Download Firefox
Download Firefox

Monday, Jan 18th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ СОЁЛ Н.Сэнгэдорж: “Урьдынх шиг туульчид одоо дахиж төрөхгүй”

Н.Сэнгэдорж: “Урьдынх шиг туульчид одоо дахиж төрөхгүй”

Баруун Монгол түмний язгуур урлаг, соёл түүхийн сэдвээр Монгол улсын гавъяат жүжигчин Сэнгэдорж гуайтай ярилцсаныг уншигч олондоо хүргэж байна.


1.”Ном уншихгүй байж юуных нь оюун моюун”


- За надтай юун тухай ярилцах гээв дээ?-Таныг урьсны учир гэвэл баруун Монголчуудын уламжлалт буюу ардын соёл урлагын талаар яриа өрнүүлэхийг хүссэн юм. Бас манай аймагт “Оюунлаг Ховд” гээд хөтөлбөр хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ хүрээнд сэтгүүл гаргах болсон. Тэгээд манай сонинд болон өргөн мэдээллийн цахим хуудас, мөн Оюунлаг Ховд сэтгүүлийн санаачлагаар таньтай ярилцахаар төлөвлөсөн хэрэг.
Sengedorj_guaiОюунлиг  Ховд гэдэг өргөн цар хүрээтэй ийм том хөтөлбөр хэрэгжиж байгаад баярлууштай зүйл юм. Миний хувьд оюунлиг хүмүүс, оюунлиг үйлс ч гэх юм уу, ер нь оюунлиг гэдэг ойлголтыг их өргөн цар хүрээтэй том ойлголт гэж үздэг хүн. Юу гэвэл оюунлиг гэдэг бол сэтгэлийн дээд хэлбэр болгож хэлсэн үг
Оюун ухаан оюунлиг зүйл гэхээр хүмүүс нэг л сургуулийн диплом, эрдэмийн цол зэрэг ч юмуу тийм хэлбэржүүлсэн юм бодоод тэрнээсээ хальж чаддаггүй.  Угтаа бол оюун ухаан гэдэг зүйлийг бүрэн утгаар нь авч үзэх юм бол хүний сэтгэхүйн цараа хүрээ, оюуны соёлын хэзээ ч шавхагдашгүй эх үүсвэр ундрагын тухай энэ тэргүүнд ярих хэрэг гарах байх. Наад захын энгийн зүйлс гэхэд л гэр бүлээ зөв зүйтэй авч явах, гэр  бүлийн бүх гишүүд нийгэмдээ, төрдөө, бусаддаа гай тарихгүйгээр явж байх тийм оюуны төлөвшлийг эзэмшсэн байх нь оюунлиг байхын эх үүсвэр нь юм болов уу. Оюунлиг гэчихээд юун хүмүүжил ёс суртахууны тухай яриад унав гэж зарим нэгэнд санагдаж магадгүй л дээ. Манайхан социализмийн үеэс л материаллаг тал руугаа хэтэрхий хазайсан.  Материаллаг зүйл рүү хошуураад сэтгэлгээний гол  үндсэн зүйлийг олж харахаа байсан гэж хэлж болохоор нэг тийм хандлагатай болчихсон юм.
Уул нь энэ “Оюунлиг ховд” хөтөлбөр бол зөв зүйтэй хөтөлбөр юм. Гэвч үнэхээр оюунлаг орчныг бий болгохын тулд хүмүүсийн, олон нийтийн сэтгэхүйг юунд чиглүүлж өгөх ёсой вэ гэдгээ сайтар бодолцох, тэр хөтөлбөрөөр дамжиж ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг их тодорхой томъёолж гаргаж ирэх ёстой болов уу. Хэрэгжиж байгаа байдлыг нь аваад үзэхэд боловсролын салбарт явагдаж байгаа ажлуудын л нэг хэсэг хавсрага юм шиг харагдаад байгаа. Диплом, эрдмийн зэрэг цолхоны хүрээнд эргэлдэх юм бол тэр хүрээнийхээ л хөтөлбөр байгаад нийтэд ойлгогдохгүй үлдэх байх. Гэхдээ өнөөгийн боловсролын түвшин чанар чансааг үнэлэх шалгуур нь тэр юм болохоор тэр ерөнхий үнэлэмжээ дагасан байх л даа.    Жилд нэлээн багш, эмч, оюутныг шалгаруулж шагнаж байна. За тэгээд оюунлаг гэр бүлийг судлаж шалгаруулж байгаа нь харин өмнө байгаагүй үзэгдэл байх. Хэзээнээс нааш оюуны соёлын эх уурхай гэж үзэж ирсэн мөнөөх ном зохиол, язгуур соёлын төрөл зүйлүүд гээд нийтийн гэгээрлийн шинжтэй зүйлүүдийг орхичихсон байх шиг. Одоо ухаандаа танай сэтгүүлчдийн оюун ухаан хөдөлмөрийг тэр оюунлиг хөтөлбөрт хэрхэн залж чиглүүлж нийгмийн үнэт зүйлс болгох вэ гэдэг тухайд юу хийгдэж байгааг чи мэдэх байх л даа.
-Энэ тухайд хэрэгжиж байгаа зүйл ч ховор л доо.
-Тэгэхээр энэ талаараа анхаарах хэрэгтэй гэсэн үг. Нийгмийн сэтгэл зүй, нийтийн соёл боловсролын тал руу нь голлож анхаарахгүй бол оюунлиг Ховд гэж юу яриад байгааг нь жирийн иргэд олон түмэн нь ойлгохгүй. Тийшээгээ нэгдэж, дэмжиж хэрэгжүүлэх хүсэл зориг нь тааруухан байх шиг санагдаад байгаа юм.
-Тухайлбал тантай холбоотой баруун Монголчуудийн уугуул соёл сэтгэхүй, ардын язгуур урлагын тухайд энэ хөтөлбөрт ямар байр суурь эзлэж байгаа бол?
-Ард түмний уламжлалт соёл ухагдахуун, үндэсний сэтгэхүйн талаар дутмаг тусгагдсан  юм болов уу  гэж бас бодогдож байна. Малчин ард, эцэг өвгөдийнхөө ухамсарт суурь хүмүүжил, ёс заншлыг нэг тулгуур хүчин зүйлээ болгох ёстой. Энэ талаар маруухан байна гэж бодож байгаагийн  жишээ гэвэл сүүлийн үед хурдан морьдийг хөлслөж байна гэж нэг нэг хөнжлөөр ороогоод, хоёр нэгээр нь  жип машинаар хөөгөөд явж байна.  Тус тусдаа салангид эв нэгдэлгүй  нэг нэгнээсээ нуугдсан байдалтайгаар монгол хөгжинө гэж байхгүй. Харин улам доройтно. За тэгээд энэ их олон наадам найр зөв ч юм уу, бүү мэд. Дээр үеийн уяачид нэг нэгэндээ зөвлөгөө өгч уралддаг байсан.  Наадлаа гэхэд нуудаг хаадаг болж . Энэ бол их аминчхан хувиа бодсон улсууд болж байгаагийн тод жишээ биз дээ. Материаллаг зүйлд хэт шүтэхээр хүний сэтгэхүй ийм болдог юм шиг байна.
-Энэ байдлыг хөтөлбөртэй хамааруулж ойлгох шаардлага байна уу?
-Манай Ховд аймаг олон ястны ардын урлагын өв сантай нутаг. Үүнийгээ хамгаалж дэлгэрүүлэхийн тулд нэгдсэн бодлоготой байх ёстой байх. Манай энэ  хүүхэд залуучуудын ордонд хүүхэд залууст тэр уламжлалт өв соёлыг нь таниулж мэдүүлэх, сургах талаар ажлууд явуулах гэж оролддог юм шиг байна лээ. Гэхдээ хүүхдүүд тэнд ямар хүмүүсээр хичээл заалгаад байдаг нь мэдэгдэхгүй юм. Морин хуурыг талийгаач Довчин гуйгаар заалгаж байсан нь их зөв. Харин бусад төрлийн ардын урлагийн чиглэлийн сургалт дугуйлангийн тухайд бол хоёрын хооронд хичээл зааж байна гээд хүүхдүүдийг үрээд байгаа юм биш биз. Ардын соёл, урлагийг хүүхдэд заана гэдэг тийм ч санасны зоргоор хэрэг бас биш байхаа.
-Танд ямар нэг санал тавиагүй юу?
-Өнгөрсөн жил надыг 6 дугаар сургууль дээр хэдэн хүүхдэд хөөмий заагаад өг гэсэн.  Тэгээд 7 хоногт нэг өдөр 2 цаг л заалгана гэж байгаа юм. Ийм хугацаагаар хүүхдэд юм сургана гэдэг хэцүү. Ингэж заалгаад надад  сард 70000 төгрөг өгдөг байснаа яваандаа хүн дооглож байгаа юм шиг 20000 төгрөг өгдөг болсон. Тэгээд заахаа больсон доо. Ядахдаа нэг даралтны эм авч уух мөнгө авмаар байна шүү дээ. Амь нас хэрэгтэй биз дээ.
-Огт дөргүй хүнд хөөмий заах ер нь амаргүй биз?  Оюунлаг Ховд хөтөлбөрт ардын урлагийн сургалт энэ тэрийг тусгаж өгвөл тустай байх. Та юу гэж бодож байна?
-Хөөмий заана гэдэг их хэцүү. Би зүгээр бөх байсан бол…. (инээд алдав) Саяны наадам харлаа ш дээ. Ямар янзын наадам болов?  Монгол бөхийг уландаа гишгээд хаялаа. Уул нь бол оюунлиг гэдэг бол том том нээлт хийж байгаа эрдэмтэд том том бүтээл хийж байгаа урлагынхан, зохиолчид, түүхчид, сэтгүүлчид, ийм хүмүүсийг алдаршуулж байж тэр салбарууд нь тэргүүлэх байдалтай болж ирэх тиймэрхүү бодлогыг шингээсэн баймаар санагддаг.
Энэ хөтөлбөр хэрэгжээд 3 жил болоход ямар үр дүнтэй зүйл болоод байгаа нь бараг л мэдэгдэхгүй байгаа санагдана. Би сая Увс, Завхан Баян-Өлгийгөөр явлаа. Харьцуулаад үзэхэд Ховдчуудын хувьд нийтдээ болон оюунлиг гэгдэж байх ёстой гол гол салбарууд нь  тэднийхнээс ялгараад нэг их оюунлиг болоод очсон юм ялга. Сүүлийн үед ном уншдаг хүн алга. Ном уншихгүй байж яаж оюунлиг байхав дээ.  Нийтийн номын санд хүн цөөхөн суудаг болж. Бидний үед яаж ном уншдаг байв. Одоо ч гэсэн сурсан юмыг сураар боож болохгүй гэж ном уншмаар санагдаад ном уншихаар нүднээс нулимс гараад байх юм. Ном уншихгүй байж юуных нь оюун моюун. Дээд сургууль төгссөн олон хүмүүсийг хараад байхад ном уншихгүй байна.
-Оюунлаг Ховд хөтөлбөрт “Эрүүл биетэй, саруул ухаантай бүтээлч сэтгэлгээтэй Ховд хүн”-ийг бий болгоно гэж  байгаа шүү дээ. Ховд хүн гэдэг тухайд үгийн сонголт нь жаахан зохиогүй санагддаг. Бусдаар бол энэ цагт ингэж л чиглүүлж идэвхжүүлэхгүй бол хүмүүс оюун ухаан, ном соёлыг дээдлэх нь бүү хэл анхаарах нь бага болсон тал байх шиг байна шүү.
-Яг үнэнийг хэлэхэд үгийн сонголт нь оновчгүй болсон л болохоос биш ухаандаа япончуудыг хар л даа. Японы эзэн хаан 1000 жилийн өмнөөс япон хүн бол дэлхийн дээд байх ёстой гээд, тийм уриалга гаргаж байсан байгаа юм.Тэгээд үр дүн нь муугүй болсон. Ер нь бол  нилээн дөхсөн шүү.  Яагаад Ховдчууд өөрсдийн соёл, уламжлал ухаан бодлоороо бусдаас өвөрмөц давуу байж болохгүй гэж. 
Хөвсгөлд аймагт явж байхад нэг өдөр надтай их олон сайхан хүн таарсан. Айл асуусан ч гэсэн яг тэнд байдаг гээд бүүр сэтгэлээсээ зааж өгсөн нь хүнд их  сайхан сэтгэгдэл үлдээдэг юм билээ. Зан харилцаанаас эхлээд ийм энгийн зүйлүүдийг бас их анхаарах хэрэгтэй юм даа гэж бодогдож байх жишээтэй.
Нөгөө талаасаа амьдралын хэв маяг байна. Амьдралын хэв маяг бол сэтгэхүйн толь нь байх ёстой байх. Яаж сэтгэж байна вэ? тэгж амьдрана гэсэн үг. Ховдчуул яагаад нийтээрээ үндэсний хувцасаа өмсөж болохгүй гэж.  Эсвэл үндэсний хувцсын өдөр тутам өмсөхөд төвөгтэй гээд байвал япон, солонгос биш европоор хувцаслаж, европ хэв маягаар үсээ засуулж яагаад болохгүй гэж? Манай баруун Монгол чинь  евроазийн соёлтой ард түмэн.  Заавал Хятад, Солонгосыг дуурайж байх хэрэг юу байна. Одоо үсчид хяргахаас өөр зүйл мэдэхгүй. Нэг бол Хятад, эсвэл Солонгосоор л засаад байдаг. Сүүлийн үед хоолны газар, тогоочид нь Монгол ч юм уу Хятад ч юм уу, Солонгос юм уу мэдэгдэхгүй хоол хийдэг, иддэг  болохоор бүдүүлэг Хятад, Солонгос болж харагдаад байгаа юм. Ховдын байгаль өвөрмөц байхад, Ховдын барилгууд нь яагаад өвөрмөц байж болохгүй гэж? Хэдэн жилийн өмнө би театрыг улаанаар  будуулчихаад цусны өнгөөр будлаа гэж аймгийн Засаг дарга дээр дуудагдаж байлаа. Миний бодлоор манай Ховдынхон өвөрмөц байх хэрэгтэй. “Ховд хүн”, Ховдынхон өвөрмөц байх хэрэгтэй.


2. Шилжин суурьшсаны 250 биш чөлөөлсний
100 жилийг тэмдэглэх нь зохимжтой

-Өвөрмөц барилга байшин гэснээс манай энэ сангийн хэрмийг яавал дээр вэ? Нэг хэсэг нь түүхийн ховор дурсгал учир сэргээн засах хэрэгтэй гээд, бас зарим нь нурааж устгах хэрэгтэй гээд байх юм?  
- Сангийн хэрмийг нураагаад түүхийн үзмэрийг илтгэхүйц нэг л жаахан хэсгийг нь үлдээхэд болохгүй юм байхгүй гэж бодно. Үндсэндээ манжийн хотын дурсгал шүү дээ. Сангийн хэрмийн оронд өөр эрх чөлөөний цэцэрлэг байвал зүгээр биз дээ. Түүхийг сануулсан өндөр нь тийм, өргөн тийм байсан гэж  бичээд хадахад л боллоо шүү дээ.
-Өнөө жил аймаг маань наян жилийнхээ ойг тэмдэглэлээ. Ирэх жил дахиад Ховд хотын ойг тэмдэглэнэ гэж байна. Ойнууд ч шил шилээ дараад л гарч ирээд байна шүү.  
- Ховд хотын 250 жилийн ойг тэмдэглэнэ л гэж байна. Үүн дээр хүн хүний бодол өөр байгаа байх. Ховд хотыг 1685 онд Галдан хаан Улаанхарганд анх байгуулсан шүү дээ. 1762 онд энд нүүж ирсний гэх юм уу, шилжин суурьшсаны ойг тэмдэглэх юм биз? Тэрэнд орвол 1912 онд Ховд хотыг манжын эзэрхийллээс чөлөөлсний 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэвэл зохимжтой санагдаж байна. Энэ бол тэмдэглэвэл зохих маш том ой.  1962 онд надыг хүүхэд байхад Ховд хотын 200 жилийн ой хийж байлаа. Тэгэхэд Баянмөнх аварга ирж үзүүр түрүү булаалдаж байсныг санаж байна? Нэгэнт өмнө нь тэмдэглээд ирсэн юм гээд 250 жилийн ойг тэмдэглэлээ гэхэд сэлгэн суурьшисны гэхээс биш үүсэн байгуулагдсан гэж хэлж болохгүй шүү.  Ховд хотын 250 жилийн ой хийнэ гээд байж байхад 2006 онд Улаангомын  320 жилийн ой гээд тэмдэглэчихсэн.
-2006 онд уу? Тийм нүсэр ой болж байна гэж сонсоогүй дээ.
-Ой тэмдэглэнэ гэхээр заавал нэг их нүсэр найр наадам хийх албагүй. Увсынхан Улаангом хот 2006 онд 320 настай боллоо гэж тэмдэглээд том ном хэвлүүлсэн байна лээ.
-Аймгийн 80 жилийн ойн баяр наадмын ёслолын ажиллагаанаас харж байхад үндэсний уламжлалт урлаг соёлоо сүрхий дээдлэсэн, сэргээж өвлүүлэхийг хичээж буй байдал ажиглагдаж байна лээ. Танд ямар санагдав?   
- Наадам бол нэг хэрэг. Харин ардын урлагийг хамгаалж өвлүүлэх , тааламжтай нөхцлийг бүрдүүлж боломжийг нь бий болох гэдэг арай өөр түвшний асуудал. Ер нь энэ их наадам найр хэрэгтэй ч юм уу үгүй ч юм уу гэж заримдаа бодогддог. Нөгөө талаас нь харахад эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийн  нэр нөлөөгөө бататгах гэсэн бас нэг арга болдог бололтой.
-Нөхцлийг нь яаж бий болгох хэрэгтэй гэж?
-Ардын язгуур урлагийн сургалтыг Монгол гэрт явуулбал илүү зохимжтой. Бодоод үз л дээ. Дээр үеийнх шиг гурван өдөр шөнө тууль хайлж, гурван өдөр шөнө сонсох нь бүү хэл, гурван цаг  сонсох тэсвэртэй хүн одоо байхгүй болж. Сандал дээр суухаар бөгс нь холгоод, завилж суухаар хөл нь өвдөөд, харин  хэвтэж сонсвол яах юм нэг тиймэрхүү л юм болно доо. Сурах нөхцлийг бүрдүүлэхийн тулд гол нь гайхамшигтай тууль, туульчид  төрж байсан тэр орчныг бий болгох хэрэгтэй. Гадны улсуудад бол ийм бодлого арга ухааныг сайн мэддэг бололтой юм билээ. Өнгөрсөн жил би Тажикстанд явж байгаад мусальман шашны сүмээр орж үзсэн. Тэр сүмд цонх байхгүй, жан цохиж барьсан хан нь 3 метрийн зузаантай, тэгээд хоёр  давхар хаалгатай байгаа юм. Одоо ухаандаа тэнд бясалгаж байгаа лам санваартануудын гадагш харах нүд, сонсох чихийг нь бөглөөд дотогшоо нь хандуулж өгч байгаа хэрэг.
-Тэр битүү байшинд тэгээд агаар салхи ордог байгаа байлгүй дээ?
Агааржуулалттай байдаг юм билээ. Өнөөгийн нийгэмд хөрс суурь нь бүрэлдээгүй тийм ховор эрдмийг сургахын тулд хүнийг орчноос нь таслах хэрэгтэй гэдгийг  тэнд анзаарсан. Туульч хүн гэдэг зүгээр нэг номон дээр бичсэн туулийг цээжлээд дуудаж хайлдаг юм биш.  Туулийнхаа үгүүлэмжийг цээжиндээ бий болгож өөрөө бүтээж, өөрөө дуудаж хайлдаг тийм чадвартай байсан.
-Манай Монголчуудын оюун шүтлэгийн бас нэг том зүйл бол бөө мөргөл. Тэнгэрийн улаач гэгдэх бөө нарын хувьд увьдас ухаанаа багшаас ч юмуу хэн нэгнээр заалгаж сурдаггүй, өөрөө авч төрдөг гэдэг. Үүнтэй адил дэлхийд нэрд гарсан нэг том судлаач хэлэхдээ жинэхэнэ яруу найргийг бодож, тунгааж бичдэггүй, өөрөө төрдөг. Яруу найрагч  ч бас төрмөл авъястай байдаг гэж хэлсэн байдаг. Найрагчид зохиолчид судлаачид үүнийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин язгуур урлагийн өв тээгчдийн хувьд ямар вэ? 
-Язгуур урлагын өв тээгч авъяастнууд ялангуяа туульчдийг бол би бас л тэгж хэлнэ. Жинхэнэ төрмөл юм гэдэг чинь шал өөр. Арван хүнээр нэг аялгууг хөөмийлүүлэхэд арван янз дуугарна. Амьсгалын хэмжээ дамжаа энэ тэрийг нь ижилсгэж болох ч цаад сэтгэлийг нь ав адилхан болгож болохгүй. Түүнтэй адил яруу найраг, тууль гэдэг чинь хүний  сэтгэлийн их урлаг. Би туулийг бас жинэхэнэ яруу найргийг биширдэг. Сүүлийн үеийн шүлэг зохиол дотор зүгээр нэг хоёрын хооронд юм ч байгаа. Тэр нь биш л дээ. Жинэхэнэ бүтээлийн тухай ярьж байна. Би бодож байна л даа. Ардын урлагаас улам л холдоод байх шиг байна гэж. Ялангуяа одоо өмнөх туульчдийг гүйцэх туульч бараг төрөхгүй байх оо. Ингээд л дуусах байх.
-Яагаад та тэгж бодож байна вэ?
-Ахуй  орчин нь өөрчлөгдчихсөн юм чинь. Одоо бүгд телевиз үзэж байна. Телевизийг сая хүн үзэхэд бүгд л нэг янзаар сэтгэнэ. Харин дээр үед 10 хүн суугаад тууль хайлахийг сонсоход тэр туулийн баатрыг арван янзаар сэтгэлдээ амилуулдаг байсан. Ийм л байна даа. Оросын эрдэмтэд 1800 оны үед манай  аварга туульчдийн туулийг буулгаж  авсан байна. Тэгээд ном болгож эмхэтгээд хэвлүүлснийг нь би олж авсан. Нэг туульчийг хоёр жил дагаж явж байж буулгаж авсан байгаа юм. Би тэр номыг уншлаа л даа. Тэгээд бид өчүүхэн юм даа гэдгээ мэдэрсэн. Тэр аугай хүмүүсийг бодвол дэндүү өчүүхэн гэдгээ огтхонч мэдэхгүй байгаа юм бид.
-Одоо манайд сайн туульчид гэвэл хэн хэн байна?
-Миний хувьд одоо Монголд сайн туульч байна гэж хэлж чадахгүй. Харин сүүлийн үед амьдарч байсан хүмүүсээс Авирмэд гуай сайн туульч байсан шүү. Миний мэдэхээр хамгийн сүүлийн туульч Авирмэд гуай л байна Гэхдээ Увс аймгийн Ховд суманд нэг залуу бас байна аа. Тэр бол одоо байгаа хүмүүсээс надад их таалагдаж байгаа сайн туульч шүү.
- Залуу гэхээр хэдий хэр насны хүн юм бэ дээ?
- 50 гарсан насны хүн. Наддаа л залуу болохоос та нарт бол настай хүн. Миний мэдэхээс өөр сайн туульч алга. Хайран ч юм дуусаж байна даа.

“Жек Лондоны гэрийн буурин дээр хөөмийлсөн”

-Сайн туульч байхгүй байна л гээд байх юм. Хуучны том туульчдийн удам судар тасраагүй, авъяаслаг залуус мэр сэр байгаа дуулдаад л байна шүү дээ?
-За хэн ч алга гэж хэлж бас болохгүй ээ. Алдарт туульч, цуурч С.Наранцогт агсаны ач Наранбат гээд хүүхэд байна. Манай Авирмэд гуайн Балдандорж бас овоо байна. Гэхдээ Наранцогт гуайн хаана нь ч алга л даа хөөрхий.  Би сая Шиньжанаас нэг том туульчийн тууль хайлж буйг бичиж хадгалсан CD (хуурцаг) авчирлаа. Тэр хүний тууль хайлах надад их гоё санагддаг байлаа. Тэгээд авч ирээд Наранцогт гуайн Монголын радиод хадгалагдсан бичлэгтэй харьцуулаад сонссон чинь дэргэд нь юу ч биш байна шүү хөөрхий. Далаад оны үед бичүүлсэн Наранцогт гуайн тэр бичлэгийг сонсоход нэгэн хоромд гурван зүйл авиа гаргаж байхад Шинжаний тэр туульч хоёрыг л гаргаж байх жишээтэй. Би туулийг Монголын ардын язгуур урлагийн дээж гэж боддог. Уртын дуу, хөөмий аль аль нь агуу ч гэсэн туйлтай дүйцэх юм биш. 
- Хөөмийг заяамал төрмөл шинжтэй гэж үзэж болохгүй бололтой. Гадаадынхан Европ, Америкийнхан хүртэл хөөмий сураад хөөмийлөөд байгаа юм биш үү? 
- Сүүлийн үед хөөмийчид их олон болж байна. хөөмий бол ухаандаа аялгуу гаргадаг учраас туулиас өөр байгаа юм. Харин туулийн хувьд  яруу найраг, хөгжим аялгуу, бас хөөмий гээд гурван тусгай юмны нийлбэр. Өөрөөр хэлбэл гурван зүйлийн чадал авъяасыг өөртөө авч заяасан хүмүүс бол туульчид байдаг гэсэн үг.   
-Аймгийн 80 жилийн нээлтийн ёслол дээр 250 хөөмийч хөөмийллээ шүү дээ. Тэгэхээр манай хөөмийчдийн залгамж халаа сайн байна гэж хэлж болох уу?
-Тэр 250 дотор чинь сайн нь байна, тааруухан нь ч  байна.  Тэр бол зүгээр ёслолын чанартай үзүүлбэр шүү дээ. Гадаад дотоодын хүмүүс Чандмань сумынхан бүгд хөмийлдөг гэдэг юм шүү дээ. Хүмүүс юмыг гаднаас нь тэгж ойлгодог. Тэгэхээр манай Чандманчууд хичээх л хэрэгтэй. Тэр хүмүүсийн итгэлийг хугалахгүйн тулд бүгд хөөмийлж сурах хэрэгтэй байх. Харин Чандманий тэр одоо ажиллаж байгаа хоёр дарга (ИТХ-ын дарга, Засаг дарга) сайн залуучууд байна лээ шүү.
-Тэр хоёр тийм сайн хөөмийлдөг хэрэг үү?
-Хөөмийлөнө чиг, ажлыг ч сайн зохион байгуулна. Тэр олон хүмүүсийг цуглуулж, эвлүүлж нэгтгэж, талбай дээр жигдрүүлж гаргана гэдэг одоо цагт амар ажил биш.  Тэгж байж л хүмүүсээ сургана.  Тэр 2 залууд би баярлалаа гэж хэлмээр байгаа юм.
- Та сүүлийн жилүүдэд Жек   Лондоны “Мартин Иден”-ээс эхлээд хэд хэдэн томоохон сонгодог жүжиг найруулж тавьсан. Одоо энэ чиглэлээр барьж авсан уран бүтээл байна уу?
-  Манай Ховд их сургуулийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Х.Цэдэвийн зохиол “Галдан хааны ганцаардал” гэдэг жүжгийг найруулж тавина. Үнэхээр тухайн үед Галдан хаан яаж ганцаардаж, ядарч байсныг нь үзүүлэхгүй юм бол түүх өрөөсгөл болно биз дээ? Зохиол нь надад таалагдаж байгаа.
- Жүжгээ аль театрт тавих вэ?, дүрүүдэд тоглох жүжигчидээ олох гээд ажил их байгаа биз?
- Ховдын театрын тайзан дээр тавина. Би тийм олон хүний оролцоотой хийхгүй. Найман хүний л дүр гарах байх. Галдан хааны дүр, бас манжийн Энх-Амгалан хааны дүрд тохирох чадварлаг жүжигчин хэрэгтэй. Ховдын театрт тэр дүрүүдэд тохирох жүжигчин  байгаа  гэж бодож байна. Би өмнө нь  Ховдын театрт Жек Лондоны  “Мартин иден”-ээс гадна, Гүнсэнгийн зохиол “Галын дөл өөдөө” жүжгийг найруулж тавьсан шүү дээ. 2010 онд бас  “Ану хатан” жүжгийг тавьсан. Ер нь бол түүхэн жүжгүүдийг тавина гэж бодож байгаа. Сүүлийн үед хүмүүс жүжиг ойлгохгүй байна. Үзсэн хүмүүс нь сайхан болж л гэдэг юм. Хүний хийсэн юмыг өөрт нь хэлэхдээ муухай болжээ гэж хэн ч хэлэхгүй нь мэдээж. Ер нь юм үзэж, юм ойлгох нь их л маруухан байгаа санагддаг даа.
-Театрын удирдлага энэ тэртэй яриа юу? Сургуулилт хийнэ гэхээс эхлээд цаг хүч их л орно биз дээ?
- Яриагүй л байгаа. Ямар ч байсан хүлээж авч дэмжих байх гэж найдаж байгаа. Сургуулилт хийх тайз олдохгүй бол ямар боломж байна тэрийг ашиглана даа. Бид чинь тэр жил Чандмань суманд айлын хаваржаанд, малын хашаан дотор Х.Чойжилын зохиол “Хүргэн болохын өмнө” жүжгийг  тоглож байлаа шүү дээ. Аа харин сонгодог жүжгийн тухайд бол заавал театрт тоглогдож таардаг.
Сониноос би өнгөрсөн өвөл Санфранцискд очиж, Жек Лондоны амьдарч байсан гэрийн буурин дээр, эдлэнгийнх нь байшингийн үүдэн дээр хөөмийлсөн шүү. Тэнд цагаалаад (монголын цагаан сарыг угтаад) ирлээ шүү дээ. Жек Лондон хөдөө их том эдлэн газартай хүн байсан байна. Бүр эзэнгүй аглаг ууланд байна. Өөрийн амьдарч байсан байшин нь байна. Усан тээрэм, адууны жүчээ гээд бүгд хэвээрээ байгаа нь их сайхан санагдсан. ,  Дэлхийгээр их тэнэсэн язгууртан хүн байж л дээ.
-Хэнтэй хамт яваа вэ?
-Яруу найрагч Г.Мэнд-Ооёо,  хөгжмийн зохиолч Шарав, дуурийн театрын дарга Сэргэлэн нарын хүмүүстэй хамт явсан юм. Тэнд би хөөмийлж, Мэнд-ооёо яруу найргаа уншиж, бид хэд нийлээд урлагийн тоглолт хийсэн. Гурван удаа тоглоход зарим урлаг сонирходог хүмүүс гурван удаа ирж үзсэн шүү.
-Та ч гадаад дотоод хол ойроор нэлээд явах юм сүүлийн жил хаана хаана очив доо?
За да Америк явсан, Франц руу 2 удаа явсан   Шинжаан Уйгарын Баянгол Өөртөө засах аймагт урилгаар очиж, хоёр сар хөөмий заасан. Анхны мэдэгдхүүн л зааж байгаа юм л даа. Тэрнээс биш хөөмийг тийм хурдан сурна гэж юу байхав.
- Ярилцсанд баярлалаа.
- Зүгээр дээ чамд ч бас баярлалаа.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ