Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Чухал мэдээ ЧУХАЛ МЭДЭЭ

ЧУХАЛ МЭДЭЭ

Улсын их хуралд хүргүүлэх таны санал гомдлыг хүлээн авч байна

  • PDF

Аймгийн Нутгийн удирдлагын ордны нэгдүгээр давхарт байрлах Иргэний танхимд Монгол улсын Их хурал, түүний өргөдлийн байнгын хороонд хандсан иргэд олон түмний өргөдөл гомдлыг саналын хайрцагаар хүлээн авч байна. 

            Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр “Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журам”-ын талаар мэдээлэл, танилцуулгыг явуулж байгаа аж.

            Санал хүсэлтийн хайрцагт ирсэн өргөдлүүдийг журмын дагуу 14 хоног тутам  нэгтгэж хүргүүлэхээр график гарган батлуулжээ

Sanaliin hairtsag

Саналын хайрцгийн тухай

            Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэдээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Улсын Их Хуралд өргөдөл гаргах боломжийг бүрдүүлэх зорилгын хүрээнд иргэдээс Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд хандан гаргасан өргөдөл болон саналыг хайрцгаар дамжуулан хүлээн авах, түүний нууцлалыг хангах, Байнгын хороонд шуурхай хүргүүлэхтэй холбогдсон харилцааг аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцан зохион байгуулж байна.

            Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах дараах асуудлаар гаргасан өргөдлийг энэ саналын хайрцгаар дамжуулан хүлээн авна.

            1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд санал өгөх.

            2.Хууль,  Улсын Их хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих.

            3.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын шийдвэр эрх зүйн актуудыг хянуулах.

            4.Байгууллага, хувь хүний эрх нь зөрчигдсөнтэй холбоотой асуудал

            5.Иргэний амьдарч буй орон нутагтай холбоотой санал, гомдол

            Өргөдөлд өргөдөл гаргагч овог нэр, өөрийн оршин суугаа газрын нэр болон шуудангийн хаяг, утасны дугаар, өргөдлийнхөө агуулгыг ойлгомжтой, тодорхой товч илэрхийлж 250 үгэнд багтаан бичиж өөрийн гарын үсгээ заавал зурсан байна.

            Саналын хайрцгийг Иргэний танхимд байрлуулж цугларсан өргөдлийг 14 хоног тутамд хариуцсан мэргэжилтэн Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд шуудангийн хаягаар хүргүүлнэ.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗАР

 

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нийслэлээс гаргана

  • PDF

Ц.БАЯР

НИТХ-ын хуралдаанаар “Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам”-ыг хэлэлцэж баталлаа. Журамд сангаас үзүүлэх дэмжлэгийн хэмжээ нь орон сууцны урьдчилгаа төлбөр дутагдалтай байгаа нийслэлийн харъяа байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчийн худалдан авах орон сууцных нь зээлийн урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувийн төлбөртэй тэнцүү байна.Төрийн албан хаагч нь Нийслэлийн харъяа байгууллагад гурваас доошгүй жил тогтвортой ажилласан, цаашдаа тогтвортой ажиллах, худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлж барагдуулах чадвартай байх. Урьдчилгаа төлбөрийн дутагдалтай боловч банк санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлүүдийг хангасан байх хэрэгтэй. Эхлээд харилцагч банкинд хүсэлт гаргаад банкнаас зээл олгох боломжтой гэвэл санд хандан урьдчилгаа төлбөрийн дэмжлэг авна. Сонгосон орон сууц нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан, 80 м.кв-аас ихгүй талбайтай орон сууц байна гэж заажээ. Журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эх сурвалж:www.polit.mn

uri 1uri 2uri 3uri 5

2015 оны 3 сарын 26-нд улс даяар гамшгийн аюулын дохигоор ажиллана

  • PDF

Ontsgoi zurag

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах  ач холбогдолтой юм.

Дуут дохио дуугарах үеэр иргэд айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхитэй хамтран оролцохыг зөвлөж байна.

Дадлага сургуулийн зарлан мэдээллийг Онцгой байдлын газраас 3 газар  шинээр суурилуулсан орчин үеийн зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхагаар дамжуулан ажиллах юм.

Дадлага сургуульд оролцогчид Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан 15 нэр төрлийн биед авч явах зүйлийг бэлтгэсэн байх шаардлагатай.

 

ХОВД АЙМАГ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

 

Төсөв тодотгож, газар нутгийг тусгай хамгаалалтанд авлаа

  • PDF

Hural 3

Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 2015 оны 2 сарын 12-нд хуралдаж, 2015 оны орон нутгийн төсөвт өөрчлөлт оруулах, мөн нэр бүхий сумдын ИТХ, холбогдох багуудын Иргэдийн нийтийн хурлаас өргөн мэдүүлсэн, газар нутгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтанд авах тухай  асуудлуудыг хэлэлцэв.

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аар хэлэлцэж, 2015 оны улсын нэгдсэн төсөвт өөрчлөлт  буюу тодотголыг баталсан. Үүнд үндэслэн, Ховд аймгийн 2015 оны орон нутгийн төсөвт мөн өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Төсвийн тодотголын тухай илтгэлийг ИТХ-дээр аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга П.Амгаланбаатар тавьж хэлэлцүүлсэн ба халамжийн сангийн төсөв 704.5 сая, Байгаль орчны газрын төсөв 9.7 сая төгрөгөөр нэмэгдэж, хөрөнгө оруулалт, их засварын зардлыг 40.6 сая, Байгаль хамгаалах сангийн зардлыг бууруулахаар тодотголд тусгасныг юуны өмнө дурьдав.

Сангийн яамнаас чиглэл ирүүлэхдээ төсөвт төвлөрүүлэх орлогыг 91.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр заасныг шийдэхдээ орлогын эх үүсвэр, хувь хэмжээг нэмэх биш харин төсвийг  хасаж  тооцох, өөрөөр хэлбэл төсвийн нийт орлогын хэмжээг бууруулах замаар тохируулсан гэдгийг мөн танилцуулсан. Үүнд Байгаль хамгаалах сангийн төсвийг 50.1 сая, хөрөнгө оруулалт, их засварын төсвийг 40.6 сая төгрөгөөр хасагдуулах замаар ийнхүү тохируулсан байна.

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн тодотгол аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг өмнөх батлагдсан дүнгээс 3117,9 төгрөгөөр буюу 37.4 хувиар буурч, батлагдсаныг нь орон нутгийн орлогын эх үүсвэрийг нэмэх замаар 45.0 сая төгрөгөөр өсгөж тодотгосноос гадна аймгийн ОНХС-гийн төсвийг бүрэн бүрдүүлэхийн тулд Зэрэг сумаас 50.0 сая, Мянгад сумаас 45.0 сая нийт 95.0 сая төгрөгийг аймаг руу шилжүүлж, улмаар аймгийн ОНХС-д 2228.0 сая төгрөг, сумдын ОНХС-д 3036.6 сая төгрөг хувиарлагдахаар төсөвлөжээ.

Хөдөөгийн сумдад санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудын ажиллах хүчний зардлыг 87.5 сая төгрөгөөр, бүтцийн өөрчлөлтийн улмаас зарим чиг үүрэг нь өөр салбарт шилжиж байгаатай холбогдуулан хуучнаар ССАЖ-ын газар одоо биеийн тамир, спортын газрын төсвийг 20.7 сая төгрөгөөр тус тус бууруулж, харин эрүүл мэндийн салбар дахь эмийн төсвийг 168.3 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Өнгөрсөн онд Сангийн яамны төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газраас хийсэн шалгалтаар төсвийн хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй, зарим хориглосон зүйлд, түүнчлэн хөрөнгө бэлтгэх, машин худалдаж авах гэх мэт шаардлагагүй зүйлд хөрөнгө зарцуулсан, урсгал зардлыг зориулалтын бус төсвөөс санхүүжүлсэн, төсөл хөөтлбөрийг зориудаар хэт жижигрүүлж, олон төсөл хөтөлбөр болгон хувиарлах замаар төсвийн үр ашгийг бууруулж, хууль журам зөрчсөн дутагдлууд илэрсэн бөгөөд цаашид үүнийг давтахгүй байхыг илтгэлд мөн анхааруулж байлаа.

2015 оны тодотгосон төсвөөр сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 5424485.7, тусгай зориулалтын шилжүүлгийг 32979388.4, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 3036600.0 төгрөг, 2015 оны төсвийн жилд зарцуулах аймгийн төсвийн зарлагын хэмжээг 12712732.0  төгрөг, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын дээд хэмжээг 2227994.5 төгрөгөөр тус тус баталсан байна. 

Төсвийн орлого бүрдүүлэлтийг сайжруулахын тулд мал аж ахуйн татварыг шинэчлэн боловсрогдож буй хуулийн хүрээнд тооцон авч нэмэлт эх үүсвэр болгох, жижиг оврын уурын зуухтай аж ахуйн нэгж, байгууллагуудаас агаарын бохирдлын татвар авч төсөвт төвлөрүүлэхийг сумдын ИТХ, Засаг дарга нар болон аймгийн Засаг даргад үүрэг болгосон тогтоолыг аймгийн ИТХ-аас баталжээ.

Мөн хуралдаанаар ховор болон ховордсон, түүнчлэн дэлхийн улаан номонд орсон амьтан, ургамлууд бүхий, орон нутгийн эко системийн нүд болсон Мянгад сумын нутаг дахь “Чаргат”, “Хад” нэртэй 75280 га талбай бүхий газар нутаг, Эрдэнэбүрэн сумын Шунхат уул, Хөх хургалж буюу Овоот уулын нийт 3068,02 га талбай бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд, мөн Ховор болон ховордсон 16 зүйлийн хөхтөн, 20 зүйлийн шувуу байршидаг  Дарви сумын нутагт орших Сутай уулыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлыг хэлэлцэн баталж, аймгийн ИТХ-ын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн 02, 03, 04 дугаар тогтоол гаргасан байна. 

Эдгээр шийдвэрийг гаргахдаа тухайн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, багуудын Иргэдийн нийтийн хурлаас ирсэн саналыг үндэслэн, ховор болон ховордсон амьтан, ургамлын тархац нутгийг хамгаалах, амьдрах орчныг бүрдүүлэх, байгалын ховор нөөц, өвөрмөц тогтоцыг хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгыг эрхэм болгосон байна.

                                                                                                                         Г.Төрмөнх  

Хотын зочин хийгээд хамтын нөхөрлөл

  • PDF

Хил дамнасан хамтын ажилагаа

Mantai

Өнгөрөгч долоо хоногт “Горно-Алтай” хот болон Монгол улсын Баян-Өлгий аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр талынхан оролцсон хэлэлцээр болон санамж бичигт гарын үсэг зурав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Монгол улсад хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих болсноос хойш.зөвхөн сүүлийн сар хагасад л гэхэд хилийн “Ташант” боомтоор зорчигсдын тоо өнгөрсөн 2013 оны тухайн үеийнхээс 50 хувиар нэмэгдсэн байна.

Шинэ жилийн баяр амралт дууссаны дараа ажлын хамгийн эхний өдөр Горно-Алтай хотод Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Хавалхааны Мантай айлчилан ирэв.

Ноён Мантай ирсэн даруйдаа хотын захиргаанд зочилж, уулзалт хийсэн бөгөөд уг уулзалтанд Оросын талаас Горно-Алтай хотын дарга Виктор Облогин ач холбогдол өгч оролцсон. Ирсэн зочид маань орос хэлээр чөлөөтэй нэвтрэлцэх чадвартай байсан учир уулзалтыг илүү халуун дотно болгож байсныг дурьдах нь зүй.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр хотуудын ерөнхий боловсролын сургуулийн нийгэм хүмүүнлэгийн чиглэлийн болон орос хэл, уран зохиол, түүх, орон нутаг судлал, газарзүй, биологийн багш нарыг харилцан туршлага судлуулахаар тохиролцов. Ирэх оны зуны амралтын үеэр Монголын Баян-Өлгий аймгийн сургуулиас АБНУ-ын “Горно-Алтай” хотод сурагчдын амралтын хотхон /зуны лагер/ ажиллуулах тухай, мөн ирэх гуравдугаар сард Баян-Өлгийгөөс Горно-Алтайд ахлах ангийн сурагчдын анхны группын танилцах аяллыг ирүүлэх боломжтой бөгөөд дараа нь Горно-Алтай хотоос мөн сурагчдын анхны групп Баян-Өлгийд богино хугацааны танилцах аялал зохион байгуулж болох талаар ч ярилцав.

Алтайн хязгаарын Майманскийн районы Манжерок сууринд 1966 онд болсон Зөвлөлт Монголын найрамдлын их наадмын 50 жилийн ойг ирэх 2016 онд тэмдэглэнэ. Харин өнөөдөр энэ тухай архивын материалууд, пото зураг, оролцогчдын дурсамж, захидлууд болон бусад үзмэрүүдийг цуглуулж эхлэх тухай, улмаар хамтарсан үзэсгэлэн гаргах талаар тохиролцов.

Мөн Горно-Алтайн Боловсролын газрын дарга Екатерины Петренкогийн санаачлагаар ирэх 2015 онд нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлүүдээр Горно-Алтай болон Өлгий хотын шилдэг сурагчдыг оролцуулсан хамтарсан олимпиадыг зохион явуулах болов.

Монгол зочид маань санаачлагаараа өөрийн хотод Оросын хэл, соёл, уран зохиолыг гүнзгийрүүлэн судлах төвийг байгуулахаар бэлтгэж, ном сурах бичиг цуглуулж эхэлсэн, цаашид орос хэлээр нэвтрүүлэг бэлтгэж дамжуулах гэхчлэн ажлуудыг төлөвлөж байгаа юм байна.

Х.Мантай Комсмолская уулан дахь цанын баазад саатаж, Космос хүүхдийн лагерт зочилон, Горно-Алтай хотын өвлийн амтыг мэдэрснээс гадна ням гаригт хотын төв талбайд болсон цасны баярт ч оролцов. Ганган гацуур, мөсөн хотхон, тэшүүрийн талбай, гулгуур, тэнд өдрийг өнгөрөөж буй хүүхдүүд зочдын маань сэтгэлд маш тодхон сайхан сэтгэгдэл төрүүлснийг илэрхийлж байсан. Энэ сард багтаад манай хотод Монголоос сурган хүмүүжүүлэгч багш нар манай хотод бас зочлон ирэх болно.

    Сэтгүүлч Алексей Ивашкин

Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ташант боомтоор зорчигсдын тоо 45 хувиар өсчээ

  • PDF

Хилийн чанадаас

Kosh 2

ОХУ болон Монгол улс хоорондоо визгүй зорчих болсноор Алтайн Бүгд найрамдах улсын Кош-Агачийн районы Ташант хилийн боомтоор зорчих зорчигсдын урсгал үлэмж нэмэгджээ. 2014 оны 11 сарын 14-ээс 12 сарын 05-ны хооронд улсын хилийн энэ боомтоор орж, гарсан зорчигсдын тоо 3898 байгаа нь, өнгөрсөн оны мөн хугацааныхаас 45 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Тэрбээр хоног тутам дунджаар 217 хүн, 62 тээврийн хэрэгсэл, үүний 52 нь суудлын автомашин, зургаа нь ачааны автомашин, дөрөв нь нийтийн тээврийн хэрэгсэл буюу автобус байгаа ажээ. Кош-агачийн раойны “Рахат” хэмээх зах дээр монголын худалдаачдын үндсэн үйл ажиллагаа явагддаг гэж үзэж болно. Энэ захаар дамжин Алтайн БНУ-ын Алтайн хязгаар болон Новосибирскийн муж руу Монголын Ховд аймгаас эсгий эдлэл, эсгий дэвсгэр ширдэг, гутал, тасалгааны шаахай, тэмээний ноосоор хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнийг худалдаалах нь элбэг байна.

Хоёр улсын хооронд визгүй зорчих болсноор Алтайн хязгаар хил, гаалийнхаа харилцаанд сайтар анхаарч, хилийн худалдааны дүрэм журам, хяналт шалгалтыг улам чамбайруулахыг эрхэмлэж байгаа.

2014 оны 11 сарын 14-ээс хүчин төгөлдөр болсон визгүй зорчих тухай уг шийдвэрт хоёр улсын иргэд нөгөө улсынхаа нутаг дэвсгэрт харилцан 30 хүртэл хоногийн хугацаанд албан ёсны зөвшөөрлийн баримт бичиг шаардахгүйгээр төрөл бүрийн ажил хэрэг, амралт, аяллын шугамаар зорчих болон оршин суух эрхийг нь баталгаажуулж өгсөн.

Тэгэхдээ хөрш хоёр орны зорчигсод маань хилээр нэвтрэхдээ зайлшгүй тохиолдолд иргэний болон гадаад паспортоо биедээ авч явах нь зөв. Хэрвээ аялал жуулчлалын шугамаар өөрийнхөө унаагаар хөрш улсын хил нэвтэрч байгаа бол унаж яваа тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээ, бичиг баримтыг заавал авч явах хэрэгтэй. Түүнчлэн иргэний татвар төлбөрөө төлсөн, автомашинаа үзлэгт оруулж, хураамжийг нь төлсөн байх зэрэг шаардлагуудыг хангах, ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчоод Монголд эргэж ирснийхээ дараа иргэний бичиг баримтаа мөн шалгуулах ёстой юм байна.

                              Алексей Ивашкин

                              Орос хэлнээс хөрвүүлсэн Г.Төрмөнх

Сонинуудын онцлох мэдээний тойм

  • PDF

Арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

Soninuud

“Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа “Намчирхалд дарлуулагчид”, “Хан-Уулын эмнэлгийн удирдлагууд эмч нарынхаа цалингийн нэмэгдлийг дур мэдэн танасан уу”, “Номын сангийн тухай хуультай болно” зэрэг мэдээ, материал болон Удирдаач Б.Лхагвасүрэнгийн “Хөгжмийг бусдаас илүүгээ батлах хэрэгсэл болгосон нь гутамшигтай” зэрэг ярилцлагыг онцолсон байна.

“Өдрийн сонин”-ны тэргүүн нүүрт “Түшмэдийн ордныг түмний эмнэлэг болгохоор шийдвэрлэлээ”, “Монгол Улсыг шударгаар шүүхийг уриалж байна”, “Боловсруулах салбарын зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл 6.4 дахин өсчээ”, “Монгол харчууд эр хүн мөн үү” зэрэг мэдээ, сурвалжлага, нийтлэл болон УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн “Нөхцөл байдал ийм л Засгийн газар, бүтэц бүрэлдэхүүнийг бий болголоо” зэрэг ярилцлагыг онцолсон байна.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Түүхий эдийн үнэ унаад байхад шатахууны үнэ буурахгүй байгаагийн шалтгаан юу вэ”, “”Улаанчулуутад хог түүдэг хүүхдүүдийн нэрээр бизнес хийж байна” гэв”, “Парист Занабазар хийцийн Дарь эхийг худалдах гэж байна” зэрэг сурвалжлага, мэдээ болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн “Захидлын талаар намынхантай ойлголцсон” зэрэг ярилцлагыг унших боломжтой.

“Зууны мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “АНА МАНА”, “Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгаасаа өгөөж хүртэнэ”, “”Эрдэнэт” үйлдвэр бүх ажилчдаа 500 мянган төгрөгөөр шагнана”, “Бондыг бодитоор дурандая” зэрэг мэдээ, сурвалжлага болон БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгын “Цэцэрлэгийн тарах цагийг 1-3 цагаар сунгах боломжтой” Â гэсэн гарчигтай ярилцлагыг онцлосон байна.

“Улс төрийн тойм” сонин “Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарыг барьц алдуулсан баримт”, “Хүнлэг сэтгэлийн гэрэл Д.Дагвадоржоос гэрэлтэж, Д.Арвин дээр унтрав”, “Дэд сайдгүй болбол жилд хагас тэрбум төгрөг хэмнэнэ” зэрэг мэдээ, материал болон Ногоон намын дарга О.Бум-Ялагчийн “С.Баярцогтын ард олон улсын бизнесийн бүлэглэл бий”  гэсэн ярилцлагыг онцолжээ.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаараас “Тэд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт ингэж зөвлөв”, “Д.Дорлигжав сайд болохоосоо өмнө прокурорт томилгоо хийжээ” зэрэг мэдээ, материал болон  ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Цэвээндоржийн “Чингисийн онгон Бурхан Халдунд байгаа, харин өвөрт нь үү ард нь уу” гэсэн гарчигтай ярилцлагыг уншаарай.

“Засгийн газрын мэдээ” сонин өнөөдрийн дугаартаа “Ногоон дарь эх 3.457.500 еврогоор зарагдлаа”, ““Corporate Excellence” шагналыг Монголын аж ахуйн нэгж хүртлээ”, “Шийдлийн Засгийн газрын анхны хуралдаан”, “49 жил 11 сар 30 хоног” зэрэг мэдээ, материал болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн “Уламжлалт эдийн засагт шүтээд урагшаа алхахгүй нь тодорхой” гэсэн ярилцлагыг онцолжээ.

Вашингтоны тохироо буюу улс үндэстнийг сөнөөх аргууд

  • PDF

kapitalizmiin ginj

Дэлхийн эзэд эдийн засгийн албадлага, цэргийн хүчээр түрий барих бодлого хийгээд бас үзэл суртлын үг хэллэгээр дамжуулан энэ орчлонд ноёрхож байна. Тэдний ажил үйлийн үзэл суртлын зүг чигийг заагч од нь Washington Consensus (Вашингтоны тохироо) хэмээх гэм хоргүй нэртэй байгууллага юм.

Энэ нь 80, 90-ээд онуудад тив дамнасан томоохон нийгэмлэгүүд, Үолл Стрийтийн нэлээд хэдэн банк, Америкийн төв банк болон олон улсын санхүүгийн байгууллагууд (Дэлхийн банк, Олон улсын мөнгөний сан гэх мэт) –ын хооронд хийсэн багц албан бус (аман) тохиролцоонууд (gentlemen’s agreements)-ыг хэлж буй юм.

1989 онд Washington Consensus-ыг Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч бөгөөд дэд ерөнхийлөгч Жон Уильямсон албажуулжээ. Түүний үндсэн зарчмуудыг түүхэн ямар ч цаг үед аль ч эдийн засагт, аль ч тив дээр хэрэглэж болох ажээ.

Тэдгээр зарчим нь төрийн болон төрийн бус зохицуулалтыг нэн даруй устгах, зах зээлийг бүхэлд нь (эд бараа, капитал, үйлчилгээ, патент гэх мэт) бүрэн хэмжээгээр нэн даруй либеральчлах (чөлөөтэй болгох), stateless global governance (төр улсгүй дэлхийн засаглал) тогтоох уриан дор нэгдмэл,  өөрөө өөрийгөө зохицуулах дэлхийн зах зээлийг бий болгоход чиглэж буй.

Вашингтоны тохироо гэдэг нь дэлхийг хувьчлан авах зорилготой. Үүний тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй.

1. Өртэй улс бүрт татварын тогтолцооны шинэчлэлийг дараах хоёр үзэл баримтлалаар  хэрэгжүүлэх. Үүнд: дээд түвшний орлогод ногдуулах татварын хэмжээг бууруулж баячуудыг үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад  түлхэц  өгөх. Татвар төлөгчдийн тоог нэмэгдүүлэх. Шуудхан хэлбэл татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд хамгийн ядуу бүлгийн хүмүүст  үзүүлж буй татварын хөнгөлөлтийг цуцлах

2. Санхүүгийн зах зээлийг аль болохоор  хурдан, бүрэн дүүрэн  либеральчлах

3. Гадаадын хөрөнгийн  эздийн оруулж буй хөрөнгийг баталгаатай аюулгүй байлгах, хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг адил тэгш нөхцөлөөр хангах явдлыг  баталгаажуулах

4. Нийтийн  (манайхаар төрийн гэх байх.Орч) секторыг аль болохоор задлах. Улсын мэдлийн болон хагас  улсын бүх компанийг  хувьчлах

5. Эдийн засгийн янз бүрийн хүчнүүд хоорондоо чөлөөтэй өрсөлдөх боломжийг хангахын тулд  холбогдох улсын,  улс ардын аж ахуйг  төрийн  зохицуулалтгүй  болгох.


6. Хувийн  өмчийн  хамгаалалтыг  бэхжүүлэх

7. Худалдааны харилцааг  аль  болохоор хурдавчлан либеральчлах  ажлыг хөхиүлэн дэмжих,  гаалийн татварыг жилд  наад  зах нь 10 хувиар бууруулах

8. Чөлөөт худалдаа нь экспортоор дэмжигдэж байдаг учир эн тэргүүнд бараа бүтэгдэхүүнээ экспортлох чадвартай эдийн засгийн салбаруудын хөгжилд эерэг таатай нөхцөл бүрдүүлэх

9. Төсвийн алдагдлыг хязгаарлах

10. Зах зээлийн ил тод байдал тогтоох. Эдийн засгийн субъектуудад өгч буй улсын татаасыг үгүй болгох. Гуравдахь ертөнцийн орнууд хүнсний гол нэрийн барааны үнийг доогуур барьж байхын тулд татаас өгч буй бодлогоосоо татгалзах. Төсвийн зардалд дэд бүтцийг өргөжүүлж хөгжүүлэхэд чиглэж буй зардлыг эн тэргүүнд авч үзэх эдгээр болно.

Vashing tohir

Жан Цийглэрийн “Дэлхийн шинэ эзэд ба ертөнц даяар тэднийг эсэргүүцэн тэмцэгчид” номын хэсгээс  хүргэлээ.

Нэрт орчуулагч Д.Моононцагааны орчуулж гаргасан энэхүү номыг Мир, Интерном, Билэг их дэлгүүрээр худалдаалагдаж байна.

  

 

 

                                                      

Цаг агаарын мэдээ