Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 26th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Тэргүүн нийтлэл ТЭРГҮҮН НИЙТЛЭЛ “Хан тэнгэр”-ийг дөрөөлж, “Дэлхийн дээвэр”-т тэмүүлнэ

“Хан тэнгэр”-ийг дөрөөлж, “Дэлхийн дээвэр”-т тэмүүлнэ

Г.ТӨРМӨНХ

Алдарт тамирчин Тавааны Гүррагчаагийн тухай хөрөг тэмдэглэл

1. “Хүн хар гөрөөс” үү?, “уулын хүрэн бүргэд” үү? Нэгэнтээ Ховд аймгаас төрсөн алдартнуудын уулзалт болох үеэр өдгөө далан насны босгыг алхсан нэгэн алдартан үе тэнгийн алдар гавъяатнуудыг явган аялал, спорт арга хэмжээнд оролцохыг уриалж “…..нас гэдэг бол надад тоо төдийхөн юм. Нас ахихад хүн аливаа идэвхтэй үйл ажиллагаа хийх боломжгүй болдог гэж бодох хэрэггүй. Энэ зөвхөн сэтгэлээс л шалтгаална” хэмээн тэнд байгсадын заримыг гайхшируулж, заримынх нь урмыг сэргээж байсан нь тун чиг содон санагдсан юм. Энэ хүн бол Монгол улсын гавъяат тамирчин, хөнгөн атлетик, өндөр уулын спортын олон улсын хэмжээний мастер, Ази тивийн шилдэг уулчин Тавааны Гүррагчаа байв. Тэрээр далан насыг насалсан хэр нь арван наймтай залуу хөвгүүнтэй адил хөнгөн шингэн, эрч золбоотойгоор ажиллаж амьдарсаар, уулын бүргэд шиг дүүлж яваа нь мөнөөх хэлсэн үгнийх нь баталгаа болж, настануудыг төдийгүй идэр залуусыг ч золбоолог, хийморьлог зүйл рүү даллан дуудах ажээ. Дөнгөж сая хэдхэн хоногийн өмнө цагдаагийн байгууллагын шижигнэсэн хэдэн залуусыг дагуулан Алтай таван богд уулын Их Монгол оргилд авирахаар аяны жолоог залж одсон. Насаараа шахам хээрээр гэр, хэцээр дэр хийж, ёстой л үхэхээс бусдыг үзсэн түүний хувьд уулын оргилд зүглэн хээрийн замд гарах нь бахархал, жаргалыг авч ирдэг байх. Нэгэнтээ аяны замд дөрөө нийлж, аймгийн ЗДТГ, Байгаль орчны албанаас зохион байгуулсан байгалийн аяллын маршрутын дагуу дагшин их Мөнххайрхан уул, цаст Цамбагарав ууланд авирч, Алтайн өвөр говийг туулан явахдаа “Унаад мордоход урамтай Унаган жороо морь юмаа Уулзаад ярихад ялдамхан Ухаантайхан нөхөр юмаа Хазаараан дармаа нь агсамхан Хатираа сайтай морь юмаа Ханилаад явахад түшигтэй Харгуй замын нөхөр юмаа хэмээн эршүүд хойлоогоор хангинуулахыг нь сонсоод баймаар амттай санагдах. Замын хол аяны уртад нөхөрлөж дассан анд нөхөд, шавь нараас эхлээд Орос, Гөрман, Унгар, Чех, Польш, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Балба, Тайван гэх мэтчилэн олон хэлийн олон орны хүмүүстэй ганзага нийлүүлж, бэрхшээл саадыг хамт туулж ирсэн болохоор энэ дуу сэтгэлд нь дотно сайхан санагддаг тухай тэр ярьсан. Бас заримдаа “Даян пангийн даваагаар Давахдаа нэг л давна даа Дассан амраг Жааваагаа Авахдаа нэг л авна даа …” хэмээн аян замын уур амьсгалыг хөгжөөнө. За тэгээд уул хаданд явганаар аялах, уулын оргилд мацах, хад асганы бартаа саад ихтэй бэрх замыг туулах зэрэгт бол жинхэнэ “юм үзүүлнэ” дээ. Ямар сайндаа аймгийн БОАЖГ-ын дарга Ч.Түмэндэмбэрэл хошин болгон, түүнийг “хүн хар гөрөөс” гэж нэрлэх вэ дээ. Миний хувьд бол дээр үгүүлсэнчилэн түүнийг уулын хүрэн бүргэдтэй зүйрлэмээр санагдана. 1963 онд 18 насандаа цэргийн албанд татагдсанаас хойш гол төлөв батлан хамгаалах салбарт ажиллаж, 1966 оноос Засгийн газрын ордны хамгаалалтанд төлөөлөгч, улмаар ахлах төлөөлөгч, төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын офицер байж, төр засгийн удирдлага өндөр албан тушаалтнуудтай шадар дотно байснаас эхлээд биеийн тамир спортын салбарт дасгалжуулагч, ордны дарга зэрэг удирдах ажил хийж, хийж, хажуугаар нь спортын олон төрлийг хөгжүүлэх үйлсэд зүтгэн, бэлтгэл дасгалаа базааж, улс олон улс, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, зүтгэж хөдөлмөрлөж явсан өмнөх он жилүүдийнхээ дурсамжыг хуучлахыг нь сонсоход тэр болгон олддоггүй ховор кино үзэх мэт сонирхолтой. Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Р.Батмөнх нарын тухай алба, амины дурсамж, тэр ч байтугай хувийн зан чанарын тухай гайгүй сайн мэдэх маш цөөн хүмүүсийн нэг нь ч байж магад.

2. Хан тэнгэрийн оргилд гарсан тухай ховор дурсамж Түүний ярианаас нэг зүйлийг чухам голдоо ортол мэдэрч авсан маань уулын спорт, уулчдын эр зориг, эрхэм дээд чанар, магадгүй амьдрал, хүсэл зоригийн тухай энэ ертөнцийн төсөөллөөс хэтийдсэн өвөрмөц шинж төлөв юм. Уулын спортыг олимпын төрөлд багтааж болдоггүй юм байхдаа гэсэн бодол хэн нэгний толгойд ордог эсэхийг мэдэхгүй. Нэгэнтээ ийм бодол төрөөд Гүрээ гавъяатын шавь, Ховд аймгийн уулчин Болдбаатартай яриа өдөхөд “тийм боломж байхгүй юм. Гималайд авирч байгаа уулчдын авиралтыг олимпын нэг төрөл болгоод өрсөлдүүлнэ гэхэд дэндүү эрсдэлтэй. Тухайлбал далайн түвшнөөс 7000 метр, түүнээс дээш өндөрт явж байгаа нөхцөлд үхлийн тойрогт явж байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл уулчдын хувьд үхэл амьдралын зааг дээр явдаг хүмүүс. Уулчид зөвхөн өөрийн сонголт, өөрийн итгэл үнэмшлээр энэ спортод хөл тавьдаг. Тиймээс орон болгон системтэйгээр уулчдыг бэлтгэх, тэгээд олимпид өрсөлдүүлэх боломжгүй байгаа биз дээ” хэмээн хариулсан юм. Гүрээ гавъяат 1973 оноос өдгөөг хүртэл өндөр уулын спортоор тасралтгүй 38 жил хичээллэж, багийн ахлагч, дасгалжуулагч, уулын холбооны тэргүүлэгч, авран хянах албаны дарга, нэгдсэн альпинад зохион байгуулах комиссын даргаар ажиллаж иржээ. Түүний хувьд Монгол орны нутагт авираагүй гараагүй оргил бараг үлдсэнгүй. Сүүлийн жилүүдэд буюу Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхдаа Алтай таван богдын Их Монгол, Сайр хайрхан зэрэг оргилд авирах үед нь ерөнхийлөгч болон бусад уулчдын аюулгүй байдлыг хариуцаж, төрийн хан хуурыг үүрч авирч байв. 2001 онд цаст Гималайн Лобуче, Мера пека оргилуудад, 6656-7010 метрт олон улсын уулчидтай хамт амжилттай авиран өөрийн дээд амжилтыг тогтоожээ. Казакстан улсын нутагт байх дэлхийн 2 дахь ноёлог уулс хэмээгдэх Хан тэнгэрийн оргилд гарсан тухай түүний дурсамжыг сонсоход гайхалтай. 1998 оны намар цаг. Монголын уулын холбооны дарга Эрхэмбек, уулчин Ганболд нарын хамт Европын ноён оргил хэмээгдэх Хан тэнгэрийг зорив. 8 дугаар сар талаасаа өнгөрч сэрүү орох тийшээгээ хандсан болохоор манай уулчид уул хаахаас өмнө амжиж очихыг хичээж хэрэндээ шаламгайлсан авч тэдннйг Хан тэнгэр уулын хормой дахь баз лагер буюу уулчдын буудалд хүрэлцэн очих үед цас орж, нэлээд хүйтэрч байв. Манай гурав Хархираа лагераас хөдлөн уул өөд авиралт хийсээр уулын нэлээн доохон хормой хэсэг дэх баз лагерт очсон ба уулын холбооны дарга Эрхэмбек тэнд үлдэж, ахмад уулчин Гүррагчаа, залуу уулчин Ганболд нар дээшээ явжээ. Бүрэнхий болох үеэр 4800 орчим метрийн өндөрт байх авран хянах албаны мөсөн байшинд хүрч очиход уул хаасан дээшээ авиралт хийх боломжгүй байдалтай болсон байв. 8 сарын 20 гэхэд уулын өндөрлөг хэсэгт цас ороод хүйтэрчихсэн, тэр тусмаа шөнөөр авиралт хийхэд тун ч бэрхшээлтэй байсан нь магад. Авран хянах албаныхан та нарыг зорьж ирсэн хэргийг бодоод авиралт хийхийг дэмжмээр байгаа ч, нэгэнт уулыг хаа гэсэн заавар авсан болохоор хэцүү, хоёрт аюул эрсдэл ихтэй, хүний амь настай холбоотой учир их л түвэгтэй байна хэмээн буцахыг зөвлөж байв. Шөнө дунд болох дөхөж байхад Монголын уулчин Т.Гүррагчаа зам үзээд иръе гээд гарчээ. Нэгэнтээ шөнө хагаслаж үүр цайх ойртсон ч зам үзэхээр явсан уулчин буцаж ирэхгүй нэлээн удав. Хэдхэн минутын өмнө зам дажгүй байна, авирчихаж болохоор байна хэмээн холбоогоор харилцсан боловч төдөлгүй холбоо тасарч орхив. Авран хянах албаныхан болон Монголын уулчин Ганболд нар уулчин Гүррагчаад ямар нэг юм тохиолдлоо хэмээн бодож үүр цайхыг хүлээсэн гэдэг. Гэтэл Гүррагчаа 7010 метрийн өндөрт орших Хан тэнгэрийн ноён оргилд хүрэхээр авирч байжээ. Шөнийн хүйтэн, бас харанхуйг хэлэх үү, уулын эгц мөсөн ханан өөд авирч урагшлана гэдэг тун ч яггүй. мөсөн хананд шруп тавьж (тусгай зориулалтын гадас маягийн зүйлийг зоож тогтоох) , олсоор бэхэлгээ хийн, татаж урагшилсаар 6400 орчим метрийн өндөрт гарч очив. Тэгтэл дээрээс сүр сархийсэн чимээ гарч төд удалгүй бөртийсөн хар юм хуртайгаар ойртож ирсэн нь нэг хоногийн өмнө дээшээ авиралт хийсэн авч оргилд гарч чадалгүй буцаж яваа Солонгосын уулчид байжээ. Монголын ганц уулчин ийнхүү амь өрссөн авиралт хийж байгааг тэд гайхаад амжилт хүсэн, салж одсон ба дахиад цаашаа хэсэг явтал нэг эмэгтэй уулчин зөрсөн нь Чехийн хоёр уулчны нэг нь байсан бөгөөд ам нь зуурчихсан бараг үг хэлж чадахгүй шахам доошоо буужээ. Манай хүн авч явсан гадсаараа уулын мөсөн ханыг цохиж хонхойлон, бөгсөөрөө суух төдий хонхор гаргаж, шруп тавин, олсоор биеэ сайтар бэхлээд, мөнөөх бяцхан хонхоройд бөгсөөрөө сууж, мөсөн хана налан хэсэгхэн зуур дуг хийв. Тэгээд гайгүй амсхийсэн учир цааш авирсан ба 6800 орчим метрийн өндөрт нэгэн майхан тааралджээ. Орж очвол Чехийн хоёр уулчны нэг нь болох эрэгтэй уулчин уулын өвчин тусчихсан халуурч, дагжитал чичрин хэвтэж байлаа. Тэнд түр саатаж ганцаар хоцорсон уулчин эрийн зовлонг өчүүхэн ч атугай нимгэлэхийг хичээн, авч явсан эмийг нь аманд нь хийж өгч, пирмускаа асаан цай чанаж, цай болон өөрийн авч явсан үрэл бэлдмэл (чанарлаг зүйлүүдийг хольж бөөрөнхийлөн хатаасан хүнсний зүйл)-ийг аманд хийж өгч, сайтар хучиж өгөөд өөрөө түр дугхийтэл үүр цайжээ. Чехийн уулчинг биеийн байдлыг харзнаж хэсэг саатах гэтэл намайг орхи. Зорьсон зүйлдээ яв хэмээн дохиогоор хэлээд байсан болохоор орхиод оргил өөдөө авиралтаа үргэлжлүүлж өглөө нар гарч байхад Хан тэнгэрийн ноён оргилд хөл тавин Монгол улсынхаа төрийн далбааг хатгажээ. Уулын хормой дахь баз лагер дээр байсан тэндэхийн хүмүүс уулын ноён оргилд нэг хүн гарчихсан гүйж явахыг татдаг дурангаар хараад Монголын хоёр уулчны нэг нь байх. Хөгшин нь үү?, залуу нь уу? хэмээн хоорондоо ярилцаж, дээр авран хянах байранд үлдсэн аврагчид болоод Ганболд нар шөнө бууж ирсэн Солонгос, Чехийн уулчдаас дээшээ зөрсөнийг нь сонсоод амьд олдох нь уу үгүй юу хэмээн санаа нь зовцгоож байсан гэдэг. Оргил дээр гарсан мань уулчин доошоо буух замдаа ууланд үлдээсэн нэг майханд орж түр амсхийж хэвттэл унтаж орхиж. Сэрээд иртэл оройн 5 цаг болж байсан учир шруп тавьж олсоор бэхлэн доошоо яаравчлан бууж, авран хянах байранд дөхөж иртэл тэнд байгсад угтаж авсан ба Ганболд тэндхийн авран хянагчидтай хамт өмнөөс тосож ирээд зүгээр л сайн уу л гээд байсан би сайн гээд байдаг. Дахиад л сайн уу гээд байдаг. Би сайн гэж хэдэн арван удаа давтаж хариулаад сүүлдээ дургүй хүрэх шиг болоод хажуугаар нь зөрөөд доошоо буугаад авран хянах байранд ирээд хувцсаа сольтол их сүрхий харж байснаа хөл гарыг маань барьж үзээд “бүтэн байна, зүв зүгээр бүтэн байна хэмээн орилж тэврээд авсан хэмээн дурсах. Энэ үеэр буюу урд өдөр нь авиралт хийсэн мөнөөх Солонгосын уулчдаас хэд хэдэн хүн осгож, гэмтсэн, Чехийн эрэгтэй уулчин амь эрсдсэн тул хамт явсан уулчин Ганболд тийнхүү бие эрхтэн нь бүрэн бүтэн үлдэж чадсан эсэхэд итгэж ядан, эцэстээ ухаангүй баярлах нь зүйн хэрэг байв. Ийнхүү амь өрссөн бэрх замд шөнөөр амжилттай авиралт хийж тухайн үедээ уулчдын гарч амжихгүй байсан оргилд ганцаараа гарч олон улсын 850 дахь шилдэг уулчнаар өргөмжлөгдөн, улсынхаа нэр төрийг өргөж чадсан бол 3 жилийн дараа дэлхийн дээвэр гэгдэх цаст Гималайн Лобуче, Мера пека оргилуудад гарч дээрх амжилтыг ахиулжээ. Чухамхүү энэ тухай санахад “Хан тэнгэр”-ийг дөрөөлж, “дэлхийн дээвэр”-т тэмүүлэх уулын бүргэдийн жигүүрийн салхин хүүгэн өнгөрөх мэт сэтгэгдэл төрнө.

3. Цаст гималайн оргилд гарч далан насныхаа мялаалга өргөнө Ийнхүү уулын спортын гайхалтай амжилтуудыг үзүүлснээс гадна тэр ханан хадны авиралт, спорт явган аялал, хөнгөн атлетик, бокс, мото спорт, цана, дугуйн уралдаан зэрэг төрлүүдээр хот улсын тивийн тэмцээнд амжилттай оролцож, 1966 онд БНАСАУ-д болсон ах дүү армийн тэмцээнээс алтан медаль авч, Монголын ардын армийн дээд рекордыг тогтоосон. Хадны авиралтын хот улсын 4 удаагийн аврага болж, Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуурын орчим газарт зохиогддог 45 км болон 100 км-ын холын зайн гүйлтийн олон улсын тэмцээнд 3 удаа түрүүлсэн гэхчилэн амжилтуудыг нь тоочоод байвал цааш үргэлжлээд л байна Хөвсгөл аймагт 1990 оноос зохион байгуулагдах болсон олон улсын гүйлтийн тэмцээний тухай цухас үгүүлэхэд бараг л сайн мориноос илүүтэй хүч тамир шавхсан жинэхэнэ тэвчээр эр зоригийг шалгасан тэмцээн гэж болох. Шөнийн 4 цагт толгойдоо гэрэлтүүлэг бүхий өмсөвч өмсөн гараанд гарах ба гол горхийг гатлан хад чулуу, намаг балчиг, уулын ам хавцал дундуур элдэв бартаат замыг туулсаар 45 км-ийн зайны тамирчид өдөр 13 цагт, 100 км-ын тамирчид орой 17 цагт барианд орно. Энэ бэрх урт замд анх гараанаас гарсан тамирчдын бараг тал илүү хувь нь замаасаа гарч, цөөхөн хэдэн хүн л шалгарч үлдэх нь тогтсон үзэгдэл. Шөнө тэр бүр сайн мэдэхгүй замаар гүйхэд бамбалзсан намагт шигдэж зоогдох, хад модонд битүүжих, усан бороонд шалба цохиулах, халуун наранд шарагдах гээд олон шалгуур хүлээж байдаг аж. Ямартаа л анх энэ тэмцээнд орохдоо санаанд байгаагүй болохоор өмсөж гарсан хятад пүүзнээс өөр солих пүүзгүй явсан ба гараанаас гарснаас хойш бага үд хүртэл бороонд нэвт нороод, бага үдээс хойш ган халуун наранд шарагдсан тул шал нойтон болсон пүүз маань нар шарснаас хойш умайж, татаад хөлийг маань барьж, хөлийн таван хурууны хумс тавуулаа мултарсан байсан. Тэнд сурвалжилж явсан “Аяллын цаг”-ийн Бадамсамбуу миний хөлийн хурууны зургийг авах гээд би зугтаасаар байгаад авахуулаагүй юм хэмээн бас хуучлах Т.Гүррагчаа гавъяатын гараас олон улсын хэмжээний мастер Н.Жуков, Ц.Шагдарсүрэн, С.Баттөмөр, (ханан хаданд авиралтын улсын 10 удаагийн аврага), спортын мастер Г,Магванноров, Н.Чогсом, Мөнхцол, Эрхэмбаяр болон өндөр зэрэгтэй 70-аад тамирчин бэлтгэгдэн гарсан байдаг. Энэ онд тэр цаст Гималайн оргилд гарч далан насныхаа мялаалгыг өргөх гэнэ. Ховд аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Хөх сэрхийн нурууны оргил 4127 метр, Алтай таван богдын Их Монгол оргил Горный Алтайн Белуха хайрхан, улмаар цаст Гималайн ноён оргилд авирахаар бэлтгэл юугаа базаан буй алдарт уулчны тухай энэхүү хөрөг тэмдэглэлээ өндөрлөхийн дашрамд нэгэн уулчны хэлсэн олимп дэлхийн тэмцээнд аврага болсон тамирчид тусгай техникээр дээш өргөгдөх төрийн далбааны өмнө зогсож медаль зүүдэг бол уулчид хүч оюун, зориг тэвчээрээ шалган байж гарсан уулынхаа оргилд төрийнхөө далбааг өөрийн гараар мандуулдаг юм даа гэсэн аархангуй хэрнээ үнэн үгийг уншигч олонд дамжуулан хүргэхийг хүслээ.

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ