Download Firefox
Download Firefox

Tuesday, Jan 23rd

Last update12:11:01 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ӨВ СОЁЛ СОЁЛ “Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий

“Цагаан сарыг тэмдэглэхэд учир бий

Цагаан сар ойртож байна. Сар тойролгүй мөр мөрөө даран үргэлжлэх олон баяр тэмдэглэлт өдрүүдийн дундаас цагаан сарыг уламжлал, үндэсний хэв шинжээ хадгалсан хамгийн том баярын нэг хэмээн үздэг. Үүнтэй зэрэгцээд цагаан сарын талаар олон зүйл маргаан мэтгэлцээн ч өрнөх болсоор нэлээн хэдэн жилийн нүүр үзсэн. Тухайлбал цаг тооллын маргаан байна.

1990 оны орчмоос эхлэн зурхайчдын дунд жил бүр Монгол шар зурхай, Түвдийн гарал үүсэл бүхий Төгс буянтын зурхайн алиных нь тооллыг дагаж шинэлэх вэ гэсэн маргаан мэтгэлцээн өрнөж ирсэн. Харин сүүлийн үед тухайлбал өнгөрсөн жилээс эхлэн байнгын мэтгэж маргах нь намжиж, мөр мөрөөрөө бодол, үйлээ хөөцгөөх болсон мэт. Хурц маргаан ийнхүү  намдангуй болсон нь  тухайн хоёр чиглэлийн аль алинд хамаарахгүй өөр үндэслэлийг зарим эрдэмтэн судлаачид дэвшүүлэх болсонтой холбоотой бололтой. Энэ нь Монголын язгуур цаг тооллын тухай ойлголт юм. Цаг тооллын ялгаа зөрөөнөөс гадна цагаан сарын ёс заншил, тэмдэглэн өнгөрүүлж буй зардал чирэгдэлтэй холбоотой санал бодлууд ч чамгүй өрнөдөг.

Олон зуунаар төөрөлдөн, бүдгэрч ирсэн түүхийн үнэн мөнийг илрүүлэн гаргахад тус нэмэр болохуйц аливаа мэдээллийг эрэн цуглуулж, уншигч олны хүртээл болгох гэсэн байр суурин дээрээ манай редакци бат зогссоор ирсэн. Бид өнгөрсөн жил, хөндөж буй сэдвийн хүрээнд эрдэмтэн судлаачид, болон энэ талаар тодорхой мэдээлэл өгөх хүмүүстэй холбогдож, юуны өмнө цагаан сарыг тэмдэглэх болсон явдал хаанаас эх сурвалжтай гэдгийг тодруулахуйц мэдээллийг бэлтгэн хүргэсэн. Энэ удаа тэрхүү нийтлэлээ улам нягтлан тодруулж, шинэлэг мэдээллээр баяжуулан уншигчдад толилуулж байна.

Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

- Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр. Үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

 Н.НАГААНБУУ: (түүхч, зохиолч, профессор)

- Монголчууд шинэ жилийг намрын улирлаас эхэлдэг. Сvvн сар, vр сар гэх мэт тодотгосон нэрээр хувь, хулгана хэмээн эхлvvлдэг тоололтой байжээ. Хvннv гvрний тvvхийг тодруулсан нэрт эрдэмтэн Г.Сvхбаатар, “Хvннv нарын заншлаар жилд гурван удаа луугийн тахилга хийхдээ дандаа цагаан сар, тав, есдvгээр сард, нохой өдөр тэнгэр хайрхдыг тахидаг байсан гэж бичсэн бий. Эндээс vзэхэд цагаан сар нь одоогийн европын есдvгээр сар болох нь ойлгомжтой байна. “Монгол татарын тухай бvрэн тэмдэглэл”-д “өвс ногоорохоор нэгэн жил, шинэ сар мандахаар нэгэн сар болгодог” хэмээснийг зарим нь бvдvvлэг гэдэг ч уг нь vнэн л юм. Vнэхээр өвс ногоорохуй нэгэн жил, сар төгрөглөхvй нэгэн сар болно гэдэг ойлголт одоо ч бидэнд байгаа шvv дээ. Тэрхvv өвс ногоорох хугацаанд сар хэдэн удаа дvгрэглэв, хэдэн удаа яаж хөмсөглөв, улирал хэрхэн өөрчлөгдөв, сар хэдэнтээ эргэв гэдгийг яв цав мэддэг учраас л Хvннvгийн vед нарны дөрвөн мөчөөр улирлаа олж, сар мичдийн тохиолоор нарийвчилж, агаарын амьсгалыг улирлаар шинжин, амьдрал ахуйгаа зохицуулж ирсэн тvvхэн хэвшилтэй байжээ. Тэгээд шинэ оноо эхлүүлдэг намрын сардаа цагаан сарын баяр буюу цагаалгаа хийдэг байж. Энэ ёс Чингис хаан болон түүнээс хойш ч байсан. Харин одоо бид нар цагаан сарыг өвөл тэмдэглэж байна. Энэ нь хаанаас бий болсон зүйл вэ гэхээр 15 дугаар зуунд, 1419 оны өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр шарын шашны тэргүүн Зонхава Лувсандагва гэж хүн 63 настайдаа нас баржээ. Насных нь тоогоор зарласан гашуудал нь одоогийн бидний тэмдэглэж байгаа цагаан сарын битүүний өдөр дуусч, бүх дацан хийд шөнөжин ном хурдаг. Өглөө нь дуганаасаа адис авч цайлж ирчихээд дахиад шинийн нэгэн, гурван, найман, 15-н гээд ерөөл хурдаг. Ингээд тэр хүний төлөө л өрөөл хураад Бурхан болсон гэж итгээд энэ нь Төгс буян болдог. Энэ нь зөвхөн тэр шарын шашныг үндэслэгч Зонхава Лувсандагва гэж хүний л ёслол. Энэ цагаалга биш шүү.

Тэгтэл бид чинь Чингисийн Монгол гэж ярьдаг биз дээ. Үүгээрээ хөөх юм бол Монголын өвөг дээдэс намрын дунд сард цагаалдаг байсан түүхэн бүх баримт нотолгоо нь байж байна. 15 дугаар зуунд үүссэн Төвд бидэнд чухал уу Чингис чухал уу. Ингээд үзэхээр хоёр еөр зориулалттай цаг тооны бичиг зөрөх нь ойлгомжтой биз дээ. Нэг нь алдаатай байгаа юм биш. Зориулалт нь хоёр өөр байгаа юм. Нэг нь төвд ламын төлөө төгс буян үйлдэх нас барсантай холбоотой юм байна. Нөгөөтөх нь шинийн 1-ний сараа харж бэлэгшээгээд, эцэг өвгөдөөс шинжин таньснаар, од гарагийн тохироогоо харж, шинэ оноо эхлүүлж байгаа хэрэг.

Т.СЭРГЭЛЭН: (Ховд аймгийн Ганданпунцагчойлон хийдийн хуврага)

-Цагаан сарыг тэмдэглэх болсон нь Чингис хаан авд мордоод бар агнаж их баяр хөөр болсон тэгээд хаврын тэргүүн сарыг бар сарын шинийн нэгнээр хатгаж, цагаан сарыг тэмдэглэж байх зарлиг гаргасан. Энэ нь Бурхан багшийн тэрсүүдийн зургаан дайсныг дараад өөрийн шашинд оруулсан их үйл хэрэг бар сарын шинийн нэгнээр дууссантай бас давхцадаг. Цаагуураа их нарийн учир холбогдолтой зүйл юм. 

А.БААСАНХҮҮ: (судлаач, угсаатны зүйч Ховд аймаг

 -1227 оноос цагаан сар тэмдэглэж эхэлсэн гэж сурвалжаас үзэж байсан. Бар сарын бар өдрийг сонгож байсан нь эр чадал сайн сайхныг бэлгэдсэн. Тэгээд хавар тэмдэглэдэг нь бүх юм дэлгэрэхийн бэлгэдэл болгосон гэж боддог. Манай Ойрадуудын хийдэг мушгимал боорцог болохоор лусын амьтан болох могойг бэлгэдсэн зүйл юм. Тэгэхээр хавар тэмдэглэх нь зохистой л гэж боддог.  

Н.НАГААНБУУ: (түүхч зохиолч, профессор)

- Цагаан сарыг хавар тэмдэглэх утгатай зарлигийг Чингис хаан гаргасан гэдэг яриа бол тvvхийн vнэнд нийцэхгvй. Их хаан тэнгэрт итгэсэн бөө мөргөлтөн, алив шашныг даган vндэс угсаагаа умартагч биш, бvх шашинд адил тэгш хvндэтгэлтэй ханддаг байсан. Зөвхөн Алтан хааны vед лам нар тvвдийн бар сард сvм хийддээ ном хурж, сvсэгтэн олныг цуглуулан ёсолж эхэлсэн. XVII зуунаас эхэлсэн харь хэвшил хэмээн vзvvштэй. 1540-1589 оны хооронд амьдарч байсан Ордосын Хутагтай Сэцэн хунтайж Далай ламыг Монголд залж, тvвдийн гэлэгбагийн шашныг дэлгэрvvлэхдээ Тvмэдийн Алтан хантай хамтран тvвдийн рабжун буюу жарны тооллыг нэвтрvvлжээ. Дараа нь XVII зууны дунд vед “Монголын нууц товчоо”-ны монгол хуулбар Лувсанданзаны гараар тvвдэчлэгдэн Чингис хааныг бурхан Буддагийн төрсөн өдөр мэндэлсэн мэтээр засварлагдсан байна. Ерөөс Чингис хаан болоод Өгэдэй, Гvег, Мөнх, Хубилай хаад цагаан сарын хугацааг өөрчлөх зарлиг буулгаагvй болох нь амьдрал тvvхийн сурвалжаас илт буй билээ. Их хаадаас хойш тийм зарлиг гаргах эрх мэдэлтэн ч, шаардлага ч байгаагvй.Бид намрын дунд сарын 17-нд vзэлтгvй сайн өдөр гэж баахан хурим найр хийдэг. Энэ л өдөр маань хуучны цагаан сар буюу хувь сарын шинийн нэгэн байжээ. Гэтэл өдрөө байтугай сараа vсэргэж, илvv сартай улирал ч бий болгочихдог тvвдийн тооллоос болж төөрөлдөөд жинхэнэ цагаан сараа олохуйяа бэрх болгочихож дээ. Харин манай монгол тоолол ертөнцийн он, сар, өдрийг хөвөхдөө илvv дутуу давхар өдөргvй тоолсоор есдvгээр сарын 21-ний орчим өдөр, шөнө тэнцэх хугацаанд намрын шинэ он, тайлга тахилгаа vйлддэг байжээ. 1911 оноос хойшхи арван жилд цагаан сар тэмдэглэснийг аваад vзэхэд таван есийн хvйтнээр зургаа, зургаан есд дөрвөн удаа шинэлж, хамгийн хожуу цагаалсан нь хоёрдугаар сарын 20 байх юм. Энэ нь ямар ч мал төллөх болоогvй, цагаан сvvний дээж, шинэ идээ гараагvй цаг шvv дээ. Монгол орны цаг агаар, бvс нутгийн онцлог, ард олны амьдрал ахуй тvвд тоололтой огт нийцдэггvйн нэгээхэн баримт бол энэ.

Ч.ЖАВЗАНЧУЛУУН: (судлаач, Ховд аймаг)  

- Бид бага байхдаа цагаан сар болох үеэр энэ сэдвийг чинь сонирхоод, аав ээжээсээ “яагаад цагаан сар гэж нэрлэсэн юм бол гэж асууж байснаа санаж байна. Тэгэхэд ээж маань “Монголчуудтай уг гарвал нэгтэй Хятад, Япон, Солонгос, Балба, Түвд, Лаос, Камбож, Ветьнам гээд нанхиад угсааны бүх улс, мөн Индиан гэх мэтчилэн 12 төрлийн үндэстэн байдаг юм.Тэдний удмын сан хариуцсан тэнгэрийн арш бурхан нь шалтгаан бусаар  хаврын эхэн сарын шинийн нэгэнд таалал төгссөн гэдэг. Энэ өдөр маш их хар өдөр, маш хатуу өдөр болсон тул зөөлрүүлж, цайруулах үүднээс цагаан сар хийдэг болсон гэж өвөг дээдсийн үеэс яригдаж ирсэн юм” гэж билээ.\ Ээж минь аршийн нэрийг хэлж байсан. Тодруулах гэвч тархи минь санахгүй юм..Тэгээд шинийн нэгэнд цагаалга хийж ирсэн хүмүүст  “хүнд” бэлэг өгвөл тэр нь эд болдоггүй юм гэнэ лээ. Бэлэгний гол агуулга нь бэлэгдлийнхээ утга учирт байдаг. Тиймээс шинийн нэгэнд зочиддоо цагаан өнгөөр бэлгэдсэн авсаархан, хөнгөн бэлэг өгдөг учиртай. Орчин үед бэлэг өгөхгүй бол хүн юу гэх юм билээ. Бүр ядаж шинийн хоёрноос өгч нэг болох юм гэж хариулж байсансан” хэмээн үгүүлэв.

Бяцхан хэлэлцүүлэгт уригдсан эрхмүүд маань ийм байр суурийг илэрхийлцгээжээ.

Нэгэнт хаяанд ирсэн цагаан сар болдогоороо болж, жил болгон давтагддаг, эсрэг тэсрэг байр суурь, он тооллын мэтгэлцээн, цагаан сарыг тэмдэглэхтэй холбоотой хүндрэл чирэгдлийг зөвтгөсөн, буруушаасан бодол саналууд урьдын адил эсрэгцсээр өдөр хоногууд үргэлжилэх бололтой. Гэсэн ч энэ бүхний цаана ямар нэг бодит шийдэл нэхэгдсээр хүлээгдсээр байна гэдэгтэй уншигч та бүхэн санал нийлэх байх.

Хөндөж буй сэдвийн талаар илүү лавшруулж, ултай мэдээлэл олж авахын тулд дээрх эрхэмүүдтэй үргэлжлүүлэн ярилцлаа. 

- Ж.БАЯСАХ: (Олон Улсын Харилцааны сургуулийн тэнхимийн эрхлэгч түүхийн шинжлэх ухааны доктор профессор)

-Бид яагаад цагаан сараа маргаантай тэмдэглэх болов оо?

- Манайхан одоо хувьсганаад л их хэцүү байна шүү дээ. Тэр энэ зурхайгаар явна гээд үүнийг нь нэг тийш болгох хэрэгтэй байна.

-Цагаан сарын баяраа зөв зүйтэй тэмдэглэх ямар гарц байна вэ?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд ажлын хэсэг гарган, нэг талыг нь барьж туйлширдаггүй тийм л хүмүүсийг байлгамаар байна. 13 дугаар зууны эхэнд амьдарч байсан хүмүүс шороон жил харагчин шарагчин cap гэх мэтээр нэрлэж явдаггүй байж.

Бидэнд мэдэгдэж байгаа сурвалжаар бол Манжийн хааны үед 200 гаруй жил цагаан сарыг өргөн тэмдэглэж иржээ. Одоо Азид цагаан cap тэмдэглэдэг улс нь Монгол Хятад Япон байна. Бидний хувьд цагаан cap том баяр үүнийгээ одоочилж маш зөв тэмдэглэх хэрэгтэй.

Өглөө босоод мөр гаргана гээд цаас бариад энд тэнд аваачиж шороонд булдаг энэ үзэгдлийг одоо боливол яасан юм бэ. Идээ будаа засах асуудлаа ч хялбаршуулмаар байна. Айл болгон ууц тавиад байж чадахгүй шүү дээ. Гэхдээ хамгийн том баяр уу гэвэл мөн.

Билгэдлийн чанартай л баяраа зөв зохистой тэмдэглэмээр байна. Нэг нэгнээ давах гэж уралдаж байгаа ч юм шиг. Хятад бэлэг өгдөггүй айл болох гэж Солонгос явж шатах жишээний айлууд ч байна. Ингэхлээр цаг тооны бичгээ ч шинэчилье ёс жаягаа дагая л гэж хэлмээр байна.

- Н.НАНЗАДДОРЖ: (Монголын Бурханы шашинтны төв гандантэгчинлэн хийдийн дэд хамба)

- Манай цагаан cap яагаад Азийн орнуудаас зөрөөд байна вэ?

-Монголчууд зурхайн ёсны ухаанаа сайн мэдэх хэрэгтэй байна. Цаг тоолол нь тооцоолох тоон аргын л ухаан. Азийн орнууд сарны зурхайг голчлон хэрэглэдэг. Өдөр бүрийн cap өөр хэлбэртэй. Шинийн найман хоёр тохиолоо нэг өдөр нь алга боллоо гээд л яриа гардаг. Өдөр алга болно гэсэн асуудал байхгүй. Cap дэлхийг зуйван хэлбэрээр тойрох үед сарны үзэгдэх хэлбэрийг тооцоолон хэзээ cap битүүрхийг олдог. Ингэж тойрон эргэх үед харагдах байдлаасаа үүдэн хэллэгийн хувьд зөрдөг. Хятадын шар зурхай Төгс буянтын зурхайтай зөрчилддөг гол зүйл нь энэ юм.

- Манай улс хэзээнээс Төгс буянтын зурхайг дагах болов?

-Азийн ихэнх орнууд Хятадын шар зурхайг баримталдаг. Хамгийн энгийн жишээ хэлэхэд Бээжин, Сөүлээс cap, нарны харагдах байдал өөр шүү дээ. Манай улсын хувьд Манжийн дарлалд байсан тэр цаг үед энэ зурхайг дагадаг байсан. Азийн улс орон хаан ширээнд хаанаа залснаас эхэлж он тооллоо тогтоодог байна. Дарлагч орон дагаар улсдаа өөрийн улсын хааны он тоолол, цаг тооны бичиг, хэл соёлоо дагахыг шаарддаг байж. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний хойно Төгс буянтын зурхайгаа дагасан..Мэдээж тусгаар тогтнолоо тунхаглах гэж зурхайгаас нь татгалзсан хэрэг. Гэхдээ тэр үед сүм хийдүүд Монгол зурхайгаараа л үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Төгс буянт зурхай нь зурхайч лам, хуврагуудын шашинтайгаа барилдуулж гаргаж ирсэн зурхай. Хан-Уул, Хатан туулаа харж шинжиж нар, сарны товлолоо гаргадаг. Бид Хятадаас ангид тусгаар тогтносон улс гэдгээ зарлан тунхаглах гэж Хятадын шар зурхайгаар биш Төгс буянтын зурхайгаараа л явах учиртай. Малчдын баярыг ч Төгсбуянтын зурхайгаар тэмдэглэж байсан

- Н.НАГААНБУУ (түүхч, зохиолч профессор) 

-Бид аль улиралд цагаан сараа тэмдэглэх ёстой вэ таны бодлоор?

-Үүнийг тодотгохын өмнө эхлээд он цагаа зөв зүйтэй ойлгох хэрэгтэй. Их эзэн Чингис хааны мэндэлсэн, нас барсан, Их Монгол Улсыг байгуулсан хугацаа нь яг яаж гарч ирэх ёстой юм бэ гэдгийг олохын тулд би одоогийн мөрдөж байгаа болон дундад зууны бүх цаг хугацааг судалж тодруулж ном гаргасан. Өнөөдрийн энэ төгс буянтын, хятадын шар зурхай гээд яриад байгаа нь  бүгд  худлаа. Үүний шалтгааныг тайлбарлахад, төгс буянтын зурхайгаар Чингис хааныг тавдугаар сарын 3-нд буюу зуны тэргүүн сарын улаан тэргэл едөр төрсөн хэмээсэн байдаг. Харин миний хувьд, үүнийг үгүйсгэж байна л даа. Учир нь тавдугаар cap зун биш хавар. Монголчууд   шашинаа   шүтдэг хүмүүс болох гэж дарга, цэрэггүй ардчилал гэж хуйлраад. Төгс буянтын зурхайгаар яваад байна. Энэ бол ардчиллын шалгуур биш. Шашиныг үнэн болохоор нь шүтэж байгаа юм биш.

Түүнийг шүтэж мунхарсан ч түүнд чөлөөтэй хандах ёстой. Түүнээс шашин гэдэг нь туйлын үнэн учраас шүтэж байгаа юм биш. Манжийг дагаж төрийн албанд төгс буянтын зурхай орж ирсэн нь үнэн. Хятадууд буруу зүйл хийхгүй. Нэгдүгээр сард золгоно гэж өөрсдийн сарыг шинжиж шинийн нэгэндээ золгоно гэж байгаа нь тэдэндээ зөв. Тэр агуу ард түмэн буруу юм хийхгүй. Харин Монголчуудын уламжлалт намар болдог байсныг би дээр хэлсэн шүү дээ. Төгс буянтын зурхайг бас гутаагчид ч байдаг. Мунхруулж байна үнэн, худал, буруу, зөв ярьж байна гэж. Энэ бас зөв. Яагаад вэ гэвэл төгс буянтын зурхайг Хөх нуурын эрдэмтэн Сүмбэ хамба Ишбалжир гэж хүн хийсэн. Энэ хүн 1704 онд төрсөн. Төгс буянтын зурхайг 1747 онд зохиосон.

Тэгвэл бид 13 дугаар зуун буюу 1100 онд Чингис хаан төрсөн тухай ярьж байна шүү дээ. 600-н жилийн өмнөх юмыг ярьж байна. Гэтэл өнөөдөр яагаад 600-н жилийн дараа гарч ирсэн төгс бнтын зурхайгаар Чингис хааны төрснийг хайгаад байгаа юм бэ. Энэ нь зарчмын хувьд, солиорсон асуудал. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж хүн төгс буянт л зөв, манай уламжлалт гэж үзэж байгаа. Тэгэхээр төрийн толгой дээр Монголын ард түмнээ, соёл, их түүхээ мэддэггүй  мулгуу нөхдүүд байгаагийн илрэл шүү дээ. Тиймээс л ийм гутамшигтай зарлиг гаргаж байгаа юм.

-13 дугаар зууны үед ямар цаг тооны бичиг байв?

-13 дугаар зууны үед Монголын нууц товчоонд цагалбар байсан уу байгаагүй юу гэсэн асуудлыг сөхөж байгаа нь сайн байна. Монголын нууц товчооны төгсгөл буюу 282 дугаар зүйлд “Хулгана жилийн гур cap” гэж бичсэн байгаа. Би үүнийг л гаргаж бичээд байгаа юм.

Зуны тэргүүн сарын тэргэл өдөр гэж яриад байна. Зун нь хэзээнээс эхэлж байгаа юм. Хожим нь эрэн сурвалжлаад Чингис хааныг долдугаар сарын 12-нд нас барсан гэж тоогоор хэлсэн байна. Гэтэл энэ нэг cap нь хаанаас эхлээд байгаа юм. Үүнийг тодруулахгүй Түвд, Нанхиадууд цагаалж байгаа хоёрдугаар сараа нэгдүгээр cap гэж тооцоод, найман сард нас баржээ гэж үздэг. Найман сарын аагим халуунд Түрэмгий балгаснаас олон говийг гатлаад Чингис хааны шарилыг хөндөлгүй авчирч оршуулсан гэж итгэдэг хүмүүс. Энэ нь бас л амьдралтайгаа таардаггүй. Тэгэхлээр 13 дугаар зуунд он тоолол байсан гэж хэлнэ. Тэр цагалбараараа Тэмүүжиний төрсөн, нас барсан, Их Монгол Улсаа тунхагласан энэ бүх цаг хугацаагаар Монголын нууц товчоогоо бичсэн гэж хэлнэ. Ингээд үзэхээр бүх түүх өөр болно. Монголчууд дээр үед дөрвөн улирлаа л олдог байж. Өдөр шөнө тэнцлээ маргаашнаас нь шинэ жил эхэлдэг. Монголчууд намар цагаалдаг байжээ. 12 дугаар сарын 21-н буюу ес эхлэхээр өвөл эхэлдэг. Есөн есийн наян нэг ерөөлийн ес хоног гээд 90 хоног нь өвөл байдаг. Хавар нь гуравдугаар сарын 22-нд эхэлдэг. Харин зун нь зургадугаар сарын 22-нд эхэлдэг байжээ. Энэ бүгдэд нь тахилга хийж найр үйлддэг байсан гэдэг. Түүнээс монголчуудад өөр баяр байхгүй. Монголчууд цагалбараа улирлын зурхай гэдэг байжээ. Улирлаа тоолоод тахилга хийдэг. Тэгэхлээр энэ тооллыг мэддэг хүн байдаггүй. Гаргаж ирээд байгаа хүн нь би юм. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингис хааныг төрсөн гэж байгаа. Харин шинийн 3-нд хүй нь цөглөсөн гэж байгаа. Гэтэл үүнийг нь 700 жилийн дараа гарсан хятад, түвд зурхайнууд өөр өөрсдийн тооллоороо тайлбарлаад маргаад байгаа юм. Энэ хоёр хоёулаа хэрэггүй цаашаа яв гэж хэлмээр байгаа юм.

-Чингис хааны төрсөн болон бие барсан өдрийг Монгол тооллоор хөөвөл яаж гарч ирж байгаа вэ?

-Би эртний монгол тооллын ул мөр болох тvvхэн он цагуудыг нийтийн он тоололд хосолдуулах ёстой гэсэн зарчмаар тvвдийн жарны тооллоос чөлөөлж, “Монголын нууц товчоо”-ны гурван гол vйл явдлыг жишээлэн тооцсон юмаа. Нэгд, Их эзэн Чингис хаан 1162 оны тавдугаар сарын гурван юмуу 1155, 1167 онд биш, морь жил буюу 1161 оны арванхоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хоёрт, Монголын тулгар төрийг тунхагласан Их хуралдай 1205 оны намраас 1206 оны хаврын бар сар хvртэл хуралдаагvй. Харин 1205 оны есдvгээр сараас арваннэгдvгээр сарын сvvлч буюу барс жилийн барс сар хvртэл хуралдсан. Гуравт, Чингис хаан 1227 оны долдугаар сард биш, нэгдvгээр хувилбараар 1227 оны дөрөвдvгээр сарын хоёрны өдөр, хоёр дахь сурвалжаар гахай жил буюу 1226 оны арваннэгдvгээр сарын зургаанд тэнгэрт хальсан. Энэхvv хоёр он цаг нь хоёр өөр зарчмаар гаргасан бус, vнэн байж болох тvvхэн vйл явдлын хоёр гол сурвалжийг зэрэгцvvлэн гаргасан юм.Эдгээр гаргалгааг дэвшvvлэхдээ 13 дугаар зууны монгол , хятад, перс тvvхэн сурвалжуудын он цагуудыг аль болох харьцуулж, vйл явдлын нөхцөл байдал, сар улирлын өнгө төрхөөр давхар шалгахыг хичээсэн билээ. Тэгээд тvвд жарны тооллоор тооцсон нь vндэслэлгvй төдийгvй алдаа гарах шалтгаан болсон, дээр нь Европын он тоолол орж ирснээр оны зөрvv зөрчил улам гvнзгийрчээ гэсэн дvгнэлтэд эрхгvй хvрсэн юм.

-Тvvхэн он цагийн шинэ гаргалгаанд ямар vндэслэлээр хvрсэн учир шалтгаанаа товч тайлбарлаж өгнө vv?

-Тvvхэн сурвалжид их хааныг гахай жилд 66 насандаа тэнгэр болов гэсэн нь 1161 онд морь жил төрсөн гэдгийг зааж байна. Гэтэл тvвдийн барс сараас болж, 1162 оны нэгдvгээр сарын 17-нд гарсан хар морь жил хэмээн эндvvрч зурхайлдаг нь одоо бараг маргах юмгvй vнэн гэгдэх болж дээ. Монголын морь жилээс эхлэн тоолоход Чингис хаан vнэхээр 1257 оны гахай жил 66 нас хvрсэн байдаг. Тэгээд ч 12 жилийг огт өнгөгvй тоолдог монгол тооллыг тvвдийн хар, цагаан, улаан гэх мэтээр тодотгосон онтой хольж хутгаснаас нэгэн он ухарч мэндэлсэн мэт болгож байгаа юм.Их хуралдай чуулсныг “Монголын нууц товчоо”-нд зөвхөн барс жил гэж тэмдэглэсэн нь тvвд тооллоор бол 1206 оны хаврын эхэн барс сар юм. Энэ ойлголтоор бол 1205 оны намар цугласан Монголын бvх ноёд ихэс 1206 оны хавар хvртэл хуралдсан болж таардаг. Монголын өндөрлөг дэх өвлийн тэсгим хvйтэнд мал ахуйгаа орхичихоод тийм олон хоног хурал найр хийх явдал бэрх төдийгvй ийм цэнгэлийг Чингис хаан зөвшөөрсөн л юм байх даа гэх миний эхний эргэлзээ. Гэтэл зарим тэмдэглэлд тэрхvv их чуулган дээр айраг цэгээ зэргийг ууж байснаас vзвэл яавч өвөл цаг биш бололтой. Тэгвэл монгол тооллоор 1205 оны намар барс сар гарч, цагаалга хийн Их хуралдай чуулж, улмаар бар сарын бар өдрийн бар цагт бар зvгээс их хааныг залж, “Их засаг” хуулиа батлан Нэгдсэн Монгол гvрнээ тунхагласан болж таарах нь ээ. “Монголын нууц товчоо” болон “Алтан товч”-ийн мэдээгээр “гахай жил долоон сарын 12-т Тvрэмхий балгасанд Чингис хаан тэнгэрт халив” гэснээр бол 1227 оны хаврын сэрvvнд насан эцэслэжээ гэж тооцох. Нөгөөтэйгvvр Рашид-ад-Диний сурвалжаар бол 1226 оны намрын сэрvvнд тэнгэрт хальжээ гэж vзэх. Энэ нь их хааныг насан эцэслэхэд нутагт нь бараадуулъя гэж зvтгэх шөнөдөө хvйтэн, өдөртөө сэрvvн улирал мөнөөс мөн гэлтэй. Чингисийн онгон Өвөрмонголд байна. Тэр онгон дээр арванхоёр дугаар сарын 23-нд тахилга хийж байгаа. Яагаад тэр өдрийг сонгож авсан нь учиртай. Чингис хааны хүй нь цөгөлсөн өдөр. Зарим эх сурвалж дээр бичээд байгаа Чингис хааны нас барсан долдугаар cap нь хаврын эхэн cap юм. Хаврын эхэн сард нас барсан хүн сүйдтэй гэсэхгүй шүү дээ. Яагаад гэвэл гуравдугаар сард шарилыг нь хөндөхгүй энд аваад ирж болно. Гэтэл эдгээрийг тvвдийн барс сард эхэлсэн гахай жил хэмээн эндvvрч, их хааны өвчтэй ахуйн тvvх ба биеийг нэгэн жилээр сунган амьдруулж, 1227 онд тэнгэрт халив гэж дэлхий нийтэд ташаа мэдээ тараагаад байна даа хэмээн сэтгэл зовонгуйрах юм.

-Тэгвэл энэ алдаатай өдөр, сарын балаг гэж байгаа юу?

- Байлгүй яах вэ. Манай монгол ахуйтай зохицсон он тоолол байсаар байтал өвлийн ид хүйтнээр сайхан хаваржиж байна уу гээд л шинэлээд, улирлаа мэдэхгүй мангуураад яваад байна. Ес эхлээд л өвөл эхлэх учиртай. Тэгтэл Хөхий өвлийн хүйтэн хөр цасны хайруу гэж үг ч байдаг. Өвлийн эхэн сарыг хөхий гэж нэрлэдэг юм. Хувь, хужир, өөлжин хөхий cap гэж ярьдаг. Амьдрал дээр Григорын тоололд шилжүүлээд гаргачихсан цаг тооллоо дахиад шилжүүлэх гээд байна шүү дээ. Ертөнцийн жамаас гажаад өөрсдийнхөө зохиомол өдөр сараа гүйлгэдэг, хасдаг,засдаг зарим едөр нь байхгүй болчихдог ийм зохиомол юмаараа ухраагаад байна.

Цагаан cap хийх нэг, хоёрдугаар cap нь хоёулаа өвөл шүү дээ. Нэгдүгээр cap гэхэд Бээжингээс урагш бүс нутагт үрсэлгээ соёолж эхэлдэг. Хаврын тариалалтаа бэлэгшээж сайхан баяраа хийдэг. Хөх хот манай улсын хооронд бүтэн сарын ялгаатай цаг хугацааны хувьд зөрөөтэй. Монголд есдүгээр сарын 15-нд байранд халаалт өгдөг байхад Хөх хотод аравдугаар сарын 15-нд өгнө. Аравдугаар сарын 15-нд тэнд нов ногоон байхад энд цас орж байдаг. Ийм зөрүү байдаг. Хоёулаа л агуу гүрэн учраас өөр өөрсдийн зориулалтаар цаг тооллоо бичсэн. Гэтэл хоорондоо хагарч чи түвдээ баримталлаа чи манжаа дагалаа гэж хэрэлдэж байх шаардлага алга.

- Монголчууд цагаан сараа хэрхэн яаж зөв зүйтэй тэмдэглэх вэ?

-Бид эхлээд цагаан идээний баяр болгоё. Намар есөн сардаа айраг цагаагаа хураагаад сайхан шинэлж, хөгшчүүлдээ урин дулаанд очиж золгоё л доо. Өвөл хөлдөж үхчих гээд явж байх ямар хэрэг байна. Манайхан буузанд их ач холбогдол өгдөг. Энэ чинь буузны баяр биш ээ. Намар хийх ёстой цагаан идээний баяр юм. Тэгэхлээр бид цагаан идээ олдох үгүйгээ л бодъё. Цагаална гэж ярьчихаад хаа хамаагүй буузанд ач холбогдол өгөөд байх юм.

- Цагаан сараар заавал ууц тавих ёстой юу?

-Ууц хэрэггүй. Намрын тэр сард малынхаа хариулгыг л тааруулах гэж мал муулдаг байлаа. Хаяа нийлж амьдардаг цөөн айлуудын хамгийн ахмад нь хонь гаргаад ууцаа тавина. Гэдсээ байгаа айлууддаа хуваана. Өөхөлсөн байна уу, мах нь ямархуу байна, хэзээ хужирлах уу, өдөрт хэд услах уу гэх мэтээр шинждэг байсан. Шинжихдээ битүүний шөнө шаант чөмгийг битүү хагалдаг байсан. Ингэж л шинждэг байсан. Гэтэл өнөөдөр бууз гээд л солиороод явж байна.

Өндөр үнээр ууц авлаа ч гэж ярих болж. Энэ ямар хэрэгтэй юм бэ?. Малаасаа хөндийрөөд, суурин амьдралтай болчихсон бидний хувьд лав л малын тарга хүчийг шинжих гэж ууц худалдаж авахгүй нь тодорхой. Ерөнхийлөгч Чингис хааны он тооллыг тогтоолоо гээд зарлиг гаргалаа. Энэ нь эргээд төвд, манж хоёр луугаа орсон болохоор би эрс эсэргүүцэж байгаа юм. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Болд гэж тэр хүн эргээд григорын тоолол руу оруулья гээд, шилжчихсэн юмыг дахин шилжүүлэх гээд мангартаад байна. Хажуудаа эрдэмтдийн комисс гаргасан хэрнээ тэднийхээ саналыг авалгүйгээр Ерөнхийлөгч энэ он тооллыг зарласан нь үнэхээр буруу юм. Шинжлэх ухаан хэзээ ч шашинжиж болохгүй алдааг Ерөнхийлөгч гаргалаа.

Г.ТӨРМӨНХ 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ