдсон байгаа нь тодорхой юм. Энэ нь яг дээр дурьдагдсан улсуудад болж буй шиг харагдахгүй ч, тэд аюултай, эмгэнэлтэй ийм нөхцлийг цуцахгүй өрнүүлэн дэвжээсээр байгаа учраас цаашид Ирак, Ливанаар зогсохгүй Европд гол ачаалал ирнэ. Үүнийг ОХУ, Их Британы батлан хамгаалах хүчний үүрч буй ачаалал батлан харуулж байна.

Гэтэл АНУ-ын улс төрийн зүтгэлтнүүд Исламын радикализмын аюулаас бултан зайлсхийж, Иранд дэглэмээ тогтоох төлөвлөгөөндөө илүү анхаарсаар байна. Харин гол ачаалал Ирак, Ойрхи дорнотод төвлөрч байна. АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтан энэ тухай “Вашингтон пост” сонинд өгсөн ярилцлагандаа “ЦРУ-гийн захирал асан, мөн АНУ-ын төв командлалын командлагч асан, урьд өмнө нь Иракт байсан АНУ-ын цэргийн ерөнхий командагч асан эрхэмүүдийнхтэй адил байр суурь илэрхийлжээ. Яг одоо бид Иранд дэглэм тогтооход анхаарлаа хандуулж байна. Одоо болж буй дээрх үзэгдэл нь манай холбоотнуудад төдийлөн хамааралгүй. Яг энэ асуудлыг одоо шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй. Иран улс бүс нутагт жанжлах үзэл бий болгож, тэр тусмаа сунитийн радикализмын түймэр асаад байна. Энэ бас л “Исламын улс”-ынхтай ялгаагүй асуудал. Гэвч Исламын улсын асуудал болон бусад глобаль асуудлуудыг зохицуулахад манай сонирхол давхцаж байгаа нь хүч тарамдуулах эрсдэлтэй юм. Тегеран бидэнд болон манай холбоотнуудад дайсагнаж байна. Тэр тусмаа Иран улсын бүс нутагт ноёлох бодлого илт мэдрэгдэж байгаа юм. Сунитийн радикализм манай сонирхолд хатуу ширүүн реакци өгч байна” гэсэн байна.

ИГИЛ буюу Исламын улсын бүлэглэл нь бүх дэлхий даяар, хүний ёсноос гадуур, хэрцгий дарангуйлал тогтоохыг санаархаж байгаа юм. Түүний зэрэгцээ радикалуудын (туйлширсан үзэлтнүүд) бодож бэлтгэсэн медиа стратаги ч нэлээн амжилттай хэрэгжиж байгааг интернет ертөнцөөс харж болно. Үндсэн зарчим нь мэргэжлийн түвшний онлайн эх үүсвэрүүдийг ашиглах замаар олон нийтэд мэдээллээ цацах явдал бөгөөд үүний тулд дайны үйл явц, алан хядах ажиллагааны газар дээрээс нь авсан видео бичлэг, фото зургуудыг интернетэд олноор байршуулах, энэ тухай тайлбар мэдээлэл, ухуулга сурталчигааг олон хэлээр орчуулан, нийгмийн бүх хэсэг, чиглэлүүд рүү тараах нь ихэд идэвхжиж байна. (ИГИЛ)-ээс бэлтгэгдсэн эдгээр мэдээллүүдийг твиттер, пасебүүкээр өргөнөөр тараах ажиллагаа явуулж, өөрсдийн бий болгосон “Sound Cloud”, “Just Paste”, “Ask.fm” гэх онлайн баазуудыг интернет дэх YouTube сувгийг ашиглан дамжуулах явдал ч гарч ирсэн байна. Энэхүү эрчимтэй ажиллагаа нь араб дахь шашин, боловсрол, улс төрийн ухамсараараа ялгаатай бүх хэсгүүд рүү чиглэж байгаа аж.

"Исламын улсын бүлэглэл” (ИГИЛ) нь олон нийтийн дундах шашин шүтэгчдийн анхаарлыг татахыг хичээж уриалан дуудаж байгаа бөгөөд энд эмэгтэйчүүд, бүхэл бүтэн гэр бүлийнхэн олноороо хамрагдаж байгааг гайхах хэрэггүй. “Исламын улс”-ын хүчирхэгжих гол арга зам нь “Исламын үнэн” хэмээгч үзэл суртлыг сурталчилан дэлгэрүүлэх явдал, үүнийг дэлгэрүүлэх ажиллагаагаа амьдралд нэвчүүлэн шингээх, мусульман шашинт залуучуудын дунд ирээдүй нь ямар ч гарцгүй болж, балрах сүйрэх тавилантай болсон гэсэн гутранги үзэл, ойлголт үүсгэх замаар байж ядсан, “галзуурсан” сэтгэл зүйн орчинг бий болгож, тэдгээрийг үйл олноор нь дайчдын эгнээнд нэгтгэх зарчмаар хэрэгжиж байна.

Тэд мусульманчуудын дунд амиа золиослох үзэл санааг бүр зогсолтгүй дэлгэрүүлэх зорилготой аж.

Одоо гагцхүү ойрхи болон дундат дорнод, тэрчлэн барууны улс орнуудад энэ тухай илэрхий бодит үнэнийг аажмаар зугуйхан ойлгуулах нь чухал. Өнөөдөр дэлхий нийт болон олон улсад тулгараад байгаа гол аюул болсон терроризм хийгээд исламийн туйлширлийг тогтоон барихын тулд бүх улс орныг, нэн ялангуяа дэлхийн тавцан дахь “үндсэн тоглогч”-дыг хамарсан хүчирхэг нэгдэл, хамтын ажиллагаа л шаардагдаж байна. Үүнд хамгийн их хамаатай зүйл ОХУ, Ираны харилцаа юм.

Islamiin uls 1

Харин сүүлийн үед “овоо ухаан орсон” мэт ганц нэг шинж тэмдэг мэдэгдэх болов. Юу гэвэл Башар Асадын Засгийн газартай холбоо тогтоож дэмжлэг нь үзүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Джон. Керри, саяхан мэдэгдсэн. Энэ холбоо харилцаа бол бололцоотой зүйл. Дүрвэгсэд өнөөдөр Греци, Серби, Венгри, Герман руу жинэхэнэ цутгаж байна. Зарим мэдээллээс үзвэл Сири, Ливи, Тунист өнөөдөр 30.0 сая  хүн юу юугүй үхлийн ирмэг дээр байгаа гэнэ. Тиймээс дүрвэгсдийн энэ шилжилтийг Европын аль ч орон, бүүр Герман, Их Британи, Франц ч тогтоон барих боломжгүй болоод байна. Дүрвэгсдийн голлох хэсэг нь (ИГИЛ) буюу Ирак, Ливаны иргэд юм.

Исламистууд эдгээр дүрвэгсдээр дамжуулан, европд улмаар азийн зарим оронд жинэхэнэ террорист ажиллагаа эхлүүлж, дайны байдалд хүргэхийг үгүйсгэх аргагүй. (ИГИЛ)-ийнхний түрэмгийлэл бол сүүлчийн тохиолдол биш юм гэдгийг ОДКБ-ээс онцлож байгаа. Исламын терроризмын үр хөврөл Тажикстан, Укбекстанд соёлж байгаа нь ч мэдэгдэж, сануулга өгч байна. Энэ түймэр хөрш зэргэлдээ Казакстан руу шилжиж мэднэ. Тэндээс Монгол, Хятад, Солонгос ойр орчмын улсууд руу ч дамжих аюул бий!

Дашрамд хэлэхэд исламистууд ирээдүйд бүх төв азийг булаан эзлэхэд хэрэглэгдэх өөрийн армийн хүнс тэжээл, тариалан малын мах зэрэг бүтээгдэхүүний хангалтын баазыг Монголд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Тэд бас металл үйлдвэрлэлд хэрэглэгдэх цөмийн хүдрээр баялаг орнуудыг ашиглаж, бүгдийг устган үгүй хийх шинэ зэвсгийг бий болгох гэх мэт хэн ч зөвшөөрөхгүй (ИГИЛ)-ийн улс төрийн бодлогыг явуулах санаатай байгаа аж.

Ийм учраас Исламын улсын зэрлэг балмад, дэвшлийг үгүйсгэгч, терроризмын үзэл санааг таслан хаахын тулд олон улсын удирдагчдад нөхцөл байдалд бодит дүгнэлт хийх, түүний эх үүтгэлийг нь эрүүлжүүлэн, эмчлэхийн төлөөнөө нарийн нягт бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чухал хариуцлага оногдож байна.

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ. (Posthunt.net-ийн материалыг ашиглав)

Орос хэлнээс орчуулсан Г.ТӨРМӨНХ.

Нам хэмээгч “чөтгөрийн оромж”

  • PDF

Nam tam

Нам гэдэг үл үзэгдэгч юм шиг далдын хүчийг би нэгэн цагт миний итгэл найдвар, үзэл бодлыг минь соронздогч, чиглүүлч хэмээн  ойлгож явав. Тэгэхэд “тэр” намайг байлдан дагуулагч, үнэнч нөхөр маань байлаа. Харин өнөө цагт өөр болсон байна. Харсаар байтал тамтаггүй худалч болж. Энэ ч яахав гэж бодоход намууд маань өөрийгөө бусдаас ямагт дээгүүр тавьж, алдар хүнд, албан тушаал, эрх ашиг, эд мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүйгээр шулуун “цагаан”-даа гараад удаж. Энэ цагт намаас эмээж ичдэг ганц ч хүн алга. Нам гэдэг зүгээр л онигоо юм байна. Нам гэдэг мөнгө бас тоглоомын талбай. Тэр талбай дээр янз бүрийн хүмүүс тоглоно гэхдээ сүүлийн үед мөнгөөр гарынхаа арыг угаадаг хүмүүс тоглоод байгаа нь аль хэдийн олны анхаарлыг татаж. Нүдтэй болгоны хүүхэн хараан дотор зураг нь үлджээ. Тэртээд үлдсэн буурал цагийн тоосон дунд Чингис хаан Их Монгол улсыг нэгтгэж явахдаа ямар намтай байсныг мэдэх үү? Нөгөө Бодоо, Данзангийн үеийнхэн “Ардын нам” гэгчийг байгуулж байхдаа өвөртөө хэдэн төгрөгтэй байсан болоо. Бид нарт үйлчилж байгаа энэ цагийн эсэн бусан намууд нь улс төрөөр донтохын сонирхол. Толгойн үс шиг ийшээ тийшээ ургасан намууд ард олныг тал бүр тийш бутаргах зорилготой бөгөөд эхнэр нөхөр хоёрыг салгах, аав хүү хоёрыг зодолдуулах, охиноор нь ээжийнх нь нүүрийг маажуулах, хүмүүсийг эвлэрүүлэх биш салган тусгаарлах зорилготой юм байна. Тэгээд ч улс төрийн шинж жинхэнэ төгс бүрдсэн иймэрхүү ажлыг хийхэд маш их мөнгө хэрэг болдог юм байна л даа. Намуудын өнгө зүсийг тодорхойлвол айл болгоны үүдэнд байдаг өнгө, өнгийн даавуугаар залгаж хийсэн гутлын гүвүүрүүд эсвэл “ТҮЦ” болгонд байдаг гоё гоё нэртэй ариун цэврийн цааснууд л санаанд орно.

Намууд нь олны толгойг эргүүлэгч, оюун санааг нь таслан самнагч, гадаад бодлого цухалзуулсан бөөн бактер, удирдагч бус уруу татагч, ажилд орьё гэхэд “даргатай уулз” гэдэг эртний загвараа өөрчилж чадаагүй сүнс.

Өнөөдөр Монголд минь цайныхаа шанага үйлдвэрлэж чадах нам гэж байхгүй ээ. Бид нар коммунизмаас хөнгөн цагаан шанага зээлээр аваад өрөнд ордог байсан бол капиталзмаас хуванцар шанага гуйж аваад “хор”-нд орсоор байна. Ардын хувьсгал ялаад 94 жил, ардчилал хүчээ аваад 25 жил болж байхад цайгаа самардаг шанагаа өөрсдийнхөө гараар хийж сураагүй мөртлөө улс төр ярин саахалзаж, “Нам нам” гээд дүүхэлзэж. Малынхаа арьсаар хувцсаа хийх чадваргүй дандаа хүний хувцас өмсчихөөд нэгэндээ ихэрхсээр нарны хүчинд л амьд явцгааж байна.

Ерөнхийдөө нам гэдэг чинь хэнд ч хэрэггүй болчихсоон. Тэр бол талцаж тэмцэлдэхийн ад шүгэлсэн чөтгөрийн оромж.Сонгууль ойртоод ирэхлээр цэцэрлэгийн жаалууд ч “манай аавын нам”, “чиний ээжийн нам” гээд л маргадаг. Сургуулийн насныхан бол заамдалцаад эхэлдэг. Ямар ч амьтдыг хааш нь ч чирж мэдэхээр “Улс төржих”, “Намчирхах” галзуурал хойч үеийнхний суурь хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Намуудын тоо олшрох тутамд мөнгөний хэмжээс дээшлэж, түүнийг дагаад ашиг хайгчдын тоо толгой нэмэгдээд хэдэн зуун мянган борчуудын хувь заяанд эргэлт гарахгүйгээр билльярдны ширээ, гуанзны үүд, мухар гудамж тойрсоор түмэн намуудын дунд төөрнө. Нам лав надад л хэрэг болохоос өнгөрсөн. Би аль нэг намыг “миний хайр” гэж өмчлөн үнсэхээ больсон. Яагаад гэхээр үнэнч нам гэж байхгүй бүгдээрээ худалч, хулгайч болоод он цагийг үджээ. Тэд нар өөрт байдаг муу муухай бүхнээ төр гэдэг гурван үсэг рүү чихээд ард нь цэвэршиж үлдэхийг хөтөлбөрөө болгодог. Нам бол хэн нэгэн жирийн иргэний  хэлсэн үнэнч шударга уриалга биш, энгэрийн халаасанд байдаг мөнгөний хэтэвч болчихсон болохоороо хаана очсон ч нэр хүнд муутай юм билээ. Хаанаас яаж харсан ч нам гэдэг нэг биетэй олон зүрхтэй тэрхүү үл үзэгдэгчийн алдар хүнд явцгүй байгаа учир хэн ч гэлээ түүний өмнө нь ороод сүүтэгнэх буюу араас нь дагаад шогших албатай юу...

Аль ч цаг дор “төрт улс” гэж байсан болохоос “намч гүрэн” гэж түүхэнд байгаагүй юм байна лээ. Намууд нь олны харцан дээр хоорондоо гал ус мэт байх боловч цаагуураа цагийн зүүгээр нарийн холбогдож, ашиглаж завших, худалдаж арилжах, наймааны зэлнээс хамт уяатай байдаг бөгөөд дургүй хүрсэн үед нэгнийгээ амьд сэрүүн байхад нь ч бодитоор далд оруулчих авьяастайулс төрийн гэх баг хөдөрсөн ашиг хонжооны шоу жүжиг болох нь нэгэнт илрэхий болсон энэ цаг үед таминь намаар угжуулах биш намаар устгагдаж байгаагаа ухаарагтун хэмээн Монголын нийт ард олондоо аминчлан захихыг туйлаас хүснэм.  

Уушийн Батболд

 

Нийслэлд явагдсан Ховд аймгийн өдрүүдийн тухай “алаг, тарлан” сэтгэгдэл

  • PDF

Ho surt 1Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод баруун хязгаарын Ховд аймгийг сурталчилах өдрүүд энэ есдүгээр сарын 10-аас 14 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдан өндөрлөжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ арга хэмжээнд Ховд аймгаас 600 гаруй хүний бүрэлдэхүүн бүхий өргөн төлөөлөл оролцсон, Чингисийн талбайд болсон нээлтэн дээр 17 сумынхны үндэсний хувцсаараа гоёсон жагсаал, урлагийн тоглолт, уран зураг, гэрэл зураг, ном, музейн үзмэрийн үзэсгэлэн, “Өндөр Алтайн аялгуут дуулал” тоглолт, “Ховд аймаг- Хөгжлийн баруун үүд” нэртэй  хэлэлцүүлгүүд өрнөж, төрийн шагналт, ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Н.Сүхдоржийн зохиол “Галдан бошигт хаан” туульсын дуулалт жүжгээ тоглож, “Ховдод үйлдвэрлэв” нэрийн дор аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчид, гар урлал, газар тариалан эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, мөн театрын уран бүтээлчдийн “Алтайн эгшиглэн” концерт, ардын авъяастнуудын “Цаст Алтайн домог” тоглолтууд ч болсон гэнэ.

Hovd surt UB 1

Олон овог угсаатнууд аж төрөн амьдардаг, нийслэл болон төв хэсгээс алслагдсан зэрэг онцлогоосоо шалтгаалан бас ч гэж бусдын сонирхолыг өдөөх зүйлүүд манай аймагт бий. Намрын энэ цагаар өөр нутаг орнуудад тэр бүр тариалдаггүй тарвас, шар төмс зэрэг ургацын дээжээс эхлээд бараа бүтээгдэхүүнүүд, угсаатны өвөрмөцийг илтгэсэн бүтээл туурвилын зүйлсүүд нь нийслэлчүүдэд сонин байх нь ч магад.

Ho surt 2

Гагцхүү ийм нөөц боломжоо хэрхэн ашиглаж чадсан бол? Зарим хэсгийн ярьж хэлж байгаагаар бол эл арга хэмжээнд төлөөллүүдийг тэгш хийгээд бүрэн дүүрэн оролцуулах талаараа учир дутагдалтай болсон бололтой. Юу гэвэл бидэнд ирсэн мэдээллээр Ховд аймгийг Улаанбаатар хотод сурталчилах үйл ажиллагааны бэлтгэл болон зохион байгуулалтыг хариуцах үүрэг хүлээсэн ажлын хэсэгт хандаж, тус аймгийн соёл, мэдээллийн чиглэлийн төрийн бус байгууллагууд холбоодуудыг нэгтгэсэн “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс энэхүү арга хэмжээнд Ховд аймагт бүтээж туурвиж буй уран бүтээлчдыг зохион байгуулалтайгаар төлөөллүүлэн оролцуулж, бүтээл туурвилыг нь нийслэлд сурталчилах дэлгэн үзүүлэх талаар тодорхой санал боловсруулж өргөн барьсан боловч уг саналыг ажлын хэсэг үл ойшоож, тэднийг оролцуулах нь бүү хэл хүлээн авч санал ч солилцоогүй гэнэ.

Тодруулбал “Соёл уран бүтээлийн зөвлөл”-өөс өргөн барьсан бичигт өгүүлэхдээ:

            “Аймгийн уран бүтээлийн холбоодоос ирүүлсэн саналыг үндэслэн, Ховд аймгийг нийслэл Улаанбаатар хотод бүрэн хэмжээгээр сурталчилах арга хэмжээнд уран бүтээлийн холбоод болон уран бүтээлчдийн оролцоог дараах байдлаар хангаж, зохион байгуулах саналтай байна.

            Үүнд:

  Нэг:  Аймгийн зохиолчдын байгууллага (МЗЭ-ийн Алтай салбар), Зураач урчуудын холбоо, Хөгжмийн зохиолчдын холбоод тус тусын уран бүтээлчдийн бүтээлээс бүрдсэн бие даасан үзэсгэлэн гаргах боломжийг бүрдүүлэх

            Хоёр: Үзэсгэлэн болон уран бүтээлийн холбоодын үйл ажиллагааг сурталчилах ажлыг хариуцуулж, холбоо бүрээс 2-3 хүнийг Улаанбаатар хотод ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүнд оруулж ажиллуулах.

            Гурав: Зохиолч уран бүтээлчдэд өөрсдөд нь байхгүй байгаа боловч аймгийн номын санд байгаа ном бүтээлүүдийг үзэсгэлэн дээр дэлгэн үзүүлэх асуудлыг аймгийн “Нийтийн номын сан”-д хариуциулах. Үүнтэй холбоотойгоор нийтийн номын сангаас аймгийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээл туурвигчдын бүртгэл гаргаж, тэдгээрээс өөрсдөд нь байхгүй боловч номын санд хадгалагдаж байгаа ном бүтээлүүдийг нь асууж жагсаалт гарган, зохион байгуулах.

            Дөрөв: Энэ үеэр Улаанбаатар хотод бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн, тайлан тоглолт зэргийг зохион байгуулах саналтай уран бүтээлчид байгаа бөгөөд энэхүү санаачлагыг нь хөхиүлж, аймаг сурталчилах арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэх

            Тав: Ховд аймгийн уран бүтээлчдийн 2015 онд шинээр хэвлүүлэхээр зэхэж буй ном, хөгжмийн болон уран зургийн томоохон бүтээл зэрэг онцгой ач холбогдол өгөхүйц шинэ бүтээлийн талаар  сурталчилан мэдээлэх ажлыг хөтөлбөрт оруулж дэмжих

            Зургаа: Ховд аймгийн уран бүтээлийн байгууллагуудын үйл ажиллагаа, болон бүтээл,  туурвилийг төвийн хэвлэл мэдээллээр сурталчилах, судлаачид сонирхогч, олон нийт хийгээд уран бүтээлчдийн харилцаа холбоог өргөтгөхөд чиглэгдсэн тусгай арга хэмжээг уран бүтээлийн холбоод болон Соёл уран бүтээлийн зөвлөлийн саналын дагуу зохион байгуулах

            Эдгээрийг дэмжиж, хөтөлбөрт хамруулан, хамтарч ажиллана уу !” хэмээсэн байна.

            Гэсэн ч дээр дурьдсанчилан ажлын хэсгийнхэн энэхүү саналыг хүлээн авч, Соёл уран бүтээлийн зөвлөл болон аймгийн уран бүтээлийн холбоод, тодруулбал Ховд аймгийн зураач уран бүтээлчдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд дахь “Алтай” салбар, Хөгжмийн зохиолчдын холбооны тус аймаг дахь салбаруудын төлөөлөлтэй харьцсангүй, тэдний төлөөлөлтэй ямар нэг байдлаар санал бодол солилцсонгүй ажээ. Энэ байдлаас болоод Улаанбаатар хотод болсон уран зураг, фото зураг, номын үзэсгэлэн дээр Ховд аймгийн шилдэг зураачдын бүтээл дэлгэгдсэнгүй, Зохиолчдын зарим ховор чухал номууд ч тавигдсангүй бололтой. Дээрх холбоодын гишүүд уран бүтээлчдийн төлөөллөөс манай редакцид хандсаны дагуу бид үүнийг нийтлэж байгаа бөгөөд тэд хэлэхдээ “уул нь бидний саналыг хүлээж аваад хамтарч ажилласан бол Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд арай илүү амьдлаг хийгээд ач холбогдолтой болох байсан болов уу гээд эл явдал бол өнөөгийн манай Засаг төрийнхний аливаа асуудалд хандах хандлага ямар байдгийг харуулж буй нэг хэлбэр нь юм” хэмээн яльгүй ёжолсон үгийг ч цухуйлгаж байв. 

            Ho surt 4

Нийслэл Улаанбаатар хотод Ховд аймгийн өдрүүдийг зохион байгуулахад батлагдсаны дагуу орон нутгийн төсвөөс 60.0 сая төгрөг зарцуулсан ба аймгийн бүх сумууд зардлаа өөрсдөө гаргасан. Нэг сум дунджаар 10.0 сая төгрөг зарцуулсан гээд бодоход нийтдээ 300.0 орчим сая төгрөгийг энэ арга хэмжээнд зориулсан тойм тооцоо гарч байна. Төдий хэмжээний зардал гаргаж зохион байгуулсан томоохон арга хэмжээний хүрээнд Төрийн ордонд болсон “Ховд аймаг хөгжлийн баруун үүд” хэлэлцүүлэг, Ховдод үйлдвэрлэв бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа,мөнхүү бидний дээр өгүүлсэн Ховдын уран бүтээлчид, туурвигчдын бүтээлийн үзэсгэлэн зэрэг нь бусад арга хэмжээтэй харьцуулахад байнга болдоггүй шинэлэг гэж хэлж болохоор зүйлүүд юм.

            Бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд гэхэд л аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулсны дагуу 20 гаруй аж ахуйн нэгж, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ оролцжээ. 

            Тэгэхээр Ховд аймгийн нийт ард олон энэхүү зохион байгуулалттай арга хэмжээнээс нэлээд үр дүн хүлээнэ гэсэн үг.  Төр Засгийнхны бодож төлөвлөж, хийж хэрэгжүүлж байгаа энэ мэт аливаа үйл ажиллагаанаас үр өгөөж, ашиг тусыг нь хүлээж, тооцож, шаардаж сураагүй болохоор Ховд аймгийн иргэдийн “хувьд үр дүн тооцох” тухай бодол санаа, хүсэл зориг байхгүй л байгаа болов уу ! Иймэрхүү бодол санаатай хүмүүс олон байгаа гэдгийг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ бодож санаж байгаагаа хэрэгжүүлэх нөхцөл нь хомс болохоор дотроо бодоод ч юм уу, хоорондоо яриад өнгөрдөг нь үнэн шүү дээ. 

            Хэдийгээр Улаанбаатар хотод өрнөсөн үйл ажиллагааны тухай төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдсэн ч энэ нь зөвхөн өнгөц, сурталчилгаа төдий л зүйлүүд юм. Дээрээс нь Ховд аймгийн ганц ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл газар дээр нь очиж тус арга хэмжээг ажиглаж, судалж, сурвалжлаагүй гэдгийг хэлэх нь зөв байх.               

            Ховд аймгийг нийслэлд сурталчилах өдрүүд хөтөлбөрийн дагуу явагдаж байх хооронд төвийн ТВ, сонин, цахим сайтуудаар аймгийн Засаг даргын хэд хэдэн ярилцлагууд олны хүртээл болсон. Засаг дарга эдгээр ярилцлагууддаа “Ховд аймаг сүүлийн жилүүдэд маш эрчимтэй ажиллаж, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, хөгжлийн стратеги төлөвлөгөө, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталж, томоохон ажлуудыг амжуулсан” тухай ярьжээ. Гэтэл энэ баримт бичгүүдийг батлахын өмнө Улаанбаатар хотод, төрийн ордонд зохион байгуулсан шиг ийм хэмжээний хэлэлцүүлгийг Ховд аймгийн хөгжлийн асуудлыг хөндөж тусгайлан өрнүүлсэнгүй нь харамсалтай. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болоод байгаа юм биш биз хэмээн нэгэн иргэн өөрийн бодлыг илэрхийлж байгаатай тааралдсанаа энд дурьдах нь илүүц биш бизээ.

            Бас нэг настан хэлэхдээ “Улаанбаатар хотод Ховд аймгийн хэдэн зуун хүн очиж үйл ажиллагаа зохион байгуулж байгаа гэж сонслоо. Гэтэл телевизээр ганц л хүн ярьж, сонин дээр ганц л хүний ярилцлага гарсан байх юм. Хамт очсон бусад хүмүүс нь үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх боломжгүй байдаг юм болов уу даа хөөрхий” гэснийг ч анзаарахгүй байж боломгүй санагдав.

            Ямар ч асан аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид маань санаачилгатай хандаж, ийм ажлыг зохион байгуулан явуулсан нь сайшаалтай.

            Үүнд оролцсон, хамтран ажилласан хэн бүхэнд талархахгүй байхын аргагүй. Цаашид зохиогдох ийм төрлийн ажлууддаа санаа авч, улам төгөлдөржүүлээсэй гэсний үүднээс зарим нэг шүүмжлэлтэй санаануудыг цухалзуулав.

            Аймгийн удирдлага хийгээд зохион байгуулсан ажлын хэсгийнхэн энэ ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлан тавьж, олон нийт ч гэсэн ажигч гярхай хандаж, “анализ” хийн, зөвийг нь дэмжиж бурууг нь засан сайжруулахад санаа бодлоо нэмэрлэнэ биз ээ.

 

Г.Үнэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “ялалтын тамга”-тай өдрүүд

  • PDF

/Тэмдэглэл/

 Нэг: Босго алхсан айлынхаа тухай товчхон үгүүлэх нь

SANY0143

Дэлхийн хоёрдугаар дайны /Аугай их эх орны дайн/ ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Алтайн бүгд найрамдах улсын Горно-Алтай хотод таван сарын 7-8-нд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хуралд оролцох урьдчилсан урилгыг бүүр өнгөрсөн 2014 оны намар 10-н сард надад амаар мэдэгдэж билээ.

Түүнээс хойш бүтэн зургаан сарын хугацаа өнгөрсөн болохоор мөнөөх урилгын тухай бараг л  мартчихсан явтал 4 сарын эхээр АБНУ-ын холбогдох нөхдөөс цахим шуудангаар захидал илгээж,   мөн сарын 25-ны өдөр албан ёсны урилга ирүүлэв. Үүнийг дурьдахын учир нь аливаа ажлыг төлөвлөж зохион байгуулна гэдэг нэг хоёр долоо хоног ч юм уу, сайндаа ганц хоёр сарын өмнө шийдээд бужигнуулчихдаг зүйл биш байваас сая илүү утга учиртай болох тухайд хэн хүнд санаа өгмөөр санагдсаных юм.

 Ингээд 5 сарын 4-ны үүр шөнөөр хилийн дээс алхахаар мордож, мянган километр замыг 22 цагийн турш туулан, Горний Алтай хотод очив.

Оросын хил рүү орж, Кош-Агачийн районоос цааш 40-50 километр алсалмагц алдарт Чуйн хөндий залгаж, байгалийн ер бусын сүрлэг үзэсгэлэнтэй тогтоцыг чимсэн  битүү ногоон ой модон дундуур урагшлах аж. Хааш л харна битүү ойгоор зай завсаргүй хучигдсан давхар давхар уулс, сүрлэг хавцал, тэрхүү уулс хийгээд  хавцлын дундуур угалзран мушгирч улмаа толиорон цэнхэртэх Чуй голын хөндий дагасан дардан зам алсад хөтлөнө.

Зам гэдэг ч зам, байгаль гэдэг ч байгаль, замын дагууд аялал жуулчлалын бяцхан хотхонууд, амралтын газрууд ойр ойрхон тааралдана. Тэрээр эко орчин, эко эдийн засаг, экологийн баримжаат хөгжил гэхчлэн ярьж буй энэ үед тэдгээрийг очоод үзчихэд харамсмааргүй, бас байгальтай харьцаж, тэндээс язгуурлаг, эгэл сайхныг мэдэрч эрчим, хэмнэлээ сэлбэж сэргээе гэвэл энэ мэтийг нүдээр үзэж, чихээр сонсон, сэтгэл хийгээд зургаан мэдрэмжээрээ мэдрэхгүйгээр юун тэр тухай сайрхах хэмээсэн тухайн орчныг “шагших” санаа бодол аяндаа л ургаад ирнэ. Уулын салаа нугачаануудаас цэвэр цэнгэг аршаан булгууд ундарч Чуйн гол хийгээд Катун /Хадан/ мөрнийг тэжээдэг аж.

Энэхэн зуур нэгэн цагт Монголын эзэнт гүрний /Ойрд Монголын/ нутаг асан энэ үзэсгэлэнт газрыг ийнхүү шагшиж, биеийн байцаалтан дээрээ нэгэнтээ хөрш улсын хилийн дээс алхсан гэсэн тамга даруулаад, гадаадын иргэний хувиар зорчиж байна гэхэд битүүхэн харамсах сэтгэгдэл өөрийн эрхгүй цээжнээс ургаж байсныг нуух юун.

Бид “Ахташ” тосгоны наахна байх хотол даярын шүтлэг шингэж, тахилга оршсон, рашаан уснаас хэдэнтээ залбиран хүртээд, тэндээс холгүйхэн нэгэн “дача” буюу амралтын газарт бууж хоолоод цааш мордов. /бид гэдэг маань тэр зүгт аяны дөрөө нийлсэн Ховд нутгийн хоёр бизнесмэн “Алтай номадис” компаний захирал Амараа, мөн бизнесмэн Энхсайхан, мөн хил дээр таарч ганзага нийлсэн Казакстан улсын Павлодор хотын оршин суугч, /Монголын Ховд аймгаас шилжиж очсон/ Болот гуай түүнтэй хамт яваа хоёр хүн гээд бид тавуул юм/ Рашаан булгийн дэргэдийнх нь саглагар хэсэг ой модыг хадаг яндар, олон өнгийн даавуу шуувуугаар нэвсийтэл нь  даржээ. Хаа газрын аяс байдал, аж амьдралд олзуурхан тусгаж авууштай зүйлээс гадна орхиж гээмээр ойлгуулж сануулмаар зүйл бишгүй байдгийн нэг нь энэ юм даа гэсэн бодол эзэмдэв.

Тийнхүү үдшийн бүрийтэй зэрэгцээд мөнөөх алдар суут “Чика Тамин”-ий их давааг давж, улмаар шөнийн талаас өнгөрөх ахуйд Горно Алтай хотод намайг буулгаад хамт яваа нөхөд маань цааш хөдлөв.

SANY0109

Маргааш өглөө нь босмогц Горно-Алтай хотын байгалийн сайхныг дахиад л алмайран гайхав. Хотын дундуур мушгиран урсах Майима голын хөндийг дагуулан байгуулсан энэ хотын хоёр талаар, битүү ойгоор хучигдсан уулс хашиж, ийнхүү уулаар хашигдсан хөндий дагууд сунаж байралсан хотын сууршил нь уртаашаа хорь гаруй километр орчим үргэлжилэх бол өргөөшөө бараг 10 хүрэхгүй километр. Майима гол хотын дундуур, дагууд нь нэвт шувт урсаж цааш одох ба хоёр талын уулсын хормой, бэлээр буюу хотын суурьшлын хоёр захаар нь дардан сайхан авто зам дурайна. Хотын төвийн харалдаа хойд талд нь Боберген гэх нэрт модот уул дүнхийх ба энэ уулыг хотынхон төдийгүй Алтай даяар шүтдэг тахилгатай уул гэх.

Надтай хамт эрдэм шинжилгээний хурал болон аугаа их ялалтын 70 жилийн ойд оролцохоор Улаанбаатар хотоос Монголын үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, мөн сургуулийн докторант Д.Мөнхбат хоёр суудлын галт тэргээр Улаан үд, Новогород, Барнаул, Бийск хотуудаар дамжин 3000 орчим километр урт замыг туулан байж хүрэлцэн ирсэн бөгөөд ийнхүү бидний гурван Монголыг урьсан хурал зохион байгуулах комиссын нөхөд ч, Горно-Алтай хотод биднийг ирлээ гэж сүйд болон уулзсан АБНУ-ын зохиолчдын холбооны дарга Бедюров Боронтой Янгович тэргүүт зохиолч нөхөд, мөн Алексее Сергеевич Ивашкин нарын сэтгүүлч нөхөд ч энэ уулыг ихэд хүндэтгэн ярьж, “Бобергений оройгоор үүл суугаад л ирвэл хэдэн өдрийн хурын даллага авч байна гэсэн үг дээ” гэцгээж байсан юм.

Миний хувьд нөгөө хоёр нөхрөөсөө нэг өдрийн өмнө очсон болохоор хурлын өмнө жаал жуул юм сонирхох зав гарав. Шанө дөлөөр очиж, хотын баруун хэсэг, Майимынскийн раонд нэгэн зочид буудалд хоносон намайг өглөө эрт утасдмагц Барнаул хотод ажлаар оччихоод байсан нөхөр маань /Вестник Горно-Алтайска сонины ерөнхий редактор, АБНУ-ын Сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексее Сергеевич/ ажлаа яаравчлан дуусгаж, өглөө 7 цаг гээд Горно Алтай руу яаран буцсан ба 10 цаг өнгөрч байхад ирж авав.

Тэгснээр сонины редакцид зочилж, АБНУ-ын үндэсний телевиз, мөн хэд хэдэн сонины редакцитай танилцаж, удирдлагатай нь уулзаж ярилцахын зэрэгцээ Горно-Алтай хотод тэр өдөр эхлэж байсан АБНУ-ын хотуудын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцож,  уулын спортын Олон улсын хэмжээний мастер өдгөө 83 настай Лилия хэмээх ахмад эмэгтэй тамирчинтай дотносон ярилцах, хамт зургаа татуулах завшаан ч тохиосон юм.

SANY0504Сибирийн өргөн уудам нутгийн өмнөд хэсгийг эзлэх Алтайн бүгд найрамдах улс өдгөө 3.0 сая илүү хүн амтай, Баруун өмнө хэсгээрээ Казакстан, өмнөд хэсгээрээ Монгол болон Хятад, зүүн талаараа Тува хийгээд Хакас, зүүн хойд хэсгээрээ Кемеровскый мужай хиллэнэ. Уугуул сууршигчдынх нь эртний гарал үүслийг авч үзэх юм бол манай эриний өмнөх VIII-II зууны үеийн эртний Скифчүүд, МЭӨ 200 он хүртэлх эртний хятад угсааны динлинчүүд, улмаар тухайн үеэс Динлинийг эрхшээлдээ оруулсан Монгол угсааны Хүн нар буюу Хүннү, Сянби, Жужан, Уйгар, Их Монголын эзэнт гүрэн, Зүүн гарын Монгол хийгээд Ойрад Монголд хамаатай. Тэрээр 1756 он хүртэл Зүүн гарын хаант улс /Джунгарского ханство/, 1948 он хүртэл Ойрдын автономит салбар энд оршин тогтнож байв.  

Өнөөгийн АБНУ-ын нийслэл нь болох Горно-Алтайска хотын хүн ам нь 73 мянга. Энэ хот 1932 он хүртэл Улала, 1932-1948 он хүртэл Ойрат тура хэмээн нэрлэгдэж байсан бол 1948 оноос хойш Горно-Алтайска болсон. Дундаж өндөр уулсуудаар хүрээлэгдсэн Улалушка, Майма голуудын сав газарт орших ба алдарт Белуха уулнаас эх авч 250 гаруй километр урсах Катун буюу Хадан гол хотоос холгүйхэн урсаж өнгөрнө. Уур амьсгал, цаг агаарын хувьд өвөлдөө дунджаар хасах 15 градус орчимын хүйтэн байдаг бол зундаа бүүр 42 градус хүртэл халах нь ч бий гэнэ. Хүн амын үндсэн хэл нь Алтайц, энэ хэлийг судлчаачид өдгөө түрэг язгуурын хэлний ай савд хамаатуулан авч үзэж байна. Алтайц хэл бүрэлдэн бий болоход Түрэг, Монгол хэл суурь дэвсгэр нь болж, Тунгус, Манж, Япон, Солонгос хэлний нөлөө ихээхэн туссан гэж үздэг байна.

Өнөө цагт хүн амын дийлэнх хэсэг нь орос, бас нэлээдгүй хэсгийг нь оросчилон нэрлэснээр “Алтайц”-ууд буюу эртний Түрэг, Монгол угсааныхан эзлэж байна. “Алтайцууд”-ыг бүрдүүлж буюу овог угсаатны олонлогийн хувьд хойно өгүүлэгдэх тул түр азная.

Үргэлжлэл бий....

Г.Төрмөнх

 

 

 

“Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “ялалтын тамга”-тай өдрүүд - 2

  • PDF

Түрүүч нь өмнө нь нийтлэгдсэн 

 Хоёр: Эрдэм шинжилгээний хурал хийгээд оюун сэтгэхүйн ертөнцөд

Pobedi 18

Аугаа их ялалтын 70 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Горно Алтай хот дахь АБНУ-ын Улсын их сургууль дээр 5 сарын 7-нд эхлэв.

Хуралдаанд Горний Алтайн Улсын их сургуулийн (ГАГУ) ерөнхий захирал, Бабин, мөн /ГАУИС/-ийн дэд захирал, Оросын шинжлэх ухааны акедемийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн Горно-Алтай дахь салбарын удирдлагын зөвлөлийн гишүүн Табаков Юрия Васильевич, АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны дарга Алушкин Борис Кондулеевич, “Вестник Горно-Алтайска” сонины ерөнхий редактор,  АБНУ-ын сэтгүүлчдийн холбооны нэгдүгээр орлогч дарга Алексей Сергеевич Ивашкин, Монгол улсын Үндэсний их сургуулийн профессор Наваанзоч Х.Цэдэв, Мөн сургуулийн докторант багш, АБНУ-ын Улсын их сургуулийн аспирант Дашдоржийн Мөнхбат, Монгол улсын Орон нутгийн сэтгүүлчдийн “Шинэ эвлэл” холбооны удирдах зөвлөлийн дарга, “Ховдын толь” сонины ерөнхий редактор Гонгоржавын Төрмөнх (миний бие) “Мир Евразий” сэтгүүлийн ерөнхий редактор, түүхийн шинжлэх ухааны доктор профессор Модоров Николай Семенович, Түүхийн ухааны доктор, профессор Чедурова Елизавета Михиаловна, ГАГУ-ын (Горно–Алтайский Государственний Университет) аспирант Владислев Терентьев, В.В. Бианкавын нэрэмжит Бийск хотын түүхийн музейн захирал Грехова Елена Анатольевна, мөн музейн эрдэм шинжилгээний ажилтан Стрелец Ольга Борисовна, Горно-Алтай хотын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн түүхийн багш Николаев Игорь Александрович, Хятад улсын Шинжааны их сургуулийн багш Ян Цзяо нарын эрдэмтэн судлаачид оролцож, тус тусын илтгэл хэлэлцүүлэв  Түүнчилэн энэ эрдэм шинжилгээний хуралд /ГАГУ/ Горний Алтайн Улсын их сургуульд эрдмийн зэрэг горилж буй Хятад улсын аспирантууд сонирхогч, ажиглагчаар оролцож, хэлэлцүүлсэн илтгэлүүдтэй холбоотой асуулт асууж, санал бодлоо илэрхийлж байсан юм.

Монгол улсын оролцогчдын хувьд профессор Наваанзоч Х.Цэдэв “Эх орны их дайнд Немцийн фашистуудыг бут ниргэхэд нийгмийн сэтгэлгээний хүчин зүйлүүд”, докторант Д.Мөнхбат “Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Монгол улс ба Улаан армийн харилцаа” Â Г.Төрмөнх (миний бие) “Халхын голын байлдаан ба дэлхийн хоёр дугаар дайнд оролцсон дайчдын мөрөөр” гэсэн илтгэлүүдийг орос хэл дээр илтгэж, хэлэлцүүлсэн юм.

Монголын оролцогчдын илтгэлийн хувьд Орос оронд байхгүй ховор баримтуудыг гаргаж ирсэн, үзэл санааны хувьд залуу хойч үеийг зөв үзлээр төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий сонирхолтой илтгэлүүд байна хэмээн оролцогчид саналаа хэлж, баяр хүргэж байсныг дурьдах нь зөв байх. Тэрчлэн АБНУ-ын оролцогчид нэрт эрдэмтэд судлаачдын илтгэлүүд ч нэн ач холбогдолтой, цаашид түүний мөрөөр судалгаа шинжилгээ өрнүүлэх бодлого үйл ажиллагаандаа тусгаж авахад зайлшгүй шаардлагатай зүйлүүдийг хөндөж тавьж байсан юм.

Горний Алтайн Улсын их сургуулиас хуралдааны илтгэлүүдийг эрдэм шинжилгээний бичиг болгон хэвлүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн.

Дүгнэлтийн хэлэлцүүлгийн үеэр энэхүү хурал нь зөвхөн нэг ялалтын 70 жил болсонтой холбогдож, зохиогдоод түүх болж үлдэхдээ биш харин сүүлийн үед хүн төрөлхтний оюун сэтгэхүйн ертөнцөд “гамшигт үзэгдэл” болоод буй хэт либералчилах, мөн чанарыг орхигдуулж хэлбэрийг шүтэх, даган дууриах, ингэснээр хүн төрөлхтний хэзээ ч мартаж, гээж болохгүй заямал үнэт зүйлсийг үгүй хийж, сэтгэхүй нь боолчлогдмол болсон ард түмнийг хялбарханаар идэш болгон ашиглах гэсэн баруун төвтэй /Америк!/ улс төрийн бодлогын нөлөөллийг сааруулах учир холбогдлыг нь өргөж, улмаа уламжлал болгон үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн саналууд гарч байлаа. Хоёр орны сэтгүүлчдийн байгууллагаас оролцсон төлөөлөгч, судлаачдын хувьд энэ талаар өргөн олон нийтэд чиглэгдсэн соён гэгээрүүлэх ажлуудыг боловсрол хийгээд эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, эрдэмтэдтэй хамтран өрнүүлэх нь зүйтэй гэсэн асуудал дээр санал нэгдсэн ба эрдэмтэд дуу нэгтэй дэмжиж байв. 

Эрдэм шинжилгээний хурлын дараа бид А.В Анохины нэрэмжит Үндэсний музейд болсон “Ялалт ба зэвсэг” хэмээх дэлхийн дайнуудын үед хэрэглэгдсэн зэвсгийн түүхэн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, АБНУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч сайд Ольги Александровна Сафронова, хотын дарга Виктор Облогин нартай уулзаж, дурсгалын зураг татуулав. Үзэсгэлэнгийн нээлтэн дээр орлогч сайд Ольги Александровна, хотын дарга, тэрчлэн үндэсний музейн захирал нар үг хэлж, түүхэн кино үзүүлэн, урлагийн тоглолт сонирхуулсан.

Музейн санал сэтгэгдлийн дэвтэр дээр бид сэтгэгдэл үлдээх болоход үндэсний худам Монгол бичгээрээ бичих нь зүйтэй гэсэн санал гарснаар бид энэ үүрэг надад оногдож, бид худам Монгол бичгээр болон орос хэл дээр сэтгэгдлээ бичиж мөнхөлсөн агаад үүнийг харж байсан Орос болон Алтайц нөхдийн зарим нь Монголын эртний бичиг үсэг хэмээн ихэд олзуурхан гайхаж байсан.

Мөн Монголын оролцогчдыг хотоос 20 орчим километрийн зайд Хадан гол /Катун голын эрэг дээр битүү хусан ой дотор орших агуу их сэтгэгч, зураач Николай Рерихийн хөшөө үзүүлж, тэр хавийн буюу Хадан голын сав дагуух аялал жуулчалын бүсийг сонирхуулав.

Өргөн их Хадан мөрний эрэг дээр урт нөмрөгөө нөмрөн гүн алс руу ширтэж, бодлогшрох агуу зураач, сэтгэгчийн нүсэр том гантиг чулуун хөшөөний дэргэд хором төдий саатаж, голын урсгал ширтэн зогсоход ер бусын сэтгэгдэл тархийг эзэмдэнэ.

  Үргэлжлэл бий....

Г.Төрмөнх

 

 

 

“Уулын Алтай”-д өнгөрүүлсэн “ялалтын тамга”-тай өдрүүд”- 3

  • PDF

Түрүүч нь өмнө нь нийтлэгдсэн 

Гурав: “Үхэшгүй мөнхийн хороо” үл мартагдах үйлс 

Pobedi 9

Хадан /Катун/ голын эргээс ирмэгц бид Горно-Алтай хотын Ялалтын паркад болсон эх орны дайны баатруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцов. Ялалтын парк руу ормогц АБНУ-аас эх орон ард түмнийхээ төлөө тулалдаж, гавьяа байгуулсан улсын баатруудын чулуугаар урласан цээж баримал жирийж угтана. Цээж баримлуудын дэргэд баатруудын намтар хийгээд гавьяат үйлсийг чулуун самбарт мөнхөлжээ. Паркийн төв дунд ялалтын цамхаг, цамхагийн хоёр талын хананд элгэн нутаг, ард олныхоо төлөө амь эрсдсэн бүхий л цэрэг эрсийн нэр алдрыг мөнхөлжээ. Цамхагийн хоёр талын хананы гадна хоёр том танк болон их бууны хөшөө байна. Тэгээд цэцэрлэгт хүрээлэн залгах ба цэцэрлэгийн дэргэдүүр Алтайн хязгаараас элгэн нутгийнхаа төлөө тулалдаж явсан үе үеийн дайчин эрсийн тухай зурагт самбарууд жирийнэ.

Ёслолд оролцохор ирсэн олон зуун хүн мөнөөх цээж баримал, зурагт самбаруудын өмнө очиж чин  сэтгэлээсээ хүндэтгэл илэрхийлцгээнэ. Бид ч мөн адил тэдгээр баатрууд хийгээд дайчдад бүгдэд нь гүнээ мэхийж хүндэтгэлээ илэрхийлэв.

Талбайн төвд Ялалтын цамхагийн өмнө Горно Алтай хотын ерөнхий боловсролын дунд сургууль, лицей сургуулийн сурагчдаас бүрдэх өсвөрийн “Суворовчууд” хэдэн эгнээ болон жагсажээ. Тэд жагсаал удирдагч оциферуудын командаар хөдлөж, жагсаалын бяцхан үзүүлэх сургууль үзүүлэв. Явган цэргийн байлдааны машин буюу хуягт машин дээр хэсэг өсвөрийн дайчид ямар нэгнийг  нандигнан авч ирээд, паркийн талбайн захад Ялалтын цамхагийн эгц харалдаа зогсон хүлээнэ.

Үзүүлэх сургуулийн дараа Засгийн газрын сайд Ольга Александровна Сафронова хотын дарга Виктор Облогин, АБНУ-ын цэргийн комиссар Олег Денисенко нар, мөн ахмад дайчин, өсвөрийн суворовчуудын төлөөлөл, залуучууд, өсвөр үеийн төлөөллүүд үг хэлж, бүгд л амь эрсдсэн баатарлаг ахмад үеийнхээ төлөө толгой гудайн эмгэнэн хүндэтгэхэд, хурсан олон яг л нэг хүн шиг дагацгааж байв. Комиссар цаг цохиж, эрсдэгсдийн дурсгалыг нэг минут дуугүй зогсож хүндэтгэцгээв.

Дараа нь дайнд эрсдэгсдийн мөрөөр судлан сурвалжилж, нэр, алдар болон шарилыг нь илрүүлдэг эрэн сурвалжлах багийнхны хамгийн сүүлд шинээр илрүүлсэн Алтайн хязгаарын эрсдсэн дайчны шарилыг залж, Ялалтын цамхагт мэдүүлэх, улмаар шарилыг бунхан руу буцаан залах үйл ажиллагаа, гүн хүндэтгэлтэй хийгээд, хачин чимээгүй, сэтгэл шимшрүүлэм байдалтайгаар болж өнгөрөв. Командлагч  офицероор удирдуулсан өсвөрийн дайчид Хуягт машин дээрээс шарилыг болгоомжтой буулгаж, арван дөрөв тав орчим насны цэрэг хувцастай балчир охин хамгийн өмнө талд дайчны хөрөг зургийг өмнөө барьж, араас нь идэр болон залуу насны хоёр төлөөлөл шарилыг залан эрэгтэй, эмэгтэй өсвөрийн дайчид хамгаалжээ.

Тэд нэгэн хэмийн удаан алхаагаар явсаар шарилыг Ялалтын цамхагын өмнө авч ирж залаад, дэргэд нь хамгаалж зогсоход, шинээр олдож, нэр нь тодорхой болж буй эрсдсэн дайчны намтар болон дайчин үйлсийн тухай цэргийн комиссар танилцуулав. Дараа нь цаг цохиж нийтээрээ нэг минут чимээгүй зогсож, хүндэтгэл үзүүлэв. Хурсан олон бүгдээр дайчны шарилын өмнө толгой мэхийн хүндэтгэлээ.

          Ялалтын парк, дайчин эрс, эрсдэгсэд, амьд үлдэгсэд, хойч үе, биднийг залгамжлах балчир үрс, улмаар мянга мянган жил амьдрах дэлхий ертөнц, бүгдээрийн зүрх сэтгэл энэ мөчид нэгэн цул болж, ямар ч анир чимээ үгүй. 

Pobedi 8

Амьдралын утга учрын тухай урьд нь анзаарч байгаагүй ер бусын “үнэн” мэдрэмж тархи, зүрхийг эзэмдэнэ. 

Хэсэг хугацааны дараа шарилыг залж ирсэн дайчдын баг мөн л туйлын намуун, чимээгүй хэмнэлээр, гүн хүндэтгэлтэйгээр буцаан залж одов.

Маргааш өглөө нь тэндхийн цагаар 9.00 гэхэд Горно-Алтай хотын гудамжаар ялалтын талбайг зүглэх хүмүүсийн цуваа яг л их мөрний урсгал шиг. Хотын зах хэсгээс төв хэсэг рүү зорчигчдыг хүргэх нийтийн тээврийн абтобусууд үйлчилэх ба бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ өдөр хоригложээ. Ялалтын парк хүрэхэд нэг километр орчим газрыг эцсийн буудал болгож, түүнээс цааш бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг мөн хориглосон болохоор автобусны буудлаас парк руу хэдэн мянган хүмүүсийн цуваа үерийн ус шиг цутган орж байв. Замын гол дундуур дайнд амь эрсдсэн өвөө, эмээ нар, хамаатан садангуудынхаа дурсгалыг хүндэтгэж нэр, намтар бүхий зургийг нь өргөж барьсан “Үхэшгүй мөнхийн хороо”-ныхны (Бессмертный полк) цуваа хөврөх ба, бусад хүмүүс нь тэднийг хүндэтгэн гол замыг чөлөөлж, замын хоёр талаар алхацгаана. Замын голоор хөврөх энэ жагсаалыг харахад яг л өчигдрийн ялалтын парк дээрх шиг сэтгэгдэл өөрийн эрхгүй эзлэн авна.

Дайнд амь эрсдэгсдийн дурсгалыг хүндэтгэж ийнхүү нийтийн жагсаал хийж байх санаачлагыг анх 2012 онд Томскийн улсын их сургуулиас санаачилж, бүх нийтийн үйл хэрэг болсноор одоо ОХУ болон бусад орны нийт 500 хотын хэдэн сая хүнийг хамарсан өргөн давалгаан болсон тухай профоссер Х.Цэдэв үгүүлсэн юм. Зөвхөн Горно-Алтайска хотод л гэхэд хоёр мянга илүү хүн энэхүү жагсаалд оролцсон гээд бодоход яахын аргагүй хүмүүсийн сэтгэл зүрхний гүнээс оргилж буй хөдөлгөөн гэдэг нь мэдэгдэнэ. Ялалтын паркын зах руу ормогц, “День победы” , “Катюша”,  “Смуглянка” зэрэг аугай их эх орны дайны үед болон түүний дараахан зохиогдсон, эрэлхэг хийгээд гүн харуусалт, чухам л зүрх сэтгэлийн цөмөөс оргилон гарсан гайхамшигт дуунууд эгшиглэнэ. Горний Алтай хотын драмын театрын оркестр ялалтын цамхагийн өмнө байраа эзлэжээ. Хамгийн эхлээд хоёр дайнд оролцож, эх орныхоо төлөө тулалдаж явсан ахмад дайчин өдгөө 90 гаруй настай Фёдор Конюхов үг хэлэв. Дараа нь л АБНУ-ын Засгийн газрын тэргүүн Александр Бердников, “Эл Курилтай” буюу Их хурлын дарга Иван Белеков, мөнөө Засгийн газрын нэгдүгээр орлогч Ольга Александровна,  хотын дарга Виктор Облогин, АБНУ-ын цэргийн комиссар Олег Денисенко нар болон ахмад, идэр, залуу, өсвөр үеийн төлөөллүүд ялалт ямар их үнээр олдсоныг сануулж, эх орон хойчийн ирээдүйн төлөө өөрсдийгөө бус ард түмнээ, залгамж хойчоо хамгаалж, амь эрсдсэн баатруудаа дурсан, тэдний гавьяаг тунхаглаж байлаа.

Засгийн газрын тэргүүн Александр Бердников,хэлэхдээ “Өнөөдөр бид сэтгэлдээ гунигтай нүдэндээ нулимстай зогсож, ялалтын энэ өдрийг тэмдэглэж байна. Яагаад гэвэл энэ цэлмэг сайхан өдөр амь үрэгдсэн дайчид маань бидэнтэй хамт байхгүй. Тэднийг босгоод ирж чадахгүйд учир нь оршино. Ялалт ямар үнээр олдсон гэдгийг бид үүрд мартаж болохгүй. Тэгэхэд дайны талбарт Зөвлөлтийн арван сая дайчдын амь эрсдсэн юм. Зөвлөлтийн дайчдын гавьяаг дурсацгаая. Энэ дурсгалыг бид үеэс үед хамгаалан, зүрх сэтгэлдээ хадгалж явах учиртай. Манай орны хүүхдүүд, үр ач нар, тэдний хойч үеийнхэнд мэдрүүлэх хамгийн чухал зүйл энэ юм. Иймээс хэн ч хэзээ ч мартахгүй гавьяат үйлсийг дурсацгаая” хэмээсэн юм.

Дайнд тухайн үеийн Ойрадын автономит улс /Ойратской автономной абласти/ буюу өнөөгийн Алтайн Бүгд найрамдах улсаас 165.0 мянга орчим хүн фронтод очихоор өргөдлөө өгсөнөөс 42 мянга 268 хүн явж, тэдний тэн хагас нь буюу 21 мянга 299 дайчин эргэж ирэлгүй эрсдэжээ. Харин одоо тус улсад аугай их эх орны дайнд оролцсон 153 ахмад дайчин амьд сэрүүн байгаа аж.    

Энэ өдөр хотын бүх оршин суугчид ялалтын паркад цуглаж, чухам хүн зоны урсгалаар давалгаалж байсан хэдий ч паркад болон гудамж талбайд ийм тийм худалдаа үйлчилгээний зүйл дэлгэсэн нь огт үгүй. Харин ялалтын баярт зориулж хүүхдүүд, залуучуудын бүтээсэн гар болон уран зургийн бүтээлүүд, зохион бичлэг, фото зургийн үзэсгэлэнгүүдийг энд тэнд дэлгэн тавьжээ. Ялалтын парктай залгаа цэцэрлэгт хүрээлэнд цэргийн хээрийн платакууд татаж, хээрийн гал зуух авч ирэн байрлуулсан байх ба тэнд цэргийн “каш”, хээрийн нөхцөлд дайчдын иддэг хоол ундыг бэлтгэн, түүгээр зөвхөн ахмад дайчдад үйлчилж байв. Дурсгалын зураг татуулах үйл явц хаа сайгүй өрнөж байна. Паркын дээгүүр Горно-Алтай хотын тэнгэрт цэргийн нисэх онгоц агаарт уран жолоодлого /маневр/ хийж үзүүлэх сургууль үзүүлэв. Тэрээр энгийн нүдээр харж болохуйц өндөрт хэдэнтээ “сальто” эргэж, утаагаараа ялалтын 70 жил хэмээн бичих зэргээр хурсан олны талархалыг хүлээв.  

pobedi 3

Балчир хүүхдүүдэд өөрсдөд нь тохирсон хөөрхөн цэрэг хувцас урлаж өмсгөн, дайнд амь эрсдсэн өндөр өвөө эмээ, элэнц хуланцынх нь зураг хөрөг, нэр алдар намтрыг бариулсан нь олонтоо тааралдана. Горно Алтай хотын үндэсний телевиз болон сонин сэтгүүлүүдийн сурвалжлах хэсгүүд хүмүүсийн дунд хаа сайгүй явж, нэн ялангуяа тэр бяцхан “дайчид”-аас ярилцлага авахад эгээ л насанд хүрсэн хүн шиг хэвлүүхэн нь аргагүй, ялалтын энэхүү тэмдэглэлт баярын ач холбогдлын тухай, дайнд амиа өргөсөн дээдсийнхээ тухай торж түгдрэлгүй дуржигнуулах нь өхөөрдөм хийгээд сэтгэл татам. 

          Үйл явдлыг тэмдэглэж, утга учрыг нь ойлгуулан, хүмүүсийн ой ухаанд хоногшуулна гэдэг чухам энэ биз. Ийм юм үзсэн хүмүүс бие биенээ хүндэтгэхээс, өрөвдөж хайрлахаас аргагүй. Бүгдээрээ нэг л хувь заяатай, нэг л дэлхийд амьдарч буй гэдгийг, бидний Монголчуудын хэлэлцдэгчилэн “бүгдээрээ нүцгэн ирээд, нүцгэн буцдаг” гэдгийн жинхэнэ утга учрыг мэдрэхээс яалтай билээ. 

SANY0581

Дайн дажинд том жижгийн, хөнөөл гамшигт нь их багын ялгал үгүй. “Сэтгэлдээ багтааж чадваас их багын ялгал үгүй” хэмээн их Галдан хааны айлдсаныг бид иш татах дуртай шүү дээ

          Монгол оронд дайн болсон уу, болсон, хөнөөл гамшиг ирж өнгөрсөн үү, ирж өнгөрсөн. Гэсэн ч Халхын голын үйл явдал түүний ялалтын үнэ цэнийн талаар бид арай л хөнгөн гоомой ханддаг болчихсон юм биш биз!

Өнгөрсөн жил тэмдэглэсэн Халхын голын ялалтын 75 жилийн ойн үеэр хүний зүрх сэтгэлд хоногших ийм үйл явдал болсныг миний хувьд сайн мэдэхгүй л байна. Ховд аймагт бол энэ талаар дурсаа ч үгүй өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр хатуу сонсогдож болох ч энэ мэт үнэнээс бид бултах газар үгүй. Бидний төлөө халуун амиа зориулсан өвгөдийн сүнс дэргэдээс маань, дээрээс маань харж байгаа. Бүүр сүүлдээ зарим нөхөд өөрсдийгөө “Улсын баатар” гэж цоллоод, жишим ч үгүй сууж байгааг нь бодоход санаанд багтмааргүй.

Үргэлжлэл бий....

Г.Төрмөнх 

Цаг агаарын мэдээ