Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Эрүүл мэнд Эмнэлгүүдэд эм тариа биш ээж шиг минь үлээгээд өгдөг сэтгэл л дутагдаж байна

Эмнэлгүүдэд эм тариа биш ээж шиг минь үлээгээд өгдөг сэтгэл л дутагдаж байна

                                                                                         -Эрүүл мэндийн цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна-

10 мянган хүнд ноогдох эмч, эмнэлгийн орны тоогоороо Монгол Улс дэлхийд бараг тэргүүн эгнээнд жагсдаг байх. Хүн ам цөөхөн болохоор тэгдэг байж магадгүй. Нэг хэсэг манай улс энэ үзүүлэлтээ юм болгоны өмнө жишээ болгон ярьж цээж дэлддэг байлаа. Сайн үзүүлэлт мөн нь мөн л дөө. Өргөн уудам нутагт тархан амьдардаг Монголчуудын хувьд эмнэлгийн анхны тусламж авах боломжийг бүрдүүлж өгснөөрөө өвөрмөц бөгөөд сайн зохион байгуулалт байлаа. Гэвч зах зээлийн жамаа дагаад хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрсөн учир хотын эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, тэр хэрээр оочер дугаартаа дарагдсан эмчээсээ эхлээд, хүлээж цөхөрсөн өвчтөнүүдийн бухимдал нэмэгдэх нь аргагүй.

Ядаж байхад Эрүүл Мэндийн Яам энэ бухимдал, чихэлдээнийг улам нэмэгдүүлэх гээд байна уу гэлтэй том том эмнэлгүүдийг нийслэлд нэмэж барих, багаж төхөөрөмжийг нь сайжруулах тухай л голлон ярих. Аймаг, сумдын болон өрхийн эмнэлгүүдийг чанаржуулах нь хоёрдугаарт тавигдах нь байдлыг улам ч хүндрүүлнэ. Хүн амдаа ойрхон байж эмнэлгийн гол тусламж үзүүлэх учимртай өрхийн эмнэлгүүдээ хувийн ч юм шиг, улсын ч юм шиг хоёрдмол байдалтай болгоод зөнд нь орхисон нь ямар учиртайг бүү мэд. Бодвол Михайлд нэг бодол бий гэдэг шиг ямар нэг далд бодол байдаг л биз. Төвийн дөрөв төвхөн том эмнэлгээ улам томруулах нь хүнд суртал, дамжлаг чирэгдэл, шан харамжыг л улам нэмэгдүүлэхээс хэтрэхгүй. Бодогсон бол өрхийн эмнэлгүүдээ одоогийнхоос томсгон, мэс заслаас бусад тусламжийг тэндээ үзүүлэх боломжтой болгодогсон бол байдал арай л дээрдмээр. Тэгээд хувийн эмнэлэг байгуулах хүсэлтэй эмч нарыг тун сайн дэмжиж, элдэв өргөдөл, лиценз шаардахаа багасгамаар. Зах зээлийн эрэлт хэрэгцээнд нь зохицож амьдрамаар юм даа. Үнэхээр эрэлт байгаа бол хичнээн ч хувийн эмнэлэг яагаад байж болохгүй гэж. Тэдэндээ чөлөөтэй ажиллах боломж олгох хэрэгтэй. Үйлчлүүлэгчээс гомдол гарахгүй байгаа болоо юм бишүү. Ямар ч гомдол санал гараагүй ажиллаж байхад нь дахин дахин очиж улсын хэмжээний том эмнэлэгт байх зүйлүүд шаардаад, лиценз зөвшөөрлийг нь хурааж хаагаад байвал цааш хөгжинө гэж үү. Ямар ч бизнес ганзагын наймаа мэтхэнээс эхлээд үйлчлүүлэгчээ олшруулсн ыдараа л хөгжиж дэвждэг биз дээ. Жишээ нь Энэтхэг улс нүдний эмчилгээндээ гарамгай гээд манайхан тийшээ их явдаг. Гэтэл манайхны голдуу очдог нүдний эмнэлэг гэдэг нь 1-2 эмчтэй манайхаар бол ТҮЦ шиг шахам байранд байдаг жижиг хувийн эмнэлгүүд л байдаг юм билээ. Тэгэхээр заавал том байр сав, олон эмч сувилагч гэхээсээ илүү чадварлаг эмч, хамгийн гол нь сайн харьцаа л голлодог нь харагддаг. Швецарь улсад байх олон улсын гэх тодотголтой нүдний нэг эмнэлэгт очсон юм. Ердөө хоёр эмч хоёр сувилагч, хүлээн авахын ажилтан гээд орон тоо нь болоо. Орон сууцны байрны нэг давхарын дөвөр таван өрөөнд л байрладаг. Эмч сувилагч нар нь инээж угтана, урьж суулгана, хүлээж суух хооронд чихрээр дайлна. Зөвөлгөөгөө тун сайн дахин давтан хэлж өгнө. Мэдээж манай өнөөгийн нөхцөлд ийм байх боломж бага байх л даа. Гэхдээ л хувийн эмнэлгүүдийн зан харьцаа, үйлчилгээ ийм байдалд дөхсөн шүү. Төлбөртэй болохоор арга ч үгүй биз. Манайхан мөнгө төгрөг муутай мөртлөө хувийн эмнэлэгт очих нь олширсон. Тэгэхээр асуудлын гол нь төлбөр мөнгөндөө биш, шуурхай байдал, гүйцэт эмчилгээ, хамгийн түрүүнд уриалагхан, зан харилцаанд нь татагдаг болов уу. Хувийн эмнэлгүүдийг дэмжих нэрээр нийгмийн даатгалаас тодорхой хувь шилжүүлдэг нь тийм ч зөв хэлбэр биш. Хувийнх л бол төлбөрөөрөө л хөл дээрээ босох учиртай. Харин энэ асуудлыг шийдэх зөв хувилбар нь иргэдээ эрүүл мэндийн даатгалын картын системд л шилжүүлэх хэрэгтэй юм. Банкны карт шиг хүн дуртай эмнэлгээ сонгоод картаараа төлбөрөө хийнэ биз. Өрхийн эмнэлгээс бусад эмнэлэг харьяаллаар ялгаварлахгүй үздэг болгомоор. Эрүүл Мэндийн гол бодлого нь “Хүн амынхаа дундаж наслалтыг  80 хүргэх, эрүүл мэндийн даатгалыг карттай болгох” хоёр байхад л үндсэндээ бусад асуудал дотроо шингэнэ. Түүнээс биш амаржих газар нэмэж барих, том эмнэлгүүдийг улам томсгох, тоног төхөөрөмж худалдаж авах зэрэг бол бараг эмнэлгүүдийн аж ахуйн дарга нар л хийх ажил шүү дээ. Тэгээд ч аймаг, сум дүүргийн засаг дарга, эрүүл мэндийн газар гээд санаа тавих үүрэгтэй албан тушаалтан олон. Ойд төөрсөн хүн шиг л гарсан асуудлыг гал унтраах, рекламдах хоёр л голлоод байх шиг харагдах юм.

Өвчтөн буруутай байлаа ч эмнэлгийн тусламжаа авах эрхтэй

 

Ямар ч хүн санаатайгаар өвдөж гэмтдэггүй. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг шүү дээ. Цөөхөн тохиолдолд хүн амиа хорлох зорилгоор эм уух, хутга мэс хэрэглэх, боомилох нь бий. Тэглээ гээд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй орхих, хагас дутуу үзсэн болоод орхих ёсгүй. Харамсалтай нь манай эмнэлгүүд, эмнэлгүүд ч гэж гол нь эмч нарын зан харьцаа нэг л бишээ. Орох хаалганаасаа эхлээд яравгар, дугарч ядсан, уцаарлаж тээршээсэн, тоомжиргүй хүмүүс. Сонин хэвлэлээр байнга л шүүмжлэх авч засарч сайжирсан нь бараг үгүй. Тэгэхээр асуудал эмч, сувилагч нартаа биш бүтэц зохион байгуулалтандаа л байна. Саявтархан банкнууд нэг иймэрхүү л байсан. Одоо бол бүгд сайжирсан нь илт анзаарагдана. Хамгийн хүнд сурталтайд тооцогддог иргэний бүртгэлийн газар ч өдөр өдрөөр дээрдээд л байгаа. Харин манай эмнэлгүүд л бахь байдгаараа. Мэдээж сайхан үйлчилгээтэй, сайн харьцаатай эмнэлгүүд бий л дээ. Тун цөөхөн дөө. Эрүүл Мэндийн сайд манай төсвийг энэ жил их сайн өгсөн, том том эмнэлэг барина, тоног төхөөрөмж олныг авна гэж дахин дахин ярихаас биш үйлчилгээний энэ доголдлыг хэрхэн арилгах, иргэн бүр хүссэн эмнэлгээ очих боломжийг бүрдүүлэх тухай дурсахгүй нь мөнөөх л цэгцтэй бодлого байхгүйн илрэл бизээ. Эмч эмнэлгүүд байнга ачаалалтай ажиллаж байдаг болохоор өөрсдийнхөө хувьд сайн ажиллаж байгаа л гэж бодох нь зүй. Асуудлыг эмч талаас биш иргэд талаас харах нь Эрүүл Мэндийн Яамны гол бодлого мөн. Яагаад энэ тухай бичих болсноо дор өчсүү.

Он солигдох тэр мөчид осолд өртөв

 

Миний буруу л даа. Гадуур зөндөө л худалдаалагдаж байгаа болохоор ганц салют аваад буудуулчихсан чинь гар дотор тэсэрчихдэг байгаа. Салют осолтой тухай өөрөө хэд хэдэн удаа бичсэн мөртлөө л гэнэддэг юм. Хүүхдээрээ буудуулаагүй дээ л баярлаж байна.  Тэглээ гээд эмнэлэгт хандахгүй байлтай биш. Гэмтсэн болохоор гэмтлийн эмнэлэг бараадлаа. Эрүүл Мэндийн Яамны танилаараа дарга руу нь хэлүүлээд очсон болоод ч тэгсэн үү, гайгүй хүлээж авлаа. Хүлээн авахын орон дээр хэвтүүлээд шарх цэвэрлэж, олон оёдол тавьдаг юм. Гэмтлээсээ болоод өвчиндөө шаналж байсан надад ямар нэг өвчин намдаах, тайвшруулах юу ч хийсэнгүй, шууд л оёоод эхэлдэг байгаа. Хүний гарын арга гэдэг хамгийн олон мэдрэлийн ширхэгтэй, зузаан арьстай болохоор зүүгээр хатгах тоолон гол таслах шахаж байлаа. Өөрийн буруугаас гэмтсэн болохоор тэсээд л байхаас өөр арга олдонгүй. Бүр тэсэхээ болиод мэдээ алдуулаач гэж хэллээ. Эмч зүгээрээ зүгээр, тэсч бай, одоохон дууслаа гээд л хатгасаар арай гэж дуусгав. Оёдол тавьсан эмч залуу хүн байсан уу, даплагын оюутан байсан уу бүү мэд. Түлэгдэж үхэжсэн мах руу новокаин хийгээд нэмэргүйг мэддэггүй бололтой. Гол нь арьсанд л мэдээ алдуулсан бол би өвдөж шаналахгүй л байсан даа. Нэг зорвлонг арай гэж даваад хоёр дахь руу шилжив. Тэр нь нүүрэн дээрх түлэнхийг цэвэрлэж, метилин хөх гэх эм түрхэх. Сувилагч их хорсоно шүү та тэснэ биз гэж асуусан боловч өвчин намжаах тарианы тариа хийх боломжгүйгээ л анхааруулсан бололтой. Түлэгдэж улайсан арьсан дээр нөгөө эмээ нялахаар үнэхээр ухаан алдмаар юм билээ. Эмч нар ч тоосонгүй. Дараагийн өвчтөн болох бугаландаа зүсэгдсэн шархтай нөхрийг мөн л тэсэж бай гэж зандарч байгаад мэдээ алдуулалгүй оёж эхлэв. Хамаг биеийн хүйтэн хөлс асгарч, дотор муухайрсан би одоо яах вэ гэсэн чинь рентгэнд зургаа авхуулаад нэгдүгээр эмнэлэгт очиж нүдээ үзүүл гээд хэдэн эм бичиж өгөв. Өвчин намдаах эм гэнэ. Уг нь бэртсэн гэмтсэн хүнд үзүүлэх анхны тусламж нь өвчин намдаах, тайвшруулах эм байх ёстой л гэж мэдэх юм. Орчин үед больсон юм байлгүй дээ. Гэрийнхнээрээ түшүүлэн рентгений өрөөнд нь орлоо. Техникч нь байдаггүй. Цаад өрөөндөө байгаа л гэх юм. Шилбээ хугалсан гэн залуу шаналаад л хүлээж байна. Тэгэж тэгэж цаад өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирлээ. Унтаж байхад нь сэрээснээс болсон уу их л уцаартай. Хөл хугархай залуутай түр тар хийгээд л авна лээ. Ямар ч гэсэн эхний тусламжаа гайгүй авсан болохоор гэмтлийн эмнэлгийнхэнд баярласнаа хэлээд гарлаа. Шөнийн гурван цаг болж байхад эм зардаг газар гэж хаана байхав. Шууд нэгдүгээр эмнэлэгт очив. Гэмтэлд нүдний эмч байдаггүй юм байна. Нэгийн хүлээн авахын эмч нь байсангүй. Сувилагч нар нь нүдний тасагт оч гээд зааж өгөв. Тэнд нь жижүүрийн эмч ажилладаггүй юм байна. Гурван сувилагч уриалагхан хүлээж аваад нүдний дурангаараа үзсэнээ, их гэмтэлтэй юм байна, Эмч дуудахгүй бол болохгүй нь гэв. Тэгээд хувиартай эмчрүүгээ машин явуулчихлаа гэлээ. Тэр хооронд өвдөлт гэж тэсэхийн аргагүйгээ хэлсэн чинь ашгүй нэг эм уулгав. Дараа нь даралт үзэх гэсэн чинь тасгийнх нь аппарат ажилдаггүй. Өөр тасгаас нэг аппарат олоод ирсэн мөн л ажилсангүй. Хооронд нь хоьж сольэ эвлүүлээд ч болсонгүй. Даралт чинь их л байх шиг байна гээд даралтын эм өгөв. Цаг гаруй хүлээлээ. Эмч байдаггүй. Тэгэж тэгэж манай эмч ирэхгүй гэнээ. Тэгээд ч манай хагалгааны өрөөнд мөнгөн ус алдагдсан учир түр хаасан. Өөр эмнэлэгт оч гэж байна гэдэг юм. Тэгэхээс яахав. Манай гэр бүлийн хүн тэр эмнэлэгт нь очихоор бас эмчгүй байвал яах юм. Эмчид нь үзүүлээд явмаар байна. Хэдэн сувилагч л хөөрхий тэг ингэ гээд байдаг гэхчлэн учирласан нь бүр буруутав бололтой. Хүлээн авахдаа байж, ирсэн өвчтөнг хүлээж аван зохицуулах үүрэгтэй эмч нь удаж удаж  арай гэж ирсэн хойноо том том дугараад зогссонгүй “ Танай нөхрийн нүдийг манай сувилагч нар сохолчихоо юу” хэмээн загнасан нь хамгийн гомдмоор. Энэ эмнэлэгт олон жил ажилласан ахмад эмчийн нэг Лундаа гэж уг нь надтай нэг курсийн эмч л дээ. Арай зөөлөн үг хэлж, худлаа ч гэсэн туслах дүр исгэж болноо доо. Ингэж шаардах, муудахын хүчинд гуравдугаар эмнэлэгийн нүдний эмчийг олохоор тохиров. Бие маань улам муудаж, дотор муухайран энгэр заамаа задгайлж бөөлжис цутгаж эхэллээ. Щокод орох гэж байгаа бололтой. Арай гэж гуравдугаар эмнэлэг хүрэв. Эмнэлэг засвартай учир орох хаалгыг нь олох гэж хэрэндээ мунгинасан даа. Азаар хүлээн авахын эмч нь тун хашир туршлагатай эмч таарсан. Түмэнбат гэдэг эмч гэсэн. Наад хүн чинь щокод орж байна. Өөрөөр нь явуулж болохгүй гээд тэргэнцэрт суулгаад оруулан шууд өвчин намдаах эм тариа хийж хэвтүүлэв. Удалгүй нүдний эмч хүрч ирж үзээд хэвтүүлэхгүй бол болохгүй юм байна гээд тасагт хэвтүүлж зөндөө эм тариа хийснээр санаа амарсан даа. Нүдний эмчийг Ц.Мөнхтуяа гэнэ. Залуухан бүсгүй. Тасгийн эрхлэгч Ж.Баттуяа. Бас л залуухан эмч. Нүдний гавьяат эмч Лхагвадолгор утсаар ярив. Манай эмч нар тун тусгүй загнасан байна лээ. Санаа их зовж, өмнөөс нь ичиж байна. Манай наад эмч охид чинь их сайн. Мэргэжилдээ тун дажгүй эмч нар шүү, санаа зоволтгүй гэж байхыг бодвол сайн эмч нар болох нь ойлгогдоно. Гол нь тэдгээр эмч сувилагч нарын санаа тавьсан уриалагхан, шуурхай байдалд л сэтгэл онгойж одоо алзахгүй боллоо гэж боддог юм билээ. Бас гэмтлийн эмч Амгаланбаатар тэр орой болсон хойно ирж үзэн сэтгэл засаад явсанд их баярлав. Өвчтэй хүнд нэг л аятайхан үг хэлэхэд л сэтгэл нь амарч бие нь хөнгөрдөг онцлогтой.

Уцаарласан эмчид гоморхож, уриалагахан бусдад нь талархана

Нүдэндээ хагалгаа хийх шаардлагатай болох нь шиг байна. Үүний тулд нүдний эход харах хэрэгтэй аж. Тэр нь зөвхөн хоёрдугаар эмнэлэгт байдаг юм байна. Эмчилгээ эрхэлсэн орлогчтой нь яривал манай эмч өнөөдөр чөлөөтэй байгаа гэхдээ дуудаад бэлэн байлгаж болно. Хүрээд ир гэлээ. Очлоо. Залуухан бүсгүй сууж байнаа. Ирсэн учраа хэлвэл янзгүйхэн харснаа бичиг баримтаа үзүүл гэж байна. Авчраагүй шүү дээ. Эмнэлэг дээрээс шууд ирсэн. Танай даргатай ярьсан гэвэл ийшээ ор гээд дүүрэн оюутнууд хичээл хийж байгаа өрөөнд оруулав. Санасныг бодвол сайн үзлээ. Нүдний алим бүтэн байна. Торлог ховхроогүй байна. Гэхдээ цус хуралт их байна гэхчлэн хэлж, санаа амраав.Сохрохгүй л бололтой. Сайн эмч байх л даа. Гэхдээ мөнөөх инээмсэглэсэн царай, зөөлөн харьцаа үгүйлэгдсэнийг нуух юун. Өвчин эмгэгтээ шаналсан хүнд сэтгэл санааны дэмжлэг гэдэг ямар ч хүчтэй эм тарианаас илүү нөлөөлдөг болохыг эмч нар заалгасан л баймаар. Зүйрлэвэл хөл гараа юманд цохисон хүүхэд ээж, аав дээрээ уйлж ирэхэд цаадуул нь өрөвдөж энхрийлээд, хэд үлээгээд өгөхөөр зүгээр болчихдог шүү дээ. Хуучны эмч нар өвчтөнүүдээ миний хүү гэж дууддаг. Өвчиндөө шаналсан хүнд хичнээн өөриймсөг, элэгсэг сонсогддог болохоор тэр. Гуравдугаар эмнэлэг нэг хэсэг үйлчлүүлэгчээ инээж угтах тухай зорилт дэвшүүлж, тасаг болгоны хананд бичсэн байсныг мэдэх юм. Бат-сэрээдэн ерөнхий эмч байхдаа л эхлүүлсэн байх. Сайхан санаа шүү. Тэр санаа одоо ч хэрэгжиж буй бололтой эмч сувилагч нарынх нь зан харьцаа тун дажгүй. Цэвэрхэн, тохилог. Хагалгаа хийлгэхээр бол гадагшаа явсан нь дээр гэж зөвлөх хүн цөөнгүй. Үгүй юмаа. Манай эмч нар чадаж байхад тийшээ зүглээд яахав. Товчдоо бол амьдрал нэг иймэрхүү л байна даа, эмнэлгүүдийн хувьд. Хуучин оноо шархтай үдэж, шинэ оноо галтай угтав. Галын дөл өөдөө гэж билэгшээхээс яахав. Азтай л өнгөрлөө. Далиманд нь эмнэлүүдийнхээ өө сэвийг зах зухаас нь мэдрэх шив дээ. Салют битгий аваарай. Авсан хүнийг торгосон ч буруудахгүй.

                                                                                                                                                               Олхонууд ШААБАР

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Цаг агаарын мэдээ