Download Firefox
Download Firefox

Thursday, Apr 09th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ УТГА ЗОХИОЛ Яаж би Амитаба шиг...

Яаж би Амитаба шиг...

М.Мөнхтунгалаг:

Яаж би Амитаба шиг, үүлний сиймхийгээр шагайх саран мэт бултайх вэ? Яаж би Амитаба шиг, нисээд явчихсан шувуу адил анир алдрах вэ? Яаж би Амитаба шиг, өөрийнхөө үсний ойчих чимээг сонсох вэ? Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?

 

Яаж би Амитаба шиг …хэмээн сэрэл мэдрэмжийн яруу найргийн үрийг утга зохиолын хөрсөнд суулгаж өгсөн Дорнодын Эрээнцавын их найрагч Д.Нямсүрэн өдгөө яруу найргийн тэнгэрт морилоод хэдэн ч “Дөрвөн цаг”-ийг үдэв дээ. Тэрбээр бидэнд Бороо ганц нэг дусах нь сайхан Борог өвс норсон байх нь сайхан Хаврын цас гэр лүү урсах нь сайхан Хаа нэгтэй шувууд ганганах сайхан хэмээн хорвоо ертөнцийн гоо сайхан гэдэг эгэлийн эгэлд нуугдаж байдгийг яруу найргийнхаа хэлээр ойлгуулсан. Утга зохиолын ертөнцөд түүний бүтээлээр амьдарч, амьсгалж байдаг хүн ч нэлээдгүй. Түүний номын нөхөр Г.Мэнд-Ооёо “Бид түүнийхээ бичиглэж хадгалсан гар бичмэлүүдийг ном болгон баринтагллаа. Өдгөө түүний “Ирж буй цаг”, “Амитаба”, “Сарны цагаан үүлс” гурван ботийг хэвлэсэн нь Д.Нямсүрэнгийн яруу найргийн галд дулаацах гэсэн хойч үед бадамласан их түүдэг боллоо” гээд Д.Нямсүрэн амьд ахуйдаа “Зүүдний тэмдэглэл” гэж ном бичсэн байна. Өөрийн зүүдээ тэмдэглэж үлдээсэн нь энэ хүний шүлэг яруу найргийг судлах эрдэм шинжилгээний үйлд хэрэглэгдэх баримт болох юм. Нямсүрэн захидал их сайхан бичдэг байсан. Шүлэг найргаасаа дутахааргүй тансаг захидлыг найз нөхөддөө, гэргий Хандмаадаа, шавь нартаа бичдэг байжээ. Энэхүү өвөөр нь захидлын нэгэн сайхан боть хийнэ гэж нөхдийнхөө өмнө амлаж байна хэмээн яруу найргийн их анд нөхрийнхөө тухай дурссан юм. Их найрагчийг дурссан энэ үдэш түүний фото зургийг зочдод дугтуйлж дурсгасан. Бас тайзан дээр хүмүүс дарааллаа хүлээн бүчиж, ямар нэгэн рүү тэмүүлэн яарах зүтгэл, тэмүүлэлд хөтлөгдөн буйг харахад тэнгэрт суугаа найрагчийн эзгүй орон зай хүмүүсийн сэтгэлд байнга уятай байдаг юм байна даа хэмээн бодогдож байв. Хүн бүхэн түүнтэй нөхөрлөж, шүлэг найргаас нь шимтэн уншиж явснаа ярих гэж микропон сулрахыг хүлээн догдолж байх шиг санагдсан. Энэ зуур “Модун” групийн захирал Д.Батбаяр дарааллыг эвдэн Д.Нямсүрэнгийн гурван ботийг хэвлүүлсэн бүрэн эрхээ ашиглан үг хэлж амжсан. Тэрбээр, “Энэ эрхэм хүмүүнийг хааяа нэг Улаанбаатарт ирэхэд нь утга зохиолд дуртай бидний үеийнхэн түүнийг гувшаа хурга шиг л дагаж явдаг байлаа. Энэ хүний 1970-1980 онд бичсэн сэтгэлгээний гайхам өндөр түвшний яруу найраг өнөөдөр ч бидний сэтгэл зүрхэнд үнэтэй хэвээр байна. Номын цагаан буян мөнхөд орших болтугай” хэмээгээд түүний “Дөрвөн цаг” шүлгийг бүрэн эхээр нь уншсан юм. Танхимд “Дөрвөн цаг”-ийн жавар арилаагүй байхад Нямсүрэнтэй зүү орох зайгүй нөхөрлөж явсан Ардын жүжигчин Чимэдцэеэ, “Нямсүрэн минь намайг дуудаад л нөгөө “Жоохон шарга”-аа дуулаад өг гэдэгсэн. “Жаахан шарга“ дууг сонсох их дуртай байж билээ. “Хөхрөн байгаа уулс” гэж нэгэн сайхан уянгийн шүлэг Нямсүрэн надад бичиж өгсөн. Энэ шүлгийг ая дантай болгоод одоо ч дуулдаг юм. Түүндээ “Жоохон шаргы нь дуулж өгөе дөө” гэснээр “Жаахан шарга” дуу уянгалав. Зочид нүдээ анин сэтгэл зүрхээрээ уусан чагнахыг ажаад нөхөд нь түүнийнийг ямар их санаж вэ хэмээн бодож суув. Дарь Сүхбаатар найрагч Д.Нямсүрэнгээ бурханы авшигтай хүн гэсэн. Түүнийг хүндэтгэдэг их олон нөхөд, шавь нар нь цугласан нь өнөөдрийг тэнгэр улам таалж, газар улам дааж байгаагийн дохио гэж би харж байна гэв. Харин уулзалт өндөрлөхөд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав: “Яруу найрагчийн гэргий байна гэдэг хамгийн хэцүү ч хамгийн буянтай хувь заяа юм. Бүсгүйчүүд минь болж өгвөл найрагчийн гэргий болоорой! Урьд би Ленин л ганцаар амьд хэвээр байдаг юм байна гэж бодож явлаа. Гэтэл яруу найрагч хүн мөнхийн амьд байдаг юм байна” хэмээн яруу найрагчийн хувь тавилангийн мөнхийн үнэний тухай дуу алдана билээ. ...Гадаа цас зөөлөн хаялж байв. Аманд өөрийн эрхгүй нэгэн бадаг орж ирнэ.

Яаж би Амитаба шиг, үүлс бүрхэж, мөс хучсан ч сая сая жилд үлдэх вэ?

Яаж би Амитаба шиг …

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ