Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль орчин “Мөнгөлөг шагшуургын” чимээ тэнгэрийн хаяанд сонсогдоно

“Мөнгөлөг шагшуургын” чимээ тэнгэрийн хаяанд сонсогдоно

mungun-shagshuurga

-Цас мөсний баяраас хийсэн сурвалжлага -Нуурын мандал дээгүүр нүд гүйлгэхэд торох бараагүй цагаан далай мэт цайраад, тэнгэрийн хаянд уусан алдарч одно.  Төв сууринаас очсон бидэнд рашааны ундрага мэт цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж, алсын барааг ширтэхэд бие сэтгэлийн алжаал тайлагдан, гайхалтай сайхан амралт болох ажээ.Хаврын сар гарч жаврын эрч уярсан ч Хар ус нуурын мандал “хэрэлсэн ноос” шиг нимгэн цагаан цасаар өнгөлсөн мөсөн хучлагаа хөдрөөстэй. 

Хаяа захыг нь эмжсэн эх газар, тэртээд бараантан торойх арлуудын зэгс шагшуурга шаргалтаад, өмнө этгээдэд сүмбэртэн хөхрөх Жаргалант хайрхан үүлэнд шумбан дуниартана.  

Өглөөний наран нуурын мөсөн дээгүүр тунгалаг гялбаа цацруулсаар гүн хөх тэнгэрт алтран мандаж ахуйд  зорьсон газарт ойртон, нүдний үзүүрт бөртийн бараантах зүйлийг олж харсан нь Дориуны хоолойд болох цас мөсний баярын бэлтгэл ажлыг хангахаар урд өдөр нь ирсэн байгаль орчны байгууллагуудын ажилтнууд байжээ.

Биднийг очиход тэд тухайн өдөр болох үйл ажиллагааны тунхаг зар (анос), үзүүлэн таниулах материал зэргийг байрлуулж тогтоох хэрэгсэлүүдийг угсарч босгох, мөсөн дээр зохиогдох сумо барилдааны дэвжээ, тэшүүрийн уралдааны зам, мотоциклийн уран жолоодлого, олс таталтын тэмцээний талбар, машины зогсоол зэргийг урлан засах нөр ажлыг амжуулаад дуусаж байв.  

Төд удалгүй үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай бүхэн бэлэн болж, зорин ирэгсдийн цуваа улам өтгөрөн, тэрхэн хэсэг газарт хүн зон, машин унааны хөлд дарагдав. Тэнд очсон хүн бүрийг зэгсний панда, бас нэг ирвэс, мөн данхар эвэртэй хуцан хурга гэсэн гурван амьтан дагалдан ирж угтан, том уутан тодроос илүүдэл хогоо хийх зориулалттай жижиг уут сав гарган түгээж байсан нь ихэд соньхон санагдав.

Хүмүүст хогоо ил задгай хаяхгүй байх бололцоог нь тун ухаалгаар бүрдүүлэн өгч буй эл үзэгдлийг хараад хаа газар болдог аливаа үйл ажиллагаа бүхэнд үүнийг нэвтрүүлбэл тун зүгээр юм байна гэсэн бодол төрж байлаа.

Хар ус нуурын эл хэсэгт Цагаан голын арлууд хэмээгдэх жаран гурван арал бий.

Нийтдээ 4 сумын нутаг дэвсгэрийг холбосон 20-иод мянган га талбай бүхий эдгээр арлуудад Чандмань сумын Сүлжээ баг, Манханы Баянгол баг, Буянт сумын Цагаан бургас баг болон Жаргалант сумын багуудын малчид нутаглах ба тэдгээр малчдын 30 гаруй мянган толгой мал өнтэй сайхан өвөлждөг.

            Нэгэн үе энэ хэсгийн бэлчээрийг ямар ч бодлогогүй ашиглаж, малчид бараг л жилийн дөрвөн улиралд нутаглан, хэтэрхий талхлаж байснаас арлуудын өвс ургамал ихэд хомсдож, зэгс шагшуурга нь хүртэл ургахаа байгаад, бараг л цахилдгийн бутны дайтай намхан болсон байсан. Энэ байдлаас хамгаалж ургамал амьтан, байгалийн бүхий л төрөл зүйлийг нь хамгаалан, сэргээж додомдохын тулд анх ДБХсан, Хар ус нуур түүний орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулан, Ховд их сургуулийн багш судлаач доктор Оюунчимэгээр ахлуулсан судалгааны багийг ажлуулж, тодорхой судалгаа хийсэн. Улмаар судалгааны дүгнэлтэд тулгуурлан хотон шувуу, зэгсний гахайн үндсэн нутаг болох эл газрыг талхагдлаас чөлөөлөх, бэлчээрийг хувиартайгаар ашиглах зорилтыг амжилттай хэрэгжүүлснээр байгалийн төрх байдал, газрын ургац нь сэргэж, хуучин байдалдаа орж байна хэмээн Хар ус нуурын БЦГХЗ-ны дарга Чинбат,  аймгийн БОАЖГ-ын дарга Түмэндэмбэрэл, ДБХС-гийн Ховд дахь хөтөлбөрийн захирал Д.Цэвээнравдан нар танилцуулав.

Судлаачид эрдэмтэн В.Н.Николаев нарын (1977) бэлчээрт чанарын зэрэглэл тогтоосон баримтлалыг үндэслэн бүх бэлчээрийн ургамлыг чанарын 4 зэрэглэлд хуваан судалжээ. Судалгааны дүнгээс үзэхэд чанарын I бүлгийн өндөр ургацтай бэлчээрийн ургамал бүгд 5694,73 га талбайд тархаж, эндхийн хадлан бэлчээрийн нийт талбайн 54,02%-ийг,  чанарын II бүлгийн ургамал 470,72 га талбайд тархаж, 4,47 %-ийг, III бүлгийн ургамал 1935,25 га талбайд тархаж, 18,37 %-ийг; IV бүлгийнх 2135,94 га талбайд тархаж,  20,26 %-ийг тус тус эзэлж байсан байна.

Харганын ширэнгэтэй байсан Хар-Ус нуурын татмын нугын болон  арлын өвөлжөөний эргэн тойрны  бэлчээр бусад газраасаа харьцангуй их талхлагдсан байв. Эдгээр газрууд ийнхүү маш хүчтэй  талхлагдсан  тул  байгалийн  ургамал  нь  хог  ургамлаар  бүрэн  солигдон, шинжлэх ухааны нэр томьёогоор (Chenopodiaceae овог Artemisia) төрлийн хог  ургамал,  (Convolvulus ammanii, Artemisia pectinata, Salsola collina, Bassia dasyphylla) зэрэг зүйлүүд арвин ургасан байна.

Талхлагдлын  зэргүүдэд  буй  бэлчээр  дараагийн  шатандаа  хурдан  хугацаанд  шилжих  магадлалтайгаас гадна судалгаанд хамрагдсан  нутгийн 70-80 хувь нь замын  нөлөөгөөр өөрчлөгдөж, 20-30 хувь нь  байгалийн  хэвээрээ  байна  хэмээн судлаачид үзсэн ба нутаг  бэлчээрийн 46 хувь нь дундаас  илүү түвшинд талхлагдсан  гэсэн дүгнэлт гарсан аж.

Хуурай уур  амьсгалтай хур тундас багатайгаас болоод  хөрс  нь  нягт элс шаврархаг  ургамал нь  тачир  сийрэг  болж байгалийнхаа аясаар цөлжихөд  хургэдэг хүчин зүйл энд нэлээд зонхилох хэмжээтэй нөлөөлж байгааг мөн тогтоосон байна.

Тэрчилэн эндхийн тэжээлийн эдэлбэр нутгийн жилийн нийт багтаамжийг хонин толгойд шилжүүлснээр 42774 мал бэлчээрлэх боломжтойгоор тогтоосон ба нутгийн ихэнхийг хадлан бэлтгэхэд ашигладаг гэж үзээд  түүний багтаамжийг 13,25%- иар багасган тооцоход 37106 мянган хонин толгой орчим болжээ.

Судалгааны үр дүнг үндэслэн зөвлөмж гаргасан ба уг зөвлөмжид малчдын оролцоонд тулгуурлаж бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, ажиглалтын арга зүйг эзэмшүүлэх, бэлчээрийг зөв зохистой ашиглаж ирээдүйдээ чиглэгдсэн дэвшилттэй зүйлүүдийг амьдралд нэвтрүүлэхэд нь идэвхжүүлэх, түүнчилэн сургагч багш нарыг ажиллуулах, зарим  малчдад тодорхой газрыг мониторингийн нөхцөлтэйгээр хашиж,  ашиглахад туслалцаа үзүүлж хамтран ажиллах, малчдын уулзалт зөвлөгөөнүүдийг бүлэглэж явуулах зэрэг арга ажиллагаануудыг голлон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Тэрээр дээрх ажлын үр дүнг тогтвортой хадгалахын тулд энэ нутагт байнга нутагладаг Буянт, Жаргалант, Манхан, Чандмань сумын малчдын төлөөллүүдээс бүрдсэн “Бэлчээр ашиглагчдын зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа ажээ. Бэлчээр ашиглагчдын зөвлөл нь жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах, сум орон нутгаа сурталчлах, нутгийн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, экологийн боловсрол олгох, өвлийн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн үйл ажиллагааг төлөвлөн явуулдаг ба энэ удаагийн цас мөсний баярт ч тэдний идэвхтэй оролцоо чухал үүрэгтэй байлаа.

           Цас мөсний баярын нээлт өглөөний 11 цагийн орчимд эхлэв. Баярын үйл ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын дарга Л.Батбаяр, БОАЖГ-ын дарга Ч.Түмэндэмбэрэл, Хар-Ус нуурын УТХГНХЗ-ны дарга Д.Чинбат, , ДБХС-гийн Ховд дахь салбарын захирал Д.Цэвээнравдан нар үг хэлж, “Хатан хар ус нуур” дууг тэнд байгсад нийтээрээ дуулан хурсан олон хийгээд уул усаа баясган хөгжөөв.

Үүний дараа хөтөлбөрийн дагуу спортын тэмцээн уралдаанууд үргэлжилэв. Цугларагсадын хувьд хурд хүч, авхаалж самбаагаа сорих нь сорин, хөгжөөн дэмжиж, алжаал юугаа тайлах нь тайлж нэгэн өдрийг хөгжилтэй, сэтгэл тэнүүн, сайхан өнгөрөөхийн зэрэгцээ зохион байгуулж буй байгууллагууд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Биеийн тамир спортын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хар нуур, Ховд голын сав газрын зөвлөлийнхний сүрхий бодож тунгааж хийсэн байгаль хамгаалах сэдэл санааг төрүүлэх үйлдэлүүдийг анзааран, дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тусган авч байсан нь магад юм.

            Спортын арга хэмжээ эрэгтэй эмэгтэй сумо бөхийн төрлөөр эхлэв. Ордон дотор тусгай дэвжээн дээр барилддаг сумо барилдааныг харж байснаас мөсөн дээр зассан талбайд ийм барилдаан болж байхыг төдийлөн хараагүй тул нэн сонирхолтой байв. Мөсөн дээрх сумо барилдааны хувьд илүү их тэвчээр, хүч самбаа шаарддаг нь ч илэрхий байлаа. Эмэгтэй сумо барилдааны төрөлд 15 сумоч хүч үзсэнээс 12 жилийн 7 дугаар сургуулийн тамирчин Цэнд-Аюуш түрүүлж, Хөгжил Политтехник коллежийн Ариунтунгалаг үзүүр түрүү булаалдав. Гурав дугаар байранд Биеийн тамир Спортын газрын .........орсон юм. Эрэгтэй сумод БТС-ын газрын тамирчин Заяат түрүүлж, Манхан сумын Банзрагч үзүүрлэв.

Эрэгтэй тэшүүрийн төрөлд Чандмань сумын Сүлжээ багийн тамирчин Очирсүрэн өрсөлдөгчдөөс хувь илүүрхэн түрүүлэв. Энэ тамирчин өнгөрсөн жилийн цас мөсний баяраар мөн л аврага болж байсан гээд бодоход бараг л аймагтаа нэг номер бололтой. Эрэгтэй тэшүүрийн хоёрдугаарт өсвөрийн тэшүүрчин Амараа, гуравт ШШГГ-ын Энхсайхан Нагнайдорж нар тус тус барианд орсон бол эмэгтэй тэшүүрт тамирчин Отгонжаргал аврагалж, 12 жилийн 7 дугаар сургуулийн Асемгүл удаалав.

            Мөн мотоциклийн уран жолоодлогын тэмцээнд Манхан сумын Мөнхсайхан, Чандмань сумын Балт нар, морины давхиан дунд уурга шүүрэх тэмцээнд Буянт сумын Г.Цэгмид, Чандманы Б.Мөнхбат нар, олс таталтын тэмцээнд Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны багууд  тус тус нэг, хоёрдугаар байр эзэлж, шагнал гардав.

Төгсгөлд нь эмэгтэй 800, эрэгтэй 1500 метрийн кросс уралдаан болсон ба эмэгтэй гүйлтийн төрөлд БТС-ын газрын тамирчин Хамагбаяр түрүүлж, мөн 7 дугаар сургуулийн Асемгүл, Буянт сумын Мядагмаа нар удаалсан. Эрэгтэй гүйлтэд Шуудан холбооны газрын тамирчин Ариунболд тэргүүлж, 7 дугаар сургуулийн Ууганбаяр, ШШГ-ын албаны Энхсайхан нар удаалсан юм.

         Мөнгөлөг шагшуурга баярын үеэр зохиогдсон бас нэг чухал агуулга бүхий арга хэмжээ гэвэл сайхан Монгол хувцсаараа гоёсон оролцогчдыг шалгаруулах явдал байлаа. Энэ шалгаруулалтын эрэгтэй, эмэгтэй төрөлд 12 жилийн 7-р сургуулийн оролцогч Лутхүү, Бадамханд нар, харин сайхан Монгол хувцсаараа гоёсон хүүхдээр .... настай.......Баярааг шалгаруулсан.

Шалгаруулалтын бас нэг онцлогыг дурьдвал Монгол хувцсанд ангийн үс орсон байхыг таашаахгүй байсан бөгөөд үүнийг бас нэг гол үзүүлэлт болгож, гагцхүү уламжлалт мал аж ахуйн үр шимээр бий болгож боловсруулан, урлаж бүтээдэг малын арьсан хувцас эдлэл зэргийг сайшаан дэмжиж байсан нь бас л байгаль хамгаалах сэдэл санааг хүмүүст төлөвшүүлэх гэсэн нэн ач холбогдолтой зүйл байв.

            Мөн өмнөх онуудын цас мөсний баярын үеэр авсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн тавсан нь хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхолыг өдөөж байв.

           Хар ус нуурын толин мандал дээр гурав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр ийнхүү хуран чуулсан олны алжаалыг хөөж, сэтгэлийг баясгав.

     Нуурын мандал толиотон, аниргүй тэнгэр дуниартаж, хараахан намжаагүй “Мөнгөлөг шагшуурга”-ын чимээ тэнгэрийн хаянаа сонсогдоно.

        Бодол ухаандаа өөдрөг, сайхан сэдэл санааг тусган авч, байгаль эхээ дээдлэх, түүн лугаа сүслэн баясаж, хайрлан хамгаалах  ариун сайхан ёс суртахууныг дор бүрнээ санаж сэрсэн оролцогчид маань наран шингэхтэй таширлан, гэр гэрийн зүг жолоо залцгаав.

       Ирэх жилийн Мөнгөлөг шагшуурга баярыг улам ч өргөжүүлж, баруун аймгуудын хэмжээнд зохион байгуулах бас нэг өөдрөг зорилтыг өмнөө тавьцгааж байгаа хэмээн зохион байгуулагчид нь ярьж байсан юм.

Г.Төрмөнх

 

Comments 

 
#2 Byambasuren 2012-07-05 16:03
nadad taalagdlaa
Quote
 
 
#1 Bataa 2012-03-22 20:03
Ikh zugeer um zohion baiguuljee. Sanaa avmaar l um b.na
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ