Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УРЛАГ ЗУРААЧ

ЗУРААЧ

“ЦАСТ АЛТАЙ”-Н ЗУРААЧ
(Дурсамж)
Б.Батмөнх (ХИС-ийн НХУС-ийн Түүхийн
тэнхимийн багш, доктор, дэд профессор)

XX зууны сүүлч үеийн Монголын дүрслэх урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон төлөөлөгчдийн нэг бол Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Д.Мишиг (1940-1994) юм. Тэрбээр 1940 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт мэндэлжээ. Ерөнхий болон мэргэжлийн боловсролыг шат дараалсан сургалтаар эзэмшээгүй хэдий ч төрөлх авъяас билэг, уйгагүй оролдлого, хичээл зүтгэлийн үр дүнд авъяаслаг уран зураач болсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.1956 онд Ховд аймгийн урчуудын салбарт дагалдан зураачаар орж ажиллажээ. Түүний уран зургийн багш нь зураач Ж.Аварзэд, Монгол улсын ардын зураач Ц.Доржпалам нар юм. Тэрбээр 1956 оноос zuraach хойш насан эцэслэх хүртлээ Ховд аймгийн урчуудын салбарт зураач, эрхлэгчийн ажлыг тасралтгүй хашсаар ирэв. Зураачийн уран бүтээлийн гол сэдэв нь Цаст Алтай нутгийн үзэсгэлэнт байгаль, олон үндзстэн, ястны аж амьдрал юм. Учир нь тэрбээр эх орны алс баруун хязгаар Цаст Алтай нутагт төрж өсөж, аж төрж байсан тул Алтай нутгийн байгаль, зон олны аж амьдрал уран бүтээлд нь тод тусгалаа олжээ. Тэрбээр “Галдан бошгот хаан”, “Баатруудын уулзалт”, ”Ю.Цэдэнбал”, ”Алтайн туульч С.Чойсүрэн”, ”Мянгад эхнэр”, “Уран сайханч Пүрэвжал”, ”Ахмад гэрэл зурагчин Хүүхлээ”, “Гавъяат жүжигчин С.Мэндээ”, “Ард Аюуш”, ”Доктор Б.Ринчен”, “Бүдүүн Магнай”, “Аавын хөрөг”, “Магсаржавын цэрэг”, “Зураач М.Амгалан”, “Д.Сүхбаатар”, “Узбек өвгөн Иемен”, “Сансрын ууган нисгэгч Гүррагчаа”, “Ногоочин Уушир”, “Ахмад уран сайханч Мамий”, ”Хилчин”, ”Өвгөн Чумбуу”, ‘Мөнхайрхан”, “Цамбагарав”, ”Жаргалант хайрхан”, ”Хавар”, ”Богочийн үзүүр”, ”Ховд хотын хэсэг”, “Оройн наран”, “Казах айлууд”, “Намар”, ”Зун”, Ховд гол”, ”Буянтын хавар”, “Буянтын хөвөө”, “Булган гол”, ”Уулс”, “Бэлчээрт”, ”Хөдөөгийн айлууд”, “Хар үзүүр”, “Өглөө”, “Ургацын дээж”, “Сүүдэр”, ”Шүүтийн улаан”, ”Тарвас”, ”Бодол”, “Уулын ам”, ”Сэнхэрийн гол”, ”Үүл”, ”Баянцагааны уулс”, ”Дөрвийн газар”, ”Зургаагийн газар”, ”Өөшийн явар”, ”Хилийн уул” зэрэг олон зуун бүтээл туурвижээ. Тэгээд ч түүнийг мэргэжил нэгт нөхөд нь “хөрөг зургийн их мастер” хэмээн нэрийддэг. Тэрбээр мөн уран зургийн нэгэн төрөл болох усан будгаар зурах техникийг гаргууд сайн эзэмшсэн Монголын дүрслэх урлагийн нэртэй төлөөлөгчдийн нэг байлаа.Зураач Д.Мишиг 1973 онд нийслэл Улаанбаатар хотод бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж, мэргэжил нэгт зураачид, урлаг судлаачдаас өндөр үнэлэлт авч байв. Түүний авъяас билгийг ихэд бахдаж Оросын урлаг судлаач, эрдэмтэн О.И.Сопоцинский “Дүрслэх урлаг” сэтгүүлийн 1973 оны №4-д: “...1973 оны 8-р сард Улаанбаатар хотноо Монголын урчуудын үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн

 Д.Мишигийн бүтээлтэй танилцахад тун сонин бөгөөд сургамжтай байлаа. Мишиг авъяаслаг, үнэхээр уйгагүй оролдлоготой, харандаа ба усан будгаар зурах арга зүйн үндсийг эзэмшсэн төдийгүй бодит зүйлийн онцлог, шинж чанарыг олж харж, түүнийгээ бүтээлдээ тусгаж чаддаг хүн байна. Чухамдаа энэ бол уран авъяасын нэг чухал шинж мөн.   Хүн хүний давтагдашгүй өвөрмөц онцлогийг олж гаргахдаа зураач Мишиг гойд юм. Үүнийгээ ч уйгагүй хөгжүүлж байдгийг харандаагаар зурсан түүний олон зураг нотолно. Их бага алин боловч зураач өөрийнхөө анхаарал сонирхлыг татсан дүр дүрсийг нэгийг ч гэсэн орхилгүй, заавал ч үгүй зурж үлдээж авдаг бололтой. Ийнхүү байнгын дасгал оролдлого нь хүн бүрийн ялгарах онцлогийг товойлгон гаргах чадварыг хөгжүүлэн бэхжүүлэх гол сэжим нь болдог байжээ.Мишигийн бүтээлийг нийтэд нь авч үзэхэд хамгийн сайнаар үнэлж, дэмжих сэтгэгдэл зүй ёсоор төрнө. Орчин үе, хүрээлэн байгаа амьдралын тухай хүн олонд өгүүлэхийг зорьсон бөгөөд урлагт үнэн голоос итгэл сэтгэлээ өгөн зүтгэгч авъяас билэгтэй нөхөд, төв нийслэлээс алс холын аймагт ч тэр алжаалыг үл ажран бүтээн туурвиж байгаа нь бахдалтай” хэмээн өндрөөр үнэлж дүгнэжээ.2007 онд түүний бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг нь Улаанбаатар хотод түүний гэр бүл, шавь нар нь зохион байгуулж ард түмэндээ дэлгэн үзүүлснийг онцлон дурдъя.Эдүгээ Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт зураачийн бүтээсэн 26 зураг хадгалагдаж байна. Эдгээр нь харандаа, усан будгийн зургууд юм. Эдгээрээс 9 нь байгалийн, 17 нь хөрөг зураг байна. Үүнд:
1.Мод 2.Алтайн туульч Чойсүрэн 3.Баян эмгэн 4.Дөргөн 5.Эсгий гуталтай хүүхэд 6.Эсгий гуталтай хүүхэд 7.Хавар 8.Жаргалант 9.Малчин Асалхан 10.Малчин Шийрэв 11.Мод 12.Мончоого өвгөн 13.Монгол гуталтай хүүхэд 14.Намын ахмад гишүүн 15.Өөрийн хөрөг 16.Сандал дээр суусан хүүхэд 17.Шижигтийн хавцал 18.Тракторчин 19.Цамбагарав 20.Урианхай өвгөн 21.Заан Дагвадорж 22.Зам 23.Зохиолч Ц.Гайтав 24.Зохиолч Ц.Гайтав 25.Зураач Даваа 26.Уулс (www.art-gallery. mn) зэрэг болно.
Д.Мишиг олон арван бүтээл туурвиснаас ард олонд алдаршсан нь Зүүнгарын Галдан бошгот (1644-1697) хааны хөрөг зураг юм. Уг зургийг 1994 оны 4-р сарын сүүлчээр зурж дуусгажээ. Тухайн үед зураачийн бие хүнд өвчний учир ихэд чилээрхэж тэнхээ тамир нь муудсаар байсан хэдий ч асар их тэвчээр гаргаж зорилгодоо хүрсэн билээ. Чингээд өгүүлэн буй хөргийг ШУА-ийн Түүхийн хүрээлэнд мэргэжлийн түүхч, зураачид хэлэлцээд, Галдан бошгот хааны “ЭШ” хөргөөр баталсан тухай протокол үйлдэж нэг хувийг нь зураачид илгээснийг миний бие уншиж байснаа тодхон санаж байна.
Өгүүлэн буй хөргийг “гознак” маркийн ватман цаасан дээр өнгөт үрэлтийн аргаар бүтээжээ. Галдан хааны хөргийг түмэн насан хээ бүхий хар захтай, цагаан өнгийн дээлтэй, үнэт чулуун шигтгээ бүхий зэв хэлбэрийн алтан сүмбэтэй, үсээ сүлжээд мушгиж зангидсан, зүүн чихэндээ хачиган ээмэг зүүсэн, хярваа сахал, ухаалаг харц, зориг шийдэмгий дүр төрхтэйгээр бүтээсэн байна. Уг хөрөг эдүгээ Ховд аймгийн музейд хадгалагдаж байна.
Эл дурсамжийг бичигч миний бие зураачийг ухаан орсон цагаасаа эхлэн чамгүй сайн мэдэх нэгэн билээ. Тэрбээр миний аав зураач А.Баасанхүүтэй олон жилийн турш нөхөрлөж, ахуй амьдрал, уран бүтээлийн тухай халуун яриа өрнүүлдэг байлаа. Д.Мишиг зураач өндөрдүү нуруутай махлаг том биетэй хүн байв. Түүний бадриун том гар, хурууг харсан үл таних хэн нэгэн ийм бадриун хуруундаа нарийн бийр бариад дахин давтагдашгүй бүтээл туурвидаг гэж үл санана.
Зураачийнх 1980-иад оны сүүл үед Ховд хотод шинээр барьсан 72 айлын орон сууцанд 3 өрөө байранд нүүж оров. Миний бие аавыгаа дагаж тэднийд олон удаа очсонсон. Зураач манайд ч олон удаа ирдэг байв. Тэрбээр 1 өрөөгөө зургийн урлан болгож, уран бүтээлээ туурвидаг байсныг санаж байна. Заримдаа тэр өрөөнд тамхины утаа суунаглаж, хүмүүсийн дуу өндөрсөж ихээхэн хөл хөдөлгөөнтэй байдагсан...
Зураач маань үндэсний бөхийн хорхойтон. Үндэсний бөхийн барилдааныг ихэд тухалж байгаад шимтэн үзнэ. Баянмөнх аваргыг ихэд хүндэлдэг. Үүнийхээ баталгаа болгож урлангийнхаа хананд Баянмөнх аваргын зургийг нүүрсээр зурж жаазлаад өлгөсөн харагддаг.
Зураач Д.Мишигийг Ховд аймагт таниж мэдэхгүй хүн гэж үгүй. Түүнийг насан төгөлдөр ахуйд нь хэд хэдэн удаа “гавъяат”-цолд тодорхойлсон хэдий ч ялих шалихгүй зүйлээр гоочилж хасаж орхидог байсан гэдэг. Үүнийг бичихийн учир, барган бүргэн өнөө цагт улсын алдар цол хүртэхийн төлөө зарим хүмүүс “мөнгө цагаан, нүд улаан” гэгчийн үлгэрээр үхэн хатан хөөцөлдөх болжээ. Ганц нэгхэн дуу дуулсан, зураг зурсан, номонцор бичсэн төдийхөн хүмүүс нам эвсэл, танил тал, өнгө мөнгө, бялдуучлалын хүчинд улсын алдар цол хүртэж, төрийн дээд шагналын нэр хүндийг гутаасаар байна. Үнэхээр улсын алдар цол гэгчийг хийж бүтээсэнд нь өгдөг л бол зураач Д.Мишиг аль хэдийнэ авах учиртай гэж боддог. Гэвч тэрбээр Цаст Алтайн ард түмний зүрх сэтгэлд ГАВЪЯАТААР мөнхөрсөн эгэлгүй их авъяастан байлаа.


ЗУРААЧ Д.МИШИГИЙН УРАН БҮТЭЭЛЭЭС

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ