Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Монголын хэвлэл мэдээллийг тэгш зарчмаар хөгжүүлъе

Монголын хэвлэл мэдээллийг тэгш зарчмаар хөгжүүлъе

Монголын Сэтгүүлчдийн XY-р их хурлаас хийсэн сурвалжлага  Энэ сарын 10-ны өглөөнөөс 11-ны өглөөг хүртэл үргэлжилсэн  Монголын сэтгүүлчдын XV-р их хурал өмнөх их хурлуудаасаа өвөрмөц онцлогтой болж өнгөрөв. Хурлын үеэр нэгэн төлөөлөгчийн хэлсэнчилэн өнөөгийн нөхцөлд Монгол улсад 4000 шахам сэтгүүлч ажиллаж байгаа гэж үзвэл тэдний төлөөлөл болох 500 сэтгүүлч нэгэн танхимд цугласан ийм өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан урьд өмнө нь болж байсангүй. Үүнээс гадна хуралдааны онцлогийг илэрхийлэх хамгийн гол зүйл нь өнгөрсөн зунаас эхлэн өрнөсөн сэтгүүлчдийн шинэчлэл хөдөлгөөний уур  амьсгал юм. Үүний нэгээхэн хэсэг нь орон нутгийн сэтгүүлчидтэй холбоотой байсныг онцлох нь бас ч зүй ёсны хэрэг.

Хуралдаан эхлэж байх үед хуучнаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн (хуралдааны шийдвэрээр энэ нэрийг Монголын сэтгүүлчдийн эвлэл болгон өөрчлөлт оруулсан) дэд ерөнхийлөгч Ц.Дашдондов энэ хуралдаан Монголын сэтгүүл зүйд түүхэн өөрчлөлт, шинэлэг хандлагыг бий болгох нөхцөл бүхий боломжит цаг үед тохиож буйгаараа онцлогтой. Чухам хуралдаанаас тийм үр дүн гаргаж чадах эсэх нь та бидний хэрэг хэмээсэн. Гэхдээ хүсэн хүлээж байсан үр дүнд хүрч чадсан эсэхийг ойрын жилүүдийн төлөв байдал харуулах биз.

Орон нутгийн сэтгүүлчид бидний хувьд энэ хуралдаанд доторхой хэмжээнд санаа бодол, дуу хоолойгоо нэгтгэж, нэгэн цул болж оролцож чадсанаараа шинэ алхам болсон. Хуралдаанд оролцсон орон нутгийн төлөөлөгчидтэй уулзахад өмнө нь болж байсан их хурлуудад бид ийнхүү нэг зорилгод нэгдэх нь нь бүү хэл санаа бодлоо нэгтгэн илэрхийлж байсангүй гэцгээсэн. Энэ хуралдаанд манай аймгаас “Ховд” ТВ-ийн захирал Н.Баасанжав, Ховдын мэдээ сонины эрхлэгч А.Бямбасүрэн, “Нехт” ТВ-ийн захирал Ч.Нямхүү, Манай сонины эрхлэгч Г.Төрмөнх болон миний бие, мөн чөлөөт сэтгүүлч Д.Жүгдэрбарам нар сонгогдон оролцсон.

Хуралдаанаар хэлэлцэгдсэн гол асуудал нь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэж батлах, мөн ерөнхийлөгч тэргүүн дэд болон хоёр дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх хорооны гишүүд, хяналтын зөвлөлийг сонгож батлах явдал байв.

Хуралдааны индэр дээрээс манай сонины эрхлэгч, сэтгүүлч Г.Төрмөнхийн хэлсэнчилэн Монголын сэтгүүлчид ийм өргөн бүрэлдэхүүнээрээ цугласан энэ завшаанд сэтгүүл зүйн салбарт байгаа тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх талаар тодорхой гарц олох нь чухал асуудал бөгөөд өнөөгийн нөхцөлд орон нутгийн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг хангах нь юу юунаас эрхэм юм. Ингэж байж Монголын хэвлэл мэдээлэл болон сэтгүүл зүйг тэгш зарчмаар хөгжүүлж, жинэхэнэ утгаараа үндэсний хэмжээний салбар болж ажиллах боломжийг бий болгох ёстой гэдэгтэй орон нутгийнхны санал зуун хувь нийлж байлаа.

Дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэх үед орон нутгийн сэтгүүлчдээс МСЭ-ийн гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний дөрөвний нэгийг орон нутгийн төлөөллөөс бүрдүүлнэ. Хоёр дэд ерөнхийлөгчийн нэг нь орон нутгаас сонгогдсон хүн байна гэсэн хоёр гол заалтыг дүрэмд тусгуулж батлуулахын төлөө саналаа нэгтгэн илэрхийлсэн ч хурлын тэргүүлэгчид хүлээн аваагүй тул Сэтгүүлч Г.Төрмөнх индэрт хоёр ч удаа гарч тухайн саналын үндэслэлийг тайлбарлан, улмаар орон нутгийг сэтгүүлчдийг хуралдааныг орхин гарахыг уриалахад хүрсэн юм.

Ийнхүү санал шаардлагаа нэлээн хурц хэлбэрээр илэрхийлсний хүчинд танхимын уур амьсгал орон нутгийнхны зүгт эргэж, тэргүүлэгчид ч буулт хийснээр уг саналыг дүрмэнд тусгахаар болсон. Гэтэл нэр дэвшүүлэх үйл явцын үеэр дахин маргаан өрнөж ямар нэг холбоо эвслийн төлөөллийг гүйцэтгэх хороонд квотоор оруулж болохгүй гэсэн санал гарч ирсэн ба тэргүүлэгчид болон зарим нөхөд үүнийг ашиглан санал хураалтын дүн гарах үед өмнө нь хүлээн зөвшөөрсөн асуудлаа үгүйсгэж орхив.  Тодруулбал гүйцэтгэх зөвлөлд орон нутгийн төлөөллийг заавал байлгах гэсэн зарчмын саналыг  орхигдуулснаар орон нутгаас нэр дэвшсэн сэтгүүлчдийн хувьд хаалт саад үүссэн. Тодруулбал гүйцэтгэх зөвлөлд орон нутгийн төлөөлөл болох 3  сэтгүүлчийн нэрийг дэвшүүлсэн ч,  дийлэнх олонхи нь нийслэлийнхнээс бүрдсэн төлөөлөгчдөөс шаардлагын хэмжээнд санал авч гүйцэтгэх хороонд сонгогдох боломжгүй болсон юм.

Харин хоёр дэд ерөнхийлөгчийн аль нэг нь орон нутгийн төлөөлөл байна гэсэн заалтыг хэвээр хадгалан тусгуулж чадсан тул энэ квотон дээр орон нутгийн хоёр хүний нэр дэвшиж орон нутгийн сонины холбооны тэргүүн Ц.Шаравдоржийг орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр сонгосон. Тэрээр МСЭ-ийн ерөнхийлөгчөөр сэтгүүлч, нийтлэлч, Гэрэлт цалиг сэтгүүлийн эрхлэгч Бадам-Очирын Галаарид, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр МҮОНТ-ийн дэд захирал Ц.Оюундарь, дэд ерөнхийлөгчөөр Өнөөдөр сонины орлогч эрхлэгч Заяабат нар сонгогдсон. Мөн гүйцэтгэх хороо буюу удирдах зөвлөлд 19, хяналтын зөвлөлд 7 хүнийг сонгож баталсан.

Дашрамд дурьдахад орон нутгийн сэтгүүлчдийг үг хэлэх, санал дэвшүүлэх үед заалнаас нийслэлийн зарим төлөөлөгчид үл ойшоосон, дээрэлхэнгүй өнгө аяс илэрхийлж, саналыг нь унагаахыг оролдож байснаас гадна, хурлын тэргүүлэгчийн ширээнд суусан МҮОНТ-ийн захирал Наранбаатар, МСНЭ-ийн ерөнхийлөгч асан Т.Баасансүрэн нарын зүгээс бидний саналыг хүлээн авахгүй гэсэн хатуу байр суурь баримталж байлаа. Гэсэн ч төлөөлөгчдийн нийтлэг уур амьсгалд дарагдан, эдгээр тэргүүлэгчид аргагүйн эрхэнд буулт хийхэд хүрсэн юм.

Гагцхүү орон нутгийн зүй ёсны нийтлэг эрх ашигтай зөрчилдсөн бас нэг хандлага ажиглагдсан нь сонгох сонгогдох эрхийг газар зүйн байршлаар нь ялгаварлан үзсэн явдал байв. Тэрээр Монголын сэтгүүлчдийн эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ховд аймгийн сэтгүүлч Г.Төрмөнх, Хөвсгөл аймгийн сэтгүүлч Эрдэнэцэцэг нарын хэд хэдэн хүн нэр дэвшсэн ба холын аймгуудаас ирж хуралдаанд оролцох боломж муутай гэдгээр шалтаглан нэрийг нь хасаж орхив.

Мэдээллийн технологи өндөр хөгжсөн гэгдэх энэ цаг үед Сэтгүүлчдийн үндэсний хэмжээний байгууллага гэгдэх сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл Улаанбаатарт ирж хуралд оролцох боломжгүй гэдгээр шалтаглан, сэтгүүлчдийнхээ сонгох сонгогдох эрхийг газар зүйн байршлаар ялгаварлаж байгаа нь эмгэнэлтэй.

Ингэж болохгүй шүү дээ. Та нар шаардлагатай үед онлайнаар хурлаа хийх нөхцлөө бүрдүүлэх ёстой шүү дээ хэмээн нэгэн төлөөлөгч сануулж байсныг дурьдах нь зөв байх.

Хуралдааны дараа орон нутгийн зарим сонины сэтгүүлчид Манай сонины эрхлэгч Г.Төрмөнхтэй уулзаж сонирхсон асуудлаар яриа өрнүүлснийг энд нийтлэж байна.

Г.Төрмөнх “Бидэнд хүлээгдэж байгаа олон асуудал бий”

 

-           Их хурлын тухай таны сэтгэгдлийг сонсоё?

-Өнгөрсөн зунаас эхлэн өрнөсөн сэтгүүлчдийн шинэчлэл хөдөлгөөний уур амьсгал дунд болж өнгөрсөн Монголын сэтгүүлчдийн XY-р их хуралд орон нутгаас нэлээд өргөн бүрэлдэхүүн бүхий төлөөлөгчид сонгогдон оролцсон нь өмнөх хурлуудаас онцлогтой, бас ч зохих хэмжээний үр өгөөжтэй хэрэг боллоо.

Шинэчилсэн дүрмийн төслийг хэлэлцэж, удирдлагаа сонгож баталсан нь их хурлын гол асуудал мөн ч, хүсэн хүлээж байсан үр дүнд хүрч чадсан эсэхийг ойрын жилүүдийн төлөв байдал харуулах биз.

Хуралдааны үеэр төлөөлөгч сэтгүүлчид авууштай, үнэтэй саналууд олныг гаргаж байсан ч хурал удирдаж байсан тэргүүлэгчид, редакцын зөвлөлийнхөн уг саналуудыг оновчтой хувилбараар дүрмэнд тусган оруулах тухайд зарим нэг зай завсар гарсныг үгүйсгэхгүй.

- Та энэ хурал дээр орон нутгийн сэтгүүлчдийн төлөө нэлээд шаргуу зүтгэлээ. Ер нь орон нутгийнхан энэ хурлаас юуг хүсэн хүлээж байсан юм бол?

- Өнөөгийн нөхцөлд сэтгүүлчдийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл гэвэл ажиллах бололцоогоор хангагдах, элдвийн дарамт нөлөөнөөс ангид, таатай орчин нөхцлийг бий болгох явдал. Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд энэ асуудал илүү ихээр тулгамдаж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Мэдээж үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой үзэл баримтлал бодлого хэрэгтэй. Оновчтой зөв бодлогыг бий болгож хэрэгжүүлнэ гэвэл асуудал нь хамгийн ихээр тулгамдаж байгаа хэсгийнхний амьдрал үйлс, санаа бодол хүсэл эрмэлзлэлд суурилж, тэдний төлөөллийг шийдвэр гаргах түвшинд оруулж ажиллуулах хэрэгтэй.  Хуралдаан дээр нэр бүхий төлөөлөгч илтгэхдээ  “Өнөөдөр Монголын сэтгүүл зүй өвчтэй байна” гэж хэлнэ лээ. Тэгвэл миний дээр хэлсэн санаа салбарын эмгэгийг илааршуулахад тустай хамгийн чухал хүчин зүйл.

Тиймээс ч орон нутгийн сэтгүүлчид нэгдэн дүрмийн төсөлд хоёр гол зүйлийг тусгуулахын төлөө зүтгэсэн. Энэ нь МСЭ-ийн гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний тодорхой хэсгийг орон нутгийн төлөөллөөс бүрдүүлэх, мөн хоёр дэд ерөнхийлөгчийн нэгийг орон нутгаас сонгох явдал байсан. Энэ саналыг хурал удирдаж байгаа тэргүүлэгчид болон төлөөлөгчид түвэггүй хүлээж авна гэж бодсон ч тэгээгүй.

-Хуралдааны үеэр уур амьсгал нэлээд хурцдах маягтай болж ирсэн нь чухам юунаас болов?

-Биднийг үг хэлэхэд нийслэлийн зарим сэтгүүлчид танхимаас эсэргүүцэн, элдэвийн ааш гаргаж, хурал удирдсан нөхөд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр сууриа илэрхийлсэн. Тийм болохоор бид асуудлыг илүү шаргуу зүтгүүлэхээс аргагүй болж миний бие индэр дээр хоёр ч удаа гарч саналын үндэслэлийг тайлбарлан, улмаар аргагүйн эрхэнд орон нутгийн сэтгүүлчдэд хуралдааныг орхиж гарахыг уриалсан. Ингэсний дараа танхимын уур амьсгал эерэгээр эргэж, орон нутгийн болон нийслэлийн олон сэтгүүлчид биднийг дэмжиж тэргүүлэгчдэд  хүсэлт гаргаснаар саналыг маань хүлээн авсан. Эл үеэр манай орон нутгийн төлөөлөгчдөөс Төв аймгийн сэтгүүлч Энхбаатар,  Хөвсгөлийн сэтгүүлч Эрдэнэцэцэг, Архангай аймгийн сэтгүүлч Амарзая нар идэвхийлэн оролцож, нэгэн сэтгэлээр зүтгэснийг хэлэхгүй өнгөрч боломгүй.

-Тэгээд орон нутгийн сэтгүүлчид зорилгодоо хүрч чадсан уу?

-Гэсэн ч гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшүүлэх явцад нэгэнт хүлээн зөвшөөрсөн бидний саналыг дахин хүчингүй болгохоор зарим төлөөлөгч хүчтэй лоббидсоны улмаас зорилгын маань тал хувь нь биелж тал нь биелэхгүйд хүрсэн.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн дэд ерөнхийлөгчөөр орон нутгийн төлөөлөл сонгогдсон нь хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тэгш зарчмаар хөгжүүлэхэд нөлөөлөх нэг хүчин зүйл болох ёстой гэж би үзэж байгаа.

-Та дээр их хурал шинэчлэл хөдөлгөөний уур амьсгал дунд болж өнгөрлөө гэсэн. Хурлын өмнөх бодит нөхцөл байдлын тухай сэтгэгдлээ хуваалцаач?

-Өнөөгийн нөхцөлд манай хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт өөрчилж цэгцлэх, засаж сайжруулах шаардлагатай олон асуудал хүлээгдэж байгаа. Тиймээс ч энэ онд үндэсний шинжтэй сэтгүүлчдийн хөдөлгөөн өрнөж, орон нутгийн сэтгүүлчид бид ч өөрсдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Миний хувьд өнгөрсөн 8 сараас Баянхонгор аймгийн Өнөөгийн Баянхонгор сонины эрхлэгч, сэтгүүлч П.Санаадагва нарын хамтаар “Орон нутгийн сэтгүүлчдийн төлөөллийн түр зөвлөл”-ийг санаачлан буй болгоход хүчин зүтгсэн. Тэрээр орон нутгийн сэтгүүлчидтэй зөвлөлдөн СНЭ-д тодорхой санал шаардлага хүргүүлэх, шинэчилсэн дүрмийн төсөлд орон нутгийн сэтгүүлчдийн саналыг тусгуулах талаар тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Мөн өмнө нь бидний хүргүүлсэн саналын дагуу Орон нутгийн хэвлэл мэдээллийн тогтвортой хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хамтран хэрэгжүүлэхээр  СНЭ-тэй тохирсон ба бид хөтөлбөрийн төслийг боловсруулан ажлын хасэгт хүргүүлсэн юм.

Дүрэм шинэчлэх болон хуралд бэлтгэх ажлын хэсгийн нөхөд бидний саналыг хүндэтгэн хүлээж авч байсанд талархалтай хандаж байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны тэргүүн Ц.Шаравдорж санаачлан холбооны хурлыг зарлан хуралдуулж, ажлын хэсэгт мөн санал шаардлага хүргүүлсэн нь ажлын хэсэгт холбооны төлөөллийг оруулах, дээрх хоёр гол заалтыг дүрмэнд тусгуулах зэрэг байсан. Гэтэл ажлын хэсгийнхэн дүрмэнд уг заалтыг тусгахаас зайлсхийсний улмаас бид их хурал дээр нэлээд шаргуу ажиллах шаардлагатай болсон хэрэг.

-Цаашид яаж ажиллах ёстой гэж бодож байна вэ?

-Их хурлаар шинэчилсэн дүрмийн төсөл батлагдаж, удирдах бүрэлдэхүүн сонгогдлоо. Гэвч энэ бол цаашдын ажлын зөвхөн шавыг л тавьлаа гэсэн үг. Салбарын хэмжээнд хүлээгдэж буй олон асуудал бий. Тэр бүхнийг оновчтой шийдвэрлэхийн тулд удирдлага болон гүйцэтгэх хорооны зүгээс өмнөхөөс илүү нээлттэй байж, аливаа асуудлыг оролцоонд тулгуурласан аргаар хамтын хүчээр шийдэх байх гэж найдаж байгаа. Орон нутгийнхны хувьд хүсэн хүлээж байгаа хамгийн гол зүйл бол бидний төслийг нь хийсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдал. Нэгэнт өмнөх бүрэлдэхүүн 100 хувь дэмжсэн энэ шинэлэг ажлыг одоогийн шинэ бүрэлдэхүүн улам эрчимжүүлэх бизээ гэж бодож байна даа.

Ж.Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ