Download Firefox
Download Firefox

Thursday, Dec 03rd

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС анхны гоймонгийн гурилаа авч байлаа

анхны гоймонгийн гурилаа авч байлаа

Э.Ууганбаяр: Хүүхдийнхээ мөнгөний дэвтрийг барьцаалж анхны гоймонгийн гурилаа авч байлаа

Хүний амьдралд өч төчнөөн бартаа, саад бишгүйдээ тохионо. Тэр дундаа зах зээлийн энэ нийгэмд бизнесийн салбарт хөлөө олно гэдэг бол амаргүй даваа. Эрхэлсэн ажил, тодорхой орлогогүй жирийн л нэгэн эмэгтэй өөрөө ажилтай болох гэж бусдад ажлын байр бий болгох гэж хэрхэн тэмцэж ирснийг түүнтэй ярилцах зуураа бахдан биширч суулаа. Яг үнэнийг бодит амьдралаас хайхад

хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж, дэмнэж байгаа зүйл байна уу гэвэл ховор. Үүнийг эрх баригч, бодлого боловсруулагч орон нутгийн удирдлагуудаас дахин нэг асууж сануулмаар санагдана. Ингээд “Цагаан шувууд тулга” ХХК-ны захирал Э.Ууганбаяртай ярилцсанаа mолилуулъя.

 

 Copy_of_DSCF7317-Анх хэдэн онд гоймонгийн цех байгуулагдаж байв. Үүсгэн байгуулсан тухайгаа сонирхуулаач?

-1997 оны 10 сард анх Уурагжуулсан гоймон хийж эхлэсэн юм. Өөрөөсөө гадна ганцхан ажилтантай. Тэр хүнээ сургаж ажлаа эхэлж байлаа. Би эхлээд Ховдын хүнсний үйлдвэрийн гоймонгийн цехэд ажиллаж байсан туршлагатай учраас ер нь гоймонгийн цех нээж ажиллуулъя гэж шийдсэн. Анх ганцхан уут гурилаар гоймон хийсэн. Тэгэхдээ гар дээр өөрийн гэсэн бэлэн мөнгө байгаагүй болохоор зах дээр гурил зардаг Баяндорж ахаас нэг уут гурил зээлээр аваад хийж байлаа. Гоймонгийн машинаа хойд хил рүү хүнд мөнгийг нь өгч явуулаад захиж авхуулсан. Тэгээд одоо энэ төв эмийн сангийн байранд нэг өрөө түрээслэж аваад үйл ажиллагаа явуулж эхлэсэн дээ. Гэтэл удалгүй Мэргэжлийн хяналтын байцаагч ирээд танайх эмийн сантай ойр байрлаж болохгүй гээд хөөгөөд болдоггүй. Анх бол тэр байр савны стандарт, зөв буруу энэ тэрийг мэдэж байгаа юм байгаагүй. Эхэндээ байцаагчтай хэл ам зөрөөд маргалдаж л байсан. Та нар юм хийх гэж байгаа хүнийг дэмжихээсээ түрүүнд хөөж туулаа гээд л. Гэтэл стандартынхаа хувьд бол эмийн сан, хүнсний газар хоёр ойр байрлаж болохгүй юм байна лээ л дээ. Тэгээд удалгүй өөр түрээсийн байр олж байрласан.
-Нэг уут гурилаас хичнээн гоймон гарсан бэ?
-Нэг гоймонг 200 гр гурилаар хийхээр нэг уутнаас 250 гоймон гарч байгаа юм.
-Нууц биш бол санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлж ажлаа эхлүүлж байв?
-Миний хувьд энэ бизнесийг эхэлж байсан түүх их сонирхолтой. Хойд хилээс тоног төхөөрөмж авахуулах гэтэл мөнгө олддоггүй. Тэгээд би Увс руу аав ээж дээрээ очоод “охин нь нэг ийм ажил хийх гэсэн юмаа та хоёр ганц удаа тус болооч гэхэд аав маань ээжээс нуугаад 170 мянган төгрөгийн тэтгэврийн зээл авч өгч байсан. Гоймонгийн машин авахад замын зардалтайгаа нийлээд 400 мянган төгрөг зарцуулагдаж байсан юм. Тэгээд үлдсэн мөнгийг нь хаанаас олох вэ гээд нэлээн эрсэн. Тэгсэн Мөст сумын ой болж байна гэхээр нь нөхөртөө тоглоом тоглуулах гэж байгаагаа хэлэлгүй, наадамд явлаа гэж хүнээр хэлүүлчихээд замын машинд суугаад хүүхэдтэйгээ хамт явлаа. Гэтэл замдаа машин унаад би хөлөө гэмтээчихсэн. Миний хөл бүр аймаар хавдчихсан байсан ч ямар ч байсан зорьж ирсэн ажлаа амжуулаад явна даа гэж бодоод нөгөө тоглоомоо тоглуулж байлаа. Тэндээс би 100 гаруй мянган төгрөгтэй буцсан. Тэгсэн нөхөр маань бас 150 гаруй мянган төгрөгтэй байсан. Ингэж л цехийнхээ машины мөнгийг бүрдүүлж байлаа. Тэгээд удалгүй машинаа ч авсан. Ажлаа эхлэх гэтэл гар дээр ганц ч төгрөг байдаггүй. Зах дээр Баяндорж ах дээр очоод хүүхдийнхээ мөнгөний дэвтэрийг тавьж байгаад “за ах та надад ганцхан уут гурил зээлээр өгчих би гоймон хийж зарах гэж байгаа юм. Эхний гоймон хийнгүүтээ таны гурилын мөнгийг өгье” гэхэд Баяндорж ах зөвшөөрч надад их урам өгч байсан. Харин түүний дараа гоймонгийн уут савлагааны тал дээр асуудал гарч ирсэн. Тэгээд “Ховд” хэвлэх үйлдвэрийн дарга Улам-Оргил ах дээр очоод бас гуйж байгаад эхний ээлжинд гоймонгийн уутаа хийлгээд мөнгөө дараа нь өгөхөөр болсон. Анх 1000 ширхэгийг хийлгэж аваад гоймонгоо зарангуутаа буцааж өгсөн.
-Та анх авсан гурилынхаа мөнгийг хэд хоноод буцааж төлж байв? 
-Аваад маргааш нь өгч байсан. Тэгээд анхны гоймонгоо хийчихээд хамгийн эхлээд хэнд зарах вэ. Гар сайтай хүнд л өгмөөр байна гээд эхний хүнээ зах дээр тамхи зардаг Энхээ ах, Урнаа эгч хоёрт өгье гэж бодоод очиж уулзсан. Би ийм гоймон хийсэн юмаа миний эхний орлогыг та аваач гэхэд Энхээ ах дуртай хүлээж авсан. Тэгээд эхэндээ хоёр өдөр гоймонгоо бид нар өөрсдөө зах дээр тэврээд хүргэж өгдөг байсан. Миний бизнес Баяндорж ах, Энхээ ах, Улам-Оргил ах зэрэг хүмүүсийн дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрсэн. Энэ хүмүүстээ танай сониноор дамжуулан талархаж явдгаа илэрхийлье. Олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр зорилгодоо хүрлээ. Анх ганцхан ажилтантай эхэлж байсан бол өнөөдөр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаад явж байна.
-Анх ажлаа хамт эхлүүлсэн хүнийхээ тухай яриач. Тэр хүндээ хичнээн төгрөгийн цалин өгч байв. Одоо хэд болсон бэ?
-Алтангэрэл гэдэг. Миний найз байгаа юм. Эхэндээ олигтой цалин өгч чаддаггүй байсан. Одоо 200 гаргаад авч байгаа. Манай энэ цех байгуулагдсан цагаас л надтай хамтран ажиллаж ирсэн найздаа баярлалаа гэж хэлье. Ёстой л болохгүйгээс нь болох хүртлээ хамтдаа зүтгэж байна. Одоо манайх 10 гаруй ажилтантай. Өрх толгойлсон хоёр ч эмэгтэйг ажиллуулж амьдралд нь тус дэм болж байна. Бас дээр нь дөрвөн хүнийг нийгмийн даатгалд хамруулдаг.
-Цех байгуулагдсанаас хойш тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хэрхэн хийв?
-Хийлгүй яахав. Олсон орлогоосоо тухай бүрт нь шинэчлэл хийж, тоног төхөөрөмж нэмж авдаг. Саяхан манайх үйлдвэрлэлээ явуулах шинэ байр авсан. Ер нь тэгээд олонтой явах, сайн сайхан хүмүүсийн тусламж дэмжлэгийн ач тус гэдэг бол маш хэрэгтэй гэдгийг би өөрийн бодит амьдрал дээр мэдэрч явна. Би энэ сайхан хүмүүсийн буянаар өнөөдөр өдий зэрэгтэй явна. Анх өөрөө ч ажилгүй хүүхдийнхээ мөнгөний дэвтэрийг бариад явж байснаа бодвол одоо бүр бусдыг ажлын байртай болгоод, орон нутагтаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад явж байна. Бас нөгөө талаар надад итгэж найдаж хамтран ажиллаж явдаг захынханы ач тус их шүү дээ. Миний бараа бүтээгдэхүүнийг зарж, борлуулж, зээлээр өгч, авч хаа хаанаа л харилцан дэмтэй явдаг. Өнөөдөр банкны хоёр гурван сая төгрөг бол юу ч биш ш дээ. Харин түүнээс илүүтэй эдгээр хүмүүстэй хамтран ажиллаж хаа хаанаа өгч авч яваагийн хүчинд л бид өнөөдөр ажлаа явуулж байна. Гурилаа бид захынхнаас байнга л зээлээр явч хийдэг. Банкнаас их хэмжээний мөнгө зээлэх гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй гээд өгдөггүй.
-Энэ бизнесийн гараанд хамгийн анхны хөрөнгө оруулалт хийсэн аавыгаа баярлуулж амжсан уу?
-Санасандаа хүртэл баярлуулж чадаагүй. Манай цех нээгдэж ажиллаад хоёр жил болох гэж байхад аав маань өнгөрчихсөн юм. Аав нэг өдөр над руу утастдаг юм байна. Тэгсэн “миний охин дажгүй юу, ажил төрөл нь хэрхэн явагдаж байна” гээд асууж байсан. Тун удалгүй нэг цагийн дараа өнгөрчихсөн байсан. Тэгэхдээ аав маань охиныхоо сайн яваа, ажил төрөлтэй явааг мэдээд санаа нь амарсан байх аа гэж боддог. Би ямар ч байсан аавынхаа өгсөн тусламж дэмжлэгийг юм болгож чадсан. /нүдэндээ нулимс цийлэгнүүлэн ийн ярьж байв/ Би чинь айлын том нь байгаа юм. Долоон дүүтэй. Одоо тэгээд хэдэн дүү нартаа наана цаана гээд явж байна. Хүн ер нь төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ ачийг хариулж чаддаггүй юм гэсэн. Гэхдээ бидний сайн сайхан яваа нь тэдэнд жаргал байдаг байх.
-Өдий хэмжээний хүнийг ажлын байраар хангаад явна гэдэг бас амаргүй ажил. Тэр дундаа хүнсний үйлдвэрлэл чинь их үүрэг, хариуцлага шаарддаг байх шүү?
-Ажил хийнэ гэдэг бол амаргүй ш дээ. Тэр дундаа бусдыг ажилтай болгох гээд нөгөө талаар өөрийнхөө амьдралыг өөд татах гээд явна гэдэг бол асар их үүрэг, хариуцлага байдаг. Гаднаас нь харахад бид нэг л их мөнгө зүгээр урсаж орж ирээд байгаа юм шиг харагддаг шиг байгаа юм. Гэтэл сүүлийн үед зарим хүмүүс зарж борлуулсныхаа хариуд бэлэн мөнгө өгөлгүй бараа шахдаг болсон. Энэ нь бас нэлээд хүндрэлтэй байдаг.
-Анх танайхыг байгуулагдаж байхад өөр гоймонгийн цех байсан уу?
-Байгаагүй. Манайх анхных нь. Одоо бол нэлээд олон болж байх шиг байна.
-Танайх хичнээн төрлийн гоймон гаргадаг вэ?
-Уурагжуулсан гоймон, савхан гоймон гээд хийдэг. Савхан гоймонгоо 1, 3, 5 кг-аар савладаг. Манай гоймонг хэрэглэдэг хүмүүс сэтгэл хангалуун байдаг. Эрэлт хэрэгцээ ч их. Үйлдвэрлэл нь хэрэглээгээ гүйцдэггүй ш дээ. Заримдаа тасарчихдаг. Өдөр шөнийн ээлжээр ажилладаг. Цаашид гоймонгийн хэлбэр, төрлийг өөрчлөөд мушгиа, дугуй гэхчилэн шинэчлэл хийх зорилготой байгаа.
-Ер нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад тулгамдаж буй гол бэрхшээл юу байх юм?
-Орон нутгийн үйлдвэрлэлийг хаа хаанаа маш сайн дэмжих хэрэгтэй. Хэрэглэгчдэд хандаж хэлэхэд энэ үйлдвэрийн чинь цаана манай 10 ажилчин байна. Тэдний цаана гэр бүл, үр хүүхэд байна. Нэг гэр бүл доод тал нь дөрвөн ам бүлтэй байгаа. Өнөөдөр Ховд аймгийн нэг ч гэсэн айл өрх орлоготой, амьдрал тэгш байх хэрэгтэй биз дээ. Дорвитойхон зүйл хийх гээд банкнаас зээл авах гэхээр барьцаа хөрөнгө хүрэхгүй гээд өгдөггүй. 2009 онд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслөөс 5 сая төгрөгийн зээлд хамруулах комиссын шийдвэр гарсан ч ХААН банкин дээр очоод барьцаа хөрөнгө хүрэхгүй авч чадаагүй. Ер нь бол тийм их хэмжээний хэдэн арван сая төгрөгийн зээл биш л бол бага хэмжээний иймэрхүү зээлийг банк бидэнд итгэл хүлээлгээд өгдөг бол бид буцаагаад хугацаанд төлөх бүрэн чадвартай байдаг. Үнэндээ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ дэмжинэ гэсэн ч цагаа тулахаар дэмжиж байгаа зүйл байдаггүй л байхгүй юу. Ёстой л нэг бор зүрхээрээ яваа хүмүүс гэвэл хувиараа бизнес эрхэлж байгаа бидэн шиг хүмүүсийг л хэлэх байх. Энд бас нэг зүйлийг дурдаж хэлэх хэрэгтэй. Анх бас би ХААН банкнаас зээл авах гээд хөөцөлдөхөд бүтээгүй тэгсэн Хас банкныхан итгэл хүлээлгээд өгч байсанд нь их талархаж явдаг.
-Одоо энэ жилийн сум хөгжүүлэх сангийн төслийн талаар мэдээлэл авсан уу? Жаргалант суманд 200 сая төгрөг хуваарилагдсан ш дээ.
-Үгүй. Түүнийг чинь багийн даргаас асуусан чинь тийм юм ерөөсөө байхгүй гээд байсан. Уг нь бидэнд тэр төслийн зээл олговол ганц ч гэсэн ажлын байр нэмэгдэнэ ш дээ. Үгүй гэхэд тийм хэмжээний ажлын байр бий болго гээд зээлд хамруулвал болохгүй гэх газаргүй. Манайх одоо ч гэсэн ажлын байр байгаа. Тогтвор суурьшилтай ажиллах хүн байвал бид дуртай авна.
-Гоймон хийхэд гар ажиллагаа хэр орох вэ?
-Гар ажиллагаа бараг байхгүй. Савлагаан дээр л байна.
-Гоймонгийн уутаа хаана хийлгэдэг вэ?
-Эхэндээ энд хийлгэдэг байсан одоо Улаанбаатарт хийлгэж байгаа. Хотод арай хямд байдаг юм. Ер нь манай Ховдод томоохон хэвлэх үйлдвэр ороод ирвэл хаа хаанаа эрэлт хэрэгцээтэй л байна.
-Танай технологич ямар хүн байдаг вэ. Бас нарийн технологи шаардана биз?
-Тэгэлгүй яахав. Орц норм нь нарийн. Манай технологич анхны маань ажилчин Алтангэрэл гээд хүн байгаа. Манайх саяхан Говь-Алтай аймагт болсон үзэсгэлэн худалдаанд оролцоод эрэлттэй бүтээгдэхүүн гэдгээрээ мөнгөн медаль авч ирсэн. Манай бүтээгдэхүүн очсон даруйдаа дор нь зарагдаад дуусч байсан. Тэгээд арай гэж үзэсгэлэнд оруулах хэдэн гоймон авч үлдээд орсон.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Увс аймгийн Сагил сумын харъяат. Ховдын бэр байгаа юм. Би өөрөө яг хүнсний чиглэлийн мэргэжилгүй л дээ. Гоймон хийхийг хүнсний үйлдвэрийн гоймонгийн цехэд ажиллаж байхдаа сурсан.
-Баяр наадам болох гэж байна. Та хэн нэгэнд мэндчилгээ дэвшүүлэх үү?
-За тэгэлгүй яахав. Ховд аймаг байгуулагдсаны түүхт ойн баярыг тохиолдуулан нийт наадамчин олондоо баярын мэнд дэвшүүлье. Зон олноороо сайхан наадаж эрүүл энх, аз хийморьтой явахыг хүсэн ерөөе. Улс орон, аймаг орон нутаг маань үргэлжид хөгжин дэвжиж байх болтугай.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ