Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Ил ба Далд Барилдааны талбар дахь далд гар ..

Барилдааны талбар дахь далд гар ..

80 жилийн ойг солгой өнцгөөс, гярхай дурангаар...

80 жилийн ойн баяраар 512 хүчит бөхчүүд зодоглосон нь манай аймгийн түүхэнд анхдагч болж байгаагаараа онцлог. Улсын гарьд БаяржаSANY0329вхлан, улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн, улсын харцага Амартүвшин, Ц.Содномдорж, Бямбажав, Г.Алтангэрэл, улсын начин Батзаяа, Б.Заяамандах, Цогбаяр нарын улсын цолтнуудаас гадна аймгийн цолтой

ч улсын цолтой бөхчүүдээс огт дутахгүй шижигнэсэн бөхчүүд олноор барилдсан нь наадмыг нэн сонирхолтой болгож байв.  Гэтэл үзэгчдийн хүсэн хүлээж байсан тэрхүү хүлээлтэнд сэв сүүдэр шургаж, бөхийн ам авалт оноолтоос гадна барилдаанд ямар нэг хуудуу ажиглагдаж эхэлснийг зарим гярхай хүмүүс тэр дор нь анзаарч хоорондоо шивэр авир гэцгээх нь чих дэлсэж байсан юм.
Өөрөөр хэлбэл улсын цолтой гарьд, заан харцагуудын ам авалт, мөн дөрвийн давааны барилдааны оноолт зэрэгт нөлөө бүхий этгээдийн далд гар шургалж, ам авалт оноолтууд тэрхүү зааврын дагуу явагдсан тухай явган яриа наадмын дараа газар авсан нь нууц биш.
Наадмын талбайд өрнөж байсан бодит үйл явдлуудаас ч үүнийг түвэггүй ажиглаж болохоор байв. Ер нь бөхийн ам авалт, оноолтын тухайд наадамчин олны тааварлаж байснаас эрс өөр шийдлүүд гарч ирж, зарим тохиолдолд ёстой л ангайлгаж байсан. Энд зарим нэгээс нь дурьдахад 1000 илүү бөх барилдсан улсын баяр наадамд 4 давсан эртэй бяртай аймгийн харцага Н.Батсайхан энэ наадамд өөрийн чадлаар зургаа байг гэхэд тав давах нь тодорхой байтал улс хувьсгалын 90 жилийн ойгоор улсын харцага цол хүртсэн нэг сумын уугуул, бараг л нэг довны хүүхдүүд болох Г.Алтангэрэл түүнийг тавын даваанд амласан нь хачирхал төрүүлэв. Хожим сонсохнээ тавын даваанд Батсайханыг ав гэсэн муйхар “команд”-ыг биелүүлэхээс өөр аргагүй болсон нь тодорхой болов. Долоогийн даваанд улсын гарьд Баяржавхлан, заан Мягмарсүрэн, аймгийн харцага О.Гантулга, З.Соёмбо нар үлдсэн байсан ба гарьд Баяржавхлан хоёр харцгаас ам авалгүй улсын заан Мягмарсүрэнг амласан нь сонирхол татаж байтал, тэр хоёрын барилдааны явцад  засуулууд зөвхөн заан Мягмарсүрэнгийн талаар дахин дахин барьц сонгуулж, хоёр бөх маань барьцаа сонголцож байхдаа инээлдэн, тэнд байсан түмэн үзэгчдийн нүдэн дээр үнэн бус барилдаан үзүүлсэн нь зарим нэгний эгдүүцлийг төрүүлж эхэлсэн бол наймын давааны заан Ц.Мягмарсүрэн аймгийн харцага З.Соёмбо нарын барилдаан мөнөөх “далд гарын нөлөө”-ний тухай хардалт таамгийг тодорхой болгох шиг болсон. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр энэ байдал үзүүр түрүүний барилдаанд жинэхэнэ үнэнээ дэлгэснийг тэнд байгсад бултаар мэдэж байгаа.
Наадам тарах үеэс эхлэн, одоо ч хүмүүсийн дунд өрнөх элдвийн явган яриа чих хангинуулсаар байх нь “овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ” гэдгийг эрхгүй санагдуулах.  Бөх сонирхогч, наадамчин олны зарим нь дараа жил улсын наадамд Ховд, Увс хоёр аймгаас шинэ заан төрөх бололтой гэсэн хар таамаг дэвшүүлж байгаа нь ч сонсогдох бөгөөд чухам ямар агуулгыг илэрхийлсэн болохыг хөөцөлдөн судлахаас түвэгшээв.
Хурдан морины хувьд элдэв будлиангүй сайхан болж байтал соёлон морьдын уралдааны үед нэгэн хурдан Copy_of_SANY0434соёолон бараг л барианы зурхай дээр ирээд газарт гэв гэнэт пидхийн хэвтэж, унаач хүүхэд нь золтой л дарагдчихалгүй нуруун дээрээс нь ховхорч амжив.    Газарт хавтгайгаараа хэвтэх аргамаг хүлгийн дэргэд тэр хавийн хүмүүс бүчин яав ийв болж, малын эмч яаралтай дуудаач гэцгээж байсан боловч харамсалтай нь 30-40 дөчин  минут өнгөрч, тэр морь амьсгал хураатал малын эмч  мал эмнэлгийнхэн ирсэнгүй. Хурдан морины ажлын хэсэгт энэ мэт болзошгүй эрсдэл захаас аван тохиолдоно гэдгийг гадарладаг хүн ядаж ганцын зэрэг ч байсангүй юу, эсвэл хариуцсан ажилдаа хэтэрхий хайхрамжгүй хандав уу гэдгийг асуумаар санагдана. Уг нь замын цагдаагийн газраас морины уралдааныг мал эмнэлгийн нэг машин дагана хэмээн мэдэгдэж байсан юм. Гэвч мал эмнэлэг морь дагасан ч морьд бариандаа орж ирлээ гээд ажлын хариуцлага алдан барианы зурхай дээрээс явчихсан байсан юм болов уу бүү мэд. Хурдан соёолон тэрийн унахад унаач хүүхэд нь  нулимсаа дуслуулж, эзэн нь мориныхоо цусыг ханаж байсан ч мэргэжлийн эмчийг яаж гүйцэх билээ.

 

Хүмүүсийн ажигласныгдамжуулвал

80 жилийнхээ ойг угтаж бүтээлч ажлуудыг эртнээс төлөвлөн хэрэгжүүлсэн нь наадмаа илүү ая таатай нөхцөлд, ядаж хол ойроос ирсэн зочид гийчдэд хотын өнгө байдлын талаар аятай сэтгэгдэл төрүүлэхүйц тэмдэглэсэн нь сайшаалтай.
Ховд аймгийн урдаас орж ирдэг авто замын дээр хүндэтгэлийн хаалга босгосон нь хүн бүхний сэтгэлд нийцсэн сайхан ажил болсон. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шиг Ховдыг зорьж ирж буй хүмүүст анхнаасаа аятай сэтгэгдэл төрүүлэх нь тэр хүмүүстээ ч бидэнд ч таатай зүйл гэдэг нь мэдээж.
Замын гэрэлтүүлэг гэр хороололд тавигдаж амжаагүй л байгаа болохоос  төвийн хэсэгт бүх гудамж талбай 2 талдаа гэрэлтүүлэгтэй болсонд нутгийн олон төдийгүй зочид төлөөлөгчид ч их олзуурхаж байна лээ. Ховд хотыг харах өндөрлөгийг урд Ямаат улааны энгэрт байгуулсан нь хүмүүсийн сонирхолыг ихэд татаж байгаа.  Гэхдээ уг өндөрлөг өөд гарахад хэтэрхий огцом буухад хүндрэлтэйн дээр өндөрлөгт хүрэх зам нь сайн л бол хоёр хүн зөрөх дайны нарийхан түүнчлэн замын нэг талын хашлага одоогийн байдлаар хийгдээгүй байгаагийн дээр гэрэлтүүлэг нь тун тааруухан юм. Иймээс өнөөгийн нөхцөлд “Ховд хотыг харах өндөрлөг” өөд “согтууруулах ундаа хэрэглэсэн хүн гарахыг хориглох, бага насны хүүхдийг ганцааранг нь гаргахгүй байх, өндөр настан, хөл гар муутай хүмүүс гарахаар бол заавал туслаж дэмжих хүнтэй хамт гарахаас гадна тийшээ гарсан ямар ч хүмүүст анхааралтай байхыг сануулсан  сануулга бүхий самбар босгох нь зүйтэй санагдана.
Харин энд нэг ялихгүй ховын чанартай зүйлийг уншигчиддаа дамжуулахад  аймгийн төвийн орон сууцнууд албан байгууллагын болон бусад  байшин барилгуудыг  бараг бүгдийг нь өөр өнгөөр, тэгэхдээ заримыг нь тод улаан, нил ягаан гэхчлэн хэтэрхий тод, зохицол муутай өнгөөр будсан нь хүмүүсийн сэтгэхүйд содон тусч, тэр ч байтугай “галзуугийн хот” гэсэн нэр хоч ч өгсөн нь сонсогдож байна лээ шүү.

Тэнцвэргүй бай шагнал

Ойн баяр наадам өндөрлөсний дараа энэ тэр хүмүүстэй наадмын сониныг хуучилж байтал бас нэг эргэлзээтэй зүйл сонорыг маань цочоов. Наадмын талбар дээр соёлон морьдын цолыг дуудаж, шагнал гардуулж эхлэж байхад цоллууж буй соёлонгуудын хажууханд шив шинэхэн дөрвөн мотоцикл гаргаад тавьчихсан гардуулахад бэлэн болсон байсан ба миний бие сонирхож гэрэл зургийн дуранд зургийг нь буулгаж авч билээ. Соёолонгийн түрүү магнайгийн уяач эзэнд УАЗ 469 машин, бусад соёолонгийнхад нэг нэг мотоциклийг бай шагнал болгон гардуулах нь тодорхой байсан ба тэр ёсоор гардуулж харгадсан. аман хүзүүнд давхисан хар соёлонгийн эзэнд ..................................компаниас өөрийн санаачлагаар нэг сая төгрөгийн шагнал гардуулж компаний захирал нь өөрийн хамгийн их таалсан хурдан хүлэг хэмээн тэрхүү соёолонгийн дэргэд зургаа авахуулж харагдсан. Гэтэл аман хүзүүнд хурдалсан хар соёлонгийн эзэнд мотоцикл оногдсонгүй үлджээ. Гардуулахаар гаргаж ирээд “данхраадчихсан”  байсан дөрвөн мотоцкиклийн нэг хаашаа орсныг  мэдэх хүн байхгүй хоцров. Хурдан морины ажлын хэсгийнхнээ асуугаад тодорхой хариу сонсож чадсангүй. Яриа дэлгэж суусан нэгний хэлэх нь ажлын хэсгийнхэн хувь хүн юмуу ямар нэг байгууллагаас шагнал гарч ирвэл өгөхөөр төлөвлөсөн бай шагналаа татаж авна гэж байсан үнэн болж таарлаа гэх. Тийнхүү төлөвлөснийхээ дагуу өгөх гэж байсан мотоциклээ буцааж авсан гэхэд түрүүлсэн аман хүзүүдсэн хоёр морины бай шагнал хэтэрхий  тэнцвэргүй байгааг бодолцох л хэрэгтэй байж. Цагтаа тулахад бараг адилхан бай шагнал өгөх ёстой хоёр моринд нэгэнд нь арван найм, есөн сая, нөгөөд нь ганцхан сая төгрөгний бай шагнал оногдож байгаа нь зохистой санагдахгүй л байгаа юм. Сая төгрөгний бай өгчихсөн шүү дээ хэмээн шалтаглаж болдог юм гэхэд нэг мотоцикл хаашаа орсныг мэдэхгүй байдаг нь сонин байгаа юм.

Наадамчид хогийн савны эрэлд гарч, бие засах газарт дугаарлав

Баяр наадмын үеэр цэнгэлдэхэд байсан хүмүүс уусан ундаа жүүснийхээ сав, чихрийн цаас зэргийг хаях гэж тэрүүхэндээ хогийн савны эрэлд гарч байгаа нь харагдсан.
Хүмүүс хогоо ил задгай хаяхгүйг хичээж, хогийн сав хайж байгаа нь наадмын талбайд бөөн бөөн хог үлддэг зохисгүй байдлаас зайлсхийсэн авууштай хандлага байсан боловч харамсалтай нь эхний өдөр цэнгэлдэхэд нэг ч хогийн сав харагдсангүй. Нэгэнт хогийн сав хайгаад олдохгүй байсан болохоор хүмүүсийн зарим нь  залхсандаа нүд хариулж байгаад шидэж, зарим нэг нь хогоо хөл дороо орхичихож байв. Харин наадмын хоёр дахь өдөр  харахнээ загасны хэлбэртэй хүүхдийн тоглоом юм болов уу гэхээр ганц хоёр зүйл харагдсан нь мөнөөх эрээд эрээд олдохгүй байсан хогийн савыг сая нэг юм авч ирж байрлуулсан хэрэг байлаа. Гэлээ ч гаднаас нь хараад хогийн сав гэхгүй, хүүхдийн тоглоом гэмээр харагдаж байсан болохоор хүмүүс бас л хогийн сав хайж дэргэдүүр нь өнгөрөн, зарим нь хогоо ил хаячихаж байсан. Морины бариан дээр бас л хог хаях гэж хогийн савны эрэлд гарах шаггүй ажил наадамчдыг чилээж байв. Маш хол хол зайтай ганц нэг цаасан хайрцаг харагдаж байсан ч тэр олон хүмүүсийн дунд ганц хоёр цаасан хайрцаг хогийн савны асуудлыг шийдсэн гэж болохгүй юм лав л бидний хэдэн хүмүүс хэрэг болгож хог хаях гэж нөгөө цаасан хайрцагийг нь эрээд ололгүй орхисон юм даг. Тэгэхээр наадмын бэлтгэл хангаж байх явцад эртнээс хогийн сав олныг байрлуулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй байж дээ гэж бодогдсон.
Жил жилийн баяраар хогийн сав, бие засах газрын асуудал хэцүүхэн байдаг. Эмэгтэйчүүд бие засах газар дугаарлаж, зарим эрчүүд нь хашааны булан, хүн багатай газрыг бараадасхийгээд морь харчихдаг тийм байдал энэ удаад ямар нэг хэмжээгээр дахин давтагдав.  Баяр наадмын үеэр ялгаагүй үүсэж буй нөхцөл байдал иргэд хүмүүсийн сэтгэлгээ хандлагад хэрхэн нөлөөлөхийг бодолцох нь чухал зүйл байлтай.
“Хүн болох багаасаа” гэдэг үг байдаг даа.  Бага балчраасаа хогоо хогийн саванд хийгээд заншчихвал наад зах нь Ховд хот цэвэр цэмцгэр байна, нөгөө талаар хүүхдийн хүмүүжилд нөлөөлнө шүү дээ.
Аймгийн 80 жилийн ойн хүрээнд нийтийн сэтгэлийг хөгжөөсөн зүйлүүдийн нэг нь хоёр орой дараалан болсон үдшийн цэнгүүн, урлагийн тогтлолт байсан 
Гэхдээ 31-ний оройн цэнгүүний үеэр микрофон нь царгиж дуулж байгаа дууных нь үг огт сонсогдохгүй байсан болохоор цугласан хүмүүс нэлээд бухимдаж байв. Цугласан олны бухимдлыг тайлах гэж салют буудуулж зарим нэгнийх нь чихний хэнгэрэгийг хагалчих шахаж байсан нь тийм ч сайхан зүйл биш байв. Монголчууд баяр наадмаараа салют буудуулж ирсэн уламжлал байхгүй. Тэгээд ч урд хөршийнхнийг дууриаж тэндээс авч ирсэн салют гэгчийг буудуулан эрэмдэг зэрэмдэг болсон тохиолдол сүүлйин үед их гарах болсныг санах нь илүүц биш байх хэмээн бодогдох.
80 жилийн эргэн тойрон дахь элдэв үзэгдлийг “гярхай дуран”-гаар “солгой өнцөг”-өөс дурандвал иймэрхүү дүр зураг харагдаж байгаа юм.

 

Г.Мөнх, Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ