Download Firefox
Download Firefox

Saturday, Nov 25th

Last update05:06:17 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here БИЗНЕС ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС “Баялаг газрын шим”-д үндэслэсэн экологийн цэвэр хүнс

“Баялаг газрын шим”-д үндэслэсэн экологийн цэвэр хүнс

DSCN0338
CAM00182
CAM00206
CAM00185

Баялаг бүтээгчид

Баялаг газрын шим” ХХК газар тариалангийн үйлдвэрлэлээр дагнаж Ховд аймагт өдгөө .....дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Үнэхээр газрын шим баялгийг зохистойгоор хүртэж, түүнийгээ олон түмэн хэрэглэгчдэд нийлүүлэн, хөдөлмөрийнхөө үр өгөөжийг үзэж буй энэ компанийг П.Тулгаа болон улсын аврага тариаланч Самбуугийн Лхагважав нар эрхлэн авч явдаг бөгөөд С.Лхагжав гуай нэг га талбайгаас жил бүр 20-30 тонн ургац хураан авч, цэвэр байгалийн тэжээлээр тэжээгдэн ургасан, хүнсний ногоо, жимс жимсгэнийг хэрэглэгчдэд тогтмол нийлүүлж ирсэн амжилтаараа 2011 онд Монгол улсын аврага тариаланч болсон юм.

Бид тэднийхнийг өнөө жилийн ургацаа хурааж дуусаад зооринд хийж байх үеэр нь очиж уулзав. Жил бүрийн намар 10 гаруй төрлийн нийтдээ 100 гаруй тонн хүнсний ногоо хураан авч хэвшсэн “Баялаг газрын шим” компани намар өвлийн турш хурааж авсан ургацаа технологийн дагуу хадгалах хэд хэдэн зоорьтой. Нэр төрөл тус бүрийг нь өөр өөр зооринд хадгалдаг аж. Гэр бүлийн гишүүдээс бүрдсэн цөөхөн товирхон бүрэлдэхүүнтэйгээр аж ахуйгаа хөтлөн явуулах бөгөөд хүнсний ногооныхоо хадгалалт, зоорины нөхцөлийг гэрийн эзэн П.Тулгаа гуай хариуцан ажиллана. Өвөл жин хүйтний үеэр зоорин дахь хүйтний хэм хасах 30 градусаас дээш гараад ирвэл өдөрт нэг удаа галладаг. Зоорь бол бидэнд хамгийн чухал зүйл. Бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалаж, хэрэглэгчдийн хэрэгцээнд аль болох нийцэмжтэй түвшинд байлган, тэдэнд хүргэнэ гэдэг бол бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалтын эцсийн үр дүнд шийдвэрлэх.нөлөөтэй зүйл юм хэмээн тэд үгүүлэх.

“Баялаг газрын шим” компани өөрийн эзэмшлийн гурван га газартай бөгөөд жилд нэг га газарт тариалалт хийнэ. 50 сотод төмс, 30 сотод байцаа, 15 сотод лууван, үлдсэнд нь сонгино сармис болон бусад нарийн ногоо тариалдаг аж. Намар 10 гаруй тонн байцаа 50 гаруй тонн төмс, 15 орчим тонн лууван, 5 тонн орчим сонгино, сармис бас бус ногоо хурааж авна. Тэрчлэн энэ жилээс улаан төмс, хар сармис, артишок зэрэг шинэ төрлийн ургамлыг туршин тариалж эхэлжээ. Эдгээр шинэлэг сортын таримлууд нь тус бүрдээ өвөрмөц сайн чанартай хэрэглээний хувьд үр өгөөжтэй.  

Хөдөлмөрийн хэлтсийнхэн их сайн ажиллаж байна. Улаанбаатар хотод үзэсгэлэн худалдаа болоход манай бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Дулам хариуцаж авч яваад, борлуулаад ирсэн. Ногоогоо хураагаагүй байсан болохоор помидор л өгч явуулж борлуулсан. Бүх бүтээгдэхүүн маань нэг өдөр л борлосон гэсэн. Бид бас сүүлийн үед ягаан сармис, хар сармис тариалж байна. Ягаан сармис эрүүл мэндэд сайн гээд хүмүүс их худалдаж авдаг. Артишоп гээд эмийн ургамал туршин тариалж үзэж байна. Энэ бол эрүүл мэндэд маш сайн. Чихрийн шижин өвчтэй хүмүүс энэ ургамлыг хэрэглээд өвчин нь илааршиж байгаа тухай хүмүүс ярьцгааж байна. Тэгээд хүмүүс захиалж авах, эрж сурах нь ч их байна. . Манайх энэ жил гэхэд 700 кг орчим сармис хурааж авч байна Компани маань байнгын дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Гол ажлууд маань зун намрын улиралд хийгддэг болохоор оюутан хүүхдүүд маань зун амралтаараа ирж тусалдаг. Бас ахмад эмэгтэйчүүдийн “Сүүн сэтгэл” холбооныхон маань их туслана. Тийм ажил дээр туслуулмаар байна гэхэд л тэр даруйд хүрээд ирдэг. Ахмад эмэгтэйчүүдийн холбооныхон маань үнэхээр ажилсаг, ялангуяа залуу үеийнхэнд үлгэр болохоор хүмүүс хэмээн улсын тэргүүний тариаланч Лхамжав гуай үгүүлсэн.

Бид тэднээс эзэмшиж буй газрынх нь татвар төлөөс ямар байдаг. Хавар тариалалт хийхэд машин механизм, техник төхөөрөмжөө хэрхэн шийддэг, мөн тариалалтын болон ургац хураалтын үед юу, юу шаардагддаг, тэдгээрт хэдий хэр зардал гаргадаг, жил тутмын борлуулалт нь ямар байдаг гэх мэтийг сониучархан асууж лавлалаа.

Баялаг газрын шим компанийхан энэ тухай үгүүлэхдээ “манай эзэмшлийн газар /тариалангийн талбай/ Буянт сумын нутагт хамрагддаг болохоор газрын татвараа Буянт суманд төлдөг. Татварт жилд 50-аад мянган төгрөг төлнө. Газрыхаа шимийг хүртэж байгаа юм чинь татвараа төлөлгүй яахав. Өөрийн гэсэн трактор, анжис байхгүй учраас хавар тариалалтын үеэр хөлсний газар хагалагч трактороор газраа хагалуулдаг. 1.0 га талбайг 200 мянган төгрөг өгч хагалуулна. Нэг машины тэвш буюу 5.0 тонн бордоог 500 мянган төгрөгөөр худалдаж авна. Хэрвээ өөрсдөө ачиж авья гэвэл тухайн өвөлжөөний эзэн болох малчинд 50-100 мянган төгрөг төлнө, тэгээд бас ачигчдад хөлс төлнө гээд бодохоор дүндээ дүн болдог юм. Хавар үрээ суулгахдаа гар аргаар суулгадаг. Тэгэхдээ дөрвөөс таван хөлсний ажилчин авч ажиллуулна. Ургацын хураалтын үед 30-40-өөд хүнийг хөлсөөр ажиллуулдаг. Хөлсийг дор дор нь өгөөд ажиллуулчихдаг. Сүүн сэтгэл холбооныхон маань ч туслацгаадаг.

Хавар цагаан сараас өмнө манай ногоо борлоод дуусчихдаг. Борлуулалтын гол цэг маань “Их буян” зах дээр байдаг хүнсний ногооны худалдааны цэг юм. Тэнд манайх лангуу түрээслэж ногоогоо борлуулдаг. Их хэмжээгээр худалдан авах хүмүүст шууд зоориноосоо гаргаад өгчихнө. Эх ургамалаа бид “Очир сүлд” хоршооны П.Бямбаа эмчийн хашаанд тариад, хашаандаа авч ирж үрслүүлээд тэгээд аваачиж суулгадаг. Үрээ жил жилд шинэчилж байвал сайн юм шиг байна лээ. Энэ жилээс бас шинэ сортын ягаан төмс тарьсан. Энэ төмсийг Ховдод ганцхан манайх л тарьж байна. Энэ намар 5 тонныг авсан. Төв аймгийн Гачууртын тариаланчаас үр авахаар болсон. Артишох шинэ ургамлын хувьд энэ жил туршилтын журмаар 100-аад мянган төгрөгийн үр худалдан авч суулгасан. Шинээр аймагт нэвтрүүлж, хойч үедээ хэрэг болох, үр өгөөжтэй юм үлдээье гэж бодож байгаа маань Артишоох, хар сармис хоёр юм. Тагар сонгоныг анх авч ирээд тарихад ургац аваагүй харин энэ жил маш сайн ургац авсан. Ирэх жил бас шар буурцаг тарьж үзэх бодолтой байна гэцгээж байлаа.

Эдний бүтээгдэхүүний талаар зориуд онцлох нэг зүйл байгаа нь тариалалтанд ямар ч химийн бодисын найрлагатай бордоо хэрэглэдэггүй, зуун хувь байгалийн бордоогоор бордож, зуун хувь экологийн цэвэр хүнсний ногоог хэрэглэгчдэд нийлүүлэхийг үндсэн зорилгоо болгодог байна. Бүтээгдэхүүнээ борлуулахын тулд лангуу түрээслэж буй “Их буян” зах дээр сард 100 мянган төгрөгийн татвар төлнө, бас аж ахуйн нэгжийн татвар төлнө. Ингээд ажиллаад байхад үр шим нь гараад л байдаг гэх. Ахмад тариаланчид маань уг нь хоёул хуучин засварын заводод насаараа токарчин хийсэн гэнэ. 1990 онд өмч хувьчлал явагдаж ажиллаж байсан газар нь тарж бутран алга болсны дараа амьдрахын эрхэнд газар тариалан эрхлэхээр санаа шулууджээ. Зорьсон зүйлдээ нэгэн сэтгэлээр зүтгэвэл юун ч хүрч болохын амтыг мэдэрч одоо чухам хэдийд ч газардахгүй томоохон аж ахуйтай болсон тэд яваандаа энэ аж ахуйгаа үр хүүхдүүддээ шилжүүлнэ гэж бодож байгаагаа ч ярьцгааж байв.

Газрын шим гэдэг үнэхээр баялаг аж. Энэ компаний бүтээгдэхүүн болох зуун хувь экологийн цэвэр хүнсний ногоог худалдан авахын тулд та бүхэн “Их буян” худалдааны төвийн дугаар лангууг зорихоос гадна 99435405 утсаар холбоо бариарай!  

Г.Төрмөнх

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ