Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НҮҮР Улс төр Сонгууль ба ашиг хонжоо

Сонгууль ба ашиг хонжоо

Songuuli 2
uhnuud
Surtch-gaa 2016

Цаг үе - Асуудал 

Сонгуулийн хугацаа дөхлөө. Өмнөх сонгууль болоод өнгөрснөөс хойш дараагийнхаа сонгуулийн эрх зүйн зохицуулалтын асуудлыг мартчихсан юм шиг явж, явж, хугацааг нь тулгаж ирээд л хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй боллоо хэмээн хам хум юм хийдэг явдал дахиад давтагдав. УИХ-ын 2016 оны сонгуулийн хуулийг өөрчлөх боломжит хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна .

АН, МАН гэх хоёр намын Засгийн газарт хамтрах үеэрээ гарын үсэг зурсан зөвшилцлийн баримт бичгээр бол 2015 оны наадмаас өмнө буюу хаврын чуулганаар сонгуулийн хуулийг шинэчлэн батлахаар байсан боловч тэр нь биелсэнгүй өдийг хүрэв. УИХ-аас сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдаж,  өөрчлөлтийн төслийг нэгэнт боловсруулсан ч хэзээ батлагдах нь тодорхойгүй хэвээр байна.  

Энэхүү төсөлд тусгагдсанаар бол 2016 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр сонгуулийн санал хураалт болж, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг анх удаагаа хамт явуулах аж. Өмнө нь, 2012 онд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулж байсан бол, энэ удаа аймаг, сумын ИТХ-ын сонгуулийг ч хамт явуулахаар эхний төслөө боловсруулсан. УИХ-ын сонгуулийг ямар хувилбараар явуулахаа эцэслэн тохироогүй ч ажлын хэсэг одоогийн тогтолцоог хадгалахаар төсөл боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 76 гишүүний 48-ыг 48 тойргоос сонгож, үлдсэн 28 гишүүн нь намын жагсаалтаар УИХ-д орж ирнэ гэсэн үг. Тэгтэл энэ нь ард нийтээс хамгийн их шүүмжилж, хамгийн ихээр эсэргүүцэж байгаа зүйлсийн нэг Харин МАН-ын хувьд 76 гишүүнийг бүгдийг нь 76 тойргоос сонгох буюу 1996, 2000, 2004, 2008 онд явуулж байсан сонгуулийн тотолцоогоо хадгалах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах тухайд ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан боловч эрх баригч АН энэ санааг дэмжихгүй гэдгээ /намын дарга нь/ мэдэгдсэн. Харин орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийг 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсныг болиулж  бүх төлөөлөгчдийг мажоритар буюу тойргоос нэр дэвшүүлж сонгох хувилбар гаргасан гэх.

Дээр үгүүлсэнчилэн зөвхөн тогтолцооны асуудлыг өөрчлөлтийн төсөлд тусгасныг нь харахад л манай улс төрийн намынхын тэр тусмаа эрх барьж буй хэсэг сонгуулийг бид л мэдэх ёстой ард олонд хамаагүй зүйл гээд ойлгочихсон эсвэл тийм биш гэдгийг мэдэж байгаа ч эрх мэдлээ ашиглаад сонгуулийн хуулинд иргэдийг оролцуулахгүй байхыг хичээдэг урьд нь ч байсаар ирсэн мөнөөх “бузар” арга барилаа улам лавшруулж байгаа бололтой.

Үүнтэй холбогдуулаад би 2011 онд мөн л сонгуулийн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байх үед бичиж нийтлүүлж асан үгүүллээсээ иш татаж уншигчидтай санал бодлоо  хуваалцахыг хүсэв  

“Хэзээнээс нааш манайхны зарим нь сонгуулийн хууль гэдэг нь маньд хамаагүй, улс төрчдийн “дээдсийн хүрээнийхэн”-ий явдал. Сонгуулийн хуулийг мань мэт нь биш мэдлэг чадвартай тэр том хүмүүс л зохиож, үйлдвэрлэх ёстой байлгүй гэж ойлгосоор дасал болсон гэхэд хилсдэхгүй. нийгмийн сэтгэл зүйд байгаа иймэрхүү идэвхгүй хандлага мэдээж эрх баригчид, хууль тогтоогчдод аятайхан гэгчийн өөш болж буй нь боловсруулж байгаа хуулийн төслийг нийт сонгогч олондоо толилуулж, хэлэлцүүлэх, санаа оноог нь авч тусгах, буруу зөрүүг нь хянуулах талаар ган хийж ганц үг дуугарахгүй байгаагаас харагдана. Тэрээр сонгууль гэдэг бол улс төрийн намуудын эрх мэдэлд хүрэх өрсөлдөөний талбар, сонгуулийн хууль бол тэрхүү талбар дээрх эрх ашгийн өрсөлдөөнийг зохицуулах тоглоомын дүрэм нь байх ёстой гэсэн ганц эшт, баригдмал, зарим хэсгийнхний ард олонд зориудаар хүч тулган хүлээлгэхийг хүсдэг гажууд ойлголт нэгэнт хэвшээд, тэрхүү бугшмал, ягшмал байр сууриа эвдэхээс айж чичрэн, хувалз мэт зөөлөн хоол руугаа улам гүн шигдэн паразитлах мэт санагдана  Хуулийн төсөлд тогтолцооны хувьд холимог системээр сонгууль явуулахаар тохирсон ч эрх баригч хоёр нам тооны харьцаан дээр тохирч чадахгүй хэдэн сарын нүүрийг үзсэн. Энэ мэдээж намын эрх ашгаас үүдсэн гацаа. Сүүлчийн мэдээгээр МАН-ынхан АН-ын саналыг зөвшөөрч тохиролцохоор шийдлээ гэсэн мэдэгдэл хийсэн ч бас л эрх ашгийнхаа үүднээс заль зохиосон хэмээн хардах болов. Тэрээр хэвлэлүүдээр гарч буй мэдээлэл нийтэллүүдээр ихэнхдээ сонгуулийн хуулийг намууд, тэр дундаа эрх барьж буй хоёр нам өөрт ашигтайгаар батлуулах гэсэн хамгийн чухал зорилгынхоо төлөө гацааж байна гэдгийг онцолсоор байна” хэмээн тэр үед бичиж байж. Тэгээд юу болсон сонгуулийн хууль гээч нь намын эрх ашгийг хамгаалах хууль болон батлагдаж, одоо ард олны эсэргүүцээд байгаа мөнөөх УИХ-ын гишүүдийн 48-ыг нь тойргоос 28-ыг нь намын жагсаалтаар гэдгийгээ оруулж хэрэгжүүлсэн. Харин одоо түүнээсээ салах дургүй байна. Түүндээ хүрэх юм бол сонгуулийг зөвхөн намаар дамжуулж, өөрөөр хэлбэл зөвхөн “нам” –аас нэр дэвшүүлж иргэд олон түмний төлөөллийг сонгоно гэдэг нь зохисгүй, “гажуудмал” зүйл гэдэг нь амьдралаар батлагдсаар байгааг анзаарч, үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдөх болоод байгааг авч үзэх хэрэгтэй байх. 

“Хар машин” гэдэг нь амь, нас уу?

Хамгийн их маргаан дагуулдаг зүйл нь санал тоолох процесс гэдгийг бүгдээр мэднэ. Одоо боловсруулсан гэх төслөөр бол саналыг урьдын адил автомат машинаар тоолно. Хэрвээ маргаан гарвал хяналтын тооллогыг сугалаагаар аль нэгэн хэсгийн хороог сонгож тоолно гэж АН үзэж байгаа бол МАН-ынхан тойргоор нь тоолох, зөрүү гарвал гар тооллогыг үндэслэх санал дэвшүүлжээ. Мөн МАН-ынхан ялж ялагдсан нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү саналаа өгсөн нийт сонгогчдын нэг хувиас бага байвал заавал гараар тоолно гэж байгаа юм. Санал тоолох машин буюу хар машин гээчийн тухай асуудлыг 2012 оны сонгуульд нэврүүлэхээр завдаж байх үед нь л иргэд олон нийт таатай хүлээж аваагүй. Одоо бол бүр ч эсрэг саналтай байцгаана. Хоёр сая хүрэхгүй сонгогчын санал тоолдог манай улс байтугай хорь гучин сая хүнийхийг тоолдог орнууд саналын хуудсыг гараараа тоолж болоод байхад заавал хар машинаар тоолно гэж дөргүй бух шиг зүтгэдэг нь ямар учиртайг нийтээрээ ойлгохоо байчихаад байгаа. Өндөр хөгжилтэй хэд хэдэн орон энэ машиныг туршин хэрэглэж үзээд болохгүй юм байна гээд орхисон гэхээс гадна уг машины үйлдлийн системд ямар сул талууд байгаа, практик дээр шалгаж үзэхэд ямар ямар алдаа гаргаж байгаа талаар мэргэжилтнүүд нотлож, “но”-той мэдээллүүд гарсаар байхад үүнийг огт мэдээгүй, сонсоогүй дүр эсгэн нүдээ анин мугуйдлах нь юуны ёр вэ. Бас нэг бодож үзүүштэй зүйлийг энд дурьдая. Нийгмийн ардчиллын хүрээлэн (хуучнаар Прогноз төв)-өөс 2011 онд хийсэн нэгэн судалгаагаар “хэрэв маргааш сонгууль болвол та улс төрийн аль намд саналаа өгөх вэ” гэсэн асуултанд олон нийтийн хариулсан байдлыг сонирхвол судалгаанд оролцогсдын 33.1 хувь нь тухайн үед нь шийднэ. 20,3 хувь нь ямар нэг намыг дэмжихгүй гэж хариулсан ба эрх баригч хоёр намыг дэмжсэн нь 15 буюу 13.1 хувьтай байжээ.

Намуудын рейтинг ийм доогуур байсан атал сонгууль болмогц тийм өндөр санал авдаг нь нэг л үнэмшилгүй. Тэгвэл энэ 2015 оны 10 сард MEG гэх байгууллагын хийсэн судалгаагаар оролцогсдын 33.5 хувь нь ямар ч намыг дэмжихгүй гээд УИХ-д суудалтай намуудыг дэмжсэн нь мөнөөх 2011 оныхтой адил байна. Хар машинаар тоолно гээд “дөргүй бух” шиг зүтгээд байдгийн учрыг олох гаргалгаа дээрх баримтан дотор нуугдаж байж ч мэдэх юм. Одоо дахиад 2011 оны нийтлэлээс иш татъя. Уг нийтлэлд нэр дэвшүүлэх үйл явцын талаар ийнхүү хөнджээ.   

“.... хэдийгээр хуулийн /2011 онд батлагдсан хууль/ 29.5.4-д УИХ-ын гишүүн байх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай эсэх, эх орон, ард түмнийхээ тусын тулд оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж, Монгол улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзлэлтэй эсэх, шудрага ёс, хууль дээдлэх ёс, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадвартай эсэхийг харгалзан үзэх” гэсэн гоё, сайхан үгүүд оруулсан ч намууд үүнийг хэлбэрэлтгүй дагах баталгаа нь хаана билээ? Намууд үүнийг нэг их ойшоодоггүй гэдэг нь өнгөрсөн хийгээд өнөөгийн амьдралаас харагдсаар байгаа шүү дээ. Үүнтэй холбоотой болгоомжилвол зохих нэг зүйл гэвэл намууд нэр дэвшигчийнхээ босго алхах боломжийг мөнгөөр хэмждэг явдал. 2008 оны сонгуульд МАН болон АН-ууд УИХ-д нэр дэвших гишүүнээсээ тавь, зуун сая төгрөг хурааж авсан гэдэг. Бусад намуудын хувьд ч ийм жишиг адилхан үйлчилдэг. Саяхан АН-ын дарга Н.Алтанхуяг  хэвлэлээр энэ тухай байр сууриа илэрхийлэхдээ “...энэ тийм шинэ зүйл биш 2003 оноос эхэлж манай намын дүрмэнд орсон. 2004, 2008 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүс бүгд татвараа төлсөн. Үүнийг намын ажилд зарцуулдаг. Буруу гэж бодохгүй байна. Харин ч Засаг барьж байна гээд компаниас хэдэн төгрөг авч, буцаагаад тендерээр өгдөгөөс хамаагүй эрүүл, ил тод зүйл хэмээжээ. Мань хүн өөрсдийнхөө зөв болгох гэж хэт улайрсны улмаас долоон булчирхайгаа тоочиж, “зүүдээ ярих гээд хулгайгаа” гэдэг болов бололтой. Өөрөөр хэлбэл “урьд нь бид компаниас хандив нэрээр мөнгө аваад эрх мэдлээ ашиглаж, тендер авч өгч хариуг нь барьдаг байсан. Харин одоо бол нэр дэвшигчдээсээ өөрсдийнх нь нэрээр хандив татвар авч байна. Би буруу гэж бодохгүй байна” хэмээжээ. Гэхдээ энэ чинь ав адилхан зүйл гэдгийг мань хүн мэдсэн ч ард олныг мулгуу гэж бодсон, эсвэл ингээд хэлчихвэл хууртаад өнгөрнө гэж бодсон бололтой. Нэр дэвшигчээсээ мөнгө авчихсан намын дарга эргээд тэр хүндээ хариу барихгүй өөрийнх нь хэлсэнчилэн “эрүүл, ил тод” царайлаад сууна гэдэг хэр үнэмшилтэй вэ? хэмээжээ. Зөвхөн их мөнгөтэй хүн л нэр дэвшиж болно, мөнгө өгч чадахгүй боль хохь чинь гэдэг энэ зарчим нөгөө үндсэн хуулиас эхлээд юм болгон дээр байдаг “....гарал үүсэл, шашин шүтлэг, хэл, нийгмийн байдал, арьсны өнгө, хөрөнгө чинээ, баян ядуугаар ялгаварлаж үл болно” хэмээх тунхагийг зөрчөөгүй байна гэх үү. Тэгээд ч эрх барьсан намын энэ ялгаварлал төр Засгийн бүрэлдэхүүнийг юу болгож хувиргасныг бид хангалттай харсан. Дээрээ ч, доороо ч албан тушаалын томилгоо боловсон хүчний бодлого гэдэг юм ёстой жинэхэнэ “хандив мөнгөний хариу барих хар захын арилжаа” шиг юм болж хувирсан. Ховд аймагт л гэхэд 2012 оны сонгуулийн үр дүнд сонгогдож томилогдсон нөхдүүд багаа бүрдүүлэхдээ  50.0 сая, 30.0 сая төгрөгний хандив өгсөн гэх мэтээр өгсөн мөнгөнийхөө их багын хэмжээгээр жагсаж, албан тушаалд очиж байх жишээтэй.

Намуудынхаа энэ хандлагыг өөрчлөх арга замыг ололгүйгээр дээрх гоё, сайхан үгсээс бүрдсэн заалтыг хуулинд тусгаад ч нэмэргүйг нотлов. Үнэхээр л хуулийн /2011 оны хуулийн/ 29.5.4-дэх тэр үзэл баримтлалыг баримтлах эрмэлзлэлтэй байгаа бол нэр дэвшигчээс хэдэн арван саяар нь татвар ч гэнэ үү, хандив ч гэнэ үү /үнэн хэрэгтээ бол хахуул/ авдаг “эрүүл, ил тод зүйл” гэж Н.Алтанхуягийн өөгшүүлэн хамгаалаад байдаг тэр зүйлээ болих нь дээр биз!

 Сонгууль гэдэг ард түмний төлөөллийг сонгож, засаглалаа бүрдүүлэх үйл явц уу, эсвэл улс төрийн нам нэрт ашиг хонжооны бүлэглэлийг дэмжиж тэтгэх үйл явц уу гэдгийг нухацтай авч үзэх цаг болдогоо болсон баймаар. Ер нь зөвхөн намаас  нэр дэвшүүлж, УИХ болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох ёстой гэсэн боогдмол хандлагын сүүдэртэй тал нь асар их сөрөг үр дагаварыг авчирахаар барахгүй бүүр гамшгийн байдалд хүрчихээд байгааг амьдрал харуулсаар байна бус уу.

Сонгуулийн үеэр хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл төгрөгийн хандив өргөж болно” хэмээн өөрчлөлтийн төсөлд тусгасан гэнэ. Энэ бол мөнөөх УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн хэлсэнчилэн “сонгуулийг авилгадаж хийдэг” ажиллагааг хуулиар далайлган гүйцэлдүүлэхийг санаархаж байна  гэж үзэхээс өөр аргагүй заалт байна. 2011 он нэмэлт өөрчлөлт хийгдсэн хуулинд /39.1-д/ “Нам эвсэл, нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ хувь хүн нэг сая төгрөг хүртэл, хуулийн этгээдээс гурван сая төгрөг хүртэл байж болно” гэсэн заалт бий. Тэгтэл өөрчлөлт нэрээр үүнийг нэгээс гурав, дөрөв дахин өсгөж байгаа нь тун таагүй. Яг үнэндээ бол сонгуульд тийм их зардал гаргах шаардлагагүй шүү дээ. Ажиглалтаар бол нам болон нэр дэвшигчдийн сонгуульд цацаж байгаа мөнгөний ихэнх хэсэг нь сонгогчдын тархи угаах, худлыг үнэн болгож эргүүлэхэд чиглэгдсэн суртал ухуулга, сонгогчдыг хууран дагуулах зүйлд л зарцуулагддаг.  

Ирэх 2016 онд улсын эдийн засаг сайжирч, ард олны амжиргааны түвшин илэрхий дээрдэхгүй нь тодорхой болоод байгаа. Ийм тарчиг, хэцүү үеийг далимдуулан арай мөнгөтэй чинээлэг хэсэг нь нам болон нэр дэвшигчидэд өрсөж хандив өргөөд, түүнийхээ хариуг хүртэх боломжийг хуульчилж өгч байна гэхээс аргагүй. Тэгээд ч сонгуулийн хандивын цаана юу байдгийг дээр цухас үгүүлсэн шүү дээ. Зөвхөн сонгуулийн хуулиас гадна сонгуульд оролцож буй хуулийн этгээдүүд, улс төрийн намуудын хууль дүрэмд ч энэ хандив мөнгөний асуудлыг хязгаарласан заалтыг оруулах зайлшгүй шаардлагатай !     

Сонгуулийн хуулийн цоорхойнууд

үнэхээр харагдахгүй байна гэж үү? 

2011 оны нийтлэлд сонгогчдыг эд мөнгөөр татдаг гашуун туршлагатай холбоотой асуудлыг авч үзэхдээ: 

“....2011 оны 11 сард явагдсан МАН-ынхны “Ард түмнээ сонсье аян”-ы үеэр УИХ-ын дарга орон нутгийн иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “....сонгуулийг авилгадаж хийдэг, өөрөөр хэлбэл сонгогчдод мөнгө, эд зүйл өгөх бэлэглэх, ивээн тэтгэх, элдэв үзүүлбэр тоглолт арга хэмжээгээр сэтгэл санааг нь хууран дагуулах гэх мэт зүсэн зүйлийн мэх хэрэглэн санал авдаг нь бодит үзэгдэл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын тогтолцоо ард түмний хүсэл зоригт, улс орны зүй ёсны нийтлэг эрх ашигт нийцэхгүй байгаа нь үнэн. УИХ-ын суудалд сууж буй гишүүдийн төлөөлөл нийт сонгогчдынхоо төлөөллийг бүрэн хангаж чадахгүй улс цөөн бүлгийн эрх ашгийн нэгдэл болсон УИХ ажиллаж байна гэдэгтэй ч санал нийлнэ. Зөвхөн улс төрийн намуудын эрх ашгийн илэрхийлэл мэт харагдаж буйн улмаас иргэд олон түмэн маань УИХ-тай тэрсэлдэх хандлага бий болчихоод байна. Иймээс сонгуулийн хууль болон үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлэх бодолтой байна” хэмээн тун авууштай санаа илэрхийлж байсан нь саяхан. Үүнд найдлага тавин, сонгуулийн хуулийн төслийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс үзэж танилцах боломжийг эрэлхийлсээр талаар болсон болохоор арай өөр шугамыг ашиглан, уг төслийг олж авахаас аргагүй болов. Шинэ хуулийн төсөл дээр дурьдагдсан сул талууд нэн ялангуяа аливаа амлалт хийгээд бэлэг өглөг,мөнгө төгрөгөөр сонгогчдыг татах явдлыг хязгаарлах талаар тодорхой заалтууд оруулжээ. Үүнд сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс эхлэн ийм сэдэлт бүхий аливаа үйлдэл хийхийг, бас мөрийн хөтөлбөртөө мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн амлалт авахыг хориглох, улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх аливаа үйл ажиллагааг өөрийн мөрийн хөтөлбөрт оруулан сурталчилах, мөнхүү ийм аргаар сонгогчдыг хууран дагуулахын тулд дотоод гадаадын хүмүүнлэгийн байгууллага, сан, төрийн бус байгууллагын нэрийг ашиглахгүй байхыг чухалчилан тусгасан нь сайшаалтай. Гэвч үүнд тавих хяналтыг хэрхэн зохион байгуулах, сонгуулийг шудрага явуулахын тулд иргэний нийгэм болон олон нийтийг хэрхэн татан оролцуулах тухайд ямар нэг шийдэл гаргасангүй. Хуулиндаа шудрага бус явдлыг хазаарлах тухай тусгалаа ч гэсэн нэр дэвшигчид хуулиа ягштал сахина гэдэг тийм итгэмээр зүйл биш.

Өмнөх хуулинд ч гэсэн сонгогчдод эд мөнгө, элдэв эд зүйл тараахгүй гэсэн заалт байж л байсан боловч 2008, 2012  онд зарим нэр дэвшигчид үүний дэргэдүүр нүдээ аниад л хууль зөрчсөн үйлдлээ хээв нэг хийсээр гараад ирсэн. Сонгогчид чи хууль зөрчөөд биднийг хахуулдаад байна гэж шудрага загнана гэдэг эргэлзээтэйгээр барахгүй худлаа гэдэг нь ч харагддаг. Тиймээс сонгогчыг бусармаг аргаар татахыг цээрлүүлэх зорилготойгоор тусгаж өгсөн дээрх заалтуудыг хэрэгжүүлэх боломжийг нь яаж бүрдүүлэх вэ гэдэгт анхаарах нь юу юунаас чухал” гэжээ.

                Энэ асуудал одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл өмнөх болон одоогийн хуулийн өөрчлөлтүүд уг асуудлыг шийдэж чадаагүй цоорхойтой үлдсэн гэдгийг олон нийт анзаарч байгаа нь магад.

Тухайлбал “сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс эхлэн сонгогчдыг эд мөнгө, болон бусад аливаа хэлбэрээр татахад чиглэгдсэн санаа сэдэж, үйлдэл хийхийг хориглоно гэсэн заалт байгаа ч бусад үед нь ийм арга ажиллагааг зохион байгуулах нь нээлттэй үлджээ. Тэгтэл энэ 2015 оны турш ирэх 2016 онд нэр дэвшихийг горилж буй нөхдүүд болон улс төрийн намынхны шоу, хахууль, тархи угаах ажиллагаа нэн идэвхжив. Энэ ажиллагаа хаа сайгүй 2016 оны нэг сарын нэгэн хүртэл оргил үедээ хүрээд гэнэт намжих төлөвтэй байна. Бүүр 2013, 2014 оноос л нэр дэвшихийг горилогчид иргэдийг хэсэг хэсгээр нь ийш тийш гадаад дотоодод зугаалуулж, аялуулж, хот хүрээнд аваачиж дайлах цайлахын завсарт сэмхэн мунхруулах ажлаа амжуулж эхэлсэн бол энэ оны 9, 10 сараас эхлэн ялангуяа нийгмийн эмзэг хэсгийг онилсон 10 кг гурил, хоёр уут нүүрс, зэргийг айл өрхүүдээр тараах гэх мэтийн ажиллагаа орон нутагт хүчээ авав. Элдэв янзын урлагын тоглолт, концерт, уралдаан тэмцээний нэрээр хүмүүсийг цуглуулах нь ч эрчимтэй явагдсаар. Хуулинд байх дээрх заалтын үр дүн ингээд талаар болов. Түүнчлэн хуулинд байгаа нэн ноцтой гэмээр цоорхой бол /2011 оны сонгуулийн хуулийн 26.6/ “...Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшивэл сонгуулийн жилийн нэг сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдөх” тухай заасан, мөн /35.18.16/ улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцохыг хориглосон” мөрт улс төрийн албан хаагч хэмээгдэх албан тушаалтнуудын эрх дархыг чөлөөтэй тавьсан байдаг явдал. Үнэн хэрэгтэй төрийн албаны төсөв хөрөнгө, мэдээ мэдээлэл, хүн хүч, боловсон хүчин, техник хэрэгсэл бусад боломжууд болон элдэв зүйлсийг эрх мэдэлдээ дулдуйдан сонгуульд хамгийн ихээр завшиж ашиглах, урвуулан ашиглах боломжтой, амьдрал дээр энэ нь алхам тутамд хэрэгжиж ирсэн этгээдүүд бол яах аргагүй улс төрийн албан хаагч буюу албан тушаалтнууд. Гэвч сонгуулийн хуулийг үйлдвэрлэгчид маань зориудаар “харалган болж” жүжиглэн, улс иргэдээ мэхлэж, ноцтой хийгээд санаатай алдаа гаргажээ.

Мөнхүү /2011 оны сонгуулийн хуулийн 43.1/ Санал авах өдрийн 7.00 цагт санал хураалтыг нээхэд сонгогчдын төлөөллийг байлцуулан санал тоолох төхөөрөмж, саналын хайрцгыг нээн харуулж, холбогдох мэдээллийг хийнэ гэсэн бөгөөд үүнд хэвлэл мэдээллийн болон хариуцлагатай албан ёсны иргэний нийгмийн  төлөөлөл заавал байх ёстойг бас л мартжээ.   

Уг хуулийн 34.6. “Сонгуульд олонхи суудал авсан нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын их хурлаас байгуулах Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно” гэсэн заалтын үр өгөөж харагдахгүй байгаа. Төр Засаг намын хөтөлбөрөөр явна гэх юм бол улс, иргэдээ золиослоод дуусна гэдгийг амьдрал гашуунаар харуулсаар байна бус уу?

"Хувьсгал", "эргэлт" гэсэн үгнээс

цэрвээд байх хэрэггүй байх

Намын мөрийн хөтөлбөрийн хувьд гэвэл үндэслэл, тооцоо судалгаа их муутай зөвхөн сонгуульд ялахын тулд л хөтөлбөр хийдэг юм байна гэдгийг одоо бүгд мэддэг болсон байх. 2012 оны болон түүний өмнөх сонгуульд оролцсон намуудын хөтөлбөр хийгээд хэрэгжилтийн байдлыг бодиоор үнэлэн харьцуулах замаар үүнийг хангалттай нотолж баталж болно.  

Харин шинээр боловсруулсан гэх өөрчлөлтийн төсөлд “.... сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ нь сүүлийн зургаан сарын дундаж үнээс хэтрэхгүй байхаар зохицуулалт хийнэ” гэсэн, мөн “...Хэрвээ сонгуулийн маргаан гарвал түүнийг 60 хоногийн дотор шийдэх бөгөөд тухайн хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байсан, бүр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн байсан ч энэ нь маргааны шийдвэрт нөлөөлөхгүй” байхаар тусгасан зэрэг нь авууштай зүйл гэж үзэж байна. Учир нь сонгуулийн суралчилгааны үеэр бас л манай өнөөгийн гадаадаас хуулбарлан дуурайх маягаар бий болгосон хэвлэл мэдээллийн буруу тогтолцооны уршгаар байнга өлөн зэлмүүн амьдралтай байдаг телевизүүдийн /ялангуяа орон нутгийн телевизүүд/ дунд их олз олох гэсэн хийсвэр тэмүүлэл үүсэх, арилжааны телевизүүд болон нэр дэвшигчдийн хооронд мөнгөнд дулдуйдсан зохисгүй холбоо бий болох, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд тэгш бус нөхцөл үүсэх гэх мэт сөрөг үр дагаварууд байдаг. Тэрчлэн одоо мөрдөгдөж байгаа хуулиар нэр дэвшигч үнэмлэхээ авсан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон нөхцөлд зохисгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх “хачин” зохицуулалт бий шүү дээ.  

Хөндөж буй сэдэвтэй холбоотой бас нэг чухал зүйл бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай юм. Мөн л УИХ дээр ажлын хэсгийнхэн төслөө өргөн бариад буй уг өөрчлөлт нь хэрхэн оновчтой хийгдсэнээс сонгуулийн хуулийн өөрчлөлт болон бусад амин чухал асуудлууд шийдэгдэх боломж нээгдэнэ.

Тухайлбал дээр дурьдсанчилан сонгуульд намаас нэр дэвшүүлнэ гэсэн зохицуулалтыг авч хаях хэрэгтэй. Монголын ард түмэн бол нам буюу “ашиг хонжооны бүлэглэл” биш шүү дээ!

Тэрчлэн Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тарааж, цоо шинэ цогц өөрчлөлт, өөрөөр хэлбэл хувьсгал хийх тухай саналууд ч гарч ирж байгаа нь тийм ч үндэслэлгүй зүйл биш гэж үзнэ.

Магадгүй 1990 оноос хойш гадаадын захиалга, тулгалтаар бий болгосон манай улс төрийн болон нийгмийн тогтолцоо нь Монгол хөрс сууринд тохирохгүй гэдгээ алхам тутамд харуулсаар, одоо дорвитой зүйлийг тухайлбал “эргэлт, хувьсгал” хийхийг шаардаж байгааг үгүйсгэх хэрэггүй гэж бодно.

                                                                                                                                                       Сэтгүүлч ГонгоржавынТөрмөнх

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ