Download Firefox
Download Firefox

Tuesday, Aug 22nd

Last update12:01:29 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Онцлох асуудал “Алдарт” Ж.Янжмаа гэгч Ховд их сургуулийг хөмрөх шахаад зугатжээ

“Алдарт” Ж.Янжмаа гэгч Ховд их сургуулийг хөмрөх шахаад зугатжээ

Дээр дооргүй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн тухай ярьж, хорголоо тоолж суугаа энэ үед мөнөөх хүндрэл бэрхшээл чухам юунаас үүдсэн тухайд дор бүрнээ өөр өөрийнхөөрөө цэцэрхэцгээж, эрх баригчид, албан тушаалтнууд тодруулбал хариуцлага үүрэх ёстой нөхдүүд маань дэлхийн эдийн засгийн нөлөө, уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас л боллоо хэмээн бүхнийг биеэсээ зайлуулж суугаа.

Гэвч өөрсдийнхөө үйл ажиллагааны дотоод дүр зургийг өнгийгөөд харах юм бол мөнхүү эдийн засгийн хүндрэлд саар нөлөө үзүүлж, нэрмээс болсон нь захаас аван харагдана. Үүний зөвхөн нэгээхэн хэсэг болох Ховд их сургууль болон тус сургуулийг захирлаар 3 жил ажиллаад учир үл ойлгогдох шалтгаанаар буцан явж одсон Ж.Янжмаа гэгчтэй холбоотой эмгэнэлт гэмээр “паянг” энэ удаа дэлгэж байна. 

Aldart 1БНСУ-д магистр, АНУ-д математикийн магадлалын онолоор 2012 онд докторын зэрэг хамгаалсан гэх Ж. Янжмаа 2013 оны хоёрдугаар сард Ховд их сургуулийн захирлаар томилогдон гурван жил ажиллаад хэл сураггүй нэг л өдөр гэнэт алга болов. Ховдод шинжлэх ухааны парк байгуулах саналаа БШУ-ны сайдад танилцуулахад намайг яаманд ажиллуулъя гэсэн. Тэгэхэд нь би зөрсөөр байгаад Ховдыг зорьсон хэмээн ярилцлага бүхэндээ дурддаг байсан. Мөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан түүнийг Ховд их сургуулийн захирлаар ажиллахыг санал болгосонд хүлээн авч ирсэн гэдэг. Тэрээр засаг дарга маань энэ захирлыг том, жижиг хурал, уулзалт болгон дээр магтаж, бахархан ярих дуртай байв.

Ж. Янжмаа бол нийслэлийн унаган хүүхэд бөгөөд түүний нөхөр А.Хүдэрээгийн ээж Мөст сумын уугуул гэнэ. А.Хүдэрээ нутагтаа очиж ажиллана гэж ярьдаг байсан учраас нөхрөө дагаад ирсэн гэх. Түүний захирлаар томилогдох болсон шалтгааныг олон талаас нь ярьдаг. Ж. Янжмаагийн нөхөр А.Хүдэрээ аймгийн Засаг даргын зөвлөхөөр ажиллаж, ажиллах хугацаандаа орон нутгийн хөгжлийн сангаас 240 сая төгрөгийг төмс боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр авсан гэх яриа ч бий. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төмсний үйлдвэр байгуулсан нь эргэн төлөгдөхгүй хөрөнгө бөгөөд төмсний үйлдвэрийн сураг ч тасарсан. Ж.Янжмаа докторын зэргээ хамгаалчихаад Монголд ирээд эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар Ховдод шинжлэх ухааны парк байгуулах судалгаа хийж дуусгаад 2013 оны хоёрдугаар сард Ховдод гэр бүлээрээ ирж суурьшжээ. Түүний “сайн туршлага”-ын талаар хэвлэл мэдээлэл, олон нийт ам уралдан ярьцгааж гурван жилийн нүүрийг үзсэн. Нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагыг нь сийрүүлбэл “Гадаад хамтын ажиллагаа эрчимжиж БНСУ-ын Ханлим, Данкүк, АНУ-ын Мидвест сургуультай хамтын ажиллагаатай боллоо, гадаад хэлний сургалтын төв байгууллаа” гэж зарлан тунхаглаж байсан ч өнөөдөр Солонгос, Америк руу суралцахаар явсан хүнийг хайгаад олсонгүй. Аймгийн ЗДТГ-тай хамтран байгуулахаар төлөвлөсөн Инноваци, технологийн инкубатор төвийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хослуулж, аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон хөрөнгө оруулалт гэж байсан ч өнөөдөр хамаг тоног төхөөрөмж нь складад хадгалагдаж байна. Хоёроос гурван үйлдвэр байгуулах нэрийдлээр төсвөөс мөнгө гаргасан ч эдгээрийн үр дүн нь талаар болсон тухай дүнэлт бий. Энэ мэт тэнгэрийн гэмээр амлалтуудыг олноор өгч, тархи угааж байсан ч гарсан дорвитой үр дүн харагдсангүй.

Ж. Янжмаа БСШУЯ-ны хараанд өртчихсөн байж. Юу гэхээр 2013 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын нэрэмжит докторын дараах судалгааны арван сая төгрөгийн тэтгэлгийг хүртсэн.

Мөн “Ховд их сургууль 5-11 дүгээр ангийн сурагчдын дунд математикийн олимпиад зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан 21 хүүхдийг АНУ руу явуулна” би олон улсын математикийн олимпиад зохион байгуулах хорооны зөвлөлийн гишүүн учраас оролцох хүүхдийн тоог нэмэхийн тулд Ховд болон Улаанбаатар хотод зохион байгуулна. Ховдоос шалгарсан хүүхэд шууд АНУ руу явна, орон нутгийн хүүхдүүд тэмцээн, уралдаанд оролцож нүдээ нээн, газар үзэж үе тэнгийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулах боломж бүрдэнэ хэмээн хэсэг мунхруулсан. АНУ руу явах хүүхдийн зардлыг хамтран ажилладаг байгууллагуудаасаа гаргуулна гэх мэтчилэнгээр үлгэр ярьж байсан цаг саяхан. Хөрсөн дээрээ буугаад байдлыг харах юм бол АНУ руу явсан ганц ч хүүхэд байхгүй. 

Ж. Янжмааг ажлаа авахад сургуулийн нөөц хөрөнгө 1,8 тэрбум байсан бол түүний сураг тасрахад нэг тэрбум төгрөг сох дутсан. Санхүүгийн наад захын тайлангаа гаргаж чадахгүй, бүх баримтууд нь дутуу, шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулдаг санхүүгийн албаны дарга Г.Жаргалтай “нэг тогоо”-ных байсан байж таараа. Ж. Янжмаа, Г.Жаргал нар Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг удаа дараа зөрчиж, бүхий л худалдан авалтаа шууд гэрээ байгуулан хууль бусаар гүйцэтгүүлсэн нь батлагдаж байгаа. Төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, хувьдаа ашигласан, үнэлгээний хорооны даргаар өөрийгөө томилсон, сургуулийн бус ажлаар гадаад руу явсан, тодорхой зорилгогүйгээр байнга Улаанбаатар хот руу явдаг, явсан тийз, баримтууд нь зөрүүтэй, анхан шатны баримтгүйгээр гүйлгээ хийдэг, үр дүнгүй зардал гаргадаг гээд олон баримтыг дурдахад өөрийгөө математикч хэмээн цоллох дуртай Ж.Янжмаагийн мэдлэг хууль бус үйл ажиллагаанд зориулагдан хуримтлагдсан мэт. Эдгээр бүх асуудал зөвхөн Ж.Янжмаагийн толгой мэдэн хийсэн хууль бус ажиллагаа биш Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга Г.Жаргал нартай зайлшгүй холбоотой хэрэг гэдэг нь аудитын дүгнэлт баримтаас нотлогдож байна.

Г. Жаргал бол аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Ховд их сургуулийн санхүүгийн албаны даргын хувьд хууль бус санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж таслан зогсоох ёстой хариуцлагатай албанд томилогдсон баймаар. Түүнийг ард түмэн сонгоогүй ч намын жагсаалтаар ИТХ-д суудаг. Ард түмний сонголт биш ч намынхаа нөхдийн итгэл, зүтгэлийг даагаад хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, залуу хүнийхээ хувьд зөв замаар явах эрмэлзэл үгүй бололтой. Аймгийн Аудитын газраас Ховд их сургуулийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар Ж.Янжмаа, Г.Жаргал нартай холбогдол бүхий 591,3 сая төгрөгийн зөрчил байгааг илрүүлжээ. Мөн аудитаар тогтоосон төлбөрийн актын жагсаалтад Ж.Янжмаа, Г.Жаргал нар хувьдаа завшсан байж болзошгүй 53,9 сая төгрөгийн төлбөр зөрчил гарчээ. Хууль бус үйл ажиллагаа нь илчлэгдээд, баригдчихвий гэсэндээ нэг л өдөр Ж.Янжмаа салах ёс хийлгүйгээр, дотор нь ажиллагсад нь ч мэдэж амжаагүй байхад яваад өгч. Хулгай хийгээгүй л юм бол хүний ёсоор ажлаа гүйцэд хүлээлгэж өгөөд явж болноо доо. Чоно борооноор гэгчээр сүүлээ хавчаад зугтсан нь энэ байж. Нийтлэлийн дараагийн хэсгүүдэд Ховд их сургуулийг хоосруулсны учиг тайлагдана.

 

Удирдах зөвлөл чадамжгүйгээс эргэлтийн хөрөнгийн нөөц буурчээ

Deeguur tolgoi Purevdorj 1Ховд их сургууль нь БСШУЯ-ны харьяа бие даасан төрийн өмчийн их сургуулийн статустайгаар салбар нэг, бүрэлдэхүүн гурван сургуультайгаар нийт 260 гаруй багш ажиллагсадтай, 3500 орчим оюутан суралцагчидтайгаар 9 аймаг, Улаанбаатар хотоос элсэлт авч дээд боловсролын үйлчилгээг иргэдэд хүргэн ажилладаг.

Ховд аймгийн Аудитын газар 2015 оны нэгдүгээр сард хийсэн аудитаа Ховд их сургуулийн 2013-2014 оны үйл ажиллагааны тайлан, гэрээний биелэлт, 2013-2015 оны батлагдсан төсөв төлөвлөгөө, 2013-2014 оны санхүүгийн болон үйл ажиллагааны баримт материал, тайлан тэнцэл, холбогдох бусад материалуудад тулгуурлан гүйцэтгэжээ. Ж. Янжмааг захирлаар ажиллах хугацаанд хоёр удаагийн аудит хийсэн байна.

Мөн 2013 онд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, анхан шатны баримтууд бусад нотлох материалд тулгуурлан аудит хийсэн байна. Аудитын явцад хоёр сургуульд саналын хайрцаг ажиллуулахад хоёр санал ирж, 130 хүнээс нэргүй хуудсаар санал асуулга авч, 25 орчим хүнтэй ярилцлага хийх зэргээр нийт ажилчдын 64,1 хувийг хамруулж, аудитын тайлан, дүгнэлтэд ашиглажээ. Санал асуулгад оролцогчид төсвийн зарцуулалтыг ил тод болгох, зарцуулалтын тайланг улирал бүр тайлагнах, ерөнхий нягтлан бодогч нь эдийн засаг, хөгжил, хангамж үйлчилгээ хариуцсан дэд захирал хийдэг нь хуульд нийцэхгүй байна, орон тоо бүтэц тохиромжгүй үндэслэлгүй нэмэгддэг, хичээлийн хоёрдугаар байрны засвар, эко байшин барих, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тодорхой төсөв батлуулалгүйгээр хийсэн, ХоИС-ийн захирал асан н.Ванчинхүүгийн номын сан барихаар хуримтлуулж үлдээсэн 1,5 тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, тухайн оны төсвийн төлөвлөгөөг батлахдаа багш ажилчид, салбар сургуулиуд, эрдмийн зөвлөлийн санал авалгүйгээр удирдах зөвлөл шууд баталсан гээд олон асуудлыг гаргаж ирсэн байна. Түүнчлэн захирал асан Ж.Янжмаа сургуулийн бус ажлаар Франц улс руу явсан, Улаанбаатар хот руу байнга явдаг, элсэгчдийн мэдлэгийн түвшин муу байгаа нь босго оноонд хүрээгүй элсэгчид орж байгааг шалгаж өгөхийг хүссэн. Нийт санал асуулгад оролцогчдын 56 хувь нь сургуулийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт хуулийн хүрээнд хэрэгжихгүй байгаа гэж үзсэн бол, 26 хувь нь мэдэхгүй, 18 хувь нь боломжийн гэсэн үнэлгээ өгчээ. Эндээс Ж.Янжмаа тус сургуулийг хэрхэн удирдаж байсан нь харагдаж байна.

Удирдах зөвлөлөөр баталсан 2013, 2014 оны төсвийг аудитаар хянахад алдагдалтай баталсанаар барахгүй тооцооллын алдаа ч илэрсэн байна. Тухайлбал, 2013 оны төсвийг авч үзвэл бүрэлдэхүүн гурван сургууль 395,1 сая төгрөгийн ашигтай, Баян-Өлгийн салбар сургууль 52 сая, төв сургууль 660,7 сая төгрөгийн алдагдалтай ажиллахаар баталжээ. Түүнчлэн төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалт огт хэрэгжээгүй. 2013 онд тус сургуулийн цалингийн сан нь нийт орлогын 57.8 хувийг эзлэхээр батлагдсан байхад зарцуулалт нь 76,1 хувь, 2014 онд нийт орлогын 54.4 хувийг эзлэхээр батлагдсан ч зарцуулалт нь 71,9 хувийг эзэлж байгаа нь удирдах зөвлөлөөр батлуулсан төсөв бодит бус байсныг харуулах нэг баримт болж байгаа юм. Аудитын хугацаанд нийт 986 оюутан, багш ажиллагсдаас сургалтын төлбөрийн хэмжээг бодитой тогтоосон эсэхэд санал асуулга авахад 28 хувь нь тийм, 42 хувь нь үгүй, 30 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Мөн сургалтын төлбөрөөс гадуур хууль бус төлбөр хураамж авдаг эсэх талаар санал асуулга авсан дүнгийн нэгтгэлээс үзэхэд 27 хувь нь тийм, 23 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Сүүлийн гурван жилд сургалтын төлбөр дунджаар 16,6 хувиар нэмэгдсэн ч бодитоор судалгаа тооцоо хийж үзээгүй байна. 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг нэмэгдүүлсэн боловч сургуулийн УЗ-ийн шийдвэр, тогтоол гаргаагүй байхад орлогыг төвлөрүүлжээ.

 

Оюутнуудаа мөлжжээ

Сургуулийн удирдах зөвлөлийн 2010 оны есдүгээр сарын 03-ны өдрийн 8 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад суралцагчдад сургалтын үндсэн үйлчилгээнээс гадна үзүүлэх үйлчилгээний хураамжийн орлогыг 17 нэр төрлөөр баталсан боловч 2013 оноос хойшхи УЗ-ийн хурлаар сургалтын болон дотуур байрны төлбөр, дахин болон нөхөн шалгалтын төлбөрийг өөрчилж, бусад орлогын хураамжид өөрчлөлт оруулаагүй байхад зарим төрлийн орлогыг дур мэдэн нэмэгдүүлж төлбөр хураамж авчээ. Тухайлбал, сургалтын төрийн сангийн баримт бүрдүүлэхэд нэг оюутнаас 19 мянган төгрөг авахаар батлагдсаныг 25 мянга болгож, дотуур байрны төлбөрийг УЗ-ийн шийдвэргүйгээр 45-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 14385,0 мянган төгрөг, шинээр элссэн нэг оюутнаас бүртгэлийн хураамж 50,0 мянган төгрөг авч байсныг дахин нэмэгдүүлж 200,0 мянган төгрөгөөр тооцон авч 37050,0 мянган төгрөгийн шийдвэргүй орлого авсныг аудит илрүүлж, буцаан төлүүлэхээр (оюутнуудын төлбөрийн тооцоонд суутгах) аудитын дүгнэлтэд гарсан ч энэ асуудал хэрхэн шийдэгдсэн нь одоо ч тодорхойгүй байна. Сургуулийн орлогын бүрдүүлэлтэд бүртгэлээр тавих хяналтын систем огт байхгүй бөгөөд үнэт цаас болох дахин нөхөн шалгалтын хуудсыг бүрэлдэхүүн сургуулийн нарийн бичгээр дамжуулан олгодог, олгохдоо оны эхнээс эхлэн дугаарладаггүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ. 37 жилийн түүхтэй, баруун бүсийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэдэг сургууль атал нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байж өөрсдөө иймэрхүү хариуцлагагүй хяналтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой зөрчил гэж харахаар байна. Олон жишээ баримтуудаас харахад Ховд их сургууль дээр хэрэгжих ёстой холбогдох хуулиуд хэрэгждэггүй, удирдах зөвлөл нь үүн дээр огтхон ч анхаарал тавилгүй явж ирсний уршгаар сүүлийн гурван жилд хууль бус үйл ажиллагаа “гаарчээ”. Удирдах зөвлөлийг бүрдүүлэхдээ ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хяналтын тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх бүрэлдэхүүнийг сонгох учиртай. Гэтэл удаа дараагийн аудитын дүгнэлт албан шаардлагыг удирдах зөвлөлийн дарга биелүүлдэггүй, албан тоотыг хэрэгжүүлдэггүй нь хатуухан хэлэхэд тус сургуулийн санхүүгийн зарцуулалтад УЗ-ийн гишүүд ямар нэгэн байдлаар холбогдсон байх гэсэн хардлага төрж байгаа юм.

 

Дотоод хяналтгүй ХИС

Тус сургуулийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл жил бүр буурч байсан нь аудитын дүгнэлтээр нотлогдож байгаа. Тухайлбал, 2013 онд 4265,5 сая, 2014 онд 4365,8 сая, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 2763,1 сая төгрөгийн мөнгөн зарлагын гүйлгээ гаргаж, 2013 оны эцэст 1951,9 сая, 2014 оны эцэст 1723,6 сая төгрөг, 2015 оны 10-р сарын 31-ны байдлаар 471,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй болж, мөнгөн хөрөнгө нь 1251,7 сая төгрөгөөр буурчээ.

2013 оны үйл ажиллагаанд хийгдсэн аудитаар санхүүгийн төлбөрийн даалгаварт дардас дарж гүйлгээ хийсэн, багш нарт шагналын мөнгө давхардуулан олгосон, тээврийн хөлс гэж шилжүүлж аваад тооцоо бодуулаагүй, анхан шатны баримтгүй гүйлгээ хийсэн, төслийн үр дүнг нэг бүрчлэн бодитойгоор үнэлүүлж, дүгнүүлээгүй, хөрөнгө, бараа материалыг орлогод аваагүй, хөрөнгийн үргүй зардал гаргасан, байгууллагуудын хоорондын тооцоо зөрүүтэй тооцсон зэрэг шалтгаантай нийт 1269,2 сая төгрөгийн төлбөр зөрчил илэрсэн ба 25,7 сая төгрөгийн төлбөр, 1240,5 сая төгрөгийн албан шаардлага бичигдсэний мөрөөр ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй явсаар өнөөдрийг хүрээд байна.

Мөн уг сургууль нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг мөртлөө наад захын баримтуудаа бүрдүүлж, санхүүгээ тайлагнаж чаддаггүй нь олон баримтаар баталгаажиж байна. Алдаа дутагдлуудын гол эх үүсвэр нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7.4, 7.5, 7.6, 7.7, 9.1, 19.1.3, 19.1.4, 19.1.5 дэх заалтуудыг зөрчсөнд байгаа юм. Тэдгээрээс дурдвал 2014 онд 618 ширхэг шаардах хуудас бичсэнээс 95,9 хувь буюу 593 ширхэг нь иж бүрэн гарын үсгээр баталгаажаагүй байхад хөрөнгө зарлагадсан, шатахууны тооцоо бодоогүй, замын хуудас бичээгүй, харилцахаас шатахуунд зарцуулсан зардал зөрүүтэй, машины сэлбэг хэрэгсэл худалдан авахдаа норм, нормативийн дүгнэлтгүй, техникийн комиссын дүгнэлт гаргаагүй, сургуулийн засварын материалд 3,3 тонн чанарын шаардлага хангахгүй будаг худалдан авсан нь төсвийн үр өгөөжийг бууруулсан, бараа материал, үндсэн хөрөнгийн тайлан гаргаагүй, баталгаажуулсан тайлан байхгүй, хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөөгүй, складын бүртгэлгүй, эмх цэгцгүй гэх мэт маш олон алдаа дутагдлууд байна. Мөн томилолтоор явсан замын зардлын баримт бүрдүүлээгүй, дескотопны үнэ болох 9375,0 мянган төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн ч үндсэн хөрөнгөд орлого аваагүйгээс дүгнэвэл НББ-ийн тухай хууль Ховд их сургууль дээр сүүлийн гурван жилд хэрэгжээгүйн нэг баталгаа юм.

 

Хөрөнгө оруулалт нэртэй “луйврууд”

Aldart 3Ж.Янжмаа сургуулийн захирлаар томилогдсон цагаасаа эхлэн худалдан авах ажиллагааг бодитой төлөвлөхгүйгээр, олон нийтэд ил тод бус, цөөн хэдэн иргэн аж ахуй нэгжтэй шууд гэрээ байгуулах замаар асуудлыг шийдэн, хөрөнгийн үр өгөөжийг бууруулж, төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг удаа дараа зөрчсөөр иржээ.

Тодруулбал Ховд их сургууль 2013 онд нийт 521,9 сая төгрөгийн 24 багц ажил, 2014 онд 577,6 сая төгрөгийн 8 багц ажил, 2015 онд 90,0 сая төгрөгийн 1 багц ажлын хөрөнгө оруулалтыг тус тус хийсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3, ОНХС-ийн эх үүсвэрээр 2, өөрийн орлогын эх үүсвэрээр 28 ажлын гүйцэтгэсэн ч Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг мөрдөхгүйгээр босго үнээс давсан 14 ажилд шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийжээ.

Тэрчлэн улсын төсвийн хөрөнгөөр нэг, хоёрдугаар дотуур байрны гадна пасад, цонх, хаалгыг солих ажлын зураг төсвийг ББМЗЗТ ХХК-аар хийлгэсэн боловч тендер зарлахдаа ажлын тоо хэмжээг өөрчилж, сантехникийн засвар болгосон, дотуур байрны засварын ажилд нээлттэй тендер шалгаруулалт зарласан боловч санхүүгийн тайлан ирүүлээгүй Биг монголиа билдинг ХХК-д гэрээ байгуулах эрхийг олгож, ТБОНӨХБАҮХАТ хуулийн 15.3.2-дахь заалтыг ноцтой зөрчсөнөөс гадна улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн засварын ажлыг орлогод авч капиталжуулаагүй байна. Мөн дотуур байрны гадна фасад болон цонх солих ажил нь тус компанитай концессийн гэрээ байгуулж, 180.0 сая төгрөгний санхүүжилтийг 100 хувь урьдчилан олгох замаар явагдсан бөгөөд энэ ажил нь концессын тухай хуулийн 8.1 заасан концессын зүйлийн жагсаалтад ороогүй, нээлттэй тендер шалгаруулалтын аргаар явагдах ёстой ажил байсан байна. Ийнхүү удаа дараа хуулиас бүдүүлгээр зугатаж, бултах замаар хуйвалдан санхүүжилт авч байгаа компани нь ямар хүний эзэмшил болохыг ч судлах хэрэгтэй. Эх сурвалжийн мэдээллээр бол энэ нь Ш.Адьшаатай холбоотой компани юм байна.  Ховд их сургуулийн оюутны хоёр дотуур байранд 580 гаруй оюутан амьдардаг. Байранд Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөлөөс элссэн оюутнууд ихэвчлэн амьдардаг ч тэр бүр сэтгэл хангалуун байдаггүй гэнэ. Дотуур байранд бусад аймаг, хот, гадаадын оюутнууд 296,6 мянган төгрөгийн төлбөртэйгээр амьдардаг ч дулаан, тохитой амьдрах орчин хангагдаагүй байрыг шилдэг оюутны байр болгосон нь бодит байдалд нийцэхгүй. Шилдэг дотуур байр бол зүгээр л ШОУ.

Мөн ондоо аймгийн ОНХС, БСШУЯ-ны төсөл хөтөлбөрүүдээр хийгдсэн 900 гаруй сая төгрөгийн өртөг бүхий худалдан авах ажиллагаанууд холбогдох хуулиудыг зөрчсөн. 2014 онд шийдвэрлэгдсэн эко байшингийн 69,0 сая, бахархлын танхим байгуулах 24,9 сая, инноваци технологи инкубатор төвийн тоног төхөөрөмж нийлүүлэх 79,5 сая төгрөг, гумины бордооны үйлдвэр байгуулах 63,6 сая төгрөгийн ажлуудыг Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолыг зөрчиж,  шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн. Худалдан авах ажиллагааг зарлахдаа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, вэб сайтуудад тендерийн урилгыг байршуулаагүй. Захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Янжмаа өөрөө өөрийгөө үнэлгээний хорооны даргаар томилон ажилласан, тэр ч байтугай Ж.Янжмаа 2013 онд томилогдон ирмэгц сургуулийн захирлаар ажиллаж байгаа мөрт өөрөө биеийн тамирын талбайн гүйцэтгэлийн ажлын нийтлүүлэгч болж 69.4 сая төгрөгийн ханган нийлүүлэлтийг өөрийн нэр дээр авч, гэрээ байгуулалгүйгээр гүйцэтгэсэн зэрэг нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг зөрчсөн, үнэлгээний хороо хуулийн дагуу хуралдаж тендерүүдийг үнэлээгүй, ашиг сонирхлын мэдүүлгээ бүрэн гаргаагүй зэрэг дутагдлууд гаргажээ. 2013 онд л гэхэд 162.6 сая төгрөгийн өртөг бүхий 6 төрлийн худалдан авах ажиллагаа ямар ч гэрээ байгуулагдалгүй, хувь хүмүүстэй тохироо хийх замаар, хууль журмыг ноцтой зөрчиж явагджээ. .

Эко байшингийн ажлын тендерт “барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийг оролцуулна“ гэж заачихаад барилгын тусгай зөвшөөрөлгүй “Очирбуян өргөө” ХХК-аар гүйцэтгүүлсэн нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 27.4 дэх заалтыг зөрчсөн. Мөн үйлдвэрүүдийг худалдан авахдаа шууд гэрээ байгуулсан бөгөөд “Ар сайн хүрхэрээ” ХХК-тай гэрээлэн эхний санхүүжилт 48 сая төгрөгийн төлбөрийг тухайн компанид шилжүүлээд, үлдэгдэл 29,8 сая төгрөгийг Ж.Янжмаагийн хувийн дансанд бэлнээр шилжүүлсэн,  явган зам байгуулах ажлын цементийг сургуулийн хөрөнгөөр авч өгчихөөд Панцас ХХК-д давхардуулан 2,7 сая төгрөгийг олгож, хийгээгүй ажлыг хийсэн мэтээр санхүүжилт өгсөн, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2014 онд БСШУЯ-наас ирсэн нийт 371,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдээс 41,4 сая төгрөгийн тоног төхөөрөмж одоог хүртэл ирээгүй, инноваци технологи инкубатор төвийн тоног төхөөрөмжийг огт ашиглахгүй складад хадгалж үхмэл хөрөнгө болгосон, төмснөөс цардуул гаргаж чипс үйлдвэрлэх, чацаргана боловсруулах, чацарганы тос савлах, цэвэр ус үйлдвэрлэх шугамуудыг суурилуулсан боловч одоог хүртэл ашиглаагүй, гумины бордооны үйлдвэр байгуулахаар ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 63,6 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн худалдан авсан боловч хэдий хэмжээний бордоо зах зээлд нийлүүлсэн нь тодорхой бус 125,0 мянган төгрөгийн борлуулалтыг бүтэн жилийн хугацаанд хийсэн нь хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зүйлд зарцуулсныг илтгэж байна. Маш их хэмжээний өртгөөр байгуулсан үйлдвэр өнөөдөр хэнд ч хэрэггүй зүйл болон хувирсан нь цаагуураа хэн нэгний “шахааны бизнес” байх вий гэсэн хар төрж байгаа юм.

2009 онд удирдах зөвлөлөөр батлуулан сургуулийн номын сангийн барилга бариулахаар зураг төсвийг нь Гандарис орд ХХК-аар 33,2 сая төгрөгөөр хийлгэсэн ба өмнө нь ажиллаж байсан захирлын удирдлагаар үүнд зориулж 1.5 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байтал, 2013 онд захирал болон удирдах зөвлөл нь солигдмогц уг ажлыг төсвийн хөрөнгөөр хийлгэнэ хэмээн төлөвлөлтийг өөрчилсөн, тэгсэн мөртлөө хөрөнгийг нь төсөвт суулгаагүй, харин хуримтлуулсан мөнгийг нь үрж дуусгажээ.  Мөн 2014 онд багш, ажилчдын орон сууц барихаар Сэнзо констрашн ХХК-аар 27,5 сая төгрөгөөр зураг төсвийг нь хийлгүүлж, геологи хайгуулын ажлыг Хан хошууд ХХК-аар 4 сая төгрөгөөр хийлгэсэн ч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээгүй байж төлөвлөсөн нь учир дутагдалтай зүйл болсон байна. Олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч мэдээллийн системийн програм хангамжгүйгээс төгсөгчид төгсөлтийн дараах тойрох хуудас зуруулахдаа 25 албан тушаалтныг дамждаг гэнэ. 1,2 тэрбум төгрөгийг сох дутаахдаа ядаж сургуулийнхаа програм хангамжийг сайжруулахад бага ч болов мөнгө зарцуулчих сэтгэл байгаагүй бололтой. Тэгсэн атлаа Ж. Янжмаа захирал маань нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “би бүх асуудлыг боломж гэж хардаг болохоос шантардаггүй” гэсэн байдаг. Үнэхээр тэр ямар ч асуудлаас айдаггүй хатан зоригтон бололтой. Хатан зоригтон маань мэдээллийн мөнгө үрж зарахдаа л гаргууд болохоос үр өгөөж гаргахдаа тун таарухан нь бас тоогүй.

Эдгээр бүх асуудал зөвхөн Ж.Янжмаагийн толгой мэдэн хийсэн хууль бус ажиллагаа биш Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, санхүүгийн албаны дарга Г.Жаргал нартай зайлшгүй холбоотой хэрэг гэдэг нь аудитын дүгнэлт баримтаас нотлогдож байгаа юм.

37 жилийн түүхэн замналтай, 1,8 тэрбум төгрөгийн нөөц хөрөнгөтэй байсан сургууль шамшигдуулагчдын халдлагад өртөөд, гуравхан жилийн дотор данс нь цайгаад үлдлээ. Төсвийн хөрөнгийг үргүй зүйлд зарцуулах, гарын салаагаар урсгах энэ ажилд анхнаасаа мэргэшчихсэн байсан юмуу гэмээр дүр зураг аудитын шалгалтын дүгнэлтээс тодоос тод харагдаж, халаглах сэтгэл төрж байна. Эдгээр дурдсан баримтууд бол наад захын асуудал. Энэ их асуудлын цаана ганц Ж.Янжмаа дангаараа байна гэдэгт ч итгэх боломжгүй. Түүний ард Ардчилсан намын “дээгүүр толгойт” гэгдэх Бөхчулууны Пүрэвдорж, хууль бус үйл ажиллагааных нь халхавч санхүүгийн албаны дарга Г.Жаргал мэтийнхэн байгаа нь олон баримтаар бэлхнээ нотлогдоно. Ж. Янжмааг олж ирсэн, томилсон дарга даамлууд өнөөдөр бид мэдэхгүй гээд мэлзээд суухыг хэн ч үгүйсгэхгүй. Порбес сэтгүүлийн нүүрийг чимж, од болоод байсан эмэгтэй Ховд их сургуулийг хоосруулаад алга болно гэж хэн санахав. Зайсанд тансаг зэрэглэлийн хаус бариулж, үнэтэй тансаг машин, насаараа идэх хөрөнгөө “хөдөөгийн” их сургуулиас босгоод авчихсан “АЗИЙН ШИЛДЭГ УДИРДАГЧ ЭМЭГТЭЙ” маань хөлгийн жолоогоо тив алгасан залаад одохыг хэн ч үгүйсгэхгүй.

Г.Амир

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ