Download Firefox
Download Firefox

Thursday, May 28th

Last update10:45:00 AM GMT

Profile

Layout

Direction

Menu Style

Cpanel
You are here НИЙГЭМ Онцлох асуудал Ховдчууд өвөлд бэлэн үү

Ховдчууд өвөлд бэлэн үү

SANY0045
SANY0034

Урин дулааны улирал дуусч хүйтний улирал эхлэхтэй холбогдуулан дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ базааж байгаа. Ховд хотын хувьд жилийн жилд хэл ам дагуулдаг, анхаарлын төвд байдаг асуудал бол халаалт дулаан байдаг. Улс орон даяар нийт газар нутгаар гантай, газрын гарц муутай байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хариуцлагатайгаар хангах шаардлагатай гэдгийг албаныхан мэдэгдэж байгаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн бүс нутгаар ургац алдах магадлал өндөртэй гээд хэцүүхэн өвөл биднийг хүлээж байгаа. Мөн малчид сүргээ сорчлон онд мэнд орж чадахааргүй гэсэн малаа худалдан борлуулж байна.

Засаг даргын захирамжийн дагуу жил бүрийн 10-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл халаалт дулаан өгдөг. Тэгвэл өнөөдөр өвөлжилтийн бэлтгэл ажлыг дулааны станцууд болон эрчим хүчний салбар хэрхэн хангасан талаарх сурвалжлага мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Мөн шинэ дулааны станцийн хувьд Хөшөөтийн уурхайгаас нүүрс авч өнгөрсөн жил түлсэн. Хөшөөтийн уурхайгаас олон жилийн хур, хэт нунтаг, чанар муутай нүүрс нийлүүлдэг гэж яригддаг. Үүнээс үүдээд бүрэн шаталт явагдахгүй утаа тортог ихтэй ч байж болох юм. Хөшөөтийн уурхайн 2007 оноос хойшхи овоолгын нүүрсийг 1 тонныг нь 18,000 төгрөгөөр авдаг, нийт өртөг нь нэмэгдээд 38-39 мянган төгрөг болж шинэ дулааны станцад нийлүүлэгдэж байгаа. Бид хамгийн сайн чанарын нүүрс бүхий уурхайтай ч түүнийхээ үр өгөөжийг хүртэх нь битгий хэл хур овоолгыг түлж байгаа гэхээр Ховд аймаг МоЭнКо компанийн гэрээний хэрэгжилтийг яриад ч илүүц биз.

Ховд дулааны станци өвөлжилтийн бэлтгэл ажил 85 орчим хувьтай байна. Ховд дулааны станц ашиглалтанд орсноор Ховд хотын дулаан хэрэглэгчдийн 30 орчим хувийг халаалтаар хангаж байгаа. Хүйтнээрээ алдартай 52,62,72 айлын орон сууц, 3-р бүрэн дунд сургууль, эмнэлэг гэх мэт албан байгууллагуудын боломжийн хэмжээнд халж байгаа гээд ам сайтай байгаа. Тэгвэл 2015-2016 оны өвөлд шинэ дулааны станц бэлтгэлээ хэрхэн хангасан талаар Ховд дулааны станцийн инженер Д.Дарамбазараас тодрууллаа.

-Ховд дулааны станц өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна?

-Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 85-90 орчим хувьтай явагдаж байна. Гүйцэтгэгч болох МЭЗ компанийн хувьд МХЕГ-ын улсын байцаагчийн өгсөн үүрэг даалгавар болон станцад дутуу хийгдсэн ажлуудын гүйцэтгэл 20-30 хувьтай байна. Дулаан дамжуулах төвүүд барих ажлууд энэ жил орон нутгийн төсөв болон концессийн гэрээгээр хийгдэхээр төлөвлөгдсөн байсан. Халаалт өгөхөөс өмнө дотор системийн угаалгыг хийнэ.

-Шинэ дулааны станц эхний жилдээ амжилттай ажиллалаа. Хэрэглэгчдийн хувьд дулааны төлбөрөө хэр барагдуулж байна?

-Аймгийн төвийн нийтийн орон сууцнуудын хувьд оршин суугчдын 60-аас дээш хувь нь төлбөрөө төлөөгүй бол тухайн байранд хэсэгчлэн халаалт өгөхгүй. Өнгөрсөн жил 500-аад айл өрхөд дулаан өгөх гэрээ байгуулж ажиллахад одоогоор хэрэглэгчдийн 70-аад хувь нь төлбөрөө төлөөгүй байгаа. Тиймээс хэрэглэгчдийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөр тооцоогоо яаралтай хийж барагдуулах шаардлагатай байна. Цахилгааны үнэ нэмэгдсэн нь хүндрэл учруулж байна гэв

Мөн шугам сүлжээний насжилт, халаалтын чанар байдлыг бодсон ч төлбөр тооцоогоо хийх нь эргээд тухайн байгууллага ажлаа цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэх нэг нөхцөл болдог. Айл өрхийн халаалтын төлбөр харьцангуй хямд. Дунджаар орон сууцанд оршин суугч нэг өрх сардаа арав гаруй мянган төгрөгийн дулааны төлбөр төлдөг. Харин гэр хорооллын өрхүүд сардаа багаар бодоход 150-200-аад мянгөн төгрөгийг түлээ, нүүрсэндээ зарцуулдаг. Цахилгаан эрчим хүчний үнэ тариф нэмэгдээд байгаа ч айл өрхийн дулааны үнэ тариф тогтмол байгаа учраас дулаан түгээгч байгууллагын хувьд зардал өндөр гарч байгаа нь хүндрэлтэй асуудлын нэг болж байгаа гэдгийг онцолж байсан юм. Ховд дулааны станцын хувьд зуухны яндангаас утаа тортог их гарч хавь ойрын айл өрхүүдэд хөө тортог ихээр унаж байсан. Мөн зуны улиралд утаа тортогийг бууруулах ажлыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар тодруулахад “Үнсний хашааг өндөрлөн, үнсээ нойтон аргаар тээвэрлэж, конверууд дээрээ аспирацийн төхөөрөмж тавина” гэсэн юм

"Бадамлах дөл" ХХК өвөлжилтөд 30 хувийн бэлтгэлтэй байна 

            Ховд хотын нийт хэрэглэгчдийн 70 орчим хувийг дулаанаар хангадаг дулааны Бадамлах дөл ХХК-ийн өгч буй халаалт дулаанд иргэд сэтгэл хангалуун бус байдаг. Халаалт хангалтгүй байгаа талаар иргэд санал гомдлоо үргэлж илэрхийлж байдаг. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатараас тодруулсан юм.

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг дулааны "Бадамлах дөл" ХХК хэрхэн хангаж байна?

- Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 10-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл халаалт дулаан өгдөг. Өнгөрсөн хавар халаалт дулаан зогссоноос хойш Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-аас манай цахилгааныг тасалсан. Цахилгаангүй учраас урсгал засварын ажил өнөөдрийн байдлаар огт хийгдээгүй. Засварын ажилд зуухнуудын битүүмжлэл, тоног төхөөрөмжүүд суурилуулах гээд ажил их байсан. Манайх дулааны станц ажиллах эсэхийг эрчимийн дарга мэднэ. Өнөөдөр цахилгаан эрчим хүчтэй боллоо гэхэд нэг зуух бэлэн байгаа. Хэрвээ цахилгаантай болчихвол ажилчдаа өдөр, шөнийн ээлжээр ажиллуулж засварын ажлаа бүрэн хийх бололцоотой. Нэг сарын хугацаанд хоёр зуухыг засах боломжтой. Одоо ажиллахад бэлэн байгаа нэг зуухаар халаалт өгвөл 10-р сарын 10 хүртэл дулаанаар хангаж болно. Энэ зун шугам сүлжээний хаалтуудыг сольсноос өөр засварын ажил хийгдээгүй. төв, салбар шугамуудын хаалт элэгдэж хуучирсан байсан. Орон сууцнуудын халаалтын хаалтыг хэсэгчлэн сольсноор хэсэгчлээд хаах боломжтой болсон.

-Танай цахилгааныг ямар шалтгаанаар тасалсан юм бэ?

-257 сая төгрөгийн өр төлбөрийн асуудлаас үүдэж цахилгаан тасалсан. Бид Ховд цахилгаан түгээх сүлжээ компани Эрчим хүчний тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Албан байгууллагын тоолуурыг тавихдаа хоёр байгууллагын хил хязгаар дээр тавих ёстой. Манайх 380В-ын тоолуур хэрэглэдэг. Цахилгаан түгээх байгууламж дээрээ 6000-ын тоолуур тавьсан. Анхан шатны шүүхээр 257 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. 

-Дулааны станцийн хашаанд олон жилийн хур үнс байдаг. Үнс цацраг идэвхи ялгаруулдаг талаар байгаль орчны мэргэжилтнүүд хэлдэг. Танай байгууллага үнсээ хэрхэн зайлуулдаг вэ?

-Манайх өнгөрсөн жил 319 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. айл өрх 250, төсөвт байгууллага 250 сая гаруй, аж аху*й нэгжүүд 200-аад сая төгрөгийн өртэй гээд тооцоод үзвэл 700-аад сая төгрөгийн авлага байгаа. Үнсийг зайлуулахад 200 гаруй сая төгрөг шаардлагатай. Аймгаас газар гаргаж өгсөн боловч төсөвт өртөг байхгүй.

ХОВД ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХХК ӨВӨЛЖИЛТИЙН

БЭЛТГЭЛ АЖИЛ 85 ХУВЬТАЙ ХАНГАГДСАН 

Цахилгаан түгээх сүлжээ ХХК болон дулааны Бадамлах дөл ХХК-ийн хоорондох өр төлбөрийн асуудал анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн бөгөөд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс цахилгаан түгээх сүлжээ компанийн ашиглалтын инженертэй уулзаж ярилцсан юм.

У.ПҮРЭВДОРЖ "ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ" ХХК-НЫ АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР 

-Цахилгаан түгээх сүлжээ компанийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явагдаж байна. Засвар шинэчлэлийн ямар ажлууд хийгдэв?

-Манай байгууллага Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй айл өрх, 370-аад албан байгууллага, аж ахуй нэгжүүдэд цахилгаан эрчим хүч нийлүүлж байгаа. Ховд цахилгаан түгээх сүлжээ компаний зүгээс 2015-2016 оны ажлын жилд 21 ажил хийхээр төлөвлөснөөс одоогоор 17 ажлыг өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой хийж гүйцэтгэсэн. Айлуудад 106 станцаар 500 км-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 тэрбум орчмын засвар хийлээ. Шугам сүлжээнд өргөтгөл засварын ажил хийгдэхээр үргэлжлээд явж байгаа. Тухайлбал, эрчим хүчний хүчдэлийг нэмэгдүүлэхэд Баатархайрхан, Бичигт, Цамбагарав багуудын төгсгөл, их голын ард малчдын хороолол зэрэг газруудад гурван дэд станц барих ёстойгийн нэг нь баригдаж ашиглалтанд хүлээн авсан. Мөн аймгийн төв дотроо Толхын ойл байр буюу Их монголын эргэн тойрны газруудад нэг дэд станц бариад байгаа. Ер нь аймгийн захын хорооллуудын хүчдэлийг сайжруулахаар төлөвлөж байгаа.

-Өнөөдөр эрчим хүчийг нь тасалснаас үүдэн дулааны “Бадамлах дөл” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаагүй гэсэн тайлбар өгч байна. Ямар шалтгаанаар эрчим хүчээр хангахгүй байгаа юм бэ?

-Манай компани аж ахуй нэгж байгууллагуудтай цахилгаан нийлүүлэх гэрээ байгуулж ажилладаг. Дулааны “Бадамлах дөл” ХХК-ийн хувьд 257 сая төгрөгийн өртэй учраас 2015 оны 04-р сарын 24-нөөс эхлэн цахилгааныг нь тасалсан. 2014-2015 оны өвөл цахилгаан худалдан авах гэрээг “Бадамлах дөл” ХХК манайхтай байгуулаагүй. Бид цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа 370 гаруй аж ахуй нэгжүүдтэйгээ эрх тэгш нэг гэрээг байгуулдаг. “Бадамлах дөл” ХХК-ийн хувьд тусгай заалт оруулах гээд байгаа юм шиг байгаа юм. Гэрээ байгуулаагүй байгууллагад манайх тог өгөхгүй. Хэрвээ гэрээ байгуулчихвал одоо ч залгахад бэлэн байна.

-Бадамлах дөл ХХК-аас өгч байгаа мэдээллээр үндэслэлгүйгээр 250 сая төгрөгийн өр төлбөр нэхэмжилж байгаа. Анхан шатын шүүхээр энэ өр төлбөрийг барагдуулах ёсгүй, хууль бус тоолуур тавьж төлбөр нэхэмжилсэн гэсэн мэдээллийг бидэнд өгч байна. Энэ талаар?

-Энэ 250 гаруй сая төгрөг бол зөвхөн ганцхан жилийн цахилгааны төлбөр биш он дамжсан өр төлбөр. 2010 оноос хойш цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг он дамнуулж явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. 2014, 2015 оны цахилгааныг гэрээгүйгээр нийлүүлсэн. Шүүх хурлын процессыг би сайн мэдэхгүй байна л даа. Гэрээгүй байсан учраас өр төлбөрөө барагдуулах шаардлагагүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэнэ лээ.

-Бадамлах дөл ХХК-ийн хувьд 380-ын тоолуур тавиулах ёстой атал 6000-ын тоолуур суурилуулсан, хоёр байгууллагын хилийн зааг дээр байрлуулаагүй, 6000-ын тоолуур сул гүйлт ихтэй учраас алдагдал ихтэй байдаг гэсэн тайлбарууд тавьж байна?

-Манай хуваарилах станц чиглэл чиглэлээр нь айл өрх, албан байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа. Дулааны “Бадамлах дөл” станц 1986 онд ашиглалтанд орохдоо тусдаа гаргалгаатай шугамтай.  Замаас нь нэг ч хэрэглэгч авдаггүй. Маргаан үүсээд ирэхээр манайх 6000-ын шугамгүй, хэрэглэдэггүй гээд байгаа юм л даа. Хэрэглэгчийн эзэмшлийн зааг гэдэг утгаараа тэр 6000-ын шугамын үзүүр дээр манайх тоолуураа тавьчихсан байгаа. Хэрвээ энэ тоолуурыг станц дээр тавья гэх юм бол техникийн боломжоо хангаад өгвөл тавиад өгье. Манайхаас суурилуулсан тоолуурыг хиый гүйлттэй гэж үзэж байвал гэвэл хяналтын тоолуураа суурилуулаад үнэн худлыг хянах боломжтой гэдгийг удирдлагуудад нь хэлсэн. Бадамлах дөл станц дотроо 380-ын тоолуургүй, шинэ дулааны станц ч 6000-ын тоолууртай, хоёр станц Улсын стандарчлал хэмжилзүйгээр бүрэн баталгаажсан нэг стандартын тоолуур хэрэглэж байгаа.

Г.Энхжаргал

Add comment

Security code
Refresh

Ховдын Толь Шинэ дугаар гарлаа

    Khovdiin-toli

Ирээдүйн Толь шинэ дугаар гарлаа

ireeduin-toli

Бизнес Толь шинэ дугаар

biznes-toli

ТАНЫ СОНОРТ

galdaТүүхэн хүмүүн

Цаг агаарын мэдээ