Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС “Тунгалаг уст шураг” хөдөө суман дахь хамгийн үлгэр жишээ хоршоо

“Тунгалаг уст шураг” хөдөө суман дахь хамгийн үлгэр жишээ хоршоо

Shurag 17
Shurag 5
Shurag 18
Shurag 15

Баялаг бүтээгч

Ховд аймгийн Эрдэнэбүрэн суман дахь “Тунгалаг уст шураг” хоршоо бол гарт баригдах, нүдэнд харагдах зүйл бүтээж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж, ялангуяа хөдөөгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж буй аймгийн хэмжээн дэх гарын арван хуруунд багтах цөөхөн чансаатай хоршоодын нэг. Хэрвээ хэн нэг нь дэгсдүүлэн магтлаа гэж бодох аваас очоод үйл ажиллагаатай нь танилцаад, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэрэглээд үзмэгц л бодол нь өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Тиймдээ ч энэ хоршоо 2014 онд  Монголын  Үндэсний Хоршоологчдын  Холбооны   “ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор,   2015 онд  “УЛСЫН  ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор  тус тус шалгарчээ.

Ш.Нямсүрэнгийн удирддаг энэ хоршоо анх 1997 онд  “Булаг” нэртэй  ХЭАА  хэлбэрээр  байгуулагдсан ба  2005 онд есөн гишүүнтэйгээр зуун хувийн хувь нийлүүлсэн  хөрөнгө оруулалттай “Тунгалаг  уст  шураг” хоршоо  болон  өргөжиж, 2011 оноос гишүүдийнхээ эгнээг дахин өргөтгөсөн бөгөөд одоо 213 гишүүнтэйтэйгээр үйл ажиллгаа явуулж байна.

            Хоршооны талаар сурвалжлахын тулд бид юуны өмнө хоршооны ахлагч Ш.Нямсүрэн болон холбогдох зарим ажиллагсадтай уулзаж, үүх, түүх хийгээд эрхлэдэг үйл ажиллагааг нь сонирхов.      

            “Манайх мал аж ахуй, газар тариалан гэсэн уламжлалт хөдөө аж ахуйн бааз суурийг түшиг болгож оршин тогтнодог. Сумандаа орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа бидэнд мал ахуй, газар усны үржил шимээ додомдож, хөдөлмөр, арга ухаан, зүтгэл сэтгэлээ хослуулж чадвал хэнээс ч гуйхгүй амьдрах боломж хангалттай байна. Бидний хувьд сумынхаа нутаг дэвсгэрт байх Шар харганын хөдөө гэх газар, хуучин услалтын систем байсны орчимд арван га газар эзэмшиж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, чацаргана, тэжээлийн ургамал, тариалж, хашиж хамгаалан, ургуулсан талбайгаас боломжийн хэмжээний хадлан авдаг. Бас үнээний фермтэй. Намар  хурааж авсан хүнсний ногоо, жимсээ зах зээлд нийлүүлдэг бол тэжээлийн ургамлаараа малын тэжээл үйлдвэрлэнэ, Харин хадаж авсан хадлангаа үхэр тэжээхэд хэрэглэнэ. Өөрсдийн үйлдвэрлэдэг тэжээлийнхээ тодорхой хувийг үнээний фермэд нөөцлөж, бусдыг нь  мөн л малчдын хэрэгцээнд нийлүүлнэ. Фермийнхээ үндсэн түүхий эдэд түшиглээд уламжлалт аргаар сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлдэг. Манайх сүүлийн хэдэн жил сумын сургуулийн үдийн цай  хөтөлбөрийн худалдан авалтад шалгарч, талх, нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийхээ үйлдвэрлэлдээ түшиглэн сүүлийн хэдэн жил сумынхаа сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрийн гол нийлүүлэгчээр ажиллаж байна хэмээн хоршооны ахлагч Ш.Нямсүрэн ярив.     

Эднийх 2000 онд талх нарийн боовны  цехээ байгуулжээ. 15 нэр төрлийн талх нарийн боов үйлдвэрлэдэг энэ цехийн бүтээгдэхүүн сумын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэгдэхээс гадна, амт чанар, стандартын шаардлага хангасан байдлаараа шалгарсны улмаас сургуулийн хүүхдүүдийн үдийн цай хөтөлбөрийн гол бүтээгдэхүүн болно. Сургуулийн дотуур байр, эмнэлгийн хэрэгцээнд ч эдний бүтээгдэхүүнийг захиалж авдаг байна.

2008 онд Мерси Кор – Монгол” байгууллагаас зарласан төслийн уралдаанд төсөл илгээн шалгарч дэмжигдсэний үр дүнд сүүний чиглэлийн дөрвөн үнээ бүхий эрчимжсэн мал аж ахуй буюу үнээний фермийн суурийг тавьжээ. Ийнхүү 2008 онд дөрвөн үнээтэйгээр гараагаа эхлэж байсан фермийн сүрэг нь 2015 он гэхэд  48  толгой үхэр болж өсөв. Ийнхүү сүрэг арвижихийн хэрээр сав сааль нь ундарч, саасан сүүгээрээ жил тутам 0,5-1.0 тонн  хорхой ааруул, 80-120 кг  зөөхий, 50-60 кг  цөцгий, 1000-1500 л тараг,  2-2.5 тн  цэвэр сүү  үйлдвэрлэн сум, аймгийн хэрэглэгчдэд нийлүүлэх болов.

 Дээр дурьдсанчилан арван хоёр  га  газарт  төмс  хүнсний  ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн  ургамал  тариалж, жилд дунджаар наймаас арван тонн төмс, дөрвөн тонн лууван, нэгээс хоёр тонн манжин болон сонгино хураан авахаас гадна дөрвөөс найман тонн хивгэн тэжээл  үйлдвэрлэж байна.

2009 онд бага оврын Тэжээлийн цех байгуулан тэжээлийн  ургамлаа өөрөө  тариалж, хивгэн болон хорголжин  тэжээл үйлдвэрлэж эхэлсэн бол 2011 онд сумандаа  газар тариалангийн техникийн  парк  бий болгож, ногоочдын хөдөлмөр хөнгөвчлөх, хадлан тэжээлийн  фонд  үүсгэх  зорилгоор дунд оврын тракторыг  иж  бүрдэлтэй нь  худалдан авч улмаар газар  тариалангийнхаа ажлыг  механикжуулж  чаджээ..

Жилд дөрвөөс арван хоёр тонн  хивгэн тэжээл үйлдвэрлэж, 30-50 тонн хадлан хадан нөөцлөж,  зэргэлдээ сумын болон өөрийн  сумын  малчдын хэрэгцээнд нийлүүлж хэвшив.

2013 оноос чацарганы тариалан эрхлэх болж иргэд олон түмэндээ ээлтэй байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай эко буюу байгаллаг, цэвэр хүнс нийлүүлэх зорилт тавин, хоёр га газарт 2000 ширхэг  чацарганы суулгац тариалж, шинээр арван таван хүнийг жил тутам, улирлын чанартай ажлын  байртай болгож, цалин хөлснөөс гадна нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, амьдрал ахуйд нь ээлтэй хандсанаар тэдний талархалыг хүлээх болов. Энэ 2015  он  гэхэд бүх  модны  наян хувь нь жимслэжээ. 

Жил тутам аж ахуйгаа додомдон сайжруулж үйлдвэрлэл, үйл ажиллагааныхаа нэр төрлийг олшруулж, бааз суурийг нь өргөжүүлэн тэлсээр бүтээгдэхүүнийх нь нөөц нэмэгдэхийн хэрээр худалдан борлуултын хэмжээ үлэмж өсч Эрдэнэбүрэн сумын төвд хоршооны хүнсний дэлгүүрийг нээн ажиллуулжээ. Уг дэлгүүр одоо жилдээ гучин таван сая төгрөгийн бараа  борлуулалт  хийж, иргэддээ  үйлчилж байна. Өөрийн хоршооны гишүүдэд бол урамшуулалттай  үйлчилдэг ажээ.

Ийнхүү үйлдвэрлэл үйлчилгээ, борлуулалт худалдаагаа өргөжүүлж чанаржуулахын зэрэгцээ ажилагсадыг сургаж, дадлагажуулах, чадваржуулах, малчид, гишүүдэд мэдлэг дадал эзэмшүүлэхийг ч орхигдуулсангүй.

 2009, 2010 онд хоршооны талх  нарийн  боовны цехэд ажилчдыг дадлагажуулах, чадамжийн  сургалтыг  Ховд аймгийн  “Мерси Кор – Монгол” ОУБ- тай  хамтран   явуулж, өөрийн хоршооноос ажилчин  Нямтогтох, С.Даариймаа нарыг хамруулан сургасан бол няравын мэргэжил олгох  сургалтанд  хоршооны ажилчин Б. Амарсайханыг, зайрмагны  мэргэжил  эзэмшүүлэх  баучиртай  сургалтанд, ажилчин  Ц.Оюунчимэгийг, 2011 онд    талх нарийн  боовны  мэргэжил  эзэмшүүлэх  баучиртай  сургалтанд  ажилчин  М.Ауганыг тус тус хамруулан сургасан ба эдгээр суралцагсад бүгд чадамжийн гэрчилгээ авсан байна.

2010, 2011, 2012, 2013 онуудад  хоршооныхоо гишүүн малчдаар болон малчдын  бүлэг   ,багуудаар  явж, хоршооны  бүтэц зохион байгуулалт, арьс шир, түүхий эдийг стандартын дагуу  бэлтгэх  тухай  сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулав.   

Тунгалаг уст шураг хоршооныхны амжилт бүтээл жилээс жилд арвижин дээшилсээр

  • Ø2006  онд  Сүү сүүн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэлээр   “Сумын  шилдэг  бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч  Өргөмжлөл , Цом,  мөнгөн  шагналаар
  • ØМөн 2006 онд  Их  Монгол  улс байгуулагдсаны   түүхт  800 жилийн   ойгоор  Entrepreneur-2006 арга  хэмжээний  хүрээнд  “Бичил  бизнес  эрхлэгч ААН” –ээр
  • Ø2006  онд  сумын  “Шилдэг аж ахуйн  нэгж”-ээр 
  • Ø2007  онд   “Тэргүүний  татвар  төлөгч  ААН”-ээр
  • ØМөн 2007 онд  “Ховдод  үйлдвэрлэв”  бүтээгдэхүүний  үзэсгэлэн  худалдаанд   цөцгий  үйлдвэрлэлээр  Хүрэл  медаль, Өргөмжлөлөөр
  • ØМөн 2007 онд  Ховд  аймгийн   “Эд хэрэглэгчидийн  найдвартай түнш-ААН”-ээр
  • Ø2008 онд  “Сумын  тэргүүний  үйлдвэрлэн бүтээгч ААН”-ээр
  • Ø2008 болон 2010 онуудад “Ховд  түншлэл -2008”, “Ховд түншлэл-2010 “ зах зээлийн өдөрлөг үзэсгэлэн  худалдаануудаас сүү, сүүн бүтээгдэхүүний ”Шилдэг бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр /Алтан медаль,/
  • Ø2011 онд  “Сумын тэргүүний  хоршоо” –гоор 
  • Ø2012 онд сумын “Хамгийн олон төрлийн  таримал  бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчААН”-ээр
  • Ø2012 онд улсын  шилдэг хоршоогоор
  • Ø2013 оны 8 сард  Дуут суманд болсон  баруун  бүсийн  семинар зөвлөгөөн, болон  үзэсгэлэн   худалдаанаас “Шилдгийн шилдэг сүүн бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчээр .
  • Ø2014 онд   Монголын  Үндэсний Хоршоологчдын  Холбооны   “ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор .
  • Ø2015 онд  “УЛСЫН  ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор  шалгарчээ.

“Өөдлөх айлын өнгө, дэвжих айлын дээвэр” гэдэгчилэн угаасан тунгалаг рашаан голынхоо нэрээр нэрлэгдсэн “Тунгалаг уст шураг” хоршооны ажил үйлс, хэрэглэгч, түмэн олонд нийлүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээнийх нь тухай цухас сурвалжилан толилуулахад ийм буюу.

Та бүхэн энэхүү хоршооныхны хамгийн эрүүл, эко хөрсөнд тарьж ургуулсан чацаргана, чацарганын шүүс, тос, төмс, хүнсний ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнээс худалдан авч хүнсэндээ хэрэглэх, бусад чиглэлээр хамтран ажиллахыг хүсвэл 93433928 дугаарын утсаар холбоо бариараа! Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн борлуулалтын цэг, Мачлин дэлгүүр, Эрдэнэбүрэн суман дах дэлгүүрээс нь эдний бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болно.

Дашрамд дамжуулахад Эрдэнэбүрэн сумын Шар харганын хөдөө дэх тус хоршооны тариалангийн талбайгаас тодорхой хэмжээний талбайг үнэ төлбөргүй ашиглаж, хэрэгцээт ногоо, жимсээ тарьж хурааж авахын зэрэгцээ хавар, намарт Тунгалаг уст шураг хоршооны тариалалт болон ургац хураалтанд хөлсөөр ажиллах сонирхолтой хүмүүс, айл өрх байвал дээрх 93433928 дугаарын утсаар холбоо барина уу!   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ