Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Сонин хачин "ХОВДЫН ТОЛЬ" сонин, http://www.tsahim-toli.mn/ сая сая уншигчдынхаа хүсэл, сэтгэлийг тээж монголын ноён оргилд гарав

"ХОВДЫН ТОЛЬ" сонин, http://www.tsahim-toli.mn/ сая сая уншигчдынхаа хүсэл, сэтгэлийг тээж монголын ноён оргилд гарав

IMG_3815_copy
IMG_3825
03060604
Tugnii_omno
DSC000314
IMG_3903

АЛТАЙ ТАВАН БОГД ХАЙРХАНД
ӨНГӨРӨӨСӨН ӨДРҮҮД

-    Манай сонины эрхлэгч Г.Төрмөнх нарын баг
Монголын ноён оргилд амжилттай авирав-



Хүн амьтан бүү хэл газар дэлхий нэлэнхүйдээ дэлгэр зуны халуун дулаанд түүртэсхийн, өмсгөл зүүсгэлээ нимгэлсэн өдий зургадугаар сарын сүүлч дээр Алтайн уулсын тэргүүн суудалд залрах Алдарт “Таван богд” хайрхан тас нясхийсэн өнө жихүүн амьсгал юугаа цантуулан, мөс, цасан баринтагаа нөмөрч, мананд ороогдон дүнхийнэм.
Тэнгэрт цойлон дэвэх хүчирхэг жигүүртнийг санагдуулам дагшин их “Их Монгол” буюу, “Хүйтэн”-ий оргил, “Их наран” оргил, “Бүргэдийн оргил”, “Малчин” оргил, уулчид хийгээд жуулчин, судлаачдын нэрлэсэнчилэн “Герман - Монгол” оргил, “Чех – Монгол” оргил тэргүүтнүүд өдрийн туршид эх тэргүүн, энгэр цээжээ өтгөн мананд ороолгон,хүдэнтэж, тэр зүгийн салхин сэрүү татсан мөсөн амьсгалаар үлээх нь даардас хүргэж, сэтгэлийг жихүүцүүлнэ. Нэгэнтээ бороо шивэрч нэгэнтээ цас лавсаж, бас нэгэнтээ хүйтэн салхин үлээж, будан манан үргэлжид хөшилдөх нь ер бусийн сүрлэг болоод омог төгөлдөр.
Байгалийн энэхүү сүр зохицонгуйн дунд Монгол болон Непаль, Испани зэрэг зарим гадаад орны уулчин нөхөд арван хэдэн өглөөний нарыг угтаж, үдшийн нарыг жаргаасан бөлгөө.
Уулчид маань Монгол улсад уулын спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын уулын холбоо,

Монголын уулын хөтөчдын холбооноос зохион байгуулсан Монголын уулчдын нэгдсэн алпинад, Ази тивийн уулчдын хамтарсан авиралтанд оролцож, ийнхүү арван хэдэн хоногийг тэнд өнгөрөөсөн хэрэг.

Алдарт Алтай Таван Богд уулнаа болсон энэхүү нэгдсэн альпинад болон олон улсын хамтарсан авиралтанд Монголын уулчдын үндэсний холбоо, Монголын уулын холбоо, Монголын уулын хөтөчдийн холбооны удирдлага болон төлөөлөгчид, Непаль улсын уулын холбооны дарга Зимбааширваа, алдарт уулчин Цаст Гималайн Эвэрест оргилд 16 удаа гарсан Нимааширваа, нарын гурван уулчин, Испани улсын жуулчин уулын спортын тамирчин 3 хүний бүрэлдэхүүнтэй баг, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Өмнөговь, Дундговь, Багануур, Налайх, Хэнтий, зэрэг хот аймгуудаас очсон 17 багийн 100 гаруй тамирчид оролцсон ба тэдний 40 гаруй нь 4374 метр өндөр “Их монгол” оргилд авиран гарч, батламжлагдсан.
Монголын уулчдын нэгдсэн авиралт (алпинад)-ыг уулын спортын олон улсын хэмжээний мастер, нэрт найруулагч Ж.Явуухүү агсаны нэрэмжит болгон явуулсан юм.
Монгол улсын гавъяат тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер  Т.Гүррагчаагаар удирдуулсан, Уулын спортын мастер Б.Эрхэмбаяр ахлагчтай  Ховд аймгийн баг тамирчид, уулчин Н.Тылек (Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн офицер, ахмад), Г.Төрмөнх (Ховдын толь сонин, /www.tsahim-toli.mn/-ын эрхлэгч, сэтгүүлч), Ч.Болд (Жаргалант  сум, уулын спортын тамирчин), Д.Бөхжаргал (Алтай сумын уугуул, уулын спортын тамирчин), нар Өмнөговь аймгийн уулчин, уулын болон цанын спортын мастер н.Доржпалам, Улаанбаатар хотын залуу уулчин, уулын болон ханан хадны спортын мастер Б.Төгсжаргал нарын хамтаар “Их Монгол” буюу “Хүйтэн”-ий оргилд, байгаль цаг агаарын хамгийн хүнд нөхцөлд (цасан шуурганд), илүү хэцүү маршрутаар авиралт хийж, оргилыг эзэлсэн нь зохион байгуулагчид болоод нийт оролцогчдоос өндөр үнэлэлт авснаас гадна, спортын мастер Н.Эрхэмбаяр ахлагчтай  (Н.Эрхэмбаяр, Д.Бөхжаргал, Н.Тылек, Г.Төрмөнх, Ч.Болд) нарын бүрэлдэхүүнтэй манай баг тамирчид 4117 метр өндөр “Их наран” оргилд хамгийн хурдан хугацаанд, дахин амжилттай авиралт хийсэн нь олны талархалыг зүй ёсоор хүлээж, улмаар 2 удаагийн амжилттай авиралтийн үр дүнгээр алтан медалийн ззэд болсон юм. Тэрчилэн.  Мөн алдарт уулчин, гавъяат тамирчин Т.Гүррагчаа ахлагчтай, Г.Нямдаваа, (Ховд аймгийн Засаг дарга), Х.Бямбасүрэн (уулчин, аймгийн музейн захирал), н.Машбат (уулын спортын олон улсын хэмжээний мастер, нийслэлийн замын цагдаагийн газрын хэлтсийн дарга) нарын бүрэлдэхүүнтэй баг “Их Монгол” оргил 4374 метрт амжилттай авиран батламжлагдсан ба алдарт уулчин, найруулагч Ж.Явуухүү агсаны нэрэмжит шагнал хүртсэн юм. Энэ багийнхан Явуухүү агсаны амьд ахуйдаа хийж ажаагүй зарим ажлы авиралтын хугацаанд хийж, оргил дээрээс тэр орчны болон олон зүйл ургамал зэргийн зураг авч, баримтат киноны материал бэлдсэнээ бахархан ярьж байсан.
Уулчдын нэгдсэн Алпинад болон олон улсын хамтарсан авиралтанд Монгол улсын гавъяат тамирчин, Т.Гүррагчаа, н.Өсөхбаяр, саяхан Цаст Гималайн ноён оргил Эверестэд амжилттай авиран гарсан, уулын спортын нэрт тамирчин Гангаамаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер, Монголын уулын холбооны нарийн бичгийн дарга  Баянцагаан, мөн олон улсын хэмжээний мастер Монголын уулчдын үндэсний холбооны тэргүүнД.Ганбаатар, нарийн бичгийн дарга, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ, Мөсөн авиралтын холбооны тэргүүн Чагнаа, ОУХМ Готовдорж, Эрдэнэсүрэн, Батманлай, мөн ОУХМ, Баян-Өлгий аймгийн уулчин Агваанданзан, Жанирбек, ОУХМ Машбат, Батжаргал, спортын мастер Н.Эрхэмбаяр, Доржпалам,  марафон гүйлтийн Ази тивийн аврага, уулчин Цэрэндолгор, тэрчлэн дээр дурьдсанчилан Непаль улсын уулын холбооны дарга Зимбааширваа, алдарт уулчин Цаст Гималайн ноён оргилд 16 удаа авиран гарсан Нимааширваа гэх мэтчилэн олон алдартай тамирчид оролцож, залуу уулчдад туршлагаа өвлүүлэх, хамтран суралцах томоохон сургууль болсноороо онцлог байв.
Монгол улсын ерөнхийлөгч байхаасаа өндөр уулын спортод шимтэж, хэд хэдэн ууланд авиралт хийсэн Н.Энхбаяр ч эндээс хоцорсонгүй. Дагалдагсад бараа бологсодын хамт хүрэлцэн ирж, манай алдарт уулчин, гавъяат Т.Гүррагчаа гуайн ахалсан багийн бүрэлдэхүүнд авиралт хийсэн ба бас ч байгалийн чамгүй хүнд бэрхшээлийг туулан байж, “Их Монгол” оргилд амжилттай авиран гарсан ба энэхүү авиралтаа  ихэд бэлэгшээж, сэтгэл хангалуун буцан одсон юм.

 

Энд нэг зүйлийг онцлож дурьдахад Алтай таван богдын ноён оргилд гарсан авиралтуудаас байгаль цаг агаарын хамгийн хүнд нөхцөлд хамгийн хүнд зам, маршрутаар хийгдсэн авиралт нь Ховд аймгийн баг тамирчид, Өмнөговь,аймаг, Улаанбаатар хотын тус бүр нэг уулчны хамт авирсан авиралт байв.
Тэрээр 6 сарын 19 – ны өглөөний зургаан цагт уулын хормой дахь уулчдын нэгдсэн буудал буюу “баз лагер” – аас хөдөлсөн уулчдын баг Потанины мөсөн голыг саадгүй гатлан, Оргилын өмнө талаас буюу илүү их эрс, эгц тогтоцтой хэсгээр нь дайралт хийсээр үд хэвийхийн хэрд оргилд хүрэх 2 дахь өндөрлөгийг эзэлсэн ба яг энэ үеэс уулын оргил хийгээд энгэр, хормой биеийг битүү манан бүрхэн жихүүн салхи салхилж, улмаар цасан шамрага тавьж эхлэв. Уулчдыг авиралтаа үргэлжлүүлэх тусам шамрага улам ширүүсэж, манан улам өтгөрөн нэг алхамаас цаашхийг харах ямар ч боломжгүй болсон ба нэн ялангуяа хүрэх оргил хаана байгааг баримжаалахад нэн бэрхтэй байлаа. Үзэгдэх орчин хязгаарлагдсан ийм нөхцөлд өндөр уулын оргил хяр хэсэг дээгүүр олсоор холбогдон хамгаалалт бэхэлгээ хийсэн уулчдын хувьд мөсөн хананд хальтрахаас эхлээд, мөсөн ангалуудад боогдон түүнийг гэтлэж гарахын  тулд мөсөнд тусгай зориулалтын гадас (шруп) зоож бэхэлгээ хийн олсоор дамжиж уагшлах, эгц цавчим ирмэг хясаа руу хөл алдахаас байнга сэргийлэх тэргүүтнүүд бол энгийн үзэгдэл. Хувцас болон бээлий норж, үүгэвчнээс ойр зуурын юмсын гаргахад ч хүндрэлтэй болж байв. Энэ бүхнийг тэвчин туулсаар 17 цагийн үед  оргилыг эзлэв.
Оргил дээр цасан шамрага нэн айхтар бөгөөд оргилд хүндэтгэл үзүүлж, өргөлийн зүйлийг өргөх, төрийн далбааг мандуулж, өөрсдийн байдлыг фото дуранд буулгах гэхчлэн 3-4 хөн минут саатахад гар бээрч, хөдөлгөхөд ч бэрхтэй  болж байсныг энд дурьдах нь илүүц байж магад. 
Байдал иймийн учир оргилоос яаравчилан буусан ба манан онгойхгүй, шасан шамрага ч зогсохгүй нь буултыг хүндрүүлж байв. Тэрээр буухдаа өмнө нь уулчдын буусан мөрийг дагаж оргилын ар тал руу уруудсан ба мөр нэг алга болж, нэг ил гарсаар бүрэнхий нөмрөх үес мөр хөөх ямар ч боломжгүй болсон юм.  Манан болоод цасан шамарган дунд цөхрөлтгүй зүтгэсээр нэгэнтээ оргилын доор хормойн хэсэгт ирсэн ч, бүүр доош буух хүртэл чамгүй эгц градустай  мөсөн хана өмнө хөндөлсөнө.
Тэрхүү мөсөн ханыг туулан буухаар хэд хэдэн газраар дайралт хийсэн ба тэр бүрийд үзүүр нь харагдахгүй том том мөсөн ангалууд давхарлан цасан хучлагаар өнгөлөн далдалсан ангалууд явах тусам олон болж ирсэн нь ихэд эрсдэлдтэй байв. Ийнхүү харанхуйд зам туулах аргагүй болсон тул оргилын энгэр хэсэгт хаданд хоргодон үүр гэгээрэхийг хүлээхээр шийдэцгээв.
Буцаж дээш авиран хаданд хүрсэн ба уулын хэрэглэлээ тайлан, нөмөрлөчихмөөр хоёр томоохон хадны задгай хэсгийг чулуу, эн тэрхэн өрөн байж битүүлэх аядаад тэр завсарт бөөгнөрөн сууцгааж, авч явсан хийн шатаагч буюу “газ”-аараа гал гарган дулаацсаар шөнийг өнгөрөөв. Мөсөн бүрхүүлээр хучигдсан уулын өндөр хэсэгт шөнөөр дулааны хэмийг баримжаалвал магадтай хасах хорин хэдэн гадусаас багагүй. Даарна гэдэг ч тоймгүй. Мөдхөн гэгээ ормогц хөдлөхөөр завдаж байтал тэнгэр дахин битүү манангаар бүрхэж, үлэмж хүчтэй цасан шамрагаар нүдэж эхлэв. өнгөрсөн үшийнхээс огтхон ч дээрдэхгүй ийм нөхцөл дунд мөнөөх мөсөн ханан дундуур дайралт хийх гэж бас хэдэн удаа оролдоод, хамгийн хэцүү нь харагдах орчин хязгаарлагдмал учраас боломжийн зам ололгүй эргэж буцсаар үд хэвийлгэж, мөдхөн орой болох нь ээ хэмээн байтал уулын спортын ОУХМ Агваанданзан, ОУХМ, УҮХ-ны тэргүүн Д.Ганбаатар ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ Жанирбек, .... нарын бүрэлдэхүүнтэй авран туслах багийнхан ирж, зам зааж өгч тусалсанаар сая уулнаас, шруп тавин  саадгүй бууж, бааз лагерт хүрч очсон юм.
Уулчин, ОУХМ Агваанданзангийн хэлснээр уулын оргилд 32 цагаас илүү хугацаагаар авиралт хийх нь үхэлд хүргэх эрсдэлтэй хэмээн хориглодог ба манай баг оргилд 36 цагийг өнгөрөөсөн нь урьд өмнө тохиолдож байгаагүй дээд амжилт болсон аж.
Альпинадын үеэр иймэрхүү хүнд нөхцөлд хийсэн авиралтууд хэд хэд байсны нэг нь манай алдарт уулчин Т.Гүррагчаагаар ахлуулсан Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй багийнхны авиралт. Тэд шөнийн авиралт хийж, мөн битүү манан, цасан шамарган дунд олон цагийг өнгөрөөсөн ба бүхэл шөнийн турш буух мөрөө олохгүй, уулын оргилд хэд хэдэн удаа буцаж гарсан аж.
Эдгээр тохиолдлуудыг энд үгүүлэхийн учир нь уулчид болоод бусад спортынхон ер нь аливаа зүйлд санамж, сургамж болох болуужин гэснээс билээ.
Таван богд уулнаа болсон авиралтууд үндсэндээ амжилттай сайхан болсны дотор 6 сарын 22-ны өдөр “Их наран” оргилд гарсан мастер Н.Эрхэмбаяр ахлагчтай Ховд аймгийн уулчдын багийн авиралтын хурд, хүч, шаламгай байдлыг нэрт уулчид, дасгалжуулагчид ихэд үнэлж байсныг дурьдахыг хүсэв.
Ийнхүү Монголын анхны төрт улс болох Хүннү гүрэн үүссэний 2220 жил, Монгол улс тусгаар тогтносны 100 жил, Монголд уулын спорт үүсэж, хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан явуулсан уулын спортын нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөн, уулчид нутаг нутгийн зүг жолоо залахад, Их богд уулсын хурц, дагшин оргилууд мөсөн баринтагаа нөмрөн, тэргүүн сууриндаа ханхайсаар хоцров.
Дашрамд үгүүлэхэд Ховд аймгийн удирдлага холбогдох нөхдөөс сүүлийн жилүүдэд эр зориг омог бахархалыг хөгжүүлэн хөхиүлэгч өндөр уулын спортыг идэвхийлэн дэмжиж, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Алдарт “Хөх сэрх”-ийн уулсын ноён оргилд авирах авиралтыг зохион байгуулан явуулахаар тогтсон нь мөдхөн болох гэж буй билээ.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ