Download Firefox
Download Firefox

Sunday, May 31st

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС О.Цэнгэл: Өлөнгийн өнгөрөөр гоо сайхны үндсэн түүхий эд хийдэг

О.Цэнгэл: Өлөнгийн өнгөрөөр гоо сайхны үндсэн түүхий эд хийдэг

Бизнесийг дэмжих булан Бид энэ удаагийнхаа бизнесийг дэмжих булангийн зочноор “Арслан бар” ХХК-ны захирал О.Цэнгэлийг урьж ярилцлаа. -Үйлдвэрлэлийнхээ хүчин чадлаас сонирхуулахгүй юу? -Манай цех 1997 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан. Үйлдвэрийн хүчин чадал гэвэл өдөртөө 1000-1200 ширхэг өлөн боловсруулах хүчин чадалтай. -Хичнээн ажилтантай вэ? -Өвлийн цагт 30-аад өдийд бол 15- 16 ажилтантай байдаг. -Боловсруулсан өлөнгөө хааш нь яаж нийлүүлдэг вэ? -Эндээ боловсруулаад Улаанбаатар руу явуулдаг. Тэндээс нэгдсэн журмаар Германд гаргадаг юм байна лээ. -Танай дээр эцсийн бүтээгдэхүүн хийхгүй юу? -Эцсийн бүтээгдэхүүн хийгдэхгүй. Хагас боловсруулаад 4-5 сорт хийгдээд хонь, ямаагаараа ялгараад явдаг. Яг эцсийн бүтээгдэхүүн хийвэл их ашигтай л даа.

Гэхдээ аймагт байгаа ийм жижиг үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн хийгээд нааш цааш гаргая гэвэл ямар ч боломжгүй л дээ. -Та өөрөө ямар мэргэжилтэй вэ? -Би биологийн багш. -Анх хичнээн ажилтантай байгуулагдаж байсан. Ер нь яагаад энэ бизнесийг рүү орох болов? -Зах зээлийн л давалгаа юм байлгүй дээ. Өлөн гэдсийг эхлээд манай монголчууд зах зээлд борлуулж мэддэггүй байлаа. Агентад хаа нэг хямд үнээр өгдөг байсан. Гэтэл цаанаа бол их үнэтэй. 1965 онд Гярманаас хүмүүс ирээд өлөн авч байсан. Бүр таван үедээ монголоос өлөн авч байгаа тохиолдол бий л дээ. Нэг хэсэг баруун тал руу түүхий эд маш ихээр гардаг байлаа шүү дээ. Тэгээд өлөнг залхууралгүй янзалж цэвэрлээд аваад очиход эндээс 50, 100 төгрөгөөр авсан өлөнг хүмүүс“энэ балиар заваан үнэртэй юмыг чинь монголчууд хэрэглэдэггүй юм. Чи бараг идэх хоолгүй дээ үүнийг авч байгаа юмуу” гэх зэргээр доромжлоод өгч байлаа шүү дээ. Тэгэхэд тэр өлөн нэг нь 12 юань хүрдэг байсан. Тийм зүйл хийж байгаа хүн чинь яаж багшийн цалин хараад суухав. Ингэж л энэ бизнес рүү орсон. Тухайн үед хүмүүс ч их өлөн авч баруун тал руу гаргадаг байсан. Харин шүлхий гарч түүхий эд гаргахаа больсоноос хойш энд боловсруулах үйлдвэр зайлшгүй барих орон зай гарч ирсэн юм. Гэхдээ анхны энэ боловсруулалтыг аймаг болгон хийдэг л дээ. -Өлөнгөөр ер нь юу юу хийж болох вэ? -Европын орнуудад бол сосиск хийх үндсэн бүтээгдэхүүн юм байна лээ.

Дээр үед бас хагалгааны утас хийдэг байсан. Одоо тэр хоцрогдсон. Хамгийн гол нь иддэг хүнсний бүтээгдэхүүнээ хийж хадгалах гол зүйл болж байгаа юм. -Өлөнгийн доторх өнгөр арьс цайруулах үйлчилгээтэй гэж сонсож байсан. Тэр үнэн үү? -Түүнийг чинь би харин одоо боловсруулах гээд үйлдвэрлэлийг нь оруулж ирэх гэж байна. Энэ үйлдвэрлэлийг оруулж ирэхэд Мерси кор олон улсын байгууллагаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. -Өнгөрөөр тэгээд яг юу хийх вэ? -Эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулаад гаргахад гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болдог. Тэгэхээр нэгд, гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн түүхий эд. Хоёрт, дутуу төрсөн хүүхдийн инкубаторын дотор талд байдаг шаргал хулдаас шиг зүйл байдаг шүү дээ. Түүнийг хийдэг. Тэгэхээр түүнийг хамгийн гол нь хаягдалгүй боловсруулах талаас нь нэлээд явж судалсан. Ер нь ямар ч үнэр танаргүй болох юм байна лээ. -Өнгөр боловсруулах тоног төхөөрөмж үнийн хувьд ямар байх юм? -Доод тал нь 20 орчим сая төгрөг байдаг. -Дээрх байгууллагаас гадна өөр төсөл, хөтөлбөр болоод аймгийн төр захиргааны байгууллагуудад дэмжүүлэхээр хандаж үзсэн үү? -Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах гээд төсөл бичиж өгсөн ч банкинд зээлтэй болохоор авч чадаагүй. Бид нар чинь зээлээр л хөдөлж байна шүү дээ. Харин төслөө сайн бичээд ороход Мерси кор байгууллага өртөг шингэсэн иймэрхүү төслийг дэмждэг юм байна. Манайд 7 сая төгрөгийн буцалтгүй төсөв олгож байгаад их талархаж байгаа. Надад анх удаа тусламж үзүүлж байгаа газар бол Мерси кор байгууллага. Банкны хүүтэй зээл бол хаанаас ч л олдож байгаа юм. Харин ингэж буцалтгүй олдож байгаа зүйл ихээхэн дэмжлэг болно л доо.

Нэг хэсэг хувийн байгууллагуудыг эзгүй юм шиг хаячихсан үе байлаа шүү дээ. Тэгэхэд одоо харьцангуй гайгүй болж байна. -Танай байгууллагын хувьд тулгамдаж буй гол бэрхшээл юу байдаг вэ? -Хамгийн гол нь ажиллах хүч. Өлөн гэдэг чинь өөрөө боловсруулах зам учраас үнэртэй байх нь аргагүй. Харин бид тэр үнэр танараас нь салгаад боловсруулж гаргадаг. Гэтэл хүмүүс өлөнгийн цехийн ажил гэхээр л муу хүмүүс хийдэг гэж ойлгодог ч юмуу. Өлөн хийгээд өчнөөн баян явж байгаа хүмүүс байна. Ийм цехэд ажиллаад ажил амьдрал нь тэгширсэн, боломжийн сайхан амьдарч яваа хүмүүс ч олон байдаг. Ер нь ажил хүнийг голно гэхээс хүн ажил голох ёсгүй л байхгүй юу. Бид хөдөлмөрлөж байж л амьдардаг ш дээ. -Өлөнгийн цехэд ажиллахад мэргэжил хэр шаарддаг вэ? -Шаардана. Гэхдээ харьцангуй бусад салбарыг бодвол гайгүй. Бид ажилчин авна гээд зар өгөхөд хүмүүс нэлээд ирж байгаа юм. Харин ирчихээд ганц нэг хоноод шантраад явчихаж байгаа хүмүүс байдаг. Манайх анх ажилд орж байгаа хүмүүст эхний сард нь цалингийн доод хэмжээ буюу 145 мянган төгрөг өгдөг. Тэгээд дараа дараагийн сараас ажлынх нь бүтээмжээр үнэлээд эхэлдэг. Тэгэхэд бол хүмүүс дундаж нь 300 мянган төгрөг авч байх жишээтэй. Үйлдвэр гэдэг чинь нэг үйлдлийг дахин давтан хийдэг болохоор нэг л сураад авах юм бол амархан шүү дээ. Хүний бие зүгээр байж байгаад гэнэт хөдлөөд эхлэхээр булраад нэг хэсэг хөдлөхөд эвгүй байна аа даа.

Тэгэхэд нь зарим хүмүүс шантарчихдаг. Манайд одоо ажлынхаа бүтээмжээр хөдөлмөрөө үнэлүүлээд 400-500 мянган төгрөгийн цалин авч байгаа хүмүүс олон байна л даа. Энэ ажлыг тасралтгүй 1 жил гаруй хийхэд л цаашид хэнээр ч заалгахгүй ажиллах чадвартай болчихдог. -Одоо танайд ажлын орон тоо байна уу? -Байна. Ер нь хавар, намарт ажиллах хүч жаахан багасах юм. Бусдаар бол гайгүй. Одоо энэ 21 мянган төгрөгийг өгөх буруу юмуу гэж бодогдох юм. -Яаж байна? -Ажил ихтэй үед нөгөө хүмүүс чинь 21 мянган төгрөгөө авна гээд алга болчихдог юм. Яасан гэхээр оочирлоод л гэнэ. Бараг худалч хүнд зарим нь 7 хоног оочирлосон янзтай л байдаг. Би сүүлийн үед бүр гайхаад байгаа юм хүмүүс тийм залхуу болчихсон юмуу, эсвэл манай Ховдын ард түмэн тийм баян болчихсон юмуу гэж. 1990 хэдэн оны үед Солонгос зэрэг гадны улсууд руу ажилчид гараагүй байхад ажилчин авна гээд зарлахаар хүмүүс их ирдэг байсан. -Одоо ирж ажиллаж байгаа хүмүүсийг харж байхад ажилдаа хэр байх юм? -Би уг нь 40-өөс дээш насны хүмүүсийг авч ажлуулбал ажлын бүтээмж муу байдаг байх гэж боддог байсан чинь үгүй юм байна. Гэтэл тэд нар чинь юманд их хариуцлагатай, ажлаа яс хийдэг юм байна. Гэхдээ залуу хүмүүсийн гарыг яаж гүйцэхэв. Хэдийгээр залуучуудад энэ давуу тал байсан ч их залхуу байна. Залхуу байна гэдэг чинь хүмүүс өөрсдийгөө тэгэсхийгээд болгоод байх шиг байгаа юм. Одоо манайд анх цех байгуулагдахад л ажилд орж байсан охин өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Хэнээс ч юу ч гуйхгүй гэр орон, ар гэрийнхээ амьдралыг аваад явж байна. -Танайх цагийн ажилтан авч ажлуулдаг уу? -Ер нь бол урьд нь тэгж нэг их ажлуулж байгаагүй. Гэхдээ хамгийн гол нь тухайн ажлаа хариуцлагатай сайн хийж байвал одоо цагийн ажилтан авч ажлуулахад бэлэн. Манай хамгийн гол тавих шаардлага бол ажлын цагаа хий дэмий өнгөрөөх асуудал байх ёсгүй.

Тэгвэл тэр хүн өөрөө хийснээрээ цалинждаг учраас өөрийнх нь ажил л хоцорно гэсэн үг. Ер нь тэгээд ганц өлөнгийн цех ч биш хаана ч хүнд ажил хийж өгч байгаа бол чин сэтгэлээсээ ажлаа хийж байгаа хүнд л хүн дуртай байдаг юм ш дээ. -Одоо сүүлийн үед нэг ийм зүйл ажиглагдаад байдаг боллоо. Нэг талд нь ажиллах боловсон хүчин олдохгүй байна гэх хүмүүс байхад нөгөө талд нь ажлын байр олдохгүй байна гэсэн хүмүүс их олон байх юм. Энэ ер нь юунаас болоод байна вэ? -Энэ бол ерөнхийдөө хүмүүс их залхуу, бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаагийн л илрэл байх. Ажил их голж байна. Ер нь залхуу хүмүүс л ядуу байгаа юм. Ажлаа хариуцлагатай, яс хийдэг хүний цалин гаргаж өгөхөд хүртэл урамтай байдаг байхгүй юу. Анх 1990 хэдэн онд ажиллаж байсан хүмүүсийн байдал, одоо орж ирж байгаа хүмүүсийн байдал хоорондоо шал өөр байгаа юм. Сүүлийн үеийн хүмүүс болохоор яаж л цаг өнгөрөөх вэ, яаж олон гэдэс хийсэн юм шиг харагдах вэ гэх янзтай байх нь ч бий. Гэтэл 1990 хэдэн онд ажилд орсон охидууд болохоор би энэ үзүүрийг яг л яс гаргаад хийх ёстой гэсэн сэтгэлгээтэй байх жишээтэй. Хүний ёс суртахуун, хүмүүжил хүртэл их өөр болж байна шүү дээ. -Өлөнгийн олдоц хэр вэ? -Гайгүй. Бүр тасарна гэж байхгүй. Өвлийн цагт ихэсдэг. Ер нь жилээс жилд багасч л байна. Гэхдээ огт ажилгүй болоод зогсоно гэж байхгүй л дээ. Өвөлд ихээр орж ирсэн өлөнгөө хадгалж байгаад байнгын ажилчдаа тогтмол ажилтай байлгахын тулд жигд хувиарлаад боловсруулдаг юм. Манайх ажилчдаа “за та нар өнөөдөр гараад амар” гэсэн асуудал одоог хүртэл тохиолдоогүй л байна. Хэрэв өлөнгийн боловсруулалтын ажил багасаад ирсэн тохиолдолд тэднийг ажлаар хангах бүрэн бололцоотой. Тухайлбал, ногооны талбайдаа аваачаад хэдэн өдөр ажлуулах, мөн шинээр баригдаж байгаа үйлдвэрийн барилга дээр ажлуулах зэрэг. -Өлөн боловсруулах үйлдвэрт тоног төхөөрөмж гэхээр юу байх вэ? -Тоног төхөөрөмж гээд байх нэг их зүйл байдаггүй. Өлөн хөвдөг нэг машин байдаг. Гэхдээ тэр хүний гар ажиллагааг гүйцэхгүй. -Цаашид үйлдвэлэлээ өргөтгөх бодол байгаа юу. Хэрэв өргөтгөвөл ямар асуудал тулгамдаж байна вэ? -Би уг нь энэ өргөтгөлөө энд баръя гэж бодоогүй юм. Гэтэл газрын асуудал шийдэгдэхгүй байсаар газар олдохгүй болохоор нь эндээ барьж байна. 2008 онд урагшаа богинын баазын доод талд нэг айлын хашааг худалдаж авсан юм. Тэгээд бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн боловч газрын асуудал шийдэгдээгүй. Бүхэл бүтэн хоёр жил хүлээсэн. Бид чинь цаг наргүй ажилладаг болохоор тэгж их цаг хугацаа алдаад өдөр бүр түүний араас гүйгээд байж чадахгүй байгаа юм л даа. Тэгээд болохоо болиод аймгийн Засаг дарга дээр хүртэл орж үзсэн. За шийдээд өгнө л гэсэн. Хоёр жил хүлээсэн тэнд 13 машин чулуу, тоосгоо авч тавьчихаад.

Тэгсэн хоёр жилийн дараа танд газар олгох боломжгүй юм байна гэхээр нь эндээ өргөтгөлөө хийсэн. Одоо энэ намар ашиглалтанд оруулна. Анх бид нарыг энд газар авч үйлдвэрлэлээ явуулж эхлэхэд цэлгэр тал шахуу газар байсан. Энэ урдах шинэ 60 айл гэх зэрэг энэ хавийн барилгууд байгаагүй. Гэхдээ өлөнгийн цех чинь хүнсний үйлдвэрийн нэг төрөл шүү дээ. Үнэр л байгаа болохоос биш бусдаар ямар нэг химийн бодис энэ тэр хэрэглэдэггүй. Ердөө давс, ус хоёроор л хийдэг зүйл л дээ. -Өнгөр боловсруулах үйлдвэр бусад аймагт байдаг уу? -Байхгүй. Манайх бусад аймгуудаас анхдагч нь болж байгаа. Үүнд бас нарийн мэргэжлийн ур чадвар ихээхэн шаардаж байгаа юм. Миний мэргэжилтэй ойр учраас надад нэлээд дөхөмтэй байгаа. Энд чинь бүхэл бүтэн бага хэмжээний үйлдвэрлэл явагдана. Хятадад үүнийг гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн түүхий эд хийдэг гэж дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр эрт дээр үед Хатад энэ өнгөрийг бас гоо сайхандаа хэрэглэдэг байсан гэдэг юм билээ. Энгийн жишээ хэлэхэд одоо гар сайртаад ирэхээр хусааны ажил дээр ороод өнгөр дотор гараа оруулаад ажиллахад гар их гоё зөөлөн, цагаан болдог. -Өнгөрөөр нүүрэндээ маск тавьж үзсэн үү? -Нүүр холцруутаад байхаар нь тавьж үзсэн. Тэгэхэд дороо л зүгээр болдог юм байна лээ.

Одоо манай энэ хусаан дээр ажиллаж байгаа охидуудын гар, нүүр царай бол ярих юм байхгүй үнэхээр гоё. Бас өлөн гэдсийг эмчилгээний зориулалтаар хамрын цус алдалт явагдаж байгаа үед хэрэглэдэг. Яг тийм үед цагаан гэдсийг нь хэрэглэж болохгүй юм байна лээ. Харин улаан гэдэс хэрэглэх нь зүйтэй. Би бүр өөрөө туршиж үзсэн. Хамгийн гол нь тэр цус алдалтыг тогтоохын тулд нэг үзүүрийг нь боож хамар руугаа хийчихээд наанаас нь ус хийгээд шахна. -Өлөнг ер нь хэрхэн яаж авч, хадгалж нийлүүлэх ёстой байдаг вэ? -Хамгийн гол нь нядалгаа хийчихээд өлөнгөө нэг нэгээр нь хөлдөөж болохгүй. Хэрэв хөлдөөхөөр байвал бөөн хөлдөөх хэрэгтэй. Харин болж өгвөл хөлдөөлгүй авч ирж өгвөл сайн. Хэрэв хөлдөөхөөр болвол тасалж, гэмтээж болохгүй. Уг нь хамгийн урт нь 32 метр хүрдэг. Гэхдээ дундаж нь 23 мерт байдаг. Хөлдөөхдөө гадуур нь хамгаалалж уутанд хийх хэрэгтэй. Тухайлбал, ходоод, сархинаг, олгойнд нь хийх ч юмуу, эсвэл гялгар уутанд хийж болно. Өвлийн цагт өлөнгийн үнэ уналаа гэж ярьдаг. Гэтэл тэр чинь өлөн ихэссэндээ унаж байгаа юм биш буруу хадгалж гэмтээсэн болохоор үнэ унадаг. Бидний хувьд өлөнгийн ханшийг унагаахгүй байх боломжтой. Ном журмынх нь дагуу зөв хадгалсан өлөнг тогтмол үнээр нь авч байгаа. Харин ямааны гэдсийг халуун дээр нь хурдан хөвөх ёстой. Тэгэхгүй болохоор ямаа чинь өөрөө сэрүүн амьтан учраас амархан царцаж гэмтдэг. Тиймээс хамгийн гол нь гэмтээхгүй байх нь чухал. -Манай уншигчдад хандаж юу хэлэх вэ? -За, Ховдын нийт ард түмэндээ удахгүй болох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн мэнд дэвшүүлээд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэн манайхтай хамтран ажиллахад хэзээд нээлттэй шүү. Миний утас 99432187, 99098963. Ярилцсан: Ж.Саруул

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ