Download Firefox
Download Firefox

Wednesday, Aug 05th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ "Шидэт хуруу" өгүүллэг

"Шидэт хуруу" өгүүллэг

Та бүхэнд Л.Алтанцэцэгийн орчуулсан Зохиолч Роалд Дагийн уран сэтгэмжит, сургамжит, хошин өгүүллэгийг толилуулж байна

... Грегийнхний байгаа үүрний доор маш том, бараг хүн шиг өндөр дөрвөн нугас зогсож байх ба тэдний гурав нь гартаа буу барьжээ. Нэг нь ноён Грегийн бууг, нөгөөх нь Филипийнхийг, харин гурав дахь нь Вильямын бууг барьсан төдийгүй бүгд дээшээ үүр өөд чиглүүлсэн байв.

 

- “Ээ, үгүй ээ, үгүй. Битгий буудаарай “ гэж ноён Грег эхнэрийн хамт зэрэг орилолдоход,

- “Яагаад болохгүй гэж? Та нар чинь дандаа л бидэн рүү буудаж байдаг шүү дээ” гэж нэг нугас нь хэллээ.

- “Аа..., тэгэхдээ та нар чинь өөр шүү дээ. Хүмүүс бидэнд нугасыг буудахыг зөвшөөрдөг юмаа” гэж ноён Грег ээрч мууран хариулав.

- “Хэн та нарт зөвшөөрдөг юм бэ?”

- “Юу л даа....Бид бие биендээ зөвшөөрдөг юм аа” гэхтэй нь зэрэгцэн

- “Их сайн байна. Тэгвэл одоо бид нар бие биендээ та нарыг буудахыг зөвшөөрөх болно гэх хариу сонсогдлоо…

  Манай хажуу талын эдлэнд ноён Грегийнх байдаг. Тэднийх хоёр хүүтэй, тэднийг нь Филип, Вильям гэдэг. Хааяа би тэднийд очин хөвгүүдтэй хамт тоглодог юм.

…Юу? Чи өөрөө хэн бэ гэж үү? Аан, би бол жирийн л нэг охин. Одоо найман настай. Филип бас надтай адил наймтай, харин Вильям биднээс гурван насаар ах. Тэр аравтай л даа… юу гэнээ? Аан, нээрээ тийм л дээ. Тэр арван нэгтэй юм байна. За тэр яах вэ. Өнгөрсөн долоо хоногт нэг хөгийн зүйл тэднийхэнд тохиолдовоо. Юу болсон талаар би та нарт чадлынхаа хэрээр ярьж өгье. Тэгэхээр байна шүү дээ. Ийм юм болсон юм. Ноён Грег, түүний хоёр хүүгийн хийх хамгийн дуртай зүйл бол ан агнах явдал байлаа. Бямба гарагийн өглөө бүр тэд буугаа авцгаан ой руу орж ямар нэг амьтан юм уу, шувуу агнахаар явдаг байв. Тэр байтугай наймхан настай юм байж Филип хүртэл өөрийн гэсэн буутай гээч. Харин би амьтан алахыг үзэн яддаг. Би зүгээр л ерөөсөө ийм юмыг тэвчдэггүй юм л даа. Өөрөөр хэлбэл эрчүүд, хөвгүүд зүгээр нэг зугаагаа гаргах гэж амьтан агнахыг би буруу гэж үздэг. Тийм болохоор би Филип, Вильям хоёрыг болиулах гэж оролддог байлаа. Тэдний эдлэн рүү очих болгондоо би энэ талаар тэдэнтэй ярилцаж ятгах гэж оролддог ч даанч тэд намайг шоолж инээлдэхээс хэтрэхгүй. Тэр бүү хэл нэг удаа би ноён Грегт өөрт нь энэ тухай хэлэхэд тэрээр юу ч дуулаагүй юм шиг зүгээр л хажуугаар өнгөрөөд явчихсан гээч. Тэгээд саяхны нэг Бямба гарагийн өглөө Филип, Вильям хоёр аавтайгаа хамт ой дотроос нэг сайхан буга агначихсан түүнийгээ дамжлан гарч ирэхийг би харлаа. Үүнийг хараад уур минь хүрч тэдэн рүү “Болиоч!” хэмээн хашгирахад тэр хоёр инээлдэж над руу хэлээ гарган элэглэж харин ноён Грег намайг “Гэртээ ор, энэ чамд хамаагүй зүйл” гэлээ. За яахав хангалттай! Тэвчээр минь алдагдаж нүдэнд минь улаан туяа харагдаад ирлээ. Тэгээд биеэ барьж чадалгүй өмнө нь хэзээ ч хийе гэж бодож байгаагүй тэр зүйлээ хийчих минь тэр! Өөрийн эрхгүй тэдэн рүү шидэт хуруугаа дохичихов. Яанаа! Ээ чааваас! Би чинь тэдний дэргэд байгаагүй хатагтай Грегт хүртэл ид шидээ хэрэглэчихлээ шүү дээ. Тэгэхээр одоо Грегийн гэр бүлд бүгдэд нь ид шид үйлчлэх болох нь. Би уг нь манай багш хатагтай Винтерт тохиолдсон явдлаас хойш дахин хэнд ч, хэзээ ч хурууныхаа ид шидийг хэрэглэхгүй юм шүү гэж өөртөө дахин дахин сануулах болсон билээ. Хөөрхий хатагтай Винтерийг бодохоор л хэцүү санагддаг юм. Юу болсон бэ? гэхээр ингэлээ. Нэг өдөр бид нар ангидаа хичээллэж байв. Тэр үед хатагтай Винтер бидэнд зөв бичгийн дүрмийн хичээл орж байлаа. Багш намайг дуудаж босгоод муужгай гэдэг үгийг үсэглэж хэл гэв. Би ч:

- “Өө, амархан юм байна. М-У-Ж-Г-А-Й” гэлээ. Тэгтэл хатагтай Винтер над руу ёжлонгуй харан:

- “Хм, тэнэгхэн охин минь, буруу даа” гэж хэлэхэд нь би тэсэлгүй:

- “Үгүй. Би тэнэг биш. Би бол их сайн охин “ гэж эсэргүүцлээ. Ингээд л хэрэг мандах нь тэр. Багш намайг зэмлэж, тэр ч байтугай буланд зогсоож шийтгэв. Тэгэхэд нь уур минь хүрч нүүр өөд чинэрээд ирлээ. Нүдэнд улаан туяа харагдаад эхлэв. Тэгээд л…тэгээд л тэсэлгүй хатагтай Винтер рүү шидэт хуруугаа дохиж орхив уу, үгүй юу…юу болсон гэж санана аа, та нар! Түүний нүүрэнд шууд л сахал ургаж эхлэх нь тэр! Яг л муурных шиг урт, том сахал байсан бөгөөд хичнээн хурдан ургасан гээч. Биднийг юу болоод байгааг бодож ч амжаагүй байтал түүний сахал чихээ хүртэл урт ургачихав. Мэдээж манай ангийнхан инээлдэн шуугиж эхэлсэн бөгөөд харин хатагтай Винтер өөрөө юу ч мэдээгүй тул “Хүүхдүүд ээ, инээдтэй зүйл харсан юм шиг юунд шуугилдаа вэ?” гэлээ. Тэгснээ багш самбарт юм бичихээр эргэхэд нь бид түүнд бас сүүл ургасан байхыг олж харлаа. Маш том, саглагар сүүл шүү! Үүнээс хойш юу болсныг би та нарт хэлмээргүй байна. Тэгэхдээ та нар хатагтай Винтерийг түүнээс хойш тэр зангаа өөрчилсөн байх гэж бодож байгаа бол үгүй шүү. Ер нь ч тэр хэзээ ч засрахгүй л дээ. Хурууны минь ид шид бол миний амьдралдаа хийж чаддаг зүйлүүдийн маань нэг юм. Яаж гэдгийгээ би та нарт хэлж чадахгүй нь, яагаад гэвэл би өөрөө ч яаж ингэж чадаад байгаагаа мэддэггүй юм. Тэвчээр минь алдагдаад нэг улаан юм нүдэнд үзэгдээд ирэхээр л ийм юм болчихдог юмаа… Тэгээд бүх бие минь аймаар халуу шатаад л… Тэгээд л баруун гарын минь долоовор хурууны үзүүр аймаар чимчигнээд, тэгээд л…гэнэт надаас цахилгаан оч шиг маш хурдан гэрэл гарч намайг уурлуулсан хүн рүү үсэрдэг. Тэгээд л хурууны минь ид шид тэр хүнд хүрсэн бол ямар нэгэн юм заавал тохиолддог юм даа... За, тэр яах вэ. Хурууны минь ид шид нэгэнт Грегийнхний гэр бүлд хүрчихсэн тул буцаах аргагүй боллоо. Би ч сандран гэртээ ороод юу болохыг хүлээлээ. Төд удалгүй хэрэг ч мандаж эхэлсэн байна. Би та нарт юу болсныг яръя л даа. Яг чухам юу болсон талаар маргааш нь бүх зүйл хэвэндээ орсоны дараа Филип, Вильям хоёроос би сонссон юм. Миний хурууны ид шид Грегийн гэр бүлд хүрсэн тэр өдөр ноён Грег хоёр хүүгийн хамт дахин ан хийхээр явжээ. Энэ удаа тэд нар зэрлэг нугас агнахаар нуурын зүг явж эхний 1 цагийн дотор 10 нугас, дараагийн 1 цагийн дотор зургааг агнажээ. “Ямар сайхан өдөр вэ? Ойрд ийм азтай байгаагүй шүү” гэж ноён Грег уулга алдан тэсч ядталаа баярлан хөөрч байв. Тэгтэл ч ахин дөрвөн зэрлэг нугас тэдний дээгүүр нисэн гарч ирлээ. Тэд буудахад их амархан, доогуур нисч байв. Пан - пан – пан гээд буу ч тас хийсэн боловч оносонгүй, нугаснууд нисээд явчихав. Ноён Грег: - “Хм, оносонгүй. Инээдтэй л юм” гэлээ. Тэгж байтал бүгдийн гайхлыг төрүүлж нөгөө дөрвөн нугас эргэн шууд тэдний буу руу чиглэн нисээд иржээ.

- “Хөөх, эд чинь юу болох нь энэ вэ? Үнэхээр буудуулахыг хүслээ гэж үү?” гэсээр ноён Грег ахин нугаснууд руу буудаж эхлэв. Хөвгүүд ч буудацгаасан боловч ахиад л оносонгүй гэнэ. Ноён Грег царай нь минчийн улайтлаа уурлан “За за, бүрий болж байгаа болохоор л онохгүй байгаа байх. Алив харьцгаая” гээд агнасан 16 нугасаа аваад цааш явлаа. Гэвч нөгөө дөрвөн нугас тэднийг орхих нь бүү хэл харин ч эргэлдэн эргэлдэн дагав. Энэ байдал ноён Грегт нэг л таалагдаагүй тул тэрээр “Зайлцгаа” хэмээн хашгирч бас нилээд хэдэн удаа буудсан боловч ердөө ч оносонгүй. Ингээд тэр гурвыг гэртээ харин харьтал нөгөө дөрвөн нугас огт холдохгүй дээгүүр нь эргэлдэн ниссээр л байжээ. Үдэш оройхон Филип, Вильям хоёрыг унтахаар орондоо орсны дараа ноён Грег гал түлэх мод авахаар гарчээ. Хашаан дундуур явж байхдаа тэр дээр нь зэрлэг нугас дуугарахыг сонсов. Тэгээд зогсоод дээшээ харлаа. Гадаа их л нам гүм, хавирган сар толгодын оройгоор цухуйн харагдаж тэнгэрт түм буман од анивчин байв. Тэгтэл яг толгой дээр нь далавчны дэвэх дуу гарч харанхуй тэнгэрийн дор хоорондоо их ойрхон нисэж байгаа 4 нугасыг тэр олж харжээ. Тэр нугаснууд тэдний байшинг тойрон тойрон эргэлдээд байв. Ноён Грег түлээгээ авахаа ч мартан буцаж гэр рүүгээ яаран оров. Энэ удаа тэр ихэд айсан байлаа. Болж байгаа энэ бүх юм түүнд нэг л тааламжгүй санагдаж байсан ч хатагтай Грегт энэ талаар юу ч хэлсэнгүй. Харин “Алив хурдан хэвтэцгээе. Би ядраад байна” гэлээ. Тэгээд тэд унтжээ. Өглөө нь ноён Грег хамгийн түрүүн сэрээд бугуйн цагаа харахаар гараа хөнжлөөсөө гаргах гэсэн боловч нэг л болсонгүй. “Юу болоод байна даа. Гар минь яачихав аа?” гэж гайхан хэсэг хэвтлээ. “За байз, энэ гараа гэмтээсэн билүү, яалаа байз” гэж бодоод нөгөө гараа гаргах гэж оролдлоо. Бас л болсонгүй. Тэгэхээр нь тэр өндийн сууснаа гэнэт анх удаа өөрийгөө өөр болсныг анзаарчээ. Тэр цочсондоо уулга алдан хашгирч орноосоо үсрэн бослоо. Түүний дуугаар хатагтай Грег ч сэрлээ. Орны дэргэд шалан дээр зогсож байгаа нөхрөө хараад тэр ч бас сандран дуу алдав. Нөхөр нь жижигхэн сандлын суудлаас өндөргүй тийм жижигхэн болчихсон байх нь тэр! Гарных нь оронд нугасны далавч ургажээ.

-“Үгүй ээ, энэ чинь хонгор минь юу болох нь энэ вэ?” гэж айсандаа царай нь минчийн улайсан хатагтай Грег хашгирав. Хариуд нь ноён Грег:

-“ Чи гэх биш, бид яачихваа гэсэн нь дээр байхаа” гэлээ. Түүний энэ үг хатагтай Грегийг орноосоо үсрэн гарахад хүргэв. Тэр өөрийгөө харах гэж толь руу гүйсэн боловч нуруу нь хүрсэнгүй. Учир нь тэр ноён Грегээс ч жижигхэн, бас гарных нь оронд далавч ургасан байв. Үүнийгээ мэдсэн хатагтай Грег “Ии, ий,ий” хэмээн мэгшин уйлж, харин ноён Грег “Энэ бол чөтгөр шуламын хийж байгаа хэрэг” гэж хашгирч байв. Тэгээд тэд далавчаараа алгадан өрөөн дотроо нааш цааш гүйлдэцгээлээ. Тэгтэл ч удалгүй Филип, Вильям 2 үүдээр шахцалдан гүйсээр орж ирлээ. Тэдэнд ч мөн яг адил зүйл тохиолдсон байв. Тэдний гарны оронд далавч ургаж маш жижигхэн шувуухайнууд болсон байв. - Ээжээ, ээжээ, бид нисэж чадаж байна. Энэ хараа” гэж Филип хашгиран тэр хоёр агаарт дээш хөөрөн нислээ. Хатагтай Грегийг:

- “Одоохон буугаад ир! Хэтэрхий өндөрт гарчихлаа” гэж хэлж ч амжаагүй байтал хөвгүүд цонхоор нисэн гарав. Аав, ээж хоёр нь цонх руу гүйлдэн очиж араас нь харвал тэд аль хэдийн тээр дээр, тэнгэрт нисэж байв. Хатагтай Грег: - “Хонгор минь, чи бид хоёр бас ингэж нисэж чадах болов уу?” гэвэл нөхөр нь

- “Болох байхаа. Оролдоод л үзье” гэлээ. Тэгээд түүнийг далавчаа хүчтэй дэвж байснаа дээшээ хөөрөхөд эхнэр нь бас дэвж эхлэв. Тэгснээ дээшээ хөөрөөд эхлэнгүүт хатагтай Грег сандран

- “Туслаарай, намайг авраач!” гэж хашгирвал ноён Грег - “За алив ээ, чи чадна. Айсны хэрэггүй” гэлээ. Ингээд тэд цонхоор нисэн гарч өндөрт хөөрөн төд удалгүй Филип, Вильям хоёрыг гүйцэж 4-үүлээ тэнгэрт эргэлдэн эргэлдэн нисэв. Вильям: - “Хөөх, ёстой янзтай байгаа биз дээ. Би дандаа л шувуу шиг нисдэг бол ямархуу байх бол гэж боддог байсан юм” гэж хашгиран хөөрч байлаа. - “Далавч чинь ядраагүй биз, хонгор минь?” гэж ноён Грег эхнэрээсээ асуувал хариуд нь

- “Ердөө ч үгүй шүү. Би удтал ниссэн ч чадахаар байна” гэх нь сонсогдов. - “Хөөе, та нар доошоо хар даа. Манай цэцэрлэг дотор хэн нэгэн хүн явж байна” гэж Филипийг хэлэхэд бүгд доошоо харвал нээрээ л тэдний цэцэрлэг дотор маш том биетэй дөрвөн зэрлэг нугас явж байх нь тэр!. Тэд яг л хүн шиг том, бас тэгээд далавчны оронд хүн шиг урт гартай ажээ. Нугаснууд яг тэдний байшингийн хаалгыг чиглэн гараа хаялан хошуугаа дээр гэгчийн өргөн алхаж явна. Ноён Грег тэдний толгой дээр буух шахам доошлоод

- “Зогс! Наадах чинь манай гэр. Зайлцгаа!” гэж хашгирвал нугаснууд дээшээ харснаа гааглалдан дуугарлаа. Тэгснээ эхэнд нь явж байсан нугас байшингийн хаалгыг гараараа түлхэн онгойлгоод ороход нөгөөдүүл нь түүний араас орж, тэгснээ хаалгаа хаачихав. Грегийн гэр бүлийнхэн яаж ч чадсангүй. Доош бууцгаан хаалганы хажуугийн хана налан суухад хатагтай Грег уйлж гарав.

- “Ээ чааваас, ээ чааваас. Эд нарт гэрээ булаалгачихлаа шүү дээ. Одоо яах вэ? Бидэнд очих газар ч алга” гэсээр эхэр татан уйллаа. Тэгэхэд нь хүүхдүүд нь ч бас даган уйлалдав. Тэгснээ Филип - “Шөнө болохоор биднийг муур юм уу, эсвэл үнэг барьж идэх байх даа” гэхэд Вильям - “Би өөрийнхөө орон дотор л унтмаар байна” гэлээ.

- “Одоо уйлаад нэмэргүй. Яахыг би хэлэх үү? “гэж ноён Грегийг хэлэхэд бусад нь - “Яах юм бэ?” гэлээ. Аав нь тэдэн рүү харан инээмсэглэж

- “Бид өөрсдөдөө зориулж үүр барих болно” гэлээ. - “Үүр ээ? Бид барьж чадах болов уу?” - “Бид чадах ёстой. Унтах газар хэрэгтэй шүү дээ. Намайг дагаад хийгээрэй!” гээд ноён Грег дээш хөөрөхөд бусад нь даган нисч нэгэн өндөр модон дээр бууцгаалаа. Тэгээд энэ модны яг орой дээр нь үүр барих газраа сонгожээ.

- “Бидэнд мөчир хэрэгтэй. Маш олон жижиг мөчир. Одоо бүгд явж мөчир олоод энд авч ирээрэй”

- “Гэхдээ яаж вэ? Бид чинь гаргүй шүү дээ” гэж Филипийг хэлэхэд хариуд нь аав нь - “Тэгвэл амаа ашиглацгаа!” гэлээ. Хатагтай Грег хоёр хүүгийн хамт нисэн яваад удсан ч үгүй амандаа мөчир зууцгаан буцаж ирлээ. Тэдний авч ирсэн мөчрүүдээр ноён Грег үүр барьж эхэлсэн бөгөөд

– “Дахиад зөндөө хэрэгтэй байна. Явцгаа” гэлээ… Удсан ч үгүй тэдний барьж байгаа үүр ч томроод ирлээ. Ноён Грег мөчир эвлүүлэхдээ их сурамгай байв. Хэсэг хугацааны дараа тэр

- “Одоо мөчир хангалттай. Харин навч, өд гэх мэт үүрний дотор талыг зөөлөн тохилог болгох зүйлс хэрэгтэй байна” гэлээ. Үүр барих ажил үргэлжилсээр, нилээд ч хугацаа өнгөрчээ. Тэгж тэгж эцэст нь барьж дууслаа. Ноён Грег хийсэн ажилдаа их л сэтгэл хангалуун байдалтайгаар

- “За, ороод үз” гэхэд хатагтай Грег дотор нь орж сууснаа

- “Өө, ямар гоё юм бэ? Яг л өндөг төрүүлэх гээд хэвтэж байгаа юм шиг санагдаж байх чинь” гэж баярлан хашгирав. Бусад нь ч түүний хажуугаар орцгоолоо.

- “Ямар дулаахан юм бэ?” гэж Вильямийг хэлэхтэй зэрэгцэн Филип ч

– “Бас ийм өндөрт амьдрана гэдэг ямар хөгжилтэй сайхан юм бэ! Хэдийгээр бид жижигхэн ч ийм дээр байгаа юм чинь хэн ч биднийг өвтгөхгүй, айлгахгүй” гэлээ.

- “Гэхдээ юу идэх билээ? Бид өдөржингөө юу ч идсэнгүй шүү дээ” гэж хатагтай Грег хэлэв. Хариуд нь ноён Грег:

- “Тэр ч үнэн шүү. Тэгэхээр одоо хэдүүлээ онгорхой цонхоор нисч ороод нугаснуудыг хараагүй байхад нь ганц хайрцаг жигнэмэг авчихья” гэлээ.

- “Ээ, тэр заваан том нугаснууд биднийг тоншчихвол яах юм бэ?”

- “Хонгор минь, бид их болгоомжтой байхад л болно”. Ингээд тэд бүгд нисэн байшин руу иртэл бүх хаалга, цонх нь хаалттай, дотогшоо орох аргагүй болжээ. - “Зуухан дээр минь хоол хийгээд зогсож байгаа тэр муухай нугасыг хараач. Яаж чадаж байнаа!”

- ”Хайртай бууг минь тэр нэг зэвүүн эр нугас барьчихаж!”

- “Ээ, нэг нь миний орон дээр хэвтэж байна шүү дээ!” - “Аав аа, ээжээ, миний цахилгаан галт тэргээр бас нэг хүүхэд нь тоглоод байна” гэлцэн тэд бүгд л ам амандаа дуу алдацгаав.

- “Ээ чааваас! Энэ муухай нугаснууд манай гэрийг бүр эзэлжээ. Одоо бид хэзээ ч гэрээ буцааж авч чадахгүй боллоо. Тэгээд одоо юугаа идэх билээ?” гэж хатагтай Грегийг хэлэхэд - “Би л лав өт идэхгүй шүү! Тэгж байхаар үхсэн нь дээр” гэж Филип хашгирав.

- “Бас шавьж гээч!” гэж Вильям нэмэв. Хатагтай Грег хоёр хүүгээ далавчаараа хучин тэвэрч

- “Битгий санаа зов доо. Ээж нь тэр өтнүүдийг сайхан татаад өт гэж мэдэгдэхээргүй болгоод сайхан амттай котлет хийнэ” гэв

 - “Үгүй ээ, хэзээ ч үгүй” хэмээн хоёр хүү нь уйлалдлаа. Тэгэхэд нь ноён Грег:

- “Хм, заваан юмаа. Бид далавчтай болсон гээд заавал шувууны иддэг зүйлийг идэх албагүй шүү дээ. Тэрний оронд алим идье. Манай алимны модонд дүүрэн амттай алим байгаа. Алив явъя” гээд нисэхэд бусад нь ч бас алимын мод руу нислээ. Гэвч барих гаргүй бол алим идэх тийм ч амаргүй. Учир нь шүдээрээ хазахын тулд түлхэж өгөх хэрэгтэй шүү дээ. Иймд Грегийнхэн удтал оролдож байж хэдхэн жаахан хазацгаасан бөгөөд харанхуй ч болсон тул үүрэндээ нисэн очиж хэвтэцгээжээ. Энэ бүх зүйл тэдэнд тохиолдож байсан яг тэр үе л байх. Би Филиптэй утсаар ярьж тэднийхэн зүгээр байгаа болов уу, яасан бол гэдгийг мэдэхээр залгалаа. Тэгээд - “Байна уу” гэтэл урдаас – “Кря - кря” гэх дуу гарав. - “Хэн бэ?” - “Кря – кря” - “Филип, энэ чи юу?” - “Кря – кря, кря – кря” - “Хүүе, болиоч ээ” гэтэл утасны нөгөө талд инээдтэй, яг л жинхэнэ шувууны дуу сонсогдох нь тэр! Би ч сандран хурдхан гэгчийн утсаа тавьлаа. Тэгээд л “Яанаа, нөгөө хурууны ид шид үйлчилчихжээ. Найзууд маань яасан бол доо” гэж санаа минь их зовж билээ. Филип, Вильям хоёр аав, ээжтэйгээ хамт өндөр модон дээр барьсан үүрэндээ унтсан тэр шөнө айхтар хүчтэй шуурчээ. Үүр зассан мод нь хүчтэй салхинд найгаж барьсан үүр нь унах вий гэж бүгд айсан байна. Их салхины дараа бороо орлоо. Бороо их удаан орсон болохоор эхлээд үүр нь норж улмаар өөрсдөө шалба норжээ. Урьд хожид үзээгүй их л хэцүү, муухай шөнө болж өнгөрчээ. Арай гэж өглөө болж нар мандлаа. - “Ай бурхан минь гэж. Арай гэж нэг юм бороо, шуурга намдлаа. Дахиж хэзээ ч шувууны үүрэнд унтмааргүй байна шүү!” гэж хэлээд хатагтай Грег доош тонгойн харлаа. Тэгснээ - “Амь авраарай! Тэр....тэр доошоо хараач!” хэмээн хашгирвал - “Яасан бэ, хонгор минь?” гэсээр ноён Грег үүрнийхээ ханан дээгүүр өнгийн харснаа бас л эхнэр шигээ царай нь хувьс гэлээ. Грегийнхний доор маш том, бараг хүн шиг өндөр дөрвөн нугас зогсож байх ба тэдний гурав нь гартаа буу барьжээ. Нэг нь ноён Грегийн бууг, нөгөөх нь Филипийнхийг, харин гурав дахь нь Вильямын бууг барьсан төдийгүй бүгд дээшээ үүр өөд чиглүүлсэн байв. - “Ээ, үгүй ээ, үгүй. Битгий буудаарай “ гэж ноён Грег эхнэрийн хамт зэрэг орилолдоход, - “Яагаад болохгүй гэж? Та нар чинь дандаа л бидэн рүү буудаж байдаг шүү дээ” гэж нэг нугас нь хэллээ. - “Аа..., тэгэхдээ та нар чинь өөр шүү дээ. Хүмүүс бидэнд нугасыг буудахыг зөвшөөрдөг юмаа” гэж ноён Грег ээрч мууран хариулав. - “Хэн та нарт зөвшөөрдөг юм бэ?” - “Юу л даа....Бид бие биендээ зөвшөөрдөг юм аа” гэхтэй нь зэрэгцэн - “Их сайн байна. Тэгвэл одоо бид нар бие биендээ та нарыг буудахыг зөвшөөрөх болно гэх хариу сонсогдлоо. (Тэгэхэд ноён Грегийн царай ямар байсныг би харсан ч болоосой) - “Ээ, гуйж байна. Хоёр нялх үр минь энд бидэнтэй хамт байна шүү дээ. Та нар арай хүүхдүүд рүү минь буудахгүй биз дээ” хэмээн хатагтай Грегийг уйлахад - “Өчигдөр та нар бидний зургаан дэгдээхэйг буудчихсан шүү дээ” гэж нугас хариулав. - “Би дахиж хэзээ ч тэгэхгүй. Хэзээ ч шүү, хэзээч!” гээд ноён Грег ч бас уйлж гарлаа. - “Үнэн гэж үү?” - “Тийм ээ, үнэн. Энэ яваа насандаа дахиж хэзээ ч шувуу буудахгүй”. - “Үгүй шүү. Ганц шувуу гэдэг хангалтгүй. Буга, туулай гэх мэт бусад амьтад яах болж байна?” - “Хэрвээ та нарыг наад буунуудаа доошоо буулгавал хэлсэн бүхнийг чинь би хийе. Би дахиж хэзээ ч ямар ч амьтан руу буу шагайхгүй” гэж ноён Грег хашгирлаа. - “Хэлсэндээ хүрч чадах уу?” - “Тиймээ. Чадна”. - “Буунуудаа хаях уу?” - “Юу ч үгүй болтол нь эвдэж хаяна. Дахиж та нар надаас болон манай гэр бүлээс айх хэрэггүй болно”. - “За, их сайн байна. Тэгвэл одоо доошоо бууж болно... Аа, тийм, та нарт ийм гоё үүр барьж чадсанд баяр хүргэе. Анхны оролдлого гэхэд их сайн барьсан байна шүү”. Ингээд Грегийнхэн үүрнээс гарч доош нисэн буув. Тэгтэл гэнэт эргэн тойрон харанхуйлан юу ч харагдахаа больж тэдэнд хачирхалтай мэдрэмж төрснөө чих нь шуугилаа. Үүний дараа нөгөө харанхуйлаад байсан зүйл нь хөх, ногоон, улаан, алтан шаргал өнгөөр ээлжлэн солигдож байснаа тэд гэрийнхээ хажууд нар ээсэн дулаахан цэцэрлэг дотроо зогсож байв. Бүх зүйл хуучин хэвэндээ оржээ. - “Бид далавчгүй болчихож. Буцаад гартай болчихлоо шүү дээ” гэж ноён Грег хашгирав. - “Бас бид тийм инээдтэй, өчүүхэн жижиг байхаа больж. Би ямар их баяртай байна гээч” хэмээн хатагтай Грег инээд алдаж Филип, Вильям хоёр хөөрч баярласандаа бүжиглэж эхлэв. Тэгтэл толгой дээр нь зэрлэг нугас дуугарахыг сонсоод тэд дээш харвал цэнхэр тэнгэрт дөрвөн шувуу зэрэгцэн нуурын зүг нисэж буй нь үзэсгэлэнтэй сайхан харагдаж байлаа. Тэрнээс хойш хагас цаг орчмын дараа л байх, би Грегийнхний цэцэрлэгт очлоо. Юу болж байгааг харах хэрэгтэй байсан ба үнэнийг хэлэхэд би дотроо муу юм болж байгаа байх гэж бодож байсан юм. Хашааных нь хаалган дээр очоод би их л сонин дүр зураг олж харлаа. Хашааны нэг буланд ноён Грег буунуудаа томоо гэгчийн алхаар жижиг хэсэг болгон хугалан эвдэж байв. Өөр нэг буланд хатагтай Грег арван зургаан ширхэг жижигхэн овоолсон шороонд гоё цэцэг суулгаж байх юм. Тэр нь урд өдөр ноён Грег хоёр хүүтэйгээ буудаж алсан 16 нугасны булш байсныг би сүүлд мэдсэн юм. Харин Филип, Вильям хоёр хашааны дунд зогсон хажуудаа аавынхаа тарьсан хамгийн сайн арвай буудайг хийсэн уут тавьжээ. Эргэн тойронд нь галуу, тагтаа, гургалдай, богширго, болжмор, бас миний мэдэхгүй өөр олон төрлийн шувууд газарт буун тэдний атга атгаар цацаж байгаа арвайг тоншиж байв. - “Өглөөний мэнд, ноён Грег” гэж намайг мэндлэхэд тэр алхаа буулган над руу харснаа - “Одоо би тийм нэртэй байхаа больсон. Жигүүртэн найзуудаа хүндэтгэн би Грег нэрээ Эг (англиар шувууны өндөг гэсэн утгатай.орч) болгож өөрчилсөн” гэлээ. - “Харин би хатагтай Эг болсон” гэж хатагтай Грег хажуунаас хэлэв. - “Яагаад? Юу болоо вэ?” Тэд бүгд төрөл арилжсан мэт надад санагдаж байв. Тэгээд Филип, Вильям хоёр болсон явдлыг бүгдийг нь надад ярьж өглөө. Ярьж дуусаад Вильям - “Тэр хар даа. Яг тэр модны орой дээр байгаа үүрэнд бид өнгөрсөн шөнө унтсан байхгүй юу” гэлээ. - “Би өөрөө энэ үүрийг барьсан. Мөчир бүрийг нь эвлүүлэн байж тэр шүү дээ” гэж ноён Эг ам бардам хэлэв. - “Хэрвээ чи бидэнд итгэхгүй байвал байшин руу ороод угаалгын өрөөг хараарай. Ёстой холион бантан гэж тэр л байх” гэж хатагтай Эгийг хэлэхэд хажуунаас нь Филип - “Тэд усанд ордог онгоцны ирмэгийг давтал усаар дүүргэсэн байна лээ. Шөнөжингөө л дотор нь сэлсэн байх. Тэгээд бас хаа сайгүй нил өд, сөд!” гэж нэмэв. - “Нугаснууд усанд дуртай байлгүй яах вэ? Ямар ч байсан тэдэнд сайхан байсан байхаа гээд би их баяртай байгаа шүү” гэж хатагтай Эгийг хэлж дуусав уу үгүй юу хаа нэгтээ чанга гэгчийн пан – пан - пан гэх буун дуу гарлаа. - “Хэн нэг нь буудаад байна” гэж намайг хэлэхэд ноён Эг - “Энэ лав Жим Күүпэр байж таарна. Тэр 3 хүүтэйгээ нийлээд галзуу юм шиг л бууддаг юм.” гэх нь тэр!. Гэнэт нүдэнд минь улаан юм үзэгдээд эхэллээ... Тэгээд л бүх бие минь халуун оргиод... Тэгээд хурууны үзүүр аймаар чимчигнээд ... Тэгээд, тэгээд ... биен дотор минь ямар нэг далдын хүч өгсөөд ирэх шиг л боллоо. Би ч год үсрэн эргэж нуур руу зүглэн гүйлээ. Миний араас - “Хөөе! Яасан бэ? Хаашаа явж байгаа юм бэ?” гэж ноён Эгийн хашгирах нь сонсогдлоо. Би эргэж хараад - “Күүпэрийнхэнийг эрж ольё” гэж хариу хашгирвал - “Яах нь вэ?” - “Хүлээгээд харж бай. Өнөө орой тэд бүгд модон дээр үүрээ засах хэрэгтэй болох нь бололтой”... Ийм шидэт хуруутай бол ч үнэхээр хэрэгтэй байхсан! Ийм шидэт хуруутай байхад бүхнийг өөрчлөнө. Грегийнхэн ойд тааралдсан амьтан, шувуу гээд тааралдсан бүхнээ агнаж зугаацдаг байсан нь тэдний хөрш жаахан охинд ер таалагддаггүй байв. Охин тэднийг болиулах гэж хэдий оролдовч Грегийнхэн түүнийг элэглэн шоолохоос өөр үр дүн гараагүй тул охин өөрийн хурууны ид шидийг тэдэнд хэрэглэхээс өөр аргагүй боллоо. Маргааш өглөө нь Грегийн гэр бүлийг гайхшруулсан хэрэг болж тэд бүгд шувуу шиг жижигхэн биетэй, бас далавчтай болж хувирсан байлаа. Гэсэн ч тэд бүх зүйл орвонгоороо эргэж өөрсдөө шувууны үүрэнд амьдарч, харин гэр орныг нь хүн шиг том биетэй 4 нугас эзлэнэ гэж мэдээгүй л байлаа! Энэхүү номыг уншсан зарим уншигчид “мартахын аргагүй гайхалтай ном”, “Яг л суфле шиг зөөлөн эмзэг хэрнээ бас амттайхан уран сэтгэмж бүхий ном” гэж дүгнэсэн байдаг.

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ