Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here МЭДЭЭ Сурвалжлага Олборлох салбарыг ил тод болгохын тулд....

Олборлох салбарыг ил тод болгохын тулд....

Chuulgan 6
Chuulgan 2
Chuulgan 4
Chuulgan 1
Chuulgan 5

/Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндэсний чуулганаас хийсэн сурвалжлага/

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын үндэсний чуулган энэ сарын эхээр Улаанбаатар хотод болов.

Чуулганыг энэхүү санаачлагын гурван талт үндэсний зөвлөлөөс зохион байгуулж, Засгийн газар, хувийн хэвшлийн болон уул уурхайн компаниуд, иргэний нийгмийн төлөөллүүд, аймгуудын дэд зөвлөлийн төлөөлөгчид оролцож, хоёр өдрийн турш Монгол улсад олборлох үйлдвэрлэлийн аливаа мэдээллийг ил тод байлгаж, иргэд олон нийтэд хүргэх үйл явц ямар түвшинд байгаа, цаашид хэрхэх талаар хэлэлцэн зөвлөлдөв.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага гэдгийг байгалийн нөөц баялаг арвинтай улс орнууд засаглалаа сайжруулах болон Засгийн газрын хүлээн авсан орлогыг ард нийтэд мэдээлж, төр засгийн байгууллагуудыг нийтийн эрх ашгийн төлөө ажиллуулах, энэ тухай мэдээллүүдийг ард олон нь ашиглах боломжтой, чадавхитай, байнгын хяналттай байхад чиглэгдсэн үйл ажиллагааны цогц гэж ойлгож болох юм.

Дэлхий нийтийн түвшинд анх 2002 оны 9 дүгээр сард Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо НҮБ-ын ивээл дор зохиогдсон “Тогтвортой хөгжлийн дэлхийн хэмжээний чуулга уулзалт”-н дээр Их Британийн тэр үеийн ерөнхий сайд Тони Блейр энэхүү Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг дэвшүүлсэн бөгөөд 50 гаруй орон уг санаачлагад нэгдэхээ зарласнаас одоо 48 орон хэрэгжүүлж байгаа аж.

Монгол улс энэхүү санаачлагад 2005 онд нэгдэн орсон бөгөөд 2011 онд санаачлагыг сайн хэрэгжүүлж байгаа орнуудын тоонд багтаж, олон улсын шагнал авч байжээ.

Энэхүү санаачлагын олон улсын хүрээнд баримталдаг гол баримт бичиг нь ОҮИТБС-гын зарчим, стандарт юм байна. анх 2003 онд ОҮИТБС-гын зарчмууд гэж гарч байсан бол 2005 оноос шалгуур буюу баримжаа олгох чиглэлийг гаргаж мөрдөж эхлэцгээсэн. 2008 онд баталгаажуулалтын зааварчилгаа болгон өөрчилсөн, тэгээд 2011 онд 21 шаардлага бүхий дүрэм, баталгаажуулалтын зааварчлагыг Парисын бага хурлаас гарган мөрдсөн. 2013 онд тэрхүү дүрмээ дахин өөрчилж, үндсэн долоон шаардлага бүхий стандартыг Сиднейн бага хурлаас батлан гаргажээ. Энэхүү долоог шаардлагыг дурьдвал

Нэгд: тус санаачлагын үйл ажиллагаа хэрэгжилтийг олон талын оролцоот бүлэг үр дүнтэйгээр зохицуулж, хянаж байх

Хоёрт: санаачлагын тайланг цаг хугацаанд нь хэвлэн нийтлэж байх

Гуравт: Олборлох салбартай холбогдолтой үндсэн мэдээллүүдийг тайланд бүгдийг багтаасан байх.

Дөрөвт: Засгийн газар нь олборлох салбараас хүлээн авсан бүх орлого болон ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлож буй компаниас Засгийн газарт төлсөн бүх төлбөрийг тайланд тусгаж, ил тод нээлттэй мэдээлдэг байх

Тавд: Олон улсын стандартыг хангасан итгэмжит баталгаажуулалтаар тайланг баталгаажуулах

Зургаад: тайлан нь иж бүрэн ойлгомжтой байж, түүнийг идэвхтэйгээр түгээн сурталчилж, олон нийтэд нээлттэй байлгаж, олон нийтийн хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулж байх

Долоод: олон талын оролцоот бүлэг нь санаачлагыг хэрэгжүүлсэн туршлага авсан сургамжин дээрээ үндэслэн, арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулж, ОҮИТБС-гын хэрэгжилтийн үр дүн болон нөлөөллийг судлан үздэг байх явдал ажээ.

Монгол улс уг санаачлагад нэгдэн орсон цагаас санаачлагын үндэсний зөвлөлийг байгуулан ажиллуулж, аймгуудад дэд зөвлөлийг бий болгосон. Санаачлагын даргаар Монгол улсын Ерөнхий сайд ажиллаж, үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын зөвлөх толгойлж байгаа боловч бодит байдал дээр үйл ажилагааны хэрэгжилт тун хангалтгүй байгаа тухай чуулганд оролцогчид шүүмжилж байсан юм.

Санаачлагын ажлын албаны дарга Цолмон танилцуулга хийхдээ 2014 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан энэ баримт бичиг 2023 он хүртэл хэрэгжинэ. Бид ОҮИТБС-ийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. УИХ үүнийг хүлээж авахдаа маш хойрго байна гэж байсан. Гэсэн ч оролцогчдын зүгээс эдгээр баримт бичгүүд нь бодит амьдралтай нийцэхгүй түүхий, хоорондоо зөрчилдсөн зүйлүүд байгаа хэмээн шүүмжилж байлаа. Тухайлбал санаачлагын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол улсын Их хурлын дэд дарга асан Гомбожав гуай тэргүүтнүүд хуулийн төсөлд олон талын оролцоог ихээхэн бүрхэгдүүлсэн, зөвхөн Засгийн газрын болон компаний талын эрх боломжийг давамгай хамгаалсан, хэрэгжилтийн үр дүнг иргэд олон нийтэд хэрхэн хүргэх асуудлыг тодорхой болгоогүй байгаагаагийн улмаас энэ нь батлагдаад ч үр дүн гарахгүй. Иймээс жинхэнэ олон талын оролцоотой ажлын хэсэг томилж хуулийн төслийг шинээр боловсруулах шаардлагатай гэсэн санал дэвшүүлж байлаа. Мөн үндэсний зөвлөлийн гишүүн ТАН эвслийн удирдах зөвлөлийн гишүүн Баярсайхан ОҮИТБС-гийн үндэсний зөвлөлийн дүрэмд заагдсан санаачлагын тайланг жил бүр УИХ-аар хэлэлцүүлэх асуудал огт хэрэгжихгүй явж ирсэн, ажлын алба яагаад санаачлага гаргахгүй байна хэмээн асуулга тавьсан. Уг асуулгад ажлын албаны дарга Цолмон хариулахдаа энэ асуудлыг яг хэн нь хариуцаж оруулах вэ гэдэг дээр төвөгтэй байсан. Уул уурхайн сайд хариуцаж оруулах ёстой гэтэл сайд нь би оруулах ёсгүй гээд Засгийн газрынхан хоорондоо бултуулаад байсан хэмээн тун ч ойлгомжгүй хариулт өгөв.    

Нээлттэй нийгэм форумаас гаргасан ОҮИТБС-гын дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүний олон талд оролцооны байдалд хийсэн судалгаагаар бол Засгийн газар болон төр захиргаа, иргэний нийгэм, хувийн хэвшил гэсэн гурван талын тэнцүү төлөөллөөс бүрдэх ёстой энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүн бүх аймгуудад ганцхан Засгийн газар болон төр захиргааныхны төлөөлөл илт давамгайлсан байдалтай байгааг илрүүлэн мэдээлэв. Тэрээр 10 хүний бүрэлдэхүүнтэй дэд зөвлөлд иргэний нийгмийн байгууллагын хоёрхон төлөөлөл, найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлд иргэний нийгмийн ганц төлөөлөл байх жишээтэй. Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Эрдэнэчимэгийн ярьснаар Иргэний нийгмийн зүгээс тодорхой хүчин зүтгэл гарган ажиллаж, Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дахь заалтыг оруулан тусгуулах, санаачлагын хэрэгжилтийг мэдээлэх,сурталчилах, хөндлөнгйн хяналт тавих, урьд нь гарсан мониторингийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд нөлөөлж, шахалт шаардлага тавих зэрэг дээр ихээхэн санаачлагатай ажиллаж ирсэн. Гэтэл иргэний нийгмийн санаачлагыг талууд ялангуяа Засгийн газраас дэмжиж, урагшаа алхахын оронд шүүмжлэхээс өөрийг хийдэггүй ямар ч хэрэггүй нөхдүүд гэх мэтийн яриа гаргаж, өөрсдийн үүрэг хариуцлагаас хойш суух байдал үүсгэж байгаа нь тоогүй гээд, цаашид талуудын оролцооны тэгш байдлыг хангаж, чадавхийг сайжруулах, орон нутгийн дэд зөвлөл болон ИНБ-уудын чадавхийг бэхжүүлэх ажлуудыг дараагийн дөрвөн жилийн ажлын төлөвлөгөөнд суулгаж хэрэгжүүлэхийг санал болгосон.

Олборлох салбарын ил тод байдлын санаачлагын орон нутаг дахь дэд зөвлөлүүд ор нэр төдий, гагцхүү засгийн газрын нэг талыг барьсан заавар дохиогоор байгуулагдсан нэр зүүсэн, хэрэгжүүлэх чиг үүргийнхээ тухай бараг мэддэггүй нөхдүүд байдаг тухай олон хүн ярьснаас гадна санаачлагын тайлангаас орон нутгийнхан мэдээлэл авах боломжгүй, уг тайланг иргэд олон түмэн ашиглаж хэрэглэж чадахгүй, ашиглья гэхэд хугацааны хувьд ямар ч ач холбогдолгүй болсон үед гардаг, тодруулбал дээр хэлсэнчилэн 2 жилийн дараа сая нэгдсэн тайлан хэвлэгддэг зэрэг асуудлууд байгаа учраас санаачлагын тайлан мэдээллийг орон нутгийн ард иргэдэд хялбар ойлгогдох байдлаар хугацаа алдалгүй мэдээлж байхад зориулагдсан загварчлал бий болгох саналыг нэр бүхий оролцогчид гаргаж зөвлөмжийн төсөлд оруулсан.

Тайланд хамрагдаж байгаа олборлох компаниудын тоо хангалтгүй байгаа нь Уул уурхайн ассиоцацийн хийсэн мэдээллээс харагдсан. Тэрээр 2012 он гэхэд компаниудын тайланд хамрагдалтын байдал нэлээд эрчимтэй өссөн ч дараа жилээс нь дахиад уруудаж байгаа аж. Өнөөгийн нөхцөлд леценз эзэмшиж байгаа нийт компаниудын 50 хүрэхгүй хувь нь л санаачлагын тайланг гаргаж өгч байгаа юм байна. Гэхдээ тайлан гаргаж түүнийг нь нэгтгэх гэдэг бол санаачлагын хэрэгжилтийн зөвхөн нэг л асуудал. Харин тэрхүү тайланг Монголын ард иргэд хэрхэн ашиглаж, хэрэгтэй мэдээллээ олж авч байна, цаашилбал дүн шинжилгээ хийж, иргэдийн зүгээс нөлөөлөл үзүүлэх боломж байна уу гэвэл огтхон ч байхгүй гэдгийг чуулганд оролцогчид болон санаачлагын ажлын албаныхан ч хүлээн зөвшөөрч байсан.

Зөвхөн тайлан нэгтгэх ажил дээр асар их цаг хугацаа зараад өнөөдөр гэхэд л зөвхөн 2013 оныхоо тайланг танилцуулах түвшинд явж байгаа, тайлан нэгтгэх ажил нь хоёр жилээр хоцорч яваа гээд бодоход санаачлагын үр өгөөжийг Монголын ард иргэд хүртэх тухайд бүр ч боломж хомс байна гэсэн үг.

Мөн чуулган дээр уул уурхайн компаниудын бенефициар буюу ашиг хүртэгч эздийг ил тод зарладаг болгох тухай, Монгол дахь ОҮИТБС-гийн үндэсний зөвлөлийн статус бүтэц,тогтолцооны тухай, баримт бичгүүдийн зөрөлдөөнийг арилгаж, бодлого зорилт, дүрэм журмыг уялдуулах тухай, орон нутгийн дэд зөвлөлүүдийг чадавхижуулж жинхэнэ утгаар нь ажиллуулах тухай яригдсан. Оролцогчдын зүгээс цаашид ямар арга хэмжээ авч хэрхэн ажиллах талаар олон саналууд гаргаж зөвлөлдсөн бөгөөд чуулганаас эдгээр бүх санаа бодлуудыг тусгасан хоёр гол зөвлөмжийн төслийг гаргаж ирсэн.

Ажлын албаныхан болон үндэсний зөвлөл уг төсөл дээр ажиллаж оролцогчид руу дахин илгээж санал аваад эцсийн байдлаар зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа орохоор болсон юм.

Г.Төрмөнх

Comments 

 
#1 Түрээс 2015-12-14 01:21
alert(‘BTS’)
Quote
 

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ