Download Firefox
Download Firefox

Friday, Jul 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БОЛОВСРОЛ Шинжлэх ухаан - танин мэдэхүй Таван жил толгойд нь зоогдсон сум тархийг нь ядраагаагүй эрдэмтэн буюу орос хэлний Х.Цэдэв доктор

Таван жил толгойд нь зоогдсон сум тархийг нь ядраагаагүй эрдэмтэн буюу орос хэлний Х.Цэдэв доктор

проф.С.Эрдэнэмаам

Бичиж байсан сэдвийнхээ талаар шинэ сэргэг мэдээ мэдээлэл олох санаатай саяхны нэгэн өдөр Интернэтээр “аялж” байтал Наваан зоч Х.Цэдэв хэмээх зохиогчтой “О переводе "Евгения Онегина" на монгольский язык”  гэсэн эрдэм шинжилгээний  өгүүлэл тааралдлаа. Уншаад үзвэл, нэгдүгээрт, оросоор маш сайн, яг л орос хүн шиг чөлөөтэй, шүлгийн мөр, бадаг, айзам хэмнэл, толгой сүүл холбох гэх зэрэг утга зохиол судлалын шинжлэх ухааны нарийн ширийн нэр томъёог эгээ л эх хэлээрээ шиг чөлөөтэй хэрэглэсэн, хоёрдугаарт, алдарт Чойжилын Чимид гуайг “...

үгийн сан-утгазүйн талаас нь авч үзвээс зарим үг, хэллэгийг оновчгүй сонгосон” гэж ирээд сүрхий шүүмжилсэн байна. Бичгийн орос  хэлийг ийм сүрхий эзэмшсэн, бас тэгээд тэр том хүнийг шүүмжилдэг хэн байдаг билээ гэсэн сониуч зандаа хөтлөгдөөд сурвалжлан үзвэл орос хэлний салбарын манай сайн эрдэмтдийн нэг, Ховдын гэдгээрээ алдаршсан Х.Цэдэв багш байлаа.

 


Доктор, профессор Х.Цэдэв

Монгол улсад орос хэлийг бүх шатны сургуульд албан ёсоор үзэж судалж ирсэн 80 гаруй жилийн түүхэнд энэ хэлийг монгол хэлтэй зэрэгцүүлэн судалж 68 хүн хэлбичгийн ухааны, монгол хүнд түүнийг заах аргын асуудлыг судалж  32 хүн сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг. Бүгд л өөр өөрийн чиглэлээр гүнзгийрүүлсэн судалгаа хийж, эрдэм шинжилгээнийхээ бүтээл туурвилаар дотоод, гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд. Тэдгээрийн дотроос Монголын орос хэл судлалын үндсийг тавигч, энэ мэргэжлийн анхны дэд эрдэмтэн, анхны доктор, анхны профессор С.Галсан багшаас эхлээд олон улсад нэрд гарсан доктор, профессор Э.Равдан гээд олон хүний тухай сонин содон зүйлийг бичиж болох ч, 50 жил тархиндаа сумтай явж буй хэрнээ тав зургаан хүний ажлыг ажрахгүй хийчихээд,  туурвиж бүтээх ажлаа үргэлжлүүлээд явж буй нэгэн эрхэм буюу сурган хүмүүжүүлэх ухааны доктор (Ph.D), профессор энэ Х.Цэдэв гуайн тухай товч боловч бичиж, залуу үеийн багш, оюутан, сурагчдад толилуулбал “хүмүүжлийн ач холбогдолтой” зүйл болж мэдэх юм гэсэн нэгэн бодол толгойд харван орж, энэхүү зүйлийг тэрлэсэн билээ.  Товч гэхийн учир нь гэвэл, түүний амьдрал, үйл хэргийн тухай бүрэн дүүрэн бичнэ гэвэл бүлэг бүлгээр хөврөх томоохон хэмжээний роман болох буй за.

Тархиндаа сумтай болсон нь


Түүнийг бага сургуулийн 4-р ангид дэвшин орсон намар  ангийнх нь багш сумын төвөөс хойш орших Зүрхийн ам хэмээх газар руу зурам агнахаар дагуулан явжээ. Зурам ав дуусч, оройхон тэд саалийн ферм дээр ирж, ангийнх нь найз А. Цэенпил, Д. Дамдинпүрэв тэр гуравт багш нь  “Айлын буу хүргэж өгөөд ир” гэж гэнэ. Буу өгөх айлдаа яваад очтол хүн байхгүй, бүгд саалиндаа гарсан байжээ. Цэдэв хүү цангаж явсан юм байлгүй, шууд л хойморт нь гарч, данхтай цайнаас аяганд хийж аваад уугаад зогсч байж. Гэтэл гэрийн зүүн урд хатавчинд зогч байсан Цэенпил “Буудлаа шүү!” гэхэд нь огтоос буудна чинээ санаагүй  Цэдэв “Хн!” гээд харцаа нөгөө тийш буруултал гэнэт л юу юугүй хамар, амнаас нь цус зэрэгцэн олгойдох нь тэр. Хонгионд нь сум байгаа гэж огтхон ч гадарлаагүй хүү тоглоом шоглоом болгох санаатай гохоо дарчихсан чинь сумтай байжээ. Сүүлд эмч нарын хэлснээр, сум зүүн хацраар нь орж, хэдэн арааны ёзоор хуга дайран, хүүхэн тагнай дээгүүр нь өнгөрч, баруун талынх нь чихний дотор талд орших “высочья кость” хэмээх ясанд бараг тулан зогссон байжээ. Зуухны хойно цусаа гоожуулан хэсэгхэн зогстол амьсгал нь давхцаад ирж, айж сандарсан хүү гадагш гүйн гарангуутаа ухаан алдан унажээ. Ухаан ороод сэрвэл шөнө болсон бололтой, зуухны хүхээ хавьцаа бамбай дэвсэн хэвтүүлсэн байсан гэнэ. Ийнхүү 11-хэн настай Цэдэв хүү үхэлтэй тэмцэн, сум, аймаг, хотын хэд хэдэн эмнэлэг дамжин хэдэн сар эмчлүүлээд 11-р сар гарсан хойно нутагтаа буцаж очсон гэдэг. Олон жилийн дараа буюу УБДС-ийн 2-р курст суралцаж байхад нь Х.Цэдэвийн бие гэнэт муудаж, нойргүй болжээ. Эмчид үзүүлтэл “гаднын биетээс үүдэлтэй тархины үрэвсэл” (Травматическая энцепалопатия) гэсэн онош гарчээ. Гавъяат эмч Дагзмаа, Хайруул гуай нарт үзүүлтэл Хайруул эмч “Чиний толгойд байгаа сум тархинд их ойрхон, төв мэдрэл, сонсгол, харааны судлуудтай хамт байгаа тул бид оролдохгүй. Тун болохоо байлаа гэвэл яахав, оролдоод үзэх л юм даа” гэж гэнэ. Ингээд гурван сарын турш эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсний эцэст эмч нар түүнийг жилийн чөлөө ав гэжээ.  Угаас хичээл номдоо шамдангүй зантай Цэдэв хүү сургууль дээрээ очиж декантайгаа уулзаад, жилийн чөлөө авмааргүй байна, хичээлээ бие дааж судлаад, намар ирж 2-р курсын шалгалтуудаа өгч, шууд 3-р курстээ суумаар байна гэж хэлжээ. Декан нь “Чи ч уг нь чадах л хүү л дээ, тэг л дээ” гэж нааштай хариу өгчээ. Ийнхүү жилийн чөлөө авах аюулаас мултарсан Цэдэв хүү эмнэлгээс гараад нутагтаа очжээ. Аав, ээж, ах нар нь бүгд л “Одоо сургууль соёл гэж тархиа зовоогоод ер хэрэггүй. Гарчих. Багийн тоо бүртгэгч хийж бай. Яваандаа учир нь олдох байлгүй” гэцгээж гэнэ. Сонгосон мэргэжлээ эзэмшиж чадалгүй сургуулиас гарах дэндүү харамсалтай, бас ирээдүйнх нь мэргэжил болох орос хэлэндээ хязгааргүй их дур сонирхолтой байсан болохоор тэднийхээ үгэнд орж сургуулиа орхисонгүй,  хичээлээ үзсээр, давтсаар байгаад, намар нь жилийн чөлөөнөөс ирсэн хэдэн охидын хамтаар шалгалтуудаа амжилттай өгсөн гэдэг.


Орос хэлний мэргэжлийг хэрхэн сонгосон нь


Дунд сургуульд анх үзсэн цагаас нь эхлээд л орос хэл түүнд яагаад ч юм бэ  маш их таалагдсан гэсэн. Ажиглаад байхнээ орос үгийг нэн хялбар тогтоочихоод байх шиг өөрт нь санагджээ. Тийм болохоор шинэ үгийг дуртайяа цээжилчихдэг, сүүлдээ бүр багшийн заагаагүй урт урт үгийг толь бичгээс зориуд түүж авч тогтоодог болж, олон үетэй урт үгнүүдийг амандаа үе үе бувтнаж, түгдрэлгүй түргэн дуудаж байгаадаа өөрөө их л урамших болсон гэнэ. Гадаад хэл сурах төрөлхийн авьяас түүнд заяаж, энэ нь тэр үед илэрч байсан байж ч мэдэх юм.  Өнжүүлийн 7 жилийн дунд сургуульд байхад нь маш цэвэрхэн дуудлагатай Баваев гэгч буриад багш орос хэл заасан нь  угийн авьяаслаг хүүгийн мэдлэг чадварыг мэдэгдэхүйц илт нэмэгдүүлж, илүү их урам хайрлажээ. Долоон жилийн сургуулиа төгсөөд Алтанбулагийн 8 жилийн сургуульд дэвшин суралцахад нь түүний азаар ч гэхүү, Сүрэн гэдэг мөн л их чадварлаг сайн багш орос хэл зааж, энэ хэлийг ирээдүйн мэргэжлээ болгон сонгох зам мөрийг нь шулуутгаж өгсөн гэдэг. 9-р ангиа төгсөөд нийслэл хотод ирж, эгчийндээ хэд хоног байхдаа нэг өдөр номын дэлгүүрээр орж, оросын гарамгай жанжин, Халхын голд Монгол улсын төлөө тулалдаж явсан генерал И.А. Плиевийн бүтээл “Говь Хянганд тулалдсан нь” гэдэг ном орос, монгол хэлээр хэвлэгдсэн байсныг худалдан авч, хэдэн хоногийн турш уйгагүй сууж, харьцуулан уншаад, найм есөн нимгэн дэвтэр дүүртэл нь бичиж тэмдэглэж авчээ. Энэ нь орос хэл шимтэн сонирхож байсан залуу хүүд ихээхэн ач тус өгсөн гэж тэрбээр хожим дурсан бичсэн нь бий.

Төв аймгийн Жаргалантын 10 жилийн дунд

сургуулийн 10-ын “А” ангийн сурагч Х.Цэдэв

Tsedeb 10 Jiliin zurag

Жаргалантын 10 жилийн дунд сургуульд суралцаж байхдаа орос хэлний олимпиадад хичээнгүйлэн оролцож, хоёр жил дараалан анги, сургуулийн аварга болжээ. Ийнхүү зөвхөн орос хэлний хичээлд онцгойроод зогссонгүй, 10-р ангийн улсын шалгалтанд бэлтгэж байхдаа хими, физикийн орос сурах бичгүүдийг ашигладаг болсон байна. Багш нар нь түүнд “Чи орос хэлний багш л болоорой, чи сайн багш болж чаднаа” хэмээн байнга захидаг болсон нь түүний авьяас чадварыг зөв зүйтэй олж харж, зохих ёсоор үнэлсэн хэрэг байлаа. Дунд сургуулийнхаа шалгалтуудыг амжилттай өгч, төвөөс ирсэн комисс хуваарь сонгуулахад Цэдэв хүү өчүүхэн төдий ч эргэлзэлгүйгээр УБДС-ийн орос хэлний багшийн ангийг сонголоо. 10-р ангид суралцаж байхдаа л:


“Баялаг сайхан орос хэлийг
Бахаа ханатал сурах юмсан.
Хэд гурван ном хөрвүүлэхсэн,
хэвлүүлэхсэн”   хэмээн  хүүхэд насныхаа дэврүүн сэтгэлээр шүлэглэж байсан түүний чин хүсэл ийнхүү биелэх замдаа оржээ.

Зав чөлөөгүй оюутны он жилүүд


Тэр үед их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг Улаанбаатар хотод сургууль сургууль дээрээ авдаг байлаа. УБДС-ийн орос хэлний ангид элсэхээр бүртгүүлсэн 100 гаруй хүүхдээс оноогоороо 7-д жагссанаа мэдээд Цэдэв хүү гайхалтай нь нэг их баярлаагүй, харин ч өөрийгөө жаахан чамлаж байсан гэдэг. Харин шалгалтын комиссын гишүүн С.Гадинжид багш дүнгийн хуудасны “тайлбар” гэсэн хэсэгт “Словарный запас достаточный, хорошо знает грамматику” /үгийн баялаг хангалттай, дүрмийн мэдлэг сайн/ гэж тэмдэглэснийг уншаад жаахан тайвширсан гэж Цэдэв багш хожим дурсан бичсэн байдаг. Дунд сургуульд байхаасаа л өөртөө өндөр шаардлага тавьж байсных нь илрэл энэ буюу.
Сурагчийн ширээнээс оюутны амьдралд шуудхан орж явчихсан ч, Цэдэв хүү нэг их ажрахгүй байлаа, учир нь дунд сургуульд сурч байхдаа л сурах арга барилыг сайн эзэмшсэн, Оросын алдарт зохиолч Н.А. Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” романыг хэд хэдэн удаа шимтэн уншиж, “Амьдрал ганцхан удаа заяагдана. Зорьсон зорилгогүй дэмий өнгөрүүлсэн он жилүүдээ бодон зовж шаналахгүйгээр амьдрах хэрэгтэй, ...үхэхийн цагт бүхий л амьдрал, хүч чадлаа энэ дэлхийн хамгийн сайн сайхны төлөө... зориулсан даа хэмээн хэлж чадахаар амьдрах хэрэгтэй ” гэсэн цогтой мөрүүдийг сурлага хөдөлмөрийнхөө уриа лоозон болгочихсон, тэгээд ч хүүхэд ахуй цагаасаа шимтэн сонирхож,  эргэлт буцалтгүй сонгосон дуртай мэргэжлээрээ элссэн болохоор хичнээн олон цагаар номын санд сууж, зарим шөнө нойр хоолгүй ажиллаж байсан ч үүнийгээ юман чинээ санадаггүй, зовж байна, ядарч байна хэмээн огтхон ч боддогүй байлаа. Өөр хуваарь олдоогүй учраас, эсвэл бусад ямар нэгэн шалтгаанаар орос хэлний ангийг сонгосон хүүхэд, жинхнээсээ шимтэн сонгосон хүүхэд хоёрын ялгаа ямар их байдгийг Цэдэв тэгэхэд их нарийн мэдэрсэн гэдэг.Орос хэлний салбарт  Вера Разуваева, Д. Цэнджав, Л. Даш, Л. Болд, С. Гадинжид, Г. Дашдондог гээд орос хэлийг унаган хэл лугаа адил эзэмшсэн, онолын болон заах аргын арвин их туршлагатай сайн сайн багш хичээл зааж байсан нь энэ хэлийг гадарлах төдий бус, “доторлох” хэмжээнд сурч авах хүсэл эрмэлзлэлийг нь улам бадрааж, эрдэмтэн багш нарынхаа итгэлийг дааж, сайн суралцаж, төгссөн хойноо сайн ажиллаж, төгссөн сургууль, багш нарынхаа нэр хүндийг өндөрт өргөж явна даа гэсэн оргилуун хүсэл зоригийг нь бадрааж байлаа. Сайн багшийн үлгэр дууриалал шавь нарт их нөлөөтэйг Цэдэв оюутан байхаасаа л мэдэрсэн байна. Тийм ч учраас Гадинжид багш шиг цэвэрхэн дуудлагатай ярьдаг, Баасандорж багш шиг дүрэм сайн мэддэг, Цэнджав багш шиг хөгжилтэй, хошин, оюутнуудыг өөртөө татаж чаддаг, Дашдондог багш шиг бүжигчин байхсан гэж мөрөөддөг байжээ. Оюутны он жилүүд тун ч завгүй хөвөрсөөр... Орос, зөвлөлтийн уран зохиолын сонгодог бүтээл маш их уншуулна. Сүүлд тооцож үзэхэд 200 гаруй зохиол уншсан байжээ. Зарим том номыг ганцхан өдрийн дотор унших тохиолдол энүүхэнд. Уншсанаа бичиж тэмдэглэнэ, шинэ үгсийг түүвэрлэн авч орчуулна, цээжилнэ. Яриа бичгийн дадлагын хичээлээр утгыг нь ярихад бэлтгэнэ. Үүний зэрэгцээ Ленин клубт оросын сонгодог зохиолчдын бүтээлээр хийсэн кинонуудыг 7 хоног бүр үзнэ. Хичээл тараад л тэр клубт шууд очно, дуртай ч гэж жигтэйхэн. Өлсөхийг бараг тоохгүй. Крантны ус  уучихаад л гүйгээд байна. Ингэлээ гээд ч муудсангүй. Цэдэв хүү анги удирдсан Вера багштайгаа их дотно, ирээдүйн амьдралаа ингэж зохиомоор байна, яавал сайн орчуулагч болох бол гэхчлэн бодож санаснаа огтхон ч нуулгүй, илэн далангүй ярьдаг, багш нь ч чин сэтгэлээсээ сонсож, зөвлөлгөө өгдөг байсан нь түүнийг ичихүйн саад гэгчээс ангижирахад ихээхэн тус болсон аж.  Мөн оросын уран зохиол, сурган – заах арга, гүн ухааны улсын шалгалтуудыг орос хэлээр өгөхөөр ангийн найз нар болох Баянхонгорын Б.Дааганбат, Ж.Мягмар хоёртойгоо ярилцан тохиролцож, орос сурах бичгүүд ашиглан хамтран бэлтгээд, амжилттай өгснөөр үл барам, шалгалтын комиссын гишүүд гайхан, хаана аравдугаар анги төгссөнийг нь асуун лавласан нь тэдэнд их урам өгсөн гэдэг. Х.Цэдэв хичээлийнхээ зэрэгцээ орчуулга сонирхон оролдож, сайн орчуулагч болох замаа оюутны ширээнээс эхэлсэн байна. Философийн багш нь байсан Л.Цэенбазар доктор түүнийг нэгэн удаа дуудаж, хоёулаа хамтарч философийн толь орчуулъя гэжээ. Дээд сургуулийн багшид тоогдож, толь бичиг орчуулна гэдэг баргийн оюутанд ирэх санал биш нь тодорхой билээ. Тэр хоёрын орчуулан хэвлүүлсэн толь олон үеийн оюутан залууст ширээний ном болон хэрэглэгдсэн нь бахархууштай. Түүний хэр чадалтай оюутан байсныг гэрчлэх бас нэгэн баримт намтарт нь хадгалагдан үлджээ. Юун хэмээвээс, түүнийг нэг өдөр эрдэмтэн Д.Цэнджав декан нь дуудаж “Чи өнөөдөр 16 цагт Элдэв-Очир кинотеатр дээр яваад оч, тэнд нэг үзэсгэлэнг орос хэлээр тайлбарлах юм, чи чадна биз дээ?” гэжээ. Орос хэл хэр зэрэг сурч байгаагаа нэг сорих юм сан гэх далдхан хүсэл нь оргилж явсан тул Цэдэв ч дуртайяа зөвшөөрчээ. Тэр  нь БНАСАУ-ын хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн байсан гэнэ. Нийслэлд байдаг гадаадын Элчин сайдын яамдын олон ажилтан ирчихсэн, оюутан байтугай олон жилийн туршлагатай орчуулагч ч сандарч тэвдэхээс өөр аргагүй байсан нь тодорхой.  Манай оюутан үзмэрүүдийн монгол тайлбарыг нь хараад л шууд нэг захаас нь эхлээд орчуулж гарчээ. Тэгтэл түүнийг солонгос хүн гэж бодсон бололтой, Солонгос улсын хөгжил цэцэглэлтийн тухай тоо баримтуудыг асуугаад болдоггүй гэнэ. Оюутан Цэдэв ч сүүлдээ агаа бараад “Би монгол хүн” гэж хэлж байж тийм төрлийн асуултаас арай гэж нэг салсан байна. Тухайн үед манай улсад ажиллаж байсан гадаадын бүх хүн өөр хоорондоо зөвхөн орос хэлээр харилцдаг байсан учир манай улсад орос хэлийг сайн эзэмшсэн дипломатуудаа томилон ирүүлдэг байсан гэдэг. Тэдэнд орчуулга хийнэ, тоогдоно, орчуулга хийгээд ямар нэгэн шүүмжлэлгүй сална гэдэг оюутанд байтугай их дээд сургуулийн багш нарт ч хэцүүхэн даваа шүү. Тийм давааг ажрахгүй сайн давсан нь хожмын он жилүүдэд мэдлэгийн олон салбарын ном зохиол, тэдгээрийн дотор шүлэг яруу найргийн хэд хэдэн бүтээлийг орос хэлнээс орчуулах нөр их ажлынх нь сайн гараа болж өгсөн нь лавтай билээ.

Ажил аjavascript:;мьдралын босгыг алхаж

Алтай нутгийг зорьсон нь


Оюутны он жилүүд нэг л мэдэхэд харван өнгөрч, зургаан улсын шалгалтыг онцсайн дүнтэй өгч, дээд боловсролын диплом, энгэрийн тэмдгээ гардан аваад, төрсөн нутагтаа очиж, ээж, дүү нараараа ч “мялаалгаж” завдалгүй, 1972 оны 7-р сарын 4-ний нарлаг сайхан нэгэн өдөр “Зил-130” хөлөглөн Алтай хотыг зорих нь тэр. Их дээд сургууль төгсөгчдийг төр засгийн бодлогоор хөдөө орон нутагт хуваарилан ажиллуулдаг байсан үе болохоор яалтай ч билээ.Янз бүрийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн үе тэнгийн олон залуус машины тэвшин дээр шахцалдан суугаагаа ч үл хайхран, хөгжилтэй, наргиантай яриа хөөрөө дэлгэн, ирээдүйн амьдралаа зөгнөн баяр хөөртэй явна. Үе үе сайхан дуулалдана, үе үе нам гүмхэн болно. Аль сумын ямар сургуульд хуваарилагдах бол, аймгийн төвд үлдэж чадах болов уу, эсвэл захын суманд очих болов уу гэх зэрэг түмэн эхт бодол хүн бүрийн сэтгэлийг гижигдэнэ. Харин Цэдэв багшийн толгойд төгсөхийнх нь өмнөхөн Боловсролын яамны орос хэлний заах аргач – мэргэжилтэн, эрдэмтэн В. Шодорова гуайн оюутнуудтай хийсэн тэр нэгэн уулзалт байн байн эргэлдэх ажээ. Ялангуяа тэр эрдэмтний захиж хэлсэн “Заах аргын асуудлуудыг байнга сонирхож яваарай. Та нарын сайн багш болох эсэх эндээс л үүдэлтэй” гэсэн сургааль үгс их л учиртай санагдана. Сайн багш байна гэдэг мэргэжлээ гүн гүнзгий эзэмшихийн зэрэгцээ заах аргыг их нарийн, уйгагүй, тасралтгүй судлах, хүүхдэд хайртай, тэднийг ойлгодог, хэрэгцээ шаардлага, сонирхлыг нь сайтар мэдэж, ойр дотно ажиллахыг л хэлнэ шүү хэмээн сургасан шүү. Ер нь багш болоод ийм л чиг шугамыг барих хэрэгтэй юм байна гэсэн бодол залуу багшийн сэтгэлийг хөдөлгөж, ирээдүйн амьдралынх нь луужин болон гэрэлтэх шиг болсон гэдэг.Ийнхүү дөрвөн өдөр, дөрвөн шөнө довтолгосоор Алтай хотод хүрч, Хөхморьт сумын дунд сургуульд хуварилагдав.  Алтайд илгээсэн энэхүү томилолт түүнийг тэтгэвэрт гартал нь үргэлжлэнэ,  Боржгонын бор тал нутгийн хүү энэ их сүрлэг Алтай нутагт идээшин дасч, ажил амьдралын жинхэнэ талбараа олно, улмаар хэзээ нэгэн цагт Монголын Алтай төдийгүй, Их Алтай хэмээх Монгол, Орос, Хятад, Казахстаны Алтайг хамарсан “Алтай бидний нийтийн гэр” Олон улсын зохицуулах зөвлөлийг байгуулахад гар бие оролцоно гэдгийг тэрхэн үед бяцхан хөвгүүн Х.Цэдэв төсөөлөө ч үгүй билээ. Хэдийгээр хөдөө төрж өссөн боловч, хот газрын соёлт орчинд дасаад амжсан Цэдэв багшийг суут Д.Нацагдоржийн “Хуучин хүү” алдарт өгүүллэгийн танил мөрүүдийг санагдуулам орчин угтсан нь мэдээж хэрэг бөлгөө. Угаас уран зохиол сонирхон оролддог, шүлэг бичдэг авьяаслаг нэгэн тул түүний толгойд “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж, хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд, дөрвөн зүг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лугхийм халуун гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна” гэх уран зураг лугаа мөрүүд үе үе санагдаж байлаа. Гэхдээ энэ бол хөдөө нутгийг чамласан бассан, голсон шилсэн хэрэг огтхон ч биш байлаа. Харин ч дээд сургуульд мэдсэн сурснаа сурагч багачуулд шамдан эзэмшүүлж, хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих ажилд ханцуй шамлан орж, хот, хөдөөгийн ялгааг арилгах үйлсэд жинхэнэ хувь нэмрээ оруулахад уриалан дуудсан гэвэл үнэнд илүүтэйгээр нийцэх билээ.Шодорова багшийн сургамжлан захисны дагуу заах аргын асуудлуудыг шимтэн сонирхох болж, “Сурган хүмүүжүүлэгч”, “Хүүхдийн хүмүүжил”, “Русский язык за рубежом”, “Иностранные языки в школе”, “Русский язык в школе” зэрэг заах арга зүй, боловсрол судлалын сэтгүүлүүдийг байнга захиалдан ашиглав. Эндээс шинэ соргог бүхнийг олж авдаг байлаа. ”Роман-газета” сэтгүүл жилд 24 дугаар гарна. Оросын шилдэг зохиолчдын шинэ шинэ роман, тууж нийтлэгдэнэ, өөрт сонирхолтой бүхнийг уншина. Гадаад хэвлэлтэй ажиллах нь гадаад хэлний багшийн, ялангуа хөдөөгийн багш нарын бие даан мэргэжил дээшлүүлэх шилдэг арга мөн болохыг ухаарлаа. Сургуулийн ажил эх адаггүй үргэлжилнэ. Анги даана. Өдөр бүр л 6 цагийн хичээлтэй. Энэ үед сургалтын шинэ тогтолцоонд шилжиж байлаа. Оросхэлний сурах бичиг төдий л гарч амжаагүй учир сургалтын хөтөлбөрийн дагуу хичээл бүрээ төлөвлөж конспектийг хичээнгүйлэн бичнэ. Бүхий л сургалтын материалаа өөрөө бэлтгэнэ. Бичвэрүүдийг зохионо. Хичээлийн эрхлэгчээр батлуулна. Сурагчдын эцэг эхчүүдтэй уулзана. Сурагч бүрт зан чанарын тодорхойлолт бичнэ. Орос хэлний кабинет шинээр байгууллаа. Аймгийн хэмжээнд Х. Цэдэвийн туршлага гэхчлэн яригдаж эхлэв. Үзүүлэн, тараах материалыг өөрийн гараар хийнэ. Бийрээр муугүй бичдэг, мод харуулдах хөрөөдөхдөө дөртэй нэгэн байлаа. Төрийн яамд, олон нийтийн төв байгууллагуудын Соёлжилтийн үзлэг гэгч нүсэр, дуулиант ажил аймаг, сумдад явагддаг байлаа. Гэрийнхээ унь, багана, авдар савыг цоохорлохоос эхлээд, хүүхдийн булан хүртэл хийнэ. Энэ бүхнээс залуу сэхээтэн яахан хоцрох билээ. 1974 онд ийм үзлэг Хөхморьт суманд болж Цэдэв багшийг АБЯ-ны баярын бичгээр шагнав.Эхэндээ гадаад хэвлэлээс сонирхолтой өгүүллэг, мэдээ материал орчуулан төвийн хэвлэлд нийтлүүлдэг байснаа төд удалгүй орос хэлний хичээлээр хүүхдийг хүмүүжүүлэх, сурагчдын орос хэлний үгийн нөөцийг нэмэгдүүлэх арга зам зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний чиглэлтэй илтгэл, өгүүлэл бичих болж, нийслэл хотноо болдог Сурган хүмүүжүүлэх төв уншлагад аймгаасаа шалгарч 3 удаа оролцов. 1976, 1978, 1981 онд улсад шагналт болон II, III байр эзэллээ. Эдгээр нь цаашдаа эрдэм судлалын ажил хийх сайн суурь болж өгчээ. 1978 онд Баян-Уул сумын 10 жилийн дунд сургуульд дэвшин ажиллав. Ажлынхаа зэрэгцээ аймаг орон нутгийнхаа, заримдаа төвийн хэвлэлд нэлээд идэвхитэй бичих болов. 1978 онд “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүлийн, 1979 онд “Пионерийн үнэн” сонины оны шагнал авч, “Алтайн хөгжил” (Говь-Алтай), “Хөдөлмөр”, “Ховдын мэдээ”, “Ховдын толь” (Ховд) сонины идэвхтэн сурвалжлагч боллоо. 2005 онд МСНЭ-д элсч, “Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөр (2006-2015) баараггүй сайн болж чадсан уу?”, “Орчин үе, бүс нутаг, боловсрол” зэрэг нийтлэлээрээ 2007 онд “Ган үзэгтэн” цол, тэмдгээр шагнагдав. Тэр үед сургуулиудыг кабинетийн тогтолцоонд шилжүүлэх ажил ид хүчээ авч багш нар ур ухаанаа уралдуулж эхэлжээ. Цэдэв багш Эрхүү хотноо мэргэжил дээшлүүлж байхдаа тус хотын 24-р сургуулийн орос хэлний кабинетын ерөнхий загварыг зурж тэмдэглэж ирсэн нь хэрэг болж, гурван сар шахам ажиллаж байж орос хэлний шинэ кабинет байгууллаа. Тэр үеэр оросхэлний кабинетийн улсын уралдаан ч зарлагдсан байлаа. Тэрхүү уралдаанд түүний кабинет улсад 1-р байр эзлэж, сум, аймгийнхаа нэрийг улсад мандуулаад авав.Ийнхүү сургалт, хүмүүжил, урлаг, спортын талаар сум, аймаг, улсдаа тоогдохоор гайгүй сайн ажиллаж байгаа боловч, эрдэм шинжилгээний ажил хийх нэгэн үзүүрт хүсэл зориг санааны мухраас ер салахгүй байлаа. Энэхүү хүслээ биелүүлэх зорилгоор Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний эчнээ ажилтнаар бүртгүүллээ. Бие дааж гадаад хэл сурахын үлгэр жишээг Монгол эх орон даяар яруу тод харуулсан, туйлын эгэл даруухан, ЕБДС-ийн сурагчдыг оросхэлний хичээлээр сонсож ойлгуулахад чиглэсэн судалгааг дагнан хийж туршилтууд тавьж байсан Батчулуун багштай танилцаж, гадаад хэлэнд сургахад чиглэсэн судалгааны ажил хэрхэн хийх, шинжлэх ухааны судалгааны ажлын арга зүйн талаар зөвлөлгөө сургамж авч эхлэв.

Хөдөөгийн ууган дээд сургуульд

дэвшин ажилласан нь


1983 оны намар баруун 5 аймгийн орос хэлний багш нарын бүсийн зөвлөлгөөнд оролцож явахад нь Ховдын багшийн дээд сургуулийн ректор, профессор Н.Жадамба багш түүнд “Манай сургуульд ирж багшлаач” гэсэн санал тавьснаар унаган нутаг усаа бараадах юм сан гэсэн далд хүслээ үл харгалзан, аймгийн намын хороо түүнийг шилжүүлэхгүй гэж удаан хугацагаар татгалзаж, саад тотгор болсныг ч даван туулж, сэтгэл шулуудан Ховдын хүн боллоо.Дээд сургуулийн  багш байх эрхэм үүргийг нэр төртэй авч явах, хэзээ ч унтралгүй, цаг ямагт гялалзаж, бадарч явах, бусдад өчүүхэн ч атугай гэрэл гэгээ цацруулан нөлөөлж явах юм сан гэсэн чин эрмэлзлэлээр жигүүрлэсэн, нөр их ажлын он жилүүд эхлэв. Мэргэжлийн дагуу гардаг орос, монгол хэвлэлүүдийг байнга ашиглана. Монголын  “Боловсрол судлал”, “Гадаад хэл заах арга зүй” зэрэг сэтгүүл, “Багш”, сонин, оросын “Педагогика”, “Высшее образование в России” сэтгүүлүүдийг сургуульдаа захиалан ашиглана. Хичээн зүтгэсний үр дүнд 1985 оны социалист уралдаанд 2-р байр эзлэн, сургуулийнхаа хүндэт самбарт зураг нь тавигдаж, мөн онд оюутнуудын орос хэлний улсын шалгалтын дүнгээр нь үнэлж хичээл заасан багш шалгаруулах болзолт уралдаанд тэргүүн байр, 1986 оны социалист уралдаанд 3-р байр, 1988 онд 3-р байр, 1989 онд тэргүүний лектор багш шалгаруулах уралдаанд 3-р байрыг тус тус эзэллээ. 2005 онд “Гадаад хэл заах арга зүй”, 2008 онд “Боловсрол судлал” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн болж, 2005 онд Монгол улсын Боловсролын шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүнээр сонгогдов Сургуулийн хүндэт самбарт зураг нь дахин залрав.1994 онд ректор нь түүнд үүрэг өгч, БНХАУ-ын Шинжиан Уйгарын өөртөө засах орны нийслэл - Урумч хотын Монгол багшийн сургуульд орос хэлний багшаар 2 жил гаруй ажиллуулав. 1996 оны эхээр Ховдын Багшийн дээд сургуульдаа эргэн ирж, эрдэм судлалын ажилдаа эрчимтэйхэн орж явчихав. “Гадаад хэлний хичээлээр мэргэжлийн үгсийн санг нэмэгдүүлэх арга зам (Биологийн ангийн оюутнуудад орос хэл заах жишээн дээр)” хэмээн сэдвээ тодорхойлоод, шуудхан л оросоор бичиж гарлаа. 1997 оны намар Батчулуун багш нь Улаанбаатар явах 7 хоногийн томилолт өгснөөр нийслэл хотноо эрдмийн зэрэг хамгаалах зохиолоо танилцуулах боломж бүрдэв. Гэгээрлийн сайдын 1997 оны 12-р 19-ний өдрийн 344 дугаар тушаалаар дэд докторын зэрэг горилогчоор батлагдав. Хүмүүнлэгийн их сургууль дээр болсон хэлний эрдэмтдийн их семинарт ажлаа танилцуулав. Гүн ухаан, гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлүүдэд сууж дэд эрдэмтний зэрэг горилох болзлын шалгалт өгч тэнцлээ. 1998 оны цагаан сарын дараахан Боловсрол судлалаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлөөр  урьдчилсан хамгаалалтад орж сайшаагдав. Ингээд 1998 оны 5-р сарын 23-нд жинхэнэ хамгаалалтад орж, сурган хүмүүжүүлэх ухааны дэд эрдэмтэн хэмээх эрхэм хүндтэй эрдмийн зэргийн эзэн болов. Ийнхүү Цэдэв багш маань ердөө хоёрхон удаагийн хот явалтаар доктор хамгаалах ажлаа амжуулжээ. Он удаан жил “гал тогоо”-нд нь нухлагдан, чимхлүүр нарийн ширийн ажлыг нь чин сэтгэлээсээ, уйгагүй хийсэн болохоор жинхэнэ хамгаалах ёслол нь ийнхүү төвөгүй бүтсэн ажгуу.


Эрдэм шинжилгээний ажлын удирдагч

доктор Г.Даваасамбуугийн хамт

Улаанбаатар, 1997 он.


2001 оны эхээр Ховд их сургуульд эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлын орон тоо шинээр батлагдаж, Х.Цэдэв докторыг энэ албанд томилов. Сургуулийн судалгаа шинжилгээний ажлыг удирдан зангидах, багш, оюутны жил бүрийн хийгээд цаг үеийн эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл, гадаад харилцааны бүхий л асуудлууд: гадаад дотоодын багш оюутнуудыг урих, тэдний байр сууцыг зохицуулах, цаг хугацаанд нь бүртгүүлэх, гадаад дотоодын харилцаат сургуулиудад албан бичиг төлөвлөх гээд л маш олон  ажил түүнээс хамаарах болов. Энэ үед Ховд их сургууль  гадаадын 30 шахам сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын 10 гаруй байгууллагатай холбоотой ажиллаж байлаа. Ажил мундахгүй, зөвхөн цахим шуудангаа шалгаж, хариу өгөхөд л үдээс өмнөх хугацаа хүрэлцдэггүй шахам байжээ. Эрдэмтэн багш нарт эрдмийн цол олгох ажил илт дутагдаж байгааг мэдэрч, яамны зааврыг баримтлан, өөрийн сургуулийн онцлогийг харгалзсан шинэ журам боловсруулж Эрдмийн зөвлөлөөр батлуулан мөрдөж эхэлсэн нь нүдээ олсон ажил болж, ХИС-ийн профессорын №1 үнэмлэхийг тус сургуулийн ууган эрдэмтэн Дагдангийн Батчулуунд гардуулав.Ийнхүү алс баруун хязгаар – Алтай нутагт 37 жил ажиллаад 2009 оны намар нийслэл хотод шилжин ирж, хувь, хувьсгалын сургуулиуд ирж ажиллахыг санал болгосон хэдий ч “Соёмбо принтинг” хэвлэлийн газарт орчуулагч – редакторын ажилд орлоо. Энэ нь ч бас учиртай. Орчуулагч болж, “хэд гурван ном хөрвүүлэхсэн, хэвлүүлэхсэн” хэмээх багынх нь хүсэл түүнийг дийлжээ.  Эл бяцхан нийтлэлийн эхэнд дурьдсанчлан Х.Цэдэв докторын ажил амьдрал, бүтээл туурвилын тухай бүрэн дүүрэн бичнэ гэвэл нэлээд том ном болно. Сонины талбай хязгаартай тул үүгээр товчлохоос өөр аргагүй. Баруун Монгол судлал, Алтай судлалаар туурвисан ажил, орчуулгын болон яруу найргийн бүтээл туурвилын талаар энд өгүүлж чадсангүй. Товчлон хэлбээс Х.Цэдэв доктор нэг сэдэвт зохиол 4 (2-ийг нь оросын эрдэмтэдтэй хамтран бичсэн), эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл 160 гаруй, ном 3, сурах бичиг, гарын авлага 15-ыг зохион хэвлүүлж, 50 гаруй ном зохиолыг ариутган шүүж, 16 магистрын ажлыг удирдан хамгалуулж, 13 магистр, 5 доктор (үүнээс 3 нь оросын) -ын ажилд шүүмж бичсэний зэрэгцээ В.А.Сухомлинскийн сонгодог бүтээлийн 2-р ботийн 2-р бүлэг, Е.И. Кычановын “Галдан бошгот хааны тухай хүүрнэл” (Р. Батдэлгэрийн хамт), А.Солженицыний “Хуурамчаар амьдарч чадахгүй”, “Болдог юм болдгоороо” (өгүүллэг), Агата Кристи “Галын наадмаар гарсан хэрэг” тууж, А.В. Иванов, И.В. Фотиева, М.Ю. Шишин нарын “Ёс суртахуун – оюун ухаант мандлын соёл иргэншил: үндэслэл, хэтийн төлөв” зэргийг орчуулан нийтийн хүртээл болгосон нь чухамдаа л нэгэн биед ахадсан гэмээр нөр их хөдөлмөр юм. Тэрээр өдгөө орчуулгын их ажлынхаа зэрэгцээ орос хэлний багш мэргэжил олгосон МУБИС-тайгаа байнгын холбоотой байж, магистрантуудын эрдэм шинжилгээний ажил удирдсаар, эрдэмтэй шавь төрүүлэх буянтай үйл хэргээ үргэлжлүүлсээр явна.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ