Download Firefox
Download Firefox

Monday, Dec 11th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХУУЛЬ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ “Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

“Зөрчлийн тухай хууль”-ийг зөвшөөсөн хийгээд ажигласан тэмдэглэл

Zurchliin huuli zurag

Нэг: Уг хуулийн дээдлэн сахихын утга

Хүн бүхэнд хүсэл, сэтгэл бий, тэгэхдээ хүн бүхнийх адилгүй. Гэвч бараг бүх хүмүүст ав адилхан байдаг хүсэл сэтгэл гэж бас бий. Тэр бол хорвоод мэндэлсэн хэн ч байлаа гэсэн адилхан амар тайван, аз жаргалтай сайхан амьдрахыг , өвчин зовлонгүй эрүүл энх аж төрөхийг хүсдэг, бүгд л сайн, сайханд тэмүүлдэг. Гэвч тэр болгон санаснаар нь бэлэн байдаггүй. Санаснаар байдаггүйн учир нь хүмүүс олон, олон жилийн туршид амьдрал, нийгмийг бүтээхдээ тэрхүү санаж хүсэж байгаа зүйлдээ саад болох, заримдаа бүүр түүнийхээ дайсан болох олон зүйлийг бий болгосноос үүдэлтэй ажээ. Үүний зарим нь юу гэвэл хүмүүсийн үл ойлголцол, зарим нэгнийх нь зохисгүй үйлдэл, байвал зохих жам ёсны хэм хэмжээг үл тоож, дураар авирлах, зөвхөн өөрийн хязгааргүй хүсэл шуналыг хангах гэсэн санаархал, бас зарим хэсэг нь нөгөө хэсгийнхээ хүсэл сонирхлыг ойлгохгүй мэдэхгүйгээс, байвал зохих хэм хэмжээний тухай мэдээлэлгүйгээс амьдралд үйл олон зөрчил, зөрөлдөөн бий болдог. Чухам үүнийг зохицуулахын тулд хууль журмыг хэрэглэдэг.

Дээрхийг нуршсаны учир гэвэл хэн ч гэсэн өөрийн бодол сэтгэл, хүсэл сонирхлдоо саад тээг бий болгохгүйн тулд жам ёсны хэм хэмжээг, тогтоосон хуулийг хүндэтгэн сахих учиртайг сануулах гэсэн хэрэг.

Манай улсад саявтархан, шинэ тутам батлагдан мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хууль бол тийнхүү иргэдийн амьдралын хэм хэмжээг зохицуулахад чухал хэрэгцээтэй хууль гэдэг нь тодорхой харагдаж байна.

Эндээс нэн чухал гэж санагдсан зарим нэг зүйлийг энд авч үзье. Зөрчлийн тухай хуулийн 5.5-д Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг зааж өгчээ. Хэдийгээр “архи идээний дээж” гэдэг боловч ааг, хүч ихтэй хатуу, хурц идээ болохоороо хэтрүүлж хэрэглэсэн нөхцөлд “савнаасаа бусдыг дийлдэг” гэдгийг бид мэддэг ч, мартаж цалгартах, хэнэггүйтэж омойтох, сэтгэлийн гуниг гутралд дарангуйлуулах, цаашлаад бусдын нөлөөнд автах зэрэг элдэв шалтгаанаар тэрхүү хатуу идээг хэтрүүлэн хэрэглэж, даамай согтсоны харгайгаар ааш омог ихдэж, агсам айзам тавихаас эхлээд, ухаан мэдрэлээ гээж, хэрэг төвөг үйлдэх, түүнээс гадна архийг стандартаас өөрөөр, хүний эрүүл ахуйн шаардлагад нийцэхээргүй орц найрлагатайгаар үйлдвэрлэсний улмаас хэрэглэгчийн эрүүл мэнд, бүүр амь насанд ч аюул, цөв учрах нь бий.

Ийм хэрэг явдал үүсэхээс сэргийлэх, үүссэн тохиолдолд зохицуулж, зөв гольдролд оруулах үүднээс хууль үйлчилж байгаа бол харин хуулийг сахиж, эрсдэлээс сэргийлэх учиртайг байнга сануулж, сэрэмжлүүлдэг нь хууль сахиулагчид билээ.

Хуулийн 5.5.7-д “Согтууруулах ундааг импортлох, экспортлох, реэкспортлохдоо нэр заасан боомтоор улсын хил нэвтрүүлэх журмыг зөрчсөн, эсхүл импортлох жагсаалтад орсон согтууруулах ундааг импортлохдоо дээжийг мэргэжлийн байгууллагаар урьдчилан шинжилгээ хийлгүүлээгүй, хилийн гаалийн эрүүл ахуйн хяналт шалгалт хийлгүүлээгүй бол согтууруулах ундаа болон хууль бусаар олсон орлогыг хурааж, хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.

Худалдаалж байгаа согтууруулах ундаандаа хуулинд дурьдсан мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгүүлээгүй байх нь хүний эрүүл ахуйд сөрөг нөлөө учруулах болзошгүй эрсдэлийг дагуулдаг. Хэрэвзээ зөвхөн худалдаанаас олох ашгаа бодож, шинжлүүлээгүй архи худалдаалж байгаад хэн нэг хүнд эрсдэл учруулбал мөнөөх олох ашгаас чинь илүү балаг учрана гэдгийг хэн хүн байнга санаж явах хэрэгтэйг энд улиг болгон дурьдахад илүүдэхгүй биз.

Түүний зэрэгцээ хоёр хөршийн ялангуяа урд хөршийн хилд ойр байдаг манай аймгийн хувьд импортоор бүрэн хэмжээний шинжилгээнд хамрагдаагүй, зарим нэг нь ч нууж, хааж авч гарч ирсэн архи дарс зарагдаж байж болзошгүй тухай ам дамжсан мэдээлэл, яриа хөөрөө элбэг байгааг тэр болгон үгүйсгэх аргагүй юм. Учир нь хилийн шалган нэвтрүүлэх хэсгийн шинжилгээний лаборатори, төхөөрөмж хэрэгсэл, боловсон хүчин, ажиллагсдын хүрэлцээ хангамж, тэдний хариуцлагад бүрэн найдвар тавих баталгаа бий эсэх гээд олон талаас нь бодож үзэхэд эргэлзээ төрөх шалтгаан байгаа бөгөөд, дотоодын мэргэжлийн хяналтын байгууллагад ч худалдааны бүх цэгүүдэд бүрэн хяналт тавих боломж хомс билээ.

Аливаа хуулийг боловсруулахад бодлого болон амьдралтай хэрхэн уялдаж байгаа байдал хийгээд бодлогын хэрэгжилтийн чанар чансаатай нягт уялдуулж, тунг нь тааруулах нь чухал гэж бодно. Жишээлэхэд энэхүү 5:5.7 дахь заалтын тухайд авч үзэхэд уг заалттай уялдуулаад хилийн гаалийн шинжилгээний байгууллагын хүчин чадал, тэнд ажиллагсдын мэргэжил, хариуцлагын түвшинг төдий хэр баталгаатай болгох зохицуулалтууд нэн чухал гэж бодно. Мөн дотоодын мэргэжлийн хяналтынхны чадвар чансаа, хүрэлцээ хангамжийг нэгэн адил анхаарах хэрэгтэй байх.

Хуулийн 7.11 дүгээр зүйлд хүүхдийн эрхийг зөрчих “хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хүнсний зүйл хэрэглүүлсэн, сурч боловсрох эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн бол 12 дугаар зүйлд “нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Хүүхэд гэдэг бидний залгамж, Монгол улсын маань ирээдүй. Тийм болохоор бид амьдарч аж төрж буй бүхий л орчиндоо бүхий л цаг үеийн туршид хүүхдийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, зөвхөн хүүхдийн эрх зөрчихөөс сэргийлэхийн зэрэгцээгээр хүүхдэд зохистой үлгэр дагуулал үлдээх нь туйлаас чухал билээ. Болгоомжгүй хийгээд санамсаргүй байдлаар зохисгүй үйлдэл рүү хальтрах, жишээлэхэд аль нэг аж ахуйн нэгж сургуулийн хүүхдүүдэд үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа гэж бодоход түүндээ цалгар хандаж, эрүүл ахуй стандартын шинжилгээнд бүрэн хэмжээгээр хамруулалгүйгээр, “за яахав болоод л байдаг юм, гайгүй биз ээ” гэж хандах нь болзошгүй эрсдэлээс тойрч чадахгүйг цаг тутамд санаж явах ёстой гэсэн үг. Хүүхдийн үдийн цайны бүтээгдэхүүний чанар чансаанд цалгар хандаснаас болж өмнөх жилүүдэд л гэхэд манай аймагт хэд хэдэн удаа хүүхдүүд бөөнөөрөө хордлого авч, төвөгтэй асуудал үүсч байсан нь бодитой жишээ. Түүний дотор нялх балчир хүүхдийн хоол хүнс гэдэг бүүр ч чухал, нандин зүйл учир энэ чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэж буй хүн бүхэн хэрэглэгчдэд очих бүтээгдэхүүнийг өөрийн балчир хүүхдэд очиж буйтай адилтган бодож, анхаарч байваас хууль ёс зөрчигдөх зүйл гарахгүй бизээ.

Тэрчлэн гэр бүлийн асуудал өнөө үед чухлаар тавигдах болсон бөгөөд гэр бүлийн гишүүддээ ширүүн, дориун ханддаг, гомдоодог, дарамт учруулдаг, дарангуйлдаг ч тохиолдол гарах нь олонтоо болсон гэх. Гэр бүл бол хүмүүсийн, улс орны оршин тогтнох үнэт зүйл гэдэг нь ойлгомжтой. Бүхий л гэр бүлүүд нэгэн нийгэмд амьдарч, ах дүү, садан төрөл, найз нөхөд, хамт олон нутаг зон, үндэс угсааны нандин холбоогоор сүлжилдэн холбогдож байдаг учир нийгэм маань, улс орон маань үндсэндээ нэг л гэр бүл гэсэн үг. Тиймээс хөршийн гэр бүлд гарсан үл ойлголцол, төвөгтэй асуудлаас чих хавчиж, зайлсхийлгүй туслах, зайлшгүй холбогдох газарт мэдээлэхүйц хурц асуудал үүссэн тохиолдолд даруй мэдээлээгүйгээс ноцтой эрсдэл үүссэн байх аваас хариуцлага адилхан оногдоно гэдгийг ухамсарлах ёстой аж. Гэхдээ айлын гэр бүлийн юм болгон руу оролцоод, хошуу, хуруу дүрээд бай гэсэн үг биш. Гэр бүлийн дотоод амьдрал, хоорондын хайр, итгэлд хөндлөнгөөс аль болох орооцолдохгүй байхыг гэр бүлийн асуудал гэж олонтоо ярьдаг байгууллага газрууд ч, хууль хяналтынхан ч бас ухамсарлах нь зүй бизээ.

 

Хоёр: Энэ хуулийг эргэж нягтлахын учир

Энэ мэтээр иргэн бүхэн хуулийн ач холбогдлыг ухаж мэдэж, зайлшгүй сахин биелүүлэхийн утгыг ухаарч амьдрахын зэрэгцээгээр, хууль тогтоомж, журам ёс гэдэг бол өөр аль нэг харь гарагийн бус ердөө л бидний өөрсдийн аж төрөл, амьдрал, харилцааг зохицуулж буй зохицуулга гэдгийг сайтар санаж, хуулийг боловсруулахад, андуу ташаа батлагдсан зүйлийг нь хэлж сануулж, засаж залруулахад хүн бүхэн бодол ухаанаа тавьж, сэтгэл гаргаж, оролцох ёстойг энд нэгэн адил чухалчилахыг хүсэв.

Энэ үүднээс авч үзвэл Хуулийн 1.5.1Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй гээд:

1.1.энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;

1.2.энэ хуульд хүнд таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн;

1.3.энэ хуульд хүнд арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш хоёр жил өнгөрсөн бол” гэж тодотгожээ.

Хуулийн бусад заалтуудыг уншваас дээр үгүүлсэн арваас таван зуун нэгжтэй тэнцэх, эсвэл таван зуугаас дээш арван мянган нэгжтэй тэнцэх, арван мянгаас дээш хорин мянган нэгжтэй тэнцэхүйц торгуулийн шийтгэл оногдуулахаар заасан зөрчлүүдэд, уг зөрчил гарснаас хойш зургаан сар, эсвэл нэг жил өнгөрсөн болохоор шалган шийдвэрлэх шаардлагагүй гэж үзэж болохооргүй зүйл олонтоо тааралдаж байна.

Тухайлбал “Хайгуулын талбайгаас авсан дээж, сорьц, анхдагч материалыг санаатайгаар устгасан” зөрчил дээрхэд хамаарах ба ийм үйлдлийн сөрөг үр дагавар зургаан сараар ч юм уу нэг, хоёр жилээр хязгаарлагдах боломжгүй гэдгийг анхаараагүй нь тоогүй санагдав. Нэг жишээ дурьдахад гурав дөрөвхөн жилийн өмнө манай аймгийн нэр бүхий газарт, газрын ховор елментийн орд газрыг ашиглуулах, эс ашиглуулах тухай хурц асуудал үүсэж, хайгуул хийж байсан компани тэндээс авсан эрдэс баялгийн дээжийг шинжлүүлсэн шинжилгээний дүнг олон сараар нууж, бултуулж байсныг тэр үеийн баримт гэрчилнэ. Уг дээжийн цацрагийн агууламж нь мэргэжлийн байгууллагын тогтоосон ердийн нөхцөлд байвал зохих хүлцэх хэмжээнээс их, хүн амын эрүүл мэндэд аюултай байсан нь тодорхой болж, уг компани сайн дураараа үйл ажиллагаанаасаа татгалзсаныг бид тухай бүр мэдээлж байсан билээ. Тэгэхээр энэчилэн ноцтой үр дагавар бүхий дээж сорьцыг санаатай нуусан, устгасан байх аваас хөөн хэлэлцэх хугацааг зургаан сар эсвэл нэг, хоёр жилээр хязгаарлах боломжгүй гэдгийг анзаарч, эдгээр заалтыг эргэж харах ёстой. Мөн Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энерги ашиглах талаарх тусгай зөвшөөрөлд заасныг зөрчиж үйл ажиллагаа явуулсан; цацрагийн осол, зөрчлийн тохиолдлыг зохих журмын дагуу мэдэгдээгүй” гэдэг ч дээрхтэй адил заалт байна. Түүнчлэн “1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхгүйгээр, зохих байгууллагын шийдвэр гаргуулахгүйгээр үйл ажиллагаа явуулсан, эсхүл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдсон” зөрчил ч үүнд багтаж байгаа бөгөөд хууль зөрчиж явуулсан үйл ажиллагаа буюу зөрчлийн үр дагаварыг хуулийн 1.5-ын 1-3-д заасан хугацаагаар хязгаарлаж, байгаль орчинд хор хохиролгүй болсон гэж боломжгүй гэдэг ойлгомжтой зүйл.

Хуулийн 4.1 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж, зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана” гэж заасан нь зөрчил үйлдэж, тэр тусмаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж хууль бусаар хөрөнгө орлого олох сонирхол нэн идэвхжсэн өнөөгийн нөхцөл байдлыг хяналтандаа авахад хэрэгтэй олзуурхууштай заалт болсон ч, эрх бүхий албан тушаалтнуудад үүнийг зайлшгүй биелүүлэх үүрэг хүлээлгээгүй, хэрэв биелэгдэхгүй бол хэрхэх тухай тусгаагүй нь учир дутагдалтай санагдав.

Хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1.3 - т .гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгөх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой заалт гэж үзэв. Харин үүний дагуу иргэд олон нийтэд өргөнөөр сурталчилан таниулах шаардлагатай нэг зүйл байгааг манай хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэй байгаа нь ямар тохиолдолд шүүхийн энгийн магадлал, прокурор болон бусад эрх бүхий албан тушаалтны зөвлөмж гаргах боломжтой байдгийг иргэд олон нийтэд тайлбарлан ойлгуулах явдал юм.Мөн хуулийн 3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан ба хууль боловсруулагчид маань энэ заалтыг гаргаж ирэхдээ хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн мэргэжлийн салбарынхнаас асууж тодруулсан, тэдэнтэй зөвлөлдсөн эсэх нь эргэлзээтэй байна. Юу гэвэл мэдээний хэлбэрээр, эсвэл тоймчийн нийтлэлийн хэлбэрээр зар сурталчилгаа байршуулна гэдэг нь байх боломжгүй зүйл. Сэтгүүл зүйн ухаанд судалдаг, хэрэглэдэг бичлэгийн буюу бүтээл болгон дамжуулах уран бүтээлийн төрөл зүйл нь тус тусдаа бөгөөд мэдээ нь мэдээний зарчмаар нийтлэл сурвалжлага нь мөн тэр зарчмаараа сурталчилгаа нь тусдаа сурталчилганы зарчмаар хийгддэг. Харин төлбөртэйгээр захиалгат нийтлэл, нэвтрүүлэг хийх явдал манай өнөөгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд цөөн бус бөгөөд үүнийг хязгаарлана гэж байгаа бол хэвлэл мэдээллийн салбарын тогтолцоог боловсронгуй болгох, тухайн салбарын байгууллагууд болон сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааны хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсруулж батлан гаргах, өнөөгийн Монгол орны нэн ялангуяа хөдөө орон нутгийн хөрс сууринд огтхон ч зохилдохгүй байгаа тогтолцоог өөрийн онцлогт нь тохирсон, зохицонгуй хэлбэрт оруулах бодлого гаргаж хэрэгжүүлснийхээ дараа иймэрхүү заалтыг батлаж болох юм.

Өнөөгийн нөхцөлд Монголын хэвлэл мэдээллийн салбарын дээрх харилцаануудыг зохицуулсан нэг ч эрх зүйн зохицуулалт (хууль, журам) бий болоогүй байгаа билээ.Тэрчилэн энэ хуулийн 9.6-ын 1-д “Соёлын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлэлгүй соёлын үйл ажиллагаа эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилжээ. Бидний мунхаглаж байгаагаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол байгууллага хэмээн үйл ажиллагаа явуулах боломжгүй билээ. Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч байж сая, байгууллагын тамга тэмдэг бусад баталгаажих зүйлийг гаргуулж авах боломжтой болдог. Тэгэхээр улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр байгууллагын хэмжээнд үйл ажиллагаа явуулах угаасаа боломжгүй. Харин хувь хүмүүс соёлын үйл ажиллагааг ганц нэгээрээ, хэд гурваараа эсвэл олуулаа нэгдэж явуулж болох гэдгийг тунгааж үзэх нь чухал байх.

Энэчлэн анхаарч эргэж харууштай зүйлүүд цөөн бус байгаагаас гадна энэ хуулинд зайлшгүй, бүүр энэ тэргүүнд орох ёстой захиргааны зөрчил, Захиргааны ерөнхий хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай, мөн мэдээллийн эрх чөлөө мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчвөл хэрхэх тухай асуудлыг ор тас орхигдуулсан нь хачирхал төрүүлэхээс аргагүй байгааг энд онцлон дурьдахыг хүсэв.

 

Г.Төрмөнх

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Цаг агаарын мэдээ