Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн ойрдыг тойрсон олон талын маргаан мэтгэлцээн өрнөсөөр ирсэний нэг нь тус ордын стратегийн ач холобгдолтой орд газрын жагсаалтад оруулж, төрийн анхааралд авах ёстой гэсэн зарим талуудын санал юм. Энэ санал бүүр 2007 оны үеэс эрчимтэй тавигдаж ирсэн ч эрх баригчид хүлээж авалгүйгээр өдий хүрсэн. Амлалт нэхэх ард түмний холбооноос энэ удаад эл асуудлыг дахин сөхөж, УИХ-ын даргын нэр дээр шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь нийтлэж байна.
Шаардлага хүргүүлэх тухай
Нүүрсний чанараараа Таван толгойгоос ч илүү хэмээн БНХАУ, Хонконгийн уул уурхайн мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн орд газрыг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани эзэмшиж байгаа. Тэд энэ газарт эзэн сууж, баялгийг нь БНХАУ руу зөөх бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орж, Хөшөөтөөс хил хүртэл 340 км авто зам тавилаа. Хөшөөтийн нүүрсийг ачаад хилээр гарах машинууд ч аль хэдийн бэлэн болж, хэдэн зуугаараа жагслаа. Яг энэ үед Хөшөөтийн нүүрс хэний өмч вэ гэдгийг тодруулах зайлшгүй шаардлага гараад байна. Энэ үүднээс бид Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт оруулах шаардлагыг хүргүүлж байна.
Хөшөөтийн уурхайг стратегийн орд газарт оруулах үндэслэлүүд:
Үндэслэл 1:2007 онд УИХ Стратегийн ордын жагсаалтыг батлахад Хөшөөтийг энэ жагсаалтад оруулаагүй. Харин Хөшөөтөөс бага нөөцтэй “Баян тээг”, “Нүүрс Хотгор” гэх ордууд энэ үед тэрхүү жагсаалтад орсон байдаг. Энэ нь Хөшөөтийг сугалж үлдээх сонирхол хэн нэгэнд байсныг илтгэж байна. Тиймээс Хөшөөтийг стратегийн орд газарт оруулах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага бий.
Үндэслэл 2: Хөшөөтийн орд газарт анх улсын төсвийн хайгуул хийж Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцийг 23,5 сая тонноор тогтоосон. Ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн нь Хөшөөтийг стратегийн орд газарт оруулах үндэслэл юм.
Үндэслэл 3:Монгол Улсын “Ашигт малтмалын тухай” хуулийн 4.1.11-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ” гэж заасан байна. Хонконгийн шинжээч Тимоти Квайн Хөшөөтийн уурхайгаас жилд 1 тэрбум ам долларын борлуулалт хийж, 240 сая ам долларын ашиг олох боломжтой гэдгийг тогтоожээ. Иймээс Хөшөөт Монгол улсын эдийн засгийн, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний орд гэдэг нь харагдаж байна.
Үндэслэл 4: Хөшөөтийн уурхайг эзэмшиж байгаа”Мо Эн Ко” компанийнхан орд газрын нийт баялгийг албан ёсны сайтдаа 460 сая тонн гэж мэдээлсэн ба Хонконгийн хөрөнгийн бирж дээрх танилцуулгадаа 2,5-4,5 тэрбум тонн гэх мэдээлэл гаргасан боловч Монголын талд нөөцийг 85,7 сая тонн гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн 2007 оны хайгуулын үр дүн. 2008, 2009, 2010 онуудад ч мөн хайгуул хийгдсэн ба энэ талаар мэдээлэхгүй байгаагаар зогсохгүй лицензтэй газраа сунгаж авах стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд оруулахгүйн тулд орд газрыг бассейных нь хэмжээгээр нөөцийг тогтоох бус хэсэгчилсэн хайгуулын үр дүнгээр ашиглалтын лиценз өгч байгаа нь монгол улсын эрх ашигт сөргөөр нөлөөлж байна. Эдгээр баримтууд хөшөөтийг стратегийн ач холбогдолтой орд газар гэдгийг батлахгүй байна гэж үү?
Үндэслэл 5: “Мо Эн Ко” компанийнхан бүртгүүлсэн нөөцдөө үндэслэн Хөшөөтийн уурхайг ил аргаар ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг жилд найман сая тонн, улмаар 13 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай хэмээн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Монголын төдийгүй дэлхийн хэмжээний орд болох нь батлагдаад байгаа Таван толгойн ордоос жилд 30 сая тоннын нүүрс олборлохоор болсон. Үүнээс үзэхэд Хөшөөт Тавантолгойн дараа орох томоохон орд газар. 2010 онд УИХ-ын гишүүн З.Энхболд Хөшөөтийн уурхайн талаар асуулга явуулж, тэр үеэр салбарын яамдын төлөөлөл, УИХ-ын нэр бүхий гишүүд Хөшөөтийг стратегийн орд газрын жагсаалтанд оруулахыг дэмжиж байсан. Ийм атал бид Хөшөөтийг орон нутгийн жижиг уурхай мэтээр төсөөлж, хөсөр хаях учиргүй.
Бид хөшөөтийн орд газрыг ашиглахыг эсэргүүцэж байгаа бус ордын тодорхой хувийг Монголын төр, Монголын ард түмэн эзэмших учиртай гэсэн байр сууринаас хандаж байна.
Ховд нутгаас төрөн гарч, УИХ-д Ховдчуудыг төлөөлж байгаагийнхаа хувьд энэ асуудалд нухацтай хандан дэмжиж, уг ордыг стратегийн орд газрын жагсаалтанд оруулах талаар санаачлага гарган ажиллахыг шаардаж байна.Хөшөөтийн ордыг стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтанд оруулахыг дэмжиж байгаа эсэхээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд нээлттэй, ил тод мэдэгдэнэ үү.
АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Д.БАТЦОГТ