Download Firefox
Download Firefox

Friday, Dec 04th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Ховд хотын иргэд хойч үеэ усгүй үлдээх нь...

Ховд хотын иргэд хойч үеэ усгүй үлдээх нь...

Sample image

“Ус чандмань эрдэнэ” гэж энэ үг хэзээнээс л хэн хүний амны хэвшил байсаар ирсэн. Гэтэл түүний үнэ цэнийг бид ой тойндоо тогтоож ухамсарласан байдаг болов уу. Өвөг дээдсийнхээ нандигнан хайрлаж ирсэн тэрхүү чандмань эрдэнийг өнөө цагт бид дэндүү хайр гамгүй хэрэглэсээр усны хомсдол үүсэхэд хүрсэн.

Усыг хэтэрхий үрэлгэн хэрэглэж буй өнөөдрийн байдлаараа цааш явбал жинхэнэ утгаараа эрдэнэсээс ч илүүтэйгээр үнэд хүрч ховордохыг үгүйсгэхгүй. Үүний нэг тод жишээ гэвэл манай аймгийн гүний усны түвшин багасч байгаа явдла юм. Тэрээр цэвэр усны нэгдсэн системд холбогдсон 9 худагнаас нэг нь ажилгүй болж одоогоор 8 худаг ажиллаж байна. Эдгээр худгууд хоногт 4400-4800 метр куб ус татан гаргаж нэгдсэн системд нийлүүлдэг. Мөн нэгдсэн системд холбогдоогүй 20 гаруй гүн өрмийн худаг ажиллаж байна. Гүний усыг ингэж их замбараагүй хэрэглэвэл магадгүй 8-10 жилийн дараа гүний усны хомсдолд орж болзошгүй байгаа юм.
Яагаад Ховд хот усаа ингэж их хэрэглээд байгаа юм бол, тийм их хүн амтай юм уу гэтэл үгүй. Баруун таван аймгийн хүн ам болоод усны хэрэглээний талаарх судалгаанаас үзэхэд Ховд хот эдгээр аймгуудын яг дундаж нь байгаа юм. Өнөөдөр Ховд хотод 27 мянган хүн, Өлгий хотод 32 мянга, Улиастайд 22 мянга, Алтай хотод 16 мянган хүн ам оршин сууж байгаа ба хамгийн их ус хэрэглэдэг нь Ховд хот ажээ.

Задгай мөнгө шиг үрдэг усны зөрүүг хэн төлөх вэ?

Ховд аймгийн цэвэр, бохир усны хэрэглээний үнийн зөвшлийн комиссын 2009 оны 7 дугаар сард гаргаж тогтоосноор орон сууцны 1 хүн сард цэвэр усыг 1600, бохир усыг 1872 төгрөгөөр, төсөвт албан газрууд  нэг метр куб цэвэр усыг 548,  мөн төдий хэмжээний бохир усыг 876 төгрөг, Үйлдвэр аж ахуйн газруудын хувьд метр куб цэвэр усыг 958, бохир усыг 1158 төгрөг, харин тоолуураар  бол нэг метр куб цэвэр усыг 1304, бохир ус 1411 төгрөгийн өртөгтэйгээр тус тус хэрэглэж иржээ. Мөн дээрх үнийн журамд зааснаар “хэрэв цэвэр бохир усны тооцоог тоолуураар хийж байгаа нөхцөлд нийт төлбөрийн дүнгээс 30 хувь хөнгөлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон 65-аас дээш насны иргэдийг усны төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр шийдвэрлэв” гэжээ.
Манай аймаг борлуулж байгаа усны төлбөрөөс өртөгийнх нь дөнгөж 20 хувийг олж авдаг тухай судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь төлөөлөгчийн газраас гаргажээ. Харин Говь-Алтай аймаг 60 хувийг нь олж авдаг гэнэ. Энэ хоёрын хооронд их зөрүү байгаа биз. Инээдтэй ч гэмээр, элэг барьсан ч гэмээр бодлогын алдаанаас болж буй хэрэг. Учир нь усны төлбөрийг задгайгаар авдаг. Зарим айл өрх хүнийхээ тоог хасч хэлэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан байгаа хэмээн усны төлбөрөөс зугатах хандлага их гардаг. Албан байгууллагууд ч мөн ялгаагүй. Тоолуураар тооцоо хийх гэхээр төсөвлөсөн мөнгө хүрэлцэхгүй хэмээн шалтаг зааж, задгайгаар төлбөр хийх жишигт шилжицгээсэн. Нэг ёсондоо аман тохироогоор гэсэн үг шүү дээ. Энэ нь эцэстээ усыг хэтэрхий их хэрэглэх үрэлгэн байдалд хүргэж байгаа юм. Усны төлбөрийг задгайгаар хийх нь маш их алдагдал гардаг ажээ. Тоолуураар гарсан усны хэрэглээ задгайгаар төлж буй төлбөр хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа юм. Жишээлбэл, Бүсийн оношлогоо эмчилгээний төв гэхэд сард 1.2 -оос 1.8 сая төгрөг, сургууль цэцэрлэгүүдээс  сард 500 мянгаас 1 сая төгрөгийн усны хэрэглээний алдагдал гардаг байна. Мэдээж орон сууцны айл өрхүүдээс ч гэсэн алдагдал их гарч таарна. Тэгэхээр үүнийг хэн хариуцах вэ. Эсвэл задгай мөнгө шиг урсгасаар эцэст нь усны хомсдолд хүрч, нөөц багасах нь тэдэнд хамаагүй хэрэг үү.

Бохир усаараа ногооны талбайгаа усалж, Буянт голоо бузарлах уу?

Цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй үе багагүй гардаг байна. Үүнээс болж бохир ус Буянт гол руу хальж орох цаашлаад ногооны газар руу орох нь ихэсч байгаа аж. Нэг өдөрт 5500 тонн бохир ус уг байгууламж руу орж байна. Гэтэл Ховд хотын цэвэрлэх байгууламжийн зориулалт нь өдөрт 3000 тонн бохир ус хүлээн авч боловсруулах хүчин чадалтай. Иймээс халилт үүсээд байгаа хэрэг. Бохирын станцын хүчин чадлыг сайжруулах, шинээр барьж байгуулах шаардлагатай, Түүнтэй зэрэгцээд усны замбараагүй хэрэглээг зогсоох, усны үнэ цэнийг мэдэрч зөв хэрэглэх нь нэн тэргүүний асуудал.Тэгэхээр Ховдчууд бид бохир усаараа ногооны талбайгаа усалж, Буянт голоо бузарласаар байх юм гэжүү.

Тоолуурын заалтаас бус тархин дахь хэрэглээнээсээ ай!

Хэрэглэж буй усны алдагдалын 65-66 хувь нь орон сууцныхны  хэрэглээнээс гардаг гэнэ. Орон сууцныхан 1 литр усаа 21 мөнгөөр, гэр хорооллынхон 2 төгрөгөөр хэрэглэж байна. Үнэхээр их зөрүү. Арай дөнгүүр орлоготой, их төлөв алба тушаалтай, үгүй дээ л төсвийн юм уу боломжийн компанид ажилладаг төлбөрийн чадвар сайтайчууд нь орон сууцанд амьдардаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй байх. Тэгсэн хэрнээ гэр хорооллынхноос 10 дахин бага үнэтэй ус хэрэглэнэ. Ийм бага үнэтэй ус хэрэглэдэг атлаа төлбөрөөс зугатаж задгайгаар төлнө. Үнэгүйд дулдуйдсан үрэлгэн хэрэглээ тоолуураас зугатах том шалтаг болдог биз.
Баруун таван аймгийн усны тоолууржуулалтыг харьцуулан харвал Ховд хот хамгийн бага үзүүлэлттэй байна. Тэр дундаа төсөвт албан газрууд хамгийн бага буюу дөнгөж 10 хувьтай байгаа юм. Харин бусад аймгийн төвүүдийн төсөвт албан газрууд 100 хувь тоолууржсан байх жишээтэй. Ном журмаараа бол төсөвт албан газрууд аж ахуй нэгжээсээ илүүтэйгээр тоолууржсан байх ёстой. Гэтэл манай аймагт энэ нь эсрэгээрээ. Ингээд үзэхээр нөгөөх л хувийн хэвшлийнхэн ачааны хүндийг үүрч төсвийнхөн бол үнэ цэнийг мэдрэлгүй үрэлгэн загнасан хэвээр. Уг нь үйлдвэрлэл аж ахуйгаа нэмэгдүүлж хувийн хэвшил, иргэдээ бодит байдлаар дэмжье гэвэл энэ мэт татвар татаасыг нь хөнгөлж өгөх ёстой бишүү. Аль ч байгууллагад ороход угаалгын газар, нойлын өрөөнд ус нэлийчихсэн байх нь хэвийн  л үзэгдэл. Үүний цаана цэвэр усны нөөц бага багаар хомсдож нөгөөтэйгүүр мөнгө урсаж байна гэдгийг анзаардаг хүн хэр байдаг бол? Усны үнийг бодитоор тогтоож хэрэглээндээ хязгаарлалт хийхийг өнгөрсөн хэдэн жилийн жишээ харууллаа.
Хэн хүний цамаан зангаас болж цацаж орхисон усны төлбөрт төсвийн мөнгө ч бас урсана. Өнөө маргаашаа аргацаасан ийм тогтолцоог халах сэлгэх шийдвэр гаргагч сийрэг ухаантай эрх мэдэлтэн Ховд аймагт байдаггүй хэрэг үү. Аль эсвэл гүний усны түвшин ямар байдалтай байгааг олж харах, ухаарах сөхөөгүй явна уу? Өнөөдөр ганц карант нээх төдийд л урсах ус хожим хойно дуслаар ч олдохгүйн цагт тоолууржуулалт гэж мянга яриад ч нэмэргүй. Хананд тоолуур суулгахдаа бус хүн болгоны тархинд тоолуур суулгах нь зүйтэй юм шиг ээ. Ингээд харахад боломж бас байгаа юм. Нийт хэрэглэгчдийн 80 хувь нь тоолуураар тооцоо хийдэг системд шилжвэл усны одоогийн үнийг бууруулах бололцоотой гэнэ. Мөн “Шим ус” ХХК-аас тоолуурыг 6 сарын хугацаатай зээлээр өгч байгаа бөгөөд ингэхдээ ажлын хөлс авахгүй юм. Ер нь тоолуурын заалт их гарахаас айх биш тархин дахь хэрэглээнээсээ айх нь зүйтэй бус уу.

Хэрэглээгээ хэмнэлт болгохсон

Зарим хөгжилтэй оронд усыг гурав ангилсан байдаг. Тухайлбал хар, саарал, цэнхэр ус гэж. Хар ус нь хамгийн бохир ус. Саарал ус нь дунд зэрэг буюу машин тэрэг угааж болох бөгөөд бас нойлын усыг ч орлодог. Мөн зүлэг ногоо услахдаа ч хэрэглэж болох. Харин цэнхэр усыг ундандаа хэрэглэх буюу хамгийн цэвэр ус нь байдаг.  Бид яагаад энэ жишигт шилжиж болохгүй гэж. Усны хэмнэлт хэрэглээний тал дээр үлгэрлэн дуурайх газар, орон олон бий. Үгүй ядахдаа шүдээ угаахдаа жижиг стаканд усаа хийж угааж болох шүү дээ. Нэг удаа шүд угаах зуур 5-10 литр ус үргүйгээр зарлагддаг гэсэн судалгаа бий. Тэгээд өдөрт 2-3 удаа шүдээ угаахад 20-30 литр ус зарцуулагдана. Харин түүний оронд дээрх байдлаар усыг хэмнэвэл ойролцоогоор 3-5 литр ус зарцуулагддаг аж. Уг нь бол энэ мэтчилэн хэрэглээгээ хэмнэж ядаад байх зүйл баймааргүй сэн.
Манай улс цэвэр усны нөөц багатай орны тоонд ордог. Тэр дундаа Ховд аймаг цэвэр усны нөөц багатай. Учир нь далайн түвшнээс дээш нэлээд өндөрт оршдог. Хэрэв цаг уурын өөрчлөлт энэ хэвээр үргэлжлээд байх аваас усны хомсдолд орж болзошгүй аймгийн нэг нь манай аймаг ажээ. Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Монгол алтайн нурууны мөнх цас, мөсөн гол эрчимтэй хайлж байна. Түүгээр ч зогсохгүй Ховд, Буянт голын ус жил ирэх тутам багассаар. Жил бүр олон арван гол, горхи, булаг, шанд, нуур, цөөрөм ширгэж байна. Эдгээр шалтгаанаар гадаргын ус хомсдохын хэрээр газрын гүний усаа улам ихээр хэрэглэж эхэллээ. Газрын гүний усны түвшин нэлэнхүйдээ багасвал буцаж нөхөгдөхдөө маш удаан. Хэдэн арав, зуун жилийн дараа нөхөгдөх, эсвэл огт нөхөгдөхгүй байх ч магадлалтай.  Аймшигтай байгаа биз. Ховд хотын өнөөгийн усны хэрэглээ хойч үеэ усгүй үлдээхэд хүргээд байна.

Ж.САРУУЛ

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ