Download Firefox
Download Firefox

Thursday, May 25th

Last update07:32:02 PM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here ХҮН БАЙГАЛЬ Байгаль ба асуудал Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт явуулж байна

Нөхөн сэргээлт нэрийдлээр олборлолт явуулж байна

Voliprom 4

Байгалийн баялаг гэгчээр хүн төрөлхтөн тэжээгдээд хэдэн зууныг үдэж байна. Дэлхий дээр байгалийнхаа баялгийн үр шимийг хүртээд эдийн засаг нь тогтворжоод, иргэд нь хоосон хонохгүй амьдарч байгаа улс орон нилээдгүй. Манайх бол байгалийнхаа баялгийг ашиглаж эхэлж байгаа ч эдийн засгийн эргэлтэнд оруулж амжаагүй орон. Байгалийн баялгаа ашиглаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч уул уурхай дагасан эдийн засаг, нийгмийн хөгжил өнөөдөр манай оронд орхигдсон гэхэд хилсдэхгүй байх. Бид гуравхан саяулаа. Гуравхан сая хүнийг тэжээгээд аваад явчих баялаг нь хангалттай л гэдэг. Гэвч уул уурхайн хөгжил монгол оронд зөв голдиролоороо явж байна уу гэвэл үгүй. Ард түмнээсээ нуусан, хаалттай гэрээнүүдийг байгуулсаар... Үр өгөөжийг нь хүртэнэ хэмээн горьдсоор өдий хүрлээ. Байгалийн баялгийг олборлож байгаа бол нөхөн сэргээнэ гэдэг хамгийн гол ажил байдаг. Баялгийг дагах уулыг тал, усыг шалбааг болгох их аян эх орны дөрвөн зүг найман зовхист өрнөж байна.

Монгол орны газрын доорх баялгийг дагасан шунал, хэн нэгний хөлжих хүсэл сонирхол хязгааргүй их юм шиг ээ. Энд алт гарч, тэнд тийм баялагтай гэнэ гэх сургаар өнөөх бидний нэрлэж заншсанаар нутаг нутгийн ”нинжа” нар хурдан хөлгийн тоосоо манарган зорьцгооно. Замдаа тааралдсан болгоноос “Энүүхэнд алт гарсан гэнэ. Хаана юм” гээд хэнэг ч үгүй сураглана. Ай даа хүний шунал, хөлжих хүсэл гэж аугаа их юмаа даа. Газрын доорх баялгаар амьдраад сурчихсан хүн хэзээ ч өөр ажил хийж чаддаггүй. “Чулууны амт”-нд орсон хэн ч буцдаггүй юм даа” гэж олон жил алт олборлосон нэгэн хүнээс сонсч байсан юм.

Байгалийн баялагаар баян Монгол орон минь хоосон гуу жалганууд,эрдэс баялгийг нь ухаад ав¬чихсан уурхайн хаягдлууд нь газар сайгүй хөөрхийлөлтэй дүр дүрслэл хэдийнээ бий болжээ. Өнгөрсөн он жилүүдэд бидэнд уул уурхайн салбар үр өгөөжөө өгсөн ч алтыг нь аваад авдрыг нь сүйдлээд орхисон уул толгод, газар нутаг Монголоор дүүрэн. Уул уурхайн үйл ажиллагаанаас үр шимээ хүртээд, нөхөн сэргээлттэй нь хослуулаад явбал унаган байгаль биш юмаа гэхэд ухаж сэндийчсэн, гуу жалга үүсэхгүйсэн. Манайд уул уурхайн нөхөн сэргээлт туйлын хангалтгүй байгаа. Тусгай хамгаалалттай газар нутагтаа хүртэл нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр ашигт малтмалыг нь олборлуулж байна. Ашигт малтмал олборлогчид гэхээр л “нинжа” нараар төсөөлж, нөхөн сэргээлтийг зөвхөн ухсан нүхээ булаад, дээр нь цэцэг но¬гоо тарьснаар  хязгаарлаж  болохгүй. Ирээдүйн амьдралаа уул уурхай, ашигт малтмалдаа даатгачихаад байгаа бид холоо харж сэтгэх цаг нэгэн болжээ.  

 

Ашигт малтмалын ор¬дыг тогтцынх нь хувьд гурав ангилдаг юм байна.Хүдрийн биетийн ашигтай давхарга нь газрын гадаргуутай параллель тогтоцтой байвал хэвтээ уналт¬тай орд,  бага зэргийн на¬луугаар газрын гүн рүү шургасан бол налуу уналттай, огцом бол босоо уналттай орд гэж ялгадаг байна. Уул уур¬хайн ашиглалтын тех¬но¬логи, үйл явц, нөхөн сэргээлт эд¬гээрээс хамаараад өөр өөр байдаг байна. Өнөөдөр манай оронд мөрдөгдөж буй ихэнх баримт бичигт зааснаар уул уурхайн компаниудаас “Эвдэрсэн газраа булж хэвгийжүүлээд, дээрээс нь ургамал ногоо тарь” гэсэн агуулгатай зүйл л шаарддаг.

Нэг тэрбум төгрөгийн олборлолт явуулсан уу?

Цэцэг сумын нутагт орших Мянган угалзатын нурууг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор тусгай хамгаалалтанд авсан бөгөөд 1960-1970 онд гянтболд /вольфрам/-ын орд илэрч судлагдаж албан ёсоор олборлолт хийгдэлгүй хамгаалалтанд авчээ. Гэвч иргэд сүүлийн хэдэн жилийн турш хууль бусаар вольфрам олборлож, тухайн газар нутагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг. Мянган угалзатын нурууны БЦГ-ын Цагаан эрэг хэмээх газарт иргэд 2000 оноос хойш хууль бусаар гянт болд олборлож байгаа бөгөөд зөвхөн манай аймгийн бус, Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ, Дархан, Баянхонгор гэх мэт аймгуудын “нинжа” нар ч ирдэг байна.

Нинжа нарын бусармаг, шунахай явдал ч Алтай, Цэцэг сумдыг тойроогүйгээр үл барам Цэцэг суманд 13 орчим га талбай сүйдсэн, нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байдаг. Вольфрам буюу гянтболд нь дэлхийн зах зээлд маш өндөр үнээр борлогддог бөгөөд манай орны хэд хэдэн газарт нөөц илэрсэн байдаг байна. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ Баяндавааны гянтболд, цагаантугалгын орд Баянчандмань суманд, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан-Уулын орд, Цэцэг сумын Цагаан эрэг гэх газруудад орд.

Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширгээдэг, хүчилдтэсвэртэй.Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд каталазатор болгож хэрэглэдэг гэнэ.Гянтболдоор хийсэн сэлэм маш сайн хаттай, бат бөх байдаг гэнэ.Учир нь гянтболд өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг төдийгүй хамгийн хүнд металлд тооцогддог байна.Атомын зэвсэг, сансрын техник, чийдэнгийн гол зэрэг амьдрал ахуйд хэрэгцээтэй зүйлс хийдэг төдийгүй, зэр зэвсэг хийхэд өргөн ашигладаг.

Цэцэг сумын иргэдийн өгч буй мэдээллээр “Ашид Алтай Майнинг” ХХК-ны ард  БНХАУ-ы гурван иргэн байдаг гэх. Өнөөдрийн байдлаар 60-70 тонн вольфрам олборлоод байгаа юм. Өнөөдөр зах зээлд чулуутай вольфрам нэг кг нь 12 000 төгрөг, цэвэр нь 24 000-28 000 төгрөгийн ханштай байна. Энэ нь “Ашид Алтай Майнинг” ХХК нэг тэрбум гаруй төгрөгийн вольфрам олборлосон тооцоо гарч байна. “Ашид Алтай Майнинг” ХХК нь голын голидролыг өөрчлөн, шуудуу татаж вольфрам угааж Усны тухай хуулийг зөрчиж байна.

“Ашид Алтай Майнинг” ХХК-ийхныг дураараа дургих боломжийг аймгийн ИТХ баталгаажуулж өгсөн гэж нутгийн иргэд хэлж байна. Тодруулбал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 07-р сарын 03-ны өдрийн 82 дугаар тогтоолоор байгалийн давагдашгүй хүчин зүйл, хүний буруутай үйл ажиллагааны улмаас эвдэрч, доройтсон, унаган төрхөө алдсан газруудад нөхөн сэргээлт хийх зорилгоор “Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийхэд хяналт тавих журам”-ыг баталжээ. Энэ нь  журам нь эвдэрч сүйдсэн газар нутагт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага сонгон шалгаруулах эсвэл нөхөн сэргээлт хийх туршлагатай, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаанд хяналт тавих, нөхөн сэргээх талбайн хүлээн авахыг журмын зорилго гэж тодорхойлжээ. Мөн журамд нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаар санхүүжихийн зэрэгцээ тухайн газар дээрх хаягдал шлам, отволи, овоолгыг дахин угаах замаар нөхөн сэргээлтийн ажлаа санхүүжүүлж болно гэж заажээ.

Түүнчлэн нөхөн сэргээлт хийх аж ахуй нэгж нь тусгай зөвшөөрөлтэй, ажиллах хүч, тоног төхөөрөмжөөр хангагдсан, татвар нийгмийн даатгал, банкны хугацаа хэтэрсэн өргүй, хуулийн этгээд байх тухай шаарлагыг тусгаж өгчээ.

2015 оны 07-р сарын 3-нд нэхүү журмыг баталсны дараахан буюу 07-р сарын 09-нд “Ашид Алтай Майнинг” ХХК-д Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газарт хамаарах Цагаан эрэгт нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийг олгосон байгаа юм. Журам батлагдаад долоо ч хоноогүй нөхөн сэргээлт явуулах зөвшөөрөл олгосон нь хэний эрх ашигт нийцсэн үйлдэл вэ? Хөндөгдсөн газраа нөхөн сэргээх нь чухал ч хэд хэдэн хууль зөрчиж байгааг сануулан нутгийн 30 гаруй иргэн сумын ИТХ-даа шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “...Гэрээ нь: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, аймгийн ИТХ-ын 82 дугаар тогтоол”-ыг зөрчиж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр олборлолт явуулж байгаа тул таслан зогсоохыг шаардаж буйгаа илэрхийлжээ.

Мөн БОАЖГ-аас аймгийн ЗДТГ-ын ХБХ-т ирүүлсэн албан бичигтээ “...Ашид алтай майнинг ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт хийхэд Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал, аймгийн ИТХ-ын  дугаар тогтоолын хавсралт журам, Усны тухай хуулийн 3 дугаар бүлгийн 22.2.1, 22.8 дугаар зүйлүүдийг зөрчсөн нь тогтоогдсон тул зохих шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.

Өнөөдөр энэ талаар арга хэмжээ авсан төрийн байгууллага, албан тушаалтан нэг ч алга. Үнэхээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг үр дүнтэйгээр хийвэл нутгийн иргэдийн зүгээс эсэргүүцэх шаардлагагүй. Гэтэл голын голдиролоос ус татаж, хууль бусаар ашигт малтмал олборлосноор нөхөн сэргээлт явуулж байгааг тэд эсэргүүцэж байгаа юм. Дараагийн дугаарт Цагаан эрэгт болж буй үйл явдлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Г. Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ