Download Firefox
Download Firefox

Thursday, Mar 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Хөдөлмөр бүтээлийн эвийн залгамж, “алтан гинж”-ийг дархлагч

Хөдөлмөр бүтээлийн эвийн залгамж, “алтан гинж”-ийг дархлагч

Ховд аймгийн Хөгжил МСҮТ нь 2010-2011 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон ажиллаж байна. 

2010 онд Монголын мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсрол, сургалтын төслөөс зарлагдсан “Өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөр-II”-т оролцож шалгаран, “Тэргүүн туршлагыг хөгжүүлэх дэлгэрүүлэхийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд “Мэргэжлийн сургалтын багшийг чадавхжуулах” /45.0 мянган $ санхүүжилт бүхий  “Багшийн хөгжил“/ төслийг хэрэгжүүлж байгаа юм.. 

Энэ төслийн хүрээнд багшийн ажил эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтууд явуулах бөгөөд багшаа хөгжүүлж, ур чадварыг нь сайжруулах замаар “МСҮТ-ийн багшийг чадавхжуулах загвар хөтөлбөр”-тэй болох зэрэг чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллах болсоор хагас жилийн нүүрийг үзэв. Энэ хүрээнд явагдаж байгаа гол ажлын нэг бол туршлага, ур чавдар сайтай багш нарынхаа арга ажиллагаа, үйлс мөрийн тухай багш, сурагчид оюутнууд болон олон нийтэд түгээн сурталчилж, түүнээс суралцах боломжийг нь нээж өгөх явдал бөгөөд энэ талаараа “Ховдын толь” сонин, /www.tsahim-tli.mn/-тэй хамтран ажиллаж мэдээлэл нийтлэлүүдийг уншигч олны хүртээл болгохыг зорьсон юм.

Энэ удаад бид Хөгжил сургууль болон МСҮТ-д гагнуурын мэргэжлийн  багшаар  23 дахь жилдээ ажиллаж байгаа заах арга,  ур чадварын өндөр мэдлэгтэй, орчин үеийн сургалтын арга барилыг эзэмшсэн тэргүүний багш А.Очиртогтохын ажлын   арга туршлага, давуу чанаруудаас бусдад дуурайл болгон дэлгэрүүлэхийг   хичээлээ. 

А.Очиртогтох багш ажиллах хугацаандаа 14 удаагийн  төгсгөлт хийж, одоо Барилгын Сантехникийн засвар - Гагнуурчны 2-р ангийг дааж аван ажиллаж байна. Тэр шавь нарынхаа  биеэ даан ажиллах чадварыг хөгжүүлэхийг ихэд эрхэмлэнэ.  Шавь нараа амьдралын  ухаантай, сурах ажиллах арга барилын талаар анхны чиг баримжаатай болгохын тулд оюутан нэг бүртэй  тулж  ажиллана. Ингээд оюутан нэг бүрийнхээ онцлогийг судлаж, ямар арга замаар хөгжүүлэх боломжтойг тус бүрд нь мэдсэнийнхээ дараа дурьдсанчилан аль болох бие даалган ажиллуулж сургахыг чухалчилах ба тэр бүрийд ажиглалт хийж, шаардлагатай зүйл дээр зөвлөж, зааж туслан чиглүүлээд өгчихөнө.  Ийнхүү сургах арга барилын талаар өөрийн гэсэн өвөрмөц туршлагатай болохоор нь оюутнууд, залуу багш нар түүнийг их хүндэтгэнэ. Шавь нар нь багш шигээ нягт нямбай, ажилч хичээнгүй  хөдөлмөрч болохыг хичээж, багшаа дуурайн аливаа ажилд идэвхтэй оролцохоос гадна багшийнхаа эзгүйд ч нэгдэн ажиллаж, мэргэжлийн болон бусад төрлийн уралдаан тэмцээнд амжилт гаргах нь олонтаа.  

Шавь нар эзэмшиж буй мэргэжилдээ дур сонирхолтой, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг болдог нь түүний биеэр үлгэрлэх чанарын үр нөлөө юм хэмээн сургуулийн багш нар хамтран ажилладаг байгууллагынхан үнэлцгээнэ.  А.Очиртогтох багшийн дааж, төгсгөсөн оюутнууд бараг бүгд ажлын байртай болчихно.  

“Хөгжил” МСҮТ-д гагнуурын мэргэжлийг сонгон  эзэмшихээр ирсэн суралцагчдад эхний хичээлээ орохдоо л тухайн мэргэжлийн давуу талыг ойлгуулахыг хичээж, улс эх орондоо их бүтээн байгуулалт өрнүүлж, алдар гавьяагаа дуурсган, олны танил болсон  гавъяат барилгачид, гагнуурчдын талаар сонирхолтой яриа дэлгэнэ. Дэлхийд төмөр ашиглаж байгаа цагт гагнуурчны мэргэжил эрэлт хэрэгцээтэй хэвээр байна гэдгийг байнга тайлбарлах нь оюутнуудад их итгэл төрүүлдэг гэдэг. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийн тухай танилцуулж оюутнуудаа шинэлэг мэдээллээр хангахын тулд хичээл болгон дээр тодорхой цагийг энэ сэдэвт зориулах ба шинэ техник технологийг хэрхэн эзэмшиж буй талаар бодит амьдралын жишээ сургамжаас иш татахыг илүүд үзнэ. Мэргэжлээ сайн эзэмшвэл  төгсөж гараад үйлдвэр аж ахуйн талбарт цалин хөлсний хувьд өндөр үнэлэмжтэй ажиллах, ирээдүйд амьдрал ахуйгаа дээшлүүлж сайхан амьдрах гол нөхцөл нь болно гэдгийг амьдралын энгийн жишээ,  арга ухаанаар А.Очиртогтох  багш хүүхдүүдээ ойлгуулдаг нь арга барилынх нь бас нэг онцлог юм.  

Тэрээр ээлжит хичээлээ төлөвлөхдөө өөрийн ажил амьдралын  туршлагадаа тулгуурлан, зах зээлд ажил олгогчдын онцлогт тохирсон, өндөр чадамжтай гарын мэдрэмжтэй, зах зээлийн эрэлтэд нийцсэн гагнуурчин бэлтгэхийн тулд онол дадлагыг зөв хослуулж, хүүхэд бүрийн хувийн онцлогт тулгуурлан, тохирсон арга барилыг барьж ажиллах ёстой шүү гэж үргэлж өөртэй хэлдэг тухайгаа нэгэнтээ ярьсан байдаг.

Үйлдвэр сургалтын дадлагын хичээлийг явуулахад эхлээд багш өөрөө биечлэн үлгэрлэж, хүүхдийн атаархал, сурах хүсэл эрмэлзэлийг өдөөж, сонирхол  төрүүлэхээр гагнуур хийж үзүүлэх хэрэгтэй гэж бас ярина. Тоног төхөөрөмж, машин механизмтай зөв боловсон харьцах, аваар осолгүй ажиллах, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл энх байж, сайн сайхан амьдрах талаар байнга сургамжлан зөвлөж байх.

Хүүхдүүд бие даан ажиллаж, ажилдаа зүгширч дадаж эхлэх үед нь аль болох шалгаж, хянахгүйгээр орхиж ажиглах нь түүний хувьд чухал. Учир нь энэ үед хүүхдийн анхаарлыг өөр зүйлд хандуулж оргилж буй идэвх сонирхлыг нь сулруулахаас зайлсхийх хэрэгтэй ажээ. Хэсэг хугацааны дараа эргээд шалгахдаа хийсэн зүйл дээр нь анализ хийж, технологи, арга ажиллагааны тухай ололттой, бас дутагдалтай ямар зүйл байсан талаар зөвлөгөө өгнө. Үүний дараа хүүхэд бүрийг даалгавар гүйцэтгэх чадвараар нь ангилан, хэд хэдэн багт хувааж, хийх ажлыг нь хуваарилж өгнө. Нэг үгээр хэлбэл хоцорсон суралцагчдыг бусдынх нь дунд байлгаж, өөрт нь тохирсон түвшний даалгавар гүйцэтгүүлэн, түвшинг нь аажмаар ахиулах арга барилаар сургадаг нь үр дүнгээ өгдөг байна.

Хичээлийн бус цагаар захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцдаа эзэмших ёстой чадвар дадлыг эзэмшиж чадалгүй хоцорсон суралцагчдыг өөрөө дагуулан ажиллана.

А.Очиртогтох бол шавь нартаа болоод бусдад үлгэрлэх эрхэм чанар, өндөр ур чадвартай багш гэдгийг гаргасан амжилтууд нь бэлээхэн гэрчилнэ. Тодруулбал 2008 онд онд МСҮТ-дийн дунд зохиогддог ажил мэргэжлийн “УЛСЫН УРАЛДААН”-д “Дөрвөлжин төмөр матагч ” бүтээлээрээ оролцож, “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарч  2-р байр, 2010 онд БСШУ-ы яамны “Жуух бичиг”-ээр, 2011 онд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр шагнагдсан. Харин  анги хамт олон нь 2009, 2010 оны сургуулийн тэргүүний хамт олон болохын зэрэгцээ шавь Б.Амартүвшин 2010 оны Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-аар шагнагдаж, аймгийн тэргүүний оюутан болсон юм.

МСҮТ – ыг байгуулагдан ажилласнаас хойш А.Очиртогтох багш 90 гаруй оюутан, гагнуурын мэргэжлээр сургаснаас гадна төрөлжсөн сургалттай ерөнхий сургалтаар 250 гаруй суралцагчдад гагнуурын анхан шатны мэдлэг дадал олгож, Нийгмийн Халамж Үйлчилгээний Төвтэй хамтран ажилгүй иргэдэд жил бүр 2 удаа 45 хоногийн түр сургалт явуулсан ба нийтдээ 450 гаруй төгсөгчдөд гагнуурчны мэргэжил    эзэмшүүлжээ.

Түүний төгсгөсөн шавь нараас хувиараа болон аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газруудад амжилттай сайн ажиллаж  байгаа зарим жишээг дурьдаж болно. Тухайлбал: Ховд аймгийн  “Шим Ус” ХХК-ны гагнуурчин түүний шавь  Б. Аззаяа нь 2005 онд ажил мэргэжлийн улсын уралдаанд оролцож тэргүүлэн, алтан медаль, шавь  Ц.Хасбаатар, Д.Бат-Эрдэнэ нар барилгын  “Ховдын Тулга”ХХК-д ажиллан аймгийн тэргүүний гагнуурчин болсон бол 2009 оны төгсөгч Ч.Мөнхтулга, Х.Тулга, Тайванболд нар Улаанбаатар хотод Монголын инженерүүдийн (Mongolian engineering constraction-MEC) ХХК-д гагнуурчин,  2010 оны төгсөгч Б. Галбадрах, Э.Өлзийбаяр нар Ховдын “Бадамлах дөл” ХХК-д гагнуурчны үндсэн орон тоон дээр ажиллаж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал 90 хувьтай  байгаа нь  Очиртогтох багш хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан мэргэжилтэй ажилчин бэлтгэж чадаж байгаагийн бодит илрэл болж байна.

Эх орны хөгжилд чанартай сайн мэргэжил эзэмшсэн ажилчин хүний хувь нэмэр ихээхэн хэрэгтэй болж буй энэ үед А.Очиртогтох багшийн бэлтгэсэн шавь нар ажиллаж буй салбар байгууллага бүртээ мэргэжил ур чадвараа дайчлан амжилттай хөдөлмөрлөж, бүтээн байгуулах үйлсэд зүтгэл бүтээлээрээ цучил нэмж яваа нь  зах зээлд эрэлттэй ажилтан бэлтгэх  “алтан гинж”-ийг дархлан бүтээхийг зорьсон түүний уйгагүй  хичээл зүтгэлийн үр дүн юм.

Ажил хөдөлмөрийн төлөө хичээл зүтгэлээ зориулсан хүн бүхнийг  амжилт бүтээл нь дагадаг жамтай. Бурхан бас хөдөлмөрлөсөн гарыг мялаадаг гэдэг үг ч бий. Өөрт байгаа мэдлэг, чадвар, ур ухаанаа, шавь нартаа өвлүүлэхийн төлөө чин сэтгэлээ зориулж ирсэн бүтээлч үйлсийн залгамж тасралтгүй үргэлжилэх нь манай үеийн нэгэн үнэт зүйл мөн билээ.

                                                                                                                                    Г.Мөнх
                                                                                             Ш.Батцэцэг

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ