Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ ЭДИЙН ЗАСАГ Хүн ер нь нэлээд мэдлэг чадвартай байж л энэ нийгэмд амьдрах төлөвтэй болчихоод байна

Хүн ер нь нэлээд мэдлэг чадвартай байж л энэ нийгэмд амьдрах төлөвтэй болчихоод байна

DSCF5552

-Тогтворгүй байвал бизнес эрхлээд үр дүнд хүрэхгүй –

Манай сонины энэ дугаарын бизнесийг дэмжих булангийн зочноор Хатантүнгэл ХХК-ны захирал Д.Энхжаргал уригдан оролцлоо. Түүнтэй ажил амьдрал, бизнесийн салбарын талаар ярилцсан цөөхөн хэдэн хором үнэтэй байсан юм. Үнэтэй гэж хэлж байгаагийн учир нь магадгүй энэ хүнээс үлгэр дуурайл авах, эмэгтэй хүний хөдөлмөрч хичээнгүй зан төрхийг илүү тодотгож

 харах бас өөрийгөө хурцалж авахаар байсан юм. Улс, орон нутагт маань Д.Энхжаргал шиг хүмүүс олон байгаа байх гэдгийг сэтгүүлч миний бие дотроо олзуурхан байна. Өнөөдөр тус байгууллага 60 гаруй хүнийг ажлын байраар хангаж, орон нутаг, нийгэмдээ тодорхой хувь нэмрээ оруулж явааг бахдан хэлэх байна. -Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-За, танай сониноор дамжуулан Ховд нутгийнхаа нийт ард түмэнтэй учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Би анх Ховдод 1996 онд ирсэн юм. Ирээд түүхий эдийн зах дээр арваад жил ажиллаж хорь гаруй хүний ар гэр амьдралд тус дэм болж ажилласан. Мөн арав гаруй суманд хүмүүсээр түүхий эд авхуулдаг байсан. Ингэснээр тэр хүмүүсийг ажлын байраар хангаж, ар гэрийн амьдралд нь дэмжлэг болж байсан гэж хэлж болно. Тэгээд 2003 оноос 80 айлын ард газар авч анх Наран төвийг байгуулж Зоогийн газрын чиглэлээр ажиллуулж эхлэсэн.

-Анх хичнээн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байв. Одоо хичнээн ажилтантай болов?

-Арав гаруй ажилтантай ажлаа эхэлж байсан. Харин өнөөдрийн байдлаар манай компани 60 гаруй ажилтантай болчихсон ажлаа хэвийн явуулж байна.

-Үйлдвэрлэлүүдийнхээ явцын талаар болон хэрхэн байгуулагдсан тухай сонирхуулахгүй юу?

-2003 оноос нарийн боовны цехээ ашиглалтанд оруулсан. Би анх Ховд аймагт ирчихээд нөхөртөө ярьдаг байсан юм. Ерөөсөө Ховдод ороод суучихмаар аятайхан газар алга. Хоёрдугаарт Улаанбаатар хотоос талх, нарийн боов, торт зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээ зөөж хэрэглэж байна. Тэр хол газраас халуунд халж, хүйтэнд хөлдөж ирсэн бүтээгдэхүүнүүд хадгалах горимоо алдаж ирснээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх аюултай юм” гэж ярьдаг байсан. Тэгээд би ямарч байсан үйлчилгээний төв, талх нарийн боовны цех байгуулна гээд нөхөртөө хэлдэг байсан л даа. Ингээд Наран ресторан буюу 200-300 хүн хүлээн авах том заал бүхий үйлчилгээний төв, Талх нарийн боовны цех байгуулж орон нутагтаа талх нарийн боовыг үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй.

-Тухайн үед танайхыг үйл ажиллагаа эхэлж байхад эрчимтэй үйлдвэрлэл явуулдаг энэ төрлийн газар хэр их байв?

-Баясгалант өндөр хөхий компани яг бидэнтэй адил шахуу үйл ажиллагаагаа эхлээд байсан. Өөр нэг их талх нарийн боов хийгээд байдаг тогтмол үйл ажиллагаатай цех байгаагүй.

-Ус ундааны үйлдвэрлэлээ хэдийнээс эхлэсэн бэ?

-2008 онд усны үйлдвэрийг оруулж ирсэн. Манай цэвэр ус баруун таван аймагтаа хамгийн сайн чанартай нь гэгддэг. Усны чанар юундаа байна гэхээр тоног төхөөрөмж маань хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи болох вимбраман шүүлтүүрийг шүүгддэг. Энэ бол хорьдугаар зууны хамгийн дэвшилтэд технологи. Тухайлбал, усны шүүлтүүр маш нарийн. Ердийн шүүлтүүрээр эхэлж шүүгдээд ёомкост орж энгийн шүүлтүүрээр шүүгдэн нүүрсэн шүүлтүүрээр дамжин шүүгдэх буюу ионы шүүлтүүр бактери устгагч зэрэг дөрвөн ширхэг вимбраман шүүлтүүрүүр манай ус шүүгддэг л дээ. Одоо жишээ нь тухайн усны хатуулаг нь энэ самбар дээр гараад ирдэг. Нэг ёсондоо энэ бүх шүүлтүүрүүд маань гүний усыг хүний биед шаардагдах зохих элемент, норм, хэмжээтэй байхаар шүүн, савлаж үйлдвэрлэдэг юм. Дэвшилтэд технологи гэдэг чинь хүний биед хэрэгцээтэй ямар л эрдэс бодис, найрлага байх ёстой түүнийг хангаж байдгаараа онцлог л доо. Хоёрдугаарт манайх бас жүүсний үйлдвэртэй. Усаа нэг савнаас шүүж савлаад жүүсээ нэг савнаас нь савладаг. Бас албан байгууллагуудын оффист хэрэглэгдэх боллонтой усыг зах зээлд нийлүүлж байгаа. Манай энэ усны үйлдвэрийн тоног төхөөрөмж одоогоор баруун таван аймагтаа байхгүй.

-Зах зээлд нийлүүлэх борлуулалт хэр байна вэ?

-Ер нь бол ус нэг их зарагддаггүй. Гэхдээ бас тогтмол аваад хэвшчихсэн хүмүүс олон байгаа. Ходоод дотор эвгүйдэж өвдлөө гэхэд манай энэ уснаас уучихад зүгээр болчихдог. Мөн манайх үйлдвэрлэсэн усны борлуулалтын тал хувийг Баян-Өлгий аймаг хийдэг.

-Танай усны үнэ ямар байдаг вэ?

-1.5л ус 350 төг, 0.33 л ус 190 төгрөгөөр үйлдвэрээс зарагддаг.

-Танай нарийн боовны чиглэлээр шинээр нэвтэрч байгаа бүтээгдэхүүн юу байна вэ?

-Еэвэн, торт, хөөмөл боов, пичень зэргийг шинэ технологиор хийж байгаа. Бас энэ жил манайх ШУТИС-ийн зөвлөх багш, хүнсний технологич н.Цэцэгээг авч ирж үйлдвэрлэлийнхээ технологийг өөрчлүүлсэн. Тэгээд шинэ бүтээгдэхүүнүүд хийгээд түрүүчээсээ сүүт, еэвэн, сүлжмэл боов, бор гурилын мөөхий, бор еэвэн зэрэг бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.

-Хар талх хийхгүй юу?

-Бид нар технологич багшаараа хар талх хийхийг заалгасан чинь танай энэ орон нутгийн бүтээгдэхүүн түүхий эд бол жинхэнэ хар талх болохгүй нь. Оросоос тусгай сортын гурил оруулж ирсэн тохиолдолд хар талх үйлдвэрлэж болох юм байна гэж хэлсэн. Хоёр гурван удаа хар талхыг эсгэж үзсэн чинь сайн болохгүй байна лээ.

-Хар талхыг ямар гурилаар хийдэг вэ?

-Хөх тарианы гурилаар хийдэг. Харин манай эндэхийн хөх тарианы гурилаар хийх гэхээр яг стандартад нийцсэн бүтээгдэхүүн болохгүй байна. Тиймээс ийм талх хийж болохгүй гээд бид хийгээгүй л дээ.

-Наран төв дээр бас засвар, үйлчилгээ хийгээд байгаа сурагтай байсан?

-Тиймээ. Энэ жил Наран төв дээрээ шинэ үйлчилгээг оруулж байгаа. Нэг давхар нь хоёр виф өрөөтэй, нэг өрөөнд нь 15-25 хүнийг хүлээн авч тав тухтай орчиноор үйлчилэх нөхцөл бүрдүүлсэн. Мөн орчин үеийн хоёр караоке өрөөг ашиглалтанд оруулаад байна.

-Таныг химич мэргэжилтэй гэж сонссон. Танай үйлдвэрлэлийн чиглэлүүд мэргэжилд тань ойр байдаг болохоор бас нэлээд дөхөмтэй байдаг уу?

-Би их сургуульд сурч байхдаа л энэ чиглэлээр нэлээд дадлагажсан. Аналитик химийн багш Мөнхцэцэг усны хатуулаг, чанар, стандарт, эрдэс бодис зэргийг бидэнд зааж лаборторийн дадлага хийлгэдэг байсан юм. Тэгэхээр сайн багшийн ач гавъяа их байлгүй яахав. Би бас оюутан байхдаа химийн лабортори, хүнсний аж үйлдвэр, хүнсний комбанитуудад дадлага хийж байсан болохоор тэр бүхэн одоо энэ үйлдвэрлэл явуулахад их нөлөө үзүүлдэг гэж боддог юм.

-Ер нь хүний өсч төрсөн орчин хүмүүжил эргээд амьдралаа зөв авч явах, сайн сайхан амьдрахын эх үндэс болдог. Тэгэхээр та өөрийн нутаг орон, аав, ээжийнхээ тухай яриач?

-Би Ховд аймгийн бэр байгаа юм. Миний аав, ээж одоо Баянхонгор аймагт амьдардаг. Ээж маань тогооч мэргэжилтэй. Харин аав маань насаараа эмч хийсэн нутаг усандаа их нэр хүндтэй хүн байдаг. Энэ хоёр маань бидний багаас “хүн хөдөлмөр хийж л амьдардаг юм шүү” гэдгийг хэлдэг байсан. Түүнээс гадна би эмээгээ их шүтэж амьдардаг юм. Нутаг орондоо ч их нэр хүнд, өмөр түшигтэй хүн гэж нутгийнхан маань ярьдаг л даа. Манай эмээ биднийг байнга л ажил хийлгэж байдаг. Бүр жаахан байхаас эхлээд ширдэг ширүүлээд л хийж болох ямар ажил байна тэр бүхэнд сургадаг байсан л даа. Мөөг, таван салаа, хад түүлгэж хүмүүст өгүүлнэ. Хадаа дараад дарс хийж баяр ёслолын үеэр хэрэглэдэг. Айл аймгийнхандаа өгдөг орсон гарсанд ундтай устай сайхан хүн байсан. Бидний багад ерөөсөө манайхаас хоноц тасардаггүй байлаа. Эмээ маань бидэнд орсон гарсаныг ундалж, хүмүүстэй эвтэй найртай сайхан яв, хөдөлмөр хий гэж захидаг байсан нь одоогийн энэ зэрэгтэй явахад их нөлөө үзүүлсэн гэж боддог юм.

-Орон нутагт энэ зэргийн ажлын байр бий болгоод ажиллана гэдэг амаргүй даваа шүү дээ. Мэдээж хоёр, гурван салбарт зэрэг үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад бэрхшээл их л тулгардаг байлгүй?

-Тэгэлгүй яахав. Бэрхшээлгүй ерөөсөө үлгэрийн юм шиг бүх зүйл бүтээд босоод ирнэ гэж байхгүй л дээ. Би өөрөө ер нь том том зүйл хийхийг мөрөөддөг. Тэр ч үүднээсээ шүүмжлэл атаархал, хэл аманд өртөх нь элбэг. Гэхдээ хүн энэ хүндрэл бэрхшээлийг давж байж л цаад талд нь гарна. Тиймээс өөрт тохиолдсон зүйлсийг бэрхшээл гэж тэр бүр боддоггүй. Ерөөсөө л миний туулах ёстой зам гэж бодож явдаг болохоор тийм ч их дарамт болдоггүй. Энэ олон талбарт чинь ажиллахад бас их хүнд шүү дээ.

-Хэрэглэгчдийн цар хүрээ ямар вэ?

-Баруун таван аймагтаа нийлүүлдэг.

-Аймгийнхаа хүнсний хэрэгцээг орон нутагтаа үйлдвэрлэж нэг ёсондоо шинэ сэргэг, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнээр хангахын тулд ямар зохицуулалт хийх нь зүйтэй гэж боддог вэ?

-Манай аймаг бол хүнийхээ тоогоор Дорнод аймгийн дараа ордог шүү дээ. Тэгэхээр энд үйлдвэрлэж байгаа томоохон нь хоёр цех байна, бас жижиг цехүүд нэлээд байгаа л даа. Хүн ам ихтэй учраас хэрэглээ тэр хэмжээгээр байж таарна. Тиймээс манай аймгийн энэ төрлийн үйлдвэрүүд хэрэглэаг нь гүйцэд хангаж чаддаггүй юм болов уу гэж боддог. Энэ ч үүднээсээ үйлдвэрлэлүүд өргөжих хэрэгтэй. Манайх ч гэсэн үйлдвэрлэлээ өргөтгөх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь аль ч байгууллага, аж ахуй нэгж өргөжин тэлэх зорилготой байдаг учраас яваандаа тав, арван жилийн дараа бид аймгийнхаа талх, нарийн боов, тортны хэрэгцээг дотоодоосоо хангадаг болох байх л гэж боддог.

-Одоо энэ зах дээр бүр өвөл 12 сард ирсэн тортууд зарагдаж л байх юм. Тэгэхээр та нар тийм бага үйлдвэрлээд байна уу?

-Тиймээ. Торт бол 14 хоног л хадгалах хугацаатай байдаг шүү дээ. Хотоос ирж байгаа гурилан бүтээгдэхүүнүүд хадгалалтын горимоо маш их алдаж ирдэг. Дор хаяж л машинд ачигдаад гурав хононо, тэгээд нааш ирэх замдаа гурваас дөрөв хононо. Ирээд хэрэглэгчдэд хүрэх гэж хэр уддаг билээ. Ингээд бодохоор ерөөсөө нөгөө 14 хоногийн хугацаа хэрэглэгчдийн гар дээр хүрээгүй байж байгаад дуусчихаад байгаа юм. Манайх тортыг нэг ихээр үйлдвэрлэдэггүй. Бага багаар зарагдах хэмжээгээр нь үйлдвэрлэдэг л дээ.

-Үдийн цай нийлүүлдэг гэсэн. Хэдэн сургуульд нийлүүлдэг вэ?

-Аймгийн төвийн таван сургуульд бусад компаниудтай ээлжлээд нийлүүлдэг.

-Танай ажилчдын нийгмийн даатгал төлөлт хэр байна. Дундаж цалин хэд вэ?

-Ажилчдын цалин 300-108 хүртэл хэмжээтэй байдаг. Манайх ажилчдаа Нийгмийн даатгалд хамруулдаг. Заримыг нь бүр Нийгмийн даатгалд хамруулъя, тогтвор суурьшилтай ажиллаач гэхээр хэдхэн сар ажиллаад л гараад явчихдаг хүмүүс ч бий.

-Одоо ер нь чадварлаг боловсон хүчин олно гэдэг аж ахуй нэгж байгууллагуудын толгойны өвчин болоод байх шиг байна. Танайд энэ асуудал хэр зэрэг мэдрэгдэж байна вэ?

-Тийм шүү. Миний л ажиглаж байгаагаар их дээд сургуулиуд бол мэргэжилтнүүдийг маш ихээр төгсгөж байна. Харин дунд буюу темсийн мэргэжилтнүүд цөөн байна. Одоо энэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр бэлтгэгдэж байгаа оюутнууд маш чадвар муутай. Яг ажил хийе, юм суръя гэсэн сонирхолтой хүн тун ховор. Ажлын байр бол байдаг. Манайх л гэхэд нарийн боовон дээр хоёр ээлжиндээ нэг нэг технологич авчихмаар байдаг. Бас Наран төв дээр тогтвор суурьшилтэй ажиллах мэргэжлийн бармен, зөөгч ерөөсөө олддоггүй. Ер нь боловсон хүчний чадвар тал дээр аймгийн хэмжээнд их сайн анхаарах хэрэгтэй. Тэгвэл аяндаа Ховд аймаг маань хөгжинө. Одооны хүүхдүүд бол ерөнхийдөө тогтвор суурьшилтай, ажиллая, ахиж дэвшие гэсэн бодолтой хүн их ховор байх шиг байгаа юм. Манай нарийн боовны цех, ус, ундааны цехд ажиллаж байгаа хүмүүс бол ихэвчлэн 30 гаран насны хүмүүс байдаг болохоор тогтвор суурьшилтай ажилладаг. Энэ нь бид нарт ч илүү дөхөмтэй байдаг учраас жилээс жилд цалин мөнгө нь нэмэгдэж байгаа. Харин Наран ресторан, үйлчилгээний төвд бол ажилчид тогтвор суурьшилтай ажилладаггүй.

-Танай ажилчид өөрийнхөө үйлдвэр цех дээр дадлагажиж орсон уу, эсвэл мэргэжлийн сургууль төгссөн хүмүүс байдаг уу?

-Янз бүр л дээ. Зарим ирээд үйлдвэр дээр дадлагажсан байхад зарим нь мэргэжилтэй хүмүүс ирж ажилласан. Түүнээс гадна ажилчдаа мэргэжлийнх нь дагуу сургалтууд нэлээд хамруулахыг зориж Мерси кор олон улсын байгууллагатай их хамтарч ажилладаг. Манай ажилчид тэр байгууллагын хөтөлбөрүүдэд хамрагдан сургалтанд сууж, мэдлэг мэргэжил, ур чадвараа дээшлүүлдэг. Энэ байгууллагаас манайх нэлээд олон сургалтуудыг авсан болохоор баярласнаа энэ дашрамд илэрхийлье.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөнгөлттэй зээлэнд ер нь хамрагдаж байсан уу?

-Үгүй. Манайх анх Наран үйлчилгээний төвөө байгуулахдаа банкнаас зээл авч байсан болохоор зээлтэй гээд бидэнд чинь хөнгөлөлттэй зээл өгдөггүй юм. Харин одооноос зээл маань гайгүй дарагдаж дуусч байгаа.

-Манай аймгийн хувьд дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ их эрэлттэй байх шиг байна?

-Тэгэлгүй яахав. Жишээлбэл, манай аймаг, орон нутагт дотоодын өндөг их хэрэгцээтэй байгаа. Одоо зах дээр бол дандаа Улаанбаатар, хятадаас ирсэн өндөгнүүд байдаг. Тиймээс тахианы аж ахуйг зөв ном журмаар нь эрхэлсэн хүн бол алдахгүй. Бас гахайны мах, өөх тос их хэрэгцээтэй байдаг шүү дээ. Тиймээс гахайны аж ахуй ч гэсэн хэрэгцээтэй л байгаа.

-Танай байгууллагын шагнал урамшууллуудаас дурдлвал нэлээдгүй тоо гарах байх?

-Байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш шилдэг бүтээгдэхүүн болон гран при шагналуудыг багагүй авсан л даа. Одоо сүүлдээ бүр хүмүүс танайх байнга л авч байх юм. Одоо боль, танайх бол мэдээж тодорхой шүү дээ, дараа дараагийн шинээр гарч ирж өсч дэвшиж байгаа газруудад өгмөөр юм гэж байх нь ч бий. Энд тэндэхийн үзэсгэлэн худалдаануудад орж байхад манай бүтээгдэхүүнүүд арай л өөр харагддаг л даа. Бас аймаг орноор ирсэн хүмүүсийг манай үйлдвэрээр оруулаад гаргадаг байх жишээтэй. Бусад аймгуудаас туршлага судлах гэж хүмүүс их ирдэг.

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон сургуулиудаар сурч байгаа хүүхдүүд танайд ирж дадлага хийх, ажиллах боломж хэр байдаг вэ?

-Боломж бол байна. Харин тэр ирж байгаа хүүхдүүд маань өөрсдөө маш сурах сонирхолгүй байх юм. Манай дээр ХААИС-ийн хоёр хүүхэд дадлагаар ирсэн юм. Тэгээд би “за хүүхдүүдээ энэ боорцогнуудыг савлаатах гэсэн чинь “багш таван цагаас хойш битгий ажиллаарай гэсэн, бид нарыг ийм ажил хийж болохгүй гэсэн” гэж байх жишээтэй. Тэгэхгүй, ингэхгүй энэ тэр гэж цаг заадаг хүмүүс бол хэзээ ч юм сурахгүй л дээ. Би оюутан байхдаа хоёрдугаар курсээсээ эхлээд дадлагат гарч байсан. Тэгэхэд лаборант эгч нарыг гуйгаад бараг хонох шахуу ажиллаж байж юм сурч авч байсан. “Одоо болно, чи ядарчлаа харь харь” гэхэд нь “та нар тийм туршилт хийх гэж байгаа юм бол би түүнийг чинь харчихаад явъя” гээд үлддэг байсан. Ер нь тэгээд харж байхад яг юм сурах сонирхолтой хүмүүс их ховор юм шиг санагдсан. Тэр хүүхдүүдийг багш нар нь харин ч сурах, ажиллах сонирхолтой болгох талаас нь идэвхжүүлэх ёстой байхгүй юу. Одоо бол хүн ер нь нэлээд мэдлэг чадвартай байж л энэ нийгэмд амьдрах төлөвтэй болчихоод байна шүү дээ.

-Магадгүй бас юу хийхээ мэдэхгүй байгаа нөгөөтэйгүүр шинээр бизнес эрхлэх гэж байгаа залуучууд байж болох юм. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Одоогийн залуучуудыг хараад байхад их шантрамтгай юм шиг санагдаад байдаг юм. Өнөөдөр нэг юм зарчихсан л явж байдаг гурван сарын дараа шал өөр юм хийчихсэн явж байдаг. Дахиад нэг жилийн дараа бүр өөр зүйл хийгээд явж байх жишээтэй. Тэгэхээр ийм тогтворгүй байдал бол бизнес эрхлэх гэж байгаа хүнд тийм ч үр дүнтэй байдаггүй. Нэг төрлийн бизнес хийж эцсийг нь үзсэн хүн л амжилтанд хүрдэг юм. Бизнесийг нэг жил, цаашлаад гурав, дөрөвхөн жил хийгээд үр дүнд хүрчихдэг юм биш л дээ. Бага багаар аажим үр дүнг нь хүртдэж байж маш их туршлага хуримтлуулна. Нэг жил алдсан бол дараа жил нь түүнийгээ давтахгүй байхыг хичээх жишээтэй. Би чинь энэ дээр алдсан шүү одоо алдахгүй юм шүү гэхчилэн. Ер нь ямар нэгэн зүйлд их тууштай байсан хүн л амжилтанд хүрдэг. Харин одоогийн залуучууд тэгэхгүй юм. Ямар ч бэрхшээл тулгарсан түүнийгээ даваад явах юм бол тухайн хүн тэр чиглэлээрээ мэргэшинэ. Тэгсэнээр ажил амьдралтай болно л гэж зөвлөмөөр байна.

-Ярилцсанд баярлалаа. Ж.САРУУЛ

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ