Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Балар эртний домог үлгэрүүд буюу “Ойрад” –ын М.Уянсүх

Балар эртний домог үлгэрүүд буюу “Ойрад” –ын М.Уянсүх

    Энэхүү эсээ нийтлэлд яруу найрагч, зохиолч Мулцангийн Уянсүхийн туурвисан 

                       “ОЙРАД” хэмээгч нэн сонирхолтой бүтээлийн тухай үгүүлэх болно. 

   1.Анхдагч санаа буюу мөнх оршихуйн тайлал 

“Хүйтэн балар уулс минь 

Хүдэн дундаа төөрнө  

Хүчирхэг дөрвөн Ойрадууд  

Зүрхэн дотроо уйлна 

Харанхуй балар уулс минь

Хавцал дундаа төөрнө  

Хамаг Дөрвөн Ойрадууд  

Зүрхэн дотроо уйлна ... “ хэмээн найрагчийн сэтгэлийн дайд алсаас чимээ өгөн цуурайтсаар, улмаа түрхрэн эрчилэх энэлэнт дууллын хэм хэмнэлд автан, цээжин дотроо тарни мэт давтанам.  

Шидэт тарнийн амь амьсгал мэт сэтгэлийг эрчлүүлэн үймүүлэх хэмнэлт шүлгийн айзам юугаар урин дагуулсан “Ойрад” хэмээгч энэхүү туурвилын санааг илгээгч  нь орон дэлхий хийгээд огторгуй дайдын хаа нэгтээд нуугдан байх шиг тайлагдашгүй сэтгэгдэл бодлыг эзэмдэнэ.  

Тэгээд номын хуудсыг эргүүлж, үг утгасын гүн дотогш нэвтрэн аялахын өмнө бас л хаа нэгтээгээс мэдрэгдэх тайлагдашгүй нууцлаг санамжууд, дохио зангыг чагнаархан агшин төдий алмайрнам. 

Нэгэнтээ анд нөхөр маань утас цохиж, сүүлийн үед шинээр хэвлүүлсэн номоо хүнээр өгч явуулсан. Авсан биз дээ. Ердөө гуравхан хувь номыг найрагч гурван анддаа явуулсан юм шүү. Уншаад саналаа хэлэмз гэхэд нь тэр ном гар дээр маань ирээгүй байгааг дуулгав. Гэтэл өгч явуулсан хүн нь намайг олж уулзалгүй буцаад явчихсан байжээ. Түүнээс хойш даруй таван сар болсны дараа номыг сая авч унших учрал бүрдсэн билээ.  

Анхны хуудсыг эргүүлмэгц “Хүчгүй далайсан сэлэмнээс онож чичсэн хутга илүү. Түүн шиг миний үг бүхэн далайсан сэлэмний өөдөөс барьсан чинжаал бүлгээ....” гэх эе тэрслүү үгээр амар мэндийг маань эрэв.  

Тэгээд юу юугүй Алтайн сүрлэг уулсын хавцал зөргөөр шурган, бүрэнхий сансрын хязгааргүй тийш тэмүүлэх мэт балархай нууцлаг хэрнээ барин тавин үзэгдлүүдийг ой санаанд минь сэрээгээд, оюун сэтгэлийн өнө мартагдсан мэт хуучин балар жимээр дагуулан авч одов.  

Номонд үгүүлсэн нь: “..Хязгааргүйн тухай үлгэр эхэлсэн тэр нэгэн цэлмэг өглөө туульч өвгөн Исүнгэ тэнгэрийн чанад хаяанаас ирсэн ганцхан зүсэм үүрийн туяаны өнгө ширхэг бүрийг нэгжиж үзэв. Чонон дахтай тэр өвгөн өндөр цаст уулсын үрчлээт сархиаг шиг он удсан зэлүүд төрхтэй. Дуу хоолой нь уулын хөх салхи бүлгээ. Тал саран хэлбэртэй үслэг сорт малгай нь өндөр цаст уулсыг дүрсэлсэн эгц шовх оройтой. Үзүүртэй гурамслаж зангидсан товчин хэлбэрт сампинтай. Исүнгэ туульчийн оргил хэлбэрт үслэг малгайных нь хоёр бүч урин салхины чиглэл бүхий хөдөлгөөн ажээ. Дахан доороо өргөн хар эмжээртэй тасам цагаан өрмөг дээл бүсэлсэн туульч өвгөн бээр ян халилд дүүлэгч эвэрт гөрөөсний арьсаар урласан хөмөн гутал жавхайтал жийжээ. Түүний барьсан хөгжим нь морин толгойт бус. Хоёр чих бүхий шувтан толгойтой. Үүнийг ТОВШУУР гэнэ. Товшуур баригч өвгөний дэвсгэр өнгө нь өндөр цаст уулс, дээшээ хөх тэнгэр ажээ...”  

“Өндөр цаст уулс, дээшээ хөх тэнгэр” бол хүсэл тэмүүллийн шавхагдашгүй ундрага юуг хадгалан оршоогч мөнхийн орон зай юм. Исүнгэ туульчийн тухай бодит хийгээд уран дүрслэл бол хүмүн төрөлхтний үр удмын далд ой санамжаас хэзээ ч үл арчигдах эрт, хожмын бодит дурсамж ажээ.

Миний анзаарснаар номонд үгүүлсэн гол том санаануудын нэг нь мөнх оршихуй хийгээд мөнхийн орон зайн тухай санаа юм.

Хязгааргүй орон зайг хураасан орчлонт ертөнцийн элгэнд  хүмүүний амьдрал гэдэг эгшин зуурхан хийсээд өнгөрөх хумхийн тоос төдий өчүүхэн зүйл гэнэм.

Гэсэн ч үр удам нь тасралтгүй үргэлжилнэ. Хүмүүс өөрсдийн үргэлжлэл болгон үр удмаа үлдээж, ертөнцийн жам ёсны дагуу болзолт цаг нь болоход амьдралаас явж оддог ч, үхлийн тухай болон үхлийн дараах орон зайн тухай нээж олсон нь хараахан үгүй, үхлийг хэрхэн хүлээж авахаа ч зүрх сэтгэлдээ оршоон томьёолж чадсан нь төдий цөөхөн бүлгээ.

Энэ тухай хөндөх нь хувь бодгалийн тухайд ямагт айдас түгшүүрийг бий болгодог таатай бус сэдэв гэлээ ч  оюун санааны эрэл хайгуулын түвшинд, бүтээлчдийн түвшинд энэ бол мөнхийн сэдэв байсаар ирсэн, байх ч биз ээ.

Зохиогч бээр энэхүү нууцын тайллыг балар эртний домог үлгэрийн сэтгэмжээс олох гарц бий хэмээн итгэлтэйгэйгээр томьёолжээ.

Номонд үгүүлсэн нь “...Сүмбэр уул, Сүн далай хоёрын домгоос хүн төрөлхтний үлгэр түүх эхэлсэн шиг мөнөөхөн үлгэр түүхийг зохиогчид нь цаст өндөр уулсын давтагдашгүй дүр төрх, мөн чанарыг агуулсан мөнх настангууд байдаг ажээ. Тэд хэзээ ч үхдэггүй. Үхэл бол тэдний хувьд ердөө л удаах орон зай нь юм. Удаах орон зайд амьдрагч тэдгээр хүмүүс бидэнд цаг үргэлж сэтгэлгээний тодорхой бус үйлдлүүдээр дамжуулан, мөнх оршихуйн тухай сайхан үлгэрүүдийг илгээж байдаг гэнэм. Тэдгээр үлгэрүүд бол мөнх оршихуйн тухай хамгийн сайхан жишээ бүлгээ...”

Түүний хувьд энэ мэт өнө мөнх, хязгааргүйн тухай санаа аль эртнийх байдаг. Яруу найрагчийнхаа хувьд өөрөөсөө олж нээхийг хүсэмжлэн эрж бэдэрсэн хамгийн чухал зүйлүүдийн нэг нь мөн гэдэг ч лавтай юм. Хүн зөвхөн энэ насандаа амьдраад л бүх юм дуусдаг гэсэн ядуулаг ойлголтыг няцаах олон олон гаргалгаа нотолгоонууд бий болсоор байна. Ийнхүү мөнх орших орон зайг тэмцэхийн тулд хүмүүс энэ насныхаа санаа бодлыг буруу буртаг бүхнээс ямагт цэвэрлэж, зам мөрөө зүрх сэтгэлийнхээ үнэнтэй нэгэн чигт хөтлөн жолоодох учиртай гэсэн чухал санамжийг ч тэрээр дурьдахаа мартсангүй.

 

“Тэнэмэл хүүгийн дуулсан  магад эртний аялгууг

Тэнгэрийн гүний уулсын ян халилд үзнэм

Хязгааргүйн тэртээх орон зайд ч ийм гуниг байдаг

Хязгааргүйн дуулал минь өнө эртний хаялгатай...” гэж тэр нэгэнтэй шүлэглэсэн билээ.

 

                                                                                                  2.Ойрад гэж хэн бэ?

 

Тэрбээр хоёр дахь том санаа гэвэл мэдээж Ойрадуудын хэн болохыг тов тодорхой, товойлгон үзүүлэхийг зорьсон явдал. Үүний тулд хар багаас учрыг нь олохын хүслэн болсоор, бодол сэтгэлийнхээ гүнд тээж явсан бүхнээ сэргээн, өөрт олдсон түүхэн сурвалжуудыг шүүрдэн үзэж, өвөг дээдсээс ам дамжуулан хүүрнэсээр ой санаанд нь өвлүүлэн үлдээсэн эртний гайхамшигт домог үлгэрийн үгүүлэмжүүдийг сэрж тунгааснаар барахгүй, өөрийн совин сэрэхүй, зүүд зөнд ч ихээхэн ач холбогдол өгчээ. Тэрбээр эл бүхнийг сүлжилдүүлэн зохируулж, эсрэгцүүлэн тэнссээр, ой ухаандаа цэгцлэн хураангуйлсан бодол санааныхаа үр улбааг ийнхүү бичиглэн буулгасан гэмээр.

Хэзээ ч юм тэр Сүмбэр уулын тухай домог үлгэрийн гайхамшигийг сэрж олжээ. Чухам тэндээс түүний үзэж байгаачилан Ойрад хүмүний үүсэл гарвал эхлэнэ. Эртний үр улбаа нь магадгүй үүнээс ч өмнө байж болох юм. Тэрээр энэ санаа нь сэтгэгч мэргэд болон судлаачдын хүн анх яаж үүссэн тухай он удаан жилийн мэтгэлцээн, эрэл таамагтай агаар нэгэн хийгээд бас нэг нээлт ч байж болно. Энэхүү домог сэтгэмжээс улбаалан агуйн хүн, чоно, шувуу гурвын анхдагч холбоо, хувь заяаны тухай домог үргэлжилнэ. Энэ домог цааш явсаар сэтгэхүйн язгуур шинж тэмдгийг ямар нэг хэмжээгээр илэрхийлэгч тууль, хөөмэй, бий бүжиг, цуур хөгжмийн тухай үгүүлнэ. Бас тэрхүү анхдагч хүмүүсийн билгийн  мэлмий, оюун санааны гайхамшигт шинжийг үгүүлсэн Хажир бөөгийн домог гэхчлэн үлгэр домгууд эдүгэй цаг руу дөтлөн дөтлөн хөвөрнө.

Тэгснээ бидэнд уламжлагдан ирсэн Монголчуудын бичгийн сурвалжийн хамгийн эртний өв болох Монголын нууц товчооноос эш татан Бөртэ чоно, Гоо марал хоёрын хөвгүүн Батцагааны найм дахь үеийн удам Боржигдай мэргэний хөвүүн Торголжин баяны үрсээс Ойрадын уг удмын тухай бичгийн сурвалж тодорч эхэлсэнийг дурьджээ. Гэхдээ түүний дэвшүүлсэн бас нэг сонирхолтой санаа нь юу гэвэл үүнээс хэдэн үеийн өмнө ч гэсэн Монголчуудад өндөр соёл, бичиг номын сурвалж байсан хийгээд харамсалтай нь бидэнд өвлөгдөн ирсэнгүй хэмээжээ.

Зохиогч эртний улбаат бичгийн сурвалжыг ийнхүү дээдлэн үзсэн ч гэлээ энэ тухайд өөрийн бодлоо нуугаагүй бөгөөд “...аман хэлбэрээр дамжин хадгалагддаг үлгэр түүх бол заримдаа хэтийдэх буюу бүдгэрэх талтай боловч үндсэн чиг шугамаа огт алддаггүй хамгийн найдвартай эх сурвалж. Бичгийн түүхийн хуурай эх сурвалж бол найдвартай бусаас гадна, сан хөмрөгт хадгалагдаж, шаардлагатай үед дэлгэж үзэх төдий бичиг баримт юм. Үлгэр түүх нь урт удаан хугацааны явцад үлэмж боловсорч, сэтгэлгээний өндөр түвшинд хүрсэн байдгаас ямагт бодитой, хэзээ ч үнэ цэнээ алддаггүй, хүмүүсийн сэтгэхүйд үлэмж хүчтэй нөлөөлж, тэднийг ямагт итгүүлж байдаг онцлогтой. Бичгийн түүхийн сурвалжид хүмүүс ихэнхдээ эргэлздэг нь энэ түүхийг цөөн хэдэн хүн бичдэгээс тэр юм....” хэмээжээ. Зохиогчийн дэвшүүлсэн эл санааг бодит амьдрал хэдэнтээ нотлоод өгсөн. Өнөөдөр гэхэд түүхийн сурвалж бичиг ном зохиолыг тодорхой хүчин хийгээд эзэн этгээдүүдийн эрхэнд зохируулан бодит үнэнийг гуйвуулан үйлдэх, түүнийг олонд түгээн дэлгэрүүлж сурталдан номлохдоо гажуудуулж, өөрчлөх гэх мэтийн үр урхагаас үүссэн түм буман асуудлыг ухаж төнхөж болох билээ.

Үүнийг үгүүлэхийн учир нь балар эртний хийгээд ардын домог үлгэр нь зохиогчийн гаргаж хэлэх гэсэн санааг үнэмшүүлж нотлох хамгийн ойрын хийгээд гүн агуулга, бодит эх сурвалж бүхий түшиг тулгуур болжээ хэмээн бодсоноо хуваалцах гэсэн хэрэг.  Тодруулбал Ойрад түмний сэтгэлгээний түүхийг өнөө бидэнд товчоолон авч ирсэн тэрхүү аман сурвалжууд соёл, урлагийн үнэт зүйлүүд нь тухайн зон олны үүсэл гарвал, сэтгэлгээний цар хүрээ, орон зайн багтаамж, туулсан замнал, “зэрэг зиндаа”-г бэлхнээ илэрхийлэх авч өнөөгийн хүмүүсийн хувьд үүнийг бодитоор нь хүлээн авах билгийн нүд нь нээгдээгүй хэвээр байна гэвэл тийм ч дэгс болохгүй гэж бодно. Уг номонд Ойрад-уудыг Монгол угсаатны хувьд анхдагч буюу өвөг угсаатан гэсэн санааг илэрхийлсэн нь бий. Тийм ч биз үгүй ч биз.  Ямар ч асан Монгол үндэстний хувьд Ойрадын сэтгэлгээний түүхийг энэ үүднээс бодитоор лавшруулан судалж, хэзээ ч үл бөхөх мөнхийн орон зайг эзэгнэн чадсан нууцлаг зүйлүүд рүү хүмүүн олны оюун  сэтгэлийг хандуулж гэмээнэ “өөрөөсөө өөрийгөө олох” эрхэм дээд эрмэлзлэлийн бодит биелэл болохоо ч юуны магад.

Одоо харин мөнөөх Ойрадуудын түүхэн санамж болсон гуниг зовлон, аугай тэвчээр, хязгааргүй алсад цаглашгүй тэмүүлсэн мөнхийн хүсэл тэмүүллийн өлгий болох  сэтгэлийн орон зайн тухайд цухасхан ч атугай хүүрнэе.

Номонд үгүүлсэн нь: “Эрт цагт нэгэн хүн тэнгэрийг зүлгэж үзжээ. Зүв зүгээр байсан тэнгэрийг тэр хүн ямар ч үзэгдэх толбогүй болтол зүлгэсэн тул толь шиг тунгалаг тэр тэнгэрийг хүмүүс цэлмэг тэнгэр гэж нэрлэсэн бөгөөд хоосноос хоосон тэр тэнгэрийг дагаж хүмүүсийн  сэтгэл ч эзгүйрчээ. Анх зүлгэхдээ тэр хүн ийм юм болно чинээ санасангүй. Тиймээс хүмүүсийн төлөө, өөрийнхөө төлөө ганцхан түүний  сэтгэл зовж эхэлжээ. Сэтгэл нь эзгүйрсэн хүмүүс түүний зовлонг мэдсэнгүй. Зовохыг нь ч төсөөлсөнгүй. Удтал зовсон түүний сэтгэл  мөс болж мөснөөс уур манан дэгдэв. Зовлон ямар нэг шалтгаанаас үүсэх нь гарцаагүй болохыг мэдэрсэн сайх эр хүмүүсийн өмнөөс зовлонгүй амьдрах шалтгааныг эрж олохоор эрэлд морджээ. Байгаа бүхнээ үүрсэн түүний бүх ачаа нь зовлон байв. Үүрч даасан зовлонгоос нь ханхлах аз жаргалын үнэрийг тэр бас сэнгэнэтэл мэдэрч байсан тул тийнхүү ирээдүйдээ төгс итгэж, гав ганцаараа бүх хүмүүсийн өмнөөс бүх зовлонг үүрч даасан хэрэг. Ингээд ээжийгээ биш зовлонгоо үүрсэн тэр хүн энэ ертөнцийг есөн зуун ерэн есөн удаа тойрчээ. Энэ нь уламжлалт есийн тооны бэлгэдэл байв. Хэрвээ мянга тойрсон бол тэр хүн үүрдийн аз жаргалтай учрах байжээ. Гэвч ингэж болохгүй. Бүх юм утгагүй болно. Тиймээс эцэг тэнгэр түүний сүүлчийн тойрогт хориг тавив. Ингэж түүний мянга дахь тойрог дээр энэ ертөнцөөс үүрд хийсэн одох ёстой байсан зовлон хүмүүстэй хамт үлдэж, өөрөөр хэлбэл ертөнц аврагджээ....” хүн төрлөхтний түүхийн явцад бий болсон бүхий л шашин суртахуун, гүн ухааны номлолд зовлонгийн тухай номлодог. Тэгэхээр зовлон бол амьдралаас салгаж ойлгохын аргагүй алсаас улбаатай нягт ойлголт биз. Буддын шашинд “Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацах болтугай. Хамаг амьтан жаргал хийгээд жаргалын шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтан зовлонгүй амар амгалан орших болтугай” хэмээн ерөөл талбидаг. Гэвч зовлонг өөртэй хураах, амирлуулах, түүнтэй нөхцөх, хагацах сэлт нь гагцхүү түүнийг сэтгэлдээ ямар мэт ухаж ойлгож байгаагаас шалтгаалдаг хэмээн мунхаглах өөрийн бодлоо энд нэмэрлэж байгаадаа хүлцэл өчье.

ХVI – XVIII зууны үед Ойрадууд төдийгүй нийт Монголчуудын хувьд чухам хөлгүй манан дунд төөрөх мэт ороо бусгаа ээдрээ нугачааг туулсан, зовлонгийн хүндийг үүрсэн он жилүүд байв. Хубилай сэцэн хааны үүсгэн захирч асан Их Юан гүрний суурин дээр боссон хятадын Мин улсын зүгээс зүүн Монгол руу удаа дараа уулгалан түйвээж, Зүрчидын Нурхач баатрын үүсгэсэн Зүрчид аймгуудын холбоо буюу “Манж”-ийн зүгээс ч мөн хагалан бутаргаж олзлон идэхийн төлөө улангассан бодлого идэвхжиж, үүнтэй зэрэгцээд Монгол улс Зүүн, баруун, зүүн өмнөд гэсэн хэсэгт хуваагдан байдал нэн ээдрээтэй байсан ч, Ойрадын Тогоон тайш, Эсэн тайш, Баатар хун тайж, Очирт сэцэн хан гэхчлэн тулхтай улс төрийн бодлогтнууд харийнхны явуулга, хагалан бутаргах бодлогоос хамгаалан тэмцэж, улс Монголын дархан байдлыг илтгэх тухайд чамлалтгүй зүтгэл гаргаж үр нөлөөгөө ч хадгалж байв. Гэсэн ч гадны өнгөлзлөг хийгээд дотооддоо зүүн, баруун Монголын хоорондын тэмцэл мөргөлдөөн үе үе сэдэрч байсан нь ямар нэг үйлийн зангилааг үүсгэхийн эхлэл байсан бололтой.

Номонд үгүүлсэн нь: “...XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монголын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байв. Энэ нь тэдний дотоод эв, чанад зохион байгуулалттай холбоотой. /Гэвч XVII зууны эхээр Ойрад зүүн Монголын тэмцэл дахин хурцдаж, Зүүн Монголчууд Ойрадуудыг Алтайн чанад руу шахжээ. Ойрадууд руу баруун талаас нь казакын султан довтолж, Ойрадууд дотроо баруун зүүн жигүүрт хуваагдаж, эцэст нь дайн самууны хөлөөс дайжсан Ойрадуудын зарим хэсэг нь Эрчис мөрний хөндий, Ижил, Хөх нуур хүртэл нүүж байв....” гэжээ.

Ижил мөрний хөвөөнд нүүдэллэн очиж олон оны нүүрийг үзсэн ч Оросын эзэнт гүрний хавчин хяхах бодлогын улмаас Оросын “зуулт”, хасаг, бурудын довтолгоон дээрэм тонуул, өвчин тахал, өлсөж ундаасахын дээдийг шүд зуун тэвчиж эх нутгаа тэмцсэн Торгуудын их нүүдлийн дундаас төрсөн

“...Ээжийн минь оёсон хийлэнгийн

Эрээ нь хүртэл хэвээрээ

Энэ л зүгийн улаан өвснүүд эргэлзэл үгүй янзаараа... “ гэсэн домогт дууны бадгийг зохиогч энэ номонд эш татан оруулжээ.

Ойрадын Хотогчин Баатар хун тайжын эх өөртэй хөвгүүд биесээ хөнөөж, хөнөөлгөсөн Сэнгэ ахынхаа өшөөг нэг эхээс төрсөн Галдан цус урсган тайлснаас эхлэн дотоодын дажин тэмцэл өрнөж, Манжын хаан үүнийг олз болгон ашигласан нь Ойрадууд төдийгүй бүх Монголчуудын зовлонгийн шалтгаан болов. Зүрчидын Нурхачын хүү Манжийн  Энх-Амгалан хаан Монгол ноёдын энэ эв түнжингүй байдлыг далимдуулан хооронд нь дайтуулж, өөрсдийг нь өөрсдөөр нь дарах бодлогыг тун ч овжин явуулсан байдаг. Түүнээс гадна Мин улс болон Зүрчид Манжын зүгээс Монголыг доройтуулахад ашигласан бас нэг хүчирхэг зэвсэг бол Буддын шашнаар оюун санааг нь боомилон номхруулах, шарын болон улааны шашныг баримтлагчдыг хооронд нь мөргөлдүүлэх явдал байсан нь түүхэн сурвалжуудаас нэн тодорхой харагддаг. Үлгэрлэбээс өнөөгийн улс төрийн намуудын “дажин самуун” лугаа адил.

Галдан хаан бүх Монголыг нэгтгэж Манжийн эсрэг зогсох гэсэн санааг нь үл ойлгож таслан зогсоох зорилгоор түрэмгий довтолгоон хийсэн Түшээт хан Чахундоржыг  номхруулахын төлөө Халхад цэрэглэн халдаж улмаар Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтнүүд Манжаас өмгөөлөл хүсэн очсон ба Зүүн гарын хаан Галдан цөхөртлөө тэмцээд хүчин мөхөсдөн тэнгэрт одсоны дараа, Даваач, Амарсанаа нарын эвдрэл үргэлжлэв. Улмаар Чингүнжав, Амарсанаа нарын бослого гарсан ч үйлийн эрхээр дарагдаж, Хотгойдын Чингүнжавыг хамгийн харгис хатуугаар үр удмаар нь цаазлан зүйл дуусгасан. Тэмцлийн сүүлчийн оч бөхөж, Баруун Алтай нутаг бараг л эзгүйрсэн ба нийт Монгол манжийн эрхшээлд 200 жилийг өнгөрөөсөн гээд Ойрад Монголчуудын амссан зовлон зүдүүр асар их ч юуг ч шүд зуун тэвчиж, юуны ч цаана гарч дөнгөх төрөлхийн чадвараараа өвөг дээдсээс өвлүүлсэн голомт сүрлэг Алтай нутагтаа тэсэн үлдэж чаджээ.

Ийм адармаат хүнд замыг туулсан ард түмний сэтгэл зүрхэнд гуниг үлдэхгүй байхын аргагүй.

Номонд үгүүлсэн нь: “Эх түүхийн будан манан гэгч арилашгүй бүрхэг. Үүний чанадаас гашуун бөгөөд нулимстай үнэн ямагт амтагдаж байдаг. Ойрадын түүхийн гашуун үнэн эдүгээ зөвхөн Ойрад түмний сэтгэлд буй. Энэ гашууныг тайлах гэвээс өөр өөр учиг орооцолдох тул нэн бэрх. Тиймээс Ойрадууд гашуун үнэнийг зөвхөн дуунд шингээж дуулдаг, туульд шингээж хайлдаг...” хэмээжихүй түүний учир зангилааг хүн бүхэн өөрийн дотоод сэтгэлээсээ эрэх хэрэгтэй гэсэнтэй утга нэгэн санагдана.

Үүн дундаас хамгийн арилашгүй гүн үлдсэн гунигийн тэмдэг бол Монголчууд харь гүрний башир арга, далд эрхшээл дор өөр хоорондоо дайтан биесээ хядаж доройтуулсаны гуниг тэмдэг юм.

Тэр мэт аргаар хамаг Монгол түмнийг хүч түрэн эзлэж олон жил засаглалаа тогтоосон манж чин улсын төр гэж одоо алга. Тэд алсдаа өөрийн төрт улсаа сөнөөн мөхөөхийн тулд ийнхүү түрэмгий бодлого явуулж, үхэвч үндэс нь үл тасрах Монголчуудтай мөчөөрхөн эзэрхэж байж дээ хэмээн бодоход хувь заяаны тоглоом гэдэг гашуун хэрнээ даажаантай. Магадгүй энэ бол Ойрадууд хийгээд бүх Монгол бас Манжуудыг сорьсон Дээд Тэнгэрийн их сорилго байсан ч юм бил үү. Чухам тайлахад бэрхтэй гашуун үнэн бүлгээ.

 

                         3.Орчлонт ертөнц нууцын уурхай, “Алтай бол нууцын эх юм”

 

“Ойрад” хэмээх эл номонд зохиогчын үгүүлсэн гурав дахь том санаа гэвэл нууцын тухай томьёолол.

Номонд үгүүлсэн нь: “...Он удаан үйлдсэн даяаны эцэст өвгөрч тамирдсан санваартан бээр уулнаас буужээ. Түүнтэй хамгийн түрүүнд дөнгөж цухуйсан цэцэг тааралдав. Тэр цэцэг туяхан ишин дээрээ найгалзан бүжиглэж,

-           Чи хаанаас ирээ вэ? гэж асуужээ

-           Уулнаас

-           Ууланд чиний юу бий  вэ?

-           Сэтгэл

-           Сэтгэлд чинь юу бий вэ?

Өвгөн санваартан бодов. Түүний сэтгэлд юу ч байсангүй. Тэр чухам үүнийг хүсэж даяанчилсан. Тэгээд ч хоосон чанарыг өөртэй бүтээж чаджээ. Гэвч насны эцэст тэр  сэтгэлийнхээ гүн далд аглагаас мартагдаж, үлдсэн бүх хүмүүсийг сэрээн дуудахыг хүсэж байгаагаа мэдрэв.  Гэтэл тэдгээр хүмүүс энэ ертөнцөөс аль хэдийн ангижарч оджээ. Өвгөн санваартан гуниглав.  Энэ гуниг нь түүний сэтгэлийг хоромхон зуур дүүргэж, чанад хатуу бясалгалынх нь уяа учиг задарчээ.  Гэнэт нялхарч сэтгэл нь хүүхэд шиг болсон өвгөн санваартны яг энэ агшинд харсан үнэн гэвээс эхийн хэвлий, дараа нь өөрийнх нь хүүхэд нас, тэгээд гэр бүл нь байв. Өнөр өтгөн гэр бүлээ дурсахдаа тэр санваартан уйлсан гэдэг юм. Түүний нулимсыг цэцэгнээс өөр хэн ч хуваалцсангүй.  Энэ мэт үнэнээс Ойрадууд гэр бүлийн үнэ цэнийг ойлгосон бөгөөд энэ үнэ цэнэ өөрийн гэсэн нууц дээр оршин тогтнох ёстойг ч ойлгосон гэдэг.

Тиймээс ч Ойрад гэрийн хойморт буй авдар бол нууцын биелэл юм. Арслан хээний бэлгэдэл нь нууцыг манахын жишээ. Өргөст цоож нь нууцыг хадгалахын жишээ. Хүмүүст яагаад нууц байх ёстойн жишээг эндээс тайлж болно. Нэгэн гэр бүл дотор нууц байх ёстой бол нэг төрт улс гүрэн, түүнчлэн хил залгаа улс гүрнүүдийн хооронд нууц байх нь зайлшгүй. Үлгэрт гардаг бүх эмгэнэлүүд эцсийн эцэст хүрэх ёсгүй нууцад хүрч, мэдэх ёсгүй нууцыг мэдэх гэснээс үүдсэн байдаг. Тиймээс Ойрадууд нууцыг чандалдаг...”

“....Ойрадын сүлдний хар өнгө бол маш нууцлагдмал өнгө. Энэ өнгөнд Хажир бөө цаг цагтаа тэсрэн өрнөх бүх үйл явцыг нуужээ. Өөрөөр хэлбэл энэ нь харанхуйн гүнд өдрийг нуусантай адил юм. Тиймээс харанхуй бол нууц. Түүн шиг хүн бүхэн нууц. Нууцын гүнд буй утга нь хүн өөрөө...” хэмээсэн бүлгээ.

Эндээс би орчлонт ертөнцийн эд эс бүхэнд гадагш тайлах учиргүй нууцын орон зай хадгалагдаж байдаг. Нууц бол хүмүний сэтгэлийн мөн чанарыг илэрхийлэгч гол шинжүүдийн нэг гэдэг нь зайлшгүй байх нь гэсэн нэгэн нууцлагдмал утгыг сэрсэн юм.

Тэрээр “...Алтай бол бол нууцын эх юм..” хэмээн зохиогч үгүүлжээ. Үүнтэй холбогдуулан агуйн хүний тухай болон хэзээ нэгтээ оочин цоочин мэдээ занги сонсогдож, үлгэр домогт үгүүлэгдэх хүн хар гөрөөс гэгч Алтайн уулсын  гүн хавцал сархиаг дунд байдаг гэсэн таамаглал, тэгээд  хүмүүний сэтгэлийн гуниг харуусал, аз жаргал, бас гашуун үнэнийг үг утгас, хэмнэл аялгууны  агуужим орон зайд шингээн нууцалсан ардын аман билэг, домог үлгэр дуу шүлэг, цуур хөөмэй, туульсийн тухай дурьдсан нь бий.

Ертөнцийн нууцын тухай энэ санаа бол зохиогчийн  туурвисан эл номын амин сүнс нь ч байж болох. Яагаад гэвэл ертөнцийн нууцын гүн чанадад хүмүүний сэтгэлийн нууцлаг ахуй мөнхөд оршин бий. Дээр өгүүлсэн мөнх оршихуйн тухай санаа нь угтаа  сэтгэлийн хийгээд ертөнцийн нууцын хамгийн гол учир зангилаа нь юм.

Үг утгасын чанадад амьдрал хийгээд ертөнцийн хичнээн ч аугай багтаамж бүхий учир зангилаа нууцлаг бүхнийг хадгалан дамжуулж болно. Чухам энэ утгаараа яруу найраг бол ертөнцийн чанад дахь тайлагдашгүй бүхний хэл зарлигийг дамжуулагч өнө мөнхийн хэлмэрч нь юм гэсэн зурвасхан бодол нэгэнтээ харван орж ирэв.

Тэрээр энэ дашрамд зохиогчын тухай, яруу найрагч уран бүтээлчийнх нь хувьд тодорхойлж болох тийм тодорхой шинж төрхүүдийг нь дүрслэн санахыг хичээсэн билээ. Гэвч түүний тухай уншигчдад барин тавин таниулах ямар нэг дүр дүрслэлийг бий болгоход ихээхэн төвөгтэй аж. Учир нь бодолд ургаж, сэтгэлд дүрслэгдсэн бүхэн хоромхон зуур бүтэж, хоромхон зуур сарнихын сацуу, түүний жинхэнэ мөн чанарыг хадгалсан анхдагч эх сурвалж нь түүний туурвисан шүлэг зохиолын  утгын далд чинадад, бүүр хэмжээлшгүй орон зайн хязгаарт байгаа мэт сонин  сэтгэгдэл төрсөн юм.

Үүнийг үл үгүүлэн зохиогчын өөрийн шүлгээс иш татвал:

 

“Гаслангуйн тэртээх тэнгис далай

Миний зүүдний хаялга төдий

Ганцаардал – айдас – уйтгар гурав

Миний зүрхний бичлэг төдий

Саран тэргэл энэ ертөнцөөс

Уйдахын шалтгаан эгнэгт намайг

Сайхан бүсгүйн дэргэд ургасан

Хүйтэн цэцэгсийн дэлбээнд уянам....  “ гэх ч юм уу,

 

“Ижилгүй хөх мөрөн мэт энгүй алс туяарнам

Тэр зүгийн хүмүүс ... уулзахын болзоо ...тавинам

Мөнгөн сарнаар очиход ... хөнгөн инээд цалгиж...

Өнгөн дээр нь хөвсөн намрын навчийг үнснэм…” гэх мэт гүн алсын хаялгатай, хэмнэлт шүлгүүд зонхилох билээ.

 

Тэрбээр бас

 

“Хамгийн аймшигт гуйланчлал зүрх  сэтгэлийнх байдаг

Хамгийн аймшигт өлбөрөл тархи оюуных байдаг

Хамгийн аймшигт тамлал үгийн сум байдаг

Хамгийн аймшигт шаналал үхлийн совин байдаг....” хэмээжихүй  амьдралын дотоод мөн чанар ертөнц дахины оршихуйн гүн утга учирт ямар нэг түвшинд нэвтрэн орсон сэтгэлийн зөн мэдрэмжийн тухай бодмоглол, санаашралыг өдөөн дуудах ажээ.

Ийнхүү мөнх оршихуйн тухай, ойрад түмний гарвал угсаа, хувь төөргийн тухай, сэтгэл зүрхний болон ертөнцийн гүн нууцын тухай, орон зайн багтаамж, оюун санааны хүч, мөн чанарын тухай бодит хийгээд хийсвэр санаанаас соёолуулан энэ номыг бүтээжээ.

Номын хавтсан дээр “Язгуур Монголчуудын сэтгэлгээний түүх” хэмээсэн нь зохиогчийн язгуур санааг хураангуйлан илэрхийлсэн үг гэж болох.Тэрээр балар эртний домог үлгэрийн баатруудаас эхлээд түүхийн тодорхой цаг үе, бас өнөө үеийн хүмүүсийн тухай үгүүлсэн бий. Аливаад төгс зүйл гэж байдаггүй гэдэгчилэн эл ном ч бас төгс төгөлдөрийг олохын төлөө эрэл хайгуулаа чинагш үргэлжлүүлж, хязгааргүйн их дайдад аялсаар байх биз.

Миний бодоход ийн эрхэм гүн санаануудын цогц болсон эл номын үгүүлэмжид эдүгээ цагийн нийгэм улс төрийн амьдралын аар саархан зүйлс, тэр тусмаа тодорхой хүмүүсийн тухай жишээ болгон авч үзэхдээ хэр зэрэг оновчтой сонголт хийсэн бэ гэдгийг эргэж харахад болохгүй зүйлгүй мэт. Бас Ю.Цэдэнбал даргын тухай зохиогчийн зүрх сэтгэлээс гарсан сайхан дурсамжууд дотор Цэдэнбал дарга бол Ойрадын Галданбошгот хааны хойт дүр юм гэсэн нэг санаа бий. Хэдийгээр олон түмний дунд тийнхүү яригддаг, аливаа зүйл дээр өлгөж авууштай санаа  мөн ч гэлээ ч, чухам ямаршуу байдлаар илэрхийлэх нь зохимжтой байсныг бодууштай санагдав. Номонд аугаa ихээс эхлээд өчүүхэн жижиг зүйл, хамгаас эрхэм зүйлээс эхлээд хайхралгүй орхиж болох зүйл ч багтсан. Яагаад гэвэл тэр Балар эртнээс эдүгээг хүртэлх өөрийнхөө түүхийг, өөрийнхөө оюун сэтгэлийн түүхийг бичсэн юм. Тэрбээр энэ мөчид зохиогчийн:

 

“Би аугаa их! бас өчүүхэн /хумхийн тоос шиг.../

Миний тухай өчигдөрийн үг

өнөөдөр худлаа! хэнд ч хэрэггүй

Намайг бүтээсэн бүхэн хэзээд миний эсрэг!

Би өчүүхэн төдий шигээ бас аугаa их

Аугаa ихийг туурвиж би тэнгэрийн хязгаарт оршдог

Аугаa их бол хоосон юм. Хумхийн тоос шиг хоосон

Хумхийн тоосыг нулимсаар зуурч цаг хугацааг бүтээсэн

Хувь заяаны эхлэл, бас төгсгөл юм би...” гэсэн этгээд мөрүүдийг санагдуулна.

 

Энэ дашрамд номонд бас нэг нэн чухал санаа буйг дурьдахыг хүссэн нь “Эх хүн буюу зөөлөн эрин”-ий тухай ойлголт юм.

Номонд өгүүлсэн нь “...аав уул, ээж ус хоёр хамгийн түрүүн охин үртэй болсон нь хүн төрөлхтний анхдагч бэлгэ тэмдэг, өнөөг хүртэл оршин тогтнохын үндэс байсан юм...”, “...эх хүний хаанчлалын эрин үе бол хамгийн зөөлөн эрин. Энэ эринд ертөнц дээр бүүвэйн дуу ноёлж байжээ. Ийм зөөлөн эгшигт эрин үе ертөнц дээр түүнээс хойш ганц ч удаа тохиосонгүй нь эх хүнийг гомдоосонтой холбоотой гэнэ...” гэсэн бий. Тэрээр энэ тухай балар эртний бас нэгэн домгийг номонд үгүүлсэн билээ.

Эл номыг бүтээхийн тулд зохиогч оюун сэтгэлийнхээ дотоод гүн рүү нэвтэрч, тэнд нууцлагдан буй ховор нандин бүхнээс сэрж танихыг эрхэм болгосон нь лавтай. Тэр хүний анхдагч сэтгэлгээний тухай үгүүлэхдээ “...хүмүүний дотогтшоо хүнхэр анхдагч сэтгэлгээ орон зай, цаг хугацааны алслал бүхүй зүүд нойр мэт аугай их багтаамжтай..” гэсэн юм.

Хэзээний дотно анд баядын найрагч М.Уянсүх далдын гунигаа сэтгэлийнхээ чанадад нууж, дэргэд чимээгүй суугаад, үзэгнийх нь хошуу үл мэдэгхэн чихрах шиг санагдана.      .

Би номын хуудсыг эргүүлж, үг утгасын гүн дотогш нэвтрэн аялж гүйцээд хаа нэгтээгээс мэдрэгдэх тайлагдашгүй нууцлаг санамжууд, дохио зангыг чагнаархан агшин төдий алмайрнам.

 

                                                                         Яруу найрагч Г.Төрмөнх

 

                                                                                                   2012 он 4 сарын 12-15. Ховд хот .

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ